Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан этгээдийг шалгаж байна DNN.mn

Дархан цаазат Богдхан уулаас хууль бусаар тарвага агнасан этгээдийг тогтоосон байна.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дархан цаазат газрын ойн сангийн бүсэд Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын үеэр Налайх дүүргийн иргэн Б нь Тоз-8 маркийн галт зэвсэг ашиглан нэг тарвага агнасан хэргийг илрүүлсэн байна.

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны наймдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд 30 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 84 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагын 10 автобуснаас хууль бусаар агнагдсан байж болзошгүй 33 ширхэг тарваганы эд эрхтнийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт болон гэрээгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Өвөрхангай, Увс, Ховд аймгуудын авто тээврийн төвд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл өгч, цаашид хууль бусаар агнасан зэрлэг ан амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тээвэрлэхгүй байх, удаа дараа зөрчил гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүртэл арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан.

Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж байна.

Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.

Энэ талаар ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Автозамын нэгдүгээр эгнээг чөлөөтэй зорчуулах зорилгоор автобусанд теле камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа. Есдүгээр сарын 1-ний өдрөөс теле камераар зураг дарж торгууль ногдуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нотлох баримт, зургийн шаардлага хангасан 100 гаруй зөрчилд торгуулийн арга хэмжээ аваад байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам баталлаа DNN.mn

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой.

  • Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;
  • Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд та бүхнийг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьж байна.

Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.

Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавт “Toyota Sienta” автомашин бэлэглэлээ

Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга У.Сүрэнжавт “Наран” авто худалдааны төвөөс “Toyota Sientra” загварын автомашин бэлэглэж байгаагаа өнгөрсөн сард зарласан.

Тэгвэл өнөөдөр тус байгууллагын зүгээс У.Сүрэнжавт автомашинаа гардуулжээ. Мөн таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, шинэхэн гавьяат Н.Эрдэнэбаатарт гурван сая төгрөгөөр урамшуулсан байна.

Тус байгууллагын төлөөлөл “Манай худалдааны төв байгуулагдаад гурван жил болж буй. Хамт олны маань 90 орчим хувь нь залуучууд байдаг тул тэдэнд сайн үлгэр дуурайлал үзүүлсэн У.Сүрэнжавтаа машин бэлэглэх шийдвэр гаргасан юм” гэж онцоллоо.

Энэ үеэр дасгалжуулагч Н.Эрдэнэбаатараас сэтгэгдлийг нь сонсоход “Өчигдөрхөн манай тамирчдын амжилтыг төр засаг маань өндрөөр үнэлж, шавь маань Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Мөн би гавьяат дасгалжуулагч боллоо. Манай тамирчдад сэтгэлийн урам өгч, тамирчдын маань хөлс, хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаад баяртай байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Кристиано Роналдо тэрбум дагагчтай болжээ DNN.mn

Португалын мэргэжлийн хөлбөмбөгч Кристиано Роналдо энэ сарын эхээр карьертаа 900 гоол оруулсан анхны эрэгтэй хөлбөмбөгчин болсон билээ. Тэгвэл үүний дараагаар олон нийтийн цахим сүлжээний бүх платформ дээр нийт 1 тэрбум сошиал медиа дагагчтай анхны алдартан болж, дахин нэг шинэ амжилтын эзэн боллоо.

Роналдо инстаграм дээр хамгийн олон дагагчтай буюу 639.061.429, фэйсбүүкт 170.509.113, твиттерт 113.026.345, YouTube сувагт 60.500.284, Хятадын KuaiShou-д 9.372.710 мөн Weibo-д 7.530.121 дагагчтай болсноор тэрбумд хүрсэн байна.

Тэрбээр энэ талаараа, “Энэ тоо бол зүгээр ч нэг тоо биш юм. Намайг дагаж, дэмжиж байгаа хүн бүр үнэ цэнэтэй цаг хугацаагныхаа багахан хэсгийг надад зориулж байна гэхээр үнэхээр бахдам сэтгэл төрж байна. Бас мөн энэ зэрэгт хүрнэ гэдэг асар их хичээл зүтгэл орсон юм шүү. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа” хэмээсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.


2024 оны 09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 15-наас 2024 оны 09 сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэг, сургуулийн хүнсний бүтээгдэхүүний чанарт шалгалт хийж эхэлжээ DNN.mn

Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гурван ОНӨААТҮГ Хангамжийн газар, 26 Ерөнхий боловсролын сургууль, 21 цэцэрлэг нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний нэг, тахианы махны нэг, хонины мах хоёр, үхрийн махны тав, аарцны нэг, сүүний хоёр, цөцгийн тосны хоёр, тарагны нэг нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсчээ DNN.mn

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний хагас жилд 34.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (5.4%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 135.6 (0.4%) сая ам.доллароор буурсан байна.

2024 оны эхний хагас жилд Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (17.5%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 868.6 (43.9%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.3(46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.6 (21.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.3%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 (23.0%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Categories
мэдээ цаг-үе

Явган зорчигчдод зориулсан лед гэрлэн гарцыг гурван байршилд суурилуулжээ DNN.mn

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна.

Тодруулбал,

• 1 дүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц

• Төв шуудангийн уулзвар

• Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна.

Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулна.

Categories
мэдээ цаг-үе

Зам засварын ажлыг зогсоохыг иргэдийн 90 хувь нь дэмжихгүй гэв DNN.mn

Нийслэлд энэ жил 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт авто замын 70 хувийг шинэчлэх юм. Мөн ирэх жил нийслэлийн гэр хорооллын явган хүний замыг шинэчлэхээр болсон. Иргэдийн зүгээс хичээл сургуультай зэрэгцэн зам засч буйд бухимдалтай байгаа.

Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар “Шинээр хийгдэх зам засварын ажлуудыг ирэх жил хүртэл хойшлуулж, төсөв хөрөнгийг нь хуулийн байгууллагаар шалгуулъя. Ингэхдээ иргэдээс санал асуулга авна” гэж мэдэгдээд, санал асуулгыг эхлүүлсэн.

Өнөөдөр /2024.09.13/ 09:30 цагийн байдлаар уг санал асуулгад 1529 хүн оролцсоноос 90 хувь нь зам засварын ажлыг зогсоож, хойшлуулахыг дэмжихгүй гэсэн бол 10 хувь нь дэмжинэ гэх санал өгчээ.

Санал асуулга үргэлжилж байна. Та ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой юм.