Categories
редакцийн-нийтлэл

Үндэсний их наадамд эмэгтэйчүүдээ зодоглуулъя

Дэлхийн эн дээр ганц­хан Монголд дэнж хо­тойл­госон наадам эхэл­лээ гэж телевиз радио­гоор уянгалуулан ярих цаг ойртлоо. Сэтгэл хөв­сөлзүүлээд бас ч сайхан шүү. Тэгээд гурван үг хэ­лээд л эрийн гурван наа­дам гээд яриад эхэлнэ дээ. Байз, байз. Юун эрийн гурван наадам би­лээ. Бөх, сур, морь. Сур харваанд эмэгтэйчүүд сүү­лийн товхыг тав хий­тэл харваж түрүүлээд л, уяач хүүхнүүд ч олширсон цаг. Бас уралдаанч хүүх­дүү­дээс охид илүү ха­риуц­лагатай, тэвчээртэй. Энэ гурван төрлийг 100 хувь гэж үзвэл 66 хувьд нь эмэгтэйчүүд оролцдог, үлдэх хувьд нь дан эр­чүүдийн оролцоотой тэм­цэлддэг байхад юунд эрийн гурван наадам гэж онцолдог билээ. Энд чинь нөгөө Үндсэн хуулинд байдаг тэгш байдал, жен­дерийн асуудал зөрчил­дөж байна. Тэгээд ч гур­ван наадмын хоёрт нь эмэгтэй хүн хүч үздэг бай­хад эрийн гурван наадам гэж нэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Хэн ч үнэм­шимгүй ийм нэрш­лийг цаашид халах нь зүйтэй юм аа. Зөвхөн Үндэсний их баяр наа­дам гэдгээрээ явна биз. Манжийн үеэс уламжлаг­даж ирсэн бү­дүүлэг ёсыг халж, даяар­шин буй энэ нийгэмтэйгээ хөл алхан явах нь ч зөв хэрэг болох буй.

Тэгээд ч өнөөдөр дэл­хийн их спортоос эмэгтэй хүн өрсөлддөггүй спор­тыг нэрлэ гэвэл бараг байхгүй дээ. Буудлага, морин спорт, чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийг өр­гөлт, бүр боксоор хүртэл хүүх­нүүд зодолдож бай­на. Харин манай үндэс­ний бөх, Японы сумо, Узбе­кийн кураш, америк хөл­бөмбөг гэх мэт үндэс­ний гэгддэг спортод л энэ ялгаварлалыг хатуу барь­саар иржээ. Ер нь бүсгүй­чүүд хүн биш юм уу. Наад­мын торгон ногоон дэв­жээн дээр эмэгтэй хүн гарахад бөхчүүд дургүй байдаг гээд бүсгүй зураг­лаач, зурагчин нарыг ойр­туулахгүй санаатай цаг­даа нар хажиглана. Мо­ри­ны уяа руу эмэгтэй хүн дөхүүлэлгүй, уул овоон дээр гаргахгүй гээд уламж­лал, наадам тэр чигээрээ шашинжжээ. Ша­шин шүт­­лэ­гийн эрх хэн хүнд нээлттэй боловч ша­шинжсан наадам олон эмэгтэйн эрхийг хаад­­гийг хэн ч дурдаж бай­сангүй. Ер нь Монго­лыг хяналт дарлалдаа үүрд байлгах гэсэн манж үн­дэст­ний няхуур бодло­гын дүнд бүхий л ахуй амьд­ралд маань шашны үр суулга­сан нь монгол наа­дамд ийн шингэжээ. Бас манай мал аж ахуйн дэг тэр чигээ­­рээ шашинжилт. Буянт малаа муулахдаа ч өөр арга барилаар муул­на гэдэг. Бид малаа биш өөрийгөө бодвол малыг буудаж махаа бэлдэж авах ёстой ч байж мэднэ. Манайхан сүрэг дундаас нь тоос манаруулан гүйж бариад, хүзүүгээр нь оосорлож авчраад л, гэ­рийн хаяандаа уяж бай­гаад л дээш нь харуулан өрцийг нь нээгээд гээд их л “энэрэнгүй” аллага үйлд­дэг нь өөрөө өөрий­гөө хордуулах алхам болдог. Хонь мал амьд л амьтан болохоор айдсын адре­налин хэмээх даавар ялгаруулдаг нь амь тэвчих хугацаанд  бүхий л биеэр нь тархаж орхидог. Харин дараа нь тэр махаа бүхэл бүхлээр нь чанаж иддэг монголчууд хамгийн хор­той бодис, муу мэдээлэл агуулсан хүнсээр биеэ бохирдуулж эхэлдэг би­лээ. Гэтэл баруунд мах бэлтгэхдээ малыг буудаж, эсвэл сонгодог хөгжмийн аянд маршлуулж бойны газар оруулж ирмэгц цахилгаан гүйдлээр цо­хиулан махаа бэлддэг болсон байна. Энэ нь буянт малаасаа илүү төрсөн биеэ хайр­лаж байгаа хэлбэр юм л даа. Шашинжилт бол ингэж л бидэнд нэвчиж, хордуулж байна. Одоо эмэгтэйчүүд эрийн гурван наадмаас бөхөөс бус­даар нь үзэж тарж байна. Харин үн­дэсний бөхөд нь тэднийг хавьтуулах ч үгүй юм.

Үндэсний бөхөөр эмэг­тэйчүүдийг барил­дуулдаг болцгооё. Зүлэг ногоон дэвжээн дээр нэг талд нь өсвөрийн бөхчүүд нөгөөхөнтэй нь эрчүүд, энүүхэнтэй нь эмэг­тэй­чүүд барилдаж байхад юу нь болохгүй билээ. Тэгээд ч бидэнд эмэгтэй хүн ба­рилдаж байсан түүх уламж­лал бий. Зодгоо хуучны адил битүү урла­чихаад л бүсгүйчүүдээ барилдуулахад болохгүй нь юу байна аа. Ер нь эмэгтэйчүүдийг бүгдээс дорд үздэг үзэл бага дорой үндэстэн ястанд их тод анзаарагддаг. Тунд­рын эксимосчууд, арлын малайчууд, тэгээд манайд байх шив дээ. Урьд хил хязгаараа манаж харуул зангиар захлан сууж бай­гаа гэр бүлийн хүмүүс ижил тэгш эрхтэй байс­ныг одоо хүмүүс онцол­дог. Тэднийг эр эм гэлгүй хил хязгаараа манадаг үүрэгтэй учраас хүйсээр ялгадаггүй байсан гэдэг билээ. Ер нь хүйсээр ял­гаж унагаж доройтуулах арга бол ард олныг хү­чээр эрхэндээ байлгах гэсэн сонгомол арга болж шигшигдэн иржээ. Эмэг­тэйчүүдийг үнэгүйдүүлэн хатавчинд суулгаж эхэл­сэн нь монгол үндэстнийг доройтон  буурах үетэй холбоотой. Мөн Афганис­танд ч гэсэн эм хүнийг нийтийн тээвэрт сууж ява­хыг хориглон, цагаан оймс өмсөх эрхгүй болгож байсан нь ч Талибаны засаглалын үед л өр­нөсөн. Тэгэхээр ардчил­сан Монгол Улс эмэгтэй хүн оролцдог наадмаа эрийн наадам хэмээн нэ­рийдэхээ байж, тэр ч бай­тугай зүлэг ногоон дэв­жээнээ бүсгүй хүн зодог­лохыг зөвшөөрөх цаг бол­жээ.

Бас шандаст сай­хан хүлгийнхээ хурдла­хыг харж, баясах гэж ир­дэг наадамчин олондоо хамгийн сайхан давхих тэр үеийг нь бус эцэж ядраад шогшоондоо ор­сон давхилыг нь харах боломж олгодог хурдан морины уралдаандаа ч өөрчлөлт оруулах цаг болж. Бид ердөө 30 км уралдаад эцсэн тэр үеийг нь л самсаагаа шархи­руулан харж зогсдог. Ба­раг нийт уралдсан за­мынх нь есний нэгийг гэсэн үг шүү дээ. Нэгэнт наадам хурсан олныг цэнгэн баясуулдаг боло­хоор наадамчин олноо баясгах боломжийг улам бүр хайх хэрэгтэй. Магад үүнийг уншсан олон хүн бухимдаж, сониноо ба­зан хаяж, бичигч намайг баалах биз. Гэхдээ дэл­хийн түүхэнд эмэгтэй хүн сонгуульд оролцох, сон­гог­дох эрхтэй болохын тулд олон жилийн тэмцэл өрнүүлж байсан ч шинэ зуунд эмэгтэйчүүд улс төрийг тодорхойлж эх­лээд байна. Скандина­вын орнууд, Германыг хар л даа. Өчигдөр л гэхэд Австралид эмэгтэй хүн Ерөн­хий сайд болсон бай­на даг. Хоёр гуравхан хоногийн дараа Монголд ирэх гэж байгаа Энэтхэ­гийн нэг танхимынх нь дарга бүсгүй хүн. Эдний Ерөнхийлөгч нь ч сайхан хатагтай бий. Аугаа их шашинжсан Энэтхэгийн шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

МАНАЙ ХУУЛЬ МАНИУСДАА ГОЛОГДООД БАЙХ ШИГ ЭЭ

Ерэн таван настай эмгэн 15 жилийн хорих ял авсан. Элдэв магадлан, найраа май­раа байх  биш, ялаа гүй­цээ­гээд гарахдаа  тэрбээр 110 настай байх болно. Гэвч энэ эмээ ялаа гүйцэд  эдэлж чадах болов уу. Хэр­вээ ирэх өвөл хори­хын байранд нь осгоод үхчих­вэл яах бол гэх зэрэг олон асуудал байна.

Бодвол   эмгэний  15 жилийг нь гүйцээлгүй авч явах гэсэн  эрлэгийн элч нар сайнаа үзэхгүй байл­гүй дээ. Манай шүүхий­хэн  нэгэнт   шийдчихсэн хойно ял завшуулахгүй гэдгээ  мэдэхтэйгээ бай­гаа биз. Монголын болд мэт хатуу,  дээр нь бүхий л төрлийн хууль номд нэв­тэрчихсэн шүүгч эрх­мүүд  энэ орчлонд хэнийг ч тэгж давраахгүй. Гэвч энд нэг юм байна. Хэдий­гээр ма­най шүүхийнхэн хичнээн хуулийн дагуу гэж зүт­гэсэн ч орчлон­гийн жам  тэдний үгээр явахгүй нь харамсалтай. Жам ёс манай хэдэн шүүгчидтэй шүүгчидгүй  авахыгаа авч, өгөхийгөө өгөн өчүүхэн ч тасалдал үл гарган эр­гэлдэнэ гэдгийг бид бүг­дээрээ мэдэж байгаа. Тэгээд хүний шүүхээс хэдийнээ холдон жам ёсны шүүхийн босгонд тулж очоод байгаа тэр хөгшинд 15 жилийн ял өгч байгаа нь хэн нэгнийг тохуурхаж байгаа то­хуур­­хал уу. Аль эсвэл ма­най шүүгчид ийм хөлдүү өчүүхэн ч сэтгэлийн хөдөлгөөнгүй  хуулийн “зомби” болчихсон юм уу. Эрхэм шүүгчид маань энэ эмгэнийг хэд насална гэж ял өгөөд байгаа юм бол.

 Ер нь тэгээд хаван нь тулчихсан, даралт нь хоёр зуу гарчихсан энэ хөгшин ямар хэрэг тарьчихсан хэрэг вэ. Тэжээмэл хүүгээ чаатаар захиалга өгч  хүмүүсээр алуулчихсан гэж байгаа. “Хашраа­гаад өг” гэж гуйсан ч цаад хэд нь хэтрүүлчихсэн  хэмээн өчдөг. Тэгээд одоо за­хиалгаар хүн алуулсан хэрэгт унасан. Манай шүүх ч ийм л филосо­фиор шүүгээд байгаа.

Нийгэмд чавганцыг шийтгэж харагдуулахгүй бол хүн болгон захиалга өгч, хэдэн халтар төгрө­гийн төлөө төрсөн эхээ ч нухчихаж чадах зэрлэгш­сэн залуучууд сүйд хийнэ гэж үзээ биз. Тэгвэл энэ хэрэг яг жинхэнэдээ юу болсон юм  бол.  Монгол­чуудын амьдралд ийм юм тохиолддог уу хэмээн жаа­хан л бодоход амьд­ралд хаа сайгүй байдаг зүйл л болоод өнгөрсөн биз хэмээн төсөөлөгдөж байна.

Хөгшний өвгөн нэг “золбин  юм”-ыг тэжээжээ. Өвгөнийг амьд байхад ч яахав бүх зүйл хэвийн л байж таарна. Өвгөний үгнээс гарахгүй, түлээг нь хөрөөдөж хагалаад л, усанд гүйгээд л. Өвгөн ч “төөрч төрсөн хүү минь” гэж хөөргөөд л. Харин өвгөн нь өнхрөөд өгсөн хойно л бүх юм номондоо орж эхэлсэн биз ээ. Нөгөө муу тэжээмэл нь архи­даад л тэнээд  арилаа  биз.

 Тэр чигтээ арилахгүй  ээ бас эргэн ирж   архины мөнгө нэхэж эмгэнийг  тамлахаа мэдэлгүй яахав.  Эмгэн ч бас зүгээр байх­гүй, мэргэлж түрэглээд хөөрхөн бизнес хийдэг нөгөө архичин шаарыг бодвол л мөнгө төгрөгтэй. Тийм болохоор түүнээс салахгүй эргэлддэг бай­гаа  л даа.

Сүүлдээ архинд дон­тоод эмгэнийг дээрэлхэх нь бүүр хэтрээд ирсэн л дээ, мэдээж. Тэгээд яваан­даа энэ тэнэгийн гарт үхэх нь гэж эмгэн мэдээ биз. Тэр тэнэг нь ч өдийд амьд байсан бол бараг алчих­сан  ч байж мэднэ.  Ийм л юм болоод  өдөр бүр залуу хүүгийн гарын шүүс болоод эхэлбэл амьд хүн байна даа, амьд мэнд дээрээ салахын түүс болдог юм байгаа биз дээ. Тэгээд л хэдэн хүүх­дийг гуйж байгаад эцээ­хэн шиг хашраагаад өгөө­рэй хэмээн захиа биз. Зүгээр ч үгүй эхлээд хөлсөөр хүн зодуулна гэж захиалга өгсөн гэдгийн. Өнгөцхөн  харахад яалт ч үгүй гэмт хэрэг үйлдсэн байна.

Үүнд таарсан шийтгэл ч бэлэн бичээтэй байгаа биз. Гэхдээ л ер гарчих­сан  чавганцад  хорь шахуу жилийн шийтгэл оноож суугаа шүүгчийг харахад нэг л ердийн биш юм шиг санагдаад байх юм. Хоёр жил болох­гүй шахуу настай шүү дээ гэж бодогддоггүй юм байх даа. 

Хууль ер нь амьдралд нийцэж байх ёстой юу. Аль эсвэл амьдрал нь хуулиндаа нийцэж байх ёстой юу. Хууль зохио­мол байх ёстой болов уу, амьдралаас ургуулж түүнийг бичих ёстой юм болов уу.

 Бас нэг жишээ байна. Нэг сартай нялх хүүхэд­тэй  хүүхнийг гурван жил гаруй хугацаагаар  хори­хоор бол­жээ.  Тэр ч уул нь хулгайч л хүүхэн юм билээ л дээ. Хулгай хий­гээд улаан гардуулсан. Мөн урьд өмнө нь хул­гайн хэргээр шийтгэгдэж байсан.  Нэг ёсондоо дав­тан хэрэгтэй шорон­гийнх­­ны хэлээр “на­хиур” хул­гайч юм билээ.

Ийм хүнийг шийтгэхэд мэдээж хуулийн заалт бэлэн байгаа. Эрүүгийн хуулийн төдийн төдөөр гурван жилээр хорьж ший­тгэсүгэй. Мэдээж хүүхдийг нь асран хам­гаалах хүнтэй бол түүнд нь өгөх. Тийм хүн байхгүй бол улсын асрамжинд өгөхөөр хууль ном бэ­лээхэн байж л байгаа.

Гэхдээ л хүн гэдэг амьт­­ныхаа хувьд нэг сар­тай нялх хүүхдийг харан­га­дуулаад эхийг нь шо­ронд ачих бас л ердийн биш болоод явчихаж бай­гаа биз. Энэ бүхнийг яг хуулийн дагуу л гүйцэтгэж байгаа. Хуульд  юу гэж заасан байна түүгээр шүүгчид шийдвэр гаргаж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.

Дахиад  хууль ер нь ямар байх ёстой юм бол гэсэн бодол өөрийн эрх­гүй төрнө. Манай хууль  бидний амьдралыг нэг л муухай харгис болгоод байх шиг санагдаад байх юм. Бид  хуулийнхаа үзэл баримтлалыг өөрчлөх хэ­рэг­тэй болсон бололтой. 

Бидний мөрддөг эх газрын хуулиас  англи саксоны хууль хамаагүй энэрэнгүй байдаг. Энэ хуулийг хар үгээр хэлэхэд  тухайн гарсан хэрэгтэй адил хэргийг  урьд өмнө нь яаж шийтгэж байсан байна. Тэр  жишгээр л шийдвэр гаргачихдаг гэ­сэн. Энэ бол арай л хүнлэг шийдвэр гаргахад бо­ломж олгодог. Шүүгч ту­хайн хэрэг дээр чөлөө­тэй сэтгэж, зөвтгөх бу­руут­гах гарцуудыг олж харахад ч амар байдаг болов уу.

Монголчуудын язгуу­рын зан чанар бол шу­дар­га шулууныг эрхэмлэ­дэг. Дээр нь хүнлэг байхыг шударгаас илүү үздэг ард түмэн. Төр засаг нийгэмд хэдий чинээ шударга хандана хүмүүс  төдий чинээ л шударга шулуун болж байдаг.

Төр засаг цаазаар авах ялыг түдгэлзүүлэхэд хувь хүмүүсийн сэтгэлийн мухарт байдаг төрөөс айх айдас байхгүй болж чөлөөтэй амьдарч эхлэх шиг болдог. Юунд ч юм зориг ороод амьдрах урам сэргээд ирдэг юм билээ. Гэхдээ ингэлээ гээд хэн нэгэнд хонзон санаж байгаа хүнтэй би л лав тааралдаагүй байна. 

Явж явж цаазын ялыг байлгах гээд улайраад байгаа хэсэг бүлэг хүмүүс
төрийн хүн айлгах зэвсэг нь алга болчихлоо
хэмээн харууссандаа л тэгж бай­гаа хэрэг юм. Төр
айлгаж биш хүндлүүлж  удирддаг болох хэрэгтэй юм даа. Манай хууль маниусдаа
гологдоод байгааг та ан­заарч байна уу.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтраад диваажин байгуулах яалаа?

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэд анх хамтрах­даа ди­ваа­жин байгуулна хэмээн амлаж байсан. Страте­гийн орд газруу­дыг ашиг­лал­тад оруул­на, хоёр сая та­ван зуун мянган төгрөг ол­го­но гэх зэргээр тэдний ам­ласан хэлсэн зүйлс маш их.

Гэвч хийсэн бүтээсэн
гэхээр зүйл энэ ажиллаж ирсэн
хугацаанд бараг байхгүй байна.
Ганц Оюу толгойн гэрээг баталж ажилд нь оруулснаас өөр зүйл
харагдахгүй аж. Харин МАХН
долдугаар сарын 1-ний хариуцла­гаас  л мултарч
гарч байх шив дээ. Одоо цаашид юм хийх  хугацаа
маш бага үлджээ. Сайндаа жил
зур­гаан сар байна. Сонгуу­лийн өмнөх хагас жилийг юун ажил хийх. Энэ
хоёр нам хоорондоо дайтахгүй
өнгөрүүлж чадвал их юм.

Нөгөө Таван толгой яасан. Хачин  сайхан юм хийнэ л  гэсэн. Страте­гийн хориод орд ашиг­лалтад оруулах яалаа.   Ер нь   яана,  яана ч гэлээ. Хамтарвал бид юүг ч хийж чадна, ард түмнийг хөл хөсөр гар амар жаргаана гээд л байв даа. Тэгвэл одоо юун жаргах хамаг тамыг нийлүүлсэн  шиг л амьдрах юм. Хэдэн цаас маань ханш нь улам унаад л. Хүмүүс улам л бухимдаад л Засгаас л юм нэхсэн, жигтэйхэн эрх хүмүүс л хөлхөлдөөд байх юм. Засаг ч гэж нуруугаа авчихсан морь шиг л хотолзож байх. Юун мөнгө, яасан мөнгө үүнээс хойш ажил хий­гээгүй байж мөнгө ав­дгийг зогсооно гээд л түс тас шийдвэр гаргачихвал цааш цаашдаа ч хэрэгтэй баймаар.  Дараагийн сонгууль эхлэх гэж байна. Юу бодож суудаг Засгийн газар, УИХ юм бол. Яваад л байна, яваад л байна дуусдаггүй ээ,  энэ  Мэнэн­гийн тал гэдэг шиг өдөр  хоног урссаар л байна, цаг хугацаа яваад л бай­на. Гараас нь юм гардаг­гүй ээ, энэ Засгийн газ­рын. Нөгөө л Оюу толгой­гоо   яриад байх юм. Тэгээд зуны хэдэн сар  амарна.  Айлчлал энэ тэр хийнэ.  Ингээд хэдий хугацаа үлдэхэв.

Хорин жил хэрэлдлээ. Одоо хамтарч авбал ер­төнцийг эргүүлж Монго­лыг босгоод ирэх юм ярь­сан яалаа. Саад болох юм алга. Жагсаж тэмцдэг Иргэний хөдөлгөөнүүд бараг байхгүйтэй адил байна. Хэдэн удирдагч  нь жагсахыг эс тооцвол шүү.  Сөрөг хүчин гээд сөрж адрах нам алга. АН, МАХН-аас өөр төр барих нам   угаас байхгүй нь тодорхой болсон.   Тэгээд юу хүлээсэн юм, юунаас айсан юм хэн мэдэхэв.

Хугацаа богиноссоор  байна. Аягүй бол Ардчил­сан нам сүүлийн хэдэн сард нь амиа бодох тактикаар засгаас гарна гээд сонгуулийн өмнө шилээ харуулна.

Таван толгойн асуу­дал нэг л урагш муутай. Хувь, хувьсгалын компа­ниуд, гадаад дотоодын улсууд нь нийлээд боо­мил­чихсон гэлтэй. Хө­дөлж өгөхгүй. Хоёр хөр­шөө гомдоохгүй,  холын гурав дахь хөршөө орхил­гүй, өөрсдөдөө ашигтай нэг тийм хувилбараар  шийдчихэж болмоор л юм.   С.Баярын хэлдгээр за-д нь “за”,  үгүйд нь “үгүй” гээд хэлчихвэл барав.

Оюу толгой С.Баярын  Засгийн газрын зорилго байсан байж. Яг үнэндээ С.Баярын зорилго ч  байсан биз. Тэр хүн ч зорилгоо биелүүлээд яв­сан. Одоо энэ С.Батболд сайдаас хүлээх юм их байна. 

С.Баяр таван төгөл­дөршил гээд бүтсэн,  бүтээгүй нэг юм яриад л байсан. Хүний юман дээр үлдсэн хойно шинэ Ерөн­хий сайд хэцүү  байгаа шиг байна. Засгийн газ­рын  гишүүд нь Ерөнхий сайдаа юман чинээ авч хэлэлцэхгүй. Энэ Засгийн үед  бензиний үнэ нэмэг­дээд, махны үнээ өсөөд, эрчим хүчний үнэ талий­лаа. Эрүүгийн нөхцөл хүндэрлээ. Хүүхэд хүчир­хийлэгчид олшров. Да­хиад л өнөө үнийн хөөрөгдөл.  Засгийн газар яах ч үгүй суугаад л бай­на. Удахгүй наадам бо­ло­хоор мах хямдард­гаараа хямдраад хотын эргэн тойронд битүү хонь майлна. Яг ноднингийнх шиг. Тэгэхээр Засгийн газар махны үнэ бууруул­сан гэнэ дээ.

Засгийн газрын тэр­гүүн бизнес ухаантай хүн. Нэг шинэ санаа сэдээд явуулбал болох л байсан.  Гэтэл хотын даргын ажил хийсэн  шүү л явах юм. Хөдөө рүү хөл ч тавихгүй гээч. Далан мянгаар шоу хийгээд л. Юунаас айгаад ингэтлээ хөдөлж чадахгүй суугаад байдаг юм.  Уг нь цаг хугацаа бага үлдсэ­нээс л айх хэрэгтэй бус уу. Хорвоо дэлхий  уужим, хийх ажил их гэдэг байх аа.

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд нэгдэж сурах нь ирээдүйд хэрэгтэй

Монголчууд
нэгдэн нүүрсний уурхайд орж ажиллахаар  идэв­хийлэн
хөөцөлдөж байна. Тэд компаниудын холбоо  нэгтгэл
бай­гуулан оролцогч байгууллага бүрээс сая төгрөг цуглуулан их л юм болж байгаа.
Монголчуудын байгуулсан энэ компани нь 11 тэрбум ам.долларын өртөгтэй уурхайд ажиллах
гэж байгаа юм.  Дээр дурдсан  хэмжээний мөнгө гаргаж байж л уг уурхайг ажил­луулж
чадна гэсэн үг л дээ. Гэвч одоохондоо тэдний цуглуулсан мөнгө тэрбум доллар болтол
өдий байна. Дөнгөж ганц сая доллар болж байгаа юм даг уу. Энэ нь уг уурхайд шаардагдах
мөнгөний арван нэг хуваасных нь мянганы нэг 
юм. Одоо энэ л бидний эдийн засгийн чадавхи үнэн нүүр царай­гаараа харагдаж
байгаа хэмээн хэлэхэд буруудахгүй.
Монголчуудын 
эдийн засгийн чадал мөн ч өчүүхэн юм даа хэмээн халагламаар ажээ. Халаглаад
ч зогсохгүй бүүр гутарч гунимаар байна. Одоо тэгээд нэгэнт техник авч чадахгүй юм
чинь хүрз мө­рөндөө үүрсэн хэдэн монгол очоод ухаж эхлэх үү яах вэ. Энэ хэддээ цалин
болгож   өгөх мөнгө ч цуг­лаагүй  шахуу байна. Байгаагаа хуваавал нэг жаахан юм
дусал дуслаар өгөх байх. Тэр нь тэгээд аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр болох
биз. Түүнийг нь голсон монголчууд  хаяад арилах.
Хонхой­лоод хаячихсан хэсэг газар л үлдэх. Ийм л танил дүр зураг харагдаад байх
шив дээ.
Харин
үүнийг нь дэлхийгээр нэг шоолон элэглэх тал дээр бол ч хангалттай байх биз. Бүр
одооноос  хэдэн монголын нэгтгэлийг шоо­лоод
эхэлсэн. Эхлээд Манж дараа нь Оросын дарлалд байсаар сүү­лийн гурван зуун жил бид
нэгдэж  юм хийж, нэгдэж юм бүтээж  үзээгүй. Жалга жалгын мухар сахиж, хувиа бодож,
довоо шарлуулсаар ертөн­цийн бор хоног шар нарыг элээсээр ирсэн. Монголчууд нүүгээд
зугтаж чадахаас нэгдээд бүтээж чадахгүй гэсэн ойлголт  бидэнд бий болжээ. Тийм ч болохоор одооны энэ
нэгдлийг харсан хүмүүс тэдний  өмнөөс ичиж
байна. Элэглэн даа­паалж юу хийж бүтээхийг нь харж сууна.
Уг
нэгтгэл нь ямар учиртайг  судлаачдын зарим
нь юу гэж үзэж байгаа вэ. Тэд энэ талаар нэлээд гутрангуй дүгнэлт гаргаж байна.

Тоймчид:
Энэ үнэхээр  бүтэхгүй л дээ. Уг нэгтгэлийн
цаана хэн нэгнийх нь өчүүхэн амин хувийн эрх ашиг л байгаа. Түүнийг мэдэж ядах ч
юм үгүй. Төр Таван толгойн лицензийг зуун хувь өөрийн мэ­дэлд байлгаж, асуудлыг
бүрмөсөн шийднэ  гээд зарлаад байна. Үүнд
л хамаг учир байгаад байх шиг харагдаад байх юм. Уг ордод байгаа жижиг сажиг уурхайн
эзэд хөрөнгөө алдчихгүйн тулд л нэгдэж шуугиан тарьж   олон түмнийг татан оролцуулж байна хэмээн дүгнээд
байгаа. Яагаад гэвэл бүх лицензийг төр авна гэхлээр нөгөө хүмүүсийн жижиг уурхайнууд
төрд очих магад­лал өндөр байгаа юм гэцгээж байна.
Энэ нэгтгэлийг манай жижиг, дунд  компаниуд 
маш ихээр дэмж­сэн нь харин үнэн. Тэд уг компанид орох гэж дараалал хүртэл
үүсгэж байлаа. Ийм бага мөнгөөр тийм том уурхайн хувьцаа эзэмшигч болчихно хэмээн
баярласан биз. Энийг нь ч муу хэлээд байх юу байхав. Зүгээр байж байгаад их ашиг
олох гэдэг нь хүн төрөлхтний зан юм хойно. Хотоо малтахдаа хориулаа болоосой, хоолоо
идэхдээ хоёулаа байгаасай гэж үг байдаг. Хэн нэгний өчүүхэн эрх ашигт хууртсан ч
байсан хамаагүй  тэдний ингэж хурдан зуурт
нэгдэж чадаж байгаа нь л монгол компа­ниудын нэгтгэлийн гол ач хол­богдол юм. Монголчууд
нэгдэн нийлэхийн хүслэн болж байжээ гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Үүнийг
төр засаг зохион байгуулаад бүх монголчуудын хүчийг нэгтгэхэд  тэд зохион байгуулалттайгаар юу хийхэд ч бэлэн
байгааг харуулж байгаа бус уу.
Эргээд түүхээ 
харж байхад бид их гүрнээ бутраан сарниасан жи­жиг хаадын  бусармаг үйлдлээс  хойш ер нь нэгдэж байсан юм уу. Манжийн эсрэг,
гамин бароны эсрэг нэгдэн тэмцэж амжилтад хүрч байсан. Сүүлд мөн Оросын хараа­наас
гарах гэж нэг нэгдэн тэмцсэн. 1989 оны Ардчилсан хувьсгал явж явж Оросын имперээс  гарах л 
тэмцэл байсан гэж судлаачид хэлдэг. Энэ хэдээс өөр нэгдэж байсан түүх маш
ховор аж. Одоо эдийн засгийн талаар нэгдэж бай­гаа дээрх нэгдэл  монголчуудад 
маш том эерэг сургууль боллоо.
Бид үүн шиг олон юман дээр нэгддэг  байх хэрэгтэй байна. Мөн нэгдэж хамтарч сурах
хэрэгтэйг амьдрал өөрөө шаардах боллоо. Монголчууд нэгдэж  байж л өрсөл­дөөний энэ ширүүн ертөнцөд тэсч үлдэнэ.
Мөн өөрсдөөсөө өөр хү­мүүсийг шулж чадна. Монгол мон­голдоо дургүй гэгчээр энэ хон­хортоо
л бие биеэ хэмлээд бай­хаас дэлхийн дэвжээнд гарч чадалгүй өдий хүргэв.
Энэ удаа Таван толгойн нүүр­сэнд орсон байсан ч хамаа алга. Өөр олон юманд яг энэ жишгээр нэгдэн оролцохоор зүтгэж сурах хэрэгтэй байна. Хүмүүсийн шоолох яах вэ. Нэг хоёр хоногийн ажил. Ингэж зүтгэсний үр дүнд үндэсний хэм­жээний олон түмэн оролцсон том том нэгтгэлүүдтэй болж үлдэх биш үү.

Categories
редакцийн-нийтлэл

Улс төр өрнөөгүй үеийн улс төрийн тойм

Улс төр ид өрнөж байна, нам гүм байна гэсэн ажиглагчдын хү­рээний
яриа байнга явж байдаг ч нийгмийн энэ салбар намжмал болно гэж байдаггүй билээ.
Үнэ­хээр л ажиглагдам тайван болчих юм бол цаагуураа үйл явдал оволзож л бай­даг
эсвэл их улс төрийн өмнөх чимээгүй нүүрлэж байдаг юм.

УЛС ТӨР ӨРНҮҮЛЭЭГҮЙ ТОМИЛГОО

Хамгийн сүүлд Ерөн­хий проку­рорын томил­гоог улс төрийг жин­хэнээс
нь өрнүүлнэ, өрдөнө дөө гэж харагсад цөөнгүй бай­лаа. Гэвч хэвлэлүү­дийн таамаглаж
таавар­лаад байсан шиг зүйл болсонгүй, Ерөнхийлөг­чийн бүрэн эрхийнхээ хүрээнд санал
болгосон хүнийг харьяалагдах байн­гын хороогоор нь ч, УИХ дээр ч ямар нэг асуу­дал
болголгүй баталчих­сан.

Уг нь Д.Дорлигжавын нэрийг дэвшүүлс­ний да­раа­гаас МАХН-ын голдуу
гишүүд “Бүлэг хуралдана гэж нэг ажил байгаа ш дээ. Бүлгээр оруул­на даа” гээд томхон
дуугарч байсан нь бий. Гэтэл үнэндээ МАХН-ын бүлэг ч энэ талаар ярилцсан­гүйгээр
асуудал шуудар­сан. Үү­нийг өөр өөрийн өнцгөөс тайл­барлах хү­мүүс байна. Зарим
нь манай улс төрийн хүрээ­нийхний луйвар нь их учраас сүүлд ороол­гуулаад байхгүйн
тулд найр тавин бүгд дэмжлээ гэж байна. Нөгөө хэсэг нь “Ерөнхийдөө сүүлийн арав
гаруй жилийн хуга­цаанд бий бол­сон ялих шалихгүй шалтгаанаар улс төр хийж төрийн
ажлыг уядаг байдал алга боллоо. Төрд байгаа гур­ван хүн нэг зүгт харж бай­на” гэж
эерүүлэх хүн ч байна.

Ямартаа ч УИХ-аас баталж, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар проку­рорын
байгууллага ард­чилсан үзэлтэй удирдла­гатай болов. Ардчиллын замналаар явж ирсэн
20 жилийн хугацаанд энэ байгууллагыг ард­чиллын чигийн хүн удирдаж байсан түүх байхгүй
юм. Хаалгаа байтугай хаяа­гаа ч шууж салхи оруулж үзээгүй энэ байгууллагад ардчилал
шударга ёсыг тунхаг­ладаг Ерөнхий­лөгчийн томилсон хүн ирснээр байдал өөр болно
хэмээн ард олон итгэж байгаа. Тэгээд ч тэр хүн нь хар залуугаасаа ардчилсан Монгол
Улсыг байгуу­лах гэж зүтгэж яваа нэгэн учраас ямартаа ч энэ томилгоо итгэл найд­вар
төрүүлж байгаа юм.  Сураг дуулах нь ээ шинэ
албанд томилогдож бай­гаа Улсын ерөнхий про­ку­рор салбартаа халаа сэлгээ хийхгүй
гэдгээ тохирсон сурагтай. Ха­рин хүмүүсийн таамаг­лаж байс­­наар өрнөж ча­даа­гүй
энэ улс төрийн томил­гооны дараа МАХН-ын залуу голдуу гишүүн гутарсан­даа архи уусан
гэх. Гэхдээ тэд “Манай томчууд бүгд асуу­далтай учраас Д.Дор­лигжавт тал алдах­гүй
гэж хичээсэндээ ингэж амар­хан баталлаа” 
гэж гашуу­даж байгаа сурагтай.

НАМУУД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ НЭГ МӨР БОЛГОХ
ХЭРЭГТЭЙ

АН-ын гишүүд гэд­сэндээ хөлөө жийлцсээр удлаа. Өнгөрсөн сард болсон
ротацийн сонгуу­лийн өм­нөөс л эхэлсэн энэ байдал улам бүр дор­доод байна. Бүр намын­хаа
байран дээр гомдогс­дын багийнхан ирцгээн суулт зарлаж байгаа бө­гөөд зохион байгуулал­тын
бай­далд шилжсэн талаар бичиж, ярьсаар удав. Ерөнхийдөө АН-ын ардчилалтайг, хэн
юу хүссэ­нээ хэлдгийг олон нийт мэдэх ч дүүргүүд дээр бий болсон хоёр намын дарга,
хоёр намын байр, бүр хоёр хувь там­ганы асуудал хэрээс хэтрээд байгаа. Гэхдээ үүнийг
хэн нэгэн дарга удирд­лагатай нь хол­бо­хоос өмнө энэ намын бүтэц, дүрэмтэй нь хол­бож
үзвэл дээр биз ээ. Угаасаа АН-ын дүрэм нь ийм боломжийг гаргаад өгчихсөн байдаг.
Бүтэц нь хөндлөн тогтолцоотой. Анхан шатны байгуулла­гадаа дэндүү их эрх мэдлийг
өгчихсөн, бас 1/3-ээ ротациар шинэчилж байдаг нь эл бэрхшээ­лийг бий болгожээ. Хуу­чин
МҮДН, Соцдек, МоАХ гэдгээрээ ялгарах боломж байдаг байсан бол одоо уусахын хэрээр
хуучин нам фракцын ялгаа нь ашиг со­нирх­лын бүлэг­лэлүүдийнх болс­ноор хямралыг
илүүтэй  мэдрэх болсон байна. Хэдийгээр намынх
нь Хяналтын хороо хэрүүл мар­гаантай байдлыг авч хэлэлцээд эвлэрлийн нэг сарын хугацаа
өгсөн ч сарын дараа бахь байд­гаараа байна гэдэгт нь эргэлзэх ямар ч  хэрэггүй. Угаасаа тогтолцоо нь ийм юм чинь.

Гэтэл МАХН-ын хувьд өөр. Архангайн Засаг даргыг тавина гэхэд Удирдах
зөвлөлөөс нь шийд­чих­нэ. Сая СХД-ийн Засаг дарга, ИТХТ-ийн дарга хоёр нөхөр нэг
нам гэлт­гүй дээр дороо ороод байхаар нь Удирдах зөв­лөл нь хуралдаад хамтад нь
чөлөөлчихөж байна. Намын бүтцийн ялгаа нэг иймэрхүү. Гэхдээ энэ нь АН, МАХН-даа
ч байгаа юм биш. Ер нь Мон­голд улс төрийн намуудын ту­хай хуулиар энэ байд­лыг
нэгмөсөн цэгцлэх нь Мон­голын улс төрд тог­лоо­мын дүрмийг тодор­хой бол­гож байгаа
хэрэг юм. Улс төрийг нэг дүр­мээр тоглох нь амар шүү дээ.  

ТАНГАРАГ ӨРГӨСӨН НӨХДИЙН ТОНГОРОО

Сүүлийн үед Ц.Ням­дорж гишүү­нийг бас нэг гишүүн болох Ж.Сүх­баа­тарыг
боомилсон тухай яриа нэлээдгүй газар ав­лаа даа. Үүнтэй холбоо­той хэвлэл мэдээл­лийн
хэрэгслүүд өөр, өөрийн үзэл бодлоо уралдуул­с­ны зэрэгцээ хальт цаа­санд боосон
чулуу­нууд зэрэгцүүлээд нүүл­гэж байгаа нь анзаа­раг­дам байв. Гэхдээ үүнийг төрийн
түшээд нэгэндээ гар хүрсэн гэдгээсээ илүү­тэй Ц.Нямдорж ба Н.Энх­баяр нарын зөрөлдөөн­тэй
холбоотой дэгдэж буй үзэгдэл гэж тайлбарлах хүмүүс ч байна. Ц.Ням­дор­­жийн эсрэг
ярилцлага мэдээлэл, бүр түүнд хаягласан хоржоонтой захидал хүртэл экс Ерөн­хийлөгчийн
мэдлийн гэгдэх хэвлэлээр тогтмол гарах боллоо. Цагтаа овоон дээр очиж тангараг өргөж
байсан нөхөд одоо нэгэн рүүгээ ийм маягаар тонгорог шидэн, тонгорч унагах нь хэр
жудагтай хэрэг вэ гээд яривал их л зүйл гарах байх. Гэхдээ болж байгаа үйл явдлыг
Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 5-ны жаг­саа­лын найруулагч нь Н.Энх­баярыг гэж зарласантай
холбоотой гомдлын ха­риу явж байна гэж үзэгсэд бас байгаа юм. Ер нь улс орны харилцаа,
улс төр гэдэг хүмүүсийн харил­цаан дээрээс тогтдог учраас ийм маягаар л улс төр
өрнөчих юм даа. Гэх­дээ ч түшээд нь муудал­цах үедээ нулимс асга­руу­лагч цацаж,
түүнийг нь багасгахын тулд парла­ментын танхимдаа усны хоолой оруулдаг Украи­ны
дэргэд манай энэ хоолой боо­милсон явдал бага хэрэг юм даа.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭГДЭХ ҮҮ?

Нэг хэсэг С.Баяр гэдэг
нэр хүн бүрийн амнаас унаж, түүний зураг­гүй хэвлэл гэж байдаггүй бай­лаа. Гэвч
тэр улс төрөөс явснаас хойш (Өвчтэй байгаа болохоос бус УИХ-ын гишүүн хэ­вээрээ
л дээ) С.Баярын гэсэн бүх зүйл бүдгэрч байна. Өөрийнхөө үгээр байлгах гэсэн түүний
бүрдүүлсэн Удирдах зөв­лөлийн бү­рэлдэхүүнийг сон­соод хүмүүс гайхширч байсан үе
саяхан.

МАХН-ын Удир­дах зөв­лөлд УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэл, УИХ-ын гишүүн
Ц.Ням­дорж, У.Хүрэлсү­хийг эс тооцвол эрх ба­ригч на­мын толгой бай­гуул­лага гэхэд
нам­даа таниг­даагүй хүмүү­сээр дүүрсэн бай­даг. Харин сүүлийн үед МАХН-ын Удирдах
зөв­лөлд өөрч­лөлт орох тухай ярих боллоо.

Хүүхнүүд гол­дуу энэ ба­гийнх­ныг намдаа хү­лээн зөвшөөрөгдсөн,
бас төрд төлөөлөл болж сууж буй хүмүүсээр сэлгэх тухай сонсогдох болсон. Уг нь намын
дарга болж, Засгийг тодорхойлж бай­гаагийн хувьд С.Батболд өөрийн санаа ойлголцох
хүмүү­сээр энэ багаа бүр­дүүлнэ гэдэг зүй ёсных.

Гэхдээ яг ойрын хуга­цаанд ийм өөрчлөлт орж ирэх­гүй хэмээн эх
сурвалж баталж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжлэх юм бол Ерөнхий сайд С.Бат­болдыг
хэв­лэлийн албаны даргаа­саа өөр холио солио хий­дэггүй, ер нь С.Баярт юуг ч өөрч­лөхгүй
гэж амлаж байж энэ албан тушаалыг авсан гэдэг нь батлагдах талтай. Тэрбээр Ерөн­хий
сайдын албыг авснаасаа хойш уулзалт хийж, газар дээр нь бай­далтай танилцах ажлыг
гэртээ ч орох завгүй хийж байгаа харагдах юм. Гэвч уулзаад л яваад байдаг ямар нэгэн
шийдвэр гарахгүй бол гүйцэтгэх засаглалын эрх барих хугацаа бас л хэмжээтэй шүү
дээ. Саяхан Ерөнхий сайд намынхаа дэргэдэх МАСЗХ-ны­хонтой уулз­сан сурагтай. Тэрбээр
намын дэргэдэх залуучуудын бай­гууллага намдаа дэм болж явах ёстой бай­тал дандаа
нэрмээс болж, нэр хүндээс нь татсаар ирсэн гэж энэ байгууллагынхныг шүүм­жилсэн
юм байх. Тэгээд өөрс­дөөсөө өөрчлөлт хийж, ойрын үед даргынхаа асууд­лыг цэгцлэхийг
үүрэгджээ. Тус байгууллагын дарга Г.Зандан­шатар сонгуульт хугацаа нь дуусч бас
залуучуудын бай­гууллагад хамаарах нас өнгөрсөн учир ажлаа хүлээлгэх хүсэлтээ гаргасан
бо­ловч МАСЗХ-г тэр­гүүлэх хүсэлтэй хүмүүсийн хор нь ихдээд мара­фон нь хэсэгтээ
намжаад байсан билээ.

ЖИЖИГ НАМУУДЫН АМЖИЖ СӨРӨГ ХҮЧИН БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголчуудад шийдэх ёстой эдийн засгийн болоод хөгжлийн томоохон
алхмууд урд байгаа учраас хоёр нам нэг засагт багтаад яваад байгаа. Хэрэв Таван
толгойн асуудал нэг мөр болбол МАХН, АН салахад бэлэн байгаа гэсэн яриа бий. Үнэндээ
ч энэ засгийн шийдэх хамгийн гол асуудал бол ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд
оруулах явдал билээ. Сүүлийн үед үндэсний компаниуд нийлж, нэгдэл байгуулан ТУЗ-өө
ч байгуулав. Ерөнхийдөө тэд 1500 нинжа ч бай, 1500 ТҮЦ ч бай, үндэсний компаниуд
өөрсдөө үзэл санаагаа нэгтгэж дуугарч байгааг нь том зүйл гэж хүлээн авах ёстой
биз ээ. Энэ мэт хамтдаа байж шийдэх ёстой асуудал байгаа учраас МАХН, АН рейтингээ
шалдаа унаган унаган хамт байж байгааг улс төр судлаачид онцолж байгаа юм. Хэд хэдэн
судалгааны байгууллагын дүнгээс харахад хоёр нам нийлээд 40 хувь орчмын саналыг
авч байгаа нь урьд өмнө байж байгаагүй муу дүн. Тиймээс МАХН, АН гэлтгүй намын гишүүд
хамтарсан Засгийн газар хамгийн удахдаа ирэх хаврыг хүр­гэнэ гэдгийг онцолж байна.
Тэрнээс цааш ганц жилийн хуга­цаанд хоёр том нам сонгуульдаа бэлтгэн за­маа хөөх
юм байх. Харин сонгууль ойртож, намууд амь амиа бодох тухай ярихтай зэрэгцээд жижиг
намууд идэвхжиж байна. Тэд амжиж  сөрөг хүчин
байхгүй байгаа энэ үед гол дүрд тоглоод авахгүй бол АН засгаас гарвал тэдэнд боломж
олдохгүй гэдгийг анзаар­чээ. Ингэхийн тулд ИЗН, МНН нэгдэх төлөвлөгөө шуударч байгаа
бөгөөд шинэ сонгуулийн хууль батлагдвал бие даагчаараа үлдэх боломжгүй З.Алтай гишүүн
ч нэгдэх гэнэ. Нэгдсэн намуудын хувьд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амлалт
дээр нь багагүй тоглох төлөвлөгөө байгаа аж.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БА ХЭСЭГ БҮЛГҮҮД

Мөн өнөө цагийн гол улс төр бол Сонгуулийн тухай хуулийн эргэн
тойронд өрнөж буй үйл яв­дал. Нэлээд нарийн гаргасан судалгаа тандалтаар одоогийн
76 гишүүний 46-50 гишүүн нь пропор­циональ тогтолцоог дэмжих магад­лалтай байгаа
юм. Тухайлбал Д.Лүндээжанцан нарын санаа­чилсан УИХ-аас гарсан ажлын хэсгийн төслийг
бол улсдаа, нам­даа топ улстөрчид хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс дэмжиж байгаа.
Тэдний хувьд Монгол гэдэг нэг тойргийн хувьд өрсөлдөхөд алдах зүйлгүй учраас толгой
бар­дам байгаа юм. Нөгөө хэсэг нь нэг тойргийг хатуу самар гэж үзэж байгаа. Харин
бүс нутагтаа мөн­гөөр чиг өөр юугаар ч юм цохиод гараад ирнэ гэж үзэгсэд бас багтаж
байна. Цөөн хэдэн гишүүд холи­могийг дэмжиж байгаа бол залуу голдуу гишүүд хуучин
мажоритар тогтолцоог онцолж байна. Ерөн­хийдөө саарал ордонд өрнөж байгаа гол яриа
бол Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өр­нөж байгаа. Гэхдээ өөрийгөө бодож
асуудалд хандахаас илүү шударга, эрүүл сонгуулийг явуу­лахад аль хувилбар нь алсдаа
ашигтай вэ гэдгийг анхаарах нь хэн бэ гэдгийг ард түмэн нарийн ажиж суугаа билээ.

Улс төр өрнөөгүй гэгдэх
үеийн улс төрийн байдлыг тоймлон өгүү­лэхэд ийм байна.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын хорголоо тоолсон капиталистууд

Монголд үндэсний хэм­жээний  том   хөрөнгө мөнгөтэй баян гэгдэх хү­мүүс  хэдхэн бий. Гэвч энэ хүмүү­сийн шунал хэрээс хэтэрч ард түмэнд их хохирол үзүүлэх юм.  Тэд­ний бэрдийн сэтгэлд да­лай байтугай орчлон ер­төнц харам болсон байна. Манай хөрөнгөт­нүүд  эдийн засгийн бүхий л сал­барт мөнгөөр цохин оролцохдоо өөрөөсөө өөр хэнийг ч үл тоодог нь харамсалтай. Монголын толгой капиталистууд  ба­рилгын салбар ашигтай байвал булаагаад ав­чихна. Орон сууц барьж түүнийгээ худалдаж мөн­гө босгоод, уг сууц­ныхаа  доод давхарт нь өөрс­дийн­хөө дэлгүүрийг ажил­­луулчихна. Тэгээд болоогүй дээд давхарт нь рес­торан байгуулаад мөн л өөрс­дөө зүтгэнэ. Хэн нэг нь  аль нэгэн сал­бараас чадан ядан мөнгө зулгааж байгааг харах л юм бол  түүнийг  хуу хам­на. Хэвлэл мэдээ­лэл ашиг­тай байвал хэдэн янзаар байгуулаад хуу­чин ажиллаж бай­сан ком­паниудыг нь ажиллахын аргагүй болгож дампуу­руулчихна. 

Хэн хаанаас мөнгө олж байна, тэнд Мон­го­лын капиталистууд мөн­гөөр зодон хүч түрэн орж ирдэг. Тэгээд уг  салбарт нь тэр хэдээс өөр хэн ч орж ирэхийн аргагүй бол­тол нь тэлдэг. Харин үнэ ханшийг бууруулна гэж үгүй нь сайхан даа. Мань  хэдээс өөр өрсөлдөгч байх­гүй тул юу гэж ч үнэ буулгах билээ. Иргэдийн ажлын байрыг нь булааж аваад байна уу гэхээс энэ салбарт тэр хэдэн хүн хоолоо олж байгаа юм гэж ер хөөрхийлөхгүй. Манай капиталистууд бий бол­госон сал­бартаа өөрийн үндэстнээ  ажил­луул­даг­гүйгээрээ дэлхийн хөрөн­гөт­нүүдээс ялгардаг. Аж­лын байр бий болгохдоо  эхлээд дандаа ах дүү, хамаатан саднаа оруул­даг. Тэд  бүгд ажил амьд­ралтай болбол гадаа­даас хүмүүс авч ирээд ажил­луулчихна. Гадаа­даас ч юу байхав, хям­даар нь хятад ажилчин  авчраад зараад байна. Тэгээд дараа нь нэг нутаг усны хүмүүс  өөрийн той­рог, сонгогчдоо гээд яв­чихна. Тэгж тэгж жирийн иргэдийг ажиллуулах бол­­бол цалин өгч чад­даггүй. Хоёр зуун ам.дол­лар өгдөг хувийн компа­ни Монголд бараг байх­гүй. Зүгээр л шулаад бай­хыг боддог.

Энэ бүгдийн эцэст  Мон­гол Улс даяар ар­ваад­хан компани, хоёр зуугаадхан айл л улам баяжаад байх нь тэр. Ха­рин бусад нь ажил амьд­рал гэж юу ч үгүй болж хоосон гиюүрсэн хүмүүс л Монголоор дүүрлээ. Би­дэнд их сайндаа “ам­лалтаа биелүүл” гэж төр зас­гаас мөнгө нэхэх ажил л үлдсэн. Үүнийг ч бас сайн­даа бидэнд үлдээ­гээд байгаа юм биш. Капиталистууд маань хэн нэгнийгээ төр засгийн зөөлөн сэнтийгээс унагах гэсэндээ бидэнд тэр аж­лыг өгөөд хөрөнгө зард­лыг нь даагаад байгаа юм. Үүнийг өөрсдийнхөө хамаатнуу­даар болон хятадуудаар хийлгэх ч бас хэцүү л дээ. Хэдий­гээр ажил­гүйгээс өлсөж үхэх гэж байгаа ч бас ард түмэн гудамжинд хэдэн хятад лоозон бариад жагс­вал дургүй­цэхтэйгээ байна. Хамаатнуудаа га­даа гандааж, хөдөө хөх­рөөх ч бас хаашаа юм.

Ийнхүү капиталистууд өнгө орон баяжих тусам нийгэмд ажил­гүйдэл бий болгож иргэдийн бу­химд­лыг төрүүлэхээс өөр улс эх орондоо ямар ч нэмэр  болохгүй байна. Ийн хор­голоо тоолсон Монголын капиталистууд нийгэмд ад үзэгдэх хэмжээнд оч­толоо нүд үзүүрлэгдэх болов. (Хорголоо тоол­сон гэж гол нь горойгоод хүн­дэрч ч чаддаггүй, чад­сан ч илүү их байна гэж тоолж суудаг харамчийг хэлдэг)  Манай баячууд, том ком­паниудын та­лаар­хи яриа харамч ха­хир, хүн муутай, дээр нь аархуу сагсуу, дээрэлхүү, хэнийг яаж луйвардсан, тендер яаж булаасан тухай л байдаг. Түүнээс хүн чанар, хайр энэрэл,  өрөвч сэтгэл, улс эх орон, ард түмнээ гэсэн халуун сэтгэл гаргасан талаар бараг дуул­дахгүй.  Уул нь дэлхийн жишгээр бол хам­гийн сайн сайхан сэт­гэл, хамгийн хүмүүнлэг санаа нийгмийн дээд хэс­гээс гарч байх ёстой.

Мөн том компаниуд нь  стра­тегийн том ажилд хөрөнгө оруулалт хийдэг, жижиг компаниуд нь так­ти­кийн жижиг ажлыг нь  хийсээр ирсэн билээ.  Жи­шээлэхэд  нэг том дэл­гүү­рийн доторхи хоолны газар, хамгаалалт, үйл­чил­гээ зэргийг жижиг ком­паниуд хийж байвал хич­нээн хүн ажил амьдрал­тай болох билээ. Том орон сууц барьж байгаа компани доод давхрын­хаа дэлгүүрийг иргэдэд түрээслээд өгчихсөн бол олон айл ажил амьд­рал­тай болох байв. Даанч манай капиталистуудад хүн чанарын наад захын сэтгэл байдаггүй нь ха­рам­салтай. Тэдэнд ердөө булаа, цөлмө гээд л дай­раад байхаас өөр сэтгэл суусангүй.

Арга ч үгүй  байх даа. Өлссөн хүмүүс ямар айм­шигтай байдгийг энэ ха­рамч капиталистууд ямар үзсэн биш. Тэдэнд социа­лизмын үеийн хүнээс нууж тусгай дэлгүү­рээс бараа авч, түүнээ олон тү­мэнд гайхуулдаг үеийн сэтгэлгээ нь л хэвээрээ байгаа. Түүнээс заяаны капиталист байсан орны баячууд бол боломж л гарвал хүмүүсийг ажил­тай, амьдралтай, завгүй байл­гахыг боддог. Заа­вал ч үгүй бус­дадаа бо­ломж гаргаж өгдөг. Хууль нь ч ийм байхыг шаард­даг.  Тэрнээс улсдаа хам­гийн том дэлгүүр ажил­луулдаг байж барилга ашигтай юм байна гээд л барилгын ажлыг хуу ха­маад, жижиг компаниу­даа хийх ажилгүй болгож дампууруулдаггүй. Дэл­гүү­­рээ ажиллуулдаг нь дэл­гүүртэй л байна. Ба­рилгаа барьдаг нь тэндээ байх жишээтэй. Тэгэхгүй бүхий л боломжийг нь булааж аваад байвал  ядахдаа дэлгүүрт нь орж наймаа хийх мөнгөтэй хүн олдохоо байна шүү дээ. Хөгжилтэй орнуудад ийм бай­далд хязгаар­лалт хийдэг. Тэнд  нэгдү­гээрт, хуулиар хязгаар тавьдаг. Хоёрдугаарт, өлөн зэлмэн нөхдүүд түү­нийг ганцааранг нь цат­гал­дуулаад хэхрээд байж байгааг зүгээр хараад суухгүй, хэзээ нэг цагт хоолыг нь булаахаар ир­нэ гэдгийг мэдэхийн цаа­гуур мэднэ. Тэд ийм зов­лонгоо удам угсаа­гаараа туулаад үзсэн байдаг. Дэлхий дахинд болж бай­сан тэр олон бослого тэм­цэл ердөө л цатгалан баячуудын хэхрэхийг ха­раад сууж тэсэхээргүй өлс­сө­нөөс л улбаатай. Энэ эрсдэлийг орчин үеийн баячууд бүгд мэд­дэг. Тиймээс хүн бүрийг хийх ажилтай байлгахыг хичээдэг болжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгойн монгол манаач нар

Оюу толгой дээр мөн ч их үзэлцлээ. Хардаж сэрдэж, хэрэлдэж, урал­цаж, хамгаа дэлгэж байж арайхийн шийдсэн энэ ордын асуудлын араас  Монгол талаас хэн Тө­лөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн болох нь ан­хаарлын төвд бай­лаа.  Гаднаас ТУЗ-д ор­сон  нөгөө талын зургаа­гийн өөдөөс тэнцвэртэй үзэх,  Монголын эрх ашгийг  тэр­гүүнд  тавих хүн сон­гогдож  чадах уу, тэр нь хэн байх вэ. Асуул­­тын хариулт ээд­рээтэй, эр­гэлзээтэй  бай­сан ч өн­гөрсөн долоо хоногт тодорхой болж, асуултад  цэг тавьсан. Оюу толгойд Монгол та­лаас гал ма­налцах гур­ван  эрхмийн нэр тодор­лоо. Хаа очиж ханатай нэрс сонсогдов.   

Арав гаруй хүнээс  Мон­гол Улсын Ерөн­хий­лөгч асан   П.Очирбат, Н.Бага­банди нар Оюу тол­­гойн ТУЗ-д өрсөл­дөгч­­дийн хамгийн анхаарал татсан эрхмүүд байлаа.  Ингээд  Н.Багабанди то­дорчээ. Мөн П.Цагаан, Ч.Ганболд нар ТУЗ-д сонгогдов.

Н.Багабанди
МАХН-ын  харьяалал­тай тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёрон­таа сонгогдож байсан. Хийгүй, бас “найраагүй”  нэгэн.  Гадныханд найр тавих нь байтугай дотоод­доо хэн нэгэнд толгойгоо бариулчих хүн биш. Өөрийн бодол өөртөө зөв гээд  Монголын эрх ашгийг хамгаалаад зог­сож чадах хүн гэдэгт нь эргэлзэх зүйл алга. Түүнийг англи хэлгүй гэж шүүмжлээд байгаа. Мон­голын Оюу толгойг анг­лиар шийдэх биш дээ. Тэр тийм чухал асуудал биш. Эх орноо төлөөлж ТУЗ-д байхад эх  хэлээрээ эх орныхоо байгалийн бая­лагт эзний үүргээ гүй­цэтгэхэд юу нь болохгүй гэж.  Монгол Улсыг най­ман жил удирдахдаа анг­ли хэлгүй ч аятайхан авч яваад гадаад ертөнцтэй хэл амаа ололцоод бо­лоод л ирсэн. Яах аргагүй хүлээн зөвшөө­рөгд­сөн энэ хүнийг С.Бая­рын анд гэдгийг бараг бүгд мэднэ дээ. Гэлээ ч С.Бая­рыг биш эх орноо тө­лөөл­нө. Н.Ба­габанди Оюу толгойн ТУЗ-ийн хам­­гийн зөв сонголт байлаа. Хал үзэж,  хашир суусан түүнд итгэл хү­лээлгэхэд алдах зүйлгүй биз ээ.

П.Цагаан
Үнэн хэрэгтээ МАХН-аас АН-д орж ирсэн гэдэг.  Тэр нь ч одоо яая гэхэв. Мөн л С.Баяртай нэр холбогдож л байсан хүн. Одоогийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн дотны анд ч мөн. Тиймээс ч зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн Монросц­вет­метийн ТУЗ-ийн дар­гаар ажиллаж байв.  Хэ­дийгээр МАХН гаралтай ч АН-ын хүн болсон боло­хоор түүнийг нь эс тооц­вол МАХН-д харьяалал­тай Н.Багабандийн нөгөө талд АН-ын төлөөлөл болох П.Цагаан зогсож байх талтай. Монгол Ул­сын сан хөмрөг хэцүү­хэн байх үед П.Цагаан Сан­гийн сайдаар ажил­лаж байсан. Монголын урдаа барь­даг эдийн за­сагч. Амьд­ралын туршла­га,  улс төрчийн зангар­гаа­раа хэнээс ч дутахгүй түүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй байна гэдэгт олон нийт эргэлзэхгүй байна. Түүнд дахин нэг удаа томоохон хариуц­лага ирлээ.

Ч.Ганболд
Чулууны Ганболдыг     “ХАС”  банкны ТУЗ-д бай­даг болохоор овог нэгт Чулууны Ганхуягтай ах дүүс гэж эндүүрээд бай­гаа. Үнэн хэрэгтээ энэ нь цэвэр тохиолдлын ча­нар­тай. Ч.Ганболд, Ч.Ганхуяг гээд нэр хүртэл ах дүүс байж болохоор сонсогддог нь эндүүрэхэд хүргэсэн биз. Мөн л С.Баяртай анд МАХН-ын гаралтай ч улс төрийн намд харьяалаг­дахаасаа илүүтэй  “Инээм­­сэглэл” хамтлагийг үүсгэн бай­гуулагч  гэдгээр  нь хүмүүс мэдэх нь их. Англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, эдийн за­сагч, орчуулагч мэргэжилтэй.  Дипло­матч удамтай. Сайн ме­нежер гэгдэг. Ямар ч тохил­долд гадны хөрөнгө оруулаг­чидтай эв зүйгээ олоод явчих хүн. 

Дээрх эрхмүүдийг хэн хэнийг нь муугаар бодож хардах шаардлага алга. Хэн нь ч Монголын эрх ашгийн төлөө ноён ну­руу­тай зогсож чадах хү­мүүс хэмээн харж байна. Галаа л сайн манах үүрэг тэдэнд оногдлоо. Эх ор­ноо эрдэнэстэй нь га­даадынханд бариад туучихгүй гэж олон нийт харж байна. Монголын­хоо баялгийг хаа хаанаа ашигтай хүртэхийг энэ эрх­мүүд л мэдэх хэрэг. Оюу толгой бол монгол­чууд бидний хувьд өмнөө босгож ирсэн том асуу­дал, том боломж. Өөрс­дийнхөө тарьсан асууд­лыг зөв сайхнаар ший­дэж цаг хугацааг туулж ирсэн өвгөдийн түүх бидэнд бий.  Оюу тол­гойн түүхийг ч ийм замналтай байна гэдэгт итгэж байна. Монгол Улсын  хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр авчирна хэмээн итгэж найдаж буй Оюу толгойн энэхүү төсөлд монголчуудыг төлөөлөх эдгээр гурван эрхэмд амжилт хүсье. Мань гурав бол ТУЗ-д цөө­хүүлээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Манаач ямар  үүрэгтэйг маниар хэлүү­лэлтгүй мэдэх хойно.  

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбаярын МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

УЛС ТӨР ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

Суудлаа олохгүй бу­жиг­наад байгаа хоёр нам  Таван толгой, Оюу толгой дээрээ хэрэлдэн улс төрийн ашиг, хонжоо,  дотоодын самуун зөрч­лөөсөө халихгүй байх зуур хөндлөнгийн ажиг­лагч хийж, алдааг нь нарийн олж харж байгаа нэг хүчин бий. Дэлхий дээр “бенз ба бусад” хэ­мээх  ангилалд  машиныг  хувааж ойлгоно гэсэн рекламыг бид олонтаа сонсч байсан шиг  Мон­голын улс төрийг тэд  тий­мэрхүү хоёр хуваачихаж. Монголын улс төрд “Н.Энх­баяр ба бусад” гэсэн ойлголт бий гэж. Н.Энхбаяр хэдийгээр улс төрийн тавцанд тоглолт хийх албан ёсны болом­жоо алдсан ч хөндлөн­гийн ажиглагч , оролцогч, найруулагчаар ажилла­саар байна. Түүнийг сайн хорчин, том  улстөрч гэд­гийг анд найз байтугай атаат дайсан нь ч хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч ингэтлээ ад үзэгдэж бай­гаа атлаа тэгтлээ бууж өгөхгүй үзэлцэж чадаж байна л даа. Зарим нь хүсээгүй ч нэг л мэдэхэд Н.Энхбаярын тоглоомын хүүхэлдэй болчих нь бий. Одоо ч тэр замаар Н.Энх­баярын дүрмийн бус тоглолт явагдаж л байна. Угаас улс төрд  яаж ялсан нь нэг их сонин биш байд­гийг  олон жишээнээс бид мэдэх хойно. 

Тиймээс ч Н.Энхбаяр МАХН-ын хагарал, АН-ын эвдрэлцэлд хуруу гар дүрсээр байгаа. Алдаа бүрийг нь алдалгүй тог­лож байна. Хаа байсан Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёрын зодооноор дам­жуулаад Засгийн газар, УИХ-ыг эвгүй байдалд оруулаад,  нэг л биш.  Зо­доон сайн зүйл биш ч ийм хэмжээнд босгож ирэх нь  цаана нь нэг “юм” яваад байгаа хэрэг. Бүдүүлэг ч гэсэн хэнээс ч айхгүй шулуухан үгтэй  Ц.Ням­дор­жид  авах ч юм их бий, хаях ч юм их бий.  Одоо­хондоо түүн шиг хэний ч өмнөөс юуг ч  хэлчихдэг зоригтой аавын хүү Мон­голын улс төрд цөөхөн. Тэгээд ч Ц.Нямдоржоос  өмнө У.Хүрэлсүх зодоо­ноор асуудал шийддэг хэлбэрийг эхлүүлчихсэн байсан юм чинь. Хааяа дүү нараасаа  хэрэггүй юм сурах зан ах нарт нь байдаг л биз. 

Н.Энхбаярыг  ингэж их улайрахад намын нөх­дийн увайгүй түлхэлт, С.Баярын улайм цайм үзэн ядалт шууд нөлөөл­сөн л дөө. С.Баяр,  Н.Энх­баярыг  хань татаж ирээд л намаас хамт явахыг бараг шаардсан. Дараа нь намын даргын албаа С.Батболдод өгөхдөө “nо” гэж хэлж сураарай л гэж захина лээ. Цаада­хыгаа нэгмөсөн явуулах­гүй өрөвдөөд “yеs” гэчи­хэв  ээ л гэж олны өмнө анхааруулсан хэрэг. Төд удалгүй Хяналтын хо­роонд Н.Энхбаярыг шал­гуулах гэж өргөдөл бичиг өгөөд АНУ руугаа явна лээ. Үүгээрээ С.Баяр яалт ч үгүй Н.Энхбаярыг бүр­мөсөн явуулах замыг за­саад өглөө. Н.Энхбаяр­тай хамт МАХН-ын УИХ-д сууж байгаа долоо, найман нөхрийг бас на­маас хөөхөөр  ярьж бай­гаа дуулдсан. Бодвол Н.Энхбаярын фракцыг углуургаар нь үгүй хийх  санаатай л үйл явц байх.

АН-ын суултыг хэн зохион байгуулж, дээр дурдсан хүн яаж  гар  дүр­сэн тухай манай сонин өмнө нь бичиж бай­лаа. Нарийн зохион байгуу­лалттай, ивээн тэтгэгчтэй, намын байрандаа тухал­сан энэ суултын зардал мөнгийг тооцвол овоо юм гарна.  Манай сэтгүүлчийг сурвалжлахаар очиход  нэг нөхөр сонгуулийн ажиг­лагчдадаа авчирч бай­гаа мэт  албан ёсоор хоол түгээсэн нь хачин юм шүү. Гэтэл АН-ын хэдэн дүүргийн асуудал юунд ингэтлээ газар авч, ан­хаарал татаад, улс төр­жиж,  намын аппарат нь ч уриалгахан нь аргагүй дүрмийн хүрээнд шийд­сэн асуудлыг дахин эсэр­гүүцээд суугаад нөхдөө   зэмлэхгүй,  өөгшүүлнэ вэ. Улстөрчдийн хардаж бай­гаачлан  шал өөр хүн гэмгүй царайлаад орол­цож байгаа хэрэг биш байгаа. Алтан гадас фракц үүнд нь санаатай санаагүй дэмжлэг бо­лоод л. Ардчилсан намын  маргаантай тойргуудын асуудлыг ҮЗХ, Дотоод сонгуулийн хороо нь нэг талд нь шийдчихээд бай­хад одоо болтол эсэр­гүүцсэн учир Хяналтын хороогоор дахин авч хэ­лэлцэхээр болов. Гэвч хэд хэдэн удаагийн оролд­­логоор энэ нь бүт­сэнгүй. Өчигдөр л гэхэд  Хяналтын хороо ху­ралдах байсан ч “Алтан гадас”-ын гэх гурван ги­шүүн ирсэнгүй. Фракцын дарга Н.Алтанхуяг гадаа­дад яваа болохоор ч тэд даалгавраа хүлээгээд ирээгүй байж болох юм. Энэ мэтээр асуудлыг  ший­дэхгүй удаашруулах  нь Н.Энхбаярт л сайн хэрэг болж байгаа.         

МАХН-ын зарим УИХ-ын гишүүд ч намын 25 дугаар их хурлын үр дүн, намын  болохгүй зүйлийг шүүмжилсэн,   УИХ-ын 26 гишүүний гарын үсэгтэй, аль арванхоёрдугаар сард төлөвлөж байсан  бичиг яагаад гэнэт дээ­шээ өргөн баригдаж ил бо­лоод явчихав аа. Энэ бүхнээс үүдэлтэй эрх ба­ригч хоёр намыг сам­раад, хор хутгаад хожоо олох цаад мастер төлөвлөгөө нь ямар учиртайг эрэн сурвалжиллаа.

Хуучин нэг улсын эл­чин байсан байранд  хэ­дэн нөхдүүд сэмхэн уул­залджээ. Ардчилсан на­мын нэг нөхөр (эх сур­валж нэрийг нь хэлэхээс түдгэлзэв), Бүгд найрам­дах намын дарга  Б.Жар­галсайхан, Н.Энхбаяр, Уламжлалын намын дар­га Б.Батболд, М.Энхсай­хан нарын хэдэн нөхөд баахан улс төр ярьсан гэнэ. Уламжлалын на­мын дарга өөрийн мэд­лийн хүмүүсээр улс төрийн жагсаал хийлгэж,  бужигнуулах санал тавь­сан юм байх. Гэтэл Н.Энх­баяр “Цаг нь болоогүй  байна” гэж. Тэгээд М.Энх­сайханд үүрэг болгохдоо “Ардчилсан намын Их хурал болоход ялагдсан талыг нь өөртөө татаж ав”  гэжээ. Нэг үгээр хэлбэл гомдол хорсол дээр нь тоглох гэсэн санаа бо­лолтой. Тэгээд бүр МҮДН, МоАХ, Алтан гадас, аль  ч фракц бүлэг хамаагүй,  ялагдсан талыг нь өөртөө татаж авах юм байх.   Улс төрийн хүчнүүдийн тэм­цэл бүрээс гомдогсод, ялагдагсдын Н.Энхбаяр ахлагчтай баг бий болох нөхцөл үүгээр бүрдэх нь.  

Н.Энхбаярын хувьд МАХН-д нэгэнт орон зай хумигдаж байгаа боло­хоор томоохон тоглолт хийх нэг боломж нь ирэх намар хуралдах намын их хурал. Үүнээс нь өмнө намаас нь хөөчихөж ч мэднэ. Намын их хурлаас нь өмнө хөөхгүй бол на­мыг яаж ч самарч болно. Түүнээс гадна С.Батбол­дыг унагаж  М.Энхболдыг дахин гаргаж ирэх со­нирхол бүхий бүлэглэл хүчтэй байна. Энэ талаар ч ордноор жиг жуг хийгээд эхэлсэн байна лээ.    Гэтэл намын дарга С.Батболд  аппаратын ажилтнуудтай өнгөрсөн даваа гаригт уулзаж ажилтайгаа та­нил­цаад байж байдаг. Тэгээд бас намын дэргэ­дэх эмэгтэйчүүд, залуу­чуудын байгууллагууд, жигүүрийнхэнтэй ч уул­захаар төлөвлөөд бай­гаа аж. Гэтэл ард нь уна­гах төлөвлөгөө аль аль санаархагчдад байж л байх юм.

Үүний хажуугаар Н.Энх­баярт  нэг хүлээлт байгаа аж. Тэр нь Сон­гуулийн хууль. Энэ  бүх­нээс үүдэлтэй шинэ нам байгуулж МАХН-ын хөөг­дөгсөд, АН-ын гологдогс­дыг  дагуулаад нэг нам болж ирэх сонгуульд орох санаа бий аж.   Нэг үгээр хэлбэл хоёр намын хага­ралдааныг өдөөж,  галыг нь өрдөөд, тэр тэмцлээс ашиг олох сонирхол нь шууд л харагдаж эхэллээ. Сонгуулийн хууль пропор­­ционалиар, дээр нь Мон­гол Улс нэг тойрог гээд, нам бүр далан зур­гаан хүн дэвшүүлбэл Н.Энх­баяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг танихгүй хүн байхгүй учир шууд л дугуйлна. Ингэ­хээр  улс төрийн тавцан­гаас зайлуулсан гэж улс төрийн хүрээнийхний бод­сон  нөгөө нөхөр чинь “дахин эргэж ирлээ” бол­но биз дээ. Хөдөөд “ханд” өгөөд яваад байгаа нь ч учиртай.   Даарин дээр нь давс нэмж эрх баригч намуудын нөлөө бүхий залуучууд саяхан уулзаж гар барин өөрсдийг нь тоодоггүй ах нартайгаа зарим зүйл дээр тэм­цэ­хээр ярьсан байдаг. Энэ ч бас Н.Энхбаярт дуулгах сайхан л мэдээ.

БИЗНЕС ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ   

“Их засаг”-ийн Н.Ням-Осороос илүүтэй Чингэс хааныг магтан дуулах болсон Н.Энхбаярыг   “Чин­­гэс медиа”   группийн  цаад хүн гэдэг. Улс тө­рийн хувьд нэг иймэрхүү байгаа бол бизнесийн хувьд мөн л гар хөлөө сунгаж байна. “Чингэс медиа” группээр дамжуу­лан улс төр, бизнесийн томоохон арга хэм­жээ­нүүд далдуур зохион бай­гуулж эхэлжээ. Энэ группт  Хятадын талаас оролцож  байгаа гэх. Тэд урд хөр­шид тамхины үйлдвэр байгуулж цаашаа Зүүн өмнөд Ази руу борлуу­лалт хийх төлөвлөгөөтэй гэнэ. Үйлдвэрийг 200 сая ам.доллараар босгох бөгөөд урд хөршийн зах зээлийн дөрвөн хувийг хангана гэсэн тооцоотой аж. Тэр том зах зээлд Монгол компани  дангаа­раа бизнесээ явуулна гэхэд бэрх л дээ. Тэгэхээр Хятадын талын оролцоо байх магадлал өндөр. Бүр дээд түвшиндээ шүү.

Баялгаа гадаадад өгөөд байна гэж шүүм­жилж эсэргүүцсэн Н.Энх­баяр үнэн хэрэгтээ уул уурхай газрын баялгаас хөндий байгаа гэвэл тэ­рэн шиг худал юм байх­гүй. Иймэрхүү төрлийн уулзалтуудыг тэр зүгийн хүмүүс гадныхантай ярьж тохирч байгааг эх сур­валжууд хэлээд байгаа.

“Чингэс медиа” груп­пийн нөхдүүд ч эрээвэр хураавар анхаарал
тат­маар. АН-ын гишүүн “Залуу
лидер”-ийн гэх Э.Золбаяр,  Д.Амарбаяс­га­лан,
Биеийн тамир, спор­тын хорооны дарга асан 
Эрдэнэ-Өлзий гэх залуус
орчихсон тууж явна лээ. Цаад эзэн нь Н.Энхбаяр байхад АН-ын залуус тэнд бүртгэл­тэй, тэгээд  бас болоогүй
Ардчилсан намын суул­тын ард ивээн тэтгэгч, зохион байгуулагч бо­лоод  байдаг нь нэг юм хэлээд байгаа юм. Энэ мэтээр
АН, МАХН хоёр дотооддоо учраа олохгүй
толхил­цоод байваас тэд­ний хохирлоос хожоо олох хүчин алгаа дэлгээд хүлээж
сууж байгаа нь тодорхой л байна шүү
дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёрын жүдо дундуур юун боксын бээлий ороод ирэв ээ?

Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар гишүүний хоолой хүзүүг боож гэнэ. Ж.Сүхбаатар гишүүний хүзүү хоолой гэж хүн харахын эцэсгүй улаан эрээн болсон гэх. Төрийн ордонд зодоон болсныг дуулаагүй байсан бол эхнэр нь хардахаар л юм харагдаж байсан гэж гэрчүүд нь ярьсан юм билээ. Ер нь бол халдашгүй эрхтэй хүн хүнд адилхан эрхтэй нь халдаж болно гэсэн хууль байдаггүй байх л даа. Угаас багадаа жүдогоор шаггүй хичээллэж байсан Ц.Нямдорж Путиний гэдгэх жүдогийн мэхийг гарамгай эзэмшсэн болж таарлаа. Яагаав Путиний боож унагаадаг алдарт мэх. МАХН-ын улстөрч нөхдүүдийн байлдаан байсхийгээд л дуулиан тарьж л байдаг. Улайм цайм гэрчтэй юмыг ч “үгүй” гээд л гүрийгээд өнгөрдөг улс. харин МАХН-ын жигүүрийн жирийн нэг гишүүн зодоонд оролцвол заавал ялагддаг жамтай. Тийм ч жишигтэй юм шиг билээ.
Намын удирдлагууд
нь хүн зодохоор зодуулсан хүнээс нь уучлал гуйхыг шаардаад үгэнд орохгүй өрвөлзөөд
байвал нь намаасаа шууд хөөчихөж байгаа юм. 
АН-д ч  ялгаагүй. Хааяа ну­дарга зөрсөн
сураг чих дэлсдэг. Аль, аль  нь л ичмээр юм
даа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө байхад юу, юугүй л барьцалдаад авдаг эднийг харахаар
идэр насны ааг омгоо багтааж ядаж нударга зөрүүл­чихдэг залуусыг нэг их буруут­гамгүй.
Тэртэй тэргүй дээр, дооргүй мал болчихсон юм байна гэж бүгд ойлгохоор байна.    

Хууль зүй, дотоод
хэргийн сайд  Ц.Нямдоржийн энэ үйлдлийг сай­шааж
болохгүй. Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд туугаад байвал хууль дагах хэн байхав.  Захын нэг залуу өөрийнх нь голлон бүтээлц­сэн
“хар” хууль гэгддэг Эрүүгийн хуулиар аймаар олон жилийн ял авч байна. Чулууны хэлтэрхий
аваад нэг рүүгээ шидчихсэн чинь нэг нөхрийн толгойд хуруу дарам овойлгож орхисон
хүн хичнээн жилийг авна гээч. Намайг бага байхад хүүхдүүд хоёр талцаад чулуугаар
байлддаг байсан. Аюул­тай тоглоом ч Ц.Нямдоржийн гүй­цэт­гэсэн Эрүүгийн хуулиар
бол хүйтэн зэвсэг хэрэглэсэн тэд бүгд л “аавын хаалга” татах байж дээ.

Гэхдээ Ц.Нямдоржийг
өмнө нь одоогийн яамаа толгойлж байх үедээ эрүүгийнхэн гэгдэх нөх­дүүдийг нэг сайн
журамлаж өгсөн гавьяатай гэж бас ярьдаг шүү. 
Гэлээ гээд яахав. Одоо өөрөө бас л “жүдодлоо” ш дээ. Захын нэг залуу  хэрэг тарьчихаад “Та өөрөө яадаг билээ” гээд мад
тавьчихна. За боолгуулж унасан нөхөр ч нэг их цэвэр цэмцгэр гэвэл бас л хэцүү л
дээ. Аавдаа авгай авахыг заана гэгчээр Ц.Нямдорж руу хууль яриад байхаар нөгөөхийнх
нь занг бид ямар мэдэхгүй биш тэсээгүй биз. 
Сонгууль будлиантай болоход Сонгуулийн ерөнхий хороо буруу­тай гээд л байдаг.
Яс юман дээрээ Ж.Сүхбаатар тэр будлианы гал тогоонд шанага бариад л сууж байсан
хүн. Бүр Н.Энхбаярыг ялдаг үед шүү. Тэгээд ширээнийх нь ном  Н.Энхбаярын ганцаараа ор­чуул­сан гэж мэлзээд
байдаг “Бурхан багшийн сургаал” байдаг нь ч бас тохиолдол шүү.

Гэхдээ Ц.Ням­доржийн
Ж.Сүх­баатарт хийсэн  боох мэх жүдорхуу юм
болсон бол дундуур нь юун боксын бээлий ороод ирэв ээ. Нэг лут бээлийтэй гар орж
ирээд  МАХН-ыг тэр чигээр нь , Монголын улс
төрийг хагас дутуу самарч эхэлж байгаа өнгө аяс өчигдрийн хэв­лэлүүдээр нэг дэл­гэгдлээ.
Дээр нь даарин дээр нь давс нэмж Ж.Баа­тар Ц.Ням­дор­жийн хуучныг сөхөж дуулиан
тарив. Энэ үйл явдлыг өдөөх дэвээх со­нир­хол хаа сайгүй явж байна. Зүгээр хараад
инээд нь хүрээд одоо нэг ин­гэ­чихвэл энэ жүдогоос  нэг юм унагаж болох нь гээд гараа үрчээд сууж
байх жи­шээний байж болох уу. Хаа нэг газар сайн дурын найруулагч гарч ирээд асуудлыг
төгөл­дөр­шүүлж сценари бэлдээд гоё төгөл­дөр­шүүлэх арга мэх ол­чихсон юм биш байгаа.

Улс төржүүлэх өс авах
хэм­жээнд энэ дуулиан түгэх янзтай. Ц.Нямдоржийн энэ үйлдэл нь Удир­­­дах зөвлөлийг
огцруулах ноцтой шалтгаан болох гэнэ. Мөн хачин аа. Нэг Ц.Нямдоржийн хэрэг нэлээд
хэдэн Удирдах зөвлөлийн гишүүдийн эврийг доргиодог бай­на ш дээ. Бүр цаашлаад Засгийн
газрын гишүүд ч доргиод явах аяс бий болох нь ээ. Цаана нь уртаас урт гар хөл ороод
явчихлаа. Бүр хөдөөг хөгжүүлэх гэж яваа хүний хот руу чиглэсэн боксын бээ­лий­тэй
гар шүү.  Улс төрийн хал цэрэг, шинэ цэрэг
хоёрын үйл явдлаас хуучин шинийг хагаралдуулж, мөргөлдүүлээд хэн нэгэн хожоо олох
завшаан тохиосон байж болно. Тэр хоёрын зодоон хууль хяналтаараа шийдэгдэх үү, хоо­рон­доо
яриад ойлголцох уу, Ёс зүйн хороогоороо орох уу, нэг юм болох нь болох биз. Дундуур
нь л өөр төрлийн зодоон болгож хувир­гах юм явчихгүй бол шүү. 

Үйл явдал болмогц
МАХН-ынхан Их  тэнгэрт очиж энэ тухай нухацтай
авч хэлэлцээд байдаг нь ч бас сонин.  Энэ
зодоонд тээр хол хөдөө орон нутгийн амьдралтай сая л нэг танилцаж яваа Ерөн­хийлөгч
асан Н.Энхбаярын орол­цоо үнэртэж байна гэж учир мэдэх хүмүүс ярих нь   хачин байгаа юм. 

Ер нь  Ерөнхийлөгч асан маань  хотынхонд 
их гомджээ. Ойрд үүгээр үзэгдэхээ байсан. Ар ну­руугаа харуулаад л хөдөөг
зорь­сон. Хотыг  дэмжихгүй байгаа бололтой.  Хөдөөг бол хөгжүүлнэ гэнэ. Хотыг өрөөсөн нүдээрээ
үзэхээ байсан Н.Энхбаяр экс Ерөн­­хийлөгч яагаад ингээд бай­гааг хотынхон бас гадарлаж
бай­гаа. Хоёр Э үсгээр эхэлсэн хүн байхад очиж очиж нөгөөхийг нь дэмжээд өөрийг
нь унагасан бо­лохоор гомдох нь ч аргагүй биз. 
Ямар ч  байсан Ерөнхийлөгч асан маань
хөдөөнөөс энд болсон үйл явдалд оролцоод байгаа бол их л урт гар,  хөлтэй юм. Хувцас хунар ч бас урт байх магадлал
бий шүү. Тэгээд бас жүдо барилдсан хоё­рын дунд боксын бээлий шур­гуулаад байгаа
нь аатай л эрийн шинж. 

Тэр яах вэ, аандаа
энэ хэрэг МАХН-ыг бас л дунд нь хагалж бутаргаад зүг нь өөр тийшээ яваад өгөх вий.
Тэгвэл зодоон эхлүүлсэн хоёрт гомдох уу, зодооныг өдөө­сөн цаад хүчинд гомдох уу.
Нэг юм болох л байх даа.

Categories
редакцийн-нийтлэл

Хувьсгалч бүү хэл хувьсгагч байж чадсангүй

Мөрөөдөх сайхан. Төр засгаас амласныг нь аваад л. Иргэн бүр саятан болж, уушги сэвтээх утаа­гүй, зам нь түгжрэлгүй, хууль нь хэрэгждэг, хү­мүүс нь уриалгахан   бо­лохыг бүгд мөрөөдсөн. Тэр мөрөөдлийг бий бол­гохоор амлаж дээр за­ларсан хоёр намын нөх­дүүдийг юу юугүй буулгаж аваад амласан амлалтыг нь өгүүлчих юм гэж “Амлалт нэхэх ард түмний хол­боо” (АНАТХ)  хэлж гарч ирсэн. Урьд нь янз бү­рийн хол­боонд ха­маар­даг байсан нөхдүү­дээс бүрдсэн АНАТХ овоо дориун юм сэдэж аргагүй байдалд нөгөө дээдсүү­дийг оруул­на гэж аргаа барсан ард түмэн горьд­сон. Дөрөвдү­гээр сарын таван боллоо. Тал­бай дээр хэдэн хүн жагслаа. Дуулиант жаг­саал нь энэ юм байх. Нө­гөө нэхэх юмаа ч нэхлээ. Цагаан цаасан дээр нэх­сэн юмаа  дурайтал би­чээд дээр нь бас төр зас­гаа тарж бут­рахыг шаар­даад авсан.    Цаадуул нь уриалгахан хүлээж авлаа.

Дуулиантай, их хү­лээл­ттэй, энэ жагсаалаас горьдсон үр дүн ирсэнгүй. Өөрсдөө өлсөж илүүдэл жингээ хаяж, сахараа багасгасныг эс тооцвол юу ч олж долоосонгүй.  Яг үнэндээ хааяа өлсөх эрүүл мэндэд тустай юм гэнэ лээ.  Тэдний тавьсан  драм муухан найруул­гатай боллоо. Үүр цүү­рээр Шар хадны эмнэл­гээс саяхан гарсан гэх нөхөр  ганган “Ланд”-тай очиж гэрийг нь яйжийл­гасныг эс тооцвол дуу­лиан тэр дороо л намд­лаа. Улиг болсон жаг­саалуудаас одоо  хэн ч юу ч хүлээхгүй биз.

Хувьсгал хийхгүй бай­лаа гэхэд хувьсгагч хүчин байж чадна гэж бас харсан нэг хэсэг бий. Хөдөлгөөн энэ тэр бол хаашдаа манайд нэг их хол явахгүй юм болсон нь харагдаж байна даа. Нэг сүртэй том шаардлага өгдөг. Нөгөөдүүл нь ший­дэх биш яаж бултахаа бодож байгаад нэг арга олоод амыг нь таглана. АНАТХ ч анх ярьснаасаа хальж, амлалт нэхэхээсээ илүүтэй УИХ-ыг тараа­хад анхаарал хандуу­лаад эхлэв. Өлссөн, бухимдсан ард түмэн тэднийг дагаад явах юм болов уу гэтэл тэгсэнгүй. Чадахгүй байж ингэж хувьсгал энэ тэр ярих хэрэг байсан юм уу.  Тэгээд ч хувьсгалыг   Болд, Д.Батцогт, Д.Нинж,  Л.Цог нар хийдэггүй л юм байна. Дээрх нөхдүүд хувьсгал хийж төр  солиод  УИХ-д дэвээд гарч ирнэ гэдэг хаашаа ч юм. Одоо юу гэж ч хашгираад ард түмэн тэднээр удир­дуу­лахгүй. Нийгэм иргэний хөдөлгөөн, иргэний ний­гэмд иймэрхүү үр дүнгүй жагсаалуудаас болоод итгэл алдарчихлаа. Ма­най сонин  энэ цуглааныг болохоос өмнө  үйл явд­лыг  хэрхэн болж өнгөрөх талаар хэд хэдэн хувил­бар дэвшүүлж байсан.  Сэтгүүлч Э.Энэрэл “Дө­рөвдүгээр сарын 5-нд юу болох тухай таамаглаж үзвэл…”  нийтлэлээрээ гурван хувилбараар жаг­саал цуглааны үр дүнг таамаглаж бичиж бай­лаа. Тэр хувилбараас хамгийн муу нь сая болж өнгөрлөө. “Сүр өрнүүл­сэн цуглаан юунд ч хүрэх­гүй. Яагаад гэвэл Иргэний хөдөлгөөн гэгчийн тар танигдаж, гууль цухуйсан учраас энэ жүжигт нь итгэх хүн олдохгүй. Ард түмний нэрийг барьж хэ­дэн хүн УИХ-д орох л пиараа үүгээр хийж байгаа хэрэг. Тэднийг нэг хэсэг хүнийг гаргаад өөрсдөө оронд нь орж суух гэсэн хэсэг нөхөд гэж цөөнгүй хүмүүс харж байна. АНАТХ-ны энэ ажиллагаа нь Мон­голд сүүлийн таван жилд байнга өрнөх болсон та­нил хэлбэр юм. Ард түмний нэрийг барьж хэн нэгнийг гутаах, мөнгөөр цуглаан жагсаал хийдэг энэ арга хэдийнээ гэрэл цохичихсон. Үүнийх нь эсрэг мөнгөөр жагсаал хийдэг арга мөн л хуу­чирсан. Мөн АНАТХ-ны ард улс төрийн индэргүй болсон хүмүүс байгаа гэсэн хар газар авч эхэл­сэн нь ил. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг улс төрийн өс хон­зонгоо авах зэвсэг болгон энэ хө­дөл­гөөнийг сан­хүү­жүүлж, идэвх­­жүүлж байгаа гэж хэвлэлээр бичих болоод удаж бай­на. Энэ цуг­лаа­ныг ийм маягаар гар хө­лийн удир­дамжаар зо­хион байгуул­бал жагсаал цуг­лаан улам бүр утгаа алдаж гудамжинд гараад хэн ч, юу ч хэлж байсан ард түмэн болоод төр засаг тоохгүй  болох нь гуниг­тай. Ямар ч үнэнийг ярьж байсан  “Энэ хэд хэний мөнгөөр хэнийгээ барьж идэх гэж яваа юм бол доо, зайлуул” гэсэн шүү юм бодоод өнгөрдөг болно доо” хэмээсэн. Таамаг­лал үнэн болсныг бид бүгдээ­рээ харлаа. Хэд хэдэн хувилбараас хамгийн муу тэр хувилбар ийнхүү АНАТХ-ны үйл явдлаар батлагдлаа. Хө­дөлгөө­ний нэрийг ха­раад өөрс­дөөс нь өөр хэн ч тоохгүй болжээ. Яаж ч өлсөөд  авч хэлэлцсэнгүй. Нууц эз­нийг нь  хэвлэлээр тодруу­лаад байсан. Тэд нь ичээд  чимээ алдрав шив. Ард нь биш,  хажууд нь байсан М.Энхсайхан өлс­гөлөнг  буулгасан нь зөв гээд сууж байна. Худ­лаа хувьсгал хийлээ. Ард­чилсан орны иргэн асуух шаардах, үг хэлэх, жаг­сах, цуглах эрхтэй гэж үздэгээрээ манай сонин л ичих нүүрэндээ тэдэнд  нааштай хандсан. Ху­вийн амбийцдаа хөтлөгд­сөн хувьсгалч болох гэсэн хөдөлгөөний цуглааны түүх үүгээр бараг дуусч байна. Одоо энэ хоёр нам хөдөлгөөнтэй хөдөл­гөөн­гүй, жагсаалтай жагсаал­гүй ажлаа хийдгээрээ л хийнэ. Төр барьж буй дээрх намууд  өөрсдөдөө дүгнэлт хийж, чадахгүй юмаа амлахаа больж,  амлалтаа биелүүлнэ гэж эх орноо барьцаалахаа байчихвал барав. 

Тэртэй тэргүй
АН, МАХН-аас өөр нам гарч
ирээд төр барьтлаа хол хэвтэх
нь  өнгөрсөн хуга­цаанд харагдлаа. Нэг их олон нам хэрэггүйг ч ард түмэн мэддэг болж.  Нэ­гэнт муу нэртэй, луу данс­тай энэ хоёроос гарцаа­гүй юм хойно элдэв хө­дөлгөөний
шаардлагаас айхгүй  ажлаа л хийх хэ­рэгтэй байна. Хэтэрхий аймхай,
нялуун зан нь тэднийг сул дорой болгож байгаа. Тэртэй тэргүй аль нэг нь төр бариад эсвэл тэврэл­дэж өвөртлөлцөөд хамт явдгаас хойш гурав­дагч
хүчин гуравдагч холбоо гэхээс
илүүтэй гуравдагч хөрш, гурав­дагч түнштэй­гээ учир зүй­гээ олохоо бодох хэрэг­тэй болж.
Тэдэнтэйгээ учраа олж Таван толгой­гоо тайван амгалан ший­дээд өмнөх хөршөөсөө хальж өрнө­дийн зүг ха­раа бэлчээвэл яасан юм.  Оюу толгойгоо­соо сургамж авч Таван толгой дээр
талцаж хэ­рэл­дэлгүй асуудлаа
шийд­вэл ард түмэн аян­даа
л ойлгоод ирнэ. Жижиг гэх намуу­даас хүч­тэй
ганц нэг нь гарч ирнэ л биз.  Мон­голын парла­мен­тын
түү­хэнд  өөр
нам эрх барих­гүй нь тодорхой
болчих­лоо. Эл­дэв хөдөл­гөөн жагсаалыг ч өрөөсөн нү­дээ­рээ
хара­хаа бай­сан энэ цагт бүх­нийг
байр байранд нь тавьчихвал дэлхий эргэд­гээрээ эргэж, Монгол орш­догоороо ор­шино
байх.