Categories
гадаад мэдээ

BBC: Монгол Улс бас нэр хүндтэй ардчилсан улс DNN.mn

BBC “Даваа гарагт Путиныг хүлээж байгаа Монголын нийслэл дэх Засгийн газрын цогцолборын дэргэд Украиныг дэмжих жагсаал боллоо” гэсэн тайлбартайгаар энэхүү зургийг Путины улаан хивсэн дээгүүр шөнө алхаж буй зургийн хамт нийтэлж “Путиныг Улаанбаатарт ирсний дараахан Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихи Монголын эрх баригчдын Оросын ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн хуулийн дагуу баривчлахгүй гэсэн шийдвэрийг буруушаав” хэмээн мэдээлэв.

Мөн Украины ГХЯ-ны төлөөлөгч “Telegram” хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Путиныг баривчлах НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүхийн заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь ОУЭШ болон олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олгож, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах болов. Энэ явдалд нь Улаанбаатарт хариуцлага тооцуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллах болно гэж дурджээ” хэмээн мэдээлжээ. BBC бас НҮБ-ын ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади Эль-Абдалла “Тус шүүхийн гишүүн орнууд “Ромын дүрэм” гэсэн IX бүлгийн дагуу ажиллах үүрэгтэй.

Гэхдээ энэхүү гэрээ нь гишүүн орнууд өөр улсын өмнө хүлээсэн “өмнөх гэрээний үүргээ зөрчих” эсвэл гуравдагч улсын төлөөлөгчдийн “дипломат халдашгүй эрхийг зөрчих” тохиолдолд үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалттай. Хэрэв гарын үсэг зурсан улсууд хамтран ажиллаагүй тохиолдолд уг асуудлыг нарийвчлан судалж, үүний дараа оролцогч бүх улс орноос бүрдсэн чуулган санал хурааж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөрчил гаргагчид арга хэмжээ авч болно” гэж хэлснийг дурдаад “ОУЭШ нь өөрийн гэсэн хууль хяналтын байгууллагагүй. Сэжигтнүүдийг тус шүүхийн гишүүн орнууд нутаг дэвсгэр дээрээ баривчилдаг бөгөөд үүнд эдгээр улсын эрх баригчдын хүсэл зориг шаардлагатай болдог. 2023 онд В.Путин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан ч Ромын дүрмийг баталсан Өмнөд Африкт очоогүй. Өмнөд Африкийн ерөнхийлөгч түүнээс өөрийн улсад хүрэлцэн ирэхгүй байхыг тусгайлан хүссэн билээ. Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш Путин гадаадад ойр ойрхон аялах болсон бөгөөд түүний очиж байсан бүх улс ОУЭШ-ын харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй улс байсан юм. Харин Монгол Улс 2002 онд НҮБ-ын ОУЭШ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс бас нэр хүндтэй ардчилсан улс” гэж мэдээлсэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024”: Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпийн наадам долоо дахь өдрөө болж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ. Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав. Тэд паралимпийн наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч амжилтын эзэд болсон юм.

ширээ ба "WORLD PARA TAEKWONDO PARIS2024 2024 Rank MEDALS TABLE 1 Team/NPC GREAT BRITAIN 2 TURKIYE Total 2 3 ဝ o UZBEKISTAN 1 2 4 3 1 MONGOLIA 5 1 5 2 o AZERBAIJAN 1 3 5 1 BRAZIL o 2 1 7 o 1 1 7 2 PEOPLE'S REPUBLIC OF CHINA o ISRAEL 1 7 1 2 o PERU o 1 1 10 O o 1 1 ISLAMIC REPUBLIC OF IRAN o o 1 o 1 2 pODIs 2024 3 @worldparataekwondo" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Голд тоглож байгаад живсэн бага насны хүүхдийг эрэн хайж байна DNN.mn

10 хоногийн өмнө Онон голын усанд живсэн бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр сумын Онон баг “Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд “Онон” голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Хар усан тохой” гэдэг газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

 

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр П.Энхманлай уралдана DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпийн наадам долоо дахь өдрөө болж байна.

Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө.

П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.

Тэрбээр хоёр дахь паралимпын наадамдаа тоосоо өргөх бөгөөд гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай тамирчин билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна DNN.mn

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм.  Тодруулбал,  дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил  болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар
  • Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар
  • “Шинэ хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт зэрэг 14 асуудлыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтаж, орон нутагт орогнож байсан этгээдийг олж тогтоолоо DNN.mn

Энэ оны есдүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоолоо.

Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нарын албыг хэн авах вэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал оруулж УИХ-аар томилдог хуулийн гол байгууллагын удирдлагууд гэж бий. Үүний нэг бол Улсын ерөнхий прокурор.

Үндсэн хуулийн тавинзургадугаар зүйлийн 56.2-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Үүний дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Б.Жаргалсайханыг ерөнхий прокуророор томилох шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 94.6 хувийн саналаар дэмжин томилж байлаа. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт хугацааныхаа ихэнхийг үдээд байна. Үндсэн хуулийн заалт ёсоор түүний ажиллах хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусна. Өнгөрсөн хугацаанд түүнийг чөлөөлөх тухай улс төрийн болон хуулийнхны хүрээнд хэд хэдэн удаа хүчтэй яригдаж байгаад намжсан. 2021 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор “сахал” гэгддэг Э.Амарбатыг томилохоор болсон талаар дуулдаж байлаа. Гэвч томилгоо өөрчлөгдөөгүй. Тэгвэл энэ удаа ерөнхий прокурорын үүрэгт ажил дуусгавар болох хугацаа ойртсон учир прокурорын байгууллагыг толгойлох сонирхолтой ганц, хоёр хүн Ерөнхийлөгчийн эргэн тойронд үзэгдэх болсон гэнэ.

Ерөнхий прокурорын үүрэгт хугацаатай яг ижилхэн албаа өгөх дараагийн албан тушаалтан бол Авлигатай тэмцэх газрын дарга юм. Одоогийн дарга З.Дашдавааг мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар 2019 оны тавдугаар сарын 2-нд УИХ-аар хэлэлцэн томилж байв. Авлигын тухай хуульд “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан билээ. Үүний дагуу АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох учиртай. Мөн л З.Дашдаваа даргын оронд томилогдох сонирхолтой хүмүүс хуулийн салбарын дундаас аль хэдийнэ нэр нь тодорсон сурагтай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол DNN.mn

Хичээл сургууль орлоо. Их хотод өнгө нэмэх сурагчийн формтой хүүхдүүдийн шуугиантай намрын налгар өдрүүд эхэллээ. Есдүгээр сарын 1-нийг яаран хүлээсэн сурагчид анги танхимдаа багталцдаггүй хэцүү дүр зураг энэ жил ч бас хэвээрээ. Сургуулиудын анги дүүргэлтийг харахад үнэхээр нүд халтирмаар байна. Зарим анги дээд тал нь 70 хүүхэдтэй бужигнаж байна гээд бод доо. Алслагдмал аймгийн сумдын сургуулийн нийт сурагчдын тооноос ч илүү хүүхэд нэг ангид хоорондоо зөрөх зайгүй шахам сууж байна. Анги дүүргэлт 30 хүүхдээс хэтрэхгүй байх стандарт хаана байна вэ?

Хүн төрөлхтөн аж төрж байгаа нөхцөлд бүх юм стандарттай байх ёстой. Нэг ёсондоо бидний эрүүл, аюулгүй оршин буйн баталгааг энэ стандарт гээчээр тогтоож байгаа. Хоол хүнс, гэр орон, гудамж талбай, ажил алба, эмнэлэг, сургууль гээд бүх зүйл өөрийн гэсэн норм стандарттай байна. Тэр жишгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын орчин, нөхцөл ямар байх талаар тогтоож өгсөн стандарт гэж бий. Мэдээж хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээж авна. Нэг сургууль 1400-аас илүүгүй сурагчтай байхаар тооцно. Бага ангийн хүүхдүүдийн хичээллэх танхимыг хоёроос доош давхарт байрлуулж, ахлах ангиас тусгаарлана. Сургуулийн дотоод заслын барилгын материалууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна. 1000 хүн ам тутамд 200 хүүхдийн багтаамжтай сургууль байх ёстой. 1400 хүүхэдтэй сургууль 3.5 га эдэлбэр газартай байна. Энэ дотроо биеийн тамир спортын, амралт, аж ахуйн, сургалт туршилтын бүсүүд заавал багтаана гэх зэргээр стандарчилжээ.

Хамгийн чухал нь нэг анги 30-аас илүүгүй сурагчтай байна. Өөрөөр хэлбэл, нэг сурагчид 2.5 ам.метр талбай ногдох ёстой гэсэн Барилга, хот байгуулалтын сайдын баталсан норм, стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэвч амьдрал дээр хэрэгжилт нь нойл. Зөвхөн ерөнхий боловсролын сургууль дээр ч гэлтгүй эмнэлэг, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, байшин барилга, гудамж замууд гээд хаана ч мөрддөг стандарт гэж алга.

Харин Монголд стандартаа хатуу мөрддөг ганц зүйл нь бордюр л бололтой. Нийслэлд энэ зунжин үргэлжилсэн 60 гаруй замын ажлуудаас урьдаад бүх бордюрыг хуу сольсон доо. Энэ ажил маш шуурхай хийгдсэн. Үүнийг хотын дарга тайлбарлахдаа “Бордюр газрын гадаргаас 15 см өндөр байх стандарттай” гэж ярив. Үнэхээр даажинтай сонсогдож байлаа. Замгүй байж бордюраа солиод ч яах юм билээ. Тэгээд ч бордюраас илүү тулгамдсан асуудал Монголын нийгэмд дүүрэн байхад шүү. Ер нь ингэж автозамын бетон хашлагыг солих нь үе, үеийн дарга нарын хоолоо олж иддэг арга байсаар ирсэн. Одоо хэдүүлээ ийм увайгүй сэтгэлгээгээ больё. Амьдралд ойрхон байя. Хөрсөн дээрээ бууж асуудлыг бодитоор харж сурцгаая. Энэ улсууд дарга болоод албан ажил хийхдээ амьдралаас тасраад явчих юм. Сансрын, сансрын юм сэтгэнэ. Тэндээсээ байнга ашиг харна. Тэгээд стандартаар түрий барьж хэрэгжүүлнэ.

Ард түмнээ ингэж доромжилдгоо л больчих хэрэгтэй. Тийм болохоор чинь та нарыг “Амьдрал ахуй ямар байгааг мэддэггүй. Мэдрэмжгүй” гээд иргэд чинь шоолоод байдаг юм шүү дээ. Бодоод байх нь ээ, тэдний энэ хандлага социализмын үеэс эхтэй юм шиг. Тэр үед аливаа хурал хуй дээр дандаа амьдралаас тасарсан шүүмжлэл хөвөрдөг байсан гэж хуучцуул өнгөтөөр ярьдаг сан. Жишээлбэл, хамгийн сайн найзыгаа хурал дээр хамгаалах ёстой байтлаа даргад таалагдахын тулд далд ортол нь шүүмжилдэг байсан гэх юм билээ. Улаан нүүр рүү нь харж зогсож байгаад түмний нүдэн дээр байж суухын аргагүй болгочихоод гарч ирснийхээ дараа “Хурал бол хурал шүү дээ” гэж ёжилдог байсэн гэлцэх. Ийм муухай социализмын үеийн авир ардчилалд шилжсэн 34 жилийн дараа хүртэл арилаагүй л байна. Уг нь амьдрал дээр найз бол найз л байх ёстой биз дээ. Нэг нэгнийгээ нөхөж, түшиж, итгэж нөхөрлөдөг хүмүүсийг найз гэдэг биш бил үү. Яг үүнтэй адилхан амьдралаас тасарсан шийдвэрүүдээ одоо болих хэрэгтэй. Амьдралд ойрхон, ард түмэндээ ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг байя. Жинхэнэдээ зам дээр бордюрын ч хэрэггүй. Дэлхийн замуудыг харахад тийм сүрхий бетон хашлаганууд байна уу. Харин ч хаа, хаагуураа чөлөөтэй зорчиж болохоор замтай байдаг. Гэтэл манайх яахаараа гарч болохгүй заавал хаших ёстой юм. Шинэ жолооч нар тэр бордюруудыг чинь мөргөж машин тэргээ эвдэх тохиолдол өчнөөн бий. Явж, явж бордюр бол амьдралд ямар ч хэрэгцээгүй, төрийн хэдэн машинаа хянаж цагдах гэсэн социализмын үеийн хийрхэл биз.

Бордюрын стандартаа барьж, солих ажлыг гялалзуулдаг шигээ ерөнхий боловсролын сургуулиуддаа тогтоосон тэр олон стандартуудаас ядаж ганцыг нь хэрэгжүүлээд өгөөч, төрийн түшээд ээ. Анги дүүргэлт 30 хүүхэдтэй болчихвол хичнээн сайн бэ. Хүүхдүүдийн сурлагын чанар шууд дээшилнэ. Яагаад гэвэл багшид ирэх ачаалал багасчихаар хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой. 70 хүүхэд пиг чихсэн саун шиг нөхцөлд яаж эрдэм ном сурах гээд байгаа юм бол. Ямар адуу мал хашиж байгаа биш дээ. Боловсролын салбараа хойгуур эрэмбэлж гаргуунд нь хаясны хамгийн тод жишээ энэ юм. Монголын ирээдүй болсон толгойг ингэж бэлдэх нь хэнд ашигтай вэ. Магадгүй гадны бодлого нөлөөлж байна уу. Тэгэхэд боловсролоо тэргүүнд залсан улс орнууд яаж хөгжиж, мандан бадарч байгааг дэлхийгээс харж байна. Япон улс гэхэд стандартыг хатуу мөрддөг орон. Манай гуравдагч хөрш болсон тус улсын буцалтгүй тусламжаар Монголд барьж өгсөн хэд, хэдэн жишиг сургууль бий. Анзаарвал сургуулийн давхар бүр хүүхдийн өндөрт тохирсон модон бариултай. Анги танхим нь босгогүй, самбар нь нам дор байрладаг, анги бүр угаалтууртай, толь нь налуу байрлалтай байх жишээтэй.

Шат, налуу зам, заал, ариун цэврийн өрөө, коридорын шалны хулдаас зэрэг нь нян бактер үрждэггүй, хальтрахаас сэргийлсэн технологитой. Дуу хөгжмийн танхим нь тусгай зөөврийн тайзтай. Ханаа дуу чимээ нэвтрүүлдэггүй акустик хавтантай болохоор бүх төрлийн хөгжмийн зэмсэг эгшиглэхэд бусад хичээлд саад болохооргүй. Дээрээс нь гамшгаас сэргийлэх хоргодох байртай. Сургуулийн орчин хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн мөлгөр хийцтэйн юм билээ. Иргэнээ боддог орон стандартыг ингэж л хэрэгжүүлж байна. Ийм стандартыг манай дарга нар мөрдөнө гэвэл ёстой холын мөрөөдөл байх. Уг нь бордюрын стандартаас илүү боловсролын байгууллагуудынхаа стандартыг анхаардаг болмоор байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө DNN.mn

Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа.

Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн үдлээ.