Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр Л.Туруунаа барилдана DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт (12 дахь барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.

Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Л.Туруунаа нь 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах санал асуулга энэ сарын 8-нд хаагдана DNN.mn

Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс авч буй санал асуулга гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3,219 иргэн оролцсоноос 59% нь дэмжихгүй гэжээ. Санал асуулгад 35-44 насныхан идэвхтэй оролцсон байна.

Иргэдийн саналыг үндэслэж автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх шийдвэрийг холбогдох албаныхан гаргах гэж буй. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.

Санал асуулга  есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хаягаар авч байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Ганмаа ээлжит бус чуулганы хуралдаанд огт суугаагүй DNN.mn

УИХ ээлжит бусаар наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан. Нийтдээ долоон удаагийн чуулган хуралдсан бөгөөд үүнд огт суугаагүй нэг гишүүн байгаа нь МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж, УИХ- ын гишүүн болсон Д.Ганмаа юм.

Тэрбээр, гадаадад байгаа гэх шалтгаанаар ийн хуралдаа суугаагүй байна. Д.Ганмаа нь их эмч мэргэжилтэй бөгөөд Харвардын их сургуульд багшаар ажиллаж байсан нэгэн ажээ. Мөн түүнийг  АНУ-д амьдардаг гэх мэдээлэл байгаа юм.

Чуулганы хуралдааны явцад УИХ-ын дарга “Гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Хуралдаанд идэвх, оролцоо муутай хандаж байгаа хүмүүсээс болж, цагтаа ирээд ажлаа хийж буй гишүүд, УИХ-ын нэр хүнд унах ёсгүй” гэж байв. Үүний дагуу гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгосон байсан ч өчигдөр зарим сайтуудаар гишүүдийн ирцийн талаарх мэдээлэл гарсны дараахан цахим сайтаасаа устгасан байсан юм. Мөн энэ удаагийн ээлжит бус чуулганыг хамгийн их тасласан гишүүдээр Х.Баттулга, Ж.Ганбаатар нар хоёр хуралд, Д.Батлут гурван удаагийн хуралд сууснаар тодорч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2024 оны есдүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

2024 оны есдүгээр сарын 07-ноос 2024 оны есдүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бэлтэс мөрөнгийн шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл дахин хойшилжээ DNN.mn

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” компани нь иргэдээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангиар хэрэг нээсэн талаар ЦЕГ-ын залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан өмнө нь мэдээлж байжээ. Мөн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2 -д үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг байна. “Бэлтэс мөрөн” ХХК- ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхэд эхэлжээ. Түүнчлэн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас гаргасан “Өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас мөн мэдээлсэн юм. Шүүх хуралдаан тус өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Спортын ордонд хэд хоног үргэлжилсэн ч дахин хойшилсон байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас тодруулахад “Шүүх хурал эцэслэн шийдэгдээгүй. Нэмэлт ажиллагаа шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулсан. Шүүхийн нарийн процессыг бид мэдэхгүй” гэсэн юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир , Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар / мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж, байнга тогтвортой үйлдсэн, Шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байж. Тус шүүх хуралдаанд улсын яллагч гурав, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч дөрөв, гэрч нэг, шинжээч нэг, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүн оролцсон байна.

“Бэлтэс мөрөн ” ХХК-ийн хохирогчдын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.


-Бэлтэс мөрөнгийн шүүх хурал хойшилсон гэж сонссон. Шүүх хурал хэзээ болох вэ?

Хохирогч 1: -Шүүх хурал аравдугаар сарын 3 хүртэл хойшилсон гэдгийг Бэлтэс мөрөнгийн хохирогчдын чат группээс мэдсэн. Хохирогчид дундаа нэг чат группээр хоорондоо мэдээлэл солилцдог. Яг ямар шалтгаанаар Шүүх хурал хойшилсан шалтгааныг нарийн дурдаагүй байсан. Би тавдугаар сарын сүүлээр эхэлж зургаадугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн шүүх хуралд сууж амжаагүй.

-Хэд дэх удаагаа Шүүх хурал хойшилж байгаа вэ?

-Бараг гурав, дөрөв дэх удаагаа хойшилж байгаа. Хохирогч биш нөгөө талын өмгөөлөгч нь дутуу ирээд л, эсвэл өмгөөлөгч нь хойшлуулах санал гаргаад л байсан. Би нэг удаа шүүх хуралд очсон чинь яллагдагч нарын өмгөөлөгч хойшлуулах санал гаргахад шүүх хүсэлтийг нь хүлээн авч, хурлыг хойшлуулж байсан. Миний хувьд сайн ойлгохгүй, хугацаа аваад байгаа юм болов уу гэж бодож байна. Тэр үед Г.Нямдэлгэр гээд охиныг нь хорих шийдвэр гарч байсан. Чухам юу болсныг сайн мэдэхгүй байна. Аав, ээж хоёр нь, охин, хүү, хүүгийнх нь эхнэр, охиных нь нөхөр гээд гэр бүлээрээ энэ хэрэгт холбогдсон байдаг.

Хохирогч 2:

-Шүүх хурал яагаад хойшлогдсон бэ?

-Би ойрд хуралд суусангүй, нарийн мэдээлэлгүй байна. Дотоод группээсээ мэдээлэл авч байгаа. Шүүх хурал таван сарын сүүлээр 10 гаруй хоног үргэлжилсэн. Гурав дахь удаагаа хойшиллоо. Хүмүүс цөхөрч байх шиг байна. Яах ч боломжгүй, аргагүй л байна. Миний хувьд өөрийнхөө 60 сая, хүн оочер авахуулж, гуйж, надаар гарын үсэг зуруулж хийлгэсэн 60 орчим гээд 120 орчим сая төгрөгөөр хохирсон.

– Энэ компани үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хүмүүст амласан мөнгөө өгч байсан уу?

-Эхэндээ хүмүүст мөнгийг нь эргүүлж өгч байсан. Би хоёр удаа эргүүлж авч байсан. Гэнэтхэн нэг өдөр л болохоо байсан. Эхлээд 10 саяас дээш мөнгө хийлгэдэггүй байлаа. Дараа нь хүмүүсээс 50 сая гэх зэргээр их мөнгө авч байгаад хоёр хоногийн дараа л гэнэт алга болсон. Хохирогч нарын дотор 500 саяар нь мөнгөө хийгээд алдсан хүмүүс ч бий.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Алтантуяа: В.Путины айлчлалыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг залхаах зорилгоор саатуулсанд санаа зовниж байна DNN.mn

“Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.


-Иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олон улсад хэрхэн хамгаалдаг талаар мэдээлэл тодруулмаар байна?

-Тайван хуран цуглах үндсэн эрх нь хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн үйл хэрэгт оролцох боломжийг олгохын зэрэгцээ хүний бусад эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжих хамгаалалт болдог. Олон улсын эрхзүйд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, бусад гэрээ конвенциор хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр нь нийлээд эсэргүүцлээ илэрхийлэх эрхийн ойлголт юм. Хүн бүр аюулгүй, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж жагсах эрхтэй. Энэ эрхийг зарим талаар хязгаарлаж болох ч зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ба үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс хуулиар тогтоосон байх ёстой.

-ОХУ ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилсантай холбоотой иргэд үзэл бодлоо илэрхийлж жагслаа. Ер нь аливаа нэг айлчлалын үеэр тухайн улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь олон улсад хэвийн үзэгдэл байх аа?

-Монгол Улс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг Үндсэн хуулийнхаа арванзургадугаар зүйлийн 16.16-д баталгаажуулж өгсөн.Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараагүй бол төр хөндлөнгөөс оролцох ёсгүй.

2023 оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/-ээс В.Путиныг Ромын дүрмийн наймдугаар зүйлд заасны дагуу хүүхдүүдийг хууль бусаар шилжүүлж, албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах шийдвэр гаргасан. Дайны гэмт хэрэг болон бусад олон улсын эрхзүйн дагуух гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа ерөнхийлөгч В.Путины айлчлалыг иргэд тайван замаар эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэх нь байж болох хэвийн үзэгдэл. Хамгийн гол нь аливаа жагсаал цуглаан тайван өрнөх ёстой. Тайван хуран цуглах эрхийг дэмжих төрийн үүрэгт аюулгүй байдлыг хангах, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үүрэг хамаардаг.

-Гэвч жагссан иргэдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Тодорхой цаг хугацаанд цагдаагийн байранд хорьж байгаад суллаж явуулсан гэж мэдээлж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон жагсаал цуглаан хийх эрхэд халдсан үйлдэл болох уу?

-Сүүлийн хоёр жил манай байгууллагаас Монгол Улсад болж буй жагсаал цуглааны үеэр хүний эрхийн ажиглалт хийх идэвхтнүүдийг бэлтгэсэн. Мөн Хүний эрхийн үндэсний комисс ч гэсэн энэ чиглэлээр ажилтнуудаа бэлтгэн тогтмол ажиглалт явуулж байгаа. Хүний эрхийн ажиглагчид нь хүний эрх зөрчигдөж болзошгүй томоохон эрсдэл бүхий жагсаал, цуглаан, бусад олон нийтийн арга хэмжээний үеэр хяналт мониторинг хийдэг. Эдгээр ажиглагчид эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөнд халдсан тохиолдлуудыг бодитой, шударгаар ажиглаж, баримтжуулж, тайлагнадаг. Энэ нь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал юм.

В.Путины айлчлалыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж, хуран цугласан иргэдийг өөр байр суурь баримтлагч сөргөлдөгч талуудын дайралтад өртөхөөс үр дүнтэй хамгаалах арга хэмжээ авахаас илүүтэй ялих шалихгүй шалтгаанаар залхаах зорилгоор саатуулсанд Монголын Эмнести Интернэшнл санаа зовинож байна. Хэн ч тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдах, хоригдох ёсгүй.

-Жагсаал цуглааны үеэр иргэдийг цагддаг хорьдог, эсвэл жагсаал хийхийг нь зогсоодог үзэгдэл манайд гарсаар байгааг олон нийт хатуу шүүмжилдэг. Энэ нь манай улсад холбогдох хууль тогтоомж боловсронгуй болоогүйтэй холбоотой байна уу?

-Монголын “Эмнести Интернэшнл”-ээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай байгааг Ковид цар тахлын үеийн хууль сахиулах үйл ажиллагаанд хийсэн мониторингийн тайлан, зөвлөмждөө дурдсан.

Мөн өнгөрсөн зургадугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөлд санал хүргүүлсэн.

Тухайлбал, жагсаал, цуглааныг тараах шийдвэр гаргах нь эцсийн арга хэмжээ байх, жагсаал, цуглаанд оролцогч зарим нэгэн хүн хүчирхийлэл үйлдсэн нь тайван хуран цуглах эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлж байгаа бусад иргэдийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй байх, жагсаал цуглааны үеэр харилцаа холбоог нь тасалдуулахгүй байх, мэдэгдэл хүргүүлээгүй хууль зөрчсөн гэх үндэслэлээр тайван жагсаал, цуглааныг албадан тараахгүй байх. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсаал цуглааны үеэр бичлэг хийх, түүний дотор биед зүүдэг камерыг ашиглахдаа нууцлалтай холбоотой олон улсын хэм хэмжээг баримтлах, тайван хуран цуглах эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий мониторинг ажиглалт хийх, хяналт тавих эрхийг хамгаалах, иргэний үл захирагдахуй тайван үйл ажиллагааг хамгаалах, жагсаал цуглааныг зохион байгуулсан, оролцсон хүмүүсийг мөрдөн мөшгилт, ялгаварлан гадуурхалт, эрх чөлөөг нь хасахаас хамгаалах зохицуулалтуудыг тусгаж өгөх, тайван жагсаал, цуглааны үеэр шаардлагатай эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах төрийн үүргийг орхигдуулахгүй байх зэрэг саналуудыг хүргүүлсэн. Бидний саналыг боловсруулж буй хуулийн төсөлдөө тусгах байх гэж найдаж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солино. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Батцогт: Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа.


-Нийслэлийн Ардчилсан нам ШИНЭ намтай хамтарч сонгуульд орохоор болсон байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-Саяхан зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дараа хот дээрх санал хураалт хэрхэн явж өнгөрөв. Намууд болон нэр дэвшигчид ер нь ямар санал авав гээд судалгаа, дүгнэлтийг хийсэн. Нийслэлд 2016 оноос хойш ялалт байгуулж, эрх бариад байгаа МАН хотын хэмжээнд дээд тал нь 30 хувийн санал л авч байсан. Саналаа өгч байгаа хүмүүсийн 30 хувь гэдэг бол маш бага тоо. Гэтэл дангаараа засаглаад байдаг. Ардчиллыг дэмждэг, ардчилсан үзэл баримтлалтай 70 хувь цаана нь байна шүү дээ. Эдгээр хүмүүсийн хүсэж мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил, хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн ирээдүйн төсөөлөл байхгүй байна. Тийм болохоор ардчилсан үзэл баримтлалтай намууд энэ 70 хувиа хуваачихаад байгаа юм. Тэгэхээр үүн дээр үндэслээд бид хэд уулзаж, санал солилцсон. ШИНЭ намаас нийслэлд нэр дэвших маш сайн хүмүүс байна. Тэр хүмүүст намынхаа дүрмийг танилцуулаад, журмын дагуу намдаа элсүүлээд хотод нэр дэвших эрхийг нь өгсөн. Түүнээс биш намууд орон нутгийн сонгуульд эвсэж, нийлж орох боломжийг эрх баригч нам зургадугаар сарын 25-нд хаачихсан.

-Тэр юу гэсэн үг вэ?

-МАН-ын боловсруулсан хуулийн хүрээнд бид энэ эрхээ хязгаарлуулчихсан. Ид сонгуулийн өдрүүдтэй зэрэгцээд намууд эвсэх боломжийг тэд хаасан. Тийм учраас бидэнд байгаа сонголт ердөө л энэ. Үгүй бол Ардчилсан нам дутуу нэр дэвшүүлээд үлдсэн дээр нь бусад намууд хүнээ дэвшүүлэх боломжтой. Гэтэл ингэсэн тохиолдолд сонгогч нар маань ойлгож саналаа өгч чадахгүй. Дээрээс нь санал авах өдрийг дахиад л баасан гарагт тааруулсан. Баасан гарагт хүмүүс агаар салхинд гардаг. Сонгогчид хотоос гараад явчихдаг гэдгийг тэд тооцоолоод байна. Өнөөдөр МАН халамжаар бүх сүлжээгээ барьдаг.

Халамжийн сайд нь МАН-аас томилогдсон. Ардчилсан намын гишүүдийг тэгээд халамжаасаа хасдаг. энэ бодитой гэдгийг бүгд л мэдэж байгаа. Ард түмнээ ядуу байлгаж байгаад төрөөс халамж өгсөн нэрийдлээр тэднийг барихыг оролддог.

-Төрийн албан хаагчид сонгуулийн дүнд маш том нөлөө үзүүлдэг гэдэг?

-Одоо хэдүүлээ үүнийг бүр орхиё. Энэ бол МАН-ын бодож олсон арга заль. Төрийн албан хаагч нам бус байх ёстой гэдэг. Гэвч амьдрал дээр ийм биш гэдгийг бүгд л мэддэг. Өнөөдөр төрийн албан хаагчдыг ажлаар нь барьцаалж, дарамталж байгаад зохион байгуулалттайгаар командалж, сонгуульд ажиллуулдаг. Алдарт “60 тэрбумын схем” гэж байгаа шүү дээ. Төрийн албыг намын схемд оруулчихсан. үнэнийг нь ингээд ярьчихаар биднийг барих юм уу, хорих юм уу. Өөрсдийнхөө үгэнд ороогүй заримыг нь өнөөдөр барьж, хорьж байгаа нь үнэн биз дээ. Татварын дарамт үзүүлдэг. Ер нь ардчилсан нийгмийг бид 1990 онд сонгосон. Гэтэл зүүний үзэл баримтлалтай нам ардчилсан нийгмийг удирдаад байгаа нь зүйд нийцэх юм уу. Нийцэж байсан бол бид өнөөдөр сайхан амьдарч байх ёстой биз дээ.

-Нэр дэвшигчдэдээ ямар бодлого, шалгуур барьсан бэ?

-Нийслэлийн тойргийг МАН маш том болгосон. ингэж том болгосноор найман жил хулгай хийгээд түнтийтлээ баяжчихсан дарга нар нэр дэвшихэд ямар ч асуудалгүй. Тэд мөнгөтэй учраас элдэв зардалд санаа зовохгүй. Тойрог томрох тусмаа л том зардал гарна. Өнөөдөр мөнгөтэй хүн хаана байна гэвэл төрд л байна шүү дээ. Бизнес хийж байгаа хүмүүсээсээ баян төрийн албан хаагчтай болчихсон. Манай улсын авлигын индекс сүүлийн жилүүдэд маш өндөр байгаа. Үүнийг нь олон улсын байгууллагууд гаргаад тавьчихсан. УИХ-ын сонгуулийн хамгийн том тойргийн зардал нь 970 сая төгрөг гэсэн байна лээ. Гэтэл насаараа төрд ажилласан маш олон хүн сонгуульд нэр дэвшсэн. Тэд яаж ийм их мөнгийг гаргаад сонгуульд өрсөлдөөд байгаа юм. харин манай намын хувьд гэвэл үйл ажиллагаа нь ч тэр, хэрүүл нь ч тэр нээлттэй, ил тод байдаг. Гишүүд нь ч гэсэн нэг хүнээр удирдуулаад дуугай сууж байдаг хүмүүс биш. Нам гэдэг Ардын нам шиг ярс хийтэл гар өргөдөг зүйл биш шүү дээ. Үзэл санааны нэгдэл дээр бий болдог, олон ургалч санаа гардаг зүйл. энэ ч утгаараа манайх нэр дэвшилт дээрээ нээлттэй байсан. Олон ч хүнд урилга өгч, санал тавьсан. Ажил хийх хүн бол туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй байх ёстой. харин ард түмний төлөөлөгч бол шударга, дуу хоолой байх хэрэгтэй. Манай нам дандаа ард түмний дуу хоолой болох буюу иргэдийн хурлын танхимд иргэдээ төлөөлж дуугарах хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ардын нам болохоор боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлсэн гээд байна лээ. Тэгвэл манай нэр дэвшигчид ч гэсэн бүгдээрээ л мэргэжил, боловсролтой.

-Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй орж байна вэ?

-Мөрийн хөтөлбөр дээр манай доктор, профессор, эрдэмтэн судлаачид сууж боловсруулсан. Багийн ахлагч нь Монгол Улсын зөвлөх инженер н.Батболд доктор байгаа. Өнгөрсөн 2012-2016 онд нийслэлд манай нам засаглаж байхад Улаанбаатар хотын 32 уулзварыг шинэчилж зохион байгуулах ажлыг хоёрхон сарын дотор хийсэн хүн байгаа юм.

-Нийслэлд ялалт байгуулсан тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн багийг сайн хараарай. инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс манайх ч гэсэн ийшээ л явах ёстой. Улс хөгжье гэвэл хүнээ хөгжүүлье гэдэг. харин хүнээ хөгжүүлэхийн тулд хүүхэд байхаас нь анхаарал хандуулах ёстой. Манай улсад одоогоор 0-18 насны 1.3 сая орчим хүүхэд байна. энэ хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй учраас шийдвэр гаргах түвшинд хүүхдийн асуудал тэр бүр хөндөгддөггүй. Ардчилсан нам “хүүхдийн мөнгө” гэдгийг санаачилаагүй бол өнөөдрийг хүртэл хаягдсан хэвээрээ л байх байсан. үр шимийг нь манай хүүхдүүд хүртээд явж байгаа. Гэтэл МАН сүүлийн жилүүдэд үүнийг халамж гэж тайлбарласан. Уг нь энэ чинь халамж биш, хүн ам зүйн бодлого байхгүй юу. Бид хоёр том хөршийн дунд байгаа хүн ам багатай жижиг улс. Тиймээс хүн амаа өсгөх ёстой. Тусгаар улсаа ингэж байж хамгаална. Дэлхийн бусад орнуудад ч ийм бодлого байдаг. Түүнээс энэ бол халамж биш.

-Та хэд есдүгээр сарын 1 гэсэн хуулийн төсөл санаачилж байна гэж байсан. Үүнтэй холбоотой юу?

-Манай хэвлэл мэдээллийнхэн энэ хуулийн төслийг сайн сурталчилж өгөх хэрэгтэй. Бид Уих-ын гишүүдээрээ дамжуулаад ийм хуулийн төсөл санаачилж байгаа. Өнөөдөр бид өөрсдийнхөө хүүхдүүдийг нэг өнгийгөөд харах хэрэгтэй. Бие бялдар муутай, өвчлөл их, хорт зуршилд донтох нь ихэсч байна. Өнөөдрийнх шигээ бид байгаад л байвал 20 жилийн дараа маш хэцүү ирээдүй биднийг тосч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр хэлсэн хуулиараа бид хүүхдийн хөгжлийн карт гэж гаргахаар болсон. үүгээрээ хүүхдүүд хүссэн урлаг, спорт, хичээлийнхээ дугуйланд суух боломжтой болно. Багшаа сонгоод хичээллэхээр багшид нь төрөөс урамшуулал орно. Өнөөдөр боломжтой айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Тэгвэл бид хүүхдүүдээ төрөөс ингэж бодлогоор хамруулна. Бидэнд ирээдүйд зөв хүн хэрэгтэй. зөв болгохын тулд хүүхэд байхаас нь дэмжих ёстой юм. ингэж хүүхэд хөгжлийн карт гаргахад бидэнд сард ердөө 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Бидэнд мөнгө нь хангалттай байгаа. эрх барьж байгаа намынхан 40 их наядаар нь идэж болоод байхад бид хүүхдүүддээ яагаад өдий хэмжээний хөрөнгө гаргаж болохгүй юм л гээд байгаа юм. Тийм болохоор хүүхдэд ээлтэй хотыг бий болгоно. Бүх стандартыг хүүхдэд ээлтэй байдлаар сайжруулна.

-Та ярианыхаа төгсгөлд юу хэлэх вэ?

-Энэ хэдэн хулгайч нараасаа салъя. Бид дөрвөн жил тутамдаа нэг дүн тавьдаг. Одоо зөв дүнгээ тавьцгаая. залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та бүхний ирээдүйг шийдэх хамгийн чухал сонгууль шүү. Орон нутгийн сонгуулийг эрх баригчид ирцгүй болгочихсон. Тийм ч болохоор баасан гаригийг сонгосон. Та бүхнийг санал өгүүлэхгүй байх бүх л аргыг хэрэглэж байгаа шүү. Тийм болохоор идэвхтэй оролцоод дүнгээ тавиад өгөөрэй л гэж хэлмээр байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 6, Сугар гариг. Билгийн тооллын 3, Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:17 цагт мандаж 19:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.