Categories
story-news

Иргэний шилжилт хөдөлгөөнийг өнөөдөр зогсооно

Иргэний шилжилт хөдөлгөөнийг өнөөдөр зогсооно

Categories
story-news

Хүний амь бүрэлгэсэн, эрхийг нь ноцтой зөрчсөн этгээдүүдийг ил зарладаг болъё

Хүний амь бүрэлгэсэн, эрхийг нь ноцтой зөрчсөн этгээдүүдийг ил зарладаг болъё

Categories
story-news

Д.Сүнжид: Дүрэм журам нь өөрөө хүний эрхийг зөрчөөд байна

Д.Сүнжид: Дүрэм журам нь өөрөө хүний эрхийг зөрчөөд байна

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй  байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, 6 спорт заалын барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Сургууль цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн таван дүүргийн найман байршилд 44,870м2 газрыг чөлөөлөөд байна” гэв.

Хан-Уул дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 63 сургууль, 141 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 хороонд 20 сургууль, 14 хороонд 14 цэцэрлэг шинээр баригдаж барилгын ажил үргэлжилж байна.

Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 28 сургууль, 48 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга, 276 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийг байгуулахаар болсон. Одоогийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгааг тус дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат хэлж байв.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Сүхбаатар дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 51 сургууль, 56 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Дүүргийн хэмжээнд шинээр гурван сургууль, гурван цэцэрлэг баригдаж байгаа. Сургуулийн барилгын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. ЕБС-иудад боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа бөгөөд багшийн сул орон тоог нөхөж багш ажилд авах ажил үргэлжилж байна” гэв.

“Баянгол дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 49 сургууль, 78 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. 2024 онд багтаж шинээр хоёр сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орно. Дүүргийн хэмжээнд 9 цэцэрлэг, гурван сургууль түрээсийн байранд хичээллэнэ. Сургуулийн барилгын ажил үргэлжилж буйтай холбоотойгоор зургаан сургууль гурван ээлжээр хичээллэнэ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 60 хувьтай үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургууль, 117 цэцэрлэг хичээллэнэ. Шинээр долоон сургууль, 12 цэцэрлэг баригдаж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, нэмэлт санхүүжилт болоод газар чөлөөлөлтийн асуудлаас болж зарим хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай явагдаж байна” гэлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн хэмжээнд 185 цэцэрлэг, ерөнхий боловсролын 70 сургууль хичээллэнэ. Шинээр 17 цэцэрлэг, 5 сургууль баригдаж байна. Сургуулийн 265 автобус хүүхдүүдэд үйлчилнэ. Одоо баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийн асуудал тулгарч байгаа” гэлээ.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж чанар, стандартад онцгой анхаарал хандуулахыг үүрэг болголоо. Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

 

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх боломжтой ажил арга хэмжээг судлах;
  • Түүхий эд худалдан авах бүсчлэлийг тогтоож, төлөвлөлт хийх;
  • Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдын хөдөлмөр аюулгүй байдлыг хангах ажиллах;
  • Гадаад, дотоод бондыг нээлттэй болон хаалттайгаар худалдаалах ажлыг эрчимжүүлэх;
  • Хөрсний ус зайлуулах шаардлагатай байршлуудыг судалж, тогтоох;
  • Явган хүний замын ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Categories
story-news

Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн

Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн

Categories
мэдээ нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 939 хэрэг шалгагдаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 948 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 939 хэрэг шалгагдаж байна.

Увс аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “О”, мөн Увс аймгийн Завхан сумын удирдах албан тушаалтан “Я” нар нь бусдаас хахууль өгөхийг шаардсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

 

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно

Categories
мэдээ нийгэм

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас баржээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс  Өмнөговь аймагт наймдугаар сарын 09-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 72  нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 31 нь  гал түймэр, 13 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооч, тээвэрчдийн анхааралд DNN.mn

Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12-13км-т 2 байршилд зам дээгүүр ус даван, хөвөө угаагдсан байгаа тул автозамын хөдөлгөөнд оролцохдоо та бүхэн аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулан зорчино уу?

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Нэгдүгээр ангийн элсэлтийн хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас эхлэн E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ.

Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

Эцэг эх та бүхэн дараах зааврын дагуу хүсэлтээ илгээгээрэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн DNN.mn

“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.


-Тантай Галаа багш аа, гээд өмнө ярилцдаг байсан бол одоо гишүүн ээ гэж дуудах болжээ. Шинэ албандаа хэр дадаж байна даа?

-Боловсролын салбарын төлөөлөл, багш нарын төлөөлөл болж хууль тогтоох байгууллагад орж ирсэн болохоор хийхээр төлөвлөж, судалж байгаа олон ажлууд байна. УИХ-ын дарга, бусад гишүүд, салбарын сайдтайгаа ярилцаж, хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулж, саналаа солилцож байна.

-Танаас тэр бүрийг нэг бүрчлэн асууж тодруулахыг хүсч байна. Гэхдээ арай өөр сэдвээр ярилцлагаа эхэлье.Таны үед, намын жинхэнэ гишүүнээр тэнцэж элсэх гэдэг чухал үйл явдал байсан. Та ингэхэд аль нэг нам, тэр дундаа МАН-ын гишүүн байсан уу?

-Байгаагүй. МУИС-д оюутан байхад Эвлэлийн хорооны дарга Д.Лүндээжанцан багш байсан. Тухайн үедээ би факультетийн оюутны эвлэлийн үүрийн дарга,идэвхтэй гишүүн байсан болохоор ирээдүйд намд орно шүү гэсэн яриа гарч л байсан. Төгсөөд ХААИС-д багшилж байхдаа багш нарын эвлэлийн хороог ахалж байлаа. Ер нь тухайн үеийн замналаараа эвлэлийн хороогоор явсан хүн намын гишүүн болох нь тодорхой байсан л даа. Гэхдээ нас дөнгөж хорин тав, зургаатай байсан болохоор намын гишүүн хараахан болоогүй.Тэгж байтал удалгүй сурганы хүрээлэнд ажиллахаар яваад, цаашлаад гадаадад сурч, сургуулиа байгуулна гээд намтай ер хамаатай байсангүй дээ.

Нээрээ, нам гэснээс 1990 онд Ардчилсан хөдөлгөөн эхэлж байх үед ХААИС-ийн оюутнууд жагсаалд нэгдэхээр Туулын гүүрнээс талбай руу туг бариад алхах үед тэргүүн эгнээнд нь удирдаад явж байлаа. Хоёр ч том ардчиллын жагсаалд манай оюутнууд нэгдэн очиж байсан юм. Тэр үеийн сургуулийн ректор дуудаад “Багш та нар өөрсдөө ингэж тэргүүлж оролцохгүй ээ” гээд загнаж байсан удаатай. Дараахан нь Социал демократ нам байгуулагдах үед санагдаж байна, манай МУИС-ийн Р.Гончигдорж, А.Ганбаатар, Мэндсайхан гэсэн мат, физикийн багш нар биднийг дууддаг байлаа. Тухайлбал, Японы Хирано гээд том эрдэмтнийг урьж лекц уншуулж, лекцийг нь кассетэнд бичиж авсныг найз Энх-Амгалантайгаа хэдэн шөнө сууж буулгаад, ном болгож гаргах эхийг нь бэлдэж өгч байсан сан. Тэр үед Социал демократ намын гишүүн болооч гэж байсан ч элсэж барьсангүй л өнгөрсөн. Гэхдээ сүүлд Социал демократ хөдөлгөөнд оролцсон хүмүүсийн түүхэн ном гарахад миний нэр явж байсан.

Миний намтай холбогдсон түүх гэвэл ердөө энэ.Аль нэг намд элсээгүй жар хүрчээ. Гэхдээ манай намд элсээч, сонгуульд нэр дэвшээч гэсэн яриа хөөрөө бол 2010 оноос хойш бол яригддаг л байсан. Би ч нам бус хүн дээ гээд өнгөрдөг байлаа. Харин өнгөрөгч тавдугаар сарын 28-нд МАН-д албан ёсоор элссэн.

-МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрс үнэхээр “цочирдом” байсан л даа. Танд энэ санал яаж ирсэн бэ?

-Тавдугаар сарын 18 миний төрсөн өдөр л дөө. Тэр өдөр амралтын өдөр,бас бурхан багшийн их дүйчин өдөр таарсан юм. Ганданд хурал номд сууж байхад МАН-ын удирдах албан тушаалтан утасдлаа.

Ингээд хамаагүй ярьж болж байна уу даа(инээв). “Та хаана байна, уулзах хэрэг байна” гэхээр нь номон дээр сууж байна аа л гэлээ. Оройдоо дахиад хаана байна гэхээр нь төрсөн өдөртэй байна аа гэлээ. Үнэндээ хүүхэд сургуульд оруулах тухай гуйлт байх гээд цааргалангуй санаатай. Гэтэл байсан газар маань хүрээд ирдэг байгаа, тэгээд л гараад уулзсан даа. Мэдээж, тэр санал цочирдом байлгүй яах вэ. Гадуур хүмүүс нэр дэвших гээд гүйж байна, жагсаалт нь хэдэн тэрбум гэнэ гэсэн яриа л сонсож байснаас өөрөө орох тухай төсөөлөө ч үгүй хүн. Би үнэнээ л хэлсэн. “Би мөнгө өгч, чадахгүй ээ” гэж. “Мөнгө авахгүй ээ, жагсаалтад ямар ч хүнээс мөнгө авахгүй байгаа” гэж байна. Бас дахиад хэллээ. “Би бас мөнгө авахгүй шүү. Нэр цэвэр хүмүүсийг оруулаад мөнгө өгдөг гэсэн яриа дуулсан” гэлээ. “Танд мөнгө өгөхгүй ээ” гээд инээж байна.

Нэмээд,“Би кнопчин болж, намын хатуу гишүүн байж чадахгүй ээ. Намыг чинь муухай харагдуулж магадгүй шүү. Улс эх орны төлөө хийж бүтээх гэсэн ажлууд надад бол байна, гэхдээ бодох хэрэгтэй байна” гэсэн. Нэг ийм л яриа болсон юм. Тэгээд намайг та сайн бодоорой. Гэхдээ хариу яаралтай, маргааш хэрэгтэй байгаа гээд явсан.

-Нөгөө төрсөн өдрийн арга хэмжээ тэс өөр ярианы сэдэв болж хувирсан уу?

-Юун төрсөн өдөр болсон, гэнэтийн санал тавьчихаар. Боловсролын салбарт төрийн бодлогоор шийдэх маш олон асуудал байгаа юу гэвэл байгаа. Зах цухаас нь хийх гээд өөрийнхөөрөө зүтгэж явсан надад улс төрд орж хийнэ гэж бодож байгаагүй болохоор хүлээж авахад эхлээд хол санагдсан. Гэр бүл, ах дүү нартайгаа ярилцаж, найз нөхөдтэйгөө ч санал солилцлоо. Манай гэр бүл, охидууд бол шууд л дургүйцсэн дээ. “Улс төрд ороод ирэхээр таны нөгөө багш гэж хүндэтгэл хүлээж ирсэн тэр бүхэн байхгүй болно. 76 мангарын нэг гээд дуудуулаад эхэлнэ шүү дээ. Тэгээд ч таны характерт таарахгүй. Та бол багш л хүн, дэмий дээ” гэцгээсэн. Үнэхээр хийх ёстой олон ажил байгааг мэдэж байгаа хүний хувьд, боловсролын салбарт олон өөрчлөлтийг хийхэд, энэ салбарыг өөд татахад боломж гарч байгаа тул үзээд алдмаар ч юм шиг. Хоёрдоод хямарсан л даа. Тэгээд нэлээд нухацтай бодсоны дараа шийдвэрээ гаргасан, 20-нд нэр дэвшигчид зарлагдсан шүү дээ. Яг ингэж хамаагүй ярьж болохыг мэдэхгүй байгаа ч үнэн гэвэл энэ юм. Гэхдээ МАН-аас салбар салбарын эксперт болсон хүмүүсийн араас ингэж уйгагүй хөөцөлдөж байгаа нь таалагдсан. Хожим сонсох нь ээ манай жагсаалтын эхний хэд бүгд л нэг иймэрхүү байдлаар гэнэт дуудагдсан юм билээ. Харин одоо бид улстөрчийн ажилд хурдан суралцаж, салбарынхаа дуу хоолойг хүчтэй хүргэж, оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болж байна даа.

-Ингээд хийчих юмсаан гэсэн бодол, дотроо “шатах”нь бий. Танд ийм бодол хэдийд анх мэдрэгдэж байсан бол?

-Би 32 нас хүртлээ Монголдоо дунд сургуулийн багшаар ажиллаж байгаад Японд сурахаар очих үедээ боловсролын тогтолцоог нь хараад ихэд атаархаж, Монголоо ийм л болгох хэрэгтэй гэж бодож байсан. Би Их дээд сургуульд багшилж, хүрээлэнд судлаач, хөдөө, хотын дунд сургуульд багшлах зэргээр бүх шатанд ажиллаж байсан хүний хувьд хоёр орны ялгааг бүх түвшинд харж чадаж байсан л даа. Тиймээс тэдний давуу талыг буулгасан өөрийнхөө онцлогт тааруулсан жишиг сургууль байгуулъя, хожим нь тэр туршлагаа түгээж дэлгэрүүлье гэсэн зорилгоор “Шинэ Монгол” ахлах сургуулиа байгуулсан хүн шүү дээ.

-Манайд арван жилээр сургууль төгсдөг байсан үед анхны 11 жилээр хүүхдүүдээ төгсгөж эхэлсэн санагдаж байна. Гадагшаа явах гэхэд манай арван жилийг хүлээн зөвшөөрдөггүй, нэмж сурах хэрэгтэй гээд амаргүй байсан үе шүү…

-Тохокү их сургуульд 1999 онд элсээд, докторын судалгааны сэдвээ “Монголын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийн инноваци” гэж аваад судалж эхэлсэн л дээ. 9-10 гэсэн хоёр жилийн ахлах анги дээр нэг жил нэмээд арван нэгэн жилээр анх удаа төгсгөх ажлыг эхлүүлж байлаа. Тухайн үед арваа төгсөөд Их дээд сургуульд оролгүй үргэлжлүүлэн 11 жилээр төгсөх боломжийг бий болгосон гэсэн үг. Бараг арваад жил манай сургууль ганцаараа арван нэгэн жилээр төгсгөдөг байсан. Асуултаасаа нэлээд халиад байна уу даа. Ингээд 2000 онд “Шинэ Монгол” ахлах сургуулиа байгуулж, бодит өөрчлөлт хийж явж байгаад 2005 оноос байна уу даа, жаахан улстөржиж эхэлсэн гэх үү дээ, үгээ хэлж эхэлсээн. Манай боловсролын салбарын явж байгаа чиг хандлага, ялангуяа гадны төслөөр хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд буруу яваад байхаар тэсээгүй. 10 жилийнхээ 4+4+2=10 тогтолцоог өөрчилж буй нэрээр 6:3:3,бүр 5:5:2 гээд 3-4-хөн жилд яам маань бужигнуулж өгсөн дөө. Тогтолцоо нь ингэж тогтворгүй байхаар сургуулиуд бүр л бужигнасан. Тухайн үеийн Боловсролын сайдын мэдэгдэл ярилцлага өгсний дараа тэр ТВ-д нь очоод буруу зүйл болоод байна гээд ярьдаг байв. Бүр Ерөнхийлөгчийн Иргэний танхимд хэлэлцүүлэг хүртэл санаачилж, шүүмжилж, УИХ-ын гишүүдэд хүртэл албан захиа бичиж хүргүүлж байлаа. Яамны шалгалт манай дээр ирэх нь ихсээд, зуултад орж байсан ч халшраагүй хэлэх үгээ хэлсээр байсан удаатай.

Гэхдээ сүүлдээ манай салбарт сайд тогтдоггүй, ирсэн сайд бүр сонин, сонин шийдвэр гаргаад, хөтөлбөрийг дураараа өөрчилдөг болоод ирэх үед шантраад хаясан гэж болно. Яамнаас гарах шийдвэрт найдах хэрэггүй юм байна гэсэн бодолтой болсон. Харин өөрөө л чадах хэмжээндээ хийж үзүүлье гэдэг утгаар төсөл хөтөлбөр хийж эхэлсэн дээ.

-Өөрийн сургуулийн сайн туршлагаа улсын сургуулиудад нэвтрүүлсэн төсөл тань үнэхээр бахархам байсан. Янз янзын түвшний, хот хөдөөгийн сургуулиудтай ажилласан энэ хугацаанд боловсролын салбар дахь нүцгэн үнэнтэй тулж чадсан байх…

-Тийм ээ, төрийн сургуулийн менежментийг сайжруулах төслөө эхлүүлж чадсандаа би өөрөөрөө ч бахархаж байгаа.(инээв) Би төслийнхөө эхний шатанд хот, хөдөөгийн найман сургуультай хамтран ажиллаж, дараагийн шатанд жаран сургууль сонгон авч ажилласан. Ингэхдээ орон нутгаас аль болох олон сургууль оруулсан. Сургуулийн менежмент гэж юуг хэлдэг талаар цагаан толгойноос нь эхэлж байгаа юм л даа. Сургуулийн бүхий л үйл ажиллагаа менежмент дээрээ зангилагдаж байдаг гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Гол нь 20 гаруй жил “Шинэ Монгол” сургууль дээр хэрэгжиж нотлогдсон нөү хау, тэргүүн туршлагыг түгээж байгаа юм л даа. Дараагийн гурав дах шатанд 60 сургуулиасаа бодит өөрчлөлт гарч байгаа сайн сургуулийг сонгож аваад жинхэнэ ментор сургуулиуд болгох төлөвлөгөөтэй байсан.Үнэхээр нүдэнд харагдах сайхан үр дүнгүүд гарч байгаа. Тэгээд сайн сургуулиуд бусдадаа менторлох боломжийг нээгээд гинжин холбоосоор улам түгээнэ дээ гэж бодож байлаа. Харин одоо арай өөр түвшинд ажиллах боломж ирлээ. Манай төслийг салбарын яам дэмжиж хамтарч ажиллах болсон. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээний 690 сургуульд хүрч ажиллана даа.

-Боловсролын салбарын шинэчлэлт, тэр дундаа дараагийн хорь гучин жилийг авч явах өөрчлөлтийг хүмүүс хүлээж байна. Танд ямар төлөвлөгөө байна вэ?

-Би УИХ-д орох шийдвэр гаргасны дараа, нэгэнт орсных гээд зорилгоо тодорхойлсон. Боловсролд таны тус хэрэгтэй байна гэхэд би хүлээж авсан хүн шүү дээ. Зөвхөн хувийн сургууль гэхгүй бүхий л салбарт нь ажиллаж байсан туршлага надад байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийнхөө ачаар төрийн сургуулиуд ямар түвшинд байгааг хот, хөдөөгийн ялгаа, давуу талыг сайн мэддэг болсон. Ингээд салбараа бүхлээр нь хараад хийх шаардлагатай өөрчлөх ажлаа жагсаагаад бичихээр 30-40 хүрч байв. Тэндээсээ эхний ээлжинд зайлшгүй хийх шаардлагатай, хамгийн чухал гэсэн арван зүйлийг гаргачихаад байж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд тэдгээрийг хэрэгжүүлээд бодит үр дүнг нь гаргачих юмсан гэсэн бодолтой сууж байна даа.

-Та энэ арван зүйлээ бүр нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байгаад хэлээд өгч болох уу?

-Нэгдүгээрт, аль ч шатны сургуулиуд маань сургалтын чанараа дээшлүүлэх ёстой, сургууль шиг сургууль байх ёстой. Сургууль бол байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд менежментийг нь сайжруулах хэрэгцээюуны өмнө байна. Манайд захирлууд зөвхөн өөрийн хувийн ажлын туршлага дээрээ түшиглэж яваад байгаагаас биш сургуулийн менежментийн ухаанд үндэслэн сургуулиа авч явж чадахгүй байна. Хөтөлбөрөө мэддэг, санхүүгээ үр дүнтэй зарцуулдаг, үнэлгээгээ бодитоор хийдэг, багш нараа багаар ажиллуулчихдаг, тэднийг ажлын байран дээр хөгжихөд нь анхаарчихдаг, сурагчдад зөвхөн хичээл заагаад орхих биш, эерэг хандлага төлөвшүүлдэг, сургуулийн соёл нэвтрүүлсэн, сурагчдаа гол цөмдөө тавьдаг болох хэрэгтэй. Үүнийг л би менежмент гээд байгаа юм.

 

Үргэлжлэл бий…