Categories
мэдээ спорт

“FIBA 3×3” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “FIBA 3×3 U23 World Cup 2024” тэмцээн нийслэл Улаанбаатар хотноо 9 сарын 11-15 өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ удаагийн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” манай улсад анх удаа болж буйгаараа онцлогтой. Сүхбаатарын талбайд болон тэмцээнд таван тивийн эрэгтэй, эмэгтэй шигшээ 40 баг оролцох юм.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Ө.Индра
  • Б.Ариунцэцэг
  • Ц.Болорцэцэг
  • Б.Энхтуул

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • А.Азбаяр
  • Г.Болор-Эрдэнэ
  • Л.Авирмэд
  • С. Биндэрьяа
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Давааням: Хэвлэлүүд нэгдэж хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх хэрэгтэй DNN.mn

“Хуульч, өмгөөлөгч Ж.Даваанямтай хар тамхины гэмт хэргийн талаар ярилцлаа


Хар тамхины хэрэглээ монгол залуусын дунд өндөр байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид өртөж байгааг анхааруулж байна. Энэ чиглэлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүний хувьд нөхцөл байдлын талаар хэрхэн үнэлдэг вэ?

-Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээс үзэхэд, 2024 оны эхний таван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 122 бүртгэгдсэн. Үүнээс 105 гэмт хэрэгт нь 18-35 насны залуус холбогдсон байна. Энэ бол цөөн хүн амтай манай улсын хувьд зайлшгүй анхаарах асуудал мөн. Иргэдийн дунд мөнгөтэй, чинээлэг айлын хүүхдүүд уг гэмт хэрэгт холбогддог байх гэсэн хэт өрөөсгөл ойлголт байдаг. Нийгмийн аль ч давхаргынхан хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгч болох, үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох болсон.

Мөн манай улсад бүртгэгдэж байгаа хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийг ихэнх хувь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамал болон уг ургамлаар хийж бэлтгэсэн буюу “шавар” гэх нэршилтэй бодистой холбогддог. Гэхдээ манай улсын Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн тохиолдолд хураагдсан бодисын хэмжээ хамааралгүй нэг грамм эсвэл 1000 грамм байсан ч ялгаагүй ижил ял оногдуулж байгааг анхаарах хэрэгтэй.

-Хэрэглээ залуужиж байгаа асуудалд эцэг эхчүүд юунд анхаарах вэ. Жишээ нь, хүүхдийнхээ гарыг анзаар, янз бүрээр тариа хийсэн ул мөр байгаа эсэхийг ажиглаарай гэж сэрэмжлүүлэх болсон. Хууль зүйн талаас та юуг сэрэмжлүүлэх вэ?

-Нэг кейс ярья л даа. Нэг хүүхэд арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд жүжигчин болохоор урлагийн сургуульд ороод, хар тамхи анх хэрэглэж үзсэн байгаа юм. Эхэндээ найз нөхдөдөө байгаа өвсийг хэрэглэж эхэлсэн бол хэсэг хугацааны дараа өөрөө хэрэглэгч, худалдан авагч болж, гэртээ хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад баригдсан. Тэгээд шүүхээр орж таван жилийн хугацаагаар тэнссэн. Эхэндээ хичээл, сургуультай холбоотой мөнгөний хэрэг гараад байна гэж худал хэлээд ар гэрээсээ бага мөнгө авч байгаад мөнгөн дүн нь ихсээд байхад ч эцэг эх нь анзаарахгүй өгсөөр байсан. Ингэж явсаар тэр залуу хар тамхинд донтож эхэлсэн. Хэдийгээр худалдаалах зорилгогүй хадгалах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч, тэнсэх боломжтой байдаг ч шүүх ихэнх тохиолдолд хорих ял оногдуулах хандлагатай байдаг. Нэг ёсондоо хүнд гэмт хэрэг. Тиймээс эцэг эхчүүдийн хараа хяналт чухал. Таны хэлснээр өсвөр насны хүүхдүүдийг анхаарах, биед нь үзлэг хийх ёстой. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодисыг тарихгүйгээр сорох байдлаар хэрэглэдэг нь ноцтой асуудал. Нөгөөтэйгүүр, хар тамхи хэрэглэхэд багагүй нөлөө үзүүлж буй хүчин зүйлийн нэг нь гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл хайхрах хүчирхийлэл ч үүнд хамаарч байдаг.

Тухайн хүүхдийн гэр бүлийн орчин хүүхдүүд нөлөөлөхийн зэрэгцээ, гэнэн томоогүй зан нь бусдыг даган дуурайх, буруу хүмүүст уруу татагдан мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг талтай.

Тэгэхээр дан ганц хүүхдэд хараа хяналт тавихаасаа гадна эцэг, эхчүүд өөрсдөдөө ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мөн Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт холбогдсон л бол 14 наснаас дээш хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Үүнийг эцэг, эхчүүд мэддэг байх шаардлагатай.

Хилээр хар тамхи оруулж ирэх нөхцөл байдлын талаар тодруулъя. Хилээр оруулж ирэх арга улам нарийсч байгаа гэдэг. Жишээ нь, саяхан гадны улсаас хүнд илгээмж илгээх замаар хар тамхи нэвтрүүлсэн хэрэг гарсан?

-Монгол болон аль ч улсын хилээр нэвтрэн гарахдаа хамгийн их анхаарах ёстой зүйл бол “хэзээ ч хэн нэгний гуйлтаар өөрөө үзэж шалгаагүй, шалгах боломжгүй эд зүйл авч явахгүй байх” ёстой. Зарим хүмүүс боож багласан эд зүйл гуйгаад өгчихдөг. Авч байгаа хүн нь тухайн хүндээ тусалж байна гэж бодоод түүнийг нь авч явахдаа хил дээр саатуулагдаж, улмаар ял шийтгэл хүлээсэн хүмүүс цөөнгүй бий. Ялангуяа БНХАУ-ын хил дээр саатуулагдаж тухайн улсад хорих ял эдэлж буй иргэд ч байдаг.

Учир нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тиймээс нягтлаж, шалгахгүйгээр бусдын дайвар эд зүйл авч явахгүй байхыг үргэлж анхаарч байх нь зүйтэй.

Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүс бий. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр хүмүүсийг олон нийтэд сурталчлах нь буруу. Гэтэл тэднийг сурталчилж ярилцлага нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээж байгаа зарим хэвлэл мэдээллийн х эрэгслийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид уг гэмт хэрэгт холбогдож буй шалтгааны тухайд, тэдний даган дурайдаг олны танил уран бүтээлчид хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилж, мөн өөрсдөө уг гэмт хэрэгт нэр холбогдож байгаа нь өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзэх хүслийг тодорхой хэмжээгээр төрүүлж байна гэж хардаг. Тэгэхээр хар тамхи, түүний хэрэглээг сурталчилсан кино, дуу хөгжим, клип, контентийг хязгаарлах, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах нь зүйтэй болов уу. Хэдийгээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориг лоно” гэж заасан боловч Зөрчлийн тухай хуульд түүнийг сурталчилсан тохиолдолд хү лээлгэх хариуц лагын талаарх тодорхой зохицуулалт байхгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрхийн асуудал яригдаж болох ч цаагуураа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхуйц асуудал шүү дээ. Тиймээс хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх тал дээр хэвлэлүүд нэгдэх хэрэг тэй болов уу. Яг шууд хэвлэлийг боож хаах тухай ярих ярвигтай асуудал. Зарим хэвлэл мэдээллийн хэрэг сэл хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож, олон нийтийн анхааралд өртөөд байгаа хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулах байдлаар олон нийтээс хандалт авахаар хичээж байгаа нөхцөл байдал ч бий. Гол нь тухайн хэвлэлийн ёс зүй, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг сайжруулах тал дээр анхаарсан нь, тэднийг уриалсан нь арай илүү үр дүнтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын нүхэн эвдрэлийг засварлалаа DNN.mn

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 97.2-102 км хооронд хучилтын нүхэн эвдрэлийг засварласан байна.

Тодруулбал, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 97.2-102 км хооронд хучилтын нүхэн эвдрэлийг халуун асфальтбетоноор засварлах ажил хийгдсэн аж. Мөн ИТА-1, Даамал-1, ХАБЭА-н ажилтан-1, Замчин-6, жолооч-2, экскаватор-1, авто ачигч-1, өөрөө буулгагч-1, үйлчилгээний машин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан талаар ЗТЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт”-д тэмээний ноос 1 кг нь 20.000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.09.10/ мэдээллийг хүргэж байна.

Ямааны арьс, өлөн хамт – 1000 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 3500 төгрөг

Хонины ноос 1 кг- 2000 төгрөг

Үхрийн шир- 5000 төгрөг

Адууны шир сүүлтэй-13.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 10.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 3000 төгрөг

Адууны цагаан шир- 50.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -20.000 төгрөг

Бухын шир-32.000 төгрөг

Сарлагийн хөөвөр 1 кг -27.000 төгрөг

Тэмээний ноос 1 кг -20.000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Хараа голоос 50 орчим насны эрэгтэй хүний цогцос олджээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Тарни” 8 дугаар багийн “64 дүгээр точка” гэдэг газар “Хараа” голд цогцос байна гэсэн дуудлага мэдээллийг есдүгээр сарын 09-ний өдрийн 14:30 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 45 км замыг туулан 15:42 цагт очиж, “Хараа” голд осолдсон буцалтгүй нэрвэгдэгч /50 орчим настай, эрэгтэй/ 31 минут ажиллан гаргасан ба Мандал сум дахь, сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2024 оны 09 сарын 11-нээс 2024 оны 09 сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина DNN.mn

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү “Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерт зургаан аж ахуйн шалгарч, долоодугаар сарын 16-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгж 70-100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа үргэлжлүүлж байгаа боловч нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдлээс болж ажил удаашран, нэгдсэн хучилт хийх боломжгүй болоод байсан юм. Харин өнөөдөр бусад аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй зөвшилцөн нэмэлт хүч гаргаж, дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийг гэрээнд заасан хугацаандаа буюу энэ сарын 15-нд дуусгахаар боллоо” гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Тодруулбал, эл 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон. Ийнхүү эхлэлээсээ төгсгөл хүртэл бүрэн шинэчлэгдсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж байгааг албаныхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар иргэдээс дахин санал авч эхэллээ DNN.mn

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг зохион байгуулахаар болоод буй.

Санал асуулгыг есдүгээр сарын 2-8-ны хооронд  https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан ч 4,115 иргэн оролцжээ. Эдгээр иргэний дийлэнх нь 35-44 насныхан байв. Иймд өнөөдрөөс санал асуулгыг үргэлжлүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600,000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог ч саналаа өгсөн иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулахаар болжээ.

Санал асуулга есдүгээр сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Ч.Отгочулуу: ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд нь элсчих юм бол татваргүй болгоно гэж амлаж л байна билээ DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сая манай улсад айлчилсан. Түүний айлчлал эдийн засгийн агуулгаараа ямар үр дүнтэй болов?

-Монголын эдийн засгийг боомилж буй хамгийн том саад бэрхшээл бол бензин дизель цахилгаан эрчим хүчний хувьд ОХУ-аас бүрэн ба хагас хараат байгаа байдал юм. Өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа завхрал бол энэ гинжнээсээ мултрахын оронд улам бүр чангалуулж ирсэнд байгаа. Энэ гунигт байдалтайгаа эвлэрсэн, дэлхийд зарласан ийм л үр дүнтэй айлчлал боллоо. Цахилгаан станцын өргөтгөлийн хувьд ОХУ нь өөрөө Герман ба Францын үйлдвэрүүдээс асар хараат. Тэдгээр улсууд нь санкц тавьчихсан байгаа. Эдгээр бодит байдлыг харгалзан үзэх юм бол эдийн засгийн хувьд агуулга, ач холбогдол багатай айлчлал боллоо.

-Хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой айлчлал боллоо гэж талууд онцолж байсан шүү дээ. Үнэн хэрэгтээ Монгол Оросын гадаад худалдааны тэнцэл дандаа айлын талд ашигтай байж ирсэн. Энэ айлчлалын үр дүнд гадаад худалдааны тэнцлийн алдагдал арилах уу?

-В.Путины айлчлал Монгол Оросын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэхэд ач холбогдолтой боллоо гэж байгаа нь манж үг. Ер нь гадаад худалдааны тэнцлийн алдагдал арилахгүй. За тэгээд хийнэ гэж ярьсан юмнууд дотор шинэ юм бараг алга. Өнөөх л Эгийн гол, тарифын хөнгөлөлт, худалдааны шударга бус тэнцэл. Сүүлийн 30 жилд л ингэж ярьсан. Энх цагт биелээгүй ажлууд дайны цагт биелнэ гэдэг юу л бол.

 -Монголоос Орос руу гарч байгаа бараанд асар өндөр татвар оногдуулдаг. Манай бараа үнэтэй болохоор зарагддаггүй. В.Путины айлчлалаар энэ тал дээр ямар шийдэл гарав?

-Хэрэв ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд нь элсчих юм бол татваргүй болгоно гэж амлаж л байна билээ. Европын холбоог эсэргүүцэх зорилготой улс төрийн зорилго бүхий эвсэл бол манай аюулгүй байдлын үзэл баримтлалтай харшлах болно.

-Ямартай ч ойрын жилдээ шатахуунаар тасалдуулахгүй гэдгээ баталгаажуулчихав уу?

-Бензин, тогоор таслахгүй л гэнэ. Гэхдээ бодит боломж ямар байна вэ. Энүүхэн Халимагийн их талын цаана орших нэг том нефть бааз бөмбөгдүүлээд утаа нь замхарч амжаагүй байхад Москва болон бусад хотуудтай ойролцоо үйлдвэрүүд нь дрондуулчихлаа. Цаашид хэд нь ийм байдлаар жагсаалаас гарахыг хэн ч мэдэхгүй.

-“ДЦС-3”-ын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг боловсруулах төсөлд хоёр улсын Төрийн тэргүүн гарын үсэг зурсан. Үр шимээ хэзээнээс өгөх бол?

-Монгол Улс хууль журамтай. Тэр дагуу эхэлж техник эдийн засгийн үндэслэлийг төрийн байгууллага хүлээж авч баталгаажуулах учиртай. Тэгж байж зураг төсөл хийгдэнэ. Гэтэл ТЭЗҮ байхгүй үед шууд алгасаад хүчилж байгаа нь мордохын хазгай болгох вий.

-В.Путин мэдэгдэлдээ “Зөвлөлт Монгол” гэдэг үгийг давтаж байсан. Тухайн үед ЗХУ байсан. Тэр үеийн удирдлагууд украин голдуу хүмүүс байсан гэж судлаачид ярих юм билээ. Улс төрийн байр сууринаас нь та яаж харж байна вэ?

-Зөвлөлт холбоот улс Дэлхийн II дайнд ялсан. Дайны хүнд үед Украины ард түмэн оросуудаас дутахгүй зовж, ачааны хүндийг үүрсэн байдаг. БНМАУ-д элэгтэй хандаж ирсэн удирдагчид нь ч тэр украин үндэстнүүд байсан. Ар Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахад Майский гэх зэрэг еврейчүүд ч асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт бол зөвхөн Орос биш л дээ

-Хүнд хэцүү цагт манай хоёр улс бие биедээ тусалж ирсэн талаар В.Путины хэлсэн үгэнд бий. Цаад нюанс нь одоо дайнтай байгаа энэ цагт монголчуудыг мал, махаар хангаарай гэсэн далд санаа яваад байна уу. Учир эх орны дайны үед Монгол Улс нь Зөвлөлтийн цэргүүдэд зориулж хоёр сая гаруй толгой адуу нийлүүлж тусалсан талаар дурдаж байсан шүү дээ?

-Манайхаас мах авах гэж байгаа болов уу. Хэрэв тэр нь цэрэг армийн хангалтын зорилгоор ашиглагдах юм бол бид жинхэнэ утгаараа түрэмгий дайныг дэмжсэн гэж хоригт орно. Дэлхийн II дайнд Зөвлөлт нь хамгаалах шинжтэй байсан. Одоогийн Орос бол эзлэн түрэмгийлэх дайн хийж байна.

-Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон гэж албан мэдээнд онцолжээ. Энэ холбоонд орсноор бидэнд ямар ашигтай юм бэ. Үнэхээр худалдааны тэнцлийн алдагдал нь арилчих юм шиг мэдээлээд байх юм?

-Чадахгүй. ОХУ нь бензин, дизелийн экспортдоо хориг тавьсан. Гэхдээ энэ холбооны гишүүд, холбоотой түр гэрээ байгуулсан улсуудаа энэ хоригоос чөлөөлж байгаа. Дахиад хэлэхэд гэхдээ, Оросын үйлдвэрүүд өөрсдөө асар хүнд байдалд байна. Дотоод ложистик, түүхий эдийн хангалтын систем нь доголдоод эхэлсэн. Эдийн засгийн бодит байдал нь улс төр-геополитикийн амбицтай нь зөрчилдөж байна.

-В.Путины даргалдаг Евразийн эдийн засгийн холбоонд хичнээн улс байдаг юм бэ. Эндээс гарч, орж байгаа улсууд юу байна?

-Анх Казахстан, Орос, Беларусь гурав нийлж үүсгэн байгуулж. Хожим Армян, Киргизстан хоёр нэгдэж. Гэхдээ нэгдсэн байр суурь байхгүй л болов уу даа. Барууны хоригийг тойрч гарах нэг суваг болж байж болох юм. Анх энэ холбоог байгуулах санаачилгыг гаргаж байсан Нурсултан Назарбаев одоо эрх мэдэлгүй болсон. Казакстанд үндэсний үзэл сэргэж, Оросын эсрэг үзэл идэвхжиж байгаа. Баруун хөрш маань Турк, Хятад, Европтой хамтран ажиллах асар их сонирхолтой. Тийм учир одоо энэ холбоондоо анхны шигээ ач холбогдол өгөх нь юу л бол.

-Монголын ураны төслийг эсэргүүцэж, Евразийн холбоонд манайхыг элсүүлэхээр шахаж оросууд шатахууны цоргоо нарийсгалаа гэх мэдээлэл нэг хэсэг явсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Оросын хувьд Монголыг өөрийнхөө нөлөөний бүс, колони, дуулгавартай дүү гэж харж явдаг. Энэ дүрээсээ өөр дүр тоглох юм бол ахын ёсоор хашраах албан ёсны эрхтэй гэж өөрсдийгөө үздэг. Үүнийгээ ч нуудаггүй. Дээр нь их хартай. Одоо тэгээд яах вэ дээ. Бидний байгаа царай, байдал ч тэр ийм байдалдаа ихэд дасжээ. Дэлхий дээр ах дүүгийн харилцаатай гэмээр улс орнууд бий. Хүний “ах” нар дүүгээ сайн яваасай гэж хүсдэг. Манай ах болохоор зодуурт нь дасгана аа л гээд үзээд байх юм даа.

-Олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа гэж байна. Энэ яг юу гэсэн үг юм бэ. Эгийн голын УЦС-ын төсөл хөдлөх нь үү. Сэлэнгэ мөрний ай савыг хамгаална гэхээр хүн, мал ойртуулахгүй хяналтандаа авна гэсэн үг үү?

-Энэ асуудлыг хариуцсан дарга, сайд нар ярих ёстой болов уу. Миний хувьд эдийн засагчийнхаа байр сууриа илэрхийлэхэд Монгол цахилгаан үйлдвэрлэх өртөг асар өндөр байна. Нэгжийн өртөг нь 10 жилийн өмнө 11 цент байсан. Одоо бүр ч өсөө биз. Гэтэл усан цахилгаан станцын хувьд нэгжийн өртөг нь гурван цент байх боломжтой. Оросууд асар их усан цахилгаан станцтай. Тийм учир тэд цахилгаан их хэрэглэдэг боловсруулах үйлдвэр ихтэй. Монголд боломж бий. Гэвч дүү нь дарвалзаад ахтайгаа зиндаархаад байж болохгүй биз дээ.

Үнэн хэрэгтээ оросууд олон жил байгаль орчны үнэлгээ хийх комисс байгуулна гэж шахаж ирсэн. Сая энэ зорилгодоо хүрэх шиг боллоо. Монголын талын хувьд ухралт боллоо гэж харж байна.

-Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа. Монгол, Оросын 50:50 хувь өөрчлөгдөх үү. Ер нь төмөр замын салбарт хөрөнгө оруулахаар энэ хувь саад болдог гэдэг шүү дээ. Цаашид ямар байдлаар авч явах ёстой вэ?

-Ер нь хувьчлах хэрэгтэй. Эсвэл монголчууд 70 хувиа авах хэрэгтэй. Бүр болохгүй бол зэрэгцүүлээд өөрсдийн өмчийн замаа тавих ёстой. Тусгаар улс мөн л юм бол. Олон жилийн өмнө америкууд хос, цахилгаан төмөр замтай болгоод өгнө гэсэн. Оросууд тас эсэргүүцээд долоон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ л гэсэн. Тэр амлалт ажил хэрэг болоогүй шүү.

-В.Путины энэ удаагийн айлчлалд судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Дэлхий даяар хоригт орсон орны төрийн тэргүүнийг урьж авчирсан явдал олон улсын тавцанд манай нэр хүндийг унагах эрсдэлтэй юу. Бид эдийн засгийн хоригт орчихгүй биз дээ?

-Монгол Улс угаасаа л эдийн засгийн хоригт байгаа шүү дээ. Оросоос манайд тавьдаг өндөр тариф бол дайн хийгээд хоригт орсон улсуудад тавьдаг тарифаас ч өндөр байдаг юм. XXIзуунд дэлхийн соёлт хэсэг нь дүрэмд суурилсан олон улсын харилцааны дэглэм тогтоох гэж үзэж байна. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг XX зууны харгис дэглэмийг халах гэж үзэж байна. Орчин үеийн дэг журам уг нь монголчууд бидний уламжлалт үзэлтэй их ойр. Хүний олон хүнээ барихгүй ээ гэж. Гэтэл бид хөрш орноо эзлэн түрэмгийлж буй улсын тэргүүнийг хүндэтгэн хүлээн авлаа. Гэрээ конвенцио ч зөрчих шиг боллоо. Украинд гэмгүй хүүхдүүд бөмбөгдүүлж байна. Ядаж тэдний төлөө сүржин, гялтгар, херо-стайлын видео шторк хийж дэлхийд цацах хэрэггүй байв. Тэрнийг үзсэн нэг жиргээч арга ядаад “Би монгол хүн байгаадаа ичиж байна” гэж бичсэн байна лээ. Европын холбооны зүгээс хориг ирж магадгүй. Тэнд сурч, ажиллаж, амьдрах хүсэлтэй олон залуусын хувьд виз нь хүндрэх магадлал их болчихлоо гэж харж байна. ОХУ, Монгол Улс хоёр бол сайн хөрш.Бидэнд улс төрийн, хилийн, дипломат бодлогын зөрчил, үл ойлголцол байхгүй. Эдийн засгийн хувьд асуудал бий. Гэхдээ тэдгээрийг салбарын сайд нарын төвшинд ярилцаад шийдээд ирдэг. Заавал Ерөнхийлөгчийн түвшний улс төрийн шинжтэй айлчлалдаа хүрэх асуудлууд биш. Ер нь тэгээд дэлхий II дайнд Зөвлөлт ганцаараа ялаагүй. Америк ч тэр, Монгол ч тэр бүхий л улсууд чадлынхаа хэрээр тусалсан. Одоогийн Орос-Украины дайн бол утга агуулгаараа огт өөр. Ийм түрэмгий дайныг хүлээн зөвшөөрсөн мэт харагдах нь манай Үндсэн хуульд заасан энхийг эрхэмлэх гадаад бодлого баримтална гэсэн суурь зарчмыг зөрчсөн гэж харагдаад байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс Украины дайнаар НҮБ-д түдгэлзэх аргагүй болох шиг боллоо DNN.mn

Монгол Улс Украины дайн болсноос хойш НҮБ-д түдгэлзэх санал байнга өгсөөр ирсэн. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассемблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг дайны үйл ажиллагаа явуулж буйг зогсоох асуудлаар санал хураалт явуулдаг. Ерөнхий ассемблейн гишүүн орнуудаас авдаг энэхүү санал хураалтад манай улс түдгэлзэх санал өгсөөр ирсэн.

Монгол Улсын энэхүү байр суурийг мөнхийн хөрш болох Оростойгоо муудахгүй, хоёр орны харилцааг хэвийн хадгалахын тулд түдгэлзэх нь аргагүй дээ гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хандлагатай байсан. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараа ардчилсан орнууд төдийгүй дэлхий нийт улс орнууд Монголыг шахах байдал илтээс мэдрэгдэж эхэллээ.

В.Путин айлчилсан даруйд АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Бид Монголыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжмээр байна. Харин тэд олон улсын үүргээ биелүүлэх нь чухал гэж бодож байна. Мөн тэд Оростой харилцахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэх нь чухал” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн.

Энэ бол дэлхийн томоохон улс гүрнүүдийн манайд өгч буй улс төр, геополитикийн маш том сануулга.АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд манайхыг олон улсын үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь юу вэ гэхээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг хэлсэн байх магадлалтай. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь 1998 онд НҮБ-ын дипломатын бага хурлаар батлагдсан байдаг.

Ингэснээр Нидерландын Хаага хотноо байнгын ажиллагаатай шүүх үйл ажиллагаа эхэлж төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүх олон улсын эрхзүйн үндэс тавигдсан. Монгол Улс Ромын дүрэмд 2000 онд нэгдэн орж 2002 онд соёрхон баталж хүчин төгөлдөр болсноор хамтран ажиллах түүний заалтыг хэрэгжүүлэх эрхзүйн үндэс бүрэн тавигдсан юм.

НҮБ-аар батлагдсан уг дүрмийн заалт ёсоор “Дайны гэмт хэрэгтэн” гэж дэлхий нийтэд зарлагдаж баривчлагдах шийдвэр хүлээсэн ОХУ-ын ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд Монгол Улс нутаг дэвсгэртээ төрийн айлчлал хийлгүүлсэн нь Ромын дүрмийг зөрчсөн, үндсэндээ олон улсын үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Мөн В.Путиныг баривчлаагүйд харамсаж буйгаа Европын холбоо мэдэгдсэн. Тэгээд зогсохгүй Украин дахь Олон улсын эрүүгийн шүүхийн мөрдөн байцаалтыг дэмжиж, оролцогч бүх улсыг бүрэн хамтрахыг уриалсан.

Энэ бүхнийг бататгасан бас нэгэн мэдэгдлийг Цагаан ордон хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж дэлхий нийтэд хүргэсэн. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер “Дэлхийн аль ч орон ОХУ-ын Украинд явуулж байгаа дайныг дэмжих ёсгүй гэж бид үзэж байна. Олон улсын хуулиар бол ОХУ-ын зэвсэгт хүчин болон бусад албаныхан Украины эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа нь эргэлзээгүй. Буруутай үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид тодорхой хэлсэн” гэж мэдэгдсэн.

Мөн тэрээр “Бид Монгол Улсыг аливаа улс орны газар нутгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж НҮБ-ын суурь зарчим, үнэт зүйлсийг даган мөрдөнө гэж найдаж байна. Бидний зүгээс Монгол Улсаас хүлээж буй зүйл энэ байна” хэмээн товч тодорхой илэрхийлсэн. Дайнтай холбогдуулж Цагаан ордон анх удаа Монголын төрд сануулга өглөө гэж улс төр болон олон улс судлаачид үзэж байна.

Америкийн Төрийн департамент болон Цагаан ордны энэхүү мэдэгдлүүд утга агуулгын хувьд ижил байна. НҮБ-ын өмнө хүлээсэн олон улсын үүргээ чандлан биелүүлэхийг Монголоос шаардаж байна. Ямар ч байсан манайхыг Украины нутаг дэвсгэрийн халдашгүй байдал, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгийг олон улсад мэдэгдэх, ялангуяа Оростой харилцахдаа заавал мэдэгдэх ёстойг сануулж байна. Ийм байдлаар Монголыг олон улсын геополитикийн тоглоомын өрөг дотор дэлхийн томоохон гүрнүүд буланд шахах хандлагатай болж байна.

Энэ нь эцсийн дүндээ Монгол Улс Украины дайнаар НҮБ-д цаашид түдгэлзэх санал өгөх аргагүйд хүрч байна. Дайныг эсэргүүцэх шахалтыг дэлхийн том гүрнүүд Монголд үзүүлж эхэллээ. Бид энэ асуудалд яаж хандах вэ гэхээр юуны өмнө олон улсын хэлэлцээр хийх хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаатай холбоотой аливаа асуудалд улс төрийн хэлэлцээрийн дагуу явагдаж байж амжилтад хүрдэг. Тиймээс олон улсын хэлэлцээр хийж байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй.

“Бид дайны асуудалд түдгэлзэх аргагүй боллоо гэдгээ хойд хөршийнхөө удирдагчид эртхэн хэлж ойлгуулах хэрэгтэй. В.Путины айлчлалтай холбоотой улс төрийн ийм нөхцөл байдал дэлхий нийтэд бий боллоо гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Мөн дэлхийн бусад орнуудтай улс төрийн нарийн бодлогоо ярьж хэлэлцээр хийхээс өөр аргагүй. Манай улсын хувьд геополитикийн тэр том өрөг дотроос гарах хамгийн зөв арга бол НҮБ-д түдгэлзэхгүйгээр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө байна гэсэн санал өгөх явдал. Үүнээс өөр гарц харагдахгүй байна.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хеорхий Тыхий “Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүхийн болон Олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Яллагдагчаар татагдсан гэмт хэрэгтнийг шүүхээс мултрах боломжийг Монгол Улс олгосон. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна. Бид Улаанбаатарт үр дагаврыг нь үзүүлэхийн тулд хамтрагчидтайгаа ажиллах болно” гэж мэдэгдсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “NBC News” телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол Улс олон улсын хуулиас илүүтэй В.Путиныг хүндэтгэж байна. Энх тайвнаас илүү дайныг эрхэмлэж байна” гэж хэлсэн.

Бид улс төр, геополитикийн энэ айхтар шахалтад орсон энэ нөхцөлд цаашид яахыг хашир дипломатчид, улстөрчид зөвлөлдөж улс орны хувь заяаг эергээр шийдсэн бодлого гаргах хэрэгтэй байна. Нэг талын тодорхой шийдвэрт хүрэхгүй бол геополитикийн байдал тун эвгүй байна. Швейдийн хаан манайд албан айлчлал хийнэ гэж байснаа гэнэт цуцалсан. Энэ маягаар албан айлчлалууд цуцлагдаж, ардчиллын амин сүнс болсон улс орнууд, бидний яриад байдаг гуравдагч хөршүүд маань царайгаа бууруулчих вий гэж санаа зовниж байна. Цагаан ордон, Төрийн департамент, Европын холбооны мэдэгдлүүдийг харахад өөрийн эрхгүй сэтгэл түгшихээр байна.

Уг асуудалд Гадаад харилцааны сайд, хатагтай Б.Батцэцэг уран нарийн нүүдэл гаргах цаг нь иржээ. Монгол Улсын гадаад бодлого, нүүр царайг сайн авч явж ирсэн хэмээн үзэж Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар дахин томилсон. Улс орны хувь заяа шахалтад орж, дэлхий дахинд дэнсэн дээр тавигдсан яг энэ цагт цэцэн бэрийн нүүдэл хийж тоймтой шийдвэр гаргахыг монголчууд хүлээж байна.

Д.Батболд