Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Элчин сайд ноён Хэльмут Кулитц: Монгол Улстай “стратегийн хамтын ажиллагаа”-г тохиролцон байгуулсан, үүнийг манай улс дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй DNN.mn

1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаатай холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Хэльмут Кулитцтай ярилцлаа.


-Сайн байна уу? Сайхан наадав уу. Таны хувьд наадам ямар болж өнгөрөв. Наадмаар морь унаж, айраг уув уу?

-Айраг уусан (инээв), морь болон уралдаануудыг бүрэн үзэж сонирхоход харамсалтай нь цаг давчуу байлаа. Хүй долоо худагт олон уяа, гэрээр зочилсон бөгөөд маш халуун дулаан, найрсаг хийгээд амар амгалан уур амьсгалтай байсан. Наадмын нээлт гайхалтай сайхан болж яг л түүнтэй адил надад маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Морины уралдааны хувьд удахгүй болох Даншиг наадмаар илүү сайн үзэж танилцах бодолтой байна.

-Ярилцлагынхаа эхэнд би танд Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе. Өнгөрсөн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүн, магтууштай ажлууд юу байв?

-За, би түүхэн цаг үеэс дэлгэрүүлж ярьсан нь дээр байх. 50 жилийн ойг илүү өргөн хэмжээнд авч үзэх ёстой болов уу гэдгээс эхлүүлье. Дипломат харилцааг анх зэргэлдээх коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улстай бүр тэртээ 1950 оноос тогтоосон байдаг. Харин Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай 1974 онд давхар тогтоож байсан ч, тухайн үеийн нийгмийн хуваагдал, үзэл суртлаар “эсрэг лагерь”-т харьяалагдаж байсан (инээв). Улс төрийн үзэл баримтлалын өөрчлөлтүүд, мөн 1990 онд Герман Улс эргэн эвлэн нэгдсэний дараа олон шинэ зүйлийн үндэс суурь тавигдаж, манай хоёр талт харилцаанд хөгжлийн үе эхэлсэн. Гэхдээ 1990 оноос өмнөх хоёр орны ард иргэдийн ойр дотно харилцаа болон шат шатны байгууллага хоорондын хамтын ажиллагаа герман хэлийг судлан сурахаас эхлүүлээд ялангуяа боловсролын салбар дахь холбоо сүлжээг шилжилтийн тэр цаг үед сулруулахгүйгээр өнөөг хүртэл хөгжүүлэхэд түлхэц болсон. Үүнд бидний харилцааны хосгүй үнэ цэнэ оршиж байна.

-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжих болжээ? 

-Жишээлбэл, Герман-Монголын хамтын ажиллагаа уул уурхайн салбарт маш арвин түүхтэй. 60 гаруй жилийн өмнө Ардчилсан Герман улстай эхлүүлж, улмаар 1990 оноос хойш шинэ чиг баримжаатайгаар үргэлжлүүлж байна. Өдгөө бидний Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн бөгөөд 2011 оноос Ашигт малтмалын түншлэлийн харилцаанд шилжсэн. Ингээд 10 гаруй жилийн өмнө Налайхад үүсгэн байгуулсан Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь өнөөдөр хамтын хосгүй бөгөөд чухал боловсролын цамхаг болж чаджээ. Тэнд инженерүүдийг хамгийн дээд түвшинд, ялангуяа эрдэс түүхий эдийг нэмүү өртөг шингээж боловсруулах тал дээр бэлдэж байна. Мөн саяхан манай Холбооны Саксон муж улсын шинжлэх ухааны төлөөлөгчийн газар ШУТИС дээр үүд хаалгаа нээлээ. Үүгээрээ уул уурхай хийгээд дээд боловсролын салбар дахь Саксон-Монголын эртний уламжлалыг шинэ шатанд гаргаж буй хэрэг юм. Эрдэс баялгийн хайгуулын хувьд гэвэл бид бүр тодруулбал, манай Холбооны Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн монгол түншүүдтэйгээ олон жилийн өмнөөс хамтарч байна. Түүнчлэн төлөөллийн байгууллагууд нь Монголд бүртгэлтэй байдаг болохоор Германы олон аж ахуйн нэгжүүд гэхээс урьдаар бараг бизнес эрхлэгчид гэх нь зүйтэй байх, тэд технологи хийгээд техникийн эд анги ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсвэл өөрсдөө олборлох үйл ажиллагаа явуулах замаар тус салбарт идэвхтэй ажиллаж байна. Үүн шиг олон жишээнүүдийг нэрлэж болно.

Гэхдээ нэн түрүүнд энэ оны эхэнд хийсэн Холбооны Ерөнхийлөгч Штайнмайерын төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцан итгэлцэл дээр суурилсан улс төрийн харилцаагаа шат ахиулан “стратегийн түншлэлийн” түвшинд хүргэсэн амжилтыг зайлшгүй хэлэх нь зүйтэй. Үүний хажуугаар шинжлэх ухаан, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хууль эрх зүй болон цэргийн гэх мэт чиглэлүүд дэх нягт хамтын ажиллагаанууд байна. Нэн ялангуяа урлаг, соёл бол мэдээжийн хэрэг дурдагдана! Тухайлбал, их зохиолч Д.Нацагдоржийн үеийнхнээс хойш 100 шахам жилийн дараа тэдний үр хойч үе ч хэмээн үзэж болох 40 орчим монгол залуу Монголын талын тэтгэлгээр Германд суралцахаар өнгөрсөн намраас эхлэн бэлтгэгдэж байгаа нь бидний ойр дотно харилцааны нэн сайхан илрэл юм.

-Залуу үеийнхэн сүүлийн жилүүдэд Герман улсад суралцах боловсрол эзэмших сонирхол ихтэй болжээ?

-Товчхондоо, манай хоёр орны ард иргэдийн маш ойр дотно харилцаа, сайн барилдлага бараг бүх хүрээний харилцааг тодорхойлдог. Тийм гайхалтай харилцаан дээр бидний харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь бэхжин батаждаг. Улмаар Германыг бүр их сонирхож байгаад бид баяртай байна. Монгол сурагчид өнгөрсөн жилийнх шиг герман хэлний мэдлэгээ баталж тийм олон хэлний диплом авч байгаагүй бөгөөд мөн тийм олон ерөнхий боловсролын сургууль төгсөгчид Германд дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшихээр сонирхож байгаагүй билээ. Үүнд бид маш их баяртай байгаа бөгөөд хувь тус бүрдээ мөн ажлынхаа хүрээнд ч цаашид хүлээх өндөр үүрэг хариуцлага хэмээн үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд Германд залуу ажиллах хүчний эрэлт ихэссэн гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Ихэнх аж үйлдвэржсэн орнуудын нэгэн адил бидэнд мэргэжилтнүүд, инженерүүд, анагаах болон сувилахуйн салбарын болон бусад олон салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ байгаа. Энэ нь юуны түрүүнд хүн ам зүйтэй холбоотой. Тиймээс Герман улс гадаад боловсон хүчний цагаачлалыг зохицуулж, хөнгөвчлөх “Мэргэжилтнүүдийн цагаачлалын тухай хууль”-ийг баталж хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ талаарх мэдээллийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар авах боломжтой.

-Сонирхсон хүн бүр танилцах боломжтой юм байна?

-Сонирхсон хүн бүрийг тус зохицуулалттай танилцахыг хүсч байна. Герман хэлний мэдлэгтэй байхыг мэргэжлийн олон салбарт чухалчлан шаардаж байгаа ч, сайн англи хэлтэй бол Германд ажиллах бололцоо бас бий. Энэхүү цагаачлалын хуулийн хүрээнд “Боломж карт” хэмээх зохицуулалт 2024 оны 6 дугаар сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд ингэснээр гадаадын мэргэжилтэй ажилчдад ажлын байр олох зорилгоор 12 сар хүртэлх хугацаагаар Герман руу явах бололцоог олгодог. Үүний тулд тухайн хүний мэргэшил чадвар, хэлний мэдлэг, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзсан онооны систем ашиглагдана. Сонирхсон мэргэжилтнүүд боломж картын шаардлагыг хангаж байгаа эсэхээ өөрсдөө онлайнаар хялбархан шалгах боломжтой.

-Элчин сайдын яам одоогоор юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ. Ямар арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжих вэ?

-Хийхээр зэхэж байгаа дараагийн арга хэмжээ бол 50 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд болох “Германы өдөр” юм. Энэ өдөр бид хамтран зохион байгуулагч болох хоёр орны олон түншүүдтэйгээ цугтаа Германы оролцоотой Монголд явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулахыг хүсч байна. Эдгээр нь жишээлбэл, бидний хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, төслүүд мөн ерөнхий, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт болон их дээд сургуулийн түвшинд хэрэгжүүлж буй хөтөлбөр, саналууд байх болно. Түүнчлэн Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гишүүд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулна. Тоглоом, спорт, урлаг соёлын үзвэр, үзүүлбэрээс гадна мэдээж хоол хүнсийг яасан ч орхигдуулахгүй ээ. Тиймээс зуны адаг, намрын тэргүүн сарыг хамтдаа үдэх бидний урилгыг монголчууд хүлээн авч хүрэлцэн ирвэл бид баярлана.

Бараг үүнтэй зэрэгцэн бид есдүгээр сарын эхээр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамтай Хөгжлийн хамтын ажиллагааны дараагийн үе шатын талаар зөвлөлдөх болно. Энэ үеэр бид аль аль үндсэн сэдвийн хүрээнд тодорхой ямар төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцана. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүч ба эрчим хүчний үр ашиг, байгаль орчин / уур амьсгал болон эдийн засгийн хөгжил / мэргэжлийн боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хамтарч байна. Отгон хамтарсан протоколд 2023 оны есдүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд төслүүдийн санхүүжилтийн нийт хэмжээг 80 хүртэлх сая еврогоос багагүй байхаар тусгасан. Үүний гуравны хоёр орчим нь эргэн төлөгдөхгүй дэмжлэг, нэг үгээр бэлэг ч гэж хэлж болно.
Их сонирхолтой санагдаж байна. Бүр тодруулбал ямар төслүүдэд илүү чиглэгдэх вэ?
-Тэгэхээр, жишээлбэл, бид Хустай, Хомын тал гэх мэт Монголын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газруудыг дэмждэг. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдыг хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, сургалт, авто тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсээр хангаж байна. Өөр нэг жишээ гэвэл бид 27 сая еврогийн өрийг хөрвүүлэх болно: Монгол Улсын ХБНГУ- д төлөх өмнөх өрийг эргэн төлөх шаардлагагүй, харин эрүүл мэндийн сан руу шилжүүлэн эргэн дамжуулах замаар сүрьеэтэй тэмцэх гэх мэт эрүүл мэндийн төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ бүгдийг бид өнгөрсөн намар тохиролцсон юм.

-Германчууд сүүлийн жилүүдэд Монгол Улсаар их аялах болжээ. Тэд аялахдаа ямар хүлээлэлттэй байдаг вэ. Сайн чанартай, тав тухтай үйлчилгээ болон адал явдал уу?

-Тийм шүү, Ковид цар тахлын улмаас тасалдсаны дараа 2023 онд Германаас хүрэлцэн ирэгсдийн тоо 10.000 орчимд хүрч эрс өссөн. Үүгээр манай ард иргэд Европоос (ОХУ- ынхыг тооцохгүйгээр) хүрэлцэн ирэгсдийн хамгийн том бүлгийг эзэлж байна. 2024 онд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа ба 2016/2017 оны хамгийн өндөр үзүүлэлтийг давж магадгүй. Дунджаар 14 ба түүнээс дээш хоногоор ирдэг бөгөөд тэд ихэвчлэн нийслэл хотод 2-3 хоног, хөдөө орон нутагт 10-14 хоногоор тойрон аялал хийдэг.

-Хэчнээн хэмжээний зардал гаргадаг вэ?

-Статистикийн үүднээс нэг аяллын хувьд дээрх тоо нь нэлээд их хугацаа юм. Бидний таамаглалаар Германаас ирсэн жуулчид Монголд аялахдаа нислэгийн зардлаа оруулаад дунджаар дөрвөөс таван мянган евро зарцуулдаг бөгөөд энэ нь чамлахааргүй төсөв юм. Үүнээс багагүй хэсэг нь гэр кeмп ажиллуулагсдад шууд очно. Ингэснээр хөдөө орон нутгийн эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд шууд дэмжлэг үзүүлэх тул бид үүн дээр их сайшаалтай ханддаг. Герман жуулчид Монголын соёл, зан заншил, нүүдэлчдийн амьдрал, уламжлал, урлаг хийгээд танай гайхамшигтай үзэсгэлэнт байгалийн шүтэлцээг мэдэрч танилцахаар ирдэг гэж би бодож байна. Манай ард иргэд хэрэв унаган ахуй, соёлтой танилцах боломж гарвал тав тухыг бол хойш нь тавьж чадна.

-Монгол Улс герман аялагч, жуулчдыг татахдаа юун дээр анхаарах нь зөв бэ?

-Түрүүн хэлсэнчлэн, эх орон нэгтнүүдийг маань хүн байгальтайгаа зохицон амьдрах уламжлал ихэд гайхшируулдаг. Үүгээрээ Монгол Улс үнэхээр алдартай шүү дээ. Байгальд хүндэтгэлтэй хандах гүн суусан үзэл ч тэр. Түүнчлэн монгол соёл дор бойжсон итгэмээргүй уран төгс урлагийн илэрхийлэмжүүд ч ялгаагүй тэднийг татдаг. Тэд мото, уулын, морин аялал гэх мэт хувийн онцгой сонирхлынхоо хажуугаар эдгээрт хамгийн их ач холбогдлыг өгөх болов уу. Нөгөөтэйгүүр Монгол Улс бол орчин үеийн улс бөгөөд түүнд ялгаагүй л хотжилт, тээврийн хөгжил, газар болон нөөцийн ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөө гэх мэт сорилтууд тулгарч байна. Зарим зочдод, ялангуяа анх удаа Улаанбаатарт ирээд замын түгжрээнд зогсох үедээ (инээв) “тунгаан бодож учраа олоход” амаргүй байдаг байж магадгүй. Гэхдээ танай орныг илүү сайн таньж мэдэхэд энэ ч бас сонирхолтой. Учир нь өнөөгийн Монгол Улс уламжлал хийгээд орчин үеэ хослуулах учиртай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн. Мөн Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Др.Фолькер Виссинг энэ оны гуравдугаар сард Монголд айлчилсан. Эдгээр айлчлалуудын ач холбогдол юу байв?

-Төрийн айлчлал ямагт онцгой өндөр ач холбогдолтой байдаг л даа. Ялангуяа энэ үеэр Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс Дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй ээ. Тус түншлэлийн үр дүнд хийх дараагийн ажил нь манай хоёр улсын Засгийн газар болон хувийн хэвшлүүд хоорондын маш тодорхой бодит хамтын ажиллагаа байхыг төрийн айлчлалаас хойш хэдхэн долоо хоногийн дараа хийсэн манай Цахим хөгжил, зам тээврийн сайдын айлчлалаар маш шуурхай тодотгон харуулсан. Төрийн айлчлал нь бие даасан хөтөлбөр, төслийн цар хүрээнээс хальж, үндсэндээ хамтын бүхий л үйл ажиллагааг харилцан хамааралтай гэдэг утгаар нь зангидаж, эсвэл нэг санаан дор нэгтгэдэг. Бид ирэх жилүүдэд энэ хэмнэл, эрч хүчээрээ ажиллах болно.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хувийн хэвшил дэх Германы хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа. Энэхүү хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин манай улсад байна уу. Аль салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бол?

-Хөрөнгө оруулалтын тухайд боломжуудаа бүрэн ашиглаад хэмжээндээ тулж очихоос тун хол байна. Уул уурхайн салбарт хайгуулыг, тэр дундаа ховор металлыг, нэмэгдүүлэх, магадгүй эрдэс түүхий эдийг дотооддоо боловсруулахад жинтэй түлхэц өгч чадах итгэл найдвар бидэнд байна. Тэр тусмаа шилжилт хийхээр болбол Германы эдийн засагт технологийн хувьд хүчтэй давуу талууд бий. Монгол Улс өөрсдөө дотооддоо боловсруулалт хийснээр нэмүү өртгийг бий болгож, эдийн засгийн өгөөжөө илт өсгөн маш их хожих болно. Бас Герман- Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд бэлтгэгдсэн инженерүүд шууд үүн дээр ажиллах боломжтой нь хамгийн гоё. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт бид илүү их хувь нэмэр, оролцоотой байхыг хүсдэг. Герман компаниуд Монголд уг салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхдагчийн нэг юм. Гэвч харамсалтай нь, эрх зүйн орчныг таамаглахад хэцүү хэвээр байгаа гэх юм уу даа. Хүчин төгөлдөр байсан гэрээнүүдийг төрийн байгууллагууд нэг талын шийдвэрээр өөрчилсөн жишээ өнгөрсөн хугацаанд гарсан. Хөрөнгө оруулагчдыг ийм зүйл татах гэхээсээ урьдаар холдуулна шүү дээ. Тиймээс бид шинэ засгийн газрын эдгээр “хуучны тээртэй ачаанууд”-аа шийдвэрлэж, Монголын эрчим хүчний бодлогыг сэргээгдэх эрчим хүч рүү илүү нээлттэй болгох тухай мэдэгдэлд баяртай байна. Үндсэндээ нүүрс ба сэргээгдэх эрчим хүч хоёроос “аль нэгийг нь” гэж туйлшрах бус, харин шилжилтийн үед утга учиртай “аль алиныг нь” хослуулах тухай юм.
-Германчууд шар айраг ууж тулгахдаа “PROST” гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ заавал нүд нүд рүүгээ эгцэлж харах ёстой гэдэг. Хэрвээ тэгэхгүй бол долоон жил азгүй хайр дурлалтай учирдаг гэдэг нь үнэн үү?

-Заа даа! Шар айргийн шилийг давж өнгийх ч бас амаргүй шүү. Гэхдээ байна аа, ямар ч үед, нүдээ аньсан үедээ ч гэсэн шар айргаа айх аюулгүй амталж болно оо. Машин жолоодох үеийг эс тооцвол (инээв).

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Очирбат: Орон нутгийн замын хөдөлгөөнд тавих дундаж хурдны хяналтын камер есдүгээр сард ашиглалтад орно DNN.mn

Монголчуудын их амралтын үе эхэлсэн энэ үед иргэд хөдөө орон нутгийг зорьж нийслэл дэх замын хөдөлгөөн нэлээд багассан. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн зөрчил ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодрууллаа.


-Иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж буй учир нийслэлийн замын хөдөлгөөн эрс багассан. Түгжрэлгүй зам дээр жолооч нар ямар зөрчил гаргаж байна вэ ?

-Зургадугаар сараас эхлэн иргэд баяр наадам тэмдэглэх, амарч зугаалах нь ихэссэн. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн харьцангуй бага байна. Хүй долоо худаг, Лүн орчмын замын хөдөлгөөн нэмэгдсэн. Замын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор жолооч нарын тэвчээр алдагдах бусад шалт-гаанаар хурдлах, урсгал сөрөх тохиолдол гарч байна. Улаанбаатар хотын хувьд цагдаагийн байгууллага бүрэн бие бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй зорчих байдалд анхаарал тавьж ажиллаж байна. Замын хөдөлгөөний зөрчил өнгөрсөн онтой харьцуулахад харьцангуй бага бүртгэгдсэн.

-Хөдөө орон нутагт зам тээврийн зөрчлийн тохиолдол их гарах болсонтой холбоотойгоор урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Орон нутагт зам тээврийн ослын 80-аас дээш хувь нь бүртгэгддэг. Тэр тусмаа долоо, найм, есдүгээр сард илүү нэмэгддэг. Манай байгууллагаас хамгаалах бүс зүүдэггүй жолооч 83 орчим хувь гэсэн тоо судалгаа гаргасан. Цагдаагийн байгууллага хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Амь аврах амьдралын алтан гурвалжин” гэх нөлөөллийн ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулсан. Хамгаа-лалтын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх тэр тусмаа жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь энэ ажлын гол зорилго байсан.

Орон нутгийг замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, шөнийн цагт гэрэл шилжүүлэхгүй байх, урт замд нойргүй удаан явснаас осол гаргах ийм төрлийн зөрчил их байгаагаас хамгаалах бүсний хэрэглээн дээр ажиллаж байна.

Архи согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэх зөрчил дээр хяналт шалгалт өдөр бүр хийгдэж байна. Хөдөө орон нутагт мотоциклыг хамгаалах хэрэгсэлгүй унах тохиолдол их байна. Иргэд олон нийт өөрсдийн аюулгүй байдлын үүднээс хамгаалах хэрэгсэл хэрэглээсэй гэж хүсч байна.

-Хамгаалалтын хэрэгсэлгүй мотоцикл унаж байгаа талаар та ярьж байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд сурон, мопед, цахилгаан дугуй их унах болсон, үүнийг зохицуулах хуулийн заалт бий юу?

-Хуулийн зохицуулалт байгаа, сурон нь мотоциклын нэг загвар гэж заагдсан байдаг. Арван найман нас хүрсэн жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн хэрэглэх ёстой. Гэвч харамсалтай нь эцэг эхчүүд маань улсын бүртгэлд бүртгүүлэхгүй суроныг насанд хүрээгүй хүүхдүүдэд хамгаалах малгайгүй хэрэглүүлж байгаагаас олон хүүхэд бэртэл гэмтэл авах, цаашлаад амь нас эрсдэх болсон. Мопедын төрлийн тээврийн хэрэгслийг арван зургаан нас хүрсэн иргэн хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зорчих хэсгийн зөвхөн баруун гар талаар хоёр болон гуравдугаар эгнээд оролгүйгээр унах зохицуулалттай. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага тодорхой дүрмийн заалтыг хариуцсан аж ахуйн нэгжүүдэд албан шаардлагыг тавьж ажлын хэсэг гарган үе шаттай ажлуудыг хийж байна.

-Гарцгүй газраар зам хөндлөн гарах иргэд их болсон шүү дээ. Энэ тал дээр хяналт тавих боломжтой юу?

-Одоогийн байдлаар хүн хүчний хүрэлцээнээс хамаараад иргэн бүрийг хянах боломжгүй. Бид үе шат-тайгаар хиймэл оюун ухааныг нэвтрүүлж гарцгүй газраар явах, улаан гэрлээр зам хөндлөн гарсан тохиол-долд тухайн иргэнийг тодорхойлж зөрчлийн арга хэмжээ авах талаар ажиллаж байна.

-Нийслэл болон орон нутагт замын камержуулалт нэмэгдсэн үү?

-Энэ жилийн хувьд камержуулалт нэмэгдэж байгаа. Тэр тусмаа орон нутгийн хөдөлгөөнд тавих дундаж хурдны хяналтын камер суурилагдсан байгаа, есдүгээр сараас бүрэн ашиглалтад орно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

Дуучин Д.Отгонжаргал: Бидний өмнөх үеийнхэн юмыг төгс хийдэг байсны тод жишээ нь “Миний ээж тэмээчин” дуу юм DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.


-Монгол төрийнхөө наадмын нээлтэд ая дуугаа өргөлөө. Наадмын нээлтэд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. “Өдрийн сонин” маш олон уншигчидтай. Би захиалж уншдаг. Миний хувьд жил бүрийн наадмын концертын тоглолтод оролцдог. Наадмынхаа нээлтэд дуулаад ард түмэндээ уран бүтээлээ хүргэнэ гэдэг ямар ч уран бүтээлчийн хувьд нандин сайхан мөрөөдлүүдийнх нь нэг байдаг. Наадмын бэлтгэл гэдэг нүсэр том ажил байдаг. Монгол түмэн төрийнхөө наадмыг хэдэн зуун жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. Тийм ч учраас асар их хүндэтгэл, үүрэг хариуцлага гэж боддог. Энэ жилийн наадмын нээлтэд оролцож, ая дуугаа өргөсөндөө маш их баяртай байна.

-“Миний ээж тэмээчин” дууг тань мэдэхгүй хүн гэж үгүй. Дууны клипээ бодит түүхээс сэдэвлэсэн гэж сонссон?

-Манайх Баянхонгор аймгийн төвд, ээж маань цэцэрлэгийн ахлах тогоочоор ажилладаг байсан. Тухайн үед улсын цэцэрлэгүүд өвөл, хавартаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, цагаан идээг бэлтгэхээр тогооч нар нь зундаа хөдөө гарч, зусдаг байсан. Манай ээжийн цэцэрлэгийн тогооч нар дандаа говь руу гардаг байлаа. Ээж маань жинхэнэ тэмээчин айлын охин учраас таван хошуу малыг маллаж, саадаг байсан. Тэр үүднээс надад дуулахад маш ойрхон байсан. Бодит түүхээс сэдэвлэж хөгжмийн зохиолыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж бичсэн, шүлгийг нь П.Пүрэвсүрэн гуай өмнө нь зохиочихсон байсан юм билээ. Клипний хувьд ч зохиол нь говьд дээхнэ үед мэр сэр тохиолдож байсан бодит түүхээс сэдэвлэсэн. Клипний зохиолтой төстэй түүхүүдийг өгүүллэг, туужийн номноос би өмнө нь уншиж байсан. Клипэндээ монгол өв соёл, тэр дундаа мал аж ахуй, гээгдээд байгаа уламжлалыг сэргээе гэж ботгоо голсон ингэ, ингэний нуруун дээр морин хуур өлгөөд, тэр нь салхины исгэрээнээр өөрөө чавхаддаг. Энэ маш гоё аялгуу үүсгэж, түүнд нь ингэ өөрөө уясаад ботгоо авдаг байсан, тэр уламжлалыг гаргаж өгсөн.

Хоёр жилийн хугацаанд зурагт авалт хийгдсэн клип гэдэг утгаараа цаг хугацаа шаардсан. “Миний ээж тэмээчин” дууны клипэнд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дэлхийд топ амжилт үзүүлсэн мисс А.Баярцэцэг, найз н.Чойжоо, би өөрөө тоглосон. Олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн болохоор цэнхэр гариг дээр тархан суурьшсан монголчуудын маань сэтгэл зүрхэнд хүрсэн юм болов уу гэж боддог. Гадаадад явж байхад зөвхөн энэ дуугаар маань намайг мэддэг маш олон гадаад хүмүүс надтай танилцаж, зургаа авахуулж байсан. Эхийн сэдэв гэдэг хэдийгээр хэл нь өөр ч гэсэн дэлхий дээр цор ганц юм гэдгийг үзүүлж чадсан дуу болсон юм болов уу гэж боддог.

XX зуунд Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт П.Пүрэвсүрэн гуай шүлгийг нь бичээд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж багш аялгууг нь зохиож, СТА, эмч Г.Сарантуяа энэ дууг хамгийн анх дуулсан байдаг. Монголын ард түмэнд энэ дууг өмнө нь маш гайхамшигтайгаар хүргэсэн учраас дахин дуулагдахад хүмүүст хүрч байгаа юм. Дуу нь үнэхээр агуу, дуулсан дуучин нь үнэхээр хайрлам гоё хоолойтой, бүх юм нь зохицно гэдгээр бидний өмнөх үеийнхэн юмыг төгс хийдэг байсны жишээ бол “Миний ээж тэмээчин” дуу юм л даа.

-Та дууг гурван жигүүртэй гэж боддоггүй гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Хүмүүс дуу гурван жигүүртэй, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гээд ярьдаг л даа. Одоо үед дуу олон жигүүртэй болсон шиг санагддаг. Хөгжмийн найруулга гэдэг их чухал. Эхлээд зөвхөн нотоороо, хоолойг нь бичээд өгсөн дууг бид шууд дуулаад хүмүүст хүргэдэггүй. Хөгжмийн найруулга тэр дууг ямар болох вэ, хүмүүст хүрэх үү, үгүй юу гэдгийг маш сайн шийдэж өгдөг. Хөгжмийн найруулга хийдэг хүмүүс хамгийн гол нэг жигүүр нь мөн. Бичлэгийн студийн инженерүүд мөн чухал үүрэгтэй. Энэ утгаар нь хэлж буй юм.

-Уран бүтээлээ хийхдээ та юуг түлхүү анхаардаг вэ?

-Миний хувьд нэгдүгээрт дууныхаа сонголтыг маш сайн хийхийг зорьдог. Маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө санхүү зарж байгаа учраас хариуцлагатай хандахыг хичээдэг. Надад эдийн засгийн эргэлтэд орохоор, хүмүүсийг доргиодог уран бүтээл бараг байхгүй. Ихэвчлэн шүлэг яруу найргийн хувьд гүн утга агуулгатай, боловсролын чиглэлээр хүүхдэд маш сайн сургаал болох, аялгууг нь хүн сонсоод тайтгарч чадах, уянгын талын уран бүтээл хийдэг. Эх орон, ээж аавын тухай дуу надад маш их бий. Өөрөө хүмүүстэйгээ ярилцаж, уран бүтээлээ хийхийг зорьдог. Хүмүүст уран бүтээл маань яаж хүрэх вэ гэвэл клипжүүлж байж хүрдэг. Миний хувьд хийгдээд тав, зургаан жил болчихсон дуунууд, цомог гаргавал гурав, дөрвөн цомог болох бүтээл бий. Тэгэхээр уран бүтээлээ хүнд хүргэе гэвэл илүү их ажиллаж, клипжүүлэх хэрэгтэй байна.

-Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Хүн шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. “Энэ чинь дандаа л хүний дуу дуулдаг ш дээ” гэж ч шүүмжлүүлсэн удаатай. Энэ нь нэг талаасаа зөв шүүмжлэл байхгүй юу. Гэтэл би дуулъя гээд дуулсан дуу надад ерөөсөө байдаггүй. Дандаа тухайн хөгжмийн зохиолчийн үр хүүхдүүд нь, уран бүтээл нь хамааралтай оюуны өмчийн эрх нь байгаа хүмүүс надад санал тавиад би тэрийг тодорхой хэмжээнд нэгээс хоёр жил бодсоны үндсэн дээр дуулсан бүтээлүүд байдаг. Ийм дуу надад дөрөв бий.

-Та уран бүтээлдээ их цаг хугацаа зарцуулж хийдэг юм шиг санагдсан. Түүхэн талаас нь судалгаа их хийх үү?

-Мэргэжлийн дуучин хүн дуундаа судалгаа, шинжилгээтэй хандахгүй бол болохгүй. Дараа нь миний үр хүүхэд тэр дууг үргэлжлүүлээд дуулахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө маш том боловсрол, түүх болчихож байгаа учраас нухацтай ханддаг. Анхнаасаа уран бүтээлдээ нухацтай хандаад сурчихсан учраас хөнгөн хандаж чаддаггүй. Ямар нэгэн зүйлд гүн гүнзгий шумбаж ордог. Чадахгүй гэж бодох төдийд бүр оролддоггүй. Миний нэг клип найман жилийн дараа гарах гэж байна.
Сая СУИС-д Дуулах урлаг гэдэг мэргэжлээр магистраа дүүргэлээ. Бас л анх яаж 20 жилийн өмнө оюутан байсан шигээ гэр орондоо үзэгдэхгүй зөвхөн хичээлээ хийх жишээний. Сүүлийн жилүүдэд амьдралаас маш их зүйлийг мэдэрсэн. Маш их хандивын тоглолтод оролцож, дуулахаас гадна хувиасаа хандив өргөлөө. Бид олон түмэнд уран бүтээлээ өргөж, амьдралаа залгуулж буй учраас, хүнд хэцүү цагт нь хамт байх ёстой гэдгийг миний бие маш сайн ухамсарладаг.

– Уран бүтээлч хүмүүс цаг зав багатай байдаг. Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

– Миний хувьд төлөвлөгөөгүй амьдарна гэдэг их хэцүү. Төлөвлөснөөр ар гэр, амьдралдаа, өөртөө ч гэсэн цаг зав гаргадаг. Үүний хажуугаар уран бүтээлдээ цаг зав гаргана гэдэг маш чухал.

– Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиол “Ану хатан” түүхэн сэдэвт уран сайхны киноны гол дүрд та тоглосон шүү дээ. Тухайн киноны пробонд орох саналыг кино зохиолч нь өөрөө тавьж байсан гэл үү?

– Киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг эгч над руу утасдаж, энэ киноны пробонд орох саналыг тавьж, би пробонд орсноор тэнцсэн. Кинонд нийтдээ 600 гаруй хүн оролцож, тоглосон байдаг. Маш удаан, бүтэн жил гаруй хугацаанд зураг авалт нь хийгдсэн. Түүхэн кино учраас нүсэр том ажилтай уран бүтээл болсон. Монгол кинонуудаас анх удаа “Lines” гээд Холливудын компанид зарагдсан. Энэ киноны гол дүрд сонгогдож, тоглож чадсандаа маш их баярладаг. Энэ бол миний амьдралд тохиосон хувь заяаны хамгийн том бэлэг юм.
-Та уран бүтээлийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юу?

-Ирэх намар тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Дмитрий Кулебагийн албан айлчлал DNN.mn

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Хятадад айлчилж, Оростой хийж буй дайнд “шударга энх тайван” тогтоох арга замын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй гурван цаг гаруй ярилцсан байна. Сайд Дмитрий Кулеба 2022 онд Орос улс бүрэн хэмжэний дайн дэгдээснээс хойш Хятадад айлчилсан Украины хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.
Хэлэлцээний дараа Украины төлөөлөгчид Ройтерс агентлагт “Хэлэлцээ дууссан. Нийтдээ тэд төлөвлөснөөс илүү гурван цаг гаруй уулзсан. Энэ бол маш гүн гүнзгий бас тодорхой яриа болсон” гэж мэдээлжээ. Харин Украины ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, хэлэлцээний гол сэдэв нь Оросын түрэмгийллийг зогсоох арга зам, Украинд “тогтвортой, шударга энх тайван” тогтооход Хятад улсын гүйцэтгэх үүрэг байсан гэж дурджээ. Хэлэлцээний үеэр сайд Кулеба “Украинд шударгаар энх тайвныг тогтоох нь Хятадын ашиг сонирхолд нийцнэ. Ялангуяа Европтой хийх Хятадын худалдаанд дэмжлэг болно. Украин Европын Холбоонд гишүүнээр элсэх нь тодорхой болсон учир Бээжин, Киев хоёр харилцаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Оросын түрэмгийлэл зөвхөн Украины хөгжлийн замд бус олон улсын тогтвортой байдал, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа Хятад, Европын худалдааны хөгжилд саад учруулж байна” гэж онцлон тэмдэглэсэн байна. Украины Гадаад хэргийн сайд мөн “Киев Хятад, Бразилийн хамтарсан байлдааны газар нутгийг тэлэхийг зогсоох, дайсагналцах, өдөөн хатгах үйлдлээс татгалзах гэсэн гурван зарчмыг баримталсан энхийн хэлэлцээ хийх байр суурийг судалсан” гэж мэдэгдсэн байна. Харин “Ройтерс” болон Украины хэвлэлүүд “Кулеба Хятадын ГХЯ-ны тэргүүн Ван И-д Киев Оростой “тодорхой үе шатанд” хэлэлцээ хийхэд бэлэн байна. Иймээс Москва шударга хэлэлцээнд бэлэн байх ёстой гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.
Орос Украинд халдсаны дараа барууны орнууд Орост олон бараа нийлүүлэхийг хориглосон бөгөөд уг хориг арга хэмжээнд нэгдээгүй Хятадыг Москвад зэвсэг үйлдвэрлэхэд тустай бүтээгдэхүүнээр хангаж байна гэж буруутгаж байгаа билээ. Тэгвэл Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд “Украин, Хятад хоёр бол стратегийн хамтын ажиллагааны харилцаатай найрсаг улс юм. Тэд бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж байна. Ван И дарга хэлэлцээний үеэр, Хятад улс “Украины хямралыг” улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Сүүлийн үед нөхцөл, цаг нь хараахан бүрдээгүй байгаа ч Украин, Оросын аль аль нь хэлэлцээрт бэлэн байна гэсэн янз бүрийн дохиог илгээж байгаа бөгөөд бид энхийн хэлэлцээг сэргээж энх тайвныг дэмжих бүх хүчин чармайлтыг дэмжиж, гал зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж дурдаад сайд Кулеба Ван И даргад “Украин Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Мэдээжийн хэрэг, зөвшилцөл нь шударга бөгөөд тогтвортой энх тайванд хүрэхэд чиглэсэн үндэслэлтэй, бодитой байх ёстой” гэж хэлснийг онцолсон байна.
Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Хятадад болсон хэлэлцээний талаар сэтгүүлчдийн асуултад “Энэ мессэж нь бидний байр суурьтай нийцэж байна гэж хэлж болно, Оросын тал хэзээ ч хэлэлцээрээс татгалзаж байгаагүй, хэлэлцээрийн үйл явцад нээлттэй байсаар ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудалд “нарийвчилсан мэдээлэл чухал” бөгөөд Оросын эрх баригчид үүнийг хараахан мэдэхгүй байгаа тул нэмэлт тодруулга хүлээж байна” гэж хариулжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны долоодугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:

  • Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Ц нь гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан гэх хэрэгт “Х” банкны салбарын захиралд Валютын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар;
  • Сэлэнгэ аймгийн прокуророос газраас сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч хичээлийн танхимд бусадтай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгтэй холбоотойгоор тухайн сургуулийн захиргаанд сурагчдад чиглэсэн эерэг нөлөөллийн болон хууль тогтоомж сурталчлах ажил хийх талаар,
  • Тус аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд Шаамар суманд 2024 оны эхний хагас жилд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн гаралт урьд оноос 5.1 дахин өссөн байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар сумын Засаг даргад;
  • Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн О нь нэр бүхий буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн цүнхнээс бэлэн мөнгө хулгайлж, хохирол учруулсан гэх хэрэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тухайн аж ахуйн нэгжид тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Могойд хатгуулахаас сэргийлье DNN.mn

Сүүлийн жилүүдэд зуны улиралд орох борооны хэмжээ нэмэгдэж буйтай холбоотой суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой олноороо орж ирэх болсон.

Хэрхэн сэргийлэх вэ?

– өндөр өвс, буттай газраар явахаас аль болох зайлсхийх,

– ой мод, хадтай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, бээлий өмсөх,

– хүүхдийн тоглоом, тэрэг гэх мэтийг сайтар шалгах,

– бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,

Могойд хатгуулсан тохиолдолд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд нэн яаралтай хандана уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 100 айлын урд талын 11 дүгээр хороолол, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн урд талд байрлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна DNN.mn

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.

“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-г Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ий өдрийн тогтоолоор баталсныг удирдлага болгов.

May be an image of ticket stub, blueprint and text

Энэхүү баг нь удирдлага, зохион байгуулалтын баг, сургалтын хөтөлбөр боловсруулах баг, сурах бичиг боловсруулах баг, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах баг зэрэг дэд багуудаас бүрдэж байна.

Эдгээр багууд нь сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангаx зарчимд үндэслэн Боловсролын яамны харьяа мэргэжлийн байгууллага (30%), их, дээд сургууль (19%), ерөнхий боловсролын сургууль (25%), сургуулийн өмнөх боловсролын байгууллага (8%), хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага (13% хувь), олон улсын байгууллага (2%), хувь судлаачид (3%)-н төлөөллөөс бүрдүүлэв.

Багийн бүрэлдэхүүний 17% доктор, 53% магистр, 30% нь бакалавр зэрэгтэй байна. Бага боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиохдоо  хичээл тус бүрээр нэг баг 1-5 дугаар ангийг бүрэн, цогцоор нь боловсруулах тул анги хоорондын залгамж, уялдаа холбоо сайжрах болно. Сурах бичгийн агуулга 10-12 жил тогтвортой байхаар төлөвлөж ажиллахыг үүрэгдэв.

Цаашид суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах багийг байгуулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, үе шаттайгаар шинэчлэх, нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

024 он гарсаар усны ослын 88 тохиолдол бүртгэгдэж, 77 иргэн (хүүхэд 14) амь насаа алдсан байна.

Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид томоохон гол, мөрөн, нуурын эрэг, ойр орчимд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг 6-р сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Туул гол дагуу Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэл, Маршлын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл автомашин болон завьтайгаар өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажилласан.

May be an image of 4 people, kayak and water hyacinth

Орон нутагт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Алба хаагчид 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долдугаар сарын 26-ны 20 цагаас долоодугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


2024 оны долдугаар сарын 28-наас 2024 оны наймдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30,31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.