Categories
мэдээ цаг-үе

Наадмаар ОХУ, БНХАУ-ын хилийн боомтуудын ажиллах хуваарь DNN.mn

2024 оны долдугаар сард хилийн боомтуудын ажиллах хуваарь гарчээ.

Үндэсний их баяр наадмаар агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллах бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын боомт дийлэнх нь түр хаагдах хуваарьтай байна.

Тухайлбал Ханх, Замын-Үүдийн авто замын боомт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ажиллахгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өсөхбаяр: Улирал харгалзахгүй хууль бусаар ашигт малтмал олборлох нь ихэссэн DNN.mn

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Экологийн цагдаагийн алба ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

-Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нэгдсэн нэг бодлогыг барьж ажиллах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гэсэн чиг үүрэгтэйгээр ЦЕГ-ын бүтцэд Экологийн цагдаагийн алба 2020 онд байгуулагдсан. Нийслэл хотод долоон хэлтэстэй, 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, байцаагчийн орон тоотойгоор энэ жил долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Хууль бусаар ан агнах, ашигт малтмал олборлох, мод хулгайлах гэсэн гурван төрөл нь нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 90 орчим хувийг эзэлдэг. Энэ оны эхний таван сард 203 гэмт хэрэг бүртгэгдсэн. Илрүүлэлтийн хувьд 55.1 хувьтай. Өмнөх оны мөн үеийнхээс гэмт хэргийн тоо гурван хувиар, илрүүлэлт 15 хувиар өссөн нь илрүүлэлт өндөр байгаатай холбоотой.

-Гэмт хэргийг ихэвчлэн ямар шалтгаанаар үйлдсэн байдаг вэ?

-Ажилгүйдэл, байгаль орчны үйл хэрэгжилтийн уялдаа холбоо сул, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, амьжиргааны эх үүсвэр болох шалтгаануудын улмаас дээрх гэмт хэргүүд үйлдэгддэг.

Хууль бусаар ашигт малтмал олборлогчид түргэн хугацаанд мөнгө олох зорилготой байдаг. Ан агнах гэмт хэргийн хувьд зугаагаа гаргах, уламжлалт заншил буюу мухар сүсгээр хандаж, хуучны ташаа мэдээллээс болоод эд эрхтэн нь хүний биед сайн гэх ойлголттой агнадаг. Урд, хойд хөрш рүү ан амьтдын эд эрхтнийг худалдах буюу шунахайн сэдэлтэйгээр ч үйлддэг.

-Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр 2022 оны ЦЕГ-ын даргын А/92 дугаар тушаалаар гэмт хэрэг ихээр гардаг газруудад буюу 16 байршилд түр ажиллагаатай хяналтын постуудыг байгуулснаар тодорхой хэмжээнд гэмт хэргийн тоо буурч байгаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх зорилгоор нийт дөрвөн удаагийн хяналт, шалгалт явуулсан.

Аж ахуйн нэгжүүд тодорхой заасан цэг байршилд хэр хэмжээгээр мод бэлтгэх, зах зээлд борлуулах зэрэг зөвшөөрлийг БОАЖЯ-наас авдаг. Энэ ажиллагааны явцад заасан газрын хэмжээг хэтрүүлэх, өөр байршлаас мод бэлтгэх зэрэг зөрчилтэй 18 аж ахуйн нэгжийн “Зил-130” маркийн 52 авто машин, 450 куб метр модыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн хууль бусаар ашигт малтмал олборлохтой тэмцэх чиглэлээр Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зургаан удаа хяналт шалгалт зохион байгуулсан. Энэхүү хяналт шалгалтаар 10 байршилд 85 бүлэг этгээд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлсэн. Хууль бус үйл ажиллагаандаа ашигласан алт угаах төхөөрөмж дөрөв, Зил-130 маркийн автомашин зэрэг 35 техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хурааж авсан. Ууланд жалга, суваг ухаад трактор нуусан зэрэг үйлдлүүдийг таслан зогсоосон.

-Хууль бус ан агнуурын зөрчлийн дийлэнхийг тарвага эзлэх үү?

-Хууль бусаар ан агнах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд нэн ховорт тооцогддог, Улаан номонд ордог, цоохор ирвэс агнасан гурван хэргийг илрүүлсэн. Халиун буга агнасан нэг, хүрэн баавгай агнасан гурав, тул загас барьсан найм, хотон шувуу агнасан дөрөв, улсын тусгай хамгаалалттай газар зэрлэг гахай агнасан дөрвөн хэрэг илэрсэн. Улаанбаатар хотыг тойрсон хяналт шалгалтын цэгүүдэд 839 зөрчил илрүүлснээс хамгийн ихээр хууль бусаар агнагдаж ирж буй нь тарвага байна. Энэ оны эхний таван сарын байдлаар 329 тарвагыг Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэн ажиллалаа.

Гурван жилийн хугацаанд тарвагыг үйлдвэрлэлийн болон хувийн зорилгоор агнахыг хориглосон байдаг. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, тархац нутгийн үржил, тарваганы тоо толгойг тогтоох зорилгоор хийгдэж буй ажил юм. Ан агнах зөвшөөрлийг БОАЖЯ-наас өгдөг. Тодорхой аймаг, сумын байгаль орчны байцаагч, мэргэжилтнүүдэд тарвага ч юм уу амьтдын агнах тоо толгойг тогтоож өгдөг гэсэн үг. Иргэд орон нутгаасаа зөвшөөрлөө авахдаа тодорхой хэмжээний хураамж төлнө. Нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний акт гэж ойлгож болно.

-Дээхнэ үед хууль бусаар нинжа нар буюу гар аргаар алт олборлодог байсан бол сүүлийн үед техник ашиглан ашигт малтмал олборлох нь ихэсчээ?

-Өмнө нь урин дулааны үе буюу дөрөвдүгээр сараас эхлэн хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг, зөрчлүүд их гардаг байсан. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшилттэй холбоотойгоор техник, технологийг ашиглах, хөлдүү газрыг гэсгээх зорилготойгоор ойр хавийн ой модыг сүйтгэн гал түлж, байгаль орчиндоо илүү их хохирол учруулж, гэмт хэргээ үйлдэх болсон. Зуны цагт ашигт малтмал олборлодог процесс өвлийн хоёрдугаар сард хийгдэж байхыг хяналт, шалгалтаар илрүүлсэн. Улирлын чанартай ажлыг улирал харгалзахгүйгээр хууль бусаар хийж буй нь байгаль экологид ихээхэн хор хохиролтой байгаа юм.

-Гэмт хэргийг илрүүлэхэд та бүхэн ямар технологийн дэвшлийг ашиглаж байна вэ?

-Нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон ашиглаж байгаа. 20 км хүртэлх зайнд нислэгийг үйлдэж, удирдах боломжтой. Олон уул дамнасан, хүн техник очиход бартаа саад ихтэй газруудад цаг хугацааг хэмнэсэн, хөдөлгөөн мэдрэгчтэй, дулаан илрүүлдэг. Зөрчлийн байршил, координатыг тогтоох давуу талтай. Мөн интернэтгүй орчинд ашиглах боломжтой. Түүнчлэн хууль бусаар мод тээвэрлэж яваа машины ачааг буулгахгүйгээр эзлэхүүнийг нь хэмждэг багажтай болсон.

-Дээрх хэргүүдэд хуулийн ямар зүйл заалтаар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн хоёрдугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зариулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.4-7.0 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаатайгаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мөн зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол 450.0-5.4 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэлх хугацаатайгар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах юм. Түүнчлэн дээрх гэмт хэргийг байнга тогтвортой бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн бол 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл уг хугацаатай дүйцэх хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, тэдний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж 20-120 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулдаг.

-Аялал зугаалгын цаг эхэлсэн энэ үед иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг нь тухайн үед ашиг орлого өгч байгаа боловч экологийн тэнцвэрт байдал алдагдах сөрөг нөлөөтэй тул энэ төрлийн гэмт хэргээс аль болох татгалзаасай гэж хүсч байна. Экологийн цагдаагийн албаны 70191070, цагдаагийн байгууллагын 102 дугаарт хүрээлэн байгаа орчны хэрэг, зөрчлийг мэдээлэх боломжтой.

Аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбоотойгоор байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй олон зүйлүүд байна. Нэгдүгээрт хог хаягдлын асуудал. Улаанбаатар хотын ногоон бүсэд хууль бусаар газар эзэмших гэсэн үйлдлүүд, зөвшөөрөлгүй хашаа хороо татдаг, зуслангийн бүсүүдийн хог хаягдал, нүхэн жорлонгийн асуудлууд байна. Нийслэлийн удирдах шатны байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хүрээнд төдийгүй хөдөө орон нутагт ч өнгөрсөн зургадугаар сарын 10-наас эхлэн хоёр сарын хугацаатай хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, хог хаягдлыг ачих, тээвэрлэх, устгах ажлыг зохион байгуулж байна. Мөн тодорхой цэгүүдийн нүхэн жорлонг устгаж, оронд нь эко нойл барих ажил хийгдэнэ. Аж ахуйн нэгжүүд болох шатахуун түгээх газар, зам зуурын хоолны газруудын нүхэн жорлонг буулгах тал дээр түлхүү анхаарах юм.

-Хөдөө орон нутгийн зам дагуу голын хажууханд эко нойл шинээр барьсан харагдсан. Гол үерлэснээс тухайн нойл усанд автсан байдалтай байна лээ.

-Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт зорчиж байгаа тохиолдолд 100 км-т юм уу олон улсын стандартаар амрах цэгүүдийг байгуулж байгаа. Голын ай сав хэсэгт хамаарах эсэхийг хэмжилтээр тогтоох боломжтой. Энэ тухайд байршил цэгийг нь бидэнд өгснөөр, тодорхой хариуцсан газарт нь мэдэгдэл шаардлага хүргүүлж, шаардлагатай гэж үзвэл тус нойлыг замын эсрэг тал руу нь нүүлгэн шилжүүлэх боломжтой.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдлоо DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр анхны хуралдаанаа хийж бүлгийн даргаа сонголоо. Бүлгийн даргад 68 хувийн саналаар УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл ялалт байгуулсан байна. Мөн бүлгийн хурлаас Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгуулахаар дэмжлээ.

2024 оны ээлжит сонгуулиар Ардчилсан нам УИХ-д 42 суудал авсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 27, Чөлөөт эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран 04:59 цагт мандаж, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хамтарсан Засгийн паян” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Элсэлтийн шалгалт маргааш эхлэхтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа. Тэрбээр”Шалгуулагч нэг удаа дахин шалгалтын хуудас авах эрхтэй” гэснийг V  нүүрээс үргэжлүүлэн уншаарай.

“Чингис хаан” музейн захирал, академич, доктор профессор С.Чулуун “Монголын түүхийг цогцоор нь харах боломжийг олгож байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хамтарсан Засгийн паян” нийтлэл хэвлэгдлээ

Анхдугаар чуулганаар гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томиллоо

Шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюун “Эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна” гэлээ.

АРЫН НҮҮР: Жолоо барьж байхдаа ч, гарцаар гарахдаа ч утасныхаа хэрэглээг больё

 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“УБТЗ” ХНН: Энэ оны эхний хагас жилд тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оныхоос өссөн DNN.mn

Энэ жил 75 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний хагас жилийн байдлаар 16.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар илүү байна.

Тодруулбал импортын 1.9 сая тонн, экспортын 5.5 сая тонн, орон нутгийн 6.4 сая тонн, дамжин өнгөрөх 2.6 сая тонн ачааг тус тус тээвэрлэжээ.

Тус нийгэмлэг нь өнгөрсөн онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоож байсан бөгөөд энэ онд амжилтаа улам ахиулах зорилттой ажиллаж байна.

“УБТЗ” ХНН нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмрээ оруулдаг тээврийн тэргүүлэгч компанийн нэг бөгөөд өнгөрсөн онд төмөр замаар тээвэрлэсэн нийт ачааны 92.5 хувийг дангаараа тээвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ц.Мандхайхатан: Энэ удаагийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчид 66 тэрбум төгрөг зарцуулсан байна DNN.mn

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын үйл явцад хяналт тавьж байгааг мэдээллээ.

Сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр хэлэхдээ “Урьдчилсан байдлаар сонгуульд ямар хэмжээний зардал гарч, орлого орсныг явцын зардлыг тайлангаас харж болно.

747 нэр дэвшигчийн зардлыг харахад 76 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Энэ нь хандив болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэтчилэн хуульд заасан эх үүсвэртэй.

Нам эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайлангаас харахад энэ удаагийн сонгуульд 66 тэрбум зарцуулагдсан.

Гэхдээ нам, эвслийн зардлын дансанд 87 тэрбум байна” гэв.

Явцын тайлантай холбоотой дүгнэлт:

  • Явцын тайланд орлого, зарлага, үлдэгдлийн дүн зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Нэр дэвшигчид ёс төдий тайлагнаж, наад захын нийлбэрийг хангаагүй, үлдэгдэл тодорхойгүй байх тохиолдол нэлээд гарлаа.
  • Нэр дэвшигч, нам эвслийн орлогоос илүү зарлага нь өндөр байлаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч, нам эвсэл өртэй үлдэж байна. Тухайлбал Иргэний Хөдөлгөөний Нам 640 сая төгрөгийн өртэй гэж тайлагнасан. Гэтэл дансанд нь 7.3 сая төгрөг байна. Тэгэхээр энэ нам 600 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж байна.
  • Орлого нь өндөр байгаа ч хуульд заагаагүй хандив буюу буцаах шаардлагатай хандив гэсэн дүн маш өндөр байгаа. Нийт нэр дэвшигчийн хувьд 8.7 тэрбум төгрөгийг буцаасан. Нам эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн хандивыг буцаасан байна.
  • Цаашид нам эвсэл, нэр дэвшигч өөрийнхөө дансанд хандив авсан мөртлөө зарцуулахгүй үлдэж байгаа их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулахгүй бол хандив аваад цаашид яах зохицуулалт ойлгомжгүй байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нэмж хэллээ.

Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын сайтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаа. Тэдгээр нэр дэвшигчээс 187 нь зардлын явцын тайлангаа тайлагнаагүй.

Тайлангаа ирүүлсэн 700 гаруй хүний мэдээллийг доторх агуулгаар нь харвал зардлын тайлангийн иж бүрдлийг бүрэн хангаагүй буюу гараар тэмдэглэх зэргээр мэдээллээ ёс төдий илгээсэн тохиолдлууд байна.

Нийт 787 нэр дэвшигчийн хандивын дансыг бүртгэж авсан тухайгаа Үндэсний аудитаас мэдээлсэн. Үүнээс ч олон нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлэлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаяр: Үндэсний эвсэлд хамтрах урилга ирээгүй. МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой DNN.mn

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо.

Тус ёслолын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар хэвлэлийн байгууллагуудад мэдээлэл  өгөв.

Тэрбээр “Ард иргэд сонголтоо МАН-д өгсөн. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж үзэж байна. Бидэнд ямар нэгэн хамтрах урилга ирээгүй. Дөрвөн жилийн хугацаа байна, харна. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно.

Иргэд, сонгогчид Үндэсний эвслийг УИХ-д байх ёстой улс төрийн хүчин гэж үзсэн. Би МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн. Дахин тийшээ зүглээд байх сэтгэл алга.

Миний өнгөрсөн 12 жилийн улс төр ямар нэгэн байдлаар хувийн эрх ашиг хөөцөлдөж яваагүй гэдгийг нотолдог. Ашиг сонирхлын зөрчил үүсэх санал хураалтад би оролцдоггүй.

Өнгөрсөн УИХ-аар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурах дайны юм болсон. Дийлэнх олонхоороо байсан МАН-ын хувьд хавтсыг нь харуулаад хуудас руу орж чадахгүй хаасан. Сонсгол нэртэй олон асуудлыг эргээд сөхнө.

Намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөсөн ажлууд байгаа.

Ерөнхийлөгч намын дарга нартай уулзахдаа дотоодод улс төржилтөөс үүсээд буй асуудалд цэг тавихыг хүссэн. Мөн гадаад бодлогыг илэрхийлэгч ерөнхийлөгч хүний хувьд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн” гэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй эвлэрсэн үү гэж асуухад тэрбээр “Өнгөрсөн улс төрийн он жилүүдэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчтэй зарчмын зөрүүтэй байр суурь, үл ойлголцлууд маш их болж байсан. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. У.Хүрэлсүх болон миний буруутай үг, үйлдэл бий.

Үүнийг улс орны төлөө ойлголцоод ярилцаж, цэг тавих зүйл дээр цэг тавина. Нэгэнт баримталдаг зарчим итгэл үнэмшлээсээ ухрахгүйгээр түүнийгээ хадгалж, ойлголцоод урагшлахыг би хувь улс төрчийн хувьд барина. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн ийм зарчмыг баримталж байгаа” хэмээн хариулав.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орно DNN.mn

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ учраас нарийвчилсан мэдээллийг бид цаг алдалгүй гаргах болно. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.