Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүддээ ном унших дадлыг багаас нь суулгацгаая DNN.mn

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Төв талбайд номын баяр болж өндөрлөлөө. Номын баярын сургаар ойрд хэр ном уншсан билээ гэж өөрөөсөө асуув. Манай сонины Улс төр, эдийн засгийн албаны сэтгүүлч, МЗЭ-ийн болон Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт Тэрбишийн Дарханхөвсгөлийн бэлэглэсэн “Тэнгэр дуугаргадаг хүн” номыг эхнээс нь дуустал уншсан юм байна. Хэсэг хугацаанд номын ертөнцөд нь уусан шингэж, бодол болсон. Түүний дараа цахимаар ном уншсанаа санав. Гэхдээ ном, сонинг хуудас, хуудсаар нь эргүүлж унших илүү амттай санагддаг. Өдөр тутамдаа шинэ ном хайгаад явдаггүй ч хааяахан номоор цангаж, ундаасахын зовлонг мэдэрдэг хүн би. Энэ нь монгол хэлний багш минь уран зохиолын ном ихээр уншуулж байсантай холбоотой дадал суусан юм болов уу.

Номын баярын үеэр хүүхдийн зохиолч Э.Амарзаяагийн хэвлэлд өгсөн ярилцлагыг гуравдугаар ангийн хүүгийн маань багш ангийнхаа чатанд байрлуулжээ. Хүүхдийн зохиолч “7-12 насанд нь эцэг, эхчүүд хүүхдээ ном уншуулаад сургачихвал цаашид унших дадал суудаг. Энэ насанд нь хүүхэддээ ном авч өгч, хажууд нь өөрсдөө ном уншиж үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй” гэсэн байв. Мөн номынхоо сонголтыг олон байлгаж, хүүхэдтэйгээ хамтран уншиж, үйл явдлынх нь тухай ярилцах нь илүү үр дүнтэй аж. Тиймээс хүүхдүүддээ ном унших дадлыг багаас нь суулгацгаая, эцэг эхчүүд ээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2024 оны есдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12…17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 17-ноос 2024 оны есдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаараа цас орно. Салхи 17-нд зарим газраар, 18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хойд хэсээр, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Билгүүн: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг анхнаасаа нүүрсний хэрэгт буруутгаагүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Ингэхдээ шүүгдэгч нарын ялыг бууруулснаас гадна уг хэрэг нь нүүрсний гэгдэх хэрэгтэй хамааралгүй гэсэн агуулгыг тайлбарласан байлаа. Энэ талаар өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийн хуульч О.Билгүүнтэй ярилцлаа.


-Т.Аюурсайхан, Б.ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүхийн шийдвэрийг энгийнээр тайлбарлаж болох уу?

-эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг харахад Уих-ын гишүүн асан т.аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.ганхуягт анхан шатны шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан. Энэ нь мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогдсон гэж үзсэн байна. харин нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ял оноосныг үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсан гээд хэрэгсэхгүй болгожээ. ингэснээр хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “… Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, тэр талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна…”гэсэн агуулга байгаа. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг нүүрсний хэрэгт шүүсэн гэж олон нийт харж байгаа. Юу болчихов?

-Энэ хэрэгт иргэд олон нийт нүүрстэй холбоотойгоор ял шийтгүүлж байна гэж харсан боловч анхнаасаа нүүрсний хэрэгтэй холбогдолтой яллах дүгнэлт үйлдээгүй, анхан шатны шүүх дээр нүүрстэй холбоотой асуудал яригдаагүй гэсэн үг. Товчхондоо, иргэд олон нийт Т.Аюурсайхан нарыг нүүрстэй холбоотой буруутгагдсан гэж үзэж байсан боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр үгүй гэдэг нь тодорхой байна.

-Нүүрсний хэргийн тухай яригдаж, бүр улсын төсөвт 40 их наяд төгрөгийн хохирол учирсан тухай улс төр, эдийн засаг гээд бүх шатанд яригдаж ирсэн. Энэ хүмүүс бол 40 их наядын нүүрсний хэргийн холбогдогчид гэж улстөрчдөөсөө эхлээд зарласан шүү дээ?

-Нэгд, миний хувьд энэ хэргийн талаар мэдээлэл өгөх нь хуулиар хориотой. Мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууц гэж бий. Тиймээс нарийн ширийнийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Дээрээс нь илэрхий байгаа үйл баримтаас харахад нүүрсний хэрэг гэдэг бол Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шалгаж байгаад шал өөр үндэслэлээр буюу үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угааж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Гэхдээ энэ нь нүүрстэй холбоогүй. Нөгөө талаар цагдаа болон эрх бүхий байгууллагууд тодорхой гэмт хэрэг зөрчил илэрсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулах үүрэгтэй. Үүн дээр хууль хүчний байгууллагаас нүүрстэй холбоотой асуудлыг дараад байгаа гэж ойлгож болохгүй. Нүүрстэй холбоотой асуудлаар ял шийтгээгүй гэдгийг шууд дүгнэх ч боломжгүй. Мөнгө угаасан нь нүүрстэй холбоотой эсэхийг шууд хараад хэлчих боломжгүй. Ямартаа ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр дээр нүүрстэй холбоотой хэлэлцээгүй гэдгийг тайлбарласан байна.

-Тэгвэл нүүрсний хэрэг юу болов, холбогдсон хүмүүс хаачив. Та хуульч хүн, нүүрсний хэргийн сонсголоос эхлээд бүхий л нөхцөл байдлыг харж, дүгнэлт хийж байсан байх?

-Мэдээж хуульд заасан үндэслэлээр гэмт буруутай этгээд гэмээ хүртэх нь зайлшгүй. Тухайн хэргийн талаар бид хөндлөнгөөс, иргэд олон нийтийн үзэл бодлоор дүгнэлт хийж буруу зөвийг шүүх нь буруу. Энэ бол өнөөдрийн монголчуудын дунд, нийгмийн сүлжээнд дэлгэрч байгаа буруу ойлголт, хандлага гэдгийг онцолмоор байна. Дээр хэлснээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж байдаг. Нууцтай холбоотой асуудлыг хэн нэгэн хуульч, тэр хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч дүгнэлт хийгээд иргэд олон нийтэд, сошиалаар, хэвлэл мэдээллээр ярих нь хориотой. Гэхдээ энэ нь гэмт хэргийг нуун дарагдуулаад байгаа гэсэн ойлголт биш. Хоёрт, энэ хэргийн нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байхад дүгнэлт хийх нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 54 нь гал түймэр, 14 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, зургаа нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг байна DNN.mn

Нийслэлийн 7 дүүрэгт борлуулалтын 670 цэгээр шахмал түлш худалдаална.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 96000 тонн шахмал түлшний нөөцтэй, 2610 тн шахмал түлш худалдаанд гараад байна.

25 кг-н нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1191 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1191 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэх байр суурийг зарим хуульчид, тус салбарын мэргэжилтнүүд цахим орчин илэрхийлсэн юм. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.


-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Улсынхаа нийслэлийн энэ хэт их түгжрэлийг бууруулахын тулд яамдыг хотын төвөөсөө шилжүүлье гэдэг нь нэг талаасаа зөв л дөө. Гэхдээ нөгөө талаасаа шууд төрийн яамаа хөдөө орон нутаг руу шилжүүлж байгааг би гайхаж байна. Учир нь олон жилийн өмнөөс л их сургуулиудыг хотоос гаргая. түгжрэл хэцүү байна гээд асар олон тэрбум төгрөгийг судалгаа, тЭЗү хийх нэрийдлээр зарсан. Гэвч ямар ч олигтой шийдвэр одоог хүртэл гараагүй л байна. Мөн яагаад тэр их мөнгийг ямар нэгэн үр дүнгүй зарцуулсан юм. Яагаад одоог болтол тайлан, тайлбар тавихгүй байгааг би гайхаж байгаа. Ер нь төрийн мэдлийнхээ таван сургуулийг хотоос гаргаад кемп байдлаар зохицуулаад явах юм бол тодорхой хэмжээнд түгжрэлийг бодитойгоор бууруулна. Үүнээс гадна оюутнуудыг дагаад маш их айл өрх хот руу шилжиж ирдэг урсгал ч багасна. Бусад улс оронд ч гэсэн их сургуулиуд нь хотын төвөөсөө зайдуу байдаг. Гэтэл үүнийхээ оронд ийм поп шийдвэр гаргаж байгаад би гайхаж байна. хоёрдугаарт, ххаахүЯ төдийгүй аливаа яамыг 200 гаруй километр хол нүүлгэх нь Засгийн газрын кабинетын зарчмаар явах, нэгдмэл байх гэдэгт сөрөг нөлөө үзүүлнэ. долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаандаа суух хэрэг болно.

Ганцхан сайд Засгийн газрын хуралдаанд суудаг юм биш шүү дээ. Дээрээс нь ээлжит бусаар хуралдах хэрэг гарна. Шуурхай шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Мөн иргэд ч гэсэн тухайн яаман дээр очиж өөрсдийн асуудлаа шийдүүлэхэд нэн хүндрэлтэй болж эхэлнэ. Хэрвээ үнэхээр энэ яам хотын төвд байрлаад, түгжрэлд нөлөөлөөд байна гэж үзвэл хотынхоо зах руу гаргаж болно. Налайх, Багануур гээд нийслэлийн дүүргүүд байна. Энэ хоёр дүүргийг ер нь санаатайгаар орхигдуулаад байдаг нь гайхалтай. Ямар ч хөгжил дэвшил алга, ажлын байр байхгүй л байна. Майдар, Зуунмод, Хархорин хот гээд хэт алсын зүйл ярихаасаа өмнө ойрын боломжит, ухаалаг шийдвэрүүдээ гаргаад урагшлуулах нь ард түмэнд илүү хэрэгтэй. Тэр шийдвэртээ тариалангийн бүсийг нь түшиглэж нүүлгэж байгаа гэсэн утгагүй зүйл яриад байна лээ. Тэгвэл үнэхээр тариалангаа дэмжих гээд байсан юм бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаа тийш нь нүүлгэхгүй яасан юм. Гэтэл бүтэн яамаар нь зөөх гээд байгаа нь арай л өрөөсгөл шийдвэр. Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу. Ямар ч судалгаа шийдвэргүй попорсон шийдвэр л боллоо гэж харж байна.

-Яамыг орон нутаг руу нүүлгэх нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал гээд байх юм. Үнэхээр тийм заалт байдаг юм уу?

-Нийслэл гэдгийг юу гэж ойлгох вэ гэж байгаа шүү дээ. Төрийн байгууллагуудын төвлөрсөн газрыг нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар гэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр энэ нь ямар ч судалгаа тооцоогүй, Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг хагалсан гэж л харагдаад байгаа юм. Манай улс чинь холбооны улс биш шүү дээ.

-Тухайн яаманд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ нүүх, тэндээ орон байртай болох гээд эдийн засаг талаасаа маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно биз дээ?

-Энэ чинь коммунистуудыг төрдөө гаргасны л гай шүү дээ. Илгээлтийн эздээр хот байгуулна гэдэг хөөсөрсөн байдлаараа л хандаж байна. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсээр төрөө удирдуулж байгаагийн зовлон маань энэ. Даанч манай ард түмэн ийм хүмүүсээр удирдуулахыг хүсээд байгаа.

-Ж.Энхбаяр сайдыг өөрийнхөө аж ахуй руу яамаа дөхүүлж байна гэсэн наргиа ч гарсан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ганцхан Ж.Энхбаяр гэж хүнтэй холбож ярьж болохгүй л дээ. Яагаад гэхээр Засгийн газрын шийдвэр чинь хуралдаанаараа баталгааждаг. АН, МАН, ХҮН-ын шийдвэр гээд л ойлгочих хэрэгтэй. Ер нь энэ асуудлаар Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд маш тодорхой заачихсан байгаа. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ гээд заачихсан. Тэгэхээр хоёр дахь нийслэл байгуулах гээд байгаа юм уу гэдэг нь ч ойлгомжгүй л байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу DNN.mn

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламентад улс төрийн таван намын төлөөлөл сууж байна. Эндээс МАН олонх болж АН, ХҮН намтай эвсэн Засгийн газраа байгуулсан. Нэгэнт Засагт орсон намууд тус тусын мөрийн хөтөлбөрөөсөө ажил хэрэг болгох, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх сонирхолтой. Аль нам ямар амлалтаа хөтөлбөрт оруулах “марафон” саяхан болж УИХ-аар батлуулж амжлаа.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс анхаарал татсан нэг асуудал яах аргагүй татварын тухай юм. Учир нь татварын асуудал бол нийт монголчуудын асуудал. Иргэн хүн цалингийнхаа 40 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд суутгуулдаг. Нэг сая төгрөгийн цалинтай ажлын байранд татвар шимтгэлээ суутгаад иргэний гар дээр 600 мянган төгрөг ирдэг. Аж ахуйн нэгжийн татвар бүр ч өндөр. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, худалдаа арилжаа явуулах, үйлдвэрлэл эрхлэх бүгд л тус тусын татвар, төлбөрүүдтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад 30 гаруй төрлийн татвар, төлбөр хүчин төгөлдөр үйлчилж байдаг. Хамгийн гол нь татварын хувь хэмжээ маш өндөр явж ирсэн нь олон нийтийн хатуу шүүмжлэлийг дагуулдаг.

Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт татварын тухай амлалтууд олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Өмнө нь бол намын мөрийн хөтөлбөр гэж хэн ч тоож уншдаггүй, хий хоосон жагсаалтууд байсан гэхэд буруудахгүй. Харин энэ удаа бол өөр. Тиймээс хамтарсан Засгийн газарт орж ирсэн намууд татварыг бууруулах тухайд ямар амлалт өгч байсныг эргэн саная.

МАН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө “…Орон нутаг болон нийслэлийн гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьж, борлуулсан ААН-д татварын хөнгөлөлт үзүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн бол АН “Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ” гэжээ. ХҮН “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдэд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг бууруулж, санхүү үйл ажиллагааны чадавхийг нь бэхжүүлнэ” гэсэн байдаг.

Татвар бууруулахаас гадна шаталсан бодлого хэрэгжүүлэх тухай ч намууд амлаж байлаа. МАН “Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ. Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ. Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэхэд ХҮН “ААНОАТ-ын шатлалын босго дүнг зургаан тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтлана” гэсэн билээ.

Харин НДШ бууруулах тухайд МАН “НДШ-ийн хоёр хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, цаашид хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ” гэхэд АН “Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэдийн НДШ-ийн тасалдлыг нөхөн төлөх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. НДШ-ийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутгах тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээнд НДШ ногдуулахгүй. Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж татварын системд тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно” гэчихсэн. ХҮН-ын хувьд “НДШ-ийг тооцох аргачлалыг эргэн харж, иргэдийн ажил эрхлэх идэвх сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай өөрчлөлтийг оруулна” гэсэн нь мөрийн хөтөлбөрт нь бий.

Тэгвэл УИХ-аар батлуулсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт татварын тухай дээрх амлалтууд хэрхэн туссан нь сонирхолтой. Бүгд биш юм аа гэхэд аль нэгийнх нь гол амлалт ажил хэрэг болчихвол татвараар дарамтлуулж байгаа иргэн, ААН-д маш дэмтэй. Бүр сайнаар бодож, нэг бус нэлээд хэдэн бодлого хэрэгжиж чадвал ААН-үүд өндийгөөд л ирнэ. Иргэд халаасандаа илүү хэдэн төгрөгтэй үлдэж, амьдралын чанартаа анхаарах боломж гарна. Өөдрөгөөр бодоход нийгмийн дундаж давхарга өндийх гарц татварын ээлтэй бодлого, ажлын байр гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Харамсалтай нь ирэх дөрвөн жил Монгол Улсад татварын ээлтэй бодлого хэрэгжихгүй нь. АН, ХҮН-ых биш юм аа гэхэд олонх болсон МАН-ын татвар бууруулах амлалтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй байна. Сангийн сайд Б.Жавхлан саяхан нэг ярихдаа “…боловсруулах чиглэлийн дотоодын үйлдвэрүүдийг дэмжинэ. Өнөөдрийг хүртэл аль нэг салбараар нь ялгаж авч үзэж, тоног төхөөрөмж болон татварын дэмжлэгүүдийг үзүүлдэг байсан бол ирэх жилээс салбар хамаарахгүйгээр боловсруулах чиглэлийн дараагийн шатны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ. Зөөлөн дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхийг бодлогоор дэмжинэ. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг сэргээх, ногоон байгууламж, соёл, спортын барилга байгууламж барьж, төрийн ачааллыг бууруулах бол гаргасан зардлыг нь татвараас бүрэн чөлөөлнө. Нийт борлуулалтынх нь нэг хувиар хязгаарлахаар болсон” гэснээс харвал ирэх жилүүдэд татварын бодлого нэрээр ганц нэг салбарыг сугалан авч дэмжлэг үзүүлсэн төдий өнгөрөх бололтой. Гэтэл татварын ачаалал, дарамт ганц нэг салбарт биш нийтээрээ байгаа. Ерөөсөө ажлын байр бий болгож, хэн нэгэнд бараа үйлчилгээ үзүүлж байгаа хүн бүр, ААН бүрт татвар хамаатай. Үүнийг эрх баригчид, Засгийн газарт орж ирсэн намууд хэнээс ч илүү мэднэ. Бусад ндш, нөат-ын буцаалт, эмд- төлөлт, ААНОАТ, ХХОАТ огт яригдаж, мөрийн хөтөлбөрт тусгагдсангүй. Нийт татварын хэмжээ 40 хувь байгааг бууруулах талаар ямар ч бодлого байхгүй байна.

Ард түмэн татварын дарамтнаас гарах гэж л АН, ХҮН санал өгсөн. Яагаад энэ тухай ярихгүй байна вэ, эдгээр намын удирдлага. 40 хувийн татварыг ядахдаа 30 хувь болох байх гэсэндээ л АН-д санал өгсөн гэдгийг Лу.Гантөмөр дарга сайн мэдэж байгаа.

Төрд орсны дараа мартаж орхидог, зарим нь ганц нэг ажилласан болоод л төсвийн мөнгийг тарамдаж, дараагийн сонгуультайгаа золгодог. Ийм л жишиг манайд байж ирсэн. Нэг ёсондоо улс төрийн соёлгүй, ёс зүй, ёс суртахуунгүй байдлын хамгийн том жишээ бол намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байдаг. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар олон нийт татвартай холбоотойгоор мөрийн хөтөлбөрүүдэд нэлээн сайн анхаарсан, хэрсүүжсэн, нэхдэг болсон. Тиймээс татварыг бууруулах бодлого нийтээр нь хэрэгжиж байж л сонгогчид эргэнэ. Хамтарсан Засгийн газар татварыг яаж бууруулах талаараа сонгогч олондоо даруйхан тайлбар тайлангаа тавихыг ард түмэн шаардах ёстой. Татварын дарамтыг хэвээр нь байлгахыг хүссэн бол МАН-ыг л сонгоод гаргаад ирэх байсан биз. Үүнийг бууруулах гэж л сөрөг хүчнүүдийг гаргаж ирсэн билээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Г.Сурмаа: Хэн ч батлаагүй, хэний ч санаанд оромгүй том тоо, мөнгө ярьж иргэдээ талцуулж болохгүй DNN.mn

Төв аймгийн Заамарсуман дахь алтны ордыг хулгайлах гэж байна гэсэн хардлага сүүлийн өдрүүдэд гарч ирж байна. Энэ талаарТөв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаас тодрууллаа.


-ЗаамарынТөмстэй баг дахь алтны ордыг Төв аймгийн үе үеийн удирдлагууд, УИХ-ын гишүүд хулгайлсан гэсэн мэдээ гарч байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ямар ч ор үндэсгүй, цэвэр гүтгэлэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр энэ мэдээг төлбөртэйгөөр маш их цацаж байна. Манай аймагт “Төв эрдэнэс” ОНӨААТҮГ үйл ажиллагаа явуулдаг. Яригдаж байгаа асуудал бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солиболцлыг Засгийн газар тогтоодог хууль журмын дагуу явагдсан байдаг. Засгийн газрын энэ эрхийг УУХҮ-ийн сайд хэрэгжүүлж, хуулийн дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явуулдаг. Энэ сонгон шалгаруулалтад “Эрдэнэсийн эрэг” компани, мөн “Голдхарбер” ХХК хоёр хамтран оролцож ялсан юм билээ. АМГТГ-ыг Кадастрынхэлтсийндаргын 2017 оны 441 тоот, 2018 оны 111 дүгээршийдвэрүүд ч бий. Гэхдээ Төмстэй баг дээр ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Олборлолт огт хийгээгүй.

Яагаад гэвэл  малчид, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас 2017 оноос хойш маргаан нь шүүхийн шатанд үргэлжилсээр байгаа. Үйл ажиллагаа нь идэвхгүй, зогсонги, царцсан байдалтай байхад аймгийн удирдлагууд нэг уурхайг, нэг ордыг хувьдаа завшаад, хууль бусаар мөнгө олж байгаа юм шиг мэдээлэл тарааж байгаа нь ерөөсөө л утга учиргүй өрнүүлдэг манайхны улстөржилт, аймаг орон нутгийн удирдлагуудын эсрэг явуулж байгаа гүтгэлэг. Улстөржихдөө бас ийм нарийн ширийн зүйлийг ойлгож байж, учиртай улстөржмөөр байгаа юм. Заамарын энэ ордтой холбоотой мэдээ одоо ч гарч ирж байгаа юм биш. Өмнө нь 2017-2020 онд ч хэд хэдэн удаа хэвлэлээр гарч байсан гүтгэлэг.

Та гүтгэлэг гэж хэллээ. Тэгэхээр энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой байж болох уу?

-Тийм гэж ойлгож болно. Ерөөсөөл сонгууль угтсан, ард түмний тархийг угаах гэсэн хар пиар. Хэн ч батлаагүй, хэний ч санаанд оромгүй том тоо, мөнгө ярьж, хүмүүсийг бухимдуулсан, талцуулж байгаад харамсаж байна. Дээрээ хамтарсан Засгийн газар байгуулагдаж, эв нэгдлийг баримтлан ажиллаж байхад орон нутагт иргэдээ талцуулж, бухимдуулж, турхирч байгаад хүмүүс ч гайхаж байна. Дашрамд хэлэхэд, мэдээллийн суваг, сошиал орчинд тарсан энэ мэдээг шалгуулж, тодруулахаар бид хууль, цагдаагийн байгууллагад хандсан. Дахин илтгүтгэсэн, мушгин гуйвуулсан зохион байгуулалттай мэдээ тараавал хууль, цагдаагийн байгууллагад цаг тухайд нь хандаад явна.

Нэмж хэлэхэд, энэ бол нөөц нь батлагдсан орд биш, хуучин нийгмийн үед тогтоосон нөөцийн таамаглал л яригддаг орд. Үнэхээр олборлолт явуулна гэвэл хайгуулын иж бүрэн судалгаа хийж, энд үнэхээр хоёр тонн алт бий эсэхийг тогтооно. Ийм байхад улстөржсөн гүтгэлэг явуулж, хоосон тоо гаргаж ирж, иргэдийн тархийг угаах нь зохимжгүй. Хэрвээ үнэхээр ийм нөөц байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Эрдэс баялгийн зөвлөлүүд нөөцийн мэдээллийг мэднэ. Бодит хариултыг бол энэ байгууллагуудад өгнө.

 

Б.ДОРЖ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын 9 дүгээр сарын 16, Сумъяа гариг. Билгийн тооллын 13, Чөдөр одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6:31 цагт мандаж 19:03 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Ү
с шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.