Өнөөдөр монголын нийгмийн сэтгэл зүй завгүй үймэж байна. “Нүүрсний хэрэг”, Коксжсон нүүрс, Ногоон автобус, Сайдын огцролт… бөөн шуугиан. Энэ бүгдэд анхааралгүй яах вэ. Анхаарах, шүүмжлэх, бүр зүхэх ёстой. Засгийн газрын тэргүүний зүгээс Шударга ёсны дайнд мордсон нь үнэн бол ард түмнийхээ дэмжлэгтэйгээр шударга ёсыг тогтоох л ёстой. Бид дэмжинэ.
Гэхдээ нэг айхавтар үйл явдал үлдэж хоцроод байна. УИХ-ын чуулган эхэлж байгаа энэ өдрүүдэд энэ асуудлыг эрх баригчдын анхааралд, улмаар энэ их шуугианд уусгаж алдалгүйгээр ард түмний анхааралд оруулмаар байна. Монгол-Оросын Парламент хоорондын Хамтарсан комисс гэж яг юу байгуулагдав. Энэ яг юу байна вэ. Байнгын ажиллагаатай байна гэж мэдэгдлээ. Хоёр улсдаа ээлжлэн хуралдаж байна гэх юм. Манай УИХ-ын дарга аль эрт зургаадугаар сард ОХУ-д айлчлахдаа ийм хамтарсан Комисс байгуулах шахалтад орж, хүлээн зөвшөөрсөн хэмээн судлаачид бичих боллоо. Ингээд энэ сарын 25-нд хойд хөршийн шахалтаар Монголд Комиссын анхдугаар хуралдааныг хийж байгаа бололтой. Аймшигт 1937 оны их аллага яг ийм намрын өдрүүдэд ЗХУ-аас нэгэн дарга ирснээр эхэлж байсан юм. Тэр орос дарга Монголд ирэнгүүтээ “Онцгой бүрэн эрхэт Комисс” байгуулсан. Хойд хөршийн шахалтаар энд “Комисс” байгуулагдахаар монголчууд хэзээ ч сайнаа үзэж байгаагүйг түүхчид судлаачид бичиж, сануулдаг.
Сая комиссоо хуралдуулах гэж ирсэн ОХУ-ын Төрийн холбооны думын дарга Володин гэх нөхрийн Монголд хийсэн мэдэгдлүүд ноцтой. Тэрээр “Түүхээ сайн санаж яваарай. Мартвал та нарт муу шүү…” гэж хэлэх юм даа. Орос хэл гадарладаг хүмүүст бол яг л ингэж ойлгогдохоор илэрхийлсэн. Улмаар энэхүү Парламент хоорондын хамтарсан комисс нь “Хоёр орны хуулийг харилцан уялдуулж хийнэ” гэж мэдэгдлээ. Монгол Улс бол Парламентийн засаглалтай, Үндсэн хуулиараа засгийн бүх эрх мэдэл парламентийн мэдэлд байдаг. Тэгэхээр монголын парламент батлах хуулиа оросуудаас асууж, тэдний хуультай уялдуулан баталж, хэрэгжүүлэхээр болов уу. Ер нь бол Оросуудад таалагдахгүй хууль батлахгүй гэсэн үг үү. Ингээд бичвэл ноцтой маш олон асуудал энэхүү Хамтарсан комиссын мэдэгдэлд байна.
Ийм ноцтой асуудлыг манай төрийн өндөрлөгүүд яагаад хүлцэнгүй хүлээн авч байгаа юм шиг харагдаад байна. Итгэж ядсандаа “байгаа юм шиг” гэсэн үгээр хэлж байна. Шулуухандаа бол яагаад ОХУ-ын думын даргын тулгаж байгаа саналыг хүлээн авч, хамтарсан хурал хийж, протоколдож байна вэ. Энэ Үндэсний аюулгүй байдал биш үү.
Хатуу хэлэхэд Орос-Монголын Парламентын Хамтарсан комисс нь манай улсын Дээд танхим нь болж байна уу. Манай УИХ нь доод танхим нь юм уу. Дээд хурал нь “Хамтарсан комисс” юм бол манай улсын ҮАБЗ энэ комиссын дор нь ажиллах хэрэг үү. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав маань тус “Хамтарсан комисс”-ын дарамтанд байх уу. Нөхцөл байдлыг дүгнэхэд Монголын байгаа юм байна. Энэ бол сүржигнэл биш, энэ бол эмгэнэл. Энэ бол эх орон аюулд тулгарсан үйл явц. Үүнийгээ ард түмнээсээ нуух нь онц ноцтой хэрэг.
Хэрэвзээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав барьцаанд орсон бол Монгол Улсын язгуур эрх ашиг хохирох болж байна. Тэгэхээр юуны өмнө УИХ-ын намрын чуулган албан ёсоор эхэлж байгаа энэ өдөр эрх баригчдаас, Их хурлын гишүүдээс энэ бүгдэд тайлбар авмаар байна. Төрийн гурван өндөрлөгийн зүгээс мөн тайлбар хийхийг шаардаж байна. УИХ-ын гишүүд ээ!!! Энэ бүх ноцтой асуудал үнэнд гүйцэгдэж, эх орны хувь заяаны асуудал сөхөгдөх цагт төв талбай дээрээ гарч ирээд жагсах ард түмний тоо хагас саяар тогтохгүйд хүрэх байх шүү. Хойдуулын үнэн нүүр царайг ард түмэн өдрөөс өдөрт ойлгон мэдрэх боллоо. Үүнийг та бүхэн наад зах нь нийгмийн сүлжээнээс харж, мэдэрч байгаа байх. 300 мянган иргэн гудамжинд гараад жагсахад хүчрэгдэхгүй. Тэднийг буудан зогсоох гадны ямар ч дарангуйлагч өнөөгийн дэлхий ертөнцөд байхгүй. Эцэстээ бүх хариуцлагыг та бүхэн хүлээнэ. Хүлээх ч ёстой.
Бас ард түмэндээ хэлэх сануулах зүйл байна. Наад ногоон автобус чинь мэдээж чухал. Гэхдээ энэ асуудлаас илүү эх орны хувь заяаны асуудал цаана чинь яригдаж байна. Эрх ашгийн эрэмбэ ард түмэнд байх ёстой. Эх орон нэгдүгээрт.
Эцэст нь нэг л зүйлийг хэлье. Тэр парламент хоорондын Хамтын комисс, харилцан айлчлал, хуулиа харилцан ашигтай батлах… гэдгээс өмнө хоёрхон асуудлыг шийдээдэх. Монголын мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ руу гаргахад гаалийн хөнгөлөлт үзүүлчих. Ердөө хэдхэн бараан дээр оросууд эдийн засгийн хоригоо цуцалчих. Дараа нь төмөр замаа өргөтгөх ажлыг эхлүүлчих. Эхний удаад энэ хоёр асуудал дээр эргэлт хийчихвэл та нарт итгэе. Тэрнээс 80 жилийн өмнөх хар өдрүүд, “Онц бүрэн эрхэт комисс”-ыг өнөөдөр дахин үнэртүүлэх чинь монголчуудыг улам болгоомжлол, сэрэмжинд оруулж байна. Дахиад хэлье, парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь…
Б.Нямаа
2 replies on “Парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь DNN.mn”
Сүүлийн үед санаа маш их зовоосон энэ асуудалд ямарч чимээ гарахгүй бсан ашгүй Б.Нямаа гэгч хүү сөхлөө. Баярлалаа. Лавров хэдэн жилийн өмнө Монголд гадаадын нөлөө тусгахгүй гэж бсан. Энэ жил ОХУ-ын прокурор БНХАУ-д айлчлахдаа Барууны нөлөөг Монголд хаая гэж бсан, Буриадын ерөнхийлөгчөөр Кремль Монголыг барууныхан Украйн болгох гэж байна гэх үг дайсан. Занданшатар Женко хоёрт Монголын эрх ашиг гэж түй ч үгүй нь батлагдлаа. Сэрцгээ.
Энэ этгээд юу ч ойлгоогүй дэмий балай юм донгосхоо боль. Парламент хоорондын нягт харилцаа хөрш орнуудад байх нь юуны муу гэж??