Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эмийн чанарын тухай шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Энэ хуулийн гол онцлог зүйл заалт нь юу байх вэ?

-Нэгт, энэ асуудлыг сонирхож асууж байгаа танай сонинд баярлалаа. Тэгэхээр та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн парламент 2020-2024оны сонгуулиар бүрэлдсэн парламентын чухал том дэвшил нь Хянан шалгах тухай хууль батлагдсан. 2023 оноос хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд үүнтэй холбоотой эмийн үнийн өсөлт, учир шалтгааныг судлах хянан шалгах түр хороог байгуулж миний бие ахалж ажилласан. Ингээд 2024 оны тавдугаар сараас зургадугаар сарын хооронд хянан шалгах үйл ажиллагаа буюу тайлангаа сонсгол хийсэн. Сонсгол дээр маш олон зөрчлүүд буюу үнэтэй холбоотой, чанартай холбоотой, тогтолцооны алдааг харуулсан дээрээс нь эмийн чанар, үнэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг ил гаргаж олон нийтэд сонсгосон. Үүний үр дүнд энэ болохгүй байгаа бүх зүйлүүдийг, эрүүл мэндийн хамгийн чухал нэг хэрэгсэл болоод байгаа эмийн асуудалтай холбоотой асуудлыг цэгцлэх зорилгоор хууль амжиж баталсан явдал юм. Хүмүүс надаас их асуудаг. Хянан шалгах хороо гээд зөндөө зүйл хийлээ, цаад үр дүн нь юу юм гээд байгаа. Үр дүн нь бид хууль баталсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл түүний тухай шинэчилсэн найруулгын хуулийг баталж чадсан явдал бол энэ сонсголын чухал том үр дүн. Сонсгол дээр ярьсан зарим зүйлүүдийг тодруулж сануулж хэлье гэж бодож байна. Тухайлбал, хугацаа нь дуусчихсан эмийг яаж нэвтрүүлдэг, хөлдөөсөн дуслыг хэрхэн буцааж зөвшөөрөөд Монгол Улсад хэрэглэдэг, үнэ хэд нугалсан байгааг тоо баримтаар харуулж чадсан.

Нөгөө чанар шалгах газар нь музей мэт болчихсон. Аппаратууд нь эвдэрчихсэн байсан. Хамаарал бүхий этгээдүүд гээд хайхаар хамаарал бус этгээдүүд ерөөсөө гарч ирэхгүй байсан. Нэрс сонсгож байсныг та бүхэн санаж байгаа байх

Нэг ёсондоо ажлаа хийх ёстой тодорхой хэдэн төрийн албан хаагчид нь хувийн хэвшлийн компаниудтай хуйвалдаа эмийн булхай луйвар хийдэг байсныг гэрчилж харуулсан шүү дээ. Үүнтэй холбоотой хамгийн чухал зүйл бол хүний эмийн зөвлөлийн асуудал яригдсан. Хүний эмийн зөвлөл дээр яагаад чухал шаардлагатай эмүүдээ гаргаж батлахгүй удаадаг юм. Эсвэл ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээгүй зүйлийг яагаад баталдаг зэрэг маш олон зөрчлүүд илрүүлсэн. Мөн дээрээс нь хувийн хэвшилд эмийн ханган нийлүүлэх байгууллагаа өгчихөөд үнээ буулга гэдэг нь хэрэгжих боломжгүй. Энэ хүртэл үнийн өсөлтийг иргэдэд өөрсдөд нь хянуулах нь хамгийн сайн механизм юм байна. “Төр түмэн нүдтэй” гэдэг шиг иргэд өөрсдөө хяналтдаа оруулж, хэд нугалж буцаагаад зардгийг үзэж хянах боломжийг хүртэл энэ хуулинд оруулж өгсөн. Тиймээс хууль аравдугаар сарын 1-нд хэрэгжих гэж байгаа явдал бол ирээдүйд Монгол Улсад эм илүү их чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдэж байгаа хууль. Тэр ч утгаараа ээлжит бус чуулганд тогтоолын төсөл санаачлаад энэ ажлыг улам эрчимжүүлж чадсан юм.

-Гадны том улсуудын лабораториор бүрэн баталгаажчихсан эм, эмнэлгийн хэрэгслийг Монголд оруулж ирэх гэхээр дахин шалгаж байгаа нэрээр удаадаг гэдэг асуудар яригдсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хамгийн гол сэдэв байгаа юм. Яагаад сайн эм Монголын зах зээлд орж ирж чадахгүй, цаг алддаг гэдгийн гол шалтгаан нь нөгөө бүртгэх процесс. Дээрээс нь тэр өндөр хөгжилтэй улсын сайн гэсэн эмийг Монголд баталгаажуулах лаборатори ямар байгаа билээ. Тэгсэн хэрнээ дахиад шалгана гээд байдаг. Тэгээд шалгаж чадахгүй зүйлээ шалгах гээд байдаг. Эмийн компаниудтай уулзахад тэд зовлон, жаргалаа хэлж л байна лээ. Танай Монголд хийдэггүй шинжилгээний дүнг та бүхэн нэхээд байх юм. Тэгэх шаардлага байдаг юм уу гэсэн асуудал яригдаж байсан. Тэгэхдээ яахав тусгаар тогтносон Монгол Улс байна даа.Үнэхээр чанартай эм орж ирж байна уу гэдгийг шалгаж л байх хэрэгтэй. Тиймээс лабораторийн чадавхыг сайжруулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл сонсголоос тухайн үеийн Эрүүл мэндийн сайд нэлээд идэвх санаачлагатай ажиллаад ДЭМБ-аас дэмжлэг үзүүлээд 1,4 сая ам.долларын эмийн чанар шалгадаг лаборатори байгуулах шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Одоо сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийг авсан гэх мэдээлэл ирсэн. Тэгэхээр бид ямар ч гэсэн Монгол Улсдаа зах дээл дээр байгаа эмийг дуртай үедээ авч үзээд чанартай байна уу, үгүй юу гэдгийг шалгах нөхцөл бүрдэж байна. Хоёрт, Итгэлцлийн гэрээ гэх маш чухал зүйлийг хуулиндаа оруулж өгсөн. ДЭМБ-ын зүгээс энэ аргыг та бүхэн хэрэглээч гэдэг зүйлийг сурталчлаад байгаа юм. Тэр нь эмийн чанараа хянаж чаддаг өндөр зохицуулалтай орнуудын эмийг итгэлцлээр энэ эмийг чанартай гэж үзсэн учир Монгол Улс дахин шалгахгүйгээр бүртгээд хэрэглэнэ гэдэг энэ тогтолцоог бид хуулиндаа оруулсан. Сая ээлжит бус чуулганы тогтоолд энийг оруулсан. Хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй орон учир хамаагүй оруулж ирнэ гэж бодоод байгаа юм. Тийм биш шүү. Хоёр улсын Засгийн газар тэр дотроо Эрүүл мэндийн яам нь итгэлцлийн гэрээ байгуулах шаардлагатай. Жишээлбэл, монголчуудын хамгийн их очдог БНСУ-ын ЭМЯ-ны Эмийн агентлагтай гэрээ хэлэлцээр хийх нь байна. Манай Монгол Улс танай улсыг сайн чанарын эм хэрэглэдэг, ард иргэддээ сайн чанартай эм өгдөг учраас танай Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны гэрээ хийнэ. Энэ гэрээ хийсний дараа тухайн улсад бүртгэлтэй эмийн жагсаалтыг үзэх эрхтэй болчихож байгаа юм. Хилээр орж ирэхэд гаалийн ажилтан эмийг бүртгэлд байгаа эсэхийг шалгадаг. Тэгэхээр тэр бүртгэлийг гаалийн ажилтан үзэх эрхтэй болж байгаа юм. Тэр улс зөвшөөрсөн, эх орондоо хэрэглэж байгаа эмийг бид зөвшөөрсөнтэй ижлээр Монголдоо үзээд бүртгэлтэй юм байна. Дараа эдгээр зүйлийг шалгаарай гэдэг нарийн зүйлүүд орж ирэх юм. Хоёр талдаа хариуцлагатай байх. 24 цаг онлайн байх шаардлагатай. Энэ мэтчилэн бүртгэлтэй гэж хялбаршуулаад дахин бүртгэл үүсгэхгүйгээр Монголын зах зээлд оруулж ирэх юм. Ингэхдээ эм ханган нийлүүлэх эрхтэй байгууллагууд л оруулж ирнэ. Ерөнхийдөө бүртгэх, шалгах процессыг нь хялбаршуулж өгч байгаа юм. Тэгэхээр цаг алдахгүй, төлбөр хэмнэх боломж бүрдэнэ.

-Та хавдрын эмч хүн. Гэтэл Монголд хавдрын эм, хэрэгсэл хамгийн муу байдаг гэх юм. Тийм юм уу?

-Ер нь бид өнгөрсөн 30 жилийн алдааг ярихаар эмийн чанар дээр Монгол Улс маш том бодлогын алдаа гаргасан. Тухайн үед 1990-ээд оны төгсгөл үеэр Монголын зах зээл картын бараанд шилжсэн, дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйл байгаагүй. Тэгвэл тэр үед эрүүл мэндийн салбарууд эм ханган нийлүүлэх байгууллагагүй, улс мөнгөгүй, иргэд ганзгаар юм зөөдөг байсан. Чингэлгээр эмийг зардаг байлаа. Тэр үед хэрэгжиж эхэлсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тендерийн хууль хамгийн хямд үнэтэй. Нэг ёсондоо ханган нийлүүлэлтээ алдахгүй байя гэсэн том зорилго тавьчихсан байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байдалд хүрэв. Тэр үед нэг иргэнд 300 ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн оногддог байсан Монгол Улс өнөөдөр 5000 ам.доллар болчихоод байна. Хямд үнэтэй барааг шахдаг тогтолцоог Монголын нийгэм, өнөөгийн хөгжилд нийцэхгүй болж байгаагийн тод илрэл юм. Энд ганцхан хавдрын эм ч биш. Тэр ч утгаараа 2020-2024 оны парламентын гишүүн байсан хүний хувьд хэлэхэд бид энэ тогтолцоог сольсон. Жишээлбэл, Тендерийн хуулинд эмийн худалдан авах үйл ажиллагааг чанар нэгдүгээр үзүүлэлт, үнэ дараа нь гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тогтолцоог нь эрүүл болгох хэрэгтэй. Чанартай эмийг үнээр нь биш чанараар нь шалгаж авах ёстой. Эмийн хуулиар яаж чанартай гэдгийг тогтоох вэ гэдэг зүйл заалтыг оруулж өгөөд энэ эм чанартай гэдэг аргачлал руу буцаад орж байна. Тиймээс дэвшил гарч эхэлсэн. Тухайлбал, хавдрын эмийн тухайд ийм туршлага байсан. Одоо сайжраад өнөөдөр бид хямд үнэтэй гэхээс илүүтэй чанартай, хордлого бага өгдөг эм оруулж ирдэг болсон. Турк, БНСУ, Энэтхэгээс сайн эм орж ирж байна. Манайхаас хөгжил буурай орноос авдаг байснаа больж байгаа гэхэд болно.

-Сая ээлжит бус чуулган хуралдаад төсвийн тодотгол хийлээ. Ирэх оны төсвийн төслөө ч УИХ-д өргөн барьсан. Тэгвэл нөгөө яриад байсан хавдрын шинэ эмнэлгийн асуудал энд туссан уу?

-Нэгдүгээрт, шинэ хавдрын эмнэлэг өртгийн хувьд их том төсөвтэй. Ер нь монголчууд бид дэлхийд байгаа хамгийн сайн эмчилгээг ард иргэддээ өгөх төсөл байгаа юм. Түүнээс биш зүгээр амбаар барьчихаад шинэ эмнэлэг барьсан гэж хэлж болохгүй. Эмнэлгийн барилга өөр болсныг ковид, цар тахлын үе бидэнд харуулсан. Өнгөрсөн 2020-2024 онд хийж амжуулсан зүйл юу вэ гэхээр газрын асуудал. Хавдар судлалын үндэсний төв өөрийн гэсэн газартай байх нь маш чухал зүйл. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гишүүн байхдаа СХД-т газар олгох асуудалд их дэмжлэг үзүүлсэн.Тухайн үед 18 га газрыг геодизийн судалгаа хийж үзэхэд доогуур нь цэвэр усны судал урсаж байгаа учир том бүтээн байгуулалт барьж болохгүй гээд зогсоосон. Тэгээд 2022 оноос хөөцөлдсөөр байгаад Чулуутын ам буюу Богд уулын цаад талд Туул зөрлөг БЗД-т 11 га газрыг Хавдар судлалын төвийн нэр дээр авч өгсөн. Үүнийг авахад тухайн үеийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусалж дэмжижөгсөн юм. Харин энэ жил 11 тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн. Ямар ч байсан энэ ажил явна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Дэлгэрбаяр: Улаанбурхны вакцин хийлгэснээс хойш сарын дараа томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Халдвараас сэргийлэлт хяналт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяртай ярилцлаа


-Одоогоор ямар төрлийн ханиад, томуу элбэг байна. Вирусын онцлог нь юу вэ?

-Энэ жилийн томуугийн улирал яг одоогоор эхлээгүй. Томуугийн улирал эхлэх шатандаа явж байна. Энэ сараас ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл томуугийн улирал үргэлжилдэг гэж үздэг. Яг томуугийн А, В хүрээний вирус эргэлтэнд ороогүй байна. Интер, адино зэрэг жижиг вирусуудын дэгдэлт явагдаж байгаа. Өндөр, хоруу чанартай вирус ажиглагдаагүй. Манай эмнэлэг хүүхдийн 140 ортой. Эрчимт эмчилгээний 10 ортой. Өнөөдрийн/ өчигдрийн/ байдлаар хүүхдийн тасагт 135 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь хэвийн хэмжээндээ байгаа гэж ойлгож болно. Түүнээс томуу дэгдээд, өвчлөл нэмэгдсэн зүйл байхгүй.

-Хоруу чанартай томуугийн вирус ажиглагдаагүй гэлээ. Хүмүүс ханиад удаан эдгээд байна гэх юм. Мөн ковидтой төстэй ханиад гараад байна уу гэж асуух гээд байна л даа?

-Ковидын шинж тэмдэг нь тодорхой болчихсон учраас томуугийн вирусны нэг төрөлд оруулж, хамтад нь тандаж, эмчилдэг болсон. Амьсгалын замын халдвар учраас ковид тодорхой хэмжээгээр 100, 1000 хүүхдэд нэг гэдэг байдлаар тохиолдож байгаа. Бид долоо хоног бүр харуулдан тандалтын нэгжээрээ дамжуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү сорьцууд явуулдаг. Эдгээр сорьцонд ковид, адино, А хүрээний вирусуудын аль нь болохыг ялгаж, илүү давамгай гэж үзсэн вирусийн эмчилгээний заавар, зөвлөмжийг эмч нартаа өгдөг. Одоогоор ковид, томуугийн А,В хүрээний вирус илрээгүй. Тэгэхээр шууд ковид, томуу дэгдчихлээ гэж үзэх боломжгүй.

-Шингэн нус гоожоод ханиад хүрчихлээ гэж их байна. Энэ нь ямар вирус вэ?

-Ямар ч вирусийн төрлөөр хүүхэд өвдөхөд хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь хамраас нус гоожих, ханиалгах, халуурах шинжүүд илэрдэг. Сүүлийн үед шөнөдөө их хүйтэн хонож байна. Тиймээс тухайн хүүхдийн бие организм эсэргүүцэл үзүүлж, ханиад томуудаа бэлдэж байна гэсэн үг. Шууд нус гоожлоо, ханиалгалаа  гээд томуу тусчихлаа гэж ойлгож болохгүй. Хөнгөн хэлбэрийн ханиад явагдаж байгаа юм.

Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор шууд томуугийн дэгдэлт эхэлчихлээ гэж хэлэхгүй. Бага зэргийн ханиад хүрлээ гээд яаран эмчилгээ хийлгүй дулаан хувцаслаж, гэрийн аргаар эмчилж, илчлэгтэй хоол өгч, шингэн юмыг нь сайн уулгаж аль болох тухайн хүүхдийн биеийн эсэргүүцлийг нь нэмэгдүүлэх боломжтой.

-Сайн дурын үндсэн дээр сургууль, цэцэрлэгүүдээр дамжуулан томуугийн вакцин жил бүр хийдэг. Ингэхдээ хугацаа алдаж хийгддэг гэх шүүмжлэлийг их дагуулдаг. Энэ жилийн хувьд яаж зохицуулсан бэ?

-Энэ талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Энэ жил вакцинаа эрт өнгөрсөн долдугаар сард татсан. Өмнө нь есдүгээр сарын сүүл аравдугаар сард томуугийн вирусийн эсрэг вакциныг хийдэг байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хийж эхлүүлсэн. Мөн дархлаажуулалтын 10 хоногийн аяныг жил бүр зарладаг. Уг аян нь өнгөрсөн наймдугаар сарын 26-наас эхэлсэн.

Зургаан сартайгаас эхлэн тав хүртэлх насны цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хүндрэл өгөх эрсдэлтэй өндөр настнууд,сайн дурын үндсэн дээр гэдэг байдлаар томуугийн эсрэг вакциныг хийж байна. Өрхийн эмнэлэг болон цэцэрлэгүүд дээр вакцин хийгдэж байгаа.

-Улаанбурхны халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүүхэд хэр удаан хугацааны дараа томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой вэ?

-Саяхан бид улаанбурхны халдварын эсрэг вакциныг хүүхдүүдэд хийсэн. Уг вакциныг хийлгэснээс сарын дараа томуугийн вакцинд таны хүүхэд хамрагдах ёстой гэдгийг эцэг, эхчүүд маш сайн анхаарах хэрэгтэй. Улаанбурхан өвчин гаднаас тээвэрлэгдсэн тохиолдол манай улсад бүртгэгдсэн. Тиймээс эрсдлээ тооцож, улаанбурхны халдварын эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр авч хийлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс улаанбурхны вакциныг хийж эхэлсэн тул зарим сар болчихсон хүүхдүүдийн хувьд томуугийн вакциндаа хамрагдаж болно гэсэн үг.

-Бага ангийн сурагчдын хувьд улирлын томуугийн вакцинд хамрагдах боломжтой юу?

-Энэ нь сайн дурын үндсэн дээр явагдана. Эрсдэлт бүлэгтээ эхлээд томуугийн эсрэг вакциныг хийдэг. 0-5 насны хүүхдүүдийн дархлаа бүрэн тогтож амжаагүй байдаг тул хүндрэл үүсэх эрсдэлтэй. Жил бүрийн улирлын томууг анзаарч харвал 0-2 насны хүүхдүүд илүү өвддөг. Тэр тусмаа бага сартай хүүхдүүд илүү хүндрэх эрсдэлтэй байдаг. Жирэмсэн ээжүүд маань хүн тээж буй учир дархлаа нь унадаг. Хүндрэл өгөх эрсдэлтэй өндөр настнууд гэсэн эрсдэлт гурван бүлэгтээ эхэлж томуугийн вакциныг хийдэг. Мөн төрийн байгууллагат ажиллаж, олон хүнтэй харьцдаг цагдаа, эмч, багш нараа вакцинд хамруулдаг. Мөнгө санхүүтэй холбоотойгоор бүх хүмүүсийг дархлаажуулах хэмжээний вакциныг татах нь асуудалтай юм.

-Эцэг, эхчүүд ханиад томуугаас сэргийлж, хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих нь зөв бэ?

-Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь бага насны хүүхдийг өвлийн улиралд, томуугийн дэгдэлтийн үед аль болох олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. Хоёрдугаарт хүүхдүүдээ маш сайн чийрэгжүүлэх. Тухайн хүүхдээ дулаан хувцаслаж, чанарлаг хоол хүнс идүүлж байх ёстой. Хэрвээ олон нийтийн байгууллагаар дагуулж явах шаардлагатай бол амны хаалтыг зүүлгэж байх. Эцэг, эхчүүд гадуур явахдаа болж өгвөл өөрсдөө ч гэсэн амны хаалтаа зүүгээд гэртээ орж ирээд тайлж хэвших нь гаднаас ямар нэгэн вирусийн халдварыг хүүхдэдээ өгөхөөс сэргийлэх юм. Мөн гадуур явж ирээд, бие зассаны дараа, хоол идэхийнхээ өмнө гарыг маш сайн угааж хэвших зэргээр энгийн амьдралын дадал хэвшлүүдийг баримталж чадвал тухайн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн улирлын томуугийн эсрэг вакциндаа хүүхдүүдээ идэвхтэй хамруулах нь зүйтэй.

-Улаанбурхөн өвчний дэгдэлт хэр байгаа вэ. Танай дүүрэгт өвчний тохиолдол бүртгэгдсэн үү?

-Улаанбурхан өвний дэгдэлт одоогоор байхгүй. Монгол Улсад улаанбурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Тухайн хавьтал болсон дөрвөн тохиолдол нь өвдсөн. Улаанбурхан нь амьсгалын замаар маш хурд тай тархдаг өвчин. Тийм учраас сэрэмж лүүлэх байдлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна.

-Улаанбурхны вакцинд хамрагдсан бол уг өвчнөөр өвчлөхгүй гэж ойлгох нь зөв үү?

-Ер нь тийм. Аливаа вакцин тухайн хүний дархлааны тогтоцоос шалтгаалдаг. Вакцин хийлгэсэн бол хүмүүс огт тусахгүй юм шиг ярьдаг. Томуугийн вирус дээр ч гэсэн. Томуугийн вакцин хийлгэснээр огт өвдөхгүй гэж ойлгож болохгүй. Томуугаар өвдөхдөө дархлаа тогтоцоосоо хамаарч хөнгөн хэлбэрээр өвдөх, өвдөхгүй байх ч боломжтой. Бага насны хүүхдүүдийг томуугийн хүндрэлээс сэргийлж байгаа юм.

Энэ жил Солонгос улсад үйлдвэрлэгдсэн томуугийн дөрвөн цэнт вакциныг хийж байгаа. Улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинд цэцэрлэгийн хүүхдүүд түлхүү хамрагдаж, жирэмсэн ээжүүд, өндөр настнууд хойрго хандаж байгаа гэсэн судалгаа байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын 9 дүгээр сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, Гар одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6:26 цагт мандаж 19:11 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Элчин сайд Ц.Сүхбаатар “В.Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд байдалд үлдэж байна” хэмээснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн” гэв.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?” нийтлэл хэвлэгдлээ.

  • Баян-Өлгий аймгийн
    Ардчилсан намын дарга А.Бегарыс “Төр засгаас дэмжээд өгвөл Баян-Өлгий
    аймаг нэг сая жуулчин авах бүрэн боломжтой” гэлээ.
  • Дижитал шилжилтийг
    удирдахуй. Энэ тухай I болон IV нүүрээс уншаарай.
  • ЗГ: “Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн
    тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

БНСУ-ын хил дээрээс буцсан манай улсын иргэн Н.Содхүү “Ажил хийсэн гэдэг үндэслэлээр солонгосын хил дээр миний визийг тэр дор нь хүчингүй болгосон” хэмээн ярилаа.

ГАДААД МЭДЭЭ:  Камала Харрис, Дональд Трамп нар анх удаа ном хаялцав


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувь,өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.2 хувиар, барааны бүлгийн үнэ 5.9 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны наймдугаар сард 10.0 хувь байсан бол 2024 оны наймдугаар сард 6.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар буурсан байна. Инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 4 нэгж хувиар тус тус нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Турк улсаас албадан авчирчээ DNN.mn

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.09.11/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулав.

Categories
мэдээ улс-төр

Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Прага хотын амьтны хүрээлэн говь, хуурай хээрийн экосистемийн бүс нутгийн үнэлгээ хийх, улсын хэмжээнд экологийн хувьд ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа гүйцэтгэх, газар нутгийг тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгаль хамгаалах шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх,  Дорнод аймгийн Халх гол сумын дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолой гэх газар тахь нутагшуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Уулзалтын үеэр тахь нутагшуулах  төсөл болон зэрлэг ан амьтан хамгаалал, байгаль орчны салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Прага хотын амьтны хүрээлэн 30 гаруй жилийн турш Говийн их дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлж, хамгаалалтын захиргааны материаллаг баазыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгаад Тамгын газрын дарга Г.Занданшатар талархал илэрхийллээ.

1998 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн нэг азарга, хоёр гүүг Говийн их дархан цаазат газарт авчирсан түүхтэй. Мөн Хустайн нуруу, Хомын тал зэрэг газарт төсөл хэрэгжүүлсний дүнд тоо толгой нь өсөж, одоо 1,000 орчим тахь уугуул нутагтаа нутагшаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн болно.
Өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сард 22.6 сая тонн нүүрс олборлов DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний 8 сард 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Өнгөрсөн онд гэхэд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сард 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар биелүүлээд байна.

Нүүрсийг биржээр арилжиж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК амны гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс арилжиж байна. Дээрх хугацаанд биржийн 34 удаагийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжсаныг тус компани мэдээлжээ.