Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9 сая төгрөгөөр торгоно DNN.mn

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг Зам, тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 5-наас жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоосон байна.

Учир нь Замын-Үүдийн цахим төлбөр авах цэгийн хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг бөгөөд жин даацын хяналттай холбоотой ачаалал, маргаантай асуудал маш их үүсдэг аж.

Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж MNS 4598 :2020 стандартын /3 тэнхлэг 28тн, 4 тэнхлэг 32тн, 5 тэнхлэг 40тн, 6 тэнхлэг 44тн/ дагуу тээвэрлэлт гүйцэтгэх үүрэгтэй.

Хэрэв зөвшөөрөлгүй, маршрут чиглэл зөрчиж даац хэтрүүлэн тээвэр хийсэн бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна, Монгол Улсын Засгийн газрын 222-р тогтоолын дагуу нэмэлт хураамжийг тооцож нэхэмжлэх юм байна.
Тухайлбал, зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900,000-9,000,000 хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна.
Даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэх тохиолдолд Ezam.mn хаягаар нэвтэрч, хүсэлтээ илгээн, төлбөрөө төлөх аж.

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголд хөдөлмөр эрхлэх гадаад иргэдийн тоо 4.4 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсад 2024 оны II улирлын сарын байдлаар 15600 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар, нэгдүгээр улирлаас 92.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт ажиллагсдын 47 хувь нь уул уурхай, 16.1 хувь нь барилга, 8.9 хувь нь боловсруулах үйлдвэр, 7.1 хувь нь жижиглэн худалдаа, машин засварт, 5.3 хувь нь цахилгаан, хий, агааржуулалт 4.7 хувь нь боловсролын салбарт ажилладаг бол 6.7 хувь нь олон улсын байгууллага,  суурин  төлөөлөгчийн газар хөдөлмөрлөж байна.

Э.Бадамгарав

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон гол Сайхан болон Орхон сум, Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.

Сэлэнгэ, Хараа /Дархан/, Туул / Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг /, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-130 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1131 иргэн онлайнаар бараа захиалаад залилуулжээ DNN.mn

Цахим залилангийн талаар  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргил мэдээлэл өглөө.

Тэрбээр ” 2024 он гарснаас хойш залилах гэмт хэрэг 5910 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 3674 буюу 62.2 хувийг цахим залилах гэмт хэрэг эзэлж байна.  Онлайн захиалгын залилах гэмт хэрэг 1131 байна.

Энэхүү төрлийн гэмт хэрэг хүний хэрэгцээнд тулгуурласан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас бага үнэ санал болгодог. Цаашлаад өндөр хувийн хямдрал санал болгоно. Мөн бараа бүтээгдэхүүний нөөц дуусаж байна гэж  яаравчлуулдаг. Мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд нийслэл орон нутаг руу хүргэлт үнэгүй зэргээр хялбар худалдан авалтыг танд санал болгодог.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бараа бүтээгдэхүүн таны гар дээр очоогүй тохиолдолд мөнгөө бүү шилжүүлээрэй . Эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхой, албан ёсны сайт болон хувь хүн байгууллагаас бараа бүтээгдэхүүнээ захиалж авахыг сануулж байна. Мөн  тухайн байгууллагыг  албан ёсны сайт мөн болохыг сайтар нягталж шалгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

 

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн Айраг сумын төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа DNN.mn

Зам, тээврийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжууллаа.

Иргэд, тээвэрчид та бүхэн www.ezam.mn, Emongolia, Toki, Mostmoney, Gerege, AUTOBOX аппликейшнаар цахим төлбөрөө цагт нь төлөөрэй.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд орон нутгийн төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхэд хамгааллын тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ DNN.mn

Хүүхэд хамгааллын тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан юм.

Тус хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хуулийг үйлчлэхээр зохицуулжээ. Мөн дараах онцлох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих

Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх

цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулах

хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал

гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал

боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж өгсөн.

Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх

Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг

Олон нийтийн байцаагч ажиллах
Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойлжээ.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдана DNN.mn

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахаар болжээ. Гэхдээ хуралдааны тов тодорхой болоогүй байна.

Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэх аж.

  • Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийх,
  • Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Categories
мэдээ нийгэм

63 их, дээд сургуулийн 39127 боловсролын баримт бичиг блокчэйнд байршаад байна DNN.mn

63 их, дээд сургуулийн 39127 боловсролын баримт, бичиг блокчэйнд байршаад байна. Дээд боловсролын баримт бичгийг блокчэйнд байршуулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд 2024 оны эхний хагас жилийн байдлаар 63 их дээд сургууль төгсөгчдийн 39127 дипломыг байршуулаад байна.

Энэ үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, цаашид цаасан дипломыг бүрэн халж, цахим дипломд бүрэн шилжих зорилгоор  Блокчэйн сольюшн ХХК, Хайперфюшнь ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Блокчэйн технологи ашигласнаар төгсөгчдөөс гарч байгаа үнэт цаасны өртгийг бууруулах, хуурамч дипломын асуудлыг эцэслэх зорилготой юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

RAIN-ий тоглолтын тасалбар худалдаанд гарчээ DNN.mn

“Evandis Entertainment”-аас толилуулах гэж буй “Super Concert-2024” тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцоно.

Уг тоглолтын тасалбарыг зөвхөн өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр 50.000 төгрөгөөр борлуулах юм.

Тоглолт Улаанбаатар хотноо 2024 оны есдүгээр сарын 15-нд Буянт-Ухаа цогцолборт болох бөгөөд

Тасалбарыг Shoppy.mn сайтад хандаж худалдан авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

Израилийн арми Хезболла бүлэглэлтэй дайтах уу DNN.mn

Израилийн Засгийн газар ХАМАС бүлэглэл гэнэт халдсаны дараа “Уг бүлэглэлийн толгойлогчдыг хаана ч байсан олж устгана” гэж дэлхий нийтэд зарлаж байсан билээ. Тэгвэл Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкяны тангараг өргөх ёслолд оролцсон ХАМАС бүлэглэлийн толгойлогч Исмаил Хание Израилийн пуужингийн цохилтод өртөн Тегеранд өөрийн бие хамгаалагчийн хамт амь үрэгдэв. Мөн үүнээс хэдэн цагийн дараа Хезболлагийн удирдагч Хассан Насраллагийн ойрын зөвлөх, ахлах командлагч Фуад Шукрыг Ливаны Бейрут хотод устгасан билээ. Исмаил Хание нь ХАМАС-ын Улс төрийн товчоог тэргүүлж, Газа дахь Палестины засаг захиргааны ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд НҮБ, Европын Холбооноос палестинчуудад зориулан өгсөн мөнгөөр Катарт тэрбумтан мэт амьдарч байсан юм. ХАМАС-ын толгойлогчийг амь үрэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн яам “Ханиегийн үхэл нь Тегеран, Палестины эсэргүүцлийн хөдөлгөөний хоорондох гүн гүнзгий, салшгүй холбоог улам бэхжүүлнэ” гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Михаил Богданов энэ үйл явдлыг “Улс төрийн хувьд огт хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй аллага. ХАМАС-ын удирдагчийн үхэл нөхцөл байдлыг улам хурцдахад хүргэнэ” гэж анхааруулжээ. Мөн Туркийн Гадаад хэргийн яам уг явдлыг “Тегеран дахь гутамшигт аллага” гэж нэрлэн буруушааж “Энэ халдлага нь Газын зурвас дахь дайныг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх болно” гэж мэдэгдэв. Иордан “ХАМАС-ын удирдагчийг Израиль хөнөөсөн явдлыг бид хамгийн хатуугаар зэмлэн буруушааж байна. Энэ явдал бүс нутагт хурцадмал, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэнэ” гэж мэдэгдсэн. Ливаны ерөнхий сайд Нажиб Микати засгийн газраа яаралтай хуралдуулж бүс нутаг ноцтой хурцадмал байдалд орсныг анхааруулав. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “Энэхүү хүн амины хэргийг манай улс эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Бид тус бүс нутагт шинэ эмх замбараагүй байдал үүсч байгаад гүнээ түгшиж байна. Газад иж бүрэн бөгөөд байнгын гал зогсоох явдал хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Израиль Ханиег хөнөөсөн хэргийнхээ төлөө хатуу шийтгэл хүлээх болно” гэж мэдэгдсэн. Харин Израиль улс ХАМАС бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн хэргийн талаар ямар нэгэн тайлбар өнөөг хүртэл хийгээгүй байна. Юутай ч Ханиегийн амийг хөнөөсөн явдал Газын зурваст гал зогсоох хэлэлцээр болон барьцаалагдсан хүмүүсийг суллахад том саад учруулаад байгаа юм. Ливаны Хезболла нь Ираны шууд дэмжлэгээр армийн зохион байгуулалттай болж чадсан цорын ганц хүчирхэг зэвсэгт бүлэглэл юм. Иймээс барууны эрх баригчид Иран улсыг эртнээс дэмжиж ирсэн Хезболлагаар дамжуулан Израилийн эсрэг цохилт өгөх вий гэж эмээж байна. Учир нь цэргийн шинжээчид ч Иран бус Хезболла Израилийн хооронд байлдаан өрнөж магадгүй гэж үзэж байгаа билээ. Ийнхүү Израиль болон Ливаны радикал шиит Хезболла хөдөлгөөний хооронд мөргөлдөөн хурцадсан энэ үед Бейрут дахь Их Британи, АНУ, Швец, Франц, Канад, Иорданы Элчин сайдын яамдаас Ливан дахь иргэдээ нэн даруй энэ улсыг орхин явахыг уриалав. Их Британийн Элчин Сайдын Яам арилжааны нислэгүүд боломжтой байгаа дээр Ливанаас нисэхийг иргэддээ зөвлөсөн бол АНУ-ын Элчин Сайдын Яам иргэддээ “Тухайн нислэг таны сонголттой таарахгүй байсан ч аль болох боломжтой тасалбар захиалж Ливанаас аль болох хурдан гарч явах хэрэгтэй байна” гэж уриалсан байна.

Голаны өндөрлөгт болсон цохилтын үеэр хөл бөмбөг тоглож байсан 12 еврей хүүхэд нэг дор амиа алдсаны дараа Израиль болон Ираны харилцаа эрс хурцадсан юм. Энэ явдлын дараа Израиль ХАМАС-ын тэргүүн болон Хезболлагийн нэг гол удирдагчийг устгасан бөгөөд хариуд нь Хезболла бүлэглэл Израилийн хойд хэсгийн Бейт Хиллел хот руу олон арван пуужин харвасан. Израилийн агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр бамбай” систем Хезболлагийн пуужингуудыг хэрхэн сөнөөж буйг олон нийтийн сүлжээнд байршуулж, уг цохилтод хүний амь нас хохироогүй билээ. Үүний хариуд Израилийн Агаарын цэргийн хүчин Ливаны өмнөд хэсэгт байрлах объектуудад томоохон хариу цохилт өгсөн. Мөн Израилийн Холон хотод хоёр хүн хутгалуулан амиа алдаж, халдлага үйлдэгчийг цагдаа нар газар дээр нь устгасан юм. Ийнхүү Израиль болон Хезболла хөдөлгөөний хооронд тулалдаан өрнөж магадгүй болсон тул Пентагон “Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч байгаа учир АНУ-ын армийн командлал “Абрахам Линкольн” хөлөг онгоцоор удирдуулсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын бүлэг(ACG)-ийг Израилийг хамгаалах зорилгоор Газар дундын тэнгис рүү илгээсэн” гэж мэдэгдэв. Уг бүлэгт нисэх онгоц тээгчээс гадна түүнийг хамгаалах олон байлдааны хөлөг онгоцууд багтдаг. Нийт 7500 орчим боловсон хүчин бүхий бүлэг юм. Иран болон түүний холбоотнууд өнгөрсөн лхагва гаригт алагдсан ХАМАС-ын удирдагч Исмаил Хание болон Хезболлагийн командлагч Фуад Шукр нарын үхлийн төлөө Израилийн эсрэг зайлшгүй хариу арга хэмжээ авна гэж амласны дараа АНУ тус бүс нутаг дахь цэргийн оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжиж эхлэв. Цэргийн зарим шинжээчид энэхүү цохилтын бүлэг АНУ-ын дуунаас хэт хурдан, дайсны тал сөнөөх боломжгүй, нэн шинэ дунд зайн пуужингуудаар тоноглогдсон гэдгийг онцолсон байна.

 

Г.АМАРСАНАА