Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Засгийн газар, Монголбанк хамтраад улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Таны хувьд төсөлтэй танилцсан байх. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж зарлага нь гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн үндсэн шалтгаануудыг нь харж байхад маш олон бүтээн байгуулалтын төсөв байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг улам сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийг саармагжуулах том, том төслүүд орсон байсан. Жишээлбэл, хотын тойрог зам. Ийм тойрог зам бол ямар ч метрополис хотод байдаг зүйл. Бидний сайн мэдэх Бээжин хотод л гэхэд зургаан тойрог зам байдаг. Харин нийслэлдээ ямар ч байсан нэгийг хийе гэж байгаа юм. Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг орохын тулд хотын төвийн түгжрэлд оролгүйгээр энэ тойрог замаараа л явчихна. Дээрээс нь нэмээд дүүргүүдийн олон салаа замуудыг тойрог зам нэгтгэж өгнө. Олон жил яригдаж байгаа Туул голыг дагасан хурдны зам байна. Энэ чинь зүүн, баруун чиглэлийг холбосон маш том судас болно. Үүнээс гадна тунель гэдэг их сонин зүйл. Миний хувьд үүнийг үнэхээр дэмждэг. Ямар ч том улсад томоохон тунелүүд байдаг. Улаанбаатар хот маань дөрвөн уулын дунд байрладаг.

Тэлье гэхээр чадахгүй байгаа. Тийм болохоор тунель барьснаар хотоо урагш нь тэлэх бололцоог нээж өгнө. Мөн Солонго-1, 2 хороололд улсын төсвөөс 150 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Улсаас хэрэгжүүлж байгаа 20 мянган иргэнээ орон сууцжуулах том хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинээр эмнэлэг барих, одоо байгаагаа шинэчлэх, тоног төхөөрөмж шинээр нэмж авах гээд зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг. Өнөөдөр монголчууд жил бүр 300 орчим сая ам.долларын эмчилгээг гаднын улсад очиж хийлгэж байна. Энэ урсгалыг дотооддоо авч үлдэх, монголчуудаа эрүүл болгох тал дээр Засгийн г азраас маш том ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Мөн бараг 400 орчим тэрбум төгрөгөөр шинээр сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Нөгөө талдаа эрчим хүчний салбарт ч гэсэн анхаарал хандуулж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол бол аж үйлдвэрийн үндсэн суурь байдаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах, чанар нь муудсан агаарын шугамуудыг солих гээд олон ажил байна. Үндсэн парометрүүдийг аваад үзвэл харьцангуй эрүүл гэж харж байна. Улс орны эдийн засаг тэлж байхад төсөв дагаж тэлэх ёстой. Ингэж байж том том суурь эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөнө. Тэгснээр Монгол Улс хөгжинө. Мөн Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан үндсэн үзүүлэлт нь 34 хувь арай хүрэхгүй байгаа юм. Манайхтай ижил төстэй улсууд буюу Киргизстан 60 хувь, Укбейкстан 38 хувь гэх мэтчилэн байна. Төсвийн алдагдлаа бид яг хоёр хувьдаа барьж байгаа. Цар тахлын дараа хоёр хувьд барьсан улс орон цөөхөн. Ингэхээр манайх эрүүл макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ авч хадгалж чадаж байна гэж ойлгож болж байгаа юм. Харин санаа зовж байгаа хоёр зүйл бий.

-Тэр нь юу вэ?

-Төсвийн тэлэлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр яалт ч үгүй тодорхой хэмжээний дарамт ирнэ. Ингэснээр нэгдүгээрт, ханш болон Монголбанкны валютын нөөцөд сөргөөр нөлөөлөх үзүүлэлт. Урсгал данс оны эхнээс өнөөдрийг хүртэл 500-гаад сая ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл нийтдээ 50 сая ам.долларын алдагдалтай байгаа. Энэ нь шууд манай гадаад валютын албан нөөц дээр ирэх дарамт. Үүгээр дамжаад ханшид дарамт ирнэ. Хэрэв ханш суларвал импортоор орж ирж байгаа инфляц нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар манай инфляц таван хувь, үүний 1.8 хувь нь импортын инфляц байна. Ковидын дараа манай инфляц 15, үүний 50 хувь нь импортын гаралтай инфляц байсан. Харин тээвэр ложистикийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор импортын инфляц буурсан. Мөн шатахуун, түлшний асуудлаар Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр өсөхгүй байгаа.

-Тэгвэл төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамтаа яаж арилгах юм бэ?

-Нэгдүгээрт, бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Нийтдээ 14 мега төсөл, хөтөлбөр байгаа. Эдгээр нь нийтдээ 120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг ямар ч улс орон өөрсдийн төсвөөрөө хэрэгжүүлж чадахгүй. Заавал гаднын хөрөнгө оруулалт буюу инженерийн, хөрөнгө оруулалтын компаниуд оруулж ирэх шаардлагатай. Улсын төсвөөр 10 орчим хувь буюу суурь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөөд үлдсэн дээр нь гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Ингэж чадвал төлбөрийн тэнцлийн урсгал дансаа сайжруулна. Заавал мега төслүүд гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулчихвал бусад салбарт ч хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал одоогоор ямар байгаа вэ?

-Маш тааруу байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах гадаадын хөрөнгө оруулалтын коэффициентийг нь харахад манайх ердөө 12-15 хувьтай л байгаад байгаа юм. Үүний 10-аад хувийг нь Оюутолгой дангаараа эзэлж байна. Ингэхээр харамсалтай нь бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Азийн бар гэгддэг орнуудыг харахад маш олон жил гадаадын хөрөнгө оруулалт нь 40-60 хувь байсан. Тиймээс бид дор хаяж 40 хувьд хүргэх шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх, өмч хөрөнгийг нь хамгаалсан хууль эрх зүйн байдлыг бий болгох ёстой. Хоёрдугаарт, бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт, мега төслүүдээ гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт сурталчилах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л хөрөнгө оруулалт татаж чадна.

-Энэ намар, болоод ирэх жилийн эдийн засгийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх оны төлбөрийн тэнцэл болон төгрөг дээр ирж байгаа харьцангуй сайжирна гэж харж байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхайн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын холболт хийснээр нүүрсний экспорт энэ оноосоо илүү нэмэгдэх учиртай.

-Энэ жилийн хувьд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн байсан. Энэ боломжтой юу?

-Миний хувьд үүнийг бүрэн бололцоотой гэж харж байгаа. Яагаад гэвэл бид одоогийн байдлаар 42 сая орчим тонн нүүрс экспортолсон байна. Мөн ноднин жилийн долдугаар сараас энэ жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд бид 78 сая тонн нүүрс гаргачихсан байгаа юм.

-Урд хөрш маань нүүрсийг одоогийнх шигээ тогтмол авах юм уу?

-Авах үндсэн нөхцөл нь байна. Учир нь Хятад улс жилдээ 480 сая тонн нүүрс импортоор авдаг. Тэгвэл Австрали, Индонезиос далайн тээврээр авах уу. Эсвэл хөрш орон болох Монгол, Оросоос авах уу гэдгээ мэдээж тооцож байгаа. Тээврийн зардлын хувьд манайхаас авах нь хамаагүй хямд тусна. Мөн цаг агаарын өөрчлөлтөөс болж хятадуудын барьсан усан цахилгаан станцуудын гол, ус нь ширгэсэн. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэл нь багассан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний болон атомын цахилгаан станцын маш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  Дээрээс нь Хятад улс жилд 1-1,2 тэрбум тонн ган хайлуулдаг. Нэг тонн ган хайлуулахад 700 кг коксжих нүүрс ашигладаг. Тэгэхээр тэнд нүүрсний хэрэглээ өндөр байна. Хэрэв бид төмөр замын хил холболтуудаа хийчихвэл 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох боломж байгаа.

-Манай улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь зэс шүү дээ. Энэ тал дээр ямар байдал ажиглагдаж байна вэ?

-Зэсийн макро үзүүлэлтүүд маш сайн байгаа. Нэг тонн нь одоогоор 9500 ам.доллар байна. Мөн хэрэглээний хувьд огцом нэмэгдэж, нийлүүлэлт нь багасах юм уу, тогтвортой байх үзүүлэлттэй байгаа. Яагаад гэхээр Оюутолгойтой харьцуулах хэмжээний зэсийн орд илрээгүй, ашиглалтад орох төсөөлөл ч алга. Зэсийн хэрэглээ яагаад өсөөд байна гэхээр одоогийн байдлаар дэлхийд 79 сая шинэ машин зарагддаг. Үүний 13 хувь нь электрон машин. Харин Хятад улсад 40 хувийг нь электрон машин эзэлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар электрон машины хэрэглээ огцом нэмэгдээд, 2026 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 хувь хүрнэ гэж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ дагаад зэсийн хэрэглээ нэмэгдэнэ. Нэг электрон машин үйлдвэрлэхэд 140 кг зэс ашигладаг юм. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь ч нөлөөлнө. Нэг мегаватт сэргээгдэх эрчим хүчний станц барихад ойролцоогоор 4.2 тонн зэс ордог. Өнөөдөр зарим улс орнууд дотоодын хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар хичээж байна. Португал гэхэд л сая хэд хоног 100 хувь хангаж чадсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаан маргаан дагуулж байна. Энэ яг юу болсон юм бэ?

-Сангийн сайдын хэлж байгаагаар өрийн тааз болон Засгийн газрын төсвийн алдагдлаа аваад хаячихсан. Харин одоо эргүүлэн оруулж байгаа гэж байсан. Энэ нь зөв л дөө. Гэхдээ хэчнээн аваад хаячихсан ч гэсэн бид үндсэн парометрүүдээ барьж чадсан. Орж ирж байгаа төсвийн тодотгол ч гэсэн үүнийгээ маш сайн барьж байгаа. Мөн 2025 оны төсвийг ч гэсэн оруулж ирэхдээ үүнийгээ барих ёстой.

-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр орж ирсэн. Гэтэл хэтэрхий олонд том төслүүд зэрэг эхлүүлж байна. Үүний орон эрэмбэлээд нэг, нэгээр нь ашиглалтад оруулаад явах нь зүйтэй гэсэн шүүмжийг зарим нь хэлж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж нэг талдаа зөв л дөө. Нийт 14 мега төсөл байгаа. Миний харж байгаагаар бэлэн, бүтээн байгуулалт нь эхэлсэн зэргээсээ шалтгаалан зарим нь илүү хурдан хэрэгжинэ гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын хил холболтууд гээд хурдан хэрэгжих боломжтой төслүүд бий. Харин зарим нь ТЭЗҮийн шатанд ч явж байгаа. Ер нь эцсийн үр дүндээ бид төсвийн тэлэлттэй бодлого явуулж байж эдийн засгаа өсгөнө. Үүнийгээ дагаад ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг сайжруулна. Эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын зорилго бол Төв Азидаа нэг хүнд ногдох ДНБ-ээрээ хамгийн чинээлэг улс орон болохыг л хүсээд байгаа шүү дээ. Тиймээс ч зоригтой алхамуудыг хийх нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.доллар болгоно гэсэн. Энэ зорилгодоо хүрэх боломж бидэнд байна уу?

-Дотооддоо бол бүрэн боломж бий. Гэхдээ бид дэлхийн санхүүгийн зах зээлээс шууд хамаардаг. Нүүрс болон зэсийн үнэ. Харин үндсэн макро парометрүүд, эрэлт нийлүүлэлтийн прогноз эерэг байгаа болохоор хүрэх бололцоо нь өндөр байгаа гэж харж байна. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран хүчээ нэгтгээд хийх ёстой нэг ажил нь зээлжих зэрэглэлээ сайжруулах юм. Хөрөнгө оруулагч нар биднийг зээлжих зэрэглэлээр л дүгнэдэг. Үүнийг сайжруулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олон улсад зээлжих зэрэглэлийг тодорхойлдог Эс энд Пи (S&P), Фитч (Fitch), Мүүдис (Moodys) гэсэн гурван том байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудтай тулж ажиллаад, Монгол Улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлуудыг тайлбарлаад явбал зээлжих зэрэглэл сайжрах боломжтой гэж харж байгаа юм. Ер нь зээлжих зэрэглэлийг тодорхойлдог 23 үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний 22 нь шууд дотоодын эдийн засагтай хамааралтай. Үлдсэн нэг нь гадаад орчин байдаг юм. Тэгэхээр 22 дээр нь бид өөрсдөө зөв тохируулга хийгээд сайн тайлбарлаж чадвал зээлжих зэрэглэлээ сайжруулах боломжтой. Манай улс саяхан л саарал жагсаалтад байсан. Харин Засгийн газар, УИХ, Монголбанк хамтран ажилласны үндсэн дээр амжилттай гарсан. Яг үүн шиг бид өөрсдийгөө илүү сайн ойлгуулаад, тайлбарлаж чадвал бүрэн боломжтой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч Б.Бямбабаяр: Хүүхдүүд давсагны үрэвслээр өвдөх нь ихэсч байна DNN.mn

Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.


-Бөөр, давсагны үрэвсэл буюу циститийг эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог гэдэг. Цистит хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа нь юутай холбоотой вэ?

-Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр, шээсний замын өвчин юм. Давсагны үрэвсэл дан ганц эмэгтэй хүнд ч тохиолддог юм биш. Эрэгтэйчүүд ч гэсэн давсагны үрэвслээр өвддөг. Өгсөх замын халдвар, доороосоо даарах зэрэг нь давсагны үрэвсэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг юм. Хүүхдийн давсагны үрэвсэлд гол нөлөө үзүүлж байгаа нь шингэний дутуу хэрэглээтэй шууд холбоотой. Хүмүүс шингэн гэдгийг ундаа, цай, бүх төрлийн уух юмнуудыг ойлгодог. Шингэнийг зөвхөн ус л нөхдөг. Хүүхдүүд усны хэрэглээ багатай. Мөн сүүлийн үеийн хүүхдүүдэд шээсээ тэвчих гэдэг зүйл ажиглагдах болсон. Ялангуяа хүлээн авахаар хандаж, үзүүлж байгаа хүүхдүүдийн дунд хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэгүүд түгээмэл зонхилж байгаа. Хүүхдийн өвчлөл дундаа давсагны үрэвсэл ихэсч байна.

-Бөөр шээсний замын өвчлөлөөр хүүхдүүд өвчилж байгаагийн цаад шалтгааныг тодруулбал?

-Хүүхэд шээсээ тэвчих, шингэн юм уухгүй, бодисын солилцоо явагдахгүй байгаагаас үүдэлтэй. Бодисын солилцоо гэдэг нь бие махбодид хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх, хэрэггүйг задлан зайлуулах эсрэг, тэсрэг хоёр үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх бөгөөд тэдгээрийн нэгдлийг хэлдэг. Хүн биеэсээ хороо гадагшлуулах ёстой. Шээс бол эцсийн бүтээгдэхүүн. Түүнийг биеэс гаргах ёстой байтал барина гэдэг дараагийн хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй.

-Хүүхдүүд шээсээ тэвчих болсон шалтгааныг та сургуулийн завсарлагааны цаг хангалттгүй, ариун цэврийн өрөө бохир байдаг зэрэгтэй холбон тайлбарласан байсан. Энэ талаар тодруулбал?

-Биднийг хүүхэд байхад хичээлийн их завсарлагаа 10 минут, бусад нь тав, таван минут байлаа. Тэр таван минутад ангийн бүх хүүхэд ариун цэврийн өрөө орж амждаггүй байсан. Эрэгтэй хүүхдүүд харьцангуй гайгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд шээсээ тэвчих асуудал илүү үүснэ. Хэдий цэвэрлэдэг ч гэсэн олон хүүхэд нэг дор бие засахаар үнэр танар, ариун цэвэр талаасаа горим алдагддаг. Их завсарлагаанаар ариун цэврийн өрөө  орж чадахгүй бол хичээл тартлаа шээсээ тэвчиж байх жишээний. Ихэнх хүүхдүүд ялангуяа өсвөр насны охид шээсээ маш их тэвчдэг юм билээ. Шээсээ тэвчээд байгаагийн шалтгааныг асуухаар багш гаргадаггүй, уурладаг, завсарлагаа хүрэлцдэггүй, ариун цэврийн өрөө заваан байдаг гэх шалтгаануудыг хэлдэг. Зарим үед ариун цэврийн өрөө нь цоожтой байх нь бий. Үйлчлэгч нарын зарим нь ааштай, ялангуяа бага насны хүүхдийг ариун цэврийн өрөө оруулахгүй уурладаг. Энэ мэтчилэн ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу, завсарлагааны цаг богино зэрэг нь сургуулиас хамааралтай асуудал юм. Хүүхдүүдийн хувьд өөрсдөөс, эцэг эхээс нь хамаарах зүйл мэдээж маш их. Өглөө бослоо. Өглөөний цай битгий хэл бүр балга ус ч уухгүй гэрээсээ гарч байгаа хүүхдүүд их байна. Эцэг, эх нь өөрсдөө өглөөний цай ууж хэвшиж, дадаагүй бол хүүхдүүддээ өглөөний цай уулгана гэж байхгүй. Өглөө бүр тойрч суугаад цайгаа уугаад, хүүхдэдээ ус уухыг зөвлөж байвал тэр эрүүл гэр бүл юм. Өөрсдөөс болон сургуулиас шалтгаалах зүйлүүдээ шийдээд явахгүй бол алсдаа бөөр шээсний замын эмгэгүүд үүсэх нөхцөл нь амьдралын хэвшлээс үүдэж байна.

-Бөөр, шээсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах вэ?

-Шингэний хэрэглээ маш чухал. Хэдэн зуун мянган хүүхэд дотроос уух усаа бариад явдаг нь ховор. Ээж аав нь ч уугаарай гээд ус өгөөд явуулах нь ч тийм их биш. Сургуулийн орчинд хүүхдүүдэд ус уух боломжоор хангах, бодисын солилцоо явагдаад шингэн гадагшлах нөхцөлийг мөн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдээс эхлээд эцэг, эх, багш, сургуулийн захиргаа, Боловсролын яам гээд бүхий л хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулах нь зөв юм. Эхний ээлжинд нэг ангийн түвшинд ярилцаад эмч, багш эцэг, эхчүүд хамтран туршилт хийж үзэж болно. Хүүхдүүдийн шингэний хэрэгцээ бүрэн хангагдсанаар анхаарал төвлөрөх, хичээлдээ оролцох байдалд нь ямар өөрчлөлт, үр дүн гарч байгааг судалж үзэх хэрэгтэй.

Хэрвээ та хүүхдийнхээ бөөрийг өвтгөхгүй байя гэвэл бодисын солилцоог нь сайжруул, доороос нь дааруулахгүй байх. Бөөр бол ялгаруулдаг эрхтэн. Шингэний хэрэгцээ бага байх тусам өвчлөх магадлал өндөртэй. Бусад эрхтнүүдээс бөөр рүү дамждаг өвчнүүд ч бий. Усаа л сайн уух хэрэгтэй. Шүд өвдсөнөөс болоод шууд бөөр өвдлөө гэж үзэхгүй. Гэхдээ хүний биеийн эрүүл байх тогтолцооны хамгийн гол чухал зүйл нь амны хөндий эрүүл байх явдал юм.

-Давсагны үрэвслээр өвдсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хамгийн эхэнд дутуу шээнэ. Шээсний дараа дутуу шээсэн мэдрэмж төрнө. Ойр, ойрхон дүлж шээнэ, давсаг руу шархирч, шээхэд хорсож өвдөнө. Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөнө. Бага насны хүүхдүүдийн хувьд шээж чадахгүй уйлдаг. Энэ үед нь шээсний шинжилгээ өгч, давсгандаа дүүрэн шээстэй эход үзүүлэх хэрэгтэй. Эхогоор юу үзэх вэ гэхээр давсагны бүтцийг хардаг. Давсагны доторх хана, шээс нь шингэн эсвэл өтгөн байна уу гэж үздэг. Шээсний шинжилгээгээр бактер, үрэвсэл зэрэг нь илэрдэг. Ер нь бактерын шалтгаант үрэвсэл их бий. Шээсний сүвээр бактер ороод л өгсөх замын халдвар үүсч байгаа юм. Хүүхдийн эмчдээ үзүүлж, шинжилгээний хариунд үндэслэн эмчилгээ хийлгэнэ. Шээсээ хүрэхээр л шээх хэрэгтэй. Бид ч гэсэн ажлаасаа болоод шээсээ хүрч байсныг мартчихдаг. Хүүхдүүд тоглож байгаад л шээхээ мартчихдаг. Тиймээс бага насны хүүхдийн шээс хүрэх бүрд нь эцэг, эхчүүд шээлгэж сургамаар байна. Хувийн ариун цэврийн асуудал ч яригдана.

-Цэцэрлэгийн нэг багш “Эмэгтэй хүүхдийг бие засаад, арчиж байхыг харснаас эрэгтэй хүүхдийг арчихыг харж байгаагүй ч энэ удаа харлаа” гэж ярьж байсан. Ер нь яах ёстой вэ?

-Эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүмүүсийг хараад гайхах хандлага гаргадаг л даа. Яагаад энэ нь зөв бэ гэхээр умайн хүзүүн хорт хавдар үүсгэгч папиллома вирусыг тээгч нь эрэгтэй хүн. Тэр вирус нь эрэгтэй хүний бэлэг эрхтний шодойны малгайн ар талд байж байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд сууж бие засахыг зөвлөх хэрэгтэй. Зогсож, суух нь ялгаагүй ч гэлээ сууж байгаад шээх нь түрүү булчирхайд илүү үр дүнтэй. Ариун цэврийн хувьд ч сайн талтай. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдийг багаас нь шээснийхээ дараа бэлэг эрхтнээ угааж, арчиж байхыг зааж, зөвлөх нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 24, Санчир гариг. Билгийн тооллын 20, Шийдэм одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 06:00 цагт мандаж 19:49 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говиор +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт “Боломжийг бий болгож, хүчээ нэгтгэцгээе” сэдвийн дор болно

Тун удахгүй Оросын Холбооны Улсын Владивосток хотноо10 дахь удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна. Монгол Улсын хувьд энэ чуулга уулзалт нь хөршүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлэх бас нэгэнболомжюм.

ШХАБ жил ирэх тусам хүчирхэгжиж байгаа бүс нутгийн байгууллага билээ.2004 онд Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статустай болсон анхны улс юм. Хөрш орнууд болох ОХУ болонБНХАУнь Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх сонирхолтой байдаг.

Тухайлбал 2022 онд Самаркандад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин “ШХАБ нь өөрийн давуу талаа бүрэн дүүрэн ашиглах, байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, илүү их, бодит үр өгөөжийг хүртэх боломжийг олгоно” гэж онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 7 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Казахстаны нийслэлд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24 дүгээр өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, манай улс ШХАБ-ын гишүүн орнуудтай ложистик, эрчим хүч, уул уурхай болон бусад олон салбартхамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа гэжхэлсэн.

Ирэх есдүгээр сарын 3-6-ны хооронд ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ШХАБ-тайхамтын ажиллагаагаахөгжүүлэх тохиромжтой талбар болох боломжтой. Тодруулбал Еврази-Евразийн эдийн засгийн холбоо, Нэг бүс-Нэг зам санаачилгынинтеграцчлалын төслүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломжтой билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар улсынхаа эдийн засгийн тогтвортой өсөлтийн тодорхой хувийг (2023 онд 7%-иар өссөн) түнш орнууд, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны гэрээтэй холбон үздэг.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт бол Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал индэр болсон юм. Монгол Улсын хувьд энэ нь ОХУ-тайЕвразийн эдийн засгийн холбооны хүрээнд Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах, тэглэх тухай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бас нэгэн боломж юм.

Монгол Улс жил бүр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Энэхүү арга хэмжээ нь бидэнд өөр олон чиглэлээр хамтран ажиллаж, олон хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох болов уу. Сонирхсон бүх талуудын хамтын хүчин чармайлт шинэ боломж, хэтийн төлөвийг бий болгоно гэж чуулга уулзалтын зохион байгуулагчид онцлов.

Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Алс Дорнод – 2030. Боломжийг бий болгоё, хүчээ нэгтгэцгээе” юм. Чуулга уулзалтын зочид төлөөлөгчид олон туйлт шинэ ертөнцөд хамтран ажиллах стратегийн хэтийн төлөвийг хамтдаа хэлэлцэх юм.

 

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны хэрэглээ нь хорт хавдраар өвдөх эрсдлийг 5.4 хувиар нэмэгдүүлдэг DNN.mn

Тамхи нь хорт хавдраар өвдөх магадлалыг  19.3 хувиар нэмэгдүүлдэг байна. Харин илүүдэл жин нь хорт хавдраар өвдөх эрсдлийг  7.6 хувиар, Согтууруулах ундааны хэрэглээ нь хорт хавдраар өвдөх эрсдлийг  5.4 хувиар, хэт ягаан туяа нь  хорт хавдрын тохиолдлын 4.6 хувийг үүсгэдэг байна.

Судлаачид насанд хүрэгчдийн өвчилж буй хорт хавдрын 40 хувь нь сэргийлэх боломжтойг тооцоолсон байна. 

Categories
мэдээ нийгэм

Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

БГД-ийн 4 дүгээр хороо, Цэрэнноровын гудамжны авто замыг наймдугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын англи хэлний олимпиадаас Монголын баг 7 алт, 5 хүрэл медаль хүртжээ DNN.mn

Owlypia Global Around ” англи хэлний олимпиад 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдлаа.

Нийт 15 орны 50 гаруй баг, 200 орчим сурагчид оролцсоноос Монгол Улсаас Шинэ Эхлэл сургуулийн 3 багийн нийт 9 сурагч тэмцээний таван төрлөөс нийт 7 алт, 5 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.

Багийн төрөлд 25 баг оролцсоноос манай 3 баг амжилттай оролцож сурагч Б. Туяамаа ахлагч, Б.Оюунтүлхүүр, Б.Пүрэвбат нарын бүрэлдэхүүнтэй

  • “Young Leaders of Mongolia” баг Алтан Медаль,
  • Шилдэгийн Шилдэг баг /Pen Down Challenge, Speech – Craft Challenge, Team Spirit Challenge/ “Proficient Writers Team” багаар шалгарлаа.
  • Ганцаарчилсан төрөлд Б.Туяамаа, Б.Пүрэвбат, У.Намуун, Н.Оюунтүлхүүр нар Алтан медаль,
  • Ү.Бат-Амгалан, Д.Хангэрэл, х.Пунсалдулам, Б.Хас-Эрдэм, О.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн бол
  • шилдэгийн шилдэг хүүхдээр Б.Туяамаа 1 дүгээр байр, Б.Пүрэвбат 3 дугаар байр эзлэв.

Мөн Ү.Бат-Амгалан, Б.Хас-Эрдэм нар “Cultural Ambassador Certificates”, Д.Хангэрэл “Innovative Thinker Certificates”, Б.Туяамаа “Proficient Wise Owl award Certificates”  хүртсэн өндөр амжилт гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

“Америкийн баримтат кино өдрүүд-2024” энэ сарын 26-нд эхэлнэ  DNN.mn

AНУ-ын Элчин сайдын яамны санаачлагаар тус яам болон Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд 2024” (American Film Showcase буюу AFS)–ийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулна.  Бүх үзвэр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байх юм. 

Элчин сайдын яам дотоодын төрийн бус байгууллага, боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран 2015 оноос хойш AFS хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, АНУ-аас кино мэргэжилтүүдийг урин авчирч олон талт сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ удаагийн хөтөлбөрийг алдарт дуучин Тина Тернерийн намтар бүтээлээр нээж; Сезам гудамж, дэд бүтэц, байгаль орчин, ЛГБТИК+ хүмүүсийн эрх, нийгмийн сүлжээний хуурмаг мэдээлэл, нөлөөлөгч нарын тухай сонирхолтой баримтат кинонуудыг дөрвөн өдрийн турш хүргэхээр бэлдээд байна.


Гэгээнтэн кино театрт дараах үзвэрүүд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх болно. 

8-26 ДАВАА 

18:30 Тина 118’ Дэн Линдси, Т. Ж. Мартин 

21:30 Нэгэн гудамжны нөхөд 107’ Мэрилин Агрело 

8-27 МЯГМАР 

19:00 Цахилгаан шатны төлөө 13’ Мартына Староста + Манай хот тосгод 87’ Стивен Ашер, Жинн Жордан 

21:00 Хүний хүчин зүйл 78’ Мэттью Теста

8-28 ЛХАГВА 

19:00 Эрх тэгш 148’ Стивен Кайак, Кимберли Рид 

8-29 ПҮРЭВ 

19:00 Надад итгэ 91’ Роко Белич 

Introduction by a journalist 

21:00 Хуурамч нэр алдар 87′ Ник Билтон 

AFS нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Америкийн кино урлагаар дамжуулан дипломат харилцааг хөгжүүлэх тэргүүлэх зэргийн соёлын хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо болон Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кино Урлагийн Сургууль (SCA) хэрэгжүүлдэг. AFS нь улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай хамтран жил бүр дэлхийн 60 гаруй оронд кино үзвэр болон мастеркласс сургалтуудыг зохион байгуулдаг ажээ. 

Categories
мэдээ нийгэм

“Шамбала” хотхонд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа DNN.mn

Хан-Уул дүүргийн 22-р хороо Зайсан дахь “Шамбала” хотхонд өнөөдөр барилгын гадна пасад шатсан гэх дуудлага өнөөдөр 15:36 цагт ОБЕГ-т ирсэн.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраалаа.