Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг нас учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг байна. Суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний агуулгаар судалдаг.
“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгох юм. Олон улсын үнэлгээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд 196 сургуулийн 7300 сурагчийг хамруулах юм. Судалгааны үр дүнг 2023 оны арванхоёрдугаар сард зарлана.
“PISA-2022” үнэлгээнд Монгол Улс оролцсоноор
-15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэх
-Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас суралцах
-Үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох
-Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-Дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.