Categories
редакцийн-нийтлэл

Малчид аа! Малаа барсан бол хот руу ачаалцгаая

Монгол
Улсад зуд болж зургаан сая мал одоохондоо хорог­дчи­хоод байна. Гэвч жилд га­рах
малын хорогдлын 60 хувь нь тав, зургаан сард болдгийг мэргэ­жилт­­нүүд хэлж байгаа.
Иймээс малын хорогдол ямаршуухан хэмжээнд хүрэхийг баг­цаалж бол­но. Мал хорог­дох
яах вэ. Энэ бол бага хэрэг. Улсын хэмжээнд аваад үзэх юм бол 50 гаруй сая малаас
15 сая мал хорогдоход гуч гаруй сая толгой малтай үлдэнэ. Энэ бол хуучин социа­лиз­­мын
үед бол мө­рөө­дөөд ч хүргэж чадаагүй тоо толгой юм. Ийм болохоор улсын хэм­жээнд
бол нэг их гарз биш гэх гээд байна.

Хамгийн
их гарз хохи­рол үзэж байгаа нь мал маллан амьжир­гаагаа зал­­гуулдаг малчин ар­дууд
болж байна. Таван зуун толгой малтай оторт гарчихаад ганц ч мал үлдээлгүй зуданд
алдсан эр явган гэрээдээ явж байгаа тухай элэг эмтрэм мэдээ хэвлэл дээр гарч байсан
нь энэ жи­лийн ерөнхий зураглал бай­лаа. “Ганцыгаа га­дас­лаж, хоёрыгоо хол­бож”
асан жирийн дун­даж амьжир­гаатай ар­дууд хоосон хоцорсон нь л энэ жилийн зудын
гамшиг юм.

Төр
засгаас малгүй болсон өрхүүдийн амь­жир­гааг тэтгэх гээд олон арга хэмжээ авах тухай  ярьцгааж эхэлсэн. Тэдний хамгийн их яригдаж бай­гаа
нь малжуулах төсөл юм. Хоёр сая таван зуун мянган төгрөгөөр нэг уналгын морь юм
уу тэмээ, тугалтай үнээ хоёр, хуц ухна бүхий хонь, ямаа нийлээд бүгд 57 тоо толгой
мал өгөх юм даг уу даа. Эдгээр   нь мал маллаж
сурсан хүмүүст бол гурван жилийн дараа зарж үрэх хэмжээнд хүр­нэ. Нэг ёсондоо таваар­лаг
болж чадна гэсэн үг. Мал маллахдаа тааруу мал­чид бол хоёр жил ч хүрэл­гүй идээд
дуусгачих бая­лаг юм. Ер нь тэгээд зуданд мал маллахдаа нэг их гийгүүлээд бай­хааргүй
хүмүүс нь малаа бар­чих­дагийг бодолцож үзвэл дээрх төрөөс өгч байгаа мал юу ч болохгүй
өнгөрөх таагүй таамаг байна. Бас л төрийн мөн­гийг дэмий үрээд дуусах биз ээ.

Малчид
малаа барчи­хаараа юу хийдэг вэ. Тэд эхлээд ямар ч байсан сумын төвдөө нүүж очдог.
Тэнд нь түүнээр хийлгэх ажил гэж юу байхав, хий дэмий л гэртээ   гиюүрэн хэвтэх болдог. Гэрт байн­га байгаад байхаар
өлс­сөн хүүхдүүдийн уйлаан, уурласан гэргий нарын үглээ тэсэхүйеэ бэрх билээ. Тэгээд
л ажил олохоор гарлаа хэмээн гэрээсээ тэнэж архитай л нөхөрлөхөөс өөр зам ба­раг
үлддэггүй. Их сайндаа алтанд явж шороо самар­дан “нинжа” хэмээн цол­луулж хүн бүрд
ад үзэгдэн хэсүүчилдэг. Ийм бараан хувь тавилан олон мянган малчдыг хүлээж байна.
Одооны сум болгоны төв дээр хуваарьтай юм шиг долоо найман архичин дэмий сэлгүүцэж
байдаг. Тэд гадна дотны хүмүү­сийг эргүүлдэн ганц шил архины мөнгө олох гэж өлөв
долов хийн шавд­гийг хөдөө суманд ажил төрлөөр явсан хүн болгон мэднэ. Эдгээр хүмүүс
бол урьд жилүүдийн зуднаар малаа барчихсан малчид голдуу байдаг. Энэ жи­лийн зудын
дараа сумуу­дын төв дээр хичнээн ийм дэмий сэлгүүц­сэн хүмүүс нэмэгдэх бол.

Малгүй
болсон мал­чид  одоохондоо “Аа цус, болох
л байлгүй” хэмээн  хөдөөх монголчуудын апоризмыг  хэлээд гэртээ хэвтэж байгаа. Ажил төрөлтэй сэргэ­лэн­хэн
нэг нь үхсэн малын­хаа тур­с­гыг өмхийрө­хөөс нь өмнө өвчиж байгаа биз ээ. “Хэдэн
муусайн хүүхдэ­дээ гурил аваад өгчихнө” хэмээн 
өвгөд хөгшид, эхнэр хүүхдүүдээрээ туслуулан сэг зэмтэй ноцолдож бай­гаа боловч
хэрэг дээрээ хэдэн шил архинаас яваад дуусна даа хөөр­хий. Энэ бол малаа бар­сан
монголчуу­дын үнэн дүр төрх. Зах зээлийн энэ өрсөлдөөн­тэй нийгэмд “болох л байлгүй”
гэсэн хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсоон. Одоо “болохгүй” цаг  ирсэн гэдгийг ухаар­сан малчид хэд байгаа бол
гэхээс сэтгэл шархи­рах юм. Малчин та дам­пуурсны улмаас таны үр удам ч мөн дампуурах
болно гэд­гийг бодож үзсэн болов уу.

 Гэхдээ “Бурхан нэг хаалгаа хаасан ч нөгөө хаалгаа
нээдэг” гэсэн үг бий. Хэдийгээр малчдыг хөдөөд нь хөхрөөж, мал­тай нь хатаахаар
элдэв арга хэмжээ авч байгаа ч та бүхэн заавал мал мал­лах заяанд төрсөн биш ээ.
Нэгэнт малгүй болсон юм бол амьдрах арга бий. Үүний дотор ирээ­дүй­тэй бөгөөд зөв
арга нь хот орон бараадах юм. Ма­лаа барсан малчид одоо даруйхан хот руу ачаа­лах
хэрэгтэй. Хотод ядах­даа манаачийн ажил олдоно. Эхнэр хүүхдүүд чинь цэвэрлэгч ч
болтугай хийгээд байж чадна. Дээрээс нь хүүхдүүдийн сургууль боловсрол та бүхний
ахуйн соёл гэх зэргээр мөн ч давуу бай­дал бий болно. Юун наа­дам гэгчээр юун хэдэн
малын араас гэлдэрч бор хоног шар нарыг мал шигээ өнгөрөөх. Өөр ертөнц, өөр амьдрал,
хот суурин газар та бүх­нийг хүлээж байна.

Эхний
хэдэн жил та бүхнээс түрүүлж хотож­сон  хотын
иргэд баахан ад үзэх байх. Тэр хамаа­гүй ээ. Тэсээд гарч болох зүйл.  Нэг үндэстэн нэг хэлээр ярьдаг хүмүүс байна. Хамгийн
гол нь хүн гэдэг амьтан чинь нийгэм дунд орж байж л сайн сайхан амьдардаг. Тэгвэл
тэр нийгэмшсэн амьдрал гэдэг нь хот суурин газар л байдаг. Тэрнээс уул уулын аманд
хөгшдийн хэлдгээр “хэдэн малтай­гаа ам хамраа хөдөлгө­хөөс өөр зүйлгүй” газар нийгэмшсэн
амьдрал бай­даггүй.

Манай
мал­чдын амьд­­ралд сүүлийн мян­ган жилд өөрчлөгд­сөн  ганц зүйл тран­зистор радиотой болсон явдал  гэлээ гэгчээр 
мал мал­лаад хүн нийгэмш­дэггүй. Хөгжил дэвшилд ч хүр­дэггүй. Ялангуяа нүүд­лийн
мал аж ахуйтай бол бүүр ч хөгждөггүй аж. Нүү­дэл өөрөө хөгжлийн дай­сан юм. Хөгжил
дэв­шил суурин амьдралд л ирдэг. Та бүхэн сүүлчийн нүүд­лээ хийн хотод  ирс­нээр амьдрал ахуй чинь дээ­шилнэ. Хүн төрөлхт­ний
амьдардаг жишигт дөхөж очно. Энэ бол мал­чин байсан монголчуу­дын олз юм. Тэгвэл
хотын хүн ам олон болсноор хот орон улам тэлнэ. Хот тэлс­­нээр зах зээл төдий хэмжээгээр
тэлж томорно. Энэ бол хот орон газрын олз юм.

Нүүдэлчин удмын би­дэнд 
түүхэндээ анх удаа сая давсан оршин суугч­тай хоттой болж байгаа нь энэ Улаанбаатар  юм. Одоо үүнийгээ улам том улам олон оршин суугч­тай
болгох нь монголчуу­дын ганц зорилго байх ёстой. Тийм учраас хотын удирдлагууд  шинээр суурь­шихаар нүүдэллэн ирсэн малчдаа ад
үзэх биш, харин тосч аван хурдан иргэншүүлэх дээр нь анхаарсан нь дээр. Түүнээс
малгүй болсон малчид олноороо нүү­дэл­лэн 
ирэх нь одоо яанаа ч гэх юм уу, малч­дын хүүхдүүд хотоор тэ­нэж эхэллээ гэх
зэргээр худал мэдээ мэдээллээр хотын иргэдийг айлгах  хэрэггүй. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэсэн хуучин
цагийн цэцэн үг байдаг. Одоо нүүдэллэн ирж бай­гаа  малчид арван жилийн дараа хотождоггүй юм аа гэхэд
тэдний хүүхдүүдийг арван жилийн дараа хэн ч хотын хүүхэд биш гэж хэлж, харж чадахгүй.
Хо­тод амьдрах, мал мал­лаж амьдрах хоёр тэнгэр га­зар шиг ялгаатай ч ма­най малчид
үүнд амар­хан дасна. Үүний жишээ нь хөдөө малчны хотоос шууд Бродвейн гудам­жинд
очоод амьдарч бай­гаа монголчууд маш олон. Дээр нь Солонгос улсад амьдарч байгаа
монголчуудын ихэнх нь малчдын хүүхдүүд. Тэд­гээр залуучууд хөдөөнийх гээд бойтоглоод
байгаа нь харагддаггүй. Харин хотын иргэд төр засаг хоёр ад үзэх сэтгэлгээ­нээсээ
түргэн салах нь чухал. Хотожсон иргэ­дийг хажиглах сэтгэлгээ л амь бөхтэй байсаар
байж магадгүй байна. Хотын­хон хэдий хэр хажиглана хөдөөнийхөн тө­дий чинээ хотжиж
ча­дах­гүй хугацаа алдана.

Categories
редакцийн-нийтлэл

Японы туршлагаар бол АНАТХ-ий ч хэрэггүйгээр манай УИХ тэр чигээрээ татан буугдах байж дээ

Хүний өмнөөс сана­лын
товчлуур дарсан хэр­гээр Японы парла­ментын гишүүн 75 настай Масатоши Вакабаши ал­бан
тушаалаасаа огцор­чээ. Түүний энэ үйлдлийг танхим дахь камер ил­рүүлсэн байна. Тэрээр
огцрох үедээ ард түмнээ­сээ уучлал гуйсан байх юм. Хариуцлага гэдэг энэ  байх. Сонгогчоо хүндлэх, хуулиа дагах,  ёс сурта­хуунтай байх гэж   үүнийг хэлнэ.   Эрүүл ухаанаар бодоход хүний өмнөөс санал өгнө
гэдэг сонгогч­дыг доромжилсон хэрэг яалт ч үгүй мөн.  Японы парламентын сөрөг хүч­нийхэн ч үүнийг нь
уучлах аргагүй зүйл гэж хатуу эсэргүүцсэн байгаа юм.  Манайд бол сөрөг хүчин байхгүй учраас хамтдаа
гараа явуулж хүний өөрийнх гэж зэнзийр­хэл­гүй кноп дарчихаж байгаа.  

Өчигдөрхөн хаврын чуулганаа нээж ажлаа эхэлсэн манай парла­мент
өнөөдрөөс эхлэн хорт муу зуршлаа хог дээр хаяж Японы турш­лагыг хэрэгжүүлэх  хэрэг­тэй болж. УИХ-ын дарга нь ирц бүрдүүлэх
гэж үйлээ үзэж нэр цолоор нь дуудаад нэмэр байхгүй. Арайхийж ирц бүрдүү­лээд хурал
эхэлмэгц увж цуваад нөгөөдүүл нь гараад явчихна.  Үлдсэн хэд нь 
улаан модон сан­дал дээр өндөлзөөд, баруун, зүүн тийш гараа сунгаад  төгөлдөр хуу­раар наадах мэт дүр зураг харагдвал
Монго­лын парламент хурал­даж, хууль баталж байгаа нь тэр. Үнэн хэрэгтээ  хажуу хавийнхаа хурал таслагч нөхдийн өмнөөс саналын
кноп дарж дураараа дургиж байгаа нь тэр. Арван хэдүүлээ сууж байгаад хууль бат­лахдаа
ширээний найз нь өмнөөс нь санал өгүүлчихнэ.  
Протоколд эзэн нь байхгүй ч гэсэн дарагдсан кнопны тоо­гоор бүртгэгдэнэ.  Үүнийг дарга нь харсан ч хараагүй царайлж, бусад
нь инээдээр хөхиүлэн дэмжинэ гээч.  Хууль
ба­талж байгаа нөхдүүдийн үнэн нүүр царай энэ. Монгол Улсын хувь заяа, ард түмний
аж амьдрал, ахуй нөхцөл гээд мөн ч олон хуулийг ингэж шийд­сэн дээ. Ам бүл 76-уулаа
ч тал  хүрэхгүй нь бидний хувь заяаг иймэрхүү
тог­лоом тохуу, товчлуурын өнгө  төдийхнөөр
хуруу­ны өндгөөрөө  шийддэг.  Эрхэм гишүүдийн ингэж аяглаж байгааг интер­нэтэд
хүртэл дүр дүрслэ­лээр нь тавьчихсан бай­гаа. 
Мөн ч идэвхтэй ха­раг­даж байна лээ. Одоо ч энэ байдал хэвийн үзэг­дэл.  Тэд ч эндээ дасаж. Бид ч хараад сурчихаж. Тэгж
л байдгийм энэ хэд гээд. Кноп дарж тоглох гэж УИХ-д сонгогддог юм бол  хэвтрийн хөгшин ч гарын­хаа үзүүрээр кноп дарж
дөнгөнө өө дөө. Цэцэрлэ­гийн жаахан жаал ч удирд­лагатай машины­хаа кнопыг  эрхэм гишүү­нээс хурдан дарж чадна. Уг нь улаан,
цэнхэр кнопонд учир нь байгаа юм биш. Тэр дарсан кноп­ны ард талд хичнээн хүний
эрх ашиг хөндөг­дөж, хичнээн сонгогчийн  санал
гутлын  уланд наалдсан хог болж, хувь заяа
хаашаа ч хамаагүй шийдэгдэж  байгаа юм. Тэд
хүний өмнөөс товч дарлаа гээд хариуцлага хүлээх нь бүү хэл инээд наадам болоод өнгөрч
байна. Кноп дарна гэдэг эмч мэс засал хийж байгаагаас илүү аюултай. Үргэлжийн хүний
амины дэнсэн дээр байдаг тэд  алдаа гаргавал  нэг л хүний гарз. Жолоочийн алдаа өөрт болон машин­даа
гай авчирна. Улстөрчид ингэж буруу солгойгүй кноп дарвал нийгмээрээ ч үхэж болох
аюултай. Тэр ганц кнопны ард Монгол Улсын хувь тавилан ч явж байдаг.

Хурал тасалж, эсвэл орж ирж бүртгүүлээд ну­руу­гаа харуулаад гардаг
нөхдүүд ч гэсэн дээ. Хууль батлах гэж биш, гишүүн болох гэж орж ирсэн нь тодорхой.
Оюу­тан сурагч хичээлээ тас­лах, ажилтан албан хааг­чид ажлаа тасалбал яа­даг билээ.
Гэтэл парла­ментын гишүүн ажил тасалж болно гэж хэн хэлсэн юм. Тэд ингээд хуралдаа
суухгүй боло­хоор нөгөөдүүл нь даа­жин хийгээд байдаг нь ч бас юув.   

Японы парламентад 76-гаа аваачаад нэг өдөр суулгачихвал  үйлдэл дээрээ баригдаад унах нь тодорхой  юм байна. Бүгд хөөгдөж туугдах биз. Харин хурлын
танхимын хойморт  залардаг  Д.Дэм­бэрэл дарга л хажууд нь дарах кнопгүй учраас
толгойгоо илээд хоцрох байх.  Өнөөдрөөс эхлээд
эрхэм гишүүдийн ийм буруу үйлдлийг зураг­лаач, зурагчин, парла­мен­тын сурвалжлагчид
хальсандаа сайн буулгаж аваад сонгогчдод илүү сайн хүргэж байя. Хэн нь ажлаа хийж
байгаа, хэн нь хууль завхруулж хүний өмнөөс “төгөлдөр хуур тоглож” байгааг илчлээд
өгье. Уг нь ч сэтгүүлчид, зураглаачид, зурагчид зөндөө илчилдэг. Даанч нөгөө хэд
нь чихэнд нь ус хийсэн ч, алт хийсэн ч адилхан юм. 

Манай парламентын хувьд хүний өмнөөс санал өгөх нь  хэзээ ч ичгүүртэй зүйл биш болоод удсан.  Уучлал гуйх хэмжээний хэрэг гэж тэд хүлээж авахгүй
нь тодорхой. 

Авлигатай тэмцэх газар хэргийг нь шалгаад тогтоочихсон байхад
яаж ч чадахгүй болтол нь дар­хан эрх яриад суучихдаг Монголын улстөрчид шиг эрх
мэдэлтнүүд дэлхийд  алга. Албан тушаал үүр­дийн
биш гэдгийг ард түмэн нь ойлгуулаад бай­на. 
Гэтэл Японы Сангийн сайд хэвлэлийн хуралд согтуу ирсэн гээд л хэл ам гарахад
огцорч байсан. Хариуцлага гэж энд бай­на. Монголын парламен­тын гишүүн нээлтийн
ёслол  дээрээ хөл нь дэлхийгээ олохгүй, хэл
нь тагнайгаа олохгүй дэн дун юм л орж ирж бай­лаа. Хөөж, тууж огцруулах нь бүү хэл
хүний урманд шүүмжлэх ч хүн алга даа.

Рекламанд тоглосны төлөө улстөрч нь ажлаа өгч байна.  Огцрох шалт­гаан нь хоол хийдэг   шоунд орлоо гэж байгаа юм шүү. Ичих булчирхай,
дагах хуультай байх ёсон энэ юм.  Манай улстөрчид
хэн нь олон рекламанд тоглосноороо гайхуулах нь холгүй л байна.  Бүгд тогооч болж, хоол хал­багадан телевизээр
хөл­сөө дуслуулан улс төрөөр хачирласан шоунд орол­цоод л байдаг. Энэ янзаа­раа
бол эрхэм гишүүд маань эротик киноны гол дүрийг ч бүтээхэд бэлэн гэлтэй.

Арван хэдүүлээ сууж байх атлаа  хорь, гучуулаа санал өгчихсөн сүнстэй юм шиг парламент
маань Амлалт нэхэх хөдөлгөө­нийхөнд амаа асуулгаж, огцрохыг шаардуулах нь ч аргагүй
биз. Японы жиш­гээр Амлалт нэхэх хөдөлгөөнтэй, хөдөл­гөөн­­гүй манай УИХ тэр чи­­гээрээ,
парламен­таа­раа татан буугдах байж дээ. 

Ингэхээр Монголын парламентын
гишүүд бүг­дээрээ дугаар хорооны иргэн болно гэсэн үг.  Бид ч гэж бид. Тэднийг сонгож л байдаг. Хувь тавилан­гаа­раа
хөгжим тоглох мэт наадуулах гэж сонгосноо хожим нь дандаа ухаарах юм. Тэгээд бүр
алдаж ханахгүй дахиад л ийм юмнуудаа сонгох байх даа.

Categories
редакцийн-нийтлэл

Амлалт нэхэхдээ хуйхлагч биш, хувьсгалч хүчин гэдгээ харуулах хэрэгтэй юм

АМЛАСНАА
ӨГӨХГҮЙ БОЛ ХУВЬСГАЛТ НАМ ХӨГЖЛИЙН НАМ БОЛОХ НЬ АРД ТҮМЭНД ПАДГҮЙ

Монголчууд
олон ч жагсаалын  нүүр үзлээ дээ. Итгэж үзлээ,
итгэлээ гээж ч   үзэв. Гол нь тасар­чихгүй
бүүдийх хонгилын гэрэлд найдаад өнөөд­рийг хүр­тэл явсаар ирлээ. Их, бага үр дүн
ч авчирч бай­сан. Хоосон сүржиг­нээд өнгө­рөх үе ч байлаа. Долду­гаар сарын нэгнээс
хойш жагсаж болохгүй юм шиг, эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй юм шиг айдас хургасан
зүрхтэй ард түмний  энэ хаврын  тэмцлийн салхийг Ж.Бат­зандан, О.Магнай нар  хагалснаараа үр дүнтэй болсон. Тиймээс энэ дөрөв­дүгээр
сарын 5-ны  Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний
жагсаалд ард түмэн алдах юмгүй,  авах юмтай
гэдгээ хэлж  жагсах биз ээ. Харин жагсаад
үр дүнд хүрэхгүй бол  сүржин зарласан тэмцэл  даржин болоод өнгөрнө.  Итгэлээ­рээ тоглуулсан ард түмэн энэ олон хө­дөл­гөөн,
жаг­саал зохион байгуулагч­дад итгэхээ болино.

Магадгүй
жагсаал цуг­лааны сүүлчийн боломж ч энэ байж болох юм.  Маш олон хөдөлгөөн нэг­дэж байна.  Үнэн хэрэгтээ 1 сая, 1.5 саяыг нэхээд ч өгөх нь
худлаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэлээ гээд нэгэнт амласан юм чинь тэднээс авах
гэж нэхэх нь зүйн хэрэг. Өгч чадахгүй байнаа гэдэг чинь биднийг хуурчээ гэсэн үг.
Төр амласан бол ард түмэн авч байж  сал­даг
аюул бий. Уянгаатай Уянгаагүй авах юмаа нэхэх л байсан.  Түүнийг Г.Уянга ч байна уу, хөдөл­гөөнүүдийн тэргүүнүүд
мэдэж олж харснаараа л давуу юм. Тэгэхээр тэд­ний дэвшүүлж буй санаа нь зөв. Цөөхөн
хэдэн төгрөгөөр өл залгуулж хуураад  дараагийн
сон­гуульд орох гэж байгаа бол дандаа ийм байх­гүй л болов уу.   Харин ард олноосоо тасар­сан дээд­сээс ам­лал­тыг
нь  нэхэх­дээ “Хэд хоногийн дараа хариу өгнө”
гэсэн хууран мэх­лэлтэд уна­чих­гүй  тууш­­­тай
тэмцээд  хүлээ­вэл амжилт олох байх. Тал­байд
цугласан иргэд нь тэвчээртэй, цуглуулсан удирдагчид нь хаяад зугтчихгүй бол үр дүн
ирж л таараа.  Тэгээд дараа нь Үндсэн хуулиа
өөр­чилж, хоёр танхимтай парламент байна уу, Ерөн­хийлөгчийн засаг­лал байна уу,
тэрийгээ ярьж хэлэлцэхээ өөрсдөө мэдэх хэрэг.  

Тоглоом
хүртэл тоотой нь дээр байдаг. Нэгэнт иргэн бүртээ өгч чадахгүй мөнгө амлах нь энэ
төрийн хуурамч дүр төрхийг зүгээр л ня­лай­тал дэлгээд тавьж байгаа юм.  Өгч чадаагүй бол Ардчилсан нам ч, МАХН ч ард түмнээс
дараа нь санал гуйх нүүр байхгүй ээ. Тэдэнд тийм ёс сур­тахууны эрх байхгүй. Ал­гаа
тосоод, амлалт өгөөд дахиж явна гэж бодолтгүй.

Нэгэнт  худал амлаж, төрийн эрхийг авсан болохоор энэ
парламент хууль бус болж таараад байна. Тэгэхээр амлас­наа биелүүлдэггүй энэ парламентыг
ч тараах хэрэгтэй болж байна. Пар­ламентыг тараагаад зогсохгүй Ардчилсан нам, МАХН
хоёр ч тарах хэрэгтэй юм. Ингэж чад­вал л Монголын төр жин­хэнэ утгаараа цэвэрлэг­дэнэ.  МАХН нөгөө оли­гар­хиудаасаа  салж ам­рах цаг ирнэ. Тэгээд Монгол ардын хувьсгалт
нам (МАХН)  биш, Монгол ардын хөгжлийн намаа
(МАХН)-аа байгуулсан ч хамаа алга. Зам зуурын олигархиудаасаа салж жинхэнэ коммунис­туу­даа­раа
удирдуулбал тэд­нээс дээр болох биз.    

МАХН-д
орж ирсэн завсрын хэн дуртай нь л  төр барьж,
бизнес хий­гээд баяждаг. Хэдэн хүн ашиг олж, хожоод  сайд болдог байснаас намгүй улс болсон ч яахав.
Тэр­тэй тэргүй нам гэдэг том малгайн доор оруулчи­хаад харж үзэж байгаа нь юу билээ.
Улс орноо хоёр намд хувааж хэрэлдүү­лээд өөрсдөө бие биенээ тонгорч унагаад дараа­гийн
суудалд нь суудаг. Дахиад нэг нь гарч ирээд бас л хор найруулаад унагачихна. Эдний
элдэв хор найруулга нь эцсийн дүндээ биднийг хорлоод байх юм. Тэгэхээр тарааж байж
л санаа амрах байх даа.

АРДЧИЛСАН
НАМ “АЛТАН ГАДАС”-АА СУГА ТАТАХ ЦАГ БОЛЖЭЭ

Ардчилсан
нам ч  “Ал­тан гадас”-аа зоогдсон газраас
нь суга татаж хаяхгүй бол ард түмнээ хамтарч хуураад  явсаар байх нь. Үүссэн цагаасаа л энэ гадаст уягдлаа.
Алийн болгон уяатай нохой шиг гадаснаас зүүгдэхэв.

Амлалтын
анхны зо­хиог­чийн эрх нь Ардчил­сан намынх ч ахиулж амлаж олонхи болсон МАХН бүр
ч их хариуц­лага хүлээх ёстой. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг
энэ хоёр намд ялгаа алга.

Дээд
талдаа Ардчил­сан нам МАХН-тай эв­лэрч засагт орсон. Доод шатандаа  бол үүнийг нь хэзээ ч  зөвшөөрдөггүй. Дээдсийн нам доодост хэрэггүй.
Жирийн гишүүн ардчиллын төлөө АН-ыг сонгодог болохоос МАХН-тай нэг өвөрт оруу­лах
гэж саналаа өгөө­гүй.  МАХН-тай нэг­дэхийг
зөв­шөөрдөг Ард­чилсан на­мын нэг ч гишүүн байхгүй.

Олонхи
болсон МАХН-тай засагт нэгдэх  шийдвэр гаргасан
Ард­чилсан намын ҮЗХ тар­вал таарна.  Ингэхээр
Ардчилсан нам ч тэр чиг­тээ тарах  болно.
Ардчил­сан намын Үндэсний зөвлөлдөх хороо гэдэг бол 200 гаруй хүний хэрэг. Өнөөдөр
энэ нь хоёр зуу гаруй хүний  буюу хумьж тооцвол
хо­рин хүн албан ту­шаалд очих  тухай л асуудал. 

Монголын
ардчилал гэдэг хоёр сая гаруй хүний сайн сайхны төлөө юм. Ардчилсан нам ч үүний
төлөө явах хэрэгтэй юм. 

 Ингэж байснаас тэр Ардчилсан хүчний хол­боо нь
намаа аваад  сон­гуульд орох нь дээр биз.
Намаа татан буул­гаж байж  дахин хуваа­рилалт
хийх нөхцөл ч энэ үед бүр­дэж мэдэх юм. Жагсагчид 20 жилийн өмнөх тэр нэгэн ардчиллыг
цэвэр ариунаар нь авчирч чад­вал ард түмний санаа сая нэг амрах болно. 

Иймэр­хүү маягтай Мон­­голын
төрийг авч яваа  хоёр  намаас 
ам­лалт нэхэж суугаа АНАТХ ч зорилгодоо хүрэхдээ хуйх­лагч биш хувьсгалч
хүчин гэдгээ харуулж байж л олон нийтэд таашаагдана.

Categories
редакцийн-нийтлэл

Орчин цагийн “Нүцгэн хаан”-ы үлгэр

Хэмжээлшгүй их эрхт эзний 32 ордны нэгэнд  хэдэн жилийн өмнө зо­чилс­ноо саналаа.   Эзэн нь хэдийнэ байхгүй бол­сон хэдий ч  амьдарч бай­сан ордон нь түүний да­ран­гуйллын үеийг  сануу­лан үлджээ. Эртний сү­мийг санагдуулам өндөр  таазтай цэлгэр танхимд  орж ирээд баруун талын  эхний хаалгыг бидэнд заасан нь хамт яваа  бүсгүй бид хоёрын    байр­лах өрөө байв.  Давхар­лан тавьсан  цэргийн зориулалттай орыг эс тооцвол  хуучны гайхал­тай ур хийцтэй эртний хэв маягийн  барилгын бусад зүйлс хэв хэвэндээ. Хана,  таазны нарийн ур гарга­сан хээ хуар Арабын ер­төн­цөд ирснийг санаг­дуулна. Шидэт дэнлүү, нисдэг  хивсний үлгэрийн дүр зураг өөрийн эрхгүй нүднээ бууж сэтгэл хөдөл­гөв. Байрлах болсон өрөө­нийхөө гайхам сайх­ныг бахдан  нөгөө   бүсгүй­тэйгээ ярилцаж суулаа. Багийн гишүүн нөхөд маань аль өрөөнд оров гэж сониучирхав.  Бурхан минь, бид хоёрын   гай­хан бахдаад байсан  өрөө минь тэдний байр­ласан өрөөний хажууд   ичмээр санагдаж билээ. Хөлбөмбөгийн талбай шиг том өрөөний хийц маяг гэж дэндүү гоё. Бод­вол Саддам тэр хавьцаа л жаргаж хэвтсэн байх. Эрчүүд түүний хаанчилж байсан тэр тансаг өрөөнд тухалжээ. Арабчуудын эмэгтэй хүнийг дараагийн эгнээнд тавьдаг нь эндээс мэдрэгдэв. Тиймээс ч бид хоёрт шивэгчний өрөө ногдож дээ хэмээн гэмгүй гомдол тээгээд үлдсэнсэн. 

Хээнцэр засал чимэг, эртний уран нарийн хийц­тэй тансаг тавилга, нүд эрээлжлэм гоё чамин  эдлэл, алтадмал ширээ сандлаас эхлээд  гайхал­тай урлагийн бүтээлүүд нь нүд баясгам тэр ор­донд хүн төрөлхтний мэ­дэх сахалт Саддам зарим­даа морилдог байсан.  Тансаг ордон  дайны хөлд  тоног­дож үгүй бол­сон гэхэд ийм байгаа юм чинь өмнө нь  ямар бай­сан нь сэтгэлд бууж бай­на аа. Саддамын  32 ордны  дээгүүр зэрэг­лэлд нь багтаж байгаагүй гэх  энэ ордны баруун талын ха­ныг алсын барааг хара­хад зориулан  сум нэвтэр­дэггүй шилэн хана болгон өөрчилжээ. Тэр цонхоор харж байх нь ээ томоос том нуур байна. Эзний эрх ямбыг ханга­хын тулд хиймэл нуур ийнхүү бай­гуулжээ. Одоо бол өнгө зүс алдаад булингарт­чих­сан усны мандал дээр ганц нэг өвс хөвж байх аж. Энэ хиймэл нуурт Садда­мыг зугаа­цуу­­лах гэж баа­хан загас авчирдаг байж.  Саддам энэ хиймэл нуурт  завиа­раа  зугаалж загасч­лан зугаагаа гаргадаг бай­сан аж. Харгис тү­рэм­гий тэр эрийг ард иргэд   тэр олон ордныхоо алинд нь бай­гааг мэд­дэггүй   байсан гэдэг. 

Өөрийнхөө зураг­тай мөнгөн тэмдэгттэй, өөрөөс нь өөр агуу хүн тэр нутагт байхгүй  мэт ойлгуулж, хэмжээгүй эрхт ёсоо тогтоогоод амьдарч байсан бололтой.  Ард түмэн түүнийг дотроо үзэн ядавч гаднаа бүхнийг  хүслийнх нь  дагуу хийж, ардчиллын төлөө мөрөө­дөхөөс айн амьдарч байсан нь аймшигтай.

 Тийм л цаг үе байж. Юм гэдэг хачин шүү.  Ард иргэдээсээ хол тасарсан тэр сахалт эр нэгэн удаа энгийн айлд  зочилжээ. Айлын жаахан хүү түү­нийг гэнэт харснаа       “Аав,  ээж хоёрын хамгийн дур­гүй хүн байна шүү дээ. Энэ ахыг хараад  хурдан үхэж далд ороосой гэж яриад байдаг” гэж теле­визээр гардаг, хойморт нь хөрөг нь залаастай байдаг  нөгөө ахыг орж ирсэнд итгэж чадахгүй дуу алджээ.  Ингээд л тэр гэр бүл сүйрэх нь тэр. Жижигхэн навтгар бай­шиндаа дарангуйллаас болж цөхөрч,  битүүхэн­дээ эгдүүцэж байсан гэр бүлийн хоёр   тансаг амьд­ралтай эзний таа­шаалд нийцэхээргүй үг алдаж, хүү нь түүнийг  илчилснээр оргүй алга болсон юм. Эзэн тэднийг өршөөгөөгүй.

Андерсений  үлгэрт эзэн хаанаа нүцгэн бай­гааг мэдсээр байж “Тэнэг хүнд харагддаггүй хувцас” гэж зальт хүмүүсийн хэлс­нээс болж тэнэг гэж хэлүүлэхгүйн тулд  чимээ­гүй байх үед нэгэн бяцхан хүү  хааныхаа нүцгэн бай­гааг хэнэг ч үгүй хэлж  орхидог.

Иракийн тэр бяцхан хүү ч Саддамыг ард түмэн адгийн амьтан гэж үздэг ч хэлж чадахгүй тэвчин ирснийг илчилсэн нь тэр. Даанч аав, ээжийгээ  дарангуйлагчид барьж өгч цаазлуулсан  боло­хоос  Ирак  хүү, Андер­сений үлгэрийн гол баа­тар болсон тэр жаахан хүү хоёр яг адилхан. Үл­гэр үнэн болох нь энэ. Хүүхдүүд  томчуудаас ялгаатай  нь үнэнээс айдаггүй.    

Тэр хүүгийн хэлсэн үнэн дарангуйлагч Сад­да­мыг ард түмэн хэрхэн үзэн яддагийн   нотолгоо байсан юм.   Монголчууд бид ч нүцгэн хааныгаа, дарангуйлагч эзнийг, нүдэн дээрээ халаасыг нь тэмтэрч хулгай хийдэг олигархиудаа  эсэргүүцэн хашгирч чаддаггүй.

Нэгэн цагт монгол­чуудын байлдан дагуу­лалт хийж байсан улсын нэг бол Ирак. Гэтэл хэд­хэн жилийн өмнө  монгол залуус Иракт энхийг сахиулахаар явцгаасан.  Харгис дарангуйлал, газар доорхи шингэн алт­наасаа болж хувь тави­лан нь төөрөлдсөн гэмээр энэ ард түмнийг дайны хүнд жилүүдэд хэрхэн амьдарч байсан үеийг очиж сурвалжилж байсан болохоор одоо ч үйл явд­лыг тод санаж байна. Ира­кийг сангалзан дурс­сан маань ч ийм учиртай юм. 

Саддам бие хамгаа­лагч­дын хамт зарим айлд гэнэтийн шалгалт хийдэг байжээ. Айл бүр түүний хөргийг хоймортоо бур­ханчлан залах ёстой. Гэнэ­­тийн айлчлалаар өөрийнх нь хөргийг залаа­гүй байвал тэр айл  өнгөрөх нь тэр. Шууд л үг дуугүй баривчилна. Ард­чиллын өмнөхөн Улс төрийн товчооны  гишүү­дийн хөргийг  байгуулла­гынхаа хананд өлгөөгүй­гээс болж шийтгүүлж бай­сан хүний яриаг сонссон юм. Энэ мэтээр Монгол, Ирак хоёрт адилхан юм олон байна. Сахалт Саддамын адал явдлаас дутахгүй л байгаа биз дээ.   

Тэр  аймшиг одоо Иракт байхгүй болсон.   Иракийн ард түмний амьдрал өнөөдөр арай өөр болж байгаа. Дайн болж байгаа ч намхан байшингийнхаа гадна гивлүүртэй бүсгүйчүүд нь хувцсаа угаан хэцэн дээрээ хатааж, нүцгэн хааныг дураараа илчилж чадах   гэнэ сэрэггүй бяц­хан жаалууд том алаг нү­дэн­дээ гэрэл цацруулан бөмбөг тоглож байсан үеийг санаж байна. Дайны хүнд үед гэнэтийн элдэв довтолгоо, мено­метын дэлбэрэлтийн дуу энд тэндгүй сонсдох түгшүүр айдастай өдрүүд  тэднээс алсарч байгаа болов уу. Ганц шөнийг  Багдадад өнгөрүүлэхдээ  битүүхэндээ айдаст ав­таж, бүтэн нойртой хоноо­гүй болохоор тэнд амь­дарч байсан тэдний сэт­гэл санаа ямар байсныг төсөөлж байна. Гуниг тээсэн тэр ард түмэн дахин битгий зовоосой.  Одоо тэд сахалтай эрээс ангижирсан. Харин бид  олигархиудаасаа салах болов уу.     Хэзээ  нэгэн цагт хэн нэгэн бяцхан жаал тэднийг хулгайч байна гэж барьж өгөх цаг ирэх вий.

Categories
редакцийн-нийтлэл

Тэд жагсдаггүй бол бид яах болж байна

Ж.Батзандан О.Маг­найтангууд
өнөөдөр  жаг­сана. Бүтэн хоёр
жил гаруй сөрөг хүчингүй
ам­раглан дугжирсан Мон­голын төрийг нойрноос
нь сэрээж, хөнжлөөс нь
цухуйлгахаар  хаврын
хавсаргатай энэ өдөр  тэд хүйтэнд даарч
зогсоно. Эрх баригчид  хүлээсэн үүргээ мартаж, бидний  сонголтыг
үл хүндэтгэн,  цөөнхдөө
ор хөнжлийн урилга илгээж, нөгөөдүүл
нь ардчиллаа умартан, арчаагаа алдчихсан  алга
хавсран урилгыг нь хү­лээн аваад, өвөр
түрийд нь шургалсан үнэнийг
бид мэдэж байгаа.  Дээр нь олигархиудын
тэргүүн Ерөнхий сайдаа дагаад
Монгол төр амар сай­хандаа жаргаж, ард
түмэн нь ходоод хоосон,
сэтгэл гонсгор, амьдрал гундуу, толгой
сэгсэрч үлдсэн дээ.

Ноднин жилийн өдийд тэд
гудамжиндаа гарсангүй. Төр засгаас элдэв
зүйл шаардаж, хэрүүл тэмцэл хийсэнгүй.
Нэг хэсэг нь айгаад
амаа үдүүлчихлээ гээд л турхираад
байсан. Нөгөө  хэсэг
нь үгүйлсэн. Энэ жил  тэссэнгүй ээ. Хотын даргаас
зөвшөө­рөл авч, хууль
ёсоор нь жагсаж, шаардахаар
болжээ.  Жаг­сах сургаар нь
л эсэр­гүүцэж
эхэлсэн дээ, эрх баригчид.
Зүгээр ч үгүй бас
хардав.  Мөнгө
аваад захиалгаар жагс­лаа. Хав­рын өвчин нь
сэдэрлээ л гэнэ. 2004 оноос
хойш тэд жагсаж тэмцээд
эрх ба­ригчидтай сөргөлдлөө.
Муугаар хэ­лэ­хэд  Мон­голд сайныг авчирч
ча­даа­гүй байлаа
гэхэд саа­рыг лав
хийгээ­гүй. Ядаж л
ямба нь ихэдсэн дарга
нар өвлийн хүйтэнд ма­шин, гэр,  ор­дон гурвын­хаа  хооронд
орох, гарах зуураа амь
эрсдэх дээрээ тулан бээрч
байхад, хасах гра­дуст
үнэн үг хэлээд даарч
зогсох тэвчээр тэр хоёрт
байна. 

Жилийн өмнө хэдэн мянган
хуудастай  хав­таст хэрэг тэврүүлж,
шоронд шар махтай нь
хатаасан болохоор хэдийд нь хэ­рүүл тэмцэл хийж
жагсах вэ дээ. Нөгөө
хоёр чинь зүрхээ туу­лайны­хаар соль­чихож  гээд
л тэр үед
муулаад байсан. Харин ч
энэ хавар төр засагт
ху­дал­­дагдаагүйгээ харуу­лаад, амаа үдүү­лээгүй гэдгээ илэрхийлэн,
эрх мэд­лийн­хээ
дал­баан­д эх
орноо худал­даж, зүрх
сэтгэлээ албан ту­шаа­лын сандал дороо
хий­гээд мартсан дарга
нар­тай заргалдаж,  жагслаа.

Дуугүй байхаар нь айлаа
гэнэ. Дуугарахаар нь өвчтэй гэнэ.
Тэгээд ер нь яах
ёстой гэж. Монго­лын
түүхэнд шударга тэмц­лийн
төлөө дуугаа өргөж, үгээ
хэлсэн бол­гоныг шоронд
суулгаж,  бүр
болохгүйг нь нөгөө ертөнц
рүү илгээж байсан коммунист
ёсны гашуун улбаа өнөөдрийн
ардчи­лалтай зэрэгцээд  амь бөхтэй оршин
тогтноод л явж байна.
Олигархиуд галзуурч, ордон бари­хаар
уралдаж байхад  маш
олон болох ёстой Монголын
үрс төрөх га­зар­гүй, өвдөх эрхгүй
эм­нэл­гийн коридорт
эрхээ зөрчүүлэн хэвтэж байгааг бид
хараагүй, мэдээ­гүй биш.

Ингээд байхаар нө­гөө
Ж.Батзандан, О.Маг­най хоёрт  иргэд
итгэл өгч дэмжээд жагсаж
байна.

Зуданд хотоо хар­луулсан
малчид  хөсөр
хаягдсан ч хөдөөнөөс зориод
Сүх жанжны тал­бай
руу зүглэ­лээ. МАХН-ын гишүүний гэргий  ма­най сониноор  жагсаалыг  дэмжихээ
илэр­хийлсэн.   Тэр
хоёр хавар жагсдаг  өвчтэй байлаа гээд
бусдад ямар  халдах
биш,  тэмцлээ
гээд  татвар
төлөгчдийн мөн­гийг   залгих биш. Хашгир­лаа гээд ард
түмний  хоо­лойг сөөлгөх биш.
Юунд  нь
тэгтлээ ундууцсан юм. Тэднийг талбайд
очоод жагсахаар Монгол Улс  сүйрчих нь үү
гэлтэй айц­гаах юм.

Хавар болохоор жагсдаг хэмээн  ундуу­цаад байгаа
бол өвөл нь өөрсдөө
жагсаж болох л байсан
шүү дээ. Хэн ч
гараад хахир өвлийн хүй­тэнд эх орон,
ард түмэн гэж хашгирахгүй
л байна. Тэр
хоёр бусдын жагсах эрхийг
хаагаагүй л байл­тай.
Хоёр залуу, хоёр мянган
иргэнтэйгээ  төр
засагтай хэрэлдэж, жаг­саж, тэмцлээ
гээд ард түмнээс юу
хорох юм. Харин ч
эрх чөлөөндөө дураараа халдуулаад дуугүй байхад минь
дуу хоолой болоод яваа  Ж.Батзандан, О.Маг­най­даа баярлах минь.

Арав гаруй удаа эрүү­гийн хэрэг үүсгэн
шалгаж, айлгах гэж элдвээр
үзлээ. Иргэд сонголтынхоо тө­лөө жагсахаар муу
л бол урд
талын хар овоохой гэгчээр
нөгөө хоёрыг барьж аваад
шоронд суул­гачихна. Өнөөдөр
жагсах сургаар нь өчигд­рөөс  шүүхэд
дуудна гээд л яриад
эхэлнэ лээ.  Оли­гархиуд галзуурч, дураа­раа аашилж байхад  идэр
насны  хоёр
залуу тэмцэж яваад шоронд
орж, бидний өмнөөс хашгирч
яваад ханиад хүрснийх нь
төлөө харааж зүхэх хэрэг
юу билээ. Тэр хоёр
ард иргэд рүүгээ хэзээ
ч буу   шагайгаагүй.  Иргэ­дээ буудсан төртэй
хэрэл­дэж, идсэн уусан
нөхдийг илчилж, гудамжинд ба­хир­лаа гээд
Монголын ард түмний идэх
хоол  хороогүй.

Шоронд суухад нь бидний
эрх чөлөөний төлөө үгээ хэлсэн
гээд үмх талх аваачиж
өгсөн хэн байгаа билээ.
Дуртай бол гудамжиндаа жагсаж
л байг. Халуун
дулаан ор­дон­доо
ханатлаа хэрэл­дээд, шөнө
дөлөөр амраг­лан жаргадаг
Ардчилсан нам, МАХН хоёроос
хав­рын хаварт   гудамжинд гарч, хэрүүл тэмцэл
хий­дэг О.Магнай,
Ж.Батзан­дан
хоёр хавьгүй дээр санагддаг
шүү. Усны шу­вууд
хавар ирэхийг хүлээ­дэг
шиг  улс
төрд О.Маг­най,
Ж.Батзандангийн дуу
хоолойг хүсдэг ард түмэн
бий.    

Сөрөг хүчингүй Мон­го­лын
төртэй сөрж тэрсэх Ж.Батзандан, О.Магнай хоёр
байж л байг. Айхгүй
ч гэсэн аягүй,
дуугүй байс­­наас дуугарч
байсан нь дээр. Тэд
жагсдаггүй бол бид ер
нь яах болж байна
гэж өнөөдрийн  улс
тө­рийг хараад өөрийн
эрх­гүй  бодогддог  юм.

Categories
редакцийн-нийтлэл

Г.Бямбасүрэн: Дүрмээ зөрчдөг Удирдах зөвлөлийнхөн өөрсдөө намаас гарах хэрэгтэй

-ШУДАРГА ШИЙДВЭР ГАРСАН БОЛ ЗУУРАЛДАХ ШААРДЛАГА НАДАД АЛГА-

Сонгинохайрхан дүүр­­гийн  Иргэдийн хур­лын даргаЗасаг даргын хэрүүл  удаан үргэлжилж улс төрж­сөн билээ. Удир­дах зөвлөл үүнийг өчиг­дөр хуралдан нэг тийш болгох шийдвэр гаргажмаргалдагч гол баат­руу­дыг албан тушаа­лаас нь огцруулахаар  шийдвэр­лэсэн. Мөн Сон­гино­хайр­хан дүүр­гийн МАХНын дэд дар­га Г.Бямба­сүрэнг на­маас хөөх шийд­вэрийг ч энэ өдрийн хурлаасаа гаргасан юм. Намаас хөөгдсөн Г.Бям­басү­рэнтэй утсаар хол­богдоход гэрээсээ гарч чадахгүй зодуулчихаад сууж байна гэлээ. Ингээд үйл явдал юу болсон хий­гээд намаас хөөгдөх шийд гарсан  өдөр  хэнд зо­дуулсан нь анхаарал татаж, түүн­­тэй уул­за­хыг хүс­­лээ. “Үнэ­нийг со­нир­хож байгаа бол гэрт ирээд уулз. Тол­гой тархи өвдөөд гэрээ­сээ гарч чадахгүй ньгэс­нээр түүнтэй гэрт нь очиж ярилцсан юмХацар нь зулгарч, нүд нь хавдсан тэрээр  гэр­тээ хүлээж суулаа. Ин­гээд түүнтэй болсон явдлын талаар ярьс­наа хүргэе

Удирдах зөвлөлийн хурлаас таныг намаас чинь хасахаар болжээ. Ямар үндэслэлээр ха­сагдсан гэж бодож байна?

-Дүрэмд байдаг на­маас  хасах тухай заалтад намаас нэр дэвшсэн хүн­тэй зэрэгцэж нэр дэвших, намын эсрэг суртал­чил­гаанд оролцсон бол  хас­санд тооцно гэсэн  байдаг юм. Би нэр дэвшигчтэй зэрэгцэж нэр дэвшээгүй.  Намын  эсрэг сурталчил­гаанд оролцсон юм байхгүй. Ийм учраас Удирдах зөвлө­лийн энэ шийдвэр нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн Удирдах зөвлөл на­маас хөөхийг мэддэг юм биш. Дүрмээрээ намын анхан шатны байгуул­лага шийддэг асуудал. Нам дотор болохгүй бай­гаа юмыг шударга үнэ­нээр хэлж шүүмжилж ярьс­ны төлөө дүрмээ зөр­чиж ингэж шийдвэр гаргаж байгаа бол  на­маас хасагдах хүн нь би биш, харин Удирдах зөв­лө­­­лийн нөхдүүд өөрсдөө дүрэм зөрчсөнөөрөө намаас гарах хэрэгтэй. Ер нь өнөөдөр намд болж байгаа хууль бус, шу­дарга бус, хэсэг бүлэг хүний эрх ашгийг хам­гаалсан ийм үйл явдал нь  Монголын ард түмний эрх ашиг, өдөр тутмын  амьдралд нөлөөлж бай­гаа нь олон баримтаар харагдаж байгаа шүү дээ. Ялангуяа нийслэлд дан­даа л манай намын нөхдүүд удирдах ажил хашаад  сууж байгаа. Гэтэл нийслэлчүүдийн ажил амьдрал ямар байгаа билээ. Энэ бол манай намын хэсэг бүлэг нөхдүүдийн хийж байгаа бодлого, үйл ажилла­гаатай шууд холбоотой. Явж, явж үнэн үг хэлсэн хүн  Хувьсгалт намд байх газаргүй л болсон  юм байна л даа. Манай намын дотоод зохион байгуулалт, нам дотор болж байгаа  бодит зүй­лийг үнэнээр нь ярьсан хүнд ингэж ханддаг юм байна. Ийм байдал газар авах шинжтэй.  Боловсон хүчний бодлого гэж манай намд алга.  Нэг  хүний эрх ашгийн төлөө ийм юм хийж байна ш дээ.

Нэг хүн гэж хэнийг хэлээд байгаа юм?

-Нэг дүүргийн Засаг даргын суудлын асууд­лыг манай намын Удир­дах зөвлөл, Хяналтын зөвлөл хоёр хамтарч хурал­даад л хэлэлцэж, шүүмжилсэн  хүнийг  на­маас хасна гээд сууж бай­гаа нь үнэхээр намын дүрэмд ч, хуульд ч ний­цэхгүй. Намын удирд­ла­гын иймэрхүү үйл ажил­лагаанд дүгнэлт хийх цаг аль хэдийнэ болж гэдэг нь харагдаж байна.

Дүрмээрээ намын анхан шатны хурлаар таны асуудлыг оруулах болов уу?

-Анхан шатны хурал болох байх. Би анхан шатны үүрийн хурлаар хэлэлцүүлнэ гэж бодож байна. Үүр намайг на­маас хасах  шийд гарга­вал  өөр хэрэг. Гэтэл үүрийн хийх ёстой дүр­мээр заагдсан үүргийг Удирдах зөвлөл шүүрч аваад намаас гишүүнээ хасаад сууж байгаа бол дэндүү болчимгүй хэрэг.

Үйл явдлын гол баатар нь Ч.Сайхан­баяр, С.Баярт хоёр гэж ойлгож байна. Гэтэл тэр хоёрыг албан тушаалаа өг гэчихээд  таныг яахаараа намаас хөөх болчихдог байна. Тэр л хамгийн сонирхолтой санагдаад байгаа юм.

-Тэнд байгаа Иргэ­дийн хурлын дарга, Засаг даргын хэрүүлийг надтай хутгаж намайг энэ явдлыг зохион байгуулсан мэ­тээр  намаас хөөх нь үнэ­хээр ёс зүйгүй асуудал. Миний хувьд энэ байдлаа засч залруулаач гэж бүтэн жилийн өмнөөс л ярьсан. Тэрийг анхаарч арга хэмжээ авч ший­дэхгүй байсан мөртлөө шударга шүүмж хэлсний төлөө намайг хаслаа гэж харж байна. Манай Удирдах зөвлөл огцрох ч багадаж байна.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэл­сүх энэ саналыг оруул­сан гэж сонссон. Өмнө нь намын байрны үүдэнд таныг ерөнхий нарийн бичгийн дарга чинь шанаадсан гэж баахан дуулиан болж шүүхдэлцээд авсан. Тэр гомдол, өширхөл нь иймэрхүү байдлаар илэрхийлэгдэж  байдаг юм болов уу?

-Ер нь тэгж л ойлгогдохоор  байна л даа. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа юм нь өшөө авах гэсэн оролдлого шиг харагдаж байна.

Цаанаа үнэн үг хэлчихлээ, бидний болох­гүй  юмыг шүүмжил­чих­лээ, ил гаргалаа гэж өөрс­дийнхөө булхайг нуух гэ­сэн арга л юм шиг. Удах­гүй намын Бага хурал болох байх. Дараа нь Их хурал зарлана. Нам до­тор болж буй муу муухайг  засч залруулахын тө­лөө  гишүүд бас дуугардаг болоод байгаа. Намын энэ бузар булхайн та­лаар тэсвэр алдан ярьдаг хүн ч бас олон болжээ. Өм­нө нь нийслэлийн  намын хорооны хурал дээр нэг ч хүн үг хэлдэггүй, шүүмж­лэл хэлэхгүй л өнгөрдөг байсан. Сая хамгийн сүүлийн хурлаар долоо, найман хүн үг хэлсэн. Дандаа  болохгүй, бүтэх­гүй байгааг нь  шүүмжилж дуугарсан. Шүүмжлэлийг хүлээж авч,  дүгнэлт хий­хийн оронд харин үнэ­нийг хэлсэн хүнийг гооч­лоод суудаг  нь намын үйл ажиллагаа ямар ал­даа­тай ямар их завхарч бай­гааг л харуулсан хэрэг.

Та бас намын ши­нэч­лэл ярьдаг жигүү­рийн гишүүн. Жигүүр намын удирдлагууд болон үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханд­даг. Таныг шүүмжлэл хэлсний төлөө намаас хөөх болсон нь ч жи­гүүртээ нам нь хэрхэн ханддагийн бас нэг ил­рэл болов уу гэж хараг­даж байна. Ийм маягаар шүүмжлээд байвал намаас хөөчихнө гэсэн сануулга ч юм билүү гэсэн хар төрлөө. Та үүнийг юу гэж бодож байна?

-Манай нам болохгүй байгааг нь шүүмжилсэн хүнээ ингэж л дарамтал­даг байхгүй юу. Тэгээд бүр дүрэмд байхгүй зүй­лээр удирдлагууд нь сайн дураараа дарамталж бай­на.  Өнөөдөр хүний эрхийг, хуулийг яаж зөр­чиж хэрхэн гууль болгож байна.  Цөөхөн хэдэн хүний албан тушаалт­нууд л үүнийг   хийгээд байгаа.

Өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаас гар­сан шийдвэрээс хойш та намын гишүүн хэвээ­рээ байна уу, эсвэл үгүй юу?

-Дүрэмд тодорхой байгаа. Батлахаа өгөөгүй тохиолдолд намаас гар­санд тооцогдохгүй гэж.

Нэгэнт  хөөгөөд байхад та намдаа байх гэж зууралдах хэрэг байна уу?

-Би учрыг нь олно. Шударга шийдвэр гарч байгаа бол зууралдах шаардлага байхгүй. Намд байх гавьяагүй, ал­даа гаргачихсан байвал үнэхээр надад энэ намд байх гээд зууралдах шаардлага алга. Гэхдээ шударга үнэн гэж байдаг бол тэр нь ялтал би энэ намын үйл ажиллагаанд оролцох болно.

Анхан шатны хур­лаар намаас хасах шийд­вэр гаргасан ч МАХНын болж бүтэх­гүй байгаагийн төлөө тэмцсээр л байх нь гэж ойлгож болох уу?

-Бололгүй яахав. Тэр­тэй тэргүй намын гишүүн ч бай, биш ч бай нэгэнт л нийгэмд ажиллаж амь­дарч явахаас хойш шу­дар­га ёсны төлөө чада­хаасаа чадахгүйгээ хүр­тэл тэмцэнэ. Сая манай дүүргийн намын зарим нөхөд цуглаад ярьсан байна. Яахаараа Удир­дах зөвлөл анхан шатны байгууллагын өмнөөс ийм шийдвэр гаргадаг юм гээд ярьсан  байна лээ. Би  нөхөдтэйгээ зөвлөж байгаа нэг хэвлэлийн Бага хурал ч хийлгэдэг юм уу гэж бодоод байна.

Намын гишүүн болоод хэдэн жил болж байна?

-1978 оны гишүүн. Олон жил намын ажил хийсэн. Үнэхээр  нэг ял­зар­сан, заваарсан юмтай зууралдаж чадахгүй тэвчиж чаддаггүй учраас шүүмжилдэг нь үнэн.

Удирдах зөвлөлийн хурал болох үед таныг ингээд зодчихоо юуХурлаас хойш ийм юм болов уу. Ямар хүн таны нүүрний арьсыг зулгартал, нүдийг чинь хөхөртөл зодчихов оо. Үйл явдал ингэж таарсан нь бас хачин санагдаад байна?

-Өчигдөр би  ойрхон хөдөө  явчихаад гэрийн­хээ  гадаа  машинаасаа буугаад гэртээ  орох гэж байхад хоёр залуу  айл асуусан. Мэдэхгүй гээд эргэх гэтэл намайг цохиод унагаачихсан.

Та өөрөө ийм юманд өртөөд байдаг  хүн үү. Байсхийгээд л зодуулж байх юм. Байн, байн ийм байдалд ороод байхаар чинь худ­лаа хэлээд байна уу гэж бодохоор. Та өмнө нь намынхаа ерөнхий нарийн бич­гийн дарга­даа шанаа­дуулсан гээд байсан. Гэтэл нөгөө хүн тэгээ­гүй гээд шүүхдээд, сүүл­дээ та хүн гүтгэсэн болж хувирсан санаг­дана?

-Үнэн үг хэлээд бай­вал энэ байтугай л юм болох юм шиг байна.  Одоо энэ гуравдугаар сарын арван нэгэнд том жагсаал цуглаан болох гэж байна. Өнөөдөр улс төрийн хамгийн  ууган нам дадлага туршлага­тай,  энэ намаас ард түмэн их юм хүсч хүлээж байхад манайхны удир­даж байгаа энэ нөхдийн хийж байгаа  үйлдэл нь олон түмний нүдэнд бу­зар булай нь ил тод ха­раг­­даж байгаа нь тодор­хой. Тэрийг нь гишүүний хувьд хэлэхгүй гээд яах юм. Ингэлээ гээд тэр ал­бан тушаалаараа айлган сүрдүүлж, нухчин дарж, өөрсдөө үүрд энэ албан тушаалын суудал дээрээ сууж байх гэсэн арчаагүй арга барилаараа хариу барьдаг  юм байна. Үүнийгээ засах чадвар алга.   

Удирдах зөвлөлийн гишүүд тэгээд бүгд дүрмээ мэдэхгүй байна гэж баймгүй. Намын дүр­мээр Удирдах зөв­лөл  гишүүнээ хасдаг­гүй гээд хэлчих хүн байгаагүй гэж үү?

-Би Удирдах зөвлө­лийн хурал дээр юу яригд­саныг сонссон.  Д.Дэмбэ­рэл дарга гэхэд л “Энэ чинь анхан шатны бай­гууллага шийддэг. Бид хөөж болохгүй” гэсэн   байна лээ. Нэлээд хэдэн хүн шударга үнэн үг хэлсэн гэж сонссон. Тэ­гэхэд  нь “Ерөөсөө л ин­гэж шийднэ” гэж М.Энх­болд, У.Хүрэлсүх хоёр зүтгэсэн байна лээ. Л.Дондог гэж Хяналтын хорооны дарга нэртэй ямар ч чадвар байхгүй, дарга нарын дуугарс­наар утсан хүүхэлдэй болж, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг хүн байна. Их идэвхтэй дэмжсэн гэнэ лээ.

Намаа шүүмжилж болохгүй гэсэн дүрэм  арай байдаг юм биш биз дээ. Уг нь шүүмжлэл өрнүүлж санал бодлоо хэлэх нь ардчиллын нэг хэлбэр гэж бодож байнаЦаашид шүүмж­лэл өрнүүлсэн үг хэл­сэн хүн энэ мэтээр на­маас хөөгдөнө гэсэн айдастай болчих биш үү?

-Яг тийм замаар л яваад байх шиг байна.

Сонгинохайрхан дүүр­гийн ИТХын на­рийн бичгийн дарга  Лхагвасүрэн  гэдэг хүн манай сонинд төлбөр­тэй ярилцлага хүнээр өгч явуулсан байсан. Гэтэл өчигдөр   ийм  М.Энх­болд даргыг шүүмжилж ярилцлага өгөөгүйМиний өмнөөс ярилцлага зохиогоод тавьсан. Шүүхэд өгнө гэсэн байна лээТэр хүн ч гэсэн Удирдах зөв­­лөлийн энэ шийд­вэрээс болоод арай өөрийнхөө ярьсныг үгүйсгээд эхэлсэн юм биш биз дээ. Эсвэл на­мын удирдлагууд чинь  дарамтлаад ийм бай­далд хүргэв үү. Ер нь Ө.Лхагвасүрэн гуай нам­даа шүүмжлэлттэй хан­даж үг хэлдэг бай­сан уу?

-Дарамтлуулсан л байхгүй юу. Шүүмжилбэл  намаас хөөдөг юм байна гэж тэр хүн бодсон байж болно. Эцсийн эцэст сонин буруутан болох нь байна шүү дээ. Ийм л аргаар манайхан ажиллаад байна. Хурал цуглаан дээр энэ нам болохгүй байна гэж шүүмжилж үг хэлж л байсан хүн. Янз янзын дарамт ирээд л арга буюу  ингэж байгаа  биз.

Бидний ярианд Г.Бям­ба­сүрэн гуайн эхнэр Б.Бадамханд  оролцов. МАХН-ын гишүүн тэрээр  ” Би ч гэсэн шударга юмны төлөө үг хэлээд явж байгаа  миний ханьд нам  ингэж хандаж байгаад гайхаж байна. Нам гэдэг чинь У.Хүрэлсүх, М.Энх­болд, Л.Дондог биш. Тийм учраас шүүмжлэл хэлдэг хүмүүс  намтай тэмцэж байгаа хэрэг биш. Намыг удирдаж байгаа тэр хүмүүсийн арга барил нь болохгүй байна. Энэ хүмүүс намыг удирдаж чадахгүй байна. Хайран сайхан намыг энэ хүмүүс  үгүй хийх нь гэж шүүмж­лээд байгаа юм.   Манай намаас төрийн албанд дандаа болохгүй хүмүүс тавигдаад байна. Ганц нэгхэн өөрийн бүлгийн хүнээ хамгаалахын тулд хэдэн хүний амь амьдра­лаар тоглодог байж болох уу.  Ийм аймшигтай юм  манай намд явагдаад байна. Ард түмний сэтгэл зүй ч үүний эсрэг  бэлт­гэгдчихсэн байгаа. МАХН-ын удирдлагууд үнэнийг харахыг хүсэхгүй явж байгаад шалдаа унах цаг нь болчихсон. Жирийн гишүүдээ айлгаж, амыг нь бариад сурчихсан. Хурал цуглаан болохоор эхлээд  шүүмжилж байгаад сүүл­дээ магтаад дуусчихдаг. Би ч тэсэхгүй хэлдэг. Шүүмжлээд байгаа юм уу, магтаад байгаа юм уу гэж. Энэ хүн чинь  энэ намын төлөө үхэн хатан гучин хэдэн жил яваад юу хожив. Ажил амьдралаа­раа хохироод л дуусч байна. Болохгүйг нь за­сах гэж үг хэлээд, хэлс­нийхээ төлөө өнөөдөр ийм байдалд хүрлээ.   Нэг идэж уудаг даргаа соли­лоо гэж жүжиглээд  дараа нь дахиад л яг тийм хүн тавьчихдаг. Бүхэл бүтэн үеэр нь луйварчдыг бэлтгэж тавиад байгааг  юу гэхэв. Яг тэр урвагч, шарвагч хүнийг олоод  энэ олон гишүүдээсээ  сонгоод байдаг нь бүр хачин.   Ийм улсуудаас болоод энэ нам байхгүй болж ч магадгүй. Энэ намыг өдий болтол авч ирсэн тэр олон сайхан хүмүүс,  энэ олон дэмжигч, гишүүдийн хөдөлмөр энэ янзаараа байхгүй болно шүү дээ.  Сонгууль боло­хоор манай намын нөгөө хэдэн иддэг уудаг луй­варчдыг магтаад,  мэдээ­лэл байхгүй ард түмэн тэр цаад муу муухайг нь мэдэхгүй сонгочихоод байна. Тэр О.Магнай,  Ж.Батзандан нарын  яриад байгаа нь зөв шүү дээ. Тэд нар тэсч чадахгүй жагсах гэж байна. Хөдөө гадаагүй манай намыг эсэргүүцэж байгаа нь болохгүй болоод л тэр” хэмээн нөхрийг нь гэнэт намаас хасах шийдвэр удирдлагууд нь гаргасан хийгээд намынхаа нэр хүнд одоогийн дарга нараас нь болоод болж өгөхгүй байгаад эмзэглэж явдгаа намын жирийн гишүүний хувьд хэлсэн юм. Мөн нөхрийг нь ингэж  зодсоныг  ч зүгээр нэг тохиолдол биш на­мынх нь арга барилын илэр­хий­лэл гэж үзсэнээ нуусангүй.  

Categories
редакцийн-нийтлэл

Бүрэн суманд унасан “Их тэнгэрийн дүлий” юу өгүүлнэм?

Саявтар Төв аймгийн Бүрэн суманд сансраас төмөр биет унаж бөөн дуулиан шуугиан болов доо. Түүнийг манай хэв­лэл мэдээллийнхэн буюу
“Өнөөдөр” сониныхон
АНУ-ын Дельта-2 зөөгч пуужингийн хоёр дахь угсрааны шингэн түлш­ний сав хэмээн таамаг­ласан нь үнэн болж байна. Тэд бүхэл бүтэн улсын  тусгай байгуулла­гуудаас ч илүү хурдан шуурхай, овсгоотой  ажил­­ласан нь бахарх­маар. Монголын тагнуул, онц­гой байдлын газар, цэр­гийн­хэн үүнийг суд­лахад бүтэн сарын хуга­цаа хүрэлцэхүү үгүй болов уу хэмээн санаа нь зовцгоож духаа атируу­лан гүн бодолд автац­гаасан. Харин шинжлэх ухааны, сөрөг тагнуулын,  бүүр гүйцэтгэх ажилла­гааны нөр их бөгөөд хүнд хүчир ажиллагаанд нь  зориулж төсөв мөнгө хуваарилж өгөх хэрэгтэй хэмээн сүйд майд болц­гоохоо тэд мартаагүй билээ. Ийнхүү  манай “хүнд гарууд” машид нууцыг хадгалсан ноцтой царай гарган  телевизийн дурангийн өмнө  эгнэн сууцгааж байсан нь саяхан даа. Гэтэл сэтгүүлч  бүсгүйчүүд  турьхан ху­руугаараа компьютерийн   товч хэдхэн товшоод  л  хаанахын юун төмрийн хог болохыг  хоёрхон цагийн дотор интернэ­тээс тогтоочихдог байгаа.  Манай төрийнхөн тэгж мунгинаж байгаа юм чинь  Бүрэн сумын Засаг дарга нөгөө хаягдлыг  нь хад­ганд боогоод өрөөндөө тахиж байсан гэдэг бол бүх нийтээрээ ингэж мунхарсан, мухар сүсэгт автсан үед байх л хэрэг болчихоод байна. Зо­хиолч С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” хэмээх өгүүллэгийг та бүхэн санаж байгаа. Өнгөрсөн зууны хориод оны сүүлээр уг үйл явдал болдог. Зохиолын баа­тар зам дээрээс талх олчихоод юу гэдгийг нь мэдэлгүй хадганд боо­гоод тахил шүтээнээ бол­годог. Түүнийг  тэнгэрээс бурхны илгээсэн зүйл хэмээн сүсэглэдэг билээ. Тийм ч учраас “Их тэнгэрийн дүлий” хэмээн нэрлэж нутаг усаараа шүтэж байдаг тухай гардаг. Зохиолд цааш нь бичихдээ  тэр нутгаар явж байсан хот газрын хүмүүс талх гарган зүсэж, дайлах гэтэл нутгийн   хүмүүс бөөн юм болж мөргөж сүсэглэн айж эмээдэг. Зочид гайхан “энэ бол жирийн идэх юм” хэмээн тайлбарлаж үзүүлж та­ниулж байж үнэмшүүлсэн талаар гардаг. Уг зохио­лыг шог хошин зохиол хэмээн үзэж тэр үеийн хүмүүсийн гэнэн тэнэгийг гайхалдан шоолцгоодог цаг саяхан. Гэтэл бүтэн зууны дараа Бүрэн сумын  дээд боловс­рол­той Засаг дарга “Их тэнгэрийн дүлий” олдог байгаа. Тэрбээр намайг Засаг дарга байх үед шүтээн шүтлэгтэй догшин ууланд минь бурхадаас илгээмж явууллаа хэмээн бодож нөгөө төмрийн хогийг хадгаар ороон өрөөндөө залсан байна. Тэгээд хүнд хэлэлгүй нууж “Муусайн юмнууд надад зориулж бурхнаас өгсөн зүйлийг хуваалцаж буян хишгээс минь хэлтлэх гэлээ” хэмээн аминдаа л бухимдаж явжээ. Түүгээр нутагладаг малчид нь болохоор “Муусайн дарга нар хамгийн өнгөтэй өөдтэйг нь хамчихдаг. Бидэнд болохоор юу ч үлдээсэнгүй. Ямар ч байсан энэ үлдсэнээс нь авч хадгална аа хөө” гэл­цэн төмрийн хөрөөгөөр жижиглэн авч тахихыг оролдоцгоосон гэнэ.
Даанч титаны хайлш бо­ло­хоор дийлдээгүй биз. Харин “Өнөөдөр” сони­ныхон тэдгээр ард түм­ний урмыг ихэд хугалж зэвүү­гий нь хүргэсэн  биз ээ. Яагаад  гэвэл уг зүйлийг  ямар ч бурхан илгээ­гээ­гүй,  зүгээр л төмрийн хог байсан гээд палхийтэл хэлчихээр чинь дэврүүн сэтгэлтэй романтик дар­гын болон малчдын  сэт­гэл гутрах нь хир байлгүй яахав. Тэгээд ч ямар ч бурхны панатуудад  иймэр­хүү зүйл хэлэхэд амиа хорлочихгүй л бол дээдийн заяа юм. Гэхдээ тэр Бүрэнгийн “их тэнгэ­рийн  дүлий” асуудлын гол биш.  Хамгийн гол нь   жижиг дөрвөн ханатай гэр шиг  том төмөр хоёр гур­ваараа нисэж ирээд унаж байхад хэн ч мэдээгүйдээ байна. Тэр төмрүүд дэл­хийн агаар мандалд орж ирснийг ОХУ-ын агаар сансрын алба мэдээд, хараад бүртгээд сууж бай­сан байх юм. Ма­най­хан харин тэднээс асуу­сан нь их юм. Түүнээс уул нь манай төрийн одоо байгаа байдлаа харахул Түвдийн ч юм уу Балбын лам нараар есөн зоос татуулмаар юм. Харин ч овоо доо. Уул нь бид чинь сансарт хүнээ нисгэсэн ард түмэн шүү дээ. Оросууд уг хаягдлыг хаана буух нь вэ хэмээн харуулдаж байтал хи­лээс нь гараад явчихсан бололтой. Бидний хөр­шүүд ийм л байна шүү дээ. Техникийн хөгжил нь ийм сайн юм л  гэж байна. Түүнээс бидэнд дуулга­сангүй, ямар муухай юм гээгүй байна. Тэд дуулгах ч алба үгүй. Монголчууд болохоор  энэ хүйтэн дайддаа л улам мунх­раад л мухар сүсэгт баригдаад л сууж байна. Дундад зууны харанхуй шашин л хөгжөөд, мухар сүсэг л гаараад  байхаас өөр хөгжиж гийсэн юм алга. Техник технологи, техникийн сэтгэлгээ  үнэн хоцрогдож ээ. Ийм байхаас ч өөр яах билээ дээ. Сүүлийн хэдэн жил  инженерийн чиглэлээр суралцаж төгсдөг  оюутан гэж бараг байхгүй  бол­сон. Харин гудамжинд хог шүүрдэж зогсоо  ТҮК-ийн ажилчин нь хүртэл хуульч эдийн засагч мэргэжил­тэй байгаа. Бид хэдийг энд овоогоо тахиж лусаа баярлуулсаар суух зуур  дэлхийн хөгжил мөн ч хол явжээ. Мэдээж энэ төмрийн хогийн эзэн улс болох АНУ бол  бүгдийг нь мэдэж байсан л байж таараа. За манай пуу­жингийн хог тойрог замаас гарлаа. Далайд унагачихъя байз гэж  үзээд чадалгүй  эх газар дээр унагах болоод явчаа биз. Тэгээд хүн цөөн­тэй­гээр нь хамгийн ойр элсэн цөл болох манай говь дээр унагах гээд залуур­даа л даа. Гэтэл тэнд ч хүрэлгүй унах болоод эсгий өмбүүлийг нь бяц дарчилгүйхэн эзгүй хээр унагаж аваад биднийг яах бол гээд хараад л сууж байсан байх. Хиймэл да­гуулаар тодруулж үзээд л нэг морьтой нөхөр хам­гийн түрүүнд ирлээ, эрхбиш халуун төмөрт духаа наачихгүй байлгүй гэлцэн шоолон хөхрөл­дөж, халуун кофегоо ооч­сон шиг суусан биз ээ. За яахав сансраас ирсэн төмрийн хог нийслэл хо­тоос минь хоёр зуугаад­хан км зайтай унаж, бид түүнийг нь бурхны ил­гээлт хэмээн итгэж шүтээ­нээ болгон мунхарч соёлт хүн төрөлхтний доог тохуу болоод л өн­гөр­лөө. Тэгвэл нэг согтуу нөхөр тив алгасдаг пуу­жин­гийн  хөөргөх кноп дарчихаад тэр нь мэдээж цөмийн цэнэгтэй байж таараад нийслэлийн маань дээ­рээс унаад ирэ­хэд бид мэдэж ч амжилгүй энэ хорвоогоос талийх нь байна шүү. Юун хамгаа­лах, агаарт нь устгах, ядахдаа мэдэж аваад хоргодох байр сав руу орох гэх зүйл бол ёстой үлгэр ажээ. Бидний хамгаа­лалт ийм л байна. Нөгөө манай арми, агаа­раас эсэргүүцэн хамгаа­лах салбар, радио лока­торын батарей гэх зэрэг зүйл бидэнд бий юу. Монго­лын тэнгэрт шувуу ниссэн ч хардаг гэж хөөр­цөглөдөг байсан биш билүү. Энэ бүхэн одоо хаачсан хэрэг вэ. Орчин үеийн дайн байлдаан дандаа агаараас л цохилт өгөн ялалт бай­гуулдаг болчихсоныг бид харж байдаг. Бид тэгвэл сохор дүлий хүн лүгээ сууж буйгаас ямар ялгаа байна. Тэнгэрээс унах зүйлд толгой дээрээ ба­рих юм  бидэнд  бөөгийн хэнгэргээс өөр  чухам юу байгааг манай армийн­хан  хэлж өгч сэт­гэл санааг минь амраамаар байна.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Хосбаяр: Дитер Болентой хамтран ажиллах болсон маань монгол хөөмийний маань буян

Хөөмийн урлаг Монголоор хаяглагдаж чадахгүйд хүрч, багагүй шуугиан дагуулаад буй энэ үед барууны орнуудад Монголын хөөмийг танилцуулж яваа нэгэн уран бүтээлчтэй ярилцлаа. Д.Хосбаяр гэдэг энэ залуу сүүлийн арав гаруй жилийн турш Европын үзэгчдэд ардын язгуур урлагаа толилуулж яваа нэгэн билээ. Бас түүнийг “Германы авьяаслаг залуус” нэвтрүүлэгт оролцсон гэдгээр нь манайхан сайн мэдэх болсон. Түүнтэй онлайнаар хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Манайд нэг хэсэг­тээ л хөө­мийг хятадууд өөрсдийнхөө нэ­рээр бүртгүүлсэн талаар хэл ам таталсан шуугиан үүслээ. Сон­соход та үүнийг анх олж мэдээд гаргаж тавьсан “хэр­гийн эзэн” бололтой. Та энэ талаар анх хэзээ мэдсэн юм бэ?

-Би л ганцаараа үүнийг
анх олоод мэд­чихсэн
юм биш л дээ.
Хөөмийчид, хөөмийд сэтгэл зүрхээ
зориулж байдаг бүх хүн
л тэр мэ­дээллийг дор нь олж
ав­сан. Интернэтийн ачаар
ЮНЕСКО-д хятадуудыг бүртгүүлээд
нэг ч хо­ноогүй
байхад Европод амьдардаг монголчууд
болон энэ урлагийг дэмждэг,
шүтдэг герман хүмүүс интернэтийн
сайтуудаар эсэр­гүүцлээ илэрхийлээд
эхэлсэн шүү дээ. “China, khoomii not yours don\’t register in
UNESCO” гээд ин­тер­нэтээр
олон хүн санал бодлоо
илэрхийлж, га­рын үсгээ
хүртэл цуглуул­сан арга
хэмжээ болсон.

Та хөөмийн урлагт зүтгэж яваа хүний хувьд яг ямар алхмыг хийв дээ?

-Тэр янз бүрийн эрх
мэдэлтэн, тамга тэм­дэг­тэй хүмүүс шиг
шууд нө­лөөлөх юм
би хийж чадах­гүй
л дээ. Гэхдээ
энэ урлагийг өөрийнхөө хэмжээнд олон түмэнд таниулж
яваа хүний хувьд “Германы
авь­яаслаг за­луус”
тэмцээнд орсныгоо цагаа олсон азтай
явдал болжээ гэж бодож
байгаа. Миний бодлоор Хятадын
талаас хичнээн бичиг илгээж,
энэ тэрийг хөөцөлдөж яваа
ч гэсэн “Монголоос
ирсэн Хосоо эртний Монголын
урлаг хөөмийгөө сонордуулна. Ер бусын ховор
гайхал­тай дуу хоолойг
та сонсох болно” гэж
дэлхийн олон нийтийн нэгээхэн
хэсгийн нь өмнө зар­луулаад дуул­сан
явдал маань энэ урлаг
Монголынх юм шүү гэдгийг
ямар нэг хэм­жээ­гээр ойлгуулж чадсан
байх аа. Цаашдаа ч
би хөөмийч хүний хувьд
олон улсын тавцанд ямар
л сурталчлах боломж
бай­на тэр бүгдийг
ашиг­лан, энэ урлаг
Монголынх гэдгийг, монгол хүн ингэж
дуулж чаддаг гэдгийг харуулсаар
байх болно.

Хятадууд хоолойн цоор гэд­гээр бүртгүүлсэн харин бид хөөмий гэдгээрээ бүртгүүлэх боломжтой гэсэн гэнэ. Үнэн үү?

-Хөөмий болон хөөмийтэй төс­тэй дуулах урлагуудын
нэг хэлбэр бол Хятадын
хоолойн цоор гээд байгаа
зүйл нь юм болов
уу даа. Гэхдээ би
л лав өдийг
болтол хятад хөөмий гэж
сонсч байгаагүй. Хам­гийн сайн
мэдэж байгаа нэг зүйл
гэвэл манай хөөмийчид болон
хөөмийн багш нар хоёр
улсын соёлын солилцоо гэсэн
нэрээр урд хөршид очиж
хөөмий зааж эхэлс­нээс
хойш энд тэндхийн тайзан
дээр Өвөр Монголын хөөмийчид
гэсэн хүмүүс мэр сэр
харагдаж эхэлсэн юм. Хэрвээ
тийм олон жилийн түүх
судартай байсан юм бол
урьд нь яагаад мэдэгддэггүй
байсан юм бол доо.  Өч
төчнөөн л хөөмийн уулзалт
тоглолт болж байхад яагаад
ирж оролцдоггүй байсан юм бэ.
Хамгийн гол сонир­хол
татаж байгаа зүйл нь
болохоор ЮНЕСКО-гийн албан
ёсны вэб хуудас дээр
Хятадын хоолойн цоор гэдэг
нэрээр биш Монголын хөө­мийн дуулах урлаг
(Mongolian throat singing art) гэдгээрээ
бичигд­сэн байгаа. Хятадын
талаас ЮНЕСКО-д танилцуулсан
хөөмийн тухай видео дээр
манай нэр бүхий хүмүүс
гарч л байгаа шүү
дээ. Одоо тэр хүмүүс
нь өөрс­дөө юу
хийснээ мэдэж байгаа байлгүй.
Хоолойн цоор гэсэн нэ­рээрээ байх юм
бол ядахдаа арай өөрөөр
орчуулагдах байлгүй дээ.  Хариуцаж ажилладаг хүмүүсийн нь ярьж байгаагаар
бол энэ жи­лийн­хэд бүртгүүлэх гээд
ажиллаж байна, урьд өгсөн
ма­териал нь хоцрогдож
очсон гэсэн шалт­гаа­наар ороогүй юм
гэсэн. Энэ ба­рууны
улсуудад хэвлэл мэдээлэл болон
вэб хуудсуудаар нь монгол хөөмийг
хятадууд өөрийн нэр дээр
бүртгүүлж авлаа гээд шуугиж
бай­на шүү дээ.
Саяхан энэ асуудлаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Па­рист ирж
ЮНЕСКО-гийн нэр бүхий
хүмүүстэй уулзсан гэсэн. Энэ
оны сүүлээр Африкийн Кенид
болох зөвлөлдөх уул­зал­таар
шийдэгдэнэ гэсэн хариу өгсөн
байна лээ. Тэд­ний
албан ёсны вэб дээр
хя­та­дуудын бүртгүүлсэн
нэр бүхий зүйлс дотор
монгол хөөмий гээд байж
байгаа талаар сайд маань
тайлбар хүсч асуусан л
байх гэж найдаж байна.
Сайдын те­левизээр хэлж
байхыг харахад тоймтой зүйл
ярихгүй л байна лээ.
Бодвол цаад хүмүүсээсээ асууж
лавласан биз ээ. Ер
нь албан ёсоор тоймтой
хариуг хэн ч хэлэх­гүй байгаа нь
хачирхал төрүүлээд л байгаа юм.

Та Германд амьдраад удаж байна уу. Ямар учир шалт­гаан­тай анх тийшээ явав даа. Өөрийн­хөө тухай дэлгэрэнгүй танил­цуулна уу?

-Би хөөмийн урлагийн өлгий
нутаг Ховд аймгийн Чандмань
сумын унаган хүүхэд. Энэ
сайхан уул ус, говь
хангай тэгширсэн ёстой л бурхны
орон гэмээр газар төрж
усыг нь ууж, ёсыг
нь дээдэлж өссөн. Хөөмийний
хувьд манай удамд хөөмийлдөггүй
хүн байхгүй. Бүгд л хөөмийлнө.
Зах зээл эхэлснээс хойш
зарим нь амьдралын эрхээр
ондоо, ондоо ажил төрөл
эрхлэн амьдарч байна. Тэгэхдээ
одоо ч гэсэн хөөмийлбөл
хөөмийлчихнө шүү гэх тийм
л хүмүүс. Анх
Хөгжим бүжиг төгссөн хэдэн
найзуудтайгаа санаа нийлэн хамтлаг
байгуулж Монголдоо тоглож байгаад ба­руунд гарсан. Тэр
үед хөлтэй болгон л
ийш тийшээгээ явж бизнес эрхэлж
байсан даа. Бидний чадах
юм гэвэл бурхнаас хайрласан
энэ жаахан авьяасаараа хоолоо
олж идэх л байлаа.
Мэдээж, дэмжиж тусалсан хүмүүс
олон байгаа. Тэгээд л
тэнд учир зүйгээ олж
янз бүрийн тоглолт фестивальд
орол­цож явсаар бас
ч өөрсдийн хү­рээтэй болсон. Тэр
үед манайд урлагийг ямар
хэмжээнд хүлээж авдаг байсан  билээ,
цалин мөнгө нь ч
хэд байсан билээ. Тиймээс
эндээ үлдэж энэ содон
урлагаа Европын ард түмэнд
хүргэж, танил­цуулъя гэж
шийдсэн юм. Цаг ху­гацаа их хурдан
өнгөрчээ. 14 жил болж. Бас
ч энэ хугацаанд
чамгүй их юм хийж.
Одоо эргээд бодоход хийсэн
ажилдаа сэтгэл хангалуун байгаа
шүү. Бие даасан болон
бусад уран бүтээлчидтэй хамтран
нийт 14 CD,  хоёр
ч DVD гаргасан байна. Энэ бүхнээрээ
Европын ард түмэнд монголчууд
чухам ямар урлаг соёлтой
ард түмэн юм бэ
гэдгийг таниулахад бага ч болов
хувь нэмрээ оруулсан гэж
боддог доо.

Одоо ямар хамтлагтай, яг юу хийж байгаа вэ?

-Би
“Khosoo&Transmongolia” гэдэг
уран бүтээлийн хамтлагт ажилладаг. Манайх надаас гадна
морин хуурч Т.Амартөр,
Б.Зоригт­баатар,
их хуурч Б.Мягмарбүрэнхүү
хамтлагийн менежер Г.Алтансувд
гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй.
Бид хамтраад монгол урлаг тэр
дундаа морин хуур, хөөмийгөө
хүмүүст хүргээд явж байна
даа.

Та Германд их олон жил ар­дын язгуур урлагаа сурталчилж яваа. Германчуудын хувьд олон үндэстний язгуур урлагт хүн­дэтгэлтэй ханддаг хүмүүс үү эсвэл Монголынх үнэхээр өөр байдагт юм бол уу?

-Герман гэлтгүй европчууд дээд
зэргийн хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс. Энд бидний
урлагийг со­нир­хох
олон учир шалтгаан байна
аа. Манай хөөмий, морин
хуур, монгол аялгуу чинь
тэр чигээрээ л байгалийн дуу
хоолой. Өөр улс орны
язгуур урлагийг хүндэтгэн үзэж сонирхоно гэдэг
бол түр зуурынх, харин
үргэлж сонсох гэж CD худалдан
авч тоглолтыг нь тогтмол ирж
үзнэ гэдэг бол тэр
дуу хөгжмийг таалж байна гэсэн
үг. Яагаад гэвэл, том
хот суурин газар амьдардаг
хүмүүс чинь өдөр тутам
ав­то­машины дуу
чимээ, үйлдвэрийн нүргээн, хүмүүсийн шуугианаас өөр юм сонсч
чадахаа байчихсан байдаг. Тэд салхи
яаж шунгинадаг, гол горхины дуу
чимээ, уулын цуурай, шувуудын
жиргээг, эсвэл нам гүмийг
ер мэдэхгүй. Харин манай монгол
дуу хөгжим аялгуу энэ
бүгдийг агуулсан байдаг. Мон­голчууд
бид харин өөрсдөө тэрийг
шууд мэдэрдэггүй. Яагаад гэвэл бид
тэр сайхан байгалийн дуу
чимээ аялгууны дунд нь төрж
өсч, амь­дарч байгаа
учир тэр дуу хөг
би­дэнд мэдээжийн нэг
байдаг л зүйл. Харин
европчуудын хувьд ийм хөгжим
сонсоод ямар нэгэн алдсан
юмаа олсон юм шиг,
урьд нь огт сонсч
байгаагүй мөртлөө их дотно
сэтгэгдэл төрлөө гэж хэлдэг.     

Хөөмийг гадныхан үнэхээр үнэлдэг гэж үү. Хөгжилтэй, ир­гэншилтэй хүмүүсийн хувьд дуу хоолойгоо өөрөөр дуугаргадаг нь нэг талын эртний хүмүүсийг санагдуулдаг юм биш үү. Зэрлэг хүмүүсийн урлаг гэх нь бий шүү дээ?

-Хөгжилтэй
гэхээрээ л байшин барилга
сүндэрлэсэн, гудамж тал­байгаа
зассан, айл болгонд төгөл­дөр хуур байдаг,
бие биентэйгээ эелдэг харьцана гэдэг
ойлголт энэ зуунд хоцрогдсон
зүйл. Юм болгон үндэс
суурьтай, учир шалтгаантай байдаг.
Шинэ юм болгоныг соёл
гээд дагаад гүйгээд байвал
нэг л өдөр гишгэх
газаргүй болчихсон байх аюултай. Улс
үндэстний эрт­ний урлаг
соёл гэдэг бол их
нандин өв. Зэрлэг хүмүүсийн
урлаг гэж үздэг хүмүүс
цөөнх нь. Харин энэ
урлагийг техникийн хувьд хүний хоолойгоор
дуугарч байж яг хөгжим
шиг, бас хоолойгоор дуулж
байгаа болохоор өөрийн гэсэн хоолойны
өнгөтэй, хүнийг уярааж чаддаг
гэж үнэлдэг хүмүүс маш
их. Тиймээс ч би
энэ олон жил Европын
ор­нуудад уран бүтээлээ
сонирхуулж явахдаа байнгын олон
үзэгчтэй байж, тоглолт маань
хүмүүсээр тасрахгүй байгаа биз ээ.
Харин Монголд хөөмийгөө тэр
болгон сонсдог хүн ховор
юм шиг санагд­даг
шүү.    

Манай урлагийнхан Европын орнуудаар тоглолт их хийж бай­сан. Сүүлийн үед сонстохоо байжээ. Тэр чигийн зах зээл хаагдсан хэрэг үү, эсвэл бүр хөлөө олоод нам гүм болчихов уу?

-Эхний жилүүдээ бодвол манай хөгжмийг
сонирхдог хүмүүсийн хүрээ улам л
нэмэгдэж байгаа шүү дээ.
Зах зээл хаагдана гэдэг
үг зөвхөн шинэ үүссэн
түр зуурын юман дээр
л байдаг байх.
Манай язгуур урлаг бол
нэг мода дагаж гарч
ирээд алга болдог урлагтай
адилгүй. Энэ урлагаа бид
устгахгүй мартахгүй авч яваад л
байвал хэзээд мөнхөд байх
урлаг. Үн­дэстэй юм
мөхдөггүй юм. Харин дуураймал
хуулбар юм бол мөнх
биш.  

Одоо ярилцлагаа таны оролц­­сон “Германы залуу авь­яастан” тэмцээн рүү хандуулъя. Дитер Болены зохион байгуул­даг авьяаст­нуудын тэмцээнд ямар учраас оролцох болсон юм бэ?

-Энэ тэмцээн өнөө жил
гурав дахь жилдээ болж
байна. Анх энэ тэмцээнд
орох санааг миний хамт­ран ажилладаг “SONY MUSIC” компаниас санал
болгосон. Их удаан бодсон
доо. Олон ч хү­мүүстэй зөвлөлдсөн. Тавигдах
шаардлага нь ч өндөр
байсан. Бас уран бүтээлч
хоёр л минутын дотор
багтаан хөтөлбөрөө үзүүлэх ёстой байдаг.
Яаж ч бодсон энэ  бага
хугацаанд хөөмийг хүмүүст хүргэж
ойлгуулна гэдэг хэцүү шүү
дээ.  Тэгээд
хугацаа нь ч их
дөхсөн байсан. Би гэр
бүлийнхээ хүнтэй ярьж байгаад
тэртэй тэргүй бид өөрсдийн
гэсэн үзэгчидтэй. Тэм­цээнд оролцоно
гэдэг нь монгол хөөмийгөө
олон сая хүнд нэг
дор үзүүлж сонирхуулах ховор
боломж. Ийм боломж дахин
олдоо ч уу, үгүй
юу.  Ямар
ч байсан оролцъё
гээд урьд төлөвлөсөн байсан
бүх тог­лолтуудаа цуцлаад
оролцсон доо.  

Тэр тэмцээн одоо манай нэг телевизээр орчуулагдаад ид явж байна л даа. Бичлэг ха­рахад таныг хөөмийлж байхад танхим нам гүм болж, дуусахад хүмүүс алга ташиж байгаа ха­рагд­сан. Хэддүгээр үе болтол нь явсан бэ?

-Өнгөрсөн жилийн тавдугаар сараас
эхлээд өнгөрсөн ар­ван­хоёрдугаар
сард дууссан. Нийтдээ долоон үе
шаттай явагдсан л даа. Өнгөрсөн
жилийн тэр тэмцээний онцлог
нь нийт 26 улсын 37 гаруй
мянган хүн оролцсон явдал
гэгдэж байгаа. Ер нь
янз бүрийн хүмүүс байгаа
шүү дээ. 2008 онд 18 мянган хүн
оролцсон байдаг юм. Би
зургаа дахь үе буюу
хагас финалд үлдэж оролцсон.
Миний оролцсон сүү­лийн хагас
финалын тоглолтыг гэхэд Европ даяар
13 сая хүн шууд үзэж
сонирхсон судалгаа байна лээ. Монголынхоо
язгуур урлаг болон хөөмийгөө
тайлбарлаж ярьсан зарим хэсгүүдээс
минь монтажлаад телевизороор гар­гаагүй байсан.
Магадгүй түүнээс болж миний
яаж дуулаад байгааг тэр
бүр хүмүүс ойлгоогүй байх
л даа.  Би анхнаасаа оролцох
эсэх шийдвэрээ гаргаж ядан суухдаа
телевизээр шууд дамжуулах хагас
финалд үлдэх зорилго тавьсан.
Хэрэв тэгж чадвал олон
сая хүн миний Монголын
хөөмийг таньж мэдэж чадна
гэж бодсон. Хагас финальд
үлдэх зорилгодоо хүрч чадсандаа баяртай
байгаа. Олон сая хүн
надаар дамжуулан энэ урлагийг мэддэг
болсон гэж бо­дохоор
их сайхан санагдаж байгаа
шүү.

-“Modern talking” хамтлагийн аялгууг хөөмийлөхөд энэ хамт­лагийн хоёрын нэг, уг тэмцээнийг зохион байгуулагч Дитер Болен сэтгэл догдлон хүлээн авч байх шиг байсан. Та тэр аялгууг зо­риуд бэлдсэн байсан уу?

-Уг тэмцээнийг зохион байгуул­сан
“Grundy licht” гэдэг дуу хөгж­мийн
компанид Дитер Болен өөрөө
хандан энэ сонин хоолойгоор
миний өөрийн дуунууд хэрхэн
эгшиглэхийг сонсмоор байна гэж хүссэн
юм билээ. Яг үнэнийг
хэ­лэхэд би тэгж
бэлтгэлгүй дуулах дургүй байсан.  Цаг
огт байгаагүй, тайзан дээр гарахаас
хоёрхон цагийн өмнө шийдсэн
болохоор ямар ч бэлтгэлгүй
байсан даа.  Тайзны
ард шүүгч нар бидэнтэй
хамт юм янзлаад сууж
байхад нь хүртэл би
Дитерт хэлсэн. “Би хөө­мийгөөрөө
монгол дуугаа дуул­маар
байна” гэж. Гэвч тийм
боломж олдоогүй. Тэмцээн дууссан хойно
Дитер Болен миний өрөөнд
орж ирээд надад баяр
хүргээд “Би их сонирхож
байна. Бидний хамтын ажил
үүгээр дуусахгүй чамтай хамтарч уран
бүтээл хийнэ” гэсэн. Тэр
хэлсэн үг нь надад
үгээр хэ­лэхийн аргагүй
сайхан санагдсан. Дэлхийн хэмжээнд хүлээн
зөв­шөөрөгдсөн том хүнтэй хамтарч
ажиллана гэдэг ховор боломж.  Дитер
Болен чинь Германы шоу
бизнест хамгийн нөлөөтэй хүн
шүү дээ. Тэр хүний
амнаас гарч байгаа үг
болгон олны анхааралд байдаг.
Шүүлтийн үеэр ч миний
талаар их сайхан сэтгэгдэл
хэлсэн. Ер нь бол
шударга гар шиг санагдсан
шүү. Нэгэн цаг үед
дэлхийд гялалзаж явсан энэ хүнтэй
хамтарч ажил­лана гэдэг
бол монгол хөөмийний маань
буян. Одоо бид ярьсан
ёсоороо хамтрах төлөвлөгөөгөө гаргасан.
Ажил маань үргэлжилж байгаа.
Монголчууд маань удахгүй бид
хамтарч эхлээд ямар уран
бүтээл гаргасныг маань сонсох байх
аа. 

Германы энэ тэмцээний шаг­нал хэд вэ. Та үүнд оролцох гэж хураамж төлдөг үү, бас хэд хэдэн үе шалгарсан гээд урам­шуулал өгдөг үү?

-Энэ тэмцээний хамгийн гол шагнал
нь дуу хөгжмийн том,
том компаниудтай хамтарч ажиллах гэрээ
байдаг. Нэг том компаниас
гэрээ авбал түүн шиг
том шагнал гэж юу
байх билээ. Тэд нар
жижиг юм хийхгүй л
дээ. Бэлэн мөнгөний хувьд
түрүүлсэн уран бүтээлч зуун
мянган евро буюу манайхаар
хоёр зуун сая төгрөгийн
шагнал хүртэнэ. Би урилгаар орсон
болохоор ямар нэгэн илүү
төлбөр төлөөгүй. Мэ­дээж тэнд
өрсөлдөж байгаа бүх хүмүүс
зардал энэ тэрээс ав­ахуу­лаад бүхий
л зүйлээ өөрсдөө
хариуцдаг. Тэгээд түрүүлсэн нь
л шагналтай бусад
нь байхгүй гэсэн үг.
Тэдэн үе явлаа энэ
тэр гэж шагнал өгдөггүй.
Харин спон­сорлож байгаа
байгууллагуудын шагнал гэж олгодог
юм билээ. Би Дитер
Болентэй хамтарч ажиллах гэрээ
авсан. Энэ бол миний
тэр уралдаанд оролцсон хөлс хүч маань
юм. 

Ер нь энэ тэмцээнд орсноор та Монголыг, хөөмийг хэр сур­талчилж чадсан бол?

-Монголын урлагаа сур­талч­лахаас гадна бас
Монгол Улсаа давхар сурталчилсан
гэж бодож байна. Тэр
нэвтрүүлгийг үзсэн олон сая
хүн дотор үнэнийг хэлэхэд
Монгол гэж ямар улс
байдгийг ч мэддэггүй хүмүүс
байгаа шүү дээ. Тэдэнд
Монголын тухай ойлголт өгнө
гэдэг бас л том
сурталчилгаа. 13 сая хүн шууд
үзсэн гэж би дээр
хэлсэн дээ. Гэхдээ энэ
тэмцээний сүүлийн хоёр шатыг
нь шүүгч шийддэггүй. Телевизээр
шууд дамжуулсны дараа үзэгчдээс са­нал авах маягаар
шалгаруулдаг. Манайхан орчуулагдан гарч бай­гаа
олон шоунаас энэ тухай
ойл­голттой болсон байх
аа. Тэр тэм­цээний
дараагаас миний электрон шуудан
болон гар утсаар асар
олон хүн холбогдсон. Одоо
ч гэсэн амраахгүй
байгаа гээч. Хөөмийгөө ямар
учиртай юм бэ, яаж
дуулдаг юм энэ тэр
гээд тайлбарласан хэсгийг нь гаргаагүйд
үнэндээ жаахан сэтгэл дундуур
л байгаа.

Яагаад хассан юм бол. Дав­хар санаа зорилго байсан юм болов уу, нэвтрүүлгийн цагтаа баригдсан юм болов уу?

-Би ямар учраас хассан
юм бэ гэсэн асуултыг
зохион байгуулагч нарт тавьсан л
даа. Гэвч надад одоо
хүртэл хариу өгөөгүй. Тэмцээнд
оролцоход хэний ямар дуу,
зохиог­чийн эрх нь
ямар юм, гарал үүсэл
нь юу юм гэсэн
хуудас бөглүүлж авдаг л даа.
Ер нь энэ тоглолт
болгон дээр зохиогчийн эрхийн
хуудсыг бөглүүлж авдаг ёстой юм.
Тэр үед ганц хоёр
хүн намайг монгол хөөмий
гэсэнд  хята­дуу­дынх гэж
бүртгэгдсэн байсан даа гэж
хэлж байсан. Мэдээж, би
тайл­барлаж гаралгүй яахав.
Тэгээгүй бол Монголын хөөмийч
Хятадын язгуур урлагаас тоглоно
гэж зарлах байсан байлгүй.
Цөөн хэдэн хүн интернэтээс
Хятадын бүртгэлтэй гэж харчихаад тэгж
байснаас бус ерөнхийдөө гол
зохион бай­гуулаг­чид
нь хөөмий бол хаанаас
гарал­тайг мэдэлгүй яахав
дээ. Би хувьдаа Хятадынх
гээд бүртгэгдчихсэн гэсэн ойлголт нь
ямар нэг байдлаар миний
Монгол урлаг, хөөмий энэ
тэр гэсэн яриаг минь
хасч танахад хүргэсэн байх
вий гэж бодоод л
байгаа юм.

Хуудас бөглүүлэх үед өөр бэрхшээл гараагүй биз?

-Үгүй ээ. Цөөн хэдэн
хүн л тэгж ойлгосон
байсныг эс тооцвол бу­сад нь инээдтэй
юм л гэцгээж байсан.
Гэхдээ зохион байгуулагч нарт
Дэлхийн Обертон дуучдын холбоо
гэдэг байгууллагаас хөө­мий Монголоос
гаралтай урлаг болох талаар
албан бичиг явуул­сан.
Би энэ холбооны удирдах
зөвлөлд багтдаг юм. Хөөмийг
хя­тадууд өөрсдийн нэр
дээр бүрт­гүүлсэн явдлыг
эсэргүүцэж тайлбар шаардсан бичлэгийг
би энэ хол­бооныхоо
нэр дээрээс ЮНЕСКО-гийн
Герман дахь салбарт нь
хүр­гүүлсэн байгаа л
даа.

Обертон дуучид гэхээр ямар дуучид болдог юм бэ?

-Дээд болон давхар өнгөний
дуучдын холбоо л доо.
Нийт 7000 гаруй гишүүдтэй сайн
дурын бай­гуул­лага
юм. Дэлхий дахинд буй
ийм урлагийн хүмүүсийг нэгтгэсэн байгууллага. Хамтарсан концерт, аялал гээд олон
зүйл дээр хамтран ажилладаг.
Манай байгууллагын вэб сайтан дээр
хөөмийлдөг бүх л хүмүүсийн
мэдээлэл болон хаа хаана
тоглолт нь болох бүхий
л мэдээллүүд нь
байгаа.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайд яагаад хилэгнэв?

Ерөнхий сайд С.Бат­болд
ойрын үед тун бу­хим­дуу, уур уцаар ихтэй явах болжээ. Засаг тол­гойлоод 100 хоногийн
нүүрээ үзээд буй Ерөн­хий сайдын уурыг чухам юу барах болсон юм бол оо. Өнгөрсөн
долоо хоногт Ерөнхий сайд хэд хэдэн уулзалтуудыг хол­богдох байгуулла­гынхан­тай
хийсэн бөгөөд Зас­гийн газрын ээлжит ху­рал­даанаас гадна ээл­жит бус хурлуудыг
ч зар­лан хуралдуулсан билээ. Уцаар ихтэй байсан Засгийн газрын тэргүүн доод албан
тушаалтнуу­даа хяргачих шахаад байжээ. Ерөнхий сайд С.Батболд яагаад ийм ууртай
байх болов, түүнийг хэн ингэж хилэгнүүлэв?

Түүнийг төрийн албаа
хувьдаа ашиглах болом­жийг хэзээ ч алдаж бай­гаагүй албан тушаалт­нууд нь уур­луул­сан
ажээ. Монголд төрийн алба ямар байгаа, амин хувийн хонжооны төлөө өчүүхэн боломжийг
хурган дарга нар хэрхэн ашигладаг нь дараахь үйл явдлаас харагдах биз ээ. Хэв­лэ­лийнхнээс
хаалттай бол­сон Ерөнхий сайдын өн­гөрсөн долоо хоногт хий­сэн уулзалтуудыг нэхэн
сурвалжилснаа хүргэж байна.

Ерөнхий сайд долоо
хоногийн өмнө Стан­дартчи­лал хэмжил зүйн үндэсний төвийнхнийг өргөн бүрэлдэхүүнээр
нь хүлээн авч уулзжээ. Уг уулзалтад Мэргэжлийн хяналтынхан, гаалийн­хан ч байсан
аж. Гэхдээ гол шүүмжлэл стандарт тогтоогч нарт ирсэн байна. Стандартчилал хэм­жил
зүйн Үндэсний төвд салбар, салбар тус бү­рээрээ 50 орчим хороо байдаг. Тэдгээр хорооны
дарга нар, удирд­лагууд­тайгаа Ерөнхий сайдад ба­раалхсан байна. Хүнс, барилга,
зам гээд салбар бүртээ Монголын стан­дарт ийм л байх ёстой гэж жишиг тогтоож өгдөг
газ­рынхан өөрсдөө эмгэ­нэл­тэй байдлын жишгийг тог­тоож байна хэмээн Ерөн­хий сайд
бухимд­жээ. Аж ахуйн нэгжүүдэд стан­дарт тогтоож, түү­нийгээ шалгаж явах ёс­той
нөхөд маань шалгах бус  ийм байх ёстой гэж
гаргасан стандартаа зар­чихдаг гэнэ. Бүр тийм сүлжээ бий бол­жээ. Ерөнхий сайд С.Бат­болд
ийм сүлжээ байдгийг мэд­сэнээ хэлээд “Барил­га нураад байдаг. Улаан­баатарт өчнөөн
мөнгө төгрөгөөр зам тавь­чихаад байдаг. Жил ч болоогүй хагараад бай­даг нь ямар
учир байна. Энэ чинь та нарын гаргасан стандар­таар явж байгаа биз дээ. Яагаад та
нар ийм юм хийж байгаа юм. Үүнд хариулаадах” гэж зам хариуцсан хорооныхныг шахамдуулж,
нөгөө хэд нь хар цагаан дуугүй сууж байжээ. Стан­дартчилал хэмжил зүйн төвийн зарим
хүмүүс тухайлсан төсөв, тен­дерт зориулж стандарт гаргадаг гэнэ. Тэдний гаргасан
стан­дартад нь дүйцэж тендер авах газар олдохгүй, ол­дохгүй байхаас ч өөр аргагүй.
Зөвхөн тодорхой эзэнд нь зориулаад гар­га­чих­сан юм чинь. Ерөн­хий сайд ч “Та нар
улс ор­ныхоо төлөө ажиллаж байгаа юм уу. Хувьдаа ажиллаж байгаа юм уу. Тө­сөл, тен­дерт
зориулж стандарт гаргадгаа больж, стан­дартаар хий­дэг бизнесээ  зогсоохыг үүрэг болгож байна.

Ер
нь эртнээс сайн, муугаа ярьчихъя. Ийм бусармаг байд­лаа зог­соохгүй бол аль намын
ч бай, хэний ч хүн бай, улсад хэдэн жил ажил­ласан байх чинь ч хамаагүй шүү. Төрийн
ажлаа хийж чадахгүй хувь­­даа ажиллаад бай­вал улсын ажлыг өгөөд хувийнхаа ажлыг
хийгээд яваарай” гэжээ.

Ерөнхий
сайдын бас нэг уулзалт нь улсын бо­лоод хувийн их, дээд сур­гуу­лиудын удирдлагууд,
нийслэлийн удирдлагууд газрын албаныхан оролц­сон уулзалт юм. С.Батболд Ерөн­хий
сайд болон­гуу­таа боловс­ролын сал­барын­ханд хандан анх­ны үгээ хэлсэн бөгөөд
энэ сал­барт томоохон ши­нэч­лэ­лийг хийнэ гэсэн. Гэвч төлөвлөснөө хийх гээд эхэлсэн
чинь өнөөх Мон­голын бүтэхгүй болохгүй бүхэн төрийн сүлжээгээр хэрхэн газар авсан
нь ил болж эхлэв. Улсын их, дээд сургуу­лиудыг нэгтгэх, хотоос гаргах томоохон төлөв­лөгөө
бий. Хотын ойрол­цоо хотхон бай­гуул­на гэхээр дэд бүтцээс эхлээд асуудал гарч байгаа
уч­раас ХААИС-иас бусдыг нь хотын зах руу шилжүүлэх хувилбар нь дэмжигдэж байгаа
юм. Шинэ Засгийн газрын тэр­гүүний төлөвлөгөөгөөр ШУТИС-иас гадна “Мо­биком”, “Скайтел”
гээд томоохон үүрэн теле­фоны компаниудыг тэнд үйлдвэрлэл эрхлүүлж, оюутнуудын дадлага­жил­тын
бааз суурь болгох ёстой байжээ. Энэ ажлаа ярьж байгаад Ерөнхий сайд Баянголын аманд
ШУТИС-д өгсөн томоо­хон газар байгаа. Тэнд энэ бүгдийгээ нэг дор байгуулж, мэдээллийн
үндэсний том төвтэй бол­но. Энэ салбар хөгжиж байж улс орон хөгжинө. Улсын төсвөөр
тийшээ дулаан, ус гээд дэд бүт­цийн бүхий л асуудлууд нь шийдэгдэх талаар ярьсан
гэнэ. Гэвч тэнд суугсад дор бүртээ дуугүй хавчигнаад эхэлжээ. С.Батболд “Та нар
яагаад дуугүй суугаад байна. Ер нь хууль бус юм хий­чихээ­рээ ингээд дуугүй суугаад
байдаг биз дээ” гэхэд хотынхноос нэг нь “Яагаад дуугүй байгаад байгаа юм. Газар
нь бай­гаа юм уу” гээд мэдэн будилан матаад авчээ. ШУТИС-ийн захирал Б.Дам­динсүрэн
ч “Тал нь байгаа” гэсэн аж. Нэлээд хэдэн жилийн өмнө Баян­голын ам буюу Найрам­дал
зуслан байдаг тэр сайхан газарт ШУТИС-д ихээхэн хэмжээний газар өгчээ. Гэвч тус
сургуулийн удирдлагуудын хэлж бай­гаагаар багш нар нь орон сууцны асуудал ярьж эхэл­сэн
учраас тэдэнд газраас нь өгч,  хувийн сууцнуудыг
сүн­дэр­лүүл­сэн юм байх. Гэвч бодло­гын хэмжээний асуудал босч, улс өгсөн газартаа
үндэсний төв барих гэтэл газар байхгүй болжээ. Хилэгнэсэн Ерөн­хий сайд “Олгосон
шигээ аваарай” гэсэн даалгавар өгсөн байна. Бас тэрбээр “Оюутнуудыг хотоос зайдуу
гаргаж байгаа нь зугаа цэнгээний газраас холдуулж, хичээл ном­доо шамдах боломжийг
нь нэг талаас гаргах гэж байгаа. Гэтэл үүнтэй зэ­рэг­цээд шинээр үйлчил­гээний газар
байгуулах эрх хөөцөлдөөд гүйгээд байгаа хүмүүсийг мэдэж байна шүү. Энэ санаагаа
татвал таарна шүү” гэсэн байна.

МУИС-ийг
Нисэх рүү шилжүүлэх тухай яриг­даж байгаа билээ. Тус сургуульд тэр хавьд газар өгсөн
байдаг юм байна. Гэхдээ Монголын үндэс­ний хэмжээний том сур­гуулиа байрлуулах гэхэд
тэрхүү газар нь багадаад байгаа аж. Тиймээс газ­рын албаныхан байгаа дээр уг газрыг
нь том­руулах асуудлыг шийдэх гэжээ. Энэ удаад газрын албаныхан дуугүй суу­жээ.
Учир нь аль хэдийнэ тэр ха­вийн газар нь “эздэд”-ээ очсон гэнэ. Хэзээ хэзээнийхээ
илүү уурссан Засгийн газрын тэргүүнд одоо­гийн хотын удирдлагууд өмнөх хүмүүсээ
тэр хавийн газрыг ийш тийш нь болгосон талаар хэл­сэн бололтой юм. Гэвч Ерөнхий
сайд МУИС-ийг тэнд байгуулах хувилбар дээрээ хатуу бодолтой бай­гаа аж. Хо­тын удирдлагууд
болоод газрын албаныханд “Хүмүүс байна даа. Та нар газар авсан хүмүүс­тэйгээ яриад
нэг ойлгол­цоодох. Буян болно гээд сургууль номын газарт энэ газрыг өгчих гээд гуй.
Бас хотын өөр бүст газар олгох тухай ч яриад үзэх хэрэгтэй. Хуулийн дагуу яриад,
асуудлыг шийдээд Засгийн газрын хурал­даанд оруулж ир. Ямар аргаар газар авсныг
нь судал. Хууль бусаар авс­ныг нь цуцал. Ер нь төрийн ажилд хувийн ажил шиг ханддаг
энэ байдлаа та нар болих хэрэгтэй” гэсэн хатуу сануулга өгчээ.

Бас
ураны ордын лицензийг дур мэдэн олгосон хэмээн Цөмийн Энергийн газрын дарга. Энхбат  болон АМГ-ын зарим хүмүүсийг буруут­гажээ. Цөмийн
энергийн тухай хуулийг буруу хэрэг­жүүлсэн хэмээн Энхбатыг буруутгасан бөгөөд улсын
төсвөөр хайгуул хийгд­сэн газ­руу­дыг хувийн ком­паниудад тэр дундаа гад­ныханд
өгснийг буруутгав. Тэгээд дэлхийн аль ч оронд цацраг идэвхт бо­дис болох ураны олбор­лол­тод
анхаардаг байхад манайд асуудалд ингэж хандаж байгаа нь байж болшгүй хэрэг хэ­мээсэн
сурагтай. Тэгээд 2009 оноос хойш олгогд­сон лицензүүдийг бүг­дийг цуц­лахыг үүрэгдсэн
байна. Арга хэмжээ авах асууд­лыг ч хөндөв. Мар­дайд лиценз авсан нөхөд тө­мөр зам
хуулж эвдэлс­нийг Ерөн­хий сайд дур­даад “Яа­хаа­раа Монго­лын хө­рөн­гөөр боссон
Мон­голын төмөр замыг тэд сүйтгэж байгаа юм” хэмээн ши­рүүл­жээ. Ерөнхий сай­дын
уурлаж, хилэгнэсэн учир шалт­гааныг сурвал­жилбал ийм байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Мажоритар уу, пропорциональ уу, эсвэл холимог уу?

Монголчууд
ирж буй цагаан барс жилдээ баян болохыг, бар улс болохыг бие биедээ ерөөн бэлгэ­дээд
удаагүй байна. Гэх­дээ төр нь бодлоготой, түшмэд нь ёстой журам­тай байж ард олны
энэ хүсэл биелэгдэх жамтай. Бодлогоо гаргадаг төр, жудагтай түшмэдтэй бо­ло­хын
тулд бидэнд хам­гийн түрүүнд юу хэрэгтэй вэ. Шударга хүмүүсийг төрд гаргаж чадах
шудар­га сонгуулийг явуулдаг болох хэрэгтэй, тэр сон­гуулийг явуулах даацтай хууль
бидэнд шаард­ла­гатай. Харин тэр хуулийг энэ цагийн улстөрчид хэлэлцэн батлуулахаар
ид ярьж байгаа билээ. Ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жаг­саалтад багтсан
УИХ-ын сонгуулийн тухай хуульд чухам ямар өөрчлөлтийг оруулна гэмээнэ тэр нь Монголын
төрд шууд тус­га­лаа олох нь тодорхой.

Одоогийн
байдлаар тус хуулийн төслийг бо­ловсруулах ажлын хэс­гийнхэн хуралдаж ярил­цахаас
гадна намын бүл­гүүд нэлээд нухацтай ярил­цаж байгаа сэдэв бол сонгуулийн тухай
хууль юм. Сонгууль явуул­даг үндсэн гурван зарчим байдгийг манайхан ерөн­хийдөө
мэднэ. Мажори­тар буюу дийлэнх олон­хийн, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тэгээд
дээрх хоёр хувилбарын холимог гээд гурван тог­тол­цоо бий. Монголчууд 1992 онд Ар­дын
их хур­лын сонгуу­лийг мажори­тараар хий­чихээд Улсын Бага хур­лаа пропоциона­лиар
хийсэн байдаг. Харин нэг танхим болж УИХ-ыг бай­гуулсан ца­гаа­саа мажо­ритар тог­тол­цоогоор
явсаар ирс­нийг хэлүүлэх юун. Сон­гуулиас сон­гуу­льд үүнийг болохгүй байна гэж
ярь­саар бас сольсон юмгүй өнгөрсөн 2008 оны сон­гуулийг томс­госон мажо­ри­тараар
хийсэн нь бас л багагүй бэрхшээл авчир­сан юм. Ер нь төгс төгөл­дөр сонгуулийн систем
гэж үгүй. Өөр өөрийн сайн болоод сул талтай. Харин дэлхий нийтийн чиг хандлага ямар
байна, сонгуулийн тогтол­цоо­нуудын ялгаа, эдгээр нь манай хөрсөн дээр хэр­хэн бууж
болох тухай тайлбарлах гэж оролдъё.

МАЖОРИТАР

ТОМСГОСОН МАЖОРИТАР

Одоогоор
УИХ-ын сүү­­­лийн буюу өнгөрсөн 2008 оны сонгуулийг зо­хион байгуулсан томс­госон
мажоритар тогтол­цоог хамгийн муу хувил­бар гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа.
Тий­мээс ч намын бүлгүүдийн дийлэнх гишүүд “Томс­госон мажоритар л биш шүү” хэмээж
байгаа аж. Өөрөөр хэлбэл тэд сон­гуу­лийн цөөхөн хоногийн сурталчилгааны хуга­цаанд
дэд бүтэц хөг­жөө­гүй хөдөө орон нутгаар хөндлөн гулд явж, хөрөн­гө мөнгө тоймгүй
ихээр цацсан сүүлийн сонгуу­лиас үнэнээсээ хаширчээ. Бас хамгийн гол нь нам дотроо
нэг нэгийгээ “ал­даг” бохир сонгууль өрнөх магадлал хамгийн ихтэй нь томсгосон мажоритар
юм. “Моод Монголоор дуусдаг” гэдэг шиг дэл­хийн ихэнх орны тат­галз­сан тогтолцоогоор
бид өнгөрсөн сонгуулиа явуулсан. Гэхдээ Авст­рали зэрэг оронд ийм сонгуулийн тогтолцоо
байсаар байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Харин манайх шиг нутаг дэвсгэр том, хүн ам
цөөн оронд тохирох хувилбар уу гэдгийг бодох л хэрэгтэй байв.

Цаашид
энэ тогтол­цоогоор явна гэвэл сон­гуулийн кампанит ажлын цаг хугацааг өөрчлөхөөс
өөр аргагүй. Сонгууль албан ёсоор зарласны дараа нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж,
сонгогчид түүнийг танина гэж хэчнээн хүсэвч сон­гогчид нь тархай бутар­хай оршин
суудаг ма­найд тун бүтэл муутай билээ. 2008 оны сон­гуу­лиар нэр дэвшинэ гэдэг­тээ
итгэгсэд уг цаг хуга­цааны бо­ломж­гүй байд­лыг мэдэж бай­сан боло­хоороо сонгууль
зарла­хаас хэдэн сарын өмнөөс сумдаараа урьдчилан нэгэнтээ той­роод авсан удаатай.
Бас энэ сонгуу­лийн тогтол­цооны нэг муухай нь хүн гэдэг амьт­ны муу чанарыг дэндүү
тод мэдрүүлдэг гэмтэй. Зэрэгцэж суугаад намын­хаа бодлогыг нэг дуугаар ярина гээд
гар­сан улсууд хашаа той­роод л намын­хаа нөхдийг “хийж” өгнө дөө.  “Би үхэхээр чи үх” гэж байгаа учраас яах ч билээ
гэж зөвтгөмөөр ч юм шиг. Нэг тогоонд хоол идэж ирсэн улсууд нөгөөгийн­хөө алдаа,
сул талыг дайс­­ны намын хэн­бугайгаас ч илүү мэдэх учраас хавир­гаа хэмлэгс­дийг
үздэггүй монгол ахуйд бол ёстой тохи­рохгүй тогтолцоо гэж болох юм. Тэгээд ч өнгөр­сөн
сонгуулиар нэгдэж явж чадсан нөхөд өндөр амжилт үзүүлсэн билээ. Тухайлбал, Өвөрхангайд
нэр дэвшсэн З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт, Р.Ба­дам­дамдин нар цугтаа явж чадсан
тул гурав нь, Увсад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­дорж нар, Сонгино­хайр­ха­ны
дөрвөн бэрхийн хоёр нь болох Н.Алтан­хуяг, Д.Кёкүшюүзан Бат­баяр нар сонгогдсон
гээд жи­шээг дурдаж болно.

Тэ­гээд
ч дэлхийн чиг ханд­лага тэр чигтээ мажо­ри­тараас пропорциональ руу шилжиж байгаа
бө­гөөд томсгосон мажори­тарыг хамгийн муу хувил­бар гэх юм билээ. Гэхдээ Сонгуулийн
тухай хуульд өөрчлөлт оруулах одоо­гийн гишүүдийн ихэнх нь үүнээс татгалзаж байгаа
нь сайн хэрэг. Үүнийг дэлхийд гарын таван ху­руунд багтах орон хэрэг­лэдэг гэж байгаа.
Ихэнх нь орон нутгийн сон­гуульд хэрэглэдэг. Ма­найд үүнийг бодлого, дэс дараалал­гүй
явдаг хэм маягаараа сонго­чих­сон гэдэг билээ. Сонгуу­лийн тухай хуу­лийг бат­лахдаа
сонгуу­лийн тог­толцоогоо тог­тоогүй байж дагалдах заалтуудаа түрүүлээд баталчихсан.
Гэтэл эр­гээд пропор­цио­наль бол­но гэхэд нөгөөх нь зөрөөд байжээ. Тэ­гэхэд нь
Ж.Наран­цац­ралт гишүүн “Хэрэв одоо­гийн тойргоо жижиг гээд байгаа юм бол томсго­соноор
нь явъя” гэсэн санал гаргаснаар нэг иймэр­хүү тогтолцоо­гоор сонгуулиа хийх бол­сон
юм.

НЭГ МАНДАТТАЙ МАЖОРИТАР

Мажоритар тогтол­цоо­гоор явж ирсэн он жилүүдэд монголчууд өнөө­гийн
шүүмжилж яриад байгаа муу зур­шилдаа дасал болсон. Нэг л гишүүдээс юм нэх­дэг улсууд
болж хувир­сан. Хүүхдийн сургалтын төлбөр, мотоцикль авах мөнгө ч гэж байх шиг.
Хоолны гурил, чанах ууц, шатсан амбаарынх нь оронд гэр, урсгасан гэрийнх нь оронд
майхан гээд л осолдохгүй оронд нь эхнэртэй нь орохгүй юм даа. Сонгогчдыг бо­ловсруулах
тухай яриаг ийм тогтолцоотой байж яриад ч хэрэггүй. Хал­дашгүй дархан эрхтэй болохын
тулд зарлагад­сан их мөнгө төгрөгөө, бас дөрвөн жилийн турш гувшуулах зардлаа олж
авахын тулд гишүүд хууль баталж, төр түшилцэхээс өөр зүйлд толгойгоо за­ра­хаас
ч аргагүй болно. Толгойгоо хэрхэн сийрэг­хэн гашилгадаг болсны тод жишээ нь тэрбум
төг­рө­гийн хэрэг. Анхандаа 500 мянган төгрөгөөр сумын клубт хөгжим авч өгөхөөс
эхэлж байсан арга нь жилээс жилд нэ­мэгдсээр сүүлдээ төсвийн тухай хуульд тэрбум
төг­рөгийг тараан шингээж дөрөв дэх засагла­лынх­ны амыг таглах болтлоо хөгжлөө.
Үнэндээ сон­гогч­дын мөнгийг нэг гараараа аваад нөгөө гараараа буцаан өгдөг энэ
хэв маяг руу оруу­лахад гайхал мажоритар тогтолцоо нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ
тогтол­цоогоороо үлдэхийг хэн хүсч, хэн хүсэхгүй байгаа вэ. Уламжлалт сонгуу­лийн
хэлбэрт дасан зохицож ирсэн, тойрогтоо тулж ажиллаж, тордож, хөрөнгө мөнгөө гаргаж
ирсэн гишүүд хуучин хэл­бэрээрээ явахыг хүсч бай­гаа. Тэдний хувьд голдуу хөрөнгө
мөнгө ихтэй биз­несийнхэн, бас намдаа нэр нөлөөгөөрөө дээ­гүүрт орж чадахгүй залуу
гишүүд голдуу байгаа юм. Томсгосон биш, жижиг мажоритараар явбал хэ­дийг зарцуулаад
дахиад дөрвөн жил суух вэ гэдгээ хэдийнээ тооцоолчихсон нөхөд байхыг ч үгүйс­гэхгүй.
Гэхдээ энэ тог­толцоонд сайн тал бас бий. Учир нь тойрогтой байна гэдэг нь тулж
ажил­лаж, сонгогч олны амьд­ралыг мэдэж мэдрэх, хууль тогтоомжиндоо тусгаж нэг талаас
гүүр болдог сайн талтай.

ПРОПОРЦИОНАЛЬ

Сонгуулийн тухай хуу­линд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн ерөн­хийдөө
энэ тогтолцоогоор явна гэж санал нэгд­сэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүдийн нэг
болох Су.Бат­болд ярилц­лага­даа дурдсан байсан. Дэлхийн чиг хандлага ма­жо­ритараас
пропор­цио­наль руу явж байгаа гэдэг юм билээ. Гэхдээ шууд пропорциональ болох уу
үгүй юу гэдэг бас л бодох асуудал. Пропорциональ болбол УИХ-ын гишүүд маань тойргийнхоо
хү­мүү­сийн “шаналгаа”-наас салах хэдий ч төр түших ажлынхаа хэм­жүүрийг тойрогтоо
хэдэн төгрөг татдагаар хэмждэг зарим гишүүдийн ойл­голтоор бол бүр өөрс­дийгөө зоргоор
тавьчих аюултай юм. Гэхдээ энэ тогтолцоогоор ард түмэн элчээ томилоод хэвшвэл түшээд
маань ч хууль боловсруулах үндсэн үүр­гээ гүйцэтгэх ажлаас холдуулж чаддаг болно.
Тэгэхгүй бол түшээд Зас­гийн газрын өмнөөс л ажиллаж, өвсийг нь хадаж, ноосыг нь
самнаж өгөх гээд гүйгээд байна. Харин цаана нь бод­ло­гын түвшинд хэрэгжиж буй ажил
гэж алга.

Пропорциональ тог­толцоо бол аль намаар төр бариулахаа сонгог­чид
шийдэж, тэр хувь хэм­жээгээр төлөөлөл нь пар­ламентад суудаг ар­гач­лалтай. Ерөнхийдөө
аль нэг намын төлөөлөл хэт олноор парламентад суух боломжгүй тогтол­цоо. Өмнө нь
Сэлэнгэд нэр дэвшсэн  Э.Бат-Үүл, С.Насанжаргал
нарын саналын зөрүү долоо, Баянзүрх дүүрэгт нэр дэвш­сэн Т.Ганди, Х.Ху­лан нарын
саналын зөрүү дөрөв байсан. Гэлээ гээд хэдхэн сана­лын зөрүүгээр ялсан нам парламентад
суудал авч, харин ялах “хоншооргүй” нэр дэвшигчдэд дугуйл­сан иргэдийн санал эл­сэнд
асгасан ус мэт болдог байсан. Харин пропорционалийн хувьд цөөхөн гэлтгүй саналыг
нь хувилаад гаргаад ир­дэг учраас сонгогчийн нэг санал ч ганцдахгүйгээр төлөөллөө
парламентад суулгах боломжтой бол­но. АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгээс өнгөрсөн
УИХ-ын сон­гууль пропорционалиар явсан бол хэрхэх байсан талаар судалгаа хийжээ.
Үүнийг намуудын авсан саналын тоогоор хувилж гаргахад ИЗН дөрвөн суудал, Иргэний
эвсэл дөрөв, АН 30, МАХН 33 бас бие даагчид 4-5 суу­далтай байх байсан гэж байгаа.
Харин мажорита­раар МАХН 46, АН 27, ИЗН нэг, ИХ эвслийн Ногоон нам нэг, бие даагч
нэг байгаа шүү дээ.

Энэ тогтолцоо нэг намд дангаар эрх мэд­лийг өгдөггүй. “Та нар
цөөнх болоход хүрэхгүй. Манай бүлэгт орвол ор” гээд дээрэлхдэг байдал байхгүй болно.
Дангаар засаг байгуулах биш эвсэх магадлал нь өндөр болдог. Бас шальдир бульдар
жижиг намууд азаар нэг гишүүнтэй бол­чихоод Засагт ороод улс төр хийгээд байдаг
нь ч алга болдог. Хуу­линдаа босго хувь тог­тоогоод өгчихдөг нь энэ сөрөг талыг
алга хийдэг ажээ. Гэхдээ дэлхийн улс орнуудад уг хувийг өөр өөрийнхөөрөө тавьдаг.
Дэлхийн дундаж нь 2.5 хувь юм билээ. Хэрэв та­най нам сонгогчдынхоо 2.5 хувийн саналыг
авч чадаагүй бол дуу хоо­лойгоо өргөх эрх бий болоогүй байна гэсэн үг гэж ойлгож
болох нь. Зарим оронд энэ босго нь таван хувь байх бол заримд нь нэгээс хоёр хувьтай
нь ч байна. Гэхдээ ганц хувь 600 гишүүнтэй нүсэр бүтэцтэй орнуудад л байдаг жишээтэй.
Ма­найх энэ босгоо хэд гэж тогтоохоос олон зүйл шалт­гаална. Энэ босго нь жижиг
намуудын бүрэл­дэн тогтох, төлөвшихөд их чухал юм билээ.

Хэдийгээр УИХ-д бай­гаа зарим гишүүн про­пор­циональ тогтолцоо
л хэрэгтэй, үүгээр явна гэж байгаа ч тэнд сууж байгаа хүмүүсийн эрх ашгийн зөрчил,
жалга довны сонирхол дээр тоглох хүсэл нь шууд про­пор­циональ болгочихгүй л харагдаад
байгаа юм.

Нөгөө талаас пропор­ционалиар явбал улс тө­рийн намуудаас гаргасан
жагсаалтад хамгийн өн­дөр оноотой бичигдсэн улстөрчид намынхаа авсан суудлын тоогоор
улаан шугамд багтах бо­ломжтой болно. Ингэхээр улс төрийн намын дарга нарт асар
их эрх мэдэл ирнэ, дагаад тойрон хүрээ­лэгчдийн наль шаль зан ихэсч таарна. Ма­найх
шиг на­мууд нь бүрэн төлөв­шөө­гүй оронд шууд пропор­ционалиар явж чадна гэхэд бас
л асуу­далтай. Намын даргыг тойрон эргэлдэгч, нэрээ жаг­саалтад дээгүүр тавиу­лахыг
хүсэгч нарын хор ч гүйнэ шүү дээ.

Гэхдээ төрд насаараа зүтгэсэн тулхтай, турш­лагатай улстөрч хэн
нэгэн мөнгөөр бороо оруу­лаг­чид гутамшигтайгаар ялагд­даг тэр байдлыг халахад энэ
тогтолцоо яах аргагүй чухал.

2004 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвш­сэн Ө.Энхтүвшин биш
Б.Эр­дэ­нэбат, Л.Гүн­да­лай, О.Энхсайхан, М.Энх­сайхан нар сонгогдож байлаа. М.Энхсайханыг
танигдсан улстөрч гэхэд нөгөө гурав нь Ө.Энх­түвшинтэй харьцуулахад улстөрчийн карьерийн
дэргэд хэн ч биш байв. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд нь Ө.Энх­түвшин Зас­гийн газрын
хэрэг эрхлэх газрын дар­гаар ажиллаж байсан боло­хоор тойргийнхон­тойгоо нөгөө хэд
шигээ тулж ажиллаагүй байсан биз. Ямар ч байсан тухайн үед учир мэдэх хүн “Манай
энэ тогтолцоо ийм л гажиг байгаа юм. Хөвс­гөл­чүү­дэд хийсэн аж­лаа­раа бол Ө.Энхтүвшин
ха­маа­гүй илүү юм хийсэн байгаа ш дээ. Төрийн төлөө хийсэн нь их ч гурил будаа
барьж гүй­гээгүй болохоор уна­чих­лаа” гэж байсан би­лээ. Мажоритар, пропор­цио­налийн
ялгаа нь үүн­дээ. Мөн өнгөрсөн 2004-2008 оны бүрэн эр­хийн хугацаанд АН-ын ганц
эмэгтэй гишүүн Б.Мөнх­туяа бүлгийнхээ дэд дарга, Аюулгүй бай­дал, гадаад бодлогын
байн­гын хорооны даргын ал­быг хүртэл хашиж, эр­чүүдийн хуйвалдаад аваад хаячихсан
эмэг­тэйчүүдийн 30 квотын төлөө гүрийтлээ зүтгэж байсан. Харин төмөр замынхаа тэр
тойрогт бага ажилласан байж болох юм. Гэтэл түүнийг юу ч хийгээгүй, тойрог сольсон
гэсэн сөрөг сур­талчилгаа явуулсаар бай­­гаад унагачихсан билээ. Тиймээс төрийн
сайн түшээ гэсэн ойл­голтыг тойргийн сайн үйлч­­лэгч гэдгээс ялгаж өгдгөөрөө энэ
тогтол­цоо­ны сайн тал нь.

Гэхдээ намын жаг­саал­­тад чухам ямар шал­гуураар бичихээ сонгуу­лийн
тухай хуулиндаа маш нарийн суулгаад өгчихвөл дагалдах сөрөг тал нь багасна.

ХОЛИМОГ ХУВИЛБАР

Энэ бол ерөөсөө дээрх хоёрыг аль алийг нь нийлүүлсэн холимог хуурга.
Дэлхийн жишигт мажоритараас шууд пропорциональ болох биш зам зууртаа холимог тогтолцоог
авч хэрэглэдэг юм билээ. Ерөнхийдөө улс төрийн намууд нь төлөвшөөгүй, бас жалга
довны үзэл ихтэй манайх шиг улсад ерөнхийдөө тохирсон тогтолцоо гэж болохоор. Энэ
хувил­ба­рыг ярихдаа одоогийн гишүүд дараагийн дөр­вөн жилдээ өөрсдөдөө зөөлөн суудал
бэлтгэхээр 152 суудал энэ тэр гэж байгаа нь утгагүй. Үнэн­дээ 152 тэрбум нийлэ­хээр
хэдэн сая ч болох юм, хэлж ч мэдэхгүй тоо гарах гээд байна. Харин 76 гишүү­нээ
38-ыг нь пропор­циаоналиар, 38-ыг нь мажо­ри­тараар сон­гож болно. Нөгөө бол
26:50 гэсэн харьцаатай ч байж болно. Үнэхээр тойргоо тордоод гүйгээд байдаг нь хууч­наараа,
төрийн төлөө нэгэн на­саар чинхүү сэт­гэлээр зүтгэж ирснүүд нь на­мынхаа жагсаалтаар
гараад ирэх боломжтой болно. Ингэснээр хэний ч эрх ашгийг хөндөхгүй, бас ч боломжийн
баг бүрдэх боломжийг өгнө. Герман бол холимог тогтол­цоо­ны загва­раа­раа алдар­тай.
Германы сонгуулийн тогтолцоог холимог тог­толцооны сонгодог заг­вар ч гэх нь бий.
Өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулиар Христосын ардчилсан холбоо, Чө­лөөт ардчил­сан
намууд эвсч Засгийн газраа байгуулсан. Тэд­ний аль нь ч дийлэнх олонхи бол­сон санал
авч чадаагүй ч арай олон санал авснаа­раа нэгдэж чадсан нь энэ. Харин тэднээс цөөн
санал авсан намууд нь нийлж цөөн­хийн үүргээ гүйцэтгэх бол­сон. Өмнө нь эвсч Засгийн
газарт багтан Ангела Мер­келийг Германы анх­ны эмэгтэй канцлераар томилж байсан
Социал демократ нам өнгөрсөн сонгуулиар мултарч, цөөн­хийн үүрэг гүй­цэт­гэхээр
шилж­сэн билээ.  Холимогийн сөрөг тал нь гэвэл
нэг хэсэг нь ман­датаар гарсан нөгөө хэд нь рейтингээрээ гар­сан учраас мажори­та­раар
сонгогдсон хэд нь “Би чамайг бодвол ард түмний мандаттай хүн шүү” гэж томордог гэж
байгаа. Бас тойроггүй хэд нь өмнөхтэй харьцуу­лахад хүлээх үүрэггүй болчихоод хийсээд
байх сөрөг тал ч бий. Гэхдээ чанар чансаатай хуулиар хийдүүлэх явдлыг хааж болно
шүү дээ. Сон­гуу­лийн тогтолцоонууд нэг иймэрхүү ялгаатай ажээ. Монгол хөрсөнд буухаа­раа
бас л өөрийн сайн, муу талаа дагуулсаар л ирэх билээ.

 

Э.ЭНЭРЭЛ