Categories
гадаад мэдээ

Плагиатыг хуулиар зөвшөөрөв DNN.mn

ОХУ 2013 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, худалдаатай холбогдсон Оюуны өмчийн эрхийн талаар үүрэг хүлээснээс гадна бусад улстай адил Парисын конвенц, Олон улсын патентын гэрээ, Евразийн патентын конвенцыг дагаж мөрдөх ёстой билээ. Гэтэл Кремль Засгийн газрынхаа дэргэд “шаардлагатай тохиолдолд лиценз олгох” зорилготой Оюуны өмчийн шинэ байгууллага байгуулахаар болжээ. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн хоёрдугаар сард ийм хороо байгуулж, ажиллах журмыг нь тодорхой болгох тушаал гаргасан юм байна. Энэ нь Оросын олон нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлын үүднээс олон улсын оюуны эрхийн дүрэм журмыг зөрчих боломж олгох ОХУ-ын төрийн шийдвэр болох юм.

ОХУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжил, интеграцийн комиссын дэргэд энэ асуудлыг хариуцсан дэд хороо байгуулах болсон тухай “РБК” агентлаг болон Оросын хуульчдын холбооны “https://alrf.ru/news/” сайт мэдээлжээ. Уг дэд хороо нь патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гадаадын оюуны өмчийг Оросын иргэд болон байгууллага Оюуны өмчийн гэрчилгээ болгон өөрийн өмч мэт ашиглах зөвшөөрөл олгох эрхтэй болох аж. ОХУ-ын Засгийн газрын тогтоолд “Энэ нь хувьцааны дөрөвний гурваас доошгүй хувь нь төрийн болон ОХУ-ын иргэдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа компаниудыг хамран онцгой тохиолдолд Оюуны өмчийн гэрчилгээ олгож буй явдал юм” гэж тэмдэглэжээ. Энэ тохиолдолд патент эзэмшигчээс уг шийдвэрийг эсэргүүцсэн нэхэмжлэл шүүхэд ирүүлэх, эсвэл тогтоосон хугацаанд нэхэмжлэл ирээгүй байх зэрэг шаардлагатай бүх асуудлыг энэ тогтоолыг дагаж гарсан албан ёсны журмаар зохицуулах гэнэ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Оросын зах зээлийг орхисон найрсаг бус улс орнуудын компаниудад хамаарах улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн онцгой тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэгтийг ашиглах зөвшөөрөл шаардлагатай болоод байгаа учир уг шийдвэр гарсан” гэж “РБК” агентлагт тайлбарлажээ. Тус агентлагийн онцолж буйгаар оюуны өмчийг аль нэг хэлбэрээр албадан тусгай зөвшөөрөл олгох механизмыг Оросын Иргэний хуульд тусгасан байдаг гэжээ.

Тухайлбал, “Төрийн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой онцгой байдлын үед зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Засгийн газар оюуны өмчийн бүтээгдэхүүнийг ашиглах тухай шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан байдаг аж. Өмнө нь Оросын засгийн газар лицензийн албадлагыг ашиглах явдал ховор тохиолдож байв. Тухайлбал, Коронавирусийн тахлын үед Оросын засгийн газраас вирусийн эсрэг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл болох АНУ-ын ремдесивир эмийг үйлдвэрлэх ашиглах зөвшөөрлийг өөрийн үйлдвэрүүдэд олгосон тохиолдол гарч Америкийн “Gilead Sciences” компани энэ шийдвэрийг эсэргүүцсэн болов ч ОХУ-ын Дээд шүүх тэдний нэхэмжлэлийг хүлээн аваагүй билээ.

Оюуны өмч нь Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд анх бий болж, өнөөдрийн бидний хөгжил дэвшлийн үндэс болсон, болсоор ч байгаа зүйл юм. Иймээс олон улсад плагиат гэх оюуны хулгайд онцгой анхаарал хандуулж НҮБ-ын болон Олон улсын тусгай гэрээнүүдээр зохицуулсан байдаг. Плагиат гэдэг нь, шинжлэх ухааны хэл болох латинаар plagiatus боловч францын plagiat буюу “хулгайлагдсан” гэсэн үгийг олон улсад амарчилж хэрэглэдэг. Гэтэл ОХУ оюуны өмчийн хулгайг хуулиар зөвшөөрсөн анхны улс болж дэлхийн түүхэнд үлдэх шийдвэр гаргав.

 

Г.АМАРСАНАА

One reply on “Плагиатыг хуулиар зөвшөөрөв DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *