Categories
мэдээ нийгэм

АТГ: ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарыг саатуулсан DNN.mn

АТГ-ын мөрдөгчид Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг албан тушаалын хэргээр уржигдар саатуулжээ.

Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн болон улсын эмнэлгүүдэд санхүүжилт олгохдоо хуурамчаар дүнг нь нэмэгдүүлдэг, түүнийхээ шанд хувь авдаг байсан гэж буруутгасан бололтой. Энэ хүрээнд хуулийнхан ноцтой баримтууд цуглуулсан гэх мэдээлэл байна. Тиймээс хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулжээ. Энэ тухай АТГ-аас мэдээллийг бататгаж, хуулийн хүрээнд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

Л.Бямбасүрэн нь 2020 оноос ЭМДЕГ-ыг удирдаж эхэлсэн юм.

 

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орж амиа хорлохгүй DNN.mn

ЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзултай амиа хорлолтын талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны сэтгэл гутралын асуудал ихээхэн яригдах болсон. Тэдний дунд зонхилж буй сэтгэцийн асуудлын талаар тодруулбал?

-Өсвөр насанд тохиолдож байгаа асуудлууд сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өсвөр үеийхэнд сэтгэл гутрал, түгшилт, айдсын эмгэг, архи, мансууруулах бодист донтох эмгэг, төрх үйлийн өөрчлөлтүүд элбэг тохиолдож байна. Энэ асуудалд гэр бүлийн хүчин зүйлс, үе тэнгийн харилцааны асуудал ихээхэн нөлөөлж буй юм. СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд өсвөр үеийнхний асуудлаас гадна архи болоод бусад донтолттой холбоотой дуудлага их ирж байна.

-Манай улсын хувьд амиа хорлолт хэдээс хэдэн насныхны дунд зонхилох байр суурь эзэлж байгаа вэ?

-Дэлхийд 15-29 нас. Манай улсын судалгаагаар 15-35 насны хүүхэд өсвөр үе, залуучуудын дунд өндөр байдаг. Түүн дотроо эрэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолдож байгаа учраас энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

-Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтод нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтод маш олон хүчин зүйлс нөлөөлж байна. Нэг талаас гэр бүлийн нөлөө байна. Жишээлбэл, гэр бүл салалт, гэр бүлийн хараа хяналт муу байх, эцэг эх нь ямар нэгэн донтолт, архины хамааралтай байх, эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй зэрэг олон нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнээс гадна үе тэнгийн харилцааны асуудал, дээрэлхэлт, хайр дурлалын асуу дал, сургуулийн орчин өөрч лөгдөх зэрэг байдал нөлөөлөхөөс гадна нөгөө талаас тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдал нөлөөлдөг. Үүнд ганцаардмал, хэт эмзэг, мэдрэг байх, найз нөхөд цөөтэй, өөрийн үзэл бодол санаагаа илэрхийлж, бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байдал бас нөлөөлж байна. Бидний хэлдгээр бодол санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй хүүхдүүд бусадтай харилцах, ярилцах чадвар сул байгаагаас сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орж, тусламж үйлчилгээгээ цаг тухайд нь авч чадахгүй, энэ байдал удаан үргэлжилсний улмаас амиа хорлох сонголт хийхэд хүрч байна. Нөгөө талаас нийгэм орчны нөлөөлөл их. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд нэгнийгээ даган дуурайж, өөрийгөө гэмтээх зан үйл нэмэгдэж байна. Үе тэнгийнхэн, найз нөхдийн дунд нэгнээ даган дуурайж өөрийн гарыг зүсэх, өөрийгөө гэмтээх тохиолдол ч гарч байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт болсон нэгэн уран бүтээлчийн тоглолтын дараа өсвөр насны хүүхэд амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Тэрээр ойр тойрны найзууддаа энэ тоглолтыг үзэх миний сүүлийн хүсэл байсан гэсэн агуулгатай зүйл ярьсан гэдэг. Хүслээ биелүүлээд амиа хорлоно гэдэг энэ явдлыг мэргэжлийн хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Хамгийн эхэнд тухайн хүүхдэд ямар асуудал тулгарсан гэдгийг мэдэх нь чухал. Гэр бүл, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал байсан эсэх, үүнийг дотны хүмүүс нь анзаарч ярилцаж байсан эсэх нь чухал. Үүнээс гадна тухайн хүүхдэд ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байсан байж болно. Сэтгэл гутралд өртсөн байсныг эргэн тойрны хүмүүс анзаараагүй байх боломжтой. Хүн гэнэтхэн л амиа хорлодог юм биш. Амиа хорлох гэж байгаа хүний ааш зан, сэтгэл хөдлөл, зан үйл бага багаар өөрчлөгдөж байдаг. Гэр бүл, найзууддаа ч үүнийгээ бага багаар мэдэгддэг ч эргэн тойрны дотны хүмүүс нь анзаардаг нь тун ховор байдаг.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд танай төвд хэр их хандаж байна. Хүүхэдтэйгээ харилцаа тогтоохдоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Өсвөр насанд хүүхдүүд өөрийн мэдрэмжээ найз нөхдөдөө илэрхийлж, илүү их цаг өнгөрөөж, эцэг эхтэйгээ ярилцах нь багасдаг. Энэ бол өсвөр үеийн сэтгэл зүйн хэвийн асуудал боловч ийм хариу үйлдэлтэй үед нь эцэг эхчүүд хүүхдээ буруутгах, шүүмжлэх, тохиолдол их байдаг. Түүний оронд хүүхдээ ажиглах, сонсох, харилцан ойлголцох нь чухал. Дийлэнх хүүхдүүд эцэг эхчүүд биднийг ойлгодоггүй, сонсдоггүй, миний эсрэг байдаг гэж ярьдаг. Иймээс эцэг эхчүүдэд хэлэхэд, хүүхэдтэйгээ илүү нээлттэй, чөлөөтэй найз шиг нь мэт ярилцах хэрэгтэй.

-Эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолт өндөр хувьтай байсаар ирсэн. Гол шалтгааныг нь юу гэж хардаг юм бол?

-Ерөнхийдөө олон талын хүчин зүйлс эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэж үзэж болно. Нэгдүгээрт,сэтгэл зүйн талаас аливаа стресс бухимдлаа ярьдаггүй, дот роо хадгалдаг, илэн далангүй байдгаас болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байдал нөлөөлж байна. Эрэгтэй хүн сэтгэл хөдлөлд автаж уйлж болно. Үүнийг дэмжиж ойлгох орчин манай нийгэмд хэрэгтэй байна. Хоёрдугаарт,  нийгэмд эр хүний талаарх төсөөлөл болох эрэгтэй хүн гүндүүгүй,уужим, тэвчээртэй, ноён нуруутай, эр хүн юм чинь уйлах ёсгүй гэдэг үзлүүд тодорхой нөлөөл үзүүлж байна. Түүнчлэн эрчүүд эрүүл бус зан үйлд амьдарч байгаа нь нөлөөлж буй юм. Тухайлбал, архи тамхи  хэтрүүлэн хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, таргалалт, дасгал хөдөлгөөн тогтмол хийхгүй байх зэрэг орно.

-Манай нийгэмд одоог хүртэл амиа хорлолт хаалттай, зүй бус зүйл гэж хүлээж авдаг. Тийм байх ёстой юу?

-Нэгдүгээрт, манай улсын хуульд амиа хорлолтыг гэмт хэрэг гэж үздэг. Үүнээс болоод ар гэрийнхэн нь нийтэд мэдээлэхээс зайлсхийдэг, нуудаг. Тэрний цаана гэр бүлийг нь ад үздэг, муулдаг үзэгдэл байдаг. Энэ нь эргээд ар гэрийн хүмүүст дарамт учруулдаг. Хоёрдугаарт, бидний соёл заншилтай холбоотой. Монголчууд тэр бүр нээлттэй асуудлаа ярьдаг хүмүүс биш. Ялангуяа хөдөө орон нутгийн, алслагдмал сум дүүрэгт байгаа иргэд мэдрэмжээ тэр бүр чөлөөтэй илэрхийлдэггүй. Дотроо хадгалдаг, бие биедээ сул талаа харуулдаггүй, асуудлаа ярьсан хүн сул дорой болчихдог гэх ойлголт нөлөөлж байна. Дийлэнх хүмүүсийн дунд амиа хорлох нь арчаагүй хүний үйлдэл гэх хандлага байдаг.

Хүн даван туулах чадваргүй, арчаагүйдээ бус хуваалцах,ойлгуулах хэн нэгэнгүй байсандаа энэ сонголтыг хийдэг. Нөгөө талаараа хэрвээ тэр хүн ярилцаж, амьд үлдэх, тусламж үйлчилгээ авах мэдээ мэдээллийг мэдэж байсан бол энэ үйлдлийг хийхгүй байх боломж байсан. Үүнийг л бид нийгэмд ойлгуулахыг хүсч, зорьж ажиллаж байна. Хүн болгонд ийм байдал тулгарна, үүнээс гарах гарц шийдэл байдаг шүү гэдгийг ойлгуулах нь нэн тэргүүний ажил болоод байна.

-Сэтгэцийн эрүүл мэнддээ нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байгаагаа бид ямар тохиолдлуудад мэдэх боломжтой вэ?

-Би сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа гэдгээ мэдэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Хамгийн эхэнд хүний бие физиологи, нойр хоолны асуудал байна. Хөнгөн нойрсох, унтахгүй байх, нойр ханаагүй мэдрэмж үүсэх, шөнө олон дахин сэрэх, хар дарж зүүдлэх, зэрэг нь эхний шинж тэмдэг. Хоёрдугаарт, хоолны дуршил ихсэх багасах асуудал. Гуравдугаарт, анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч, ажлын гүйцэтгэл муудах. Дөрөвдүгээрт, шийдвэр гаргах чадвар буурах. Эргэлзэж тээнэгэлзэх шинжээр илэрнэ, шийдвэр г аргахгүй цаг алдах. Тавдугаарт, сэтгэлээр унаж гутрах, айж түгших зовуурь илэрч, уур уцаартай болж, эргэн тойрны хүмүүстэйгээ харьцахад хэцүү болох. Ганцаардах мэдрэмж танд төрөөд хэн ч таныг ойлгохгүй байгаа бол та сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа авах шаардлагатай болсон байна. Та бүхэн 1800-2000 утсанд хандаж мэргэжлийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

У.Цогжавхлан

Categories
story-news

Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орж амиа хорлохгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автомашингүй өдөр”-өөр зам хааж байгаа 310 цэгт 360 гаруй албан хаагч ажиллана DNN.mn

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гаригт болно.

Өглөөний 07:00 цагаас оройны 18:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана. Зам хааж байгаа 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Дээрх нэршил бүхий байршил дотор тээврийн хэрэгсэл зорчихгүй гэсэн үг. Тухайн байршилд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн журмыг дагана гэдгийг ТЦА-ны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат хэлж байв.

Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлын талаар
  • Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл
  • Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц
  • Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
  • Монгол Улсын з
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.

2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тэгшбаяр: Ураны төсөл хэрэгжсэнээр Монгол Улс атомын цахилгаан станцтай болох суурь судалгаа эхэлнэ DNN.mn

Манай улс Франц улстай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл уг төслийн талаар Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Франц улстай хамтран явуулах ураны төсөл ямар шатандаа яваа вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-УИХ-ын сонгууль болж, хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Улмаар ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт салбар бүрийн маш олон зорилт бий. Тэр дундаа энэ хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ гээд заачихсан. Төсөл хэрэгжиж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд жил бүр 2500 тонн уран экспортолно. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлж, олборлолт хийж эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болж, бизнесийн томоохон орчин нээгдэнэ гэж үзэж байгаа юм билээ.

Үүнтэй зэрэгцээд Монгол Улс атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ.

Тэгэхээр УИХ-аар ороод батлагдчихсан учраас нэг ёсондоо хууль болчихсон. Тийм болохоор зайлшгүй хэрэгжинэ л гэж харж байгаа.

-Гэтэл иймэрхүү том төслүүд хэрэгжих хугацаа нь хойшилдог. Хугацаа их алддаг тохиолдол олон. Саяхан хойд хөршийн ерөнхийлөгч айлчилсан учраас энэ төсөл зогсох вий гэсэн болгоомжлол ч байна л даа?

-Физикч, энэ салбарт олон жил ажиллаж, судалгаа хийсэн хүний хувьд хэлэхэд, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийн аргаар олборлоно. Геологи, физик, гедрохими талаасаа ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ нэг талаасаа энэ чинь улс төрийн тохиролцоо, дипломат харилцаа гээд олон зүйл бий. Нөгөө талаасаа энэ бол бизнесийн төсөл шүү дээ. Францын “Орона”, манай “Эрдэнэс Монгол” гэсэн хоёр компани хэлэлцээр хийж байгаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар яриад тохирчихсон ч гэсэн эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх загвар дээрээ л хэлэлцэж байгаа асуудал. Түүнээс биш энэ төслийг зогсоох ноцтой шалтгаан байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх шатандаа л яваа.

-Уран гэхээр л жадлан эсэргүүцдэг хэсэг нөхөд бий. Тэгвэл энэ нь үнэхээр тийм хор хөнөөлтэй зүйл юм уу?

-Физикч хүний хувьд хэлэхэд, уран бол гайхамшигтай элемент. Хүн төрөлхтөнд гарын таван хуруунд л багтахаар гайхалтай нээлт байдаг. Түүний нэг нь ураны цөмийн гинжин урвалыг ашиглаж, эрчим хүч гаргаж авдаг явдал. Дээрээс нь ашигт үйлийн коэффицент өндөр. Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай. Химийн хувьд хоруу чанартай. Идэж, уугаад байж болохгүй. “Н.Тэгшбаяр чи идэж болно гээ биз дээ” гээд дайрч л байдаг юм. Гэтэл уран идээд сууж байдаг физикч битгий хэл хуруугаа амандаа хийдэг хүүхэд ч орчин үед байхгүй. Дээрээс нь ураныг тариа буудай шиг хормойлж ирээд тарьчихаагүй. Дэлхий анх үүссэн цагаас л манай байгаа энэ хэсэгт ураны тогтоц бий болсон байна. Манайх чинь 200 орчим мянган тонны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим нь энэ төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм. Ийм хэмжээний ураны нөөцтэй байгаадаа бид хувь тавиландаа талархах ёстой. Үүнийг хэрэглэх цагтаа хэрэглээд л явах хэрэгтэй.

-Тэгвэл манайх ойрын хэдэн жилдээ атомын цахилгаан станцтай болох боломж бий юу?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ гэж туссан. Энэ бол үнэхээр чухал. Ямар ч зүйлд судлагаа, шинжлэх ухаанч байдал хэрэгтэй. Тэгэхээр судалгааг нь энэ Засгийн газар бүрэн хийж дуусгах юм байна гэсэн ойлголттой байгаа. Ингэсэн т охиолдолд атомын цахилгаан станцтай болох бүрэн боломжтой болно.

Мөн 2009 онд УИХ-ын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гэдгийг гаргасан. Дээрээс нь Цөмийн энергийн тухай хуультай. Энэ бодлого, хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэхдээ Үндэсний аюулгүй байдал, олон улсын бүхий л гэрээ конвенцэд нийцүүлээд явуулах ёстой. Мөн манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат байдлаар хамгаална гээд заачихсан. Ингэхдээ цөмийн энергийн салбараар дамжуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тэнд Монгол Улсын дуу хоолой хүрч, эрх ашиг хамгаалагдаж байх ёстой. Францтай хамтраад энэ том төслийг хэрэгжүүлж чадвал Европын холбооны том хөрөнгө оруулалтууд ч орж ирэх боломжтой. Энэ төсөл агуулгаараа манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа гэж ойлгодог. Стратегийн том ажил учраас бүхий л салбараас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм билээ. Тийм уч раас удахгүй хэрэгжинэ гэж итгэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцъё DNN.mn

Сар хүрэхгүй хугацааны дараа орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль болно. Тодруулбал, ирэх сарын 11-ний өдөр орон даяар болох юм. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн ирц орон даяар 69.3 хувьтай болж өнгөрсөн. Гэвч орон нутгийн сонгуулийг хуулиараа ирц хамаарахгүй болгосон. Нэг ёсондоо хэдэн хувийн ирцтэй байхаас үл хамааран илүү санал авсан нь ялалт байгуулна гэсэн үг. Уг нь бол өмнө нь 50 хувь дээр нэмэх нь нэг хувийн ирцдээ хүрээгүй бол тухайн тойргийн сонгуулийг дахин явуулах хуулийн заалттай байлаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулах магадлалтай намын хүмүүс нь бусад сонгогчдыг ирүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авах байх. Тэр ч утгаараа өнөөгийн эрх баригчид сонгуулийг баасан гаригт тааруулсан гэсэн хардлагыг бусад нам, эвслийнхэн илэрхийлээд байгаа. Манай сонгогчдод үеийн үед ажиглагддаг нэг том алдаа байдаг нь орон нутгийн сонгуулийг нэг их тоодоггүй. Нэр дэвшигчдийн тараах материалтай тэр бүр танилцаж, ам хэлийг нь асууж шалгаадаггүй. Тэгсхийгээд л сонгууль өгсөн болоод өнгөрч байгаа харагддаг. Энэ нь эрх баригчдад маш том давуу талыг бий болгосоор ирсэн. Учир нь тэдэнд хорооны дарга нар, халамжаараа бий болгосон бэлэн сонгогчид байдаг.

Гэтэл УИХ-ын сонгуулиас илүү хамгийн чухал сонгууль бол орон нутгийн сонгууль байдаг. Учир нь төрийн эрх барих дээд байгууллагад гарсан нам, эвсэл бол улс орны хэмжээний бодлогын шинжтэй зүйлсийг шийдэж, томоохон хуулийн төслүүдийг санаачлан баталдаг. Тэгвэл сум, хороо, дүүргийн төлөөлөгч нар чинь өдөр тутмын амьдралын тань асуудлуудыг голчлон шийддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод утаа, түгжрэл, замын эвдрэл, хог, шороо гээд олон асуудал бий. Энэ бүхнийг зөвхөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон нөхөд л хамтран шийдэх учиртай. Түүнээс биш яам, тамгын газрын дарга нар, УИХ-ын гишүүдээс гудамжныхаа хогийг ач гээд шаардаад байж болохгүй. Үүнтэй адил сум, орон нутгийн асуудлуудыг чинь тэд л шийднэ.

Тухайн тойрог таван мянган сонгогчтой байгаад мянга нь ирж саналаа өгсөн ч хамгийн олон санал авсан нь ялалт байгуулж, үлдсэн дөрвөн мянган хүнийг төлөөлөн шийдвэр гаргана гэдгийг л манай сонгогчид ойлгох хэрэгтэй. Түүнээс биш нэгэнт сонгуулийн дүн гарсны дараа уйлж дуулаад, улаан бичигтэй жагсаал цуглаан ямар ч нэмэргүй. Нийслэл, аймаг, суманд тань аль нам олонх болж, ирэх дөрвөн жил засаглахыг ардчилсан сонгуулийн зарчмаар л сонгогчид мэднэ. Энэ жилийн хувьд нийтдээ 8031 мандат дээр 17 мянган хүн өрсөлдөхөөр болсон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарласан. Эдгээр хүмүүсээс төлөөлөгчид сонгогдож, тэдгээрээс сум, хороо, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тодорно. Том хоёр нам буюу АН, МАН-ын хувьд тойрог бүрд хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Ирэх сарын 27-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Мэдээж өдгөө иргэдээ төлөөлөн сууж байгаа хүн маш олноор нэр дэвшсэн нь харагдаж байгаа. Мөн шинээр нэр дэвшигчид, бусад нам, эвслийн дэвшигч гээд олон сонголт бий. Тэгэхээр сонгогчдод үндсэндээ хоёр сонголт байна. Хуучин буюу өнгөрсөн хугацаанд таныг төлөөлөн орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажилласан хүмүүсээ дахин сонгох. Мэдээж тухайн хүмүүсийг сайн ажилласан, итгэл даадаг, эргэх холбоотой байдаг гээд олон зүйл энэ сонголтод нөлөөлнө. Гэвч хамгийн чухал нь та одоогийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Амьдарч байгаа орчин тань эрүүл, аюулгүй байж чадаж байна уу гэдгийг өөрсдөөсөө нэг асуугаад үзэхэд гэмгүй. Харин энэ асуултад хангалттай гэсэн хариулт гарч ирэхгүй бол дараагийн сонголт нь шинэ хүмүүс. Шинэ нам гаргах хэрэгтэй. Та сонгуульдаа ороогүй байж амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаад элдэв юм гонгинох эрхгүй болно гэж мэдэж байгаа юу.

Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг сонгохдоо тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтыг нэг бүрчлэн харж, өмнөх хүмүүсийнхээ алдаа дутагдлыг давтахгүй гэдэгт нь итгэлтэй байх ёстой. ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол тухайн сум, дүүрэгт тулгамдаж буй олон асуудлыг олж хараад түүнийг шийдэхийн тулд төсөв татан төвлөрүүлээд засах үүргийг хүлээдэг. Гэвч ер нь таны амьдарч байгаа газарт аль нам ялах нь тийм ч сонин биш. Тэгээд ч ИТХ-ын сонгууль улс төрөөс ангид байх ёстой.

Тэр тусмаа сумын ИТХ-ын төлөөлөгч нь намын харьяалалгүй байх ёстой гэдгийг хуульд зааж өгсөн байдаг юм. Харин намд нь итгээд, намын хатуу гишүүнчлэлдээ үнэнчээ харуулах гээд нөгөө л нэг худалч, хулгайчдаа сонгочих юм бол таны, миний, бидний амьдрал одоогийнхоосоо улам л уруудна гэдгийг санах ёстой.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль анх 1996 оны наймдугаар сард батлагдаж, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болж байсан түүхтэй. Харин бид энэ удаад өнгөрсөн 2020 онд шинэчлэн найруулсан хуулийн дагуу сонгуулиа өгнө. Энэ хуулиар бол нөгөө л улиг болтол яриад байгаа ирц хамаагүй болчихсон юм. Тиймээс сонгогч та ажлын сүүлийн өдөр, баасан гариг гэж ийш тийшээ явалгүй. Эсвэл “Надаар л дутав гэж” хэмээн залхуурч, хайнга хандалгүйгээр хэсгийн хороон дээрээ очоод саналаа өгөөрэй. Энэ бол Монгол Улсын иргэн болсны тань нэгэн том үүрэг, хариуцлага төдийгүй төрийн эрх барьж байгааг тань мэдрүүлэх хамгийн чухал зүйл юм. Хэрэв та, таны эргэн тойронд байгаа хүмүүс “Надаар дутахгүй”, “Хэн нь ч гарсан ялгаагүй” гэх үзлээр хандаж, саналаа өгөхгүй л байх юм бол ирээдүйд таны хүүхэд өнөө л утаатай, түгжрэлтэй, хог шороотой хотдоо амьдрах болно гэж бодоорой. Харин өнөөдөр өгсөн таны санал ирээдүйг бага ч болов өөрчилж, үр хүүхдийн тань амьдралын чанар сайжрахад бага ч болов тус нэмэр болох учиртай билээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 18, Буд гариг. Билгийн тооллын 15, Могойг хүлэгч одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 06:34 цагт мандаж 18:59 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас:. Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор +7…+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18…+20 градус дулаан байна.