Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: 17 дахь удаагийн Паралимпийн наадмын нээлт боллоо DNN.mn

17 дахь удаагийн Паралимпийн наадмын нээлтийн ёслол  албан ёсоор “хөшиг”-өө нээлээ

Энэ удаагийн наадамд 168 орны 4400 гаруй тамирчид спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөх юм.

Манай улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин оролцох бөгөөд Монголын багийн тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа мандуулан баг тамирчдаа манлайлан жагслаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болголоо DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс  энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бөгөөд шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж шинэчилж буй.

Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1,6,8 дугаар хорооны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг тус шугам хоолойг анх 1959 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүйн улмаас насжилтын хугацаа дууссан. Үүнтэй холбоотойгоор дээрх байршлын 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөж байна.

Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид 09 дүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болголоо.

Шугам хоолойн шинэчлэлийн ажил дууссаны дараагаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дээрх байршилд авто замын хучиж, тохижилтын ажлыг эхлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд нь хар зах шиг дүүрэн байхад 100 тэрбумаар клуб барина гэж дайрсаар байх уу! DNN.mn

Хавдар судлалын үндэсний төв өглөө 06:00 цаг гэхэд өвчтэй зовлонтой хүмүүс оволзож байдаг эмнэлэг. Дулааны улиралд 05:00 цаг гэхэд хэдийнэ урт дараалал үүсэх нь хэвийн үзэгдэл. Орон нутгийн иргэд бол эмнэлгийн гадна машинтай хоноцгоодог. Тэд эмчид үзүүлэх цагаа нэг цаг, нэг өдөр гэдэг ойлголтгүй, нэг сарын өмнө авах гэсэндээ ийнхүү үүр шөнөөр эмнэлгийн үүд  сахидаг болсон. Энэ байдал аль 10 жилийн өмнө л байлаа. Өчигдөр биднийг тус эмнэлэгт очиход үзлэгийн цаг авах гэсэн, эмчдээ үзүүлэх гэсэн хүмүүсийн хөлд дараастай л байв.

Өглөө 06:30 цагийн үед ирсэн иргэн Г 10:00 цагийн үед эмч рүүгээ ороогүй л байв. Тэрээр уушгины эмчид үзүүлэхээр Дорноговь аймгаас иржээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг уушгины хавдар байх магадлалтай гэж сэжиглэн хот руу илгээжээ. Тэрээр 56 настай гэнэ. Сүүлийн хэдэн жил ханиалгасан, хөлөрдөг болсон. Ядарч сульдах, хүчилтөрөгч дутагдах зэргээр шинж тэмдгүүд илэрдэг болсноор эмнэлэгт ханджээ. Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэх цагаа хэрхэн авсан талаар тэрээр “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн уушгины эмчид үзүүлэхэд рентген зураг авч үзээд хот руу явах шаардлагатай гэсэн. Тэр үеэр улсын баяр болж таараад Улаанбаатарт ирж чадаагүй. Долдугаар сарын 27-нд ирээд Хавдрын эмнэлэгт үзүүлэх цагаа авсан. Бараг сар орчмын оочертой байдаг юм байна. Өнөөдөр эмч дээрээ орох хуваарьтай. Өглөө үүрээр ирсэн. Гэтэл миний өмнө нэлээд олон хүн ирчихсэн байна лээ. Эмч ямар хариу хэлэхийг мэдэхгүй л байна, ах нь. Үзүүлэх оочероо хүлээх явцдаа хотод айл, айлаар явж нэлээд л ядарлаа. Ханиалга маань улам ихэсч, цустай гардаг боллоо. Нэг л биш байгаа бололтой. Уг нь аймагт маань мэргэжлийн сайн хавдрын эмч, эмнэлэг байдаг бол, эсвэл Улаанбаатарын энэ их оочер бага байсан бол эртхэн ах нь эмчдээ үзүүлээд эмчилгээнд орчих байлаа” гэлээ. Уушгины тасгийн нөгөө буланд томограф, MRI-н хариугаа хүлээх хүмүүс ч олон байв. Өнгөрсөн долоо хоногт эмчийн үзлэгт орж, тодосгогчтой MRI-д уушгиа харуулах шаардлагатай гэж 47 настай Д-д эмч зөвлөжээ. Тэрээр бас оочер авч байгаад өчигдөр MRI-д орсон. Хариу нь 24 цагийн дараа гарна гэсний дагуу өглөө эрт иржээ. Гэвч эмнэлгийн ачааллын улмаас хариу нь гараагүй байв. Д нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн гэнэ. Баруун уушгины захад хавдар байх магадлалтай гэж эмч нь хэлжээ. Хэрэв шинжилгээгээр нотлогдвол хагалгаанд орох ёстой аж.

Гэвч хагалгааны оочер аль аравдугаар сар гарчээ. Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг хамгийн их оочертой нь юм байна. Энд умайн хүзүүний хавдар, хөхний хавдар зэрэг эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын үзлэг шинжилгээ явагддаг. Ялангуяа умайн хүзүүний хавдрын тохиолдол манай улсын эрүүл мэндийн салбарынхны хувьд анхаарал татаж буй өвчлөл болоод байгаа юм. Сүүлийн судалгаагаар гэхэд 2023 онд манай улсад 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь нь буюу 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Энэ төрлийн хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалтын дэлхийн дундаж 12 хувьтай бол манайд гурав дахин өндөр байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа. Хавдрын эмнэлэг дээр умайн хүзүүний хортой, хоргүй хавдартай бүх насны эмэгтэйчүүд ирж үзүүлж байна. Хоёр сарын өмнө “хоёрдугаар үе дээрээ явж байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэдэг хариуг сонссон 39 настай Б гэх бүсгүйн хавдар өнөөдөр гуравдугаар шат руугаа хэдийнэ орж, зэргэлдээх эрхтэн рүү үсэрхийлсэн тухай айхтар мэдээг сонсчээ. Ээж нь түүнийг дагалдаж явна. Бүсгүй зургаа орчим настай болов уу гэмээр охиноо тас тэврэн чимээгүйхэн түшин сууна. Хөөрхий ээж нь аргаа баран байн байн босч эмчийн хаалгыг сөхөх аж. Хагалгааны оочер олдохгүй байснаас ийнхүү цаг алдсан гэнэ. Тиймээс одоо эмчтэйгээ зөвлөлдөхөөр эмнэлэгт иржээ. Бүсгүйн ээж “Яав даа, яав (нулимсаа арчина). Хар залуугаараа ийм айхтар өвчин авчихсан охиноо харахаар зүрх эмтрээд байна. Саяхан л хоёрдугаар шатанд байна, дарааллаа хүлээгээд хагалгаанд ороход болно оо гэж эмч нь хэлж байсан. Гэтэл хагалгаагаа хүлээж байх хооронд бүр хүндэрчихлээ. Хүмүүсийн яриагаар ийм шат руугаа орчиход эвгүй гэнэ. Эх нь амьд байхад охин үрээ алдаж амьдын тамд унах вий гэх муухай бодол орж ирээд байдаг юм байна” гэж байна.

Эмнэлгийн дөрөвдүгээр давхарт хагалгааны тасаг бий. Энд бол үхэл амьдралыг зааглаж байдаг гэмээр хэсэг. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс голдуу хүлээлгийн танхимд сууцгаана. Энэ хэсэг тийм ч том биш учир багтахгүй шинжтэй, олонх нь зогсож, холхиж харагдана. Ээж нь элэгний хагалгаанд орсон гэх бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр Ховд аймгаас хоёр ахтайгаа иржээ. Ээж нь жилийн өмнө элэгний хоргүй хавдар гэж оношлогдсон гэнэ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналтанд явж байсан ч хоёр сарын өмнөөс хортой хавдар болсныг мэджээ.

Capture1.JPG

-Хагалгаанд орох оочер ямар байв?

-Ээж маань хортой хавдартай болсныг мэдээд л Улаанбаатар руу ирсэн. Хоёр сарын өмнө гэсэн үг шүү дээ. Хавдрын эмнэлэг дээр цаг авахаар ирэхэд 25 хоногийн дараа хагалгааны цаг гарч байна гэсэн. Бидэнд тухайн үед хол санагдсан учраас хувийн эмнэлгүүдээр явсан. Шинжилгээгээ эхнээсээ өгч явсаар бараг нэг сар алдчихсан. Гэвч эцэст нь хувийн эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй, Хавдар судлал руу явсан нь дээр гэж хэлсэн. Ингээд эндээ ирээд цагаа авахаас аргагүй болсон доо.

-Дахиад ирэхэд дараалал багассан байна уу?

-Яалаа гэж. Дахиад л нэг сар хүлээх болсон. Ер нь элэгний хагалгааны цаг маш их оочертой байдаг юм байна. Эмч нар маш их ачаалалтай ч юм байна. Үнэхээр энэ улс орон хавдрын аюулд живчихжээ. Бид хоёр сар гаруй хавдрын эмнэлгүүдээр явлаа. Зовсон зүдэрсэн маш олон хүнийг нүдээрээ харлаа. Үнэхээр нүд хальтирмаар юм.

-Ээжийн тань хагалгааны талаар эмч нь юу гэсэн бэ?

-Ер нь шууд амжилттай болно гэж хэлж чадахгүй. Хортой болсон тохиолдолд хоруу чанар нь янз бүрээр түгчихдэг. Хүндэрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та нар ядаж нэг сарын өмнө хагалгаандаа орсон бол арай өөр үр дүн хэлэх байлаа гэж эмч ярьсан. Бидэнд маш харамсалтай байна. Элэгний хавдрын талаар залуу хүний хувьд нэлээд уншиж судаллаа. Хортой болчихоор, цаг хугацаа алдчихаар хэцүү юм байна. Яагаад эрт илрүүлээд шуурхай арга хэмжээ авчихаж болдоггүй юм бол гэдгийг л их гайхаж байна.

Хавдрын эмнэлэг өглөөд ирэхэд л Нарантуул зах шиг л болчихсон байдаг. Та харин ч хүн шингэрсэн үед нь ирсэн байна. Энэ тухай олон жил ярьж байгаа харагддаг. Дээрдэхгүй, улам л хүндэрч муудсан байх юм хэмээн халаглан ярьж одов.

Хавдар судлалын үндэсний төвийн нэг өдрийн амьдрал ингэж л буцалдаг. Хавдар гэдэг үнэхээр аюулт өвчин. Ялангуяа манайх шиг хөгжил буурай орны хувьд энэ аюулт өвчнийг туслаа л бол барагтаа найдвар байдаггүй. Учир нь оношлогоо шинжилгээ, эмчилгээ, хагалгааны нөхцөл байдал яг л хар зах шиг, цуваа нь тасардаггүй. Оочер дараалал нь цаг, өдрөөр биш сар, жилээр яригддаг болчихсон. Ийм учраас өвчний хүндрэл явагдаж олон олон монгол хүн, ээжүүд аавууд, сайхан залуус, эмэгтэйчүүд үр хүүхэд, хань ижлээ өнчрүүлэн одсоор байгаа нь харамсалтай. Үүнийг шийдэх боломж төр засагт бүрэн бий. Хавдрын эмнэлгийг өргөтгөөд барьчихад л болно. Одоогийн энэ шар барилга нь 1982 онд баригдсан. Тухайн үед хавдрын өвчлөл элбэг биш, хүн ам ч цөөн байв. Өнөөдөр энэ төрлийн өвчний тоо яривал дэлхийн рекордыг эвдэж байгаа. 42 жил өнгөрөхөд дахин ганц барилга улс бариад өгчихөж чадахгүй байгаа юм. Ядаж л дэргэд нь байгаа өргөтгөлийг улсынх болгоод авчихаж чадахгүй, дийлэхгүй, хүчлэхгүй байгаа нь гайхмаар. Монгол Улсын иргэн нь жилдээ мянга мянгаараа хавдар гэх аюулт өвчнөөр үрэгдэж байхад УИХ-д гишүүд нь яг одоо хөдөөд 100, 100 тэрбумын төсвөөр Соёлын төв барихаар хэрэлдэж суугаа юм.

УИХ-ын эрхэм гишүүд өглөө ажилдаа явах зуураа л Хавдар судлалын үндэсний төвийн хашаагаар толгойгоо нэг цухуйлгачихаад Монгол Улсад Хавдрын эмнэлэг барих уу, Соёлын төв барих уу гэдгээ шийдчихэж болох юм!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу наймдугаар сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд:

  • ️Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, сэрэмжлэх
  • Дулаан хувцаслах, шүхэр, усны гутлаа авах,
  • ️Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,
  • ️Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,
  • ️Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Казахстан улс Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдрийг тэмдэглэж байна DNN.mn

2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн наймдугаар сарын 29-ний өдрийг Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдөр болгон зарлаж тогтоол гаргасан билээ.

Энэхүү тогтоолд цөмийн зэвсгийн туршилтын дэлбэрэлт болон бусад цөмийн дэлбэрэлтийн үр дагавар, цөмийн зэвсгээс ангид дэлхийг байгуулах зорилгыг ард түмний дунд илүү идэвхтэй ухуулантаниулахыг уриалсан байдаг.

Уг тогтоолыг батлах санаачилгыг Бүгд Найрамдах Казахстан улс олон улсын цөмийн эсрэг хөдөлгөөний түүхэн дэх чухал үйл явдал буюу Семипалатинскийн туршилтын талбайг 1991 оны 8-р сарын 29-нд хаасан явдалд зориулан гаргасан юм. Энэ туршилтын талбай1949-1989 онд ажиллажнийт 468 цөмийн туршилт хийсэн байдаг.

Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдрийг анх 2010 онд тэмдэглэж байжээ. Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт цөмийн зэвсгийн эсрэг сэдэвт симпозиум, бага хурал, үзэсгэлэн, тэмцээн, лекц, мэдээллийн нэвтрүүлэг болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Categories
story-news

Ц.Болорчулуун: Гурил, улаанбуудайн импортын татварыг нэмж, боомтуудаа хязгаарлаж, дотоодын салбараа хамгаалах хэрэгтэй

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Халх голын дайны ялалтын нөлөөгөөр Япон нь БНМАУ-ын статус-квог олон улсын эрхзүйн хувьд хүлээн зөвшөөрсөн DNN.mn

Халх голын дайны ялалтын улс төр дипломатын түүхэн ач холбогдол, сургамжийн талаар Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ өдрүүдэд Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж байна. Түүхчид уг дайны сурвалжийг Японы орчин үежих үйл явц, гадаад бодлого, ХХ зууны тэргүүн хагаст Зүүн хойд Азийн геополитикийн орчинд гарсан томоохон өөрчлөлттэй холбон тайлбарладаг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Мэйжи эриний Японы геополитикийн үндсэн үр дүн нь нэгдүгэрт, хөршүүдтэй хилийн маргаанаа шийдвэрлэж, их гүрнүүдтэй байгуулсан тэгш бус гэрээнүүдийг шинэчилж, өөрийгөө олон улсын эрхзүйн дагуу хүлээн зөвшөөрүүлсэн явдал юм. Хоёрдугаарт, Солонгосын Ханлигийг нээлттэй болгож, хүлээн зөвшөөрсөн. Гуравт, Хятад-Японы анхдугаар дайнаар Чин гүрнийг “цаасан бар” болохыг нь бүрнээ ойлгуулж, тийнхүү Дорнод Азид нөлөөний хүрээ тогтоох их гүрнүүдийн геополитикийн хүчний тоглолтоос Чин гүрэн хасагдаж, Шимоносекийн гэрээгээр Чин гүрэн дайны төлбөрт Японд 200 сая лан мөнгө төлөх болсон. Ингээд Пескадорын бүлэг арал, Формуз буюу Тайвань арал, Ляодуны хойгийн дорнод боомтын бүх бэхлэлт, зэвсгийн нөөцийн хамт Японд шилжсэн. Дөрөвдүгээрт, 1904-1905 оны дайнаар Хаант Орос ялагдаж, Портсмутын гэрээгээр Сахалины өмнөд хэсэг, Курилын бүлэг арлыг өөрийн мэдэлд авсан. Улмаар олон улсын худалдааны боомт Далянь, тэнгисийн цэргийн боомт Порт-Артур бүхий Ляодуны хойгийг 99 жилээр түрээсэлж, Дорнод Хятад, Өмнөд Манжуур дахь Оросын төмөр замын сүлжээ, түүнийг тойрсон стратегийн нөөцөд чөлөөтэй нэвтрэх болсон. Тавдугаарт, Япон нь Зүүн Азид онцгой эрх ашиг бүхий Их гүрний статустай капитализм хөгжсөн цорын ганц гүрэн болон гарч ирсэн. Зургаад нь, 1910 онд Солонгосыг нэг мөр өөртөө дагуулснаар Япон нь Азийн эх газрын статустай болж, эцэст нь Зүүн хойд Азид их гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцсон олон улсын харилцааны шинэ бүтэц буй болсон.

 

Ингээд Япон гүрэн өөрийн геополитикийг “Азийнхан Азидаа” хэмээн томьёолж, “Аугаа Их Дорнод Азийн хамтын цэцэглэлтийн хүрээ”-г тодорхойлж, энэхүү бүс нутагт шинэ дэг журмыг илбэн тохинуулах үүргийг соёлжсон Их Наран улс гүйцэлдүүлэх ёстой гэж үзсэн байдаг. Энэ нь Дорнод Азийн хувь заяанд Өрнөдийн гүрнүүд хошуу, гараа дүрэх ямар ч шаардлага байхгүй. Ер нь тэдэнд огт хамааралгүй тив гэсэн утгатай байв. “Алс дорнодод Европын гүрнүүд халдан нэвтэрсэн нь Японд аюул занал учруулсан төдийгүй мөн Азийн ах дүү үндэстнүүдийнхээ хувь заяаг аврах бодол нэгэн адил төрсөн билээ” гэж Японы цэргийн атташе К.Каваками 1921 онд Нью Йоркт хэвлүүлсэн “What Japan thinks” номондоо бичиж байжээ. Энэ номыг Нидерландын Leopold Clas­sic Library хэвлэлийн газраас 2016 онд дахин хэвлэж гаргасан.

Тийнхүү олон улсын харилцааны хүчний төвд Япон нь капитализм хөгжсөн, колони эзэмшигч Ази тивийн цорын ганц шинэ залуу гүрэн болон гарч ирсэн түүхтэй. Мэйжи эриний сүүлчийн улирлаас Японы Азийн эх газрын геополитикт Монгол орон өртөгдөх болж, ялангуяа Орос-Японы Санкт-Петербургийн цуврал гэрээ хэлэлцээрийн тухайлсан обьект болсон. Октябрийн хувьсгал ялсны дараа Зөвлөлт Оросын большевик удирдлага Хаант Оросоос их гүрнүүдтэй урьд өмнө байгуулсан бүх нууц гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгосноо зарлаж, үүгээр Монгол, Солонгос, Хятадтай холбоотой нууц гэрээнүүд ил болсон. “Тусгай эрх ашиг”, “Нөлөөний хүрээ” зэрэг нэр томъёо олон улсын харилцааны үг хэллэгт шинээр орж ирснийг эдгээр нууц гэрээ протоколууд харуулсан юм.

1919 оны Версалийн найрамдлын гэрээний эцсийн шийдвэрт их гүрнүүд Японы Хятад дахь тусгай ашиг сонирхлыг харгалзан Шаньдун дахь Германы бүх эрх мэдлийг Японд олон улсын гэрээний дагуу шилжүүлсэн нь Тайшёо эриний Японы геополитикийн тод амжилт болсон. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын эхний жилүүдэд Японы улс төрийн дэмжлэгт түшиглэх, түүнд ихээхэн найдвар тавьж байсан бол Тайшёо эриний сүүлчийн улирлаас ихээхэн болгоомжлох болсон. Шёво эриний (Хирохито хааны оны чимэг 1926-89) Японы геополитик дахь Гадаад Монголын асуудал стратегийн баримт бичиг, гэрээ хэлэлцээр, дипломат албаныхан болон цэргийн дээд тушаалтнуудын илтгэл, өгүүлэл, ярианы протоколд үлдсэн байна.

-Халх голын дайнтай холбоотой сүүлд ямар шинэ баримтууд гарч ирэв?

-Японы Цэргийн яамны сайд дэслэгч генерал, барон фон Садао Араки 1933 оны гуравдугаар сард “Кайкоша” хэмээх сэтгүүлд нийтлүүлсэн “Шёво эриний Наран улсын зорилт” өгүүлэлдээ, “Япон нь өөрийн нөлөөний хүрээний бүс Манжуур, Хятадтай хил залгах Монгол мэтийн учир нь үл ойлгогдох, хоёрдмол утгатай завсрын бүс оршин байхыг хүсэхгүй. Монгол бол ямар ч тохиолдолд Дорно дахинд хамаарагдах нутаг дэвсгэр байх ёстой…Түүнийг бусад оронд орхиж болохгүй. Монголын хоёрдмол байдал нь бүхэлдээ Дорнын түгшүүртэй байдлын эх үүсвэр болно. Монголын асуудал нь эзэнт гүрний Манжуур дахь бодлогод ч томоохон саад болж болзошгүй” гэж бичиж байжээ. Квантуны армийн штабын дарга хурандаа генерал Сейширо Итагаки Японы цэргийнхний БНМАУ-д довтлох бодол санааг Мүгдэн, Хонолулад ерөнхий консул, Австри, Бельгид элчин сайдаар ажиллаж байгаад ГЯЯ-ны сайдад шинээр томилогдсон Хатиро Аритад 1936 оны гуравдугаар сард мэдэгдэхдээ, “Гадаад Монгол бол нууцлаг газар нутаг. Хаант Орос хэдийн чөтгөрийн гараа сунгаж, түүнийг өөрийн протекторат болгож байсан. Хувьсгал гарснаас хойш большевик Орос мөн адил бодлого явуулж өөрийн нөлөөг тогтоосон. Хэрэв Дорнод Азийн газрын зургийг харах юм бол Япон-Манжго-гийн хувьд Гадаад Монголын ач холбогдол нь Зөвлөлтийн Алс Дорнод, Европын хэсгийг холбогч шугам болох Сибирийн төмөр замыг хамгаалагч жигүүр гэдгээс харагдана. Хэрэв гадаад Монгол нь Япон, Манжготой нэгдвэл Зөвлөлтийн Алс Дорнод үлэмж ноцтой байдалд орж, Алс Дорнодод Зөвлөлтийн нөлөөг тулалдаангүй арилгаж болно. Иймд арми нь өөрийн гарт байгаа бүхий л хэрэгслээр Япон, Манжгогийн нөлөөг Гадаад Монголд дэлгэрүүлэхийн тулд эхний алхам болгож Зөвлөлт Оросын бодлогыг харгалзахгүйгээр Гадаад Монголыг тусгаар тогносон улс гэж үзэж, Манжго, Гадаад Монголын хооронд хэвийн, бүрэн дипломат харилцаа тогтоох явдал юм. Дараа нь тэд хүчин чармайлтаа нэгтгэн Гадаад Монголын үндэстнийг нэгтгэх талаар Баруун Өвөр Монголд тайлбарлах ёстой” гэсэн байв. Дурдсан баримт нь сүүлд “1946-1948 онд Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүх”-ийн хуралд Халх голын сав нутагт Японы түрэмгийллийг нотлох гол гэрчийн баримт болсон гэж др. Р.Болд тэмдэглэсэн байдаг. Хатиро Арита нь “Аугаа Дорнод Азийн хамтын цэцэглэлтийн хүрээ” хэмээх үзэл баримтлалыг зохиогчдын нэг байсан юм.

-“Танака меморандум” хэмээх баримтын талаар түүхчдийн дунд удаан хугацаанд маргаан үргэлжилсэн шүү дээ. Үүний үр дүн юу болсон юм бэ?

-Тиймээ. 1927 оны дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайдаар генерал барон Танака Гийчи томилогдсон нь тус улсын гадаад бодлогод нэгэн чухал үе шат болсон. Генерал Танака, түүний Засгийн газар 1927 оны зун Дайрен хотноо “Алс Дорнодын бага хурал”-ыг зохион байгуулж, Хятадын коммунистуудын эсрэг тэмцэж буй Чан Кайшитай хэрхэн харилцах, Манжуур, Гадаад Монголын статус, генералиссимус Жан Золинь зэрэг Зүүн Азийн өргөн хүрээтэй асуудалд төвлөрсөн байдаг. Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн ерөнхий сайд генерал Танака эзэн хаандаа тусгайлан бэлтгэсэн айлтгал бичгийг өргөн барьсан гэж үзсээр ирсэн. Танакагийн меморандум хэмээн нийтэд танил болсон хэсэгт “…Хятадыг эзлэн авахын тулд бид эхлээд Манжуур, Монголыг эзлэх хэрэгтэй. Харин дэлхийг эзлэн авахын тулд эхлээд Хятадыг эзлэн авах ёстой. Хэрэв бид Хятадыг эзлээд авчихвал даян дэлхий, Азийн бусад орон, Дорнод Ази Японых болно…Манжуур, Монгол хоёрын хяналтыг гартаа авах нь манай анхны алхам мөн. Манжуур, Монгол нь Алс дорнодын Бельги юм. Их дайны үед Бельги нь тулааны талбар болон хувирсан билээ. Орос, АНУ-тай хийх дайндаа бид Манжуур, Монголд дайны хамаг бэрхийг хүлээлгэх ёстой…Ар, Өвөр Монголд манай япон хүний тоо хангалттай олон болмогц бид тэнд газрыг жинхэнэ үнийх нь аравны нэгээр худалдан авч, улмаар цагаан будаа тарьж, хүнс тэжээлийн нөөцөө арвижуулна. Газрын ихэнх хэсэг бидний гарт орсон байхад Монгол нь монголчуудынх уу, япончуудынх уу гэдэг тухай маргаан байхгүй болно…Монгол бол маш их хэмжээтэй сайн чанарын хямд ноостой…асар их баялгийн шавхагдашгүй эх булаг мөн…” гэсэн байдаг.

Дурдсан баримт бичиг бүрэн эхээрээ анх хятад хэл дээр Нанкинд хэвлэгддэг “Шиши юүэбао” сэтгүүлийн 1929 оны арванхоёрдугаар сарын дугаарт нийтлэгджээ. Гэхдээ Танакагийн Засгийн газар меморандум хэвлэгдэхээс дөрвөн сарын өмнө дол дугаар сард огцорч, Танака бээр ч өөрөө есдүгээр сард өвчнөөр нас барсан учир дээрхийн талаар үнэнийг өчих гэрчгүй болжээ. Хятад-Японы нийгэмлэгээс ч тэрхүү меморандумыг “Манжуур-Монголын тухайд Японы бодлогыг хятад хүний нүдээр харах нь” гэсэн гарчигтайгаар япон хэлэнд орчуулан 1930 оны зургаадугаар сард товхимол болгон хэвлүүлж байжээ. Дээрх эх 1931 оны есдүгээр сард Шанхайд гардаг “The China Critic” хэмээх англи хэл дээр гардаг сэтгүүлийн газраас товхимол болгон гаргасан байгаа юм. Мөн онд ч Танакагийн меморандум Коминтерний төв хэвлэл “Коммунист Интернационал” сэтгүүлийн 1931 оны №33-34 дугаарт орос хэл дээр ч нийтлэгдсэн.

Япон нь Версаль-Вашингтоны системийн хүрээнд үндэсний эрх ашгаа хангах бодлогоос татгалзаж, хүчээр түрээ барих, өргөжин тэлэх бодлогод шилжсэн нь 1931 онд Мүгдэний хэргийг үүсгэж, 1937 онд Хятадтай дайныг эхлүүлж, цаашлаад 1941 онд Хавайн Пёрл Харборт довтолсноор Номхон далайн театрт дайны ажиллагааг шинээр өргөжүүлснээр тодорхой болсон билээ. Эндээс үүдээд ийм меморандум үнэхээр байдаг гэдэгт хятадууд баттай итгэхэд хүрч, түүнийг Японы эсрэг сурталчилгаанд ашиглах болсон байна. Зөвлөлт, Монголд ч Танакагийн меморандум хэмээхийг хэсэгчлэн орчуулж, Японы эсрэг сурталчилгаанд өргөнөөр ашиглаж эхэлжээ.

1950-иад оны дундуур хэвлэгдсэн дурсамж номондоо Япон гаралтай Тайванийн бизнес эрхлэгч Цай Чих-Кан 1928 оны зургаадугаар сарын 20-ны шөнө “Төлөвлөгөө”-г Японы эзэн хааны номын сангаас хэд, хэдэн хүний туслалцаатайгаар нууцаар хуулж авсан гэж бичсэн байдаг. АНУ-ын сонины ажилтан, Shanghai Evening Post and Mercury сэтгүүлийг үүсгэн байгуулагч редактор Карл Кроу 1942 онд Танакийн меморандумд оршил бичиж, “Дэлхийн эзэнт гүрэн Японы мөрөөдөл: Танака меморандум” нэртэйгээр Нью-Йорк, Лондон хотноо эрхлэн хэвлүүлсэн байна.

Америкийн цэргийн түүхч Едвин П.Хойт Ерөнхий сайд Танакагийн меморандум бодитойгоор байсан, харин япончууд түүнийг устгасан гэж эрс шийдэмгий мэдэгдэж байв. Харин Америкийн өөр нэг түүхч Мейрион Харриес үзэхдээ, “Танакагийн меморандум байсан гэж нотолсоор ирсэн нь 30 гаруй жил хүмүүсийн толгойг эргүүлсэн ХХ зууны хамгийн бохир заль мэх байсан” гэжээ. Японы Үндэсний батлан хамгаалах академийн олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, дайны түүхий профессор Наруо Тохмацу мэдэгдэхдээ, “Танакагийн меморандум гэж хэзээ ч байгаагүй, харин тэр жилдээ Дайренд болсон бага хурлын материалыг мушгин гуйвуулж зохиомжлон хэвлэж нийтэд тарааснаас өөр юу ч биш” гэжээ. Өрнөдийн болон Японы түүхчид уг баримтыг Москва төвтэй Коминтерн, түүний хяналтад байсан Хятадын коммунистуудтай хамтран зохиож, зохион байгуулалттай хийсэн суртал ухуулга гэж үзэж байжээ.

ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагад өндөр алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Виталий Павлов 1995 онд Москвагийн «Новости разведки и контрразведки» сэтгүүлд Танакагийн Өргөх бичгийн талаар тодорхой бичжээ. В.Павлов уг баримт бичгийг 1931 онд ЗХУ-ын ДЯЯ-наас АНУ болон Европт Японы эсрэг үзэл санааг өдөөх зорилгоор зохиосон хуурамч баримт болохыг тэмдэглэсэн байна.

Академич Б.Лхамсүрэн, Элчин сайд М.Дүгэрсүрэн нар өөрсдийн бүтээлдээ “Японы милитаризмын үл бүтэх санаархлыг илэрхийлсэн барон Танакийн эзэн хаандаа өргөсөн 1927 оны меморандум гэгч байгаагүй хэмээн Японы улс төрчид, судлаачид нотлохыг оролдог боловч чухамдаа түүх түүний дагуу л өрнөсөн нь үнэнд билээ” гэж бичсэн нь бий.

Ийм баримт үнэхээр байсан гэдгийг 1946-1948 оны Токиогийн Олон улсын шүүх хурлын 169 тоот баримтаар гаргаж ирсэн ч нотолж чадаагүй, Танакагийн меморандум хэмээх баримтын уг эх нь япон хэлээрээ өнөөг хүртэл олдоогүй зэрэг нь түүхчдийг эргэлзээнд оруулсаар иржээ. 2007 оны есдүгээр сард Хятадын түүхчдийн судалгааны баг олон жил эрэл хайгуул хийсний эцэст тийм тусгайлсан меморандум огт байгаагүй гэсэн дүгнэлтэд албан ёсоор хүрч, түүнийг 2008 оны нэгдүгээр сарын 1-нд Японы гол хэвлэл “To­kyo Shimbun” албан ёсоор зарласан байна.

-Халх голын дайны нэг учир шалтгаан нь Японы дэмжлэгтэй Манжго байгуулагдаж Монгол Улстай шууд хиллэх болсон явдал гэдэг байх аа?

-Мөн л тийм. 1932 оны хоёрдугаар сард Шиньжин буюу хуучнаар Чанчунь хотод Японы дэмжлэгтэйгээр Манжго хэмээх улс байгуулагдаж, тус улсын тэргүүнээр Хенри Пу Ий өргөмжлөгдсөн. Дипломатын түүхэнд Манжгог Японы тоглоомын улс, дагуул улс хэмээн тэмдэглэсэн. 1934 он гуравдугаар сарын 1-нд Манжго нь Аугаа их Манжийн эзэн хаант улс болж өргөжин Пу Ий-г эзэн хаан хэмээн тунхаглаж, оны чимгийг “Төгсбуянт”-ын тэргүүн он хэмээн зарлаж, түүнд генералиссимус цол олгосон юм.

Япон 1933 оны гуравдугаар сард Лиги Нациас, 1934 оны арванхоёрдугаар сард Вашинтоны гэрээнээс гарсан. 1932 оны есдүгээр сард Токиод томилогдсон Манжгогийн анхны элчин сайд Бао Гуан-чэнъ Лиги Наци хэрэг дээрээ дампуурсан тул шинээр Азийн Лиги Нацийг байгуулах тухай энхтайванч санаачлага дэвшүүлж байв.

Дундад улс Манжгог хүлээн зөвшөөрөөгүй боловч хоёр тал худалдаа, харилцаа холбоо, зам, тээврийн салбарт албан ёсны харилцаа тогтоожээ. Олон улсын харилцааны системийг цэргийн хүчээр тогтоож буй эдүгээ үед Стимсоны номлолын дагуу олон улсын заншлын үндсэн дээр АНУ Манжгог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Япончууд Америкчуудыг ятгаж эхэлсэн. Манжгог 1934 онд Эль Сальвадор, Доминиканы БНУ, Гэгээн Ширээтийн улс, ЗХУ 1941 оны дөрөвдүгээр сард, Итали 1937 оны арваннэгдүгээр сард, Испани арванхоёрдугаар сард, 1938 оны тавдугаар сард Гитлерийн Герман, 1939 оны нэгдүгээр сард Унгар тус тус хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоов. Дэлхийн II дайны үед 1940 онд Словак, Франц, Румын, 1941 онд Болгар, Финланд, Дани, Хорват, Японы нөлөөнд орсон Хятадын Ванъ Жин-вейн Засгийн газар, Тайланд, 1941 онд Филиппин Манжгог тус тус хүлээн зөвшөөрсөн.

Ийнхүү БНМАУ дорнод талдаа Японы дагуул Манжго хэмээх шинэ “гуравдагч хөрш”-тэй болж, нийт 700 км урт газраар хиллэх болсон. Удалгүй Монгол, Манжгогийн хилийн бүсэд байнгын зөрчил гарах болж, улмаар 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн орчимд зэвсэгт мөргөлдөөн болж өргөжин хоёр талаас ноцтой хохирол гарч, цаашдаа даамжирсаар байлдаан болсон.

Япон эрдэмтэн Танака Кацүхико өөрийн бэсрэг бүтээлдээ хэрэв Гадаад Монгол Японы саналыг хүлээн авч Манжготой дипломат харилцаа тогтоосон бол Номунханы хилийн будлиан буюу Халх голын байлдаан гарахгүй байсан гэсэн хувилбар гаргаж ирсэн нь буй.

-1939 онд Япон Монгол руу дайрах бодолгүй байсан гэх гаргалгааг сүүлд зарим нэг судлаачид хэлж байгаа харагдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Түүхэн баримтууд маш тодорхой. Өөрөөр хэлбэл, хуучин болон шинэ баримтууд хөдөлшгүй нотолж байна. Үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй.

-Халх голын дайны ялалтын улс төр-дипломатын түүхэн ач холбогдлыг дүгнэвэл юуг онцлох вэ?

-Халх голын сав дагуу өрнөсөн байлдааны ажиллагаа нь Монголын хилийн бүсэд юуны өмнө Зөвлөлт, Монгол-Японы хооронд болсон орчин үеийн томоохон хэмжээний дайны ажиллагаа байсан бөгөөд нөгөө талд Монгол-Зөвлөлтийн холбоотны харилцааг шалгасан томоохон сорилт болсон. Халх голын байлдаан бол дэлхийн II дайны оршил болсон бөгөөд аугаа эх орны дайнд гарамгай гавьяа байгуулсан маршал Г.К.Жуковын цэргийн урлагийн стратеги, тактикийн амжилтын үндэс суурь нь чухамхүү Халх голын байлдааны үед тавигдсан гэж үздэг.

Халх голын дайны ялалтын түүхэн ач холбогдол нь нэгд, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулж, хоёрт, Зөвлөлт-Монголын холбоотны харилцааг шалгасан, гуравт, Аугаа эх орны дайны хүнд жилүүдэд ЗХУ-ыг фашист герман, миллитарист японы хоёр фронт дээр нэгэн зэрэг байлдаж болзошгүй аюулыг зайлуулж, тавд, АНУ-ыг дэлхийн II дайнд татан оролцуулахад шийдвэрлэх түлхэц үзүүлсэн явдалд оршино.

АНУ-ын судлаач Стюард Д.Голдмэн бичихдээ, Халх голын дайны ач холбогдол нь дэлхийн II дайны оршил болоод зогсохгүй ЗХУ-ын улаан арми Москвагийн дэргэд германы вермахтын армид цохилт өгч, ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Японы тэнгисийн цэргийн хүчин 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хавай арлын Сувдан эрэгт байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд гэнэтийн хүчтэй цохилт өгөхөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн Халх голын байлдаан, түүнд Япон ялагдсан талаар АНУ-д бараг л мэдэлгүй өнгөрсөн нь үнэхээрийн хачирхалтай бөгөөд харамсалтай хэмээн Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж асан Жонатан Эдлтон өөрийн бүтээлдээ бичсэн.

Халх голын дайны ялалтын үр нөлөөгөөр 1941 оны дөрөвдүгээр сард Москвад Зөвлөлт-Японы хооронд таван жилийн хугацаатайгаар Төвийг сахих гэрээ болон Хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд: “…Төвийг сахих гэрээний үзэл санааны дагуу…Япон нь БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал ба халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүргийг авч байгаагаа нэр төртэй мэдэгдэж байна” гэжээ. Үүгээр Япон нь БНМАУ-ын статус-квог олон улсын эрхзүйн хувьд de facto хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон. Үүнээс гадна Гадаад Монгол Хятадаас хамааралгүй бодитой оршин тогтнож буй субьект мөнийг хүлээн зөвшөөрсөн Алс Дорно дахины анхны их гүрэн нь Япон болсон.

1946-1948 онд Токиод явагдсан Олон улсын цэргийн Шүүх хурлаас Халхын голын байлдааныг япончуудын урьдаас бэлтгэн “БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг явуулсан түрэмгий дайн” байсан гэж үзсэн.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын 8 сарын 29, Бархасбадь гариг. Билгийн тооллын 26, Хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 06:07 цагт мандаж 19:40 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар -1…+4 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө ЯармагСонгины орчмоор +8…+10 градус, бусад хэсгээр +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дутсан юм илүүднэ” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Гурил, улаанбуудайн импортын татварыг нэмж, боомтуудаа хязгаарлаж, дотоодын салбараа хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьсныг  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд нь хар зах шиг дүүрэн байхад 100 тэрбумаар клуб барина гэж дайрсаар байх уу!
  • Сэтгэл засалч эмч Ж.Гантулга “Нотолгоонд суурилсан бясалгалд суралцсанаар стресс, уур бухимдлаа
    тайлах боломжтой” гэв.
  • Олонх нь эсэргүүцээд байхад дахин санал хурааж дэмжүүлдэг жишиг тогтох вий” гэснийг I нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дутсан юм илүүднэ” нийтлэл хэвлэгдлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Чи ямар хариуцлагагүй юм яриад байна. Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гээд яриад сууж байх юм” гэлээ.

  • Жүжигчин У.Минжин “Ихэр тавилан” кинонд таван сартай нялх хүүтэйгээ тоглож байлаа” хэмээн “Соёл, урлаг” нүүрт ярилаа.

ГАДААД МЭДЭЭ:  Павел Аксенов: Украин баллистик пуужин бүтээсэн нь гайхаад байх зүйл биш

АРЫН НҮҮР: Нэг л өдөр чадна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ