“Файзер” компанийн бага насны хүүхдүүдэд зориулан гаргасан вакцин, коронавирусийн халдварын эсрэг 90.7 хувийн үр дүнг үзүүлжээ. Хүүхдэд зориулагдсан вакцины туршилтад 5-11 насны 2000 гаруй хүүхэд хамрагдсан байна.
Туршилтад оролцсон 2000 хүүхдээс 16 нь коронавирусийн халдвар авчээ. “Файзер” компани АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газарт 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм тун вакцин тарих зөвшөөрлийг яаралтай журмаар олгох хүсэлт гаргаад байгаа юм. Энэ нь насанд хүрэгчид болон өсвөр насныханд хийж байгаа тунгийн гуравны нэг гэсэн үг юм.
Мөн бага насны хүүхдэд хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай хийх бөгөөд хүүхдүүдийг вакцинжуулах шаардлагатай гэж 25 мянга гаруй хүүхдийн эмч, эмнэлэгийн ажилтнууд гарын үсгээ зуран, зөвшөөрөл хүлээж байна. Жо. Байдены засаг захиргаа 5-11 насны 28 сая орчим хүүхдэд зориулсан вакциныг нөөцлөжээ.
“Файзер” компани хүүхдийн вакциныг насанд хүрэгчдийн вакцинаас ялгахын тулд улбар шар тагтай савласан аж. 5-11 насны хүүхдүүдийг энэ сарын 31-ээс эхлэн вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. “Halloween” баярыг угтан вакцинжуулалтаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа ч тус улсын хүнс эмийн чанарын хяналтын газраас “Файзер” вакцинаар дархлаажуулах зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа юм. Хэрэв зөвшөөрөл олгогдвол вакцин хамрагдах хүүхдүүд, хүүхдийн эмнэлэгүүд орон нутгийн эмийн сангууд, тэр ч байтугай сургуульд дээрээ ч коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой болно.
АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөх бүлэг аравдугаар сарын 26-нд, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хуралдаан арваннэгдүгээр сарын 2-3-нд тус тус болно.