Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Реппер Н.Цэцэнбилэг: “Tsetse vs Bilgee” тоглолт бол миний тайлан DNN.mn

Реппер Н.Цэцэнбилэгтэй ярилцлаа. Түүний “Tsetse vs Bilgee” тоглолт ирэх есдүгээр сарын 7нд Цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тэрбээр анхны бие даасан тоглолтоо 2012 онд хийж байжээ.


-Удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцлагаа эхэлье?

-Тоглолтын хүрээнд таван видео клип гаргаж байгаа. Эхний дөрвөн клип нь бэлэн болсон. Дөрөв дэхийг нь энэ долоо хоногт цацна. Хэдэн дууг хэрхэн дуулах талаар бүх дэгийг гаргасан. Зочин артистууд маань ч бэлэн. Одоо бэлтгэл ажил жигдэрч л явна даа. Тоглолтод нийт 29 уран бүтээлч оролцоно.

-Та бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй нэлээд уджээ. Олон жилийн дараа тайзан дээрээс үзэгч, фенүүдтэйгээ уулзах гэж байна. Догдолж байна уу?

-Хип хоп гэдэг урлагтай танилцаад, дуулж эхлээд 20 жил болжээ. “Миний пүүз” гэдэг дуунаас эхлүүлбэл 15 жил соло уран бүтээл хийсэн байна. Хоёр удаа бие даасан тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолт бол миний гурав дахь тоглолт, миний тайлан. Миний эхний бөгөөд сүүлийн том тоглолт болж магадгүй. Уран бүтээлчийн карьер унаж босоод л явдаг. Энэ жил стадионд тоглолт хийх миний мөч гэж бодож байгаа.

Энэ удаагийн тоглолтын хувьд хамгийн том газар хийж байгаагаар онцлог. Маш их айдастай байна. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэх эсэх тал дээр нэлээд сэтгэл зовниж байгаа. Гэхдээ Цэнгэлдэх дүүрсэн ч, дүүрээгүй ч их сайхан тоглолт хийнэ ээ.

-Анхны бие даасан тоглолт тань 2012 онд болсон санагдаж байна?

-2012 онд “АСА” циркт, 2019 онд “Crocus”-т тоглолтоо хийж байлаа.

-Тоглолтын нэр их содон санагдлаа. Уран бүтээлчид дууныхаа эсвэл цомгийнхоо нэрээр нэрлэдэг шүү дээ. Таны хувьд яагаад “Tsetse vs Bilgee” гэв?

-Хоёр төрлийн уран бүтээл гаргаж байгаа гэсэн утгатай юм. Rokit Bay-гийн клипт дөрөв, таван хүн гардаг шиг надад Цэцэ, Билгээ гэдэг хоёр хүн бий гэдэг утгаар л нэрлэсэн. Зарим дуунууд маань хип хоп хараалын үгтэй байхад зарим нь хайрын дуу байх жишээний. Миний хувьд тоглолтдоо 37 дуу дуулахаар бэлдсэн.

-Тоглолтынхоо аль хэсгийг хамгийн их анхааръя гэж бодсон бэ?

-Бусдаас арай онцгой байхыг илүүд үзсэн. Тайз засалтыг ч өөрөөр харуулъя гэсэн бодолтой байгаа. Бусад тоглолтууд хоёр талдаа дэлгэцтэй байдаг. Үүнийг шинэчлэхийг зорьсон. Энэ талаараа хамтран ажиллаж буй BRB-ийнхээ хамт олонтой ярилцсан. Найм дахь жилдээ стадионд тоглолт зохион байгуулж байгаа учир их туршлагатай. Ер нь бол гадаадынх шиг тоглолтоо хийнэ(инээв).

-Урт хугацаанд бүтсэн клиптэй дуу бий юү?

-Анхны ганцаараа дуулсан “Миний пүүз” дуу байх. Америкт хийж байсан юм. Найзуудтайгаа нийлж зургийг нь авангуутаа Монгол руу явуулаад клипжүүлж байлаа. Энэ л хамгийн удаан бүтээсэн дуу болов уу.

-“Миний пүүз” тэр үедээ нэлээд хит болж байсан даа?

-“Vanquish” хамтлагаасаа тусдаа ганцаараа хийсэн анхны уран бүтээл. “Энэ бол би” гэдэг дуу анхных, харин “Миний пүүз” хоёр дахь клипжүүлсэн дуу юм. Намайг бага байхад тэр үеийнхэн пүүзээр гангардаг байсан юм. Ориг пүүзтэй бол ганган санагддаг үе л дээ. Аав, ээж жилд ганц хоёр удаа л ориг пүүз авч өгнө. Тэрийгээ нандигнаж, хайрлаж өмсөнө. Гэхдээ “Миний пүүз” дуу гарч байх үед пүүз гэдэг зүйл “моод”-ноос гарчихсан байсан. Ер нь кет өмсдөг болчихсон байсан л даа. Харин энэ дууг гаргаснаас хойш Монголд пүүзийг дахиад “моод”-нд оруулсан гэж боддог. Одоо ч хүүхдүүд “Жордан-1”-ийг өмсөж л байгаа. Монголын пүүзний зах зээлд нэлээд том хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг шүү.

-Энэ удаагийн тоглолтод “Vanquish” хамтлагаараа дуулах уу?

-“Vanquish” хамтлагийнхан маань ирж дуулна. Өөрсдийн гэсэн аж амьдралтай учир урдынх шиг байнга уулзаад байдаггүй. Гэхдээ холбоотой байгаа.

-Цаашид хамтарсан уран бүтээл гаргах уу?

-Хамтлагаараа дуу гаргах бодол бий. Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ирэх жилээс уран бүтээл гаргаж, тоглолт хийх төлөвлөгөө бий. Одоогоор тов гараагүй.

-Та урлагаас жаахан хөндийрөөд тогоочоор ажиллаж байсан. Ер нь яагаад тогоочоор ажиллая гэж бодов?

-2006 онд Америкт очоод ажлынхаа хажуугаар тогооч хийдэг байсан. Гриль дээр япон хэв маягаар таван жил хоол хийсэн. Монголд ирээд түүгээрээ ресторан ажиллуулсан. Нэг ажлыг 10 мянган цагаас дээш хийсэн бол мэргэжлийнх гэж ярьдаг юм гэсэн. Миний бодлоор би 10 мянгаас дээш ажилласан байна лээ. Энэ чиглэлийн хоолыг дажгүй хийнэ шүү.

-Тогооч байх үедээ урлагтаа эргээд очих юмсан гэж бодож байв уу?

-Тухайн үедээ бодож байгаагүй юм байна. Зөвхөн хоол хийхдээ төвлөрдөг байсан. Ер нь хараад байхад маш их зүйлийг хийж үзлээ. Хүн өөрийнхөө дуртай чаддаг юмыг хийх нь хүнд хэрэгтэй юм билээ. Сэтгэлзүйн хувьд ч, цалин мөнгөний хувьд ч дуртай зүйлээ хийх нь өөрт хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Ер нь тоглолт хийе гэдэг санаа хэзээ гарсан бэ?

-Цэнгэлдэх хүрээлэн гэдэг чинь өөрөө маш том газар. Хэрвээ дүүргэж чадвал уран бүтээлчийн карьерт маш сайнаар нөлөөлнө. Мөн уран бүтээлч хүний мөрөөдөл нь байдаг. Хоёр жилийн өмнөөс Цэнгэлдэхэд тоглолтоо хийе гэж бодсон. Гэсэн ч цаг хугацаа таарахгүй явсаар ирсэн юм. Тэгээд хүмүүстэй уулзаж, энэ жил “XMF”-ийн артистаар орж есдүгээр сарын 7-нд тоглолтоо хийхээр болсон.

-Есдүгээр сарын 7-нд хэд, хэдэн газар тоглолт болох юм билээ?

-“Guys”-ийн Төгсөө ахын тоглолт, Young Mo G, Young Sub-ийн гээд хэд хэдэн тоглолт болно. Бусад хоёр тоглолтдоо амжилт хүсье.

-Та хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ. Жүжигчний карьераа ахиулах бодол бий юү?

-Нэг кино уран бүтээл хийж, өөрөө гол дүрд нь тоглосон. Ганц хоёр кинонд туслах дүр бүтээсэн. Кино урлаг гэдэг мэргэжлийн, төгссөн хүмүүс нь хийх ёстой юм шиг байна лээ. Миний хувьд хэцүү санагдсан. Жүжиглэх гэдэг өөрөө өөрийнхөөрөө тоглосон болохоор арай гайгүй байсан. Ер нь л кино урлагийн салбар худлаа юм билээ. Би бол чадахгүй.

-Таныг тодорхойлох, илтгэх зүйлийг нэрлэ гэвэл?

-Шударга, намхан(инээв). Бас пүүз байж болох юм.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл…?

-Худал хэлэхгүй, хулгай хийхгүй л явах юм даа. Мөн хэлсэн үгэндээ эзэн байх. Энэ зарчмыг л дагахыг хичээдэг.

-Тоглолтоо дуусгаад ямар уран бүтээл гаргахаар төлөвлөсөн бэ?

-Тоглолтоо дуусгаад дэлхийгээр аялан тоглолт хийнэ. Европ, Америк, Австрали, Япон, Солонгос зэрэг улсаар тоглоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна DNN.mn

Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар зуншлага сайн байна.

Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт 20 гаруй хувьд нь дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу байна.

Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Наранбаатар: Орон нутгийн нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна DNN.mn

Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласан билээ. Өнгөрсөн онд манай улсад 651.061 жуулчин ирснээр 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбарт оруулжээ. Энэ нь нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрээгүй ч Цар тахлын үетэй харьцуулахад өндөр үзүүлэлт байв. Энэ он гарсаар одоогийн байдлаар 528 мянган жуулчин Монголд ирээд буй аж. 2024 онд монгол Улс 1.3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ.

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар энэ салбарын төлөөлөл “Монголиан Байкинг Экспертс” ХХК-ийн захирал Б.Наранбаатартай ярилцлаа.


-Танай компанийн хувьд аялал жуулчлал дундаа аль чиглэлээр нь түлхүү үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Миний хувьд 2005 оноос аялал жуулчлалын салбарт ороод өдийг хүрч байгаа. Өөрийн компанийг байгуулаад ихэвчлэн тусгай сонирхлын унадаг дугуйн аяллын чиглэлээр хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тогтмол дугуйн аялал зохион байгуулж буй тав хүрэхгүй цөөхөн компани бий. Тусгай зориулалтын аялагчдын тоо өндөр биш л дээ. Манай компанийн хувьд дугуйн аяллаар 90 гаруй хүнд үйлчлээд байна. Энэ жилийн хувьд 130 орчим дугуй сонирхогч аялагчдад үйлчлэхээр төлөвтэй байгаа.

Дугуйн аялал ихэвчлэн дулааны улиралд явагддаг ч бидний хувьд жилийн дөрвөн улиралд дугуйн аяллыг хийдэг. Өвлийн дугуйн аялал гэхэд Туул голын мөсөн дээр болдог. Хоёрдугаар сарын сүүлээр “Мөсний баяр” дээр Хөвсгөл нууранд хойд зүгээс урд зүг хүртэл хоёр өдрийн дугуйн аялал зохион байгуулдаг. Өвөл мөсөн дээр дугуй унаж байгаа учир дугуй нь зориулалтын буюу хадаастай, гадарга нь хальтирдаггүй байх юм.

Мөн жийптэй, өндөр уул болон хадны авиралт, цанаар аялах зэрэг тусгай зориулалтын болон явган, морин гээд бүх л төрлийн аяллыг аялагч нартаа санал болгодог.

-Монголд энэ жил хэр олон жуулчин ирэхээр байна. Таны харж буйгаар 1,3 сая жуулчин хүлээж авах зорилтод хүрэх болов уу?

-Одоогийн байдлаар 500 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна гэх статистик тоо. Он гартал дөрвөн сарын хугацаа бий. Энэ хугацаанд хэдэн зуугаар жуулчдын тоо нэмэгдэх байх. Жуулчдын тоо нэг саяд хүрэх эсэхийг мэдэхгүй. Уг нь манай улс нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээж авах боломжтой. Зуны гурван сарын хугацаанд нэг сая жуулчин хүлээж авна гэвэл хүндрэлтэй. Говиор аяллаа гэхэд амрах баазуудын ор хоногийн тоо хэд билээ, хүрэлцээ муутай.

-Таны харж байгаагаар аялал жуулчлалын салбарт ямар, ямар асуудлууд байна вэ?

-Тусгай сонирхлын аяллыг хобби руугаа чиглэсэн, дурласан хүмүүс илүү сонгодог. Ерөнхий аяллыг сонирхогчид маш өндөр байгаа. Зүүн өмнөд Азийнхан болон хонконгчууд, солонгосчууд маш ихээр Монголд ирж байна. Европуудын хувьд сүүлийн хоёр жил манайд ирэх нь эрс багассан. Оросоос хамааралтай байж ч болно. Монголд ирэх нислэгийн үнэ нь энд ирээд 10 хоног аялах үнэтэйгээ адилхан болсон нь нөлөөлж буй.

Зарим үед жуулчид маш богино хугацаанд олноор ирж, бөөгнөрөл үүсгэж байна. Амралтын газар, баазууд дээр очиход ор хоногийн тоо хүрэлцэхгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөхгүй байна. Өдөрт туулах киломертийг заасан байдаг. Тухайн жолооч өдөрт 500 километроос дээш явахгүй гэдэг ч түүнээс илүү хол зайнд явуулж байна. Азиуд бага хугацаанд их юм үзэхийг хүсч, тухайн баг хамт олны хүмүүсийг хайрлахгүй байгаа юм. Аялал жуулчлалын холбоо, удирдлагууд хөтөч, хүний нөөц рүүгээ чиглэсэн ажлуудыг хийхгүй бол чадавх муугаас гадна хүн хүчний хомсдолд маш их орж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартыг мөрдөж ажиллахгүй байх зөрчлүүд ч ажиглагдаж байгаа. Тусгай сонирхогчдын аяллын хөтөч бүр ховор.

Жил бүр хамгийн хэцүү нь ариун цэврийн асуудал байсаар ирсэн. Бидний хувьд замд явахад хоёр цаг тутамд жуулчдаа бие засуулах ёстой байдаг ч зогсоход маш хүндрэлтэй, Ариун цэврийн газар олдохгүй. Шатахуун түгээх станцуудын ариун цэврийн өрөөг ашигладаг. Ариун цэврийн өрөө их бохир, зарим нь цоожтой. Дугуйн аяллын хувьд зөөврийн душ, ариун цэврийн өрөөг ашиглаад явчихдаг.

-Наадмын үеэр жуулчдад тасалбар олдохгүй байна гэх асуудал гарч байсан даа.

– Наадмын тасалбар жил бүр тулгамддаг асуудлын нэг. Стадион 12 мянган суудалтай. Жуулчдаас наадмын нээлт үзэх 8000 гаруй хүсэлт ирсэн. Аялал жуулчлал руугаа чиглэсэн 2000 тасалбар гаргасан байдаг. Наадмаас хоёр, гуравхан хоногийн өмнө орой нь дахин тоглоно гэж хэлж байгаа юм. Энэ нь бүр жилийн өмнө яригдах асуудал юм. Наадмаар жуулчиндаа тоглолтуудаа зориулж, давхар тоглох хэрэгтэй. Ирэх жилийн борлуулалт арав, арваннэгдүгээр сард хийгддэг. Эрийн гурван наадмыг дэлхий даяараа сонирхож ирж байна. Даанч тасалбар нь олдохгүй. Шагийн билетийн үнэ нь өссөн. Нэг билетийг 300-400 мянгаар авсан. Билетийн асуудлыг маш эрт тодорхой болгох шаардлага тулгарч байна.

Мөн орон нутгийн нислэгийн асуудлыг дурдахгүй өнгөрч боломгүй. “Айра Монголиа” ХХК дотооддоо нислэг үйлддэг байсан ч болилоо. Одоо “Хүннү эйр” ХХК нислэг үйлдэж байна. Бүргэдийн баяр аравдугаар сард болно. Билет олдохгүй, баларч байна. Цөөхөн компаниуд нислэгийн суудал авсан байна. Автобусаар жуулчдаа аваад явалтай биш. Хэдэн компани нийлж чартер нислэгээр явахаар болоод байна. Чартер нислэг нь энгийн нислэгээс хамгаагүй үнэтэй. Энгийн нислэг нь ирэх, очих 800 мянган төгрөг, чартер нь хоёр талдаа 2,2 сая. Томоохон эвентүүд дээр төр бодлогоор дэмжээд хэд хэдэн орон нутгийн нислэгийг үйлддэг болгомоор байна. Олон жуулчин очлоо гэхэд байрлуулах орон байрын асуудлыг ч бодох ёстой. Бүргэдийн баярт хэдэн мянган жуулчид очих боломж байгаа ч даанч нислэг байхгүй. Нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна. Өвөл тайгын аяллууд эхэлдэг. Нислэгүүд бас л дутагдалтай. Нислэгээ нэмээд өгвөл аялал жуулчлалын компаниуд борлуулж чадна. Монгол Улсыг зорих жуулчдын тоо хэзээ ч буурахгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөж, хариуцлагатай хандаж, жуулчдынхаа сэтгэл ханамжид анхаарч, үйлчилгээгээ тултал үзүүлж, хүний нөөцөө маш сайн чадавхжуулах хэрэгтэй. Нэг асуудал гарахад тухайн компани биш Монголын нэр гарна. Гадныханд үйлчилж байгаа хүмүүс сэтгэлтэй, мэргэшсэн баймаар байна.

Д.Пүрэвдорж: Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг


“Одко трэйвэл” аялал жуулчлалын компанийн жолооч Д.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-Та хэд дэх жилдээ жуулчлалын компанид жолооч хийж байна вэ?

-Би “Одко трэйвэл” аялал жуулчлалын компанид хоёр дахь жилдээ жолоочоор ажиллаж байна.

-Та одоо хаашаа, аль улсын жуулчинтай явж байна?

-Би Герман улсын гурван жуулчинтай хотоос гараад 13 хоног аялж байна. Говийн нутгаар тойроод яг одоо Хөвсгөл рүү аяллаа үргэлжлүүлж явна. Маршрутын дагуу өнөөдөр (өчигдөр) Тэрхийн цагаан нууран дээр, маргааш (өнөөдөр) Хөвсгөлийн Шинэ- Идэр сумын “Зүүн нуур” гэдэг газар, жуулчны баазад хононо.

-Гадаадын жуулчдаа аялуулаад явж байхад танд болон аялагчдад тулгарч буй ямар асуудлууд байна вэ?

-Янз бүрийн асуудал тулгардаг. Замын шалгалт, авто тээврүүд хэцүү. Хавар зөвшөөрлөө өгөхдөө удаж, хүлээлгэдэг. Танил талтай хүнд амархан зөвшөөрлөө өгчихдөг. Зөвшөөрлөө авахгүй явсан тохиолдолд торгууль их оногдуулдаг. Хөдөө орон нутаг тэр дундаа говийн сумдад бензин олддоггүй, олдсон ч үнэтэй. Амралт, жуулчны бааз, түр хоноглох газруудын хоол, хүнс, үйлчилгээ, ариун цэвэр дээр анхаарах, хөдөө зам дагуу бие засах газрууд, хогийн цэг дутагдалтай байна.

-Солонгосын “JTBC” телевизийн “Монгол дахь шуудан зөөгч” шоу нэвтрүүлгийн оролцогч тус улсын одуудыг аялуулах жолооч нарын бүрэлдэхүүнд та явж байсан гэсэн. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ноднин Солонгосын жүжигчид, телевизийнхнийг Монголд ирж, нэвтрүүлгийн зураг авахад тав хоног хамт явж, аялуулсан. Миний хувьд мэдээж сайхан, сэтгэгдэл өндөр байсан. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлыг гадаадын жуулчдад үзүүлээд, тэдний харж, баясаж байгааг харах бахархалтай сайхан юм билээ.

-Монголд аль улсын жуулчид түлхүү ирж байна. Тэд Монголын ямар газрыг илүү үзэхийг хүсч байна вэ?

-Энэ оныг Монгол Улс “Аялал жуулчлалын жил” болгон зарласан болохоор дэлхийн бүх улсын иргэд манайд жуулчилж ирж байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг их олон компани бий. Европ аялал жуулчлалын 430, Солонгос аялал жуулчлал хүлээн авдаг 128 компани байна гэх мэт судалгаа байна лээ.

Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг. Монгол орны байгалийн бүхий л онгон дагшин газрууд үзэсгэлэнтэй. Өөрсдийнх нь сонирхсон газар руу хүссэнээр нь явдаг. Нас, насны хүмүүс аялахаар ирдэг. Бүр жаахан хүүхдээ дагуулсан хүн, 70, 80 настай ахмад хүмүүс ч ирдэг. Зам дагуу цайны газрууд элбэг болж, орон, орны хоол хийдэг болсон нь давуу талтай.

-Монголоор аялаад буцаж байгаа жуулчдын сэтгэгдэл хэр байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байх шиг байна. Аялж дуусахаараа сэтгэгдлээ илэрхийлдэг. Манайх хавар дөрөвдүгээр сараас эхлэн аравдугаар сар хүртэл жуулчдаа Монгол орноороо тойрон авч явдаг. Миний жуулчин аваад гарах хугацаа харилцан адилгүй. Доод тал долоо хоног, нэг, хоёр хүнтэй ч явах тохиолдол бий. Энэ жилийн хувьд би 30 орчим жуулчин аялуулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Солонгосын визний шалгах хугацааг богиносгожээ DNN.mn

Бүгд найрамдах Солонгос улс руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг хоёр сараас илүү хугацаанд шалгадаг байсныг өчигдрөөс эхэлж 40 хоног болгон хугацааг нь богиносгожээ. Энэ талаар Солонгосын элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдээллээ.

Өөрөөр хэлбэл богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз 60 хоног байсныг өчигдрөөс 40 хоног болгосон гэсэн үг. Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз 80 хоногоос дээш байдаг.

Өнөөгийн байдлаар манай улсын дөрвөн мянга гаруй иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Харин Солонгос улсын хоёр мянган орчим иргэн Монголд албан ёсоор оршин суудаг байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

М.Чимэддорж: Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мега төслүүдийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр байгуулах зорилготой нь илт байна DNN.mn

Эдийн засагч, судлаач, АН-ын УТЗ-ийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-Төсвийн хуулийг дагалдаж олон хууль орж ирлээ. Энэ дунд тендерийн хууль олны анхаарлыг татаж байгаа. Хуульд ямар, ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Худалдан авах ажиллагааны хууль бол хамгийн олон удаа нэмэлт, өөрчлөлт орсон. 2005, 2023 онд хоёр удаа шинэчилсэн найруулгаар батлагдсан хууль. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үргэлж дордуулж ирсэн. Түүнийг дагаад авилга гаарч байсан түүхтэй. Учир нь улстөрчдийн хувийн ашиг сонирхлын үүднээс өрсөлдөөнийг хязгаарлах, нээлттэй сонгон шалгаруулалтаас татгалзах, шууд гэрээ байгуулах өөрчлөлт хийж ирсэн. Үүнийг нь дагаад авилга гаарч, улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулж байсан гашуун түүхтэй. Жишээлбэл, 2007 онд эрчим хүч, замын төслүүд нь дотоодын компаниудын хүчин чадалтай дүйх хэмжээнд, эсвэл түүнээс илүү гарсан тохиолдолд нээлттэй тендер зарлахгүйгээр, шууд гэрээ байгуулдаг заалт оруулж ирсэн. Үүний дараа тендерийн баримт бичиг боловсруулахад суурь болгож ашигладаг жишиг үнийг өөрчлөх шийдвэрүүд гарч цахилгаан дамжуулах агаарын шугам барих, зам, гүүр барих төсөвт өртөг огцом өссөн. Уг өөрчлөлт хүчингүй болох хүртэлх хугацаанд олон тэрбумын гэрээнүүд байгуулагдаж, төр дагасан тендерийн компаниуд үүссэн. Энэ бол нэг л жишээ нь. Улстөрчид, төр дагасан тендерийн компаниуд нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийх боломжийг үргэлж эрэлхийлж ирсэн. 2017 онд Худалдан авах ажиллагааны хуулийн улсын нууцад хамаарах худалдан авалтын гэрээ байгуулдаг заалтыг ашиглахын тулд Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулан Засгийн газрын шийдвэрээр улсын нууцад хамруулах, байгууллагууд ТЕГ-ын саналыг үндэслэн нууцад авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Энэ бол ардчиллын түүхэн дэх хамгийн том хулгайн цоорхойг нээсэн. Үүнд нь оффтэйк гэгдэх олон их наядын дүнтэй нүүрсээр төлбөр төлөх гэрээнүүд, газрын тос дамжуулах, баяжуулах үйлдвэр барих, төмөр зам, авто зам баригдах гэрээнүүд байгуулагдсан. Үүний нэг л жишээ болох ногоон автобусны талаар шуугиж байсан нь саяхан. Гэтэл ногоон автобус бол зөвхөн олон нийтэд ил болсон хэсэг нь. Товчхондоо мөсөн уулын орой. Цаана нь олон их наядын гэрээ одоо хүртэл нууц хэвээрээ байна. Цаашдаа төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөхгүй бол энэ хулгай дараатай хэвээрээ үлдэнэ. Энэ хуулиар төрийн өмчийн компаниудын удирдах зөвлөлийн шийдвэр, гэрээ хүртэл нууцад хамаарч байгаа. Хамгийн сүүлд Цар тахлын хуулийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүй шууд гэрээ байгуулах, төрийн өмчийн компаниудад бүрэн эрхт төлөөлөгч томилон шууд худалдан авах гэрээ байгуулах гэх мэтээр олон нийтийн хяналтаас гадуур олон их наядын гэрээнүүд байгуулагдсан.

-Өмнөх ийм муу жишээнүүд байхад шууд гэрээ байгуулахаар дахин хуулийн төсөл орж ирж байхад УИХ-ын гишүүд дэмжих үү?

-Мэдээж тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болгондоо шалтаг тайлбартай, шинэ нэр томъёотой оруулж ирдэг. Шинэ юм шиг харагдуулдаг хуучин технологи л доо. Энэ удаад ч ялгаагүй чадавхид суурилсан хэлэлцээрийн арга гэсэн шинэ нэр томъёотой, шууд гэрээ байгуулдаг хуучин аргаа л оруулж ирж байж. Худалдан авах ажиллагааны хуулийн 36’ гэсэн бүтэн бүлэг оруулж ирж байна. Тоймловол чадавхитай гэж өөрсдөө үзсэн хоёр компанид урилга явуулаад хэлэлцээ хийж аль нэгтэй нь гэрээ байгуулж болно. Хэвлэл мэдээлэлд зарыг нь нийтлэхгүй, компаниуд өрсөлдөх боломжгүй, аль нь илүү чанартай, аль нь бага үнэтэй тендер санал болгож байгаа нь ч хамаагүй гэсэн үг. Энэ бол хаалттай хаалганы ард тохиролцоно гэсэн үг.

-Хуульд ийм заалт оруулах шаардлага, нөхцөл нь юу байв?

-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөвлөгөө” гэж нэрлээд буй. Энд дурдагдаад буй “хурдтай” гэдэг үгийн ард тендер шалгаруулах процесс удаан, маргаантай байна гэсэн тайлбар хийгээд байгаа. Худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, авилгаас ангид ажиллах нь засгийн газрын үүрэг. Засгийн газар ажлаа хийхээс төвөгшөөж хуульд өөрчлөлт оруулаад байх нь зүйд нийцэхгүй. Үүнээс гадна цар хүрээ, төсөвт өртөг нь том, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр бол шууд гэрээ байгуулдаг болгох зохицуулалт оруулж ирээд байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаанд тусгасан мега төслүүдийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр байгуулах зорилготой нь илт байгаа.

-Эдгээр нь ямар төслүүд байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 гаруй томоохон төслүүдийг тусгасан, эдгээрийн дийлэнх нь их наядаар хэмжигдэх төсөвтэй. Нийлбэр дүнгээрээ 40 их наядын төслүүд бий. Эдгээр төслүүдийн олонхи нь эдийн засгийн үр ашигтай эсэх, улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай эсэх асуудлаар урьдчилсан судалгаа хийгдээгүй. Тодорхой хэлбэл, зардал, үр ашгийн шинжилгээ, нийгэм-эдийн засгийн өгөөжийн судалгаа хийгдээгүй төслүүд байгаа. Тухайлбал, Богд уулыг тойруулан дэд бүтэц барих томоохон төслүүд бол Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлаа шийдэхийн оронд хоосон газарт дэд бүтэц барих, засгийн газраа өөр газар барих зорилготой. Гэтэл бид хотдоо дэд бүтэц байгуулж, утаа түгжрэлгүй болох нь эхний зорилт байх ёстой.

-Яагаад ийм төслүүдийг оруулж ирэх болов?

-Улс орны хөгжлийн талаас нь харвал бизнесийн орчноо сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалт татах замаар тэргүүлэх салбаруудаа хөгжүүлэх ёстой. Тэгж байж эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь бүрдэнэ. Мэдээж улсын төсвөөс тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хөрөнгө оруулалт хийж таарна. Гэхдээ төсвийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг бодлого бол юуны өмнө зардал, өгөөж хоёрыг харьцуулсан шинжилгээнд үндэслэх ёстой юм. Одоогийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төслүүдийг сайтар ажиглавал үр ашиг нь чухал биш байжээ гэж дүгнэхээр байна. Харин ч энэ ямар нэг эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүлгийн эрх ашигт нийцүүлсэн төслүүд байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байна. Бид ер нь цаашдаа гадна, дотны ашиг сонирхол бүхий бүлэглэлээс төсвөө хамгаалдаг тогтолцоогоо бэхжүүлэхгүй бол улс орны эдийн засгийн боломж, нөөцийг үр ашиггүй төслүүдэд зарцуулдаг болох нь. Энэ бол байгалийн баялагтай хэрнээ хөгжлийн боломжоо үгүй хийсэн, улс орноо сүйрүүлсэн улс орнуудын явсан зам мөр. Худалдан авах ажиллагааны хуулиас гадна төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагалдах хуулиар оруулж ирж байгаа нь зүйд нийцэхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол төсвийн хуулийн эх хууль. Өөрөөр хэлбэл, төсвийн хууль нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын дотор батлагдах хуультай. Гэтэл төсвийн тодотголоо дагуулж эх хуулийг нь оруулж ирж байгаа нь зүйд нийцэхгүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийг ч мөн дагалдах хуулиар оруулж ирж хэлэлцэж болохгүй. Энэ хоёр хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа бол наад зах нь Хууль тогтоомжийн хуулийн дагуу өргөн бариад хэлэлцэх ёстой. Товчхондоо гуя дагуулж өгдөг хүзүү биш.

-Нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад илүү олон өрсөлдөгч оролцоно гэсэн баталгаа бий юу?

-Нээлттэй сонгон шалгаруулалтын хамгийн гол зүйл бол тухайн тендерийг сонирхогч бүх талуудад мэдээлэл өгөхөөс эхэлнэ. Тийм ч учраас боломжит бүх сувгаар, цахим системээс гадна өдөр тутмын сонин хэвлэлээр дамжуулан мэдээлдэг байх ёстой. Тендерийн зар байнга мэдээлдэг сувгууд тогтвортой байвал компаниуд ч байнга мэдээлэлтэй байх сувгаа сонгож ашиглаж, тэр хэрээр өрсөлдөгчдийн тоо нэмэгдэнэ.

-Эдгээр хуулиуд батлагдвал ямар үр дагавартай вэ?

-Мэдээж авилга гаарна, төр давамгайлсан эдийн засгийн орчин үүснэ. Хэтдээ ардчилал үгүй болно. Эдийн засгийн агуулгаар нь хэлье. Энэ бол Монголын эдийн засагт байгаа төрийн оролцооны масштабыг өөрчилнө. Хэд хэдэн төсвийн жил дамжих олон арван их наядын гэрээ гэдэг бол авилга, крони бизнесийн мөн чанарыг өөрчилнө. Авилга төрийн үйл ажиллагааг дагаж явдаг үзэгдэл байсан бол төрийн үйл ажиллагаа нь өөрөө төлөвлөгдсөн, системчлэгдсэн авилгын нэг хэсэг болж хувирна. Хоёрдугаарт, ийм хэмжээний гэрээ шууд байгуулагдана гэдэг бол ардчиллын эмзэг институциудыг ч устгах аюултай. Төсөөлөөд үз, хэвлэл мэдээллийн салбарт, улс төрийн намуудад, иргэний нийгмийн байгууллагуудад олон зуун тэрбумаар хэмжигдэх авилгын эх үүсвэртэй мөнгө орж ирвэл ардчилал үлдэх үү. Нөгөө талаар, УИХ-ын хөрөнгө оруулалтын шийдвэр 2-3 их наяд төгрөгийн хооронд яригддаг. УИХ хоёр сар шахам хэлэлцэж шийдвэр гаргадаг. Гэтэл 40, 50 их наядын гэрээнүүдийн талаар ярьж байна. Нэг төрийн өмчит компанийн захирлын гарын үсэг зурах гэрээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээтэй дүйнэ. Үүний ард улсын эдийн засаг эрүүл байх уу. Өр, зээл хэд болох вэ. Эцэст нь хэлэхэд хөгжил гэдэг энд тэнд том цемент цутгахыг хэлдэггүй юм. Хөгжил бол цогц үйл явц. Ардчилсан институциудээ бэхжүүлж, ил тод төртэй болж, хувийн хэвшлээ ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж байж ирдэг зүйл. Төр уурхай ухаад, олсон мөнгөөрөө цемент цутгаад байвал хэдхэн жилийн дотор Венесуэль болно. Бид одоо яг тэр зам дээр гарчихсан, үйл явц нь улам хурдасч байна.

 

Л.Нямдолгор

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 23, Сугар гариг. Билгийн тооллын 19, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 05:58 мандаж 19:51 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Эх нялхас, Хавдрын эмнэлгийн үүдээр явж үзчихээд 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих эсэхээ шийднэ үү, гишүүд ээ” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн  Э.Батшугар “Засгийн газар, Монголбанк хамтраад улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүд манай улсад чуулж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эх нялхас, Хавдрын эмнэлгийн үүдээр явж үзчихээд 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих эсэхээ шийднэ үү, гишүүд ээ” гэв

  • Өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийн хуульч О.Билгүүн “УИХ, Засгийн газрын гишүүн ямар нэгэн компанитай хамааралтай  байхыг хуулиар хориглодог” хэмээн ярилаа.

О.Хангай аваргын дүү О.Тамир “Ашиг гэхээсээ илүү аавынхаа хөдөлмөрийн үр шимийг намар болгон ард түмэндээ амтлуулдаг нь л сайхан” хэмээснийг “Өдрийн сурвалжилга” нүүрээс уншаарай.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн, маркетинг худалдааны тэнхимийн багш Ч.Энхболд “Үе дамжсан хаант засаглал шиг багш, залгамж халаа бэлддэг тогтолцоог халж чадалгүй өдийг хүрсэн” гэлээ.

  • Ямар хотындаргатай болж, ямар орчинд амьдрахаа шийддэг  өдрүүд ирж байна
  • Реппер Н.Цэцэнбилэг “Tsetse vs Bilgee” тоглолт бол миний тайлан

ГАДААД МЭДЭЭ:  Николас Мадурог огцрохыг шаардсаар байна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-оос эхэлнэ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн.

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй орж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Замын-Үүд рүү түр замаар зорчино DNN.mn

Зам засварын ажил үргэлжилж байгаа учир Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд түр замаар зорчуулах болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр Чойр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их залаат овооны ар хүртэл 3.4 км авто зам, Чойр-Сайншанд чиглэлийн авто замтай нийлэх уулзварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэхүү ажил нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэл бөгөөд засварын ажил хийх хугацаанд замын хэсэг газрын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.