Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шар нуур” гэдэг газар www.icc.mn сайтад долоодугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчидтай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Үүнд:
- Баянгол 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас долдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл
- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны 00:00 цагаас долдугаар сарын 20-ны 08:00 цаг хүртэл
- Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг долдугаар сарын 16-наас долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байгаа тул уг байршлын замуудыг хэсэгчлэн хаах юм байна.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ зөвлөлөө.
Өдрийн сонины 2012 оны архиваас…………………………
Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаярын аав Ц.Гэлэгжамцгуайтай ярилцлаа.
-Өсөхбаяр аваргын хүүхэд ахуйн сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье?
-Аваргын бага насны тухай сонин хэвлэлүүд ч гарсан байх. Ах чинь (өөрийгөө хэлэв) ч ном бичсэн. Тэрүүнд ч орсон юм. Багадаа тайван томоотой, тийм хүүхэд байсан юм шүү дээ. Тэр байдлаар л өсч өндийж том хүн болж дээ. Ер нь багын байдал нь ямар байсан бэ гэвэл одоо байж байгаа байдлыг л нь сонирхоход бараг мэдэгдэнэ, буурьтай суурьтай. Хичээл сурлагадаа гайгүй, ноён нуруутай төлөв томоотой тэр л байдлаар яваа даа.
-“Буур” Н.Жамьян аваргын зээ хүү. Ээжийнхээ удмыг дагаад бөх болсон гэдэг. Харин таны удам бөхтэй юу?
-Ээжийнх нь аав Монгол Улсын анхны аварга хүн шүү дээ, даян аварга Жамьян. Анхны албан ёсны аварга хүн. Би сайн мэддэггүй юм аа, миний талд барилддаг хүмүүс байсан гэдэг юм. Нэг их том бөх байгаагүй юм шиг байна лээ. Гол нь ээжийнхээ талаас өвлөж авсан, Жамьян аваргын удам гэдгээрээ хүмүүст ойлгогдох
нь арай дээр юм даа.
-Өсөхөө аваргын бөх болох шинж нь хэзээ илэрсэн бэ. Бөхийн шинж бөхчүүдэд харилцан адилгүй илэрдэг гэдэг?
-Ерөөсөө хүмүүс тодорхойлсон байгаа ш дээ, “Аварга аваргаараа төрдөг юм аа” гэж. Андаш байхгүй шүү дээ. Таван килограмм шахуу жинтэй төрсөн гэж бодвол. Цэцэрлэг, сургуульд байхдаа үеийнхнээсээ овойсон том (инээв). Бие нь бадриун. Аяндаа
мэдэгддэг юм. Хөл, гар, тохой, өвдөг, хэрлэг мэрлэг бол ер нь тэгээд жирийн хүүхдээс арай өөр байдаг юм аа.
-Хүүгээ үндэсний бөхөөр барилдаж эхлэхэд нь эцэг хүний зөнгөөр ирээдүйд аварга болохыг нь мэдэрч байв уу?
-Өвөө нь хүмүүст захисан байдаг, бидэнд ч гэсэн ярьж л байсан.”Хоёрын хооронд бяр чадал муутай бөх бол үе мөч, хуруу гар нь мойног болохоос эхлүүлээд түвэгтэй байдаг юм. Барилдаж болмоор бол хорин нас хүргэж байж барилдуулсан нь дээр шүү” гэж. 1993 онд манай Архангай аймгийн 70 жилийн ой болох гээд. Ууган аймгуудын нэг шүү дээ, Архангай чинь. Өвөөгийнх нь нэрэмжит барилдаан Спортын төв ордонд болсон юм билээ. Тэгэхэд хүү маань энд сургуульд, бид хөдөө байсан. Тэр барилдаанд л анх зодог шуудаг өмсч гарсан байдаг юм. Өөрөө ч хорин нас хүрсэн, өвөөгийнх нь ч нэрэмжит барилдаан болж байгаа юм гээд аймаг орон нутгийнхан барилдуулъя гэсэн биз дээ. Тэгж л барилдаж эхэлсэн юм шүү дээ. Тэр онд аймгийн
70 жилээр очиж барилдсан юм. Үндэсний бөхөөр нэг их хичээллээгүй байсан үе. Тэнд барилдчихаад, өвөөгийнхөө төрсөн нутаг Цахир сумын наадамд очсон. Цахир сум татан буугдчихаад дахин шинээр буцаж нэг юм байгуулагдаад, тэр жил. Тэгээд
сумынхаа наадмыг хийсэн юм. Тэнд очиж барилдаж түрүүлээд сумын заан болсон. 1993 оноос үндэсний бөх рүү орж эхэлж дээ.
1990 онд аравдугаар ангиа төгсч ирээд чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт орсон. Чөлөөт бөхөөр нэлээд түрүү эхэлсэн хүн дээ.
-Аваргыг өдөрт бага багаар олон хооллодог гэдэг юм билээ. Зарим бөхчүүд өдөрт ганц сайн цадчихаар болоод явчихдаг гэдэг юм?
-Ер нь хаашаа юм бэ дээ, би бас тийм хүн. Нэг дор арвин иддэггүй. Бага иддэг хүн чинь богино хугацаагаар олон дахиж хооллох шаардлагатай байдаг юм шиг байгаа юм.
-Өсөхбаяр аваргыг аварга болсон 2003 оны наадмын тэр агшин одоо ч санаанаас гардаггүй юм. Түүнийг бөхчүүд, бөх сонирхогчид мөрөн дээрээ өргөөд, үзэгчид нэгэн дуугаар “Өсөхөө, Өсөхөө” гэж хашгирцгаагаад л?
-1993 онд тэгж сумын заан болоод дараа жил нь цэргийн наадамд барилдаж цэргийн заан болсон юм. Түүний дараа аймгийн наадамд очиж түрүүлж аймгийн арслан цолтой болсон юм шүү дээ. 1995 онд улсын заан болохынхоо өмнө цэргийн наадамд дахин
түрүүлж, одоогийнхоор хурц арслан болсон. Тэгээд наадмаар шууд улсын заан болсон нь тэр. Заан цолтой явсаар байгаад 2002 онд анх түрүүлээ биз дээ. 1995 оноос 2002 он хүртэл зургаа, долоон жилийн турш бид хүүгээ түрүүлнэ байх гэж бодоод нэлээд хүлээж байсан юм. Үе тэнгийн зургаан залуу заан гэж байсан. Наадамд тунадаг. Аль нэгэндээ унадаг. Тийм л яваад байсан юм билээ. 2002 онд түрүүлж арслан болоод дараа жил нь түрүүлж аварга цол хүртээд 2005 онд байх аа далай аварга болоод 2009 онд далай даян аварга болж байгаа юм. Уг нь бол манай монголын үндэсний бөхийн түрүүхэн мөрдөж байсан дүрмээр дөрөв түрүүлчихсэн дархан аварга хүн л дээ. Сүүлд нь дүрэмд нь өөрчлөлт орсон юм уу, яасан юм далай даян аварга гэж хамт өгдөг байсныг нь хоёр салгасан, тийм л юм билээ. Хүү минь дархан аваргын болзлоо хангачихсан юм. Хэвлэлүүдээр хүүг минь “Дархан аварга хүн” гэж бичиж л байдаг. Д.Цэрэнтогтох аварга дөрөв түрүүлчихсэн дархан аварга. Өөр, өмнө нь хоёр түрүүлчихсэн дархан аварга ч бий. За яах вэ, ер нь тэгээд дархан ч бай, даян ч бай одоо мөрдөж байгаа юмаараа л явж байгаа юм. Дөрвөн удаа долоо давсан, гурван удаа найм давсан байдаг юм. Тэгээд дөрвөн удаа түрүүлчихсэн. Зургаагийн даваанд нэг, долоогийн даваанд
нэг унасан байх шив, дунд шөвөгт. Тийм л амжилттай яваа юм. Одоо тэгээд цаашдаа ч гэсэн болоогүй л дээ. Барилдах боломж байгаа.
-“Алдар” спорт хорооны дарга болсныхоо дараа “Бэлтгэл хийхэд бүр ч амар, ойрхон боллоо” гэж Г.Өсөхбаяр аварга ярьж байсан юм?
-Би ч тэгж бодож байгаа юм. Тэнд зааланд бөхчүүд бэлтгэл хийж байхад хараад суухгүй ш дээ. Ороод бүр далиманд нь, конторынх нь хажууд заал нь байж байгаа юм чинь. Аль нэг спорт заалыг түрээсээр авчихаад л Архангайн бөхчүүд бэлтгэлээ энэ жил энд хийж байгаа, тэнд хийж байгаа гээд л түрээсийн байртай зайлуул яваад л байдаг. Одоо бол боломжтой, “Алдар” нийгэмлэг бөхчүүд сайтай ш дээ. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж байхад бүр боломжтой. Өөрийнх нь ярьж байгаагаар бол ортой, үнэн л байгаа даа.
-Гэр нь ойр болохоор хүү тань аав ээж дээрээ байнга ирж очдог байлгүй?
-Ойрхоон, ойрхон. Байнга ирнэ. Заримдаа “Өдөр очиж хоол идмээр байна. Сайхан шөлтэй хоол хийчихээрэй” гэнэ. Тэгээд л ирж байгаа юм. Салахгүй ээ. Манай хоёр банди гэрсэг. Хоёр хөгшин нь байж байхлаар тэгдэг ч юм уу. Яваад л сураглаад л. Бид
хоёр ч яахав дээ, өөр ажил хийх биш. Хоол унд хийхээс өөр ажилгүй улс чинь хүрээд ирэхэд нь халуун цай, аяга хоолтой байж байдаг. Зүгээр байдаг байх даа.
-Аварга царай төрхөөрөө тантай адилхан. Барилдах авьяасыг ээжийнхээ талаас өвлөсөн бол харагдах төрхийг танаас авч дээ?
-Өсөхбаярын хүүхдүүд нь миний залуу үеийн зураг, аавынхаа зураг хоёрыг ялгахгүй шүү (инээв). Саяхан хүүхдүүд нь орж ирэхээр бага бандиас нь “Энэ хэн бэ” гээд өөрийнхөө залуу цагийн зургийг харуулсан чинь “Аав л байна” гэж байна лээ.
-Залуу зургаан зааны үед үндэсний бөхийг ард түмэн шимтэн үздэг байв. Тэдгээр заанууд нэг нэгээрээ дэвжээнээсээ холдоод барилдахаа больчих шиг боллоо. Г.Өсөхбаяр аварга л үлдэж. Гэтэл тэднийг залгаад залуу шинэ бөхчүүдийн үе гараад ирлээ?
-Би тавиад оны сүүл 57, 58 оноос л бөх нэлээд үзэж эхэлсэн. Манай аймгийн Ж.Чойжилсүрэн арслан бид хоёр чацуу юм. У.Мижиддорж арслан гээд л нэг үеийн айхавтар бөхчүүд Архангайгаас гарч ирсэн ш дээ. Улсад 1962 онд байна уу даа, дөрвөн бөх үлдэхэд гурав нь Архангайнх байсан. Д.Жамц арслан түрүүлсэн байгаа юм. Ж.Чойжилсүрэн арслан, Ч.Адьяа заан, Говь-Алтайн Пүрэв үлдсэн. Тэр үеэс л бөх их сонирхдог болсон доо. Ах чинь (өөрийгөө хэлэв) Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг. Ж.Чойжилсүрэн арслан Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурдаг. Бид хөдөө аж ахуйн шугамаараа, бас үе тэнгийнх. Тэр үеэс л бөхийг их сонирхож эхэлсэн. Хөдөөнөөс хотод орж ирж улсын наадам үздэг байлаа би, 58, 59 оны үед.
Сонирхол юм л даа. Сүүлд бандийг (Г.Өсөхбаяр аваргыг хэлэв) барилдаж эхэлснээс хойш 1994 оноос хойш 17, 18 жил наадмын талбайгаас салахаа байсан шүү дээ. Наадмын хоёр өдөр бол яаж ийж байгаад л суучихна.
Бөхийн тухайд бол нэг хэсэг, эхэндээ сонирхож л байж дээ. Сүүлд хараад байхад үзэж байх ёстой. Үзээд өөртөө бас дүгнэлт хиймээр монголын мундаг өв соёл юм аа. Мундаг өв соёл гэдэг тэр талаас нь харж байгаа юм.
Бөхийн номууд зөндөө гарсан л даа. Нэлээд дээхнэ үед Дугар аварга, Гэлэгсэнгээ аварга энэ тэр гээд Даншигийн мундаг аваргууд
зүүн талд голдуу байсан байдаг юм. Сэцэн хан аймгийнхан гэж. Бөх судлаач Ц.Бат-Очир “Бөх зүүн талаасаа нүүж байгаа юм” гэж бичсэн байсан. Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл рүү нүүсэн. Гэтэл одоо ажиглаад байхад баруун тийшлээд байна. Увс, Говь-Алтай чигээс сайн бөхчүүд гарч ирээд байна. Хүмүүс
баримжаатай, айхавтар судалжээ, нарийн эд юм шиг байгаа юм. Тэгэхээр бөх нүүж байж магадгүй.
Арваад жилээр зааглаад ярихад үе үеэрээ төрж байгаа. Өсөхбаярын үеийн зургаан заан. Зургаан заанд ороогүй болохоос И.Доржсамбуу, Д.Бумбаяр, Ч.Батзориг, О.Одгэрэл гэж дөрвөн заан нэг жил гарч ирсэн. Нэг л үеийнхэн. Одоо бол эд нарын
дараахь үе гарчихаад байх шиг байна.
-Шинэ залуу бөхчүүдээс барилдааныг нь шимтэн үздэг, уран гоё барилдаантай гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Ийм асуултад онцолж хэлэхээр хүмүүсийг орхино. Үндэсний бөх сүүлийн үед айхавтар хөгжиж байна. Бөхийн олон сургуулиуд бий болсон. Залуучууд дээхнэ үеийнх шиг мал маллана гэх тиймэрхүү ажил хийнэ гэхгүй, хот руу ихээр төвлөрөөд ороод ирсэн. Тэгэхээр тэр нь гэхээр түвэгтэй болчихсон байна. Зургаан залуу заан
гэж ялгаад авчихад хүртэл хэцүү болсон байна. Одоо зургааг биш арвыг бүр хорь, гучийг авч байж нэг үеийнхэн гэж хэлмээр юм уу. Тийм болчихсон харагдаад. Тийм учраас наадах асуултад чинь ах нь тодорхой хариулт өгөхөд түвэгтэй (инээв).
-Бөх хүний ар гэрийнхэн наадам дөхөхөөр сэтгэл нь гэгэлзэж, санаа зовомтгой болчихдог гэдэг. Таны хувьд?
-Гайгүй ээ. Би тайван хүн. Яаж байгаа бол, чилж байгаа болов уу, сэтгэл нь хөдлөөд юу болж байгаа бол гэж зарим нь эмээдэг л юм шиг байгаа юм. Сүүлдээ сурчихсан гайгүй байна. Гайгүй талдаа.
Бөх үзнэ гэдэг хэцүү. Нэг удаа бөх үзэх гээд ээжтэй нь хамт орсон юм. Тэгтэл М.Мөнгөн арслан “Ээж нь хүүхдийнхээ барилдааныг тулж үзмээргүй байгаа юм. Эхийнх нь харц хүүд нь хүндэддэг юм шүү” гэсэн. Тэгээд манай хөгшин чинь тэрнээс хойш зааланд нэг их очиж үзэхээ больчихсон.
-Бөхчүүд бай шагналыг нь голоод баргийн барилдаанд зодоглохоо байсан гэж шүүмжлэгддэг болоод байгаа?
-Монголд төрөл бүрийн спорт хөгжиж байх шиг байна. 2008 оны олимпод амжилт гаргаад гурван алт, хоёр мөнгөн медаль авсан билүү. Тэрнээс хойш төр засаг, ард түмэн монголчууд ямар ч спортоор амжилт гаргаж болох юм байна гэдгийг ойлгоцгоосон.
Энэ рүү их анхаардаг болжээ. Анхаарлын төвд байх ёстой спортын төрлүүд дундаас үндэсний бөхийг сүрхий анхаарч байх ёстой юм. Би ингэж бодоод байгаа. Хурдан морины уралдаан өвөл зунгүй болж байна. Засгийн газрын шийдвэрээр гэж ярих юм.
За яахав, наадмын барилдааныг Засгийн газар, УИХ нь шийдвэр гаргадаг юм уу ямар ч байлаа гэсэн уламжлалт наадам болохоор
дээрээсээ анхаардаг. Бусад үед нь яагаад хурдан морины уралдаан шиг Засгийн газар шийдвэр гаргаад, төрөөс зарим санхүүгийн асуудлыг нь шийдээд барилдаан зохион байгуулж болдоггүй юм. Одоо зайлуул үндэсний бөхийн холбоо хуруу хумсаа хуйхлаад бай шагнал урамшууллыг нь өгөөд яваад байна. Үндэсний бөхөд
ийм л юм жаахан дутаад байх шиг санагддаг юм.
Д.ГАНСАРУУЛ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………..
Охиноо хүний гарт алдчихаад аргаа барахдаа манай сэтгүүлч рүү зовлонгоо ярьж ирсэн өвгөн ах ийм үг хэлсэн юм. “Монголын цагдаагийн залуу үе үнэхээр шударга юм. Цагдаагийн залуухан мөрдөгч “Ахаа хоёулаа алуурчдыг заавал олноо” гэж хэлсэн. Тэд ч олсон. Даанч…” гээд эр хүний харам байдаг нулимсыг энгэрээ нортол асгаруулж билээ. Сонины редакци руу маань зорьж ирэн манай сэтгүүлчид харууслаа хуваалцаж суусан өвгөний нулимсанд нуугдсан гунигаас тангараг өргөсөн цагдаагийн ажилтанд итгэсэн итгэлийг нь олж харсан юм. Нээрээ Монголын цагдаад шударга хүмүүс бий шүү.
Саяхан бид хар тамхины цуврал нийтлэл бэлтгэж явахдаа тэдний ажлын хүнд хүчрийг жаахан ч гэсэн гадарласан юм. Эрсдэлтэй ч нийгэмд аюулын харанга дэлдээд буй хар тамхичдын талаар эрэн сурвалжлахаар хөдлөхдөө өдөр бүр үүнээс ч аюултай гал дундуур явдаг цагдаа, хүчний байгууллагынхны ажил ямар хүнд бэрх байдаг бол хэмээн бид ярилцаж, тэдний ажлын зах зухаас жаахан ч гэсэн мэддэг болсон. Цалин мөнгө багатай, ажиллах боломж тааруухан, улаан гараараа л зэвсэглэсэн тэд яахаас буцахгүй хүн араатнуудтай байнга л тулдаг. Тэдний тухай янз бүрээр хэвлэлээр бичдэг ч үнэндээ бас Монголын цагдаагаар бахархах зүйл олон бий. Монголын цагдаад томоохон хэргийг илрүүлэх чадвар, мэргэжлийн ур чадвар эр зориг байна. Гэвч дээр байдаг урт хар гар цагдаагийн шударга залуусын хийсэн ажил, урам зоригийг мохоож орхидог. Тэгээд хэрэг замхрахаар цагдаа л буруутай болдог. Үнэн хэрэгтээ цагдаа илрүүлээд ирэхээр цаана нь таслан зогсоочихдог явдал олон байна. Цагдаа нар аль муу болгоны бай болдог. Авгай нөхрийн зодоон, бар цэнгээний газрын хэрүүлээс эхлээд, согтуу, галзуу, алуурчин дээрэмчин жагсаал, цуглаан, баяр наадмын хамгаалалтад ч ээлж, амралт байхгүй нөгөө муу хэдэн цагдаа нар л явдаг. Ард түмнээ төр нь цагдаатай байлдуулж бие биенийг нь хэмлүүлнэ. Сүүлдээ байгаль хамгаалуулж, Тэрэлж, Сэлэнгийн замд явган хоёр цагдаа зогсоодог болсон. Жийптэй хулгайч нарын араас явган таваргасан тэднийг яаж хулгайчийг барь гэсэн юм бол.
Бүр байтлаа “АСА” циркийнхэнд гологдсон хоёр бамбаруушийг хүртэл цагдаа нарт хүлээлгэж өгөхдөө тулав. Нөгөөдүүл цалингийнхаа хэдээс хоол хүнсийг нь базаадаг бололтой.
Ертөнцийн хамаг хэцүү муу бүхний өөдөөс цагдаа нарыг л тавих юм. Үнэндээ эргүүлийн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн дунд бараг төрийн эргэлт хийлээ. Олон ч хэргийг газар дээр нь илрүүлсэн.
Энд бид Эрүүгийн цагдааг онцолъё. Монголд гарсан онц ноцтой хэргүүдийг хамгийн түрүүнд тэд илрүүлж байна. Харин дараа нь гавьяаг нь хуваалцагсад дэндүү олон болчих юм. Даанч дээд шатандаа очоод замхардаг. Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хэдхэн жилийн өмнө нэртэй зүстэй, алдартай, хэргэмтэй, одонцоруудыг илрүүлж, баян айлын өнөө муу “баастай бурхад”-ын хар тамхи хэрэглэдгийг нь, зарж борлуулж, хил дамнуулах гэж байхад нь хүртэл бариа биз дээ. Хэргийг илрүүлээд нийгмээрээ анхаарал тийш хандаад байхад нэг л мэдэхэд замхруулж орхидог нь хорлонтой.
Цагдаа хөдөлсөн үү, хөдөлсөн. Хууль зөрчигчдийг бөөнөөр бариад хорьсон. Жаахан нэр алдартаа дулдуйдсан, олсон мөнгө нь ихдээд байгаа гэлтэй тэдний дунд одоо ч хар тамхичид олноороо байгаа мэдээллүүд бидэнд бий. Залуусыг даган дуурайх дуртай үлгэр авдаг ийм хүмүүс өөрийгөө хар тамхиар егүүтгэх нь яахав. Дараа үеийнхэнд ямар их гай тарьж байгаа гээч.
Эрүүгийн цагдаагийн ганц хэлтэс, хүн цөөтэй ч хэрэндээ ажиллаад байгаа юм. Хар тамхины эсрэг өргөн фронтоор ажиллах шаардлага нэгэнт бий болжээ. Хуулийг нь улам чангатгах хэрэгтэй юм. Харангын Лхагвааг аваачаад хийхэд нь хэн гаргалаа. Хууль зөрчөөд өршөөгдөж болдог юм бол хэн тэр хуулийг биелүүлэх юм. Одоогоор мэдэгдээд байгаа тоогоор 700 гаруй хар тамхичид байна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. Бид хэдүүлээ болоод хэд нь ийм юм хэрэглэж байдаг юм. Иймэрхүү янзаараа бол энэ тоо хэд дахин нэмэгдэнэ.
Хар тамхитай тэмцэж илрүүлсэн, хэргийг шалгасан залуус удаан хугацааны хүч хөдөлмөрийг нь зөөлөн сандалд сууж, албан тушаалдаа мансуурсан томчуул цавчаад хаяхыг сонсоод хаалганы цаана ширээгээ шаагаад сууж байгаа. Арга ядаад хавтаст хэргийг нь сейф рүүгээ шидээ биз. Муу бүхний өмнөөс цагдааг тавьчихаад дараа нь ингэж даапаалж суудаг байхгүй юу, Монголын төр.
Тоостой гуталтайгаа нийгмийг эрүүлжүүлье гээд нойр хоолгүй явдаг цагдаагийн жирийн албан хаагчдад төрийн нэр зүүхээс өөр гавьяа юу байхав дээ. Олны олонд буруу зөрүү явдалтай булхайтай, хийтэй цагдаагийн ажилтан, албан хаагчид байдаг л байх. Тэглээ гээд алдаа гаргасан цөөнхийнх нь бурууг олонхид тохвол зөв гэж үү. Ядрахаараа “Цагдаа дуудъя” гэх хэрнээ чадрахаараа тэднээс муу хүнгүй болчих юм. Тэд ч үрийнхээ төлөө сүүгээ өргөдөг, ээжтэй, бурхандаа залбирдаг аавтай хүмүүс. Шөнөжин сэтгэлдээ зовиуртай харуулддаг хань ижилтэй, эцгийгээ нойроо хугаслан хүлээдэг үртэй хүмүүс.
Тэдний олон сар жилийн хөдөлмөр хаана очоод замхардаг вэ. Шударга ажиллах урмыг нь хэн мохоодог. Хэргийг илрүүлэх гэж тэд хэдэн шөнийг нойргүй хугасалдаг билээ.
Гэвч “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн үнэнч тангарагтай тэднийг “Цагдаа намайг хамгаална” гэчихээд тамласаар байх уу. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хичнээн цагдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ бүхнийг нэг дор өөрчилнө гэдэг амаргүй. Ямар ч байсан цагдаагийнхны хөдөлмөр талаар болохгүй цаг үе ирнэ ээ гэдэгт найдна.
Өдрийн сонины архиваас
Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. “Майкрософт”-ын бүтээгдэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа “Тоёото” дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөнгөний урсгал хар тамхины бизнест хамаарагддаг. Хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээгдэхүүний эргэлт 36 триллион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бүтээгдэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бүтээгдэхүүний байнгын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин борлуулалт зөөвөрлөлтөд нь хамрагддаг ам бүл бас сая саяар тоологддог. Дэлхийд бизнес эрхэлж байгаа ямар ч томоохон компани, бизнесийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог.
Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээнийхний хамгийн том бай.
1997 он болтол Хятадад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгддэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ердөө хоёрхон жилийн дотор бүх мужийн
нь гуравны хоёрт хар тамхитай холбогдсон хэргүүд бүртгэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэрэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр аргагүй дархлааг суулгачихсан юм.
Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөөхүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хятадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест
орооцолдож амьдралаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.
Хятадууд өөртөө засах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түүнээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш монголчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байдгийн аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг холбосон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дорнын ахуйг шингээсэн бараа
бүтээгдэхүүнийг цагаан хороор сольдог байдал газар авсан байсан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаглуулан татаж, асуудалд эрүүлээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж
эхэлсэн нь өөрсдийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуудад энэ нь хэрхэн таалагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдүгээр гүрэн байсан. Тиймээс цэргийн хүчээр шахалт үзүүлж гэрээ байгуулж авсан нь Нанжингийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хятадын боомтуудаар
оруулах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жилээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.
Нэгэн үндэстнийг хүчээр доромжлон хүн ардыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэгрэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түүхээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Монголд амьдардаг данжаадууд хар тамхи
яаж татдаг байсныг дүрслээгүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүхнүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэхээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиослосон гэдэг нь харагдаж байгаа байх.
Магадгүй ингэж цусандаа ясандаа шингэтэл хар тамхины гайг мэдэрчихсэн болохоор хятадууд хар тамхины хэрэгт холбогдогчдод өршөөлгүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч
нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.
Түүх ийм байхад хар тамхинд “аллерги”-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хохирмооргүй байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн
тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр баригдаж, цаазын ял сонссон гэнэ. Дөрвөн хүүхдийн ээж Байгалмаа бүсгүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэдэнд хар тамхийг нь залгиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөрвөн залуу ходоодондоо хар тамхитай баригджээ. Бүр залхмаар шархирмаар мэдээллүүд ар араасаа хөврөх болж байна. Тэдний араас шаналсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь нулимсаа барна. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол хатуу хууль цаазтай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаазаар авчихлаа. Одоо дахиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суугаа гэсэн.
Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэтгэлгээг эхлээд өөрчилмөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуулахад хар тамхины хөнөөлийг тэгтэл мэдрээгүй улсууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар тамхины хэргийн дараахан манай урлагийнхан хэвлэлийн хурал хийлгээд “Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав” хэмээн шүүгчдийг буруутгаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэхээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагвасүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины талаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хүний сүүдэрт орохоос өрсөж өөрсдийнхөө сүүдрийг олж харъя.
Э.ЭНЭРЭЛ
2024.07.16 / МЯГМАР ГАРИГ
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 05.10-20.46
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул
Аргын тооллын 7 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Хонгорцог одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:10-20:46. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын сав газраар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотноо жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах 2024 оны тэмцээн өнөөдөр эхэллээ.
Гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалалтай 7 орны 170 гаруй тамирчин оролцож байна. Тодруулбал, Монгол Улсаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм.
Анх удаа манай улсад болж буй тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бол Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дэмжин ажиллаж байна.
Мөн сайн дурын 70 гаруй ажилтан тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцож, гадны болон дотоодын үзэгчид тамирчдад туслан ажиллаж байгаа юм.
Тэмцээнийн насанд хүрэгчдийн ангиллын тухайд эмэгтэйчүүдийн -45, -48, -52, -57, -63, -70 кг болон эрэгтэйчүүдийн -56, -62, -69, -77, -85, -94 кг-ийн жинд болно.
Манай улсаас оролцох тамирчдын хувьд энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд жин жиндээ тэргүүлсэн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөх учиртай.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь ирэх 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо болох “World Games” буюу Дэлхийн спортын наадамд оролцох эрхийн оноо олгох юм.
Спортын үндсэн 35 төрлөөр зохиогдох энэ наадмын жюү жицүгийн төрөлд нийт 19 багц медалийн эздийг тодруулна.
Дэлхийн спортын наадмын эрхийн оноо олгох насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн маргааш буюу долоодугаар сарын 16-ны Мягмар гарагт эхэлнэ.
Мягмар гарагт мөн 21 хүртэлх насны ангилалд шилдгүүдийг тодруулж, тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болно.
Тэгвэл тэмцээний эхний өдөр 16 болон 18 хүртэлх насны ангиллын барилдаанууд боллоо.
16 хүртэлх насны ангилалд охидын 7, хөвгүүдийн 9 жинд 18 хүртэлх насны ангилалд охидын 6, хөвгүүдийн 7 жинд медалийн эзэд тодорсон байна.
Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх энэ оны тавдугаар сараас эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь тэмцээний эрхийг авч, зохион байгуулахад мөн түлхэц болжээ.
Энэ удаагийн тэмцээн бүсний ангилалгүй төрлөөр зохион байгуулагдаж байна.
Жюү жицүгийн спортын үндсэн 5 төрөл байдгаас энэ төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт багтдаг онцлох төрөл билээ.
2018 оноос эхлэн Азийн наадмын хөтөлбөрт багтаж эхэлсэн жюү жицүгийн төрөлд манай баг тамирчид хоёр наадам дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Тодруулбал, 2018 онд Ц.Удвал Монголын багийн анхны жюү жицүгийн медалийг хүртсэн бол 2023 онд М.Даваадорж медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан билээ.
Зүүн Азийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнийг МҮОНРТ-ийн “MNB Sport” суваг албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны долоодугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.
Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.
Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна.
“Алтаргана” наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд “Буриад дууны уралдаан” нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байна.