Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбоо, Монгол оюутнуудын холбоотой хамтран “Монгол наадам-2014” арга хэмжээг 2014 оны энэ сарын 7-нд Варшав хотын Повшин соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ.
Наадмын үеэр үндэсний бөх барилдаж, шагай харваагаар наадаж, бага насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн болсон байна. Наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас залуу бөх Б.Тэмүүлэн түрүүлж, Б.Очирдогсом үзүүрлэсэн гэнэ.
Монгол орноо Польшийн ард түмэнд танилцуулах, соёл, урлагаа сурталчлах үүднээс ардын урлагийн “Дүнжингарав” хамтлаг, мөн Польш Улсад суралцаж байгаа авьяаслаг оюутан залуус үндэснийхээ дуу хуур, бүжгийн дээжээс толилуулсан байна. Мөн ВИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд монгол дуу дуулж сонирхуулжээ. Наадмын үйл ажиллагааны үеэр Варшав хотын 300 гаруй оршин суугчид Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцсаны зэрэгцээ ардын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг ихэд талархан хүлээж авсан гэнэ. Наадмын үеэр Монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээжээс амтлуулж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, зан заншлын талаар сурталчлан таниулсан нь Польшуудын сонирхолыг татсан байна.