Categories
редакцийн-нийтлэл

Элчин сайдуудын томилгоо тойрсон асуудлын учир

-Т.ГАНДИ ЭЛЧИН САЙД БОЛОХ ГЭСЭН Ч БҮТСЭНГҮЙ-

Гадаад улсуудад суух Элчин сайдын
томилгооны асуудал хөндөгдөж эхэллээ. Тэр тусмаа Япон улсад Монгол Улсаа
төлөөлөн суух Элчин сайдын тухай онцгойлон яригдаж байна. Энэ албан
тушаалд БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж буй С.Хүрэлбаатарыг томилохоор
Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна. Гэтэл Япон улсын тал Элчин сайд
С.Хүрэлбаатарт дурамжхан байна. Хойд Солонгос, Японы харилцаа хэвийн бус
байгаа өнөө үед тэгэхээс тэгэх гэсэн юм шиг БНАСАУ-д Элчин сайдаар сууж
байсан нөхрийг ирүүлэх гэлээ хэмээн тэд эсэргүүцлээ. Үүнийгээ
илэрхийлсэн нот бичгийг манай Гадаад харилцааны яаманд ирүүлчихлээ гэх
мэтийн мэдээлэл түгэв. Гэвч энэ нь ор үндэслэлгүй худлаа гэнэ. Дипломат
ёсонд ийм зүйл байх учиргүй тухай албаны хүмүүс ярьж байна.

Гадаад харилцааны яамны Олон нийттэй
харилцах газрын холбогдох албан тушаалтнаас энэ талаар утсаар
тодруулахад “С.Хүрэлбаатар сайдыг Япон руу томилох гэж байгааг тус улсын
тал эсэргүүцэж нот бичиг ирүүлсэн” гэсэн мэдээлэл ор үндэсгүй юм. Олон
улсын харилцаанд мөрддөг тусгай дипломат ёс журам бий.

Нэг орон нөгөө улсдаа Элчин сайд томилох
шийдвэрээ гаргасныхаа дараа айлын талаас агреман хүсдэг. Тухайн хүнийг
айлын тал зөвшөөрч байвал хариу өгдөг. Эс зөвшөөрвөл айлын тал хариу
өгөхгүй удаадаг учраас зөвшөөрсөнгүй гэж үзээд өөр хүнийг санал
болгодог. Тэгээд ч Япон улсад Элчин сайдаар томилогдох хүн нь одоогоор
тодроогүй байна. Тиймээс Японы тал манайд нот бичиг ирүүлэх ямар ч
үндэслэлгүй. Хоёр орны харилцаатай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл
гарч байгаа нь харамсалтай юм” гэсэн тайлбар өглөө. Манайд суугаа Ялон
улсын Элчин сайдын яам ч дипломат ёсонд нийцэхгүй ийм мэдээлэл тараасан
хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл хүргүүлэх гэж байгааг өөр эх
сурвалж хэлсэн юм. Харин ч Япон улсын тал Элчин сайд С.Хүрэлбаатарыг
тааламжтай хүлээж авах талтай гэнэ. Учир нь тэрээр өмнө нь Япон улсад
Элчин сайдаар ажиллаж байсан удаатай. Энэ удаа томилогдвол хоёронтоо
очих юм байна. Тэгээд ч хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байсан
хүний хувьд Япон, БНАСАУ-ын харилцаанд эерэг хандлага гаргах байр
суурьтай ажиллана гэж үзэх хүмүүс байгаа юм.

Элчин сайдаар томилогдохоор анх санал
болгосон хүмүүсээс анхаарал татаж байсан нь Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Т.Ганди. Гэвч түүнийг АН-ын бүлэг дэмжээгүй учраас
Элчин сайд болох гэсэн хүсэл нь бүтсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж сая Италид хийсэн айлчлалынхаа үеэр тэнд Монголынхоо Элчин
сайдын яамыг байгуулаад ирсэн билээ. Тиймээс уг яаманд Бүрэн Эрхт Элчин
сайдын орон зай эзгүйрч эзнээ хүлээж байгаа. Харин энэ суудалд Т.Ганди
сайд очихоор санаархсан хэрэг. Улс төрд олон жил зүтгэсэн энэ эмэгтэйд
нам нь өндөр албан тушаалуудыг харамгүй өгсөөр ирсэн. Тиймдээ ч УИХ-ын
сонгуульд ялалт байгуулж, парламентад суух эрх авч чадаагүй хэрнээ
сайдын албан тушаалд дөмөгхөн суусан юм. Тэгэхдээ бүр хамгийн их мөнгө
эргэлдүүлж байдаг, орлого ихтэй яамны даамлаар очсон гэж байгаа. Сайдынх
нь нэр сэвтэж, элдэв янзын шүүмжлэл дагуулаад байгаагаас болсон уу
ямартаа ч гадаад улсад Элчин сайдаар явж, налайж сууя хэмээн тэрээр
үзсэн бололтой. Итали улсад суух Элчингээр томилогдчихвол тэртэй тэргүй
ирэх сонгуулиар бүрэн эрх нь хэмжигдэж байгаа сайдын албаа өгөөд санаа
амар яваад өгнө. Магадгүй түүний хувьд их улс төрөөс хэсэгхэн холдож,
тархиа амраах гэсэн зальжин аргуудынх нь нэг энэ байж болох. Гэвч түүний
хүсэл бүхэн биелж, дуртай албан тушаалдаа очоод байдаггүйг АН-ынхан
сануулж буй бололтой. Учир нь тус намын бүлэг Т.Ганди сайдыг Италид суух
Элчин сайдаар томилохыг эсэргүүцжээ. Үргэлж дардан замаар явж ирсэн
Т.Ганди сайдын улс төрийн карьер магадгүй үүгээр дуусгавар болж байгаа ч
юм бил үү. Ямагт эрхлүүлж ирсэн намынхан нь ингэж зайлуулж байгаа ч юм
уу, хэн мэдлээ.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн цаадах өнгө, наана байгаа төрх

Бидний нэрлэж заншсан морин толгой буюу газрын гүнээс газрын тосыг сорж, нэрж  байдаг техникийг хята­дууд илжгэн толгой гэдэг юм билээ. БНХАУ-ын    Дачин хот дотор 20 мянган илжгэн тол­гой байнга ажиллаж бай­даг. Хотын хаана ч гэсэн хоёр алхаад л газрын тос нэрж буй энэ техниктэй таарна. Тэнд бай­гальд хор хөнөөл учруу­лаад байгаа юм алга. Хотоор дүү­рэн мод тарьсан байна лээ. Хотын хөгжил газрын тос­ноо­соо хамаа­ралтай гэдэг нь алхам тутамд ойлгогдоно.  Энэ хотод Дачингийн орд газрын үүсэл хөгжлийн түүх­чилсэн музейг үзэв.  Газрын тос гар аргаар олборлож байсан хүнд хэцүү үеэс өнөөд­рийн хөгжлийн түв­шинд хүртэл ямар зам туулж ирснийг  энэ музейгээс үзэж болно. Музейг үзэх юм ихтэй. Үйл явдлыг яг бодит мэт харуулж чадсан байв.

Дараа нь бид Төмөр хүний музей үзэв. Төмөр хүн гэгдэх Ван Шин Жи  1932 онд тө­рөөд 47 нас насалжээ. Түүний амьдрал газрын тосны үүсэл хөгжилтэй салш­гүй холбоо­той юм билээ. Гол баатар төмөр хүн маань 47 насалсан учраас музейн шат­ны тоо ч 47, музейн өндрийн хэмжээ ч 47 метр аж. Бид хүүхэд байх­даа В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын бага насны тухай үл­гэр домгийн юм шиг үг өгүүл­бэрийг олон­таа цээжилж бай­сан шиг Ван Шин Жигийн хүүхэд нас ч бусдаас өөр байж. Зургаан настайдаа хараагүй аавын­хаа өмнөөс ажил хийж, 12 настайдаа захиргааны хэр­гийн шүүхэд хандан заргаа авч байсан гээд л түүний бага нас гай­хамшгаар дүүрэн. Нэг ёсон­доо үлгэр жишээ, удир­дан манлайлах төрөлхийн авьяас­тай бусдыгаа дагуулах хувь заяанд төрсөн хүн бо­лол­той. Мөн ядуу зүдүү, тар­чиг амьдрал нь түүнийг хөдөл­мөрч шаргуу хүн боло­ход тус болжээ. Түүх ингэж л эхэлж байгаа юм. Түүний амьдрал тэр чигээрээ л хөгжин дэвжиж, мандаж явсан бөгөөд богинохон насандаа хийсэн, бүтээсэн нь газрын тосны салбарыг хөгжихөд хувь нэмрээ оруулсан, хэрхэн хүнд бэрхийг туулж зорил­годоо хүрч байсан зэргийг кино дүрсэнд мөнх­жүүлжээ. Мөн зуурах машин эвд­рэхэд өөрөө дотор нь орж зуур­магийг биеэрээ зуурч байсан гээд л түүхэн гэрэл зургууд ч тавигдсан байв. Хүйтэнд мөс хагалан хэдэн тонн усыг жижигхэн хувингаар зөөж байсан гээд л хөдөлмөрч, чин зоригтойг нь дурджээ. Тэрээр нөх­цөл бололцоо байсан ч ажиллана, байхгүй байсан ч бий болгож ажиллана гэж ярьдаг хүн байж.

Социализмын үеийн сур­тал ухуулга шиг санагдах олон зүйл байсан ч музей өөрөө сонирхох юм олонтой, үзэж харах зүйл нь ихтэй юм билээ. Ямар ч байсан дээрх хоёр музейг үзсэн хүмүүс газрын тосны тухай тодорхой ойлголттой болоод л гарах юм билээ.

Нөгөө “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” гэдэг шиг музейг үзэх хүний хөл тасардаггүй болол­той. Гадна дотныхон ч, нутгийн иргэд ч үзэж байх юм. Нэгэнт төмөр хүний туулсан замыг бид туулахгүй ч газрын тосны салбарт ганц хүн ингэж хөлс хүчээ шавхан  зорил­годоо хүрч чадаж байхад бэлэн  техник хөгжсөн өнөө үед бид  газар доорхи шингэн алтаа ашиглаж өөрсдөө боловс­руулдаг болчихвол ч гэсэн  бодол төрж байлаа.

Буцах замдаа бид Бээжин­гийн газрын тосны сургуультай танил­цав. 1953 онд байгуулагдсан тус сур­гуульд одоогоор 51 монгол оюутан суралцдаг бол нийт гадаа­дын оюутны тоо 658 байдаг гэнэ. Сургууль, дотуур байр, лабора­тори, хоолны газар, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар, дэлгүүр гээд бүгд нэг дор болохоор оюут­нууд хотхоноосоо тэр бүр гараад байх шаардлагагүй. Хичээлийн цагийн үеэр бид тус сургуультай танилцав. Зарим ангид ороход хаа сай­гүй байдаг л дүр зураг угтав. Багш нар хичээлээ зааж бай­хад арын эгнээнд суусан хоёр гурван оюутан унтаж байх юм. Энэ сургууль гадаа­дын 90 гаруй сургуультай хамтран ажилладаг агаад манай  ШУТИС ч үүнд багта­на. Мөн Монголын газрын тосны газартай хамтын ажил­лагаатай гэж байсан. Дэл­хийн томоохон газрын тосны компаниуд эднийхээс болов­сон хүчнээ бэлтгэдэг бөгөөд ихэнх нь сургуулиа төгсөөд ажлын байр нь бэлэн байдаг учир нөгөө хичээл дээрээ унтдаг оюутнууд ч гэсэн сал­барынхаа зах зээл дээр бор­логдчихдог бололтой. Манай оюутнууд 100 хувь тэтгэлгээр суралцдаг бөгөөд хэлний бэлтгэлдээ сайн суралцаж овоо хэдэн мянган юаны шагнал авсан оюутнууд ч байдаг аж.   Тэнд сурч байгаа монгол оюутнууд Монго­лын­хоо их, дээд сургуулиудыг хотхон хэлбэрээр эднийх шиг байдаг бол оюутнуудын сурал­­цахад их нэмэртэй гэж байна лээ. Хотхоноосоо гарч яваад оройтож ирвэл хаалга хаалттай тул заасан цагаас өмнө ирэх ёстой гэнэ.

Энэ мэт газрын тостой хол­боотой олон газраар орж үйл ажиллагаатай танилцан ну­таг буцсан юм.  Манай багт өвөр монгол орчуулагч залуу,  Хятадын хөрөнгө оруу­лалт­тай компанид ажилладаг өвөр монгол залуу явсан юм. Хятадын хөрөнгө оруулалт­тай Зон хон юу туан гэж Мон­голд газрын тос үйлдвэрлэж буй компанид ажилладаг Санжжав хэмээх өвөрмонгол залуугийн бичиг баримтыг томоохон буудлууд сүрхий шалгаж сүйд болов.  Санжжав Шинжааны өвөр монгол уч­раас ийнхүү болгоомжтой ханд­­сан юм байна. Учир нь Шинжаан уйгарт гарсан Өвөр Мон­голчууд бослого үймээн гар­­гасан учраас ноднин жи­лээс өвөрмонголчуудыг то­моо­­­хон буудлуудад буул­гах­гүй байсан аж. Үүнээс өөр айх­тар бэрхшээлгүй өмнөд хөр­шөөрөө зорчиж, алт нүүрс­­­­нээс гадна газрын то­соо боловсруулж эхэлбэл баян болох нь гарцаагүй юм бай­­­на гэсэн бодол тээсээр ирлээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтарсан Засгийн газрын баадуу зогсов

Хамтарсан Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Бат­тулга өнгөрсөн долоо хоногт хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Ярилцлага одоогийн улс төрийн нөхцөл байдалд чиг заагч алтан гадас болохоор байна. Сөргөсөн, сөхсөн, анхааруулсан, буруутгасан олон өнгөтэй нь уншаад өнгөрөх бус үйл явдлын өрнөх гарц гаргалгааг бэлхнээ ургуулж харагдуулж байгаад гол утга учир байна.

Хамтарсан Засгийн газрыг нэгтгэж, торгоож байгаа эрхэм нь 
Х.Баттулгыг гэж бичих болоод удаж байгаа. Үүнийг аль, аль намынхан өөр хоорондоо ярьж, хэлцдэг. МАН-ынхан битүү­хэн­дээ Женкогийн байр суурь ямар байгаа бол гэж сэм танддаг. Ийм хүндтэй, хэрэгтэйгээс хэрэгтэй сайд Х.Баттулга кабинетээ хам­гийн ойлгомжтой бөгөөд нухац­тай­гаар шүүмжилж орхилоо.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай нь ард иргэдэд хан­галтгүй байна гэдгийг тус Хам­тарсан Засгийн газрын нэг ги­шүүн нь юуны өмнө ил тодоор мэдэгдэв. Гэхдээ түүний ийн хэлснийг тогоон дотроосоо урваж шарвасан гэхээс илүү ажлыг урагшлуулах гэж үзэхдээ эрх ашиг, сонирхлын зөрчилд баглаг­даад, аргаа барж, үсээ үгтээсэн улстөрчийн үг гэж үзэхэд бо­лохоор байгаа юм. Тэр “Хувийн компанийн ажлаас төрийнх хоц­роод яваад байдаг. Энэ нь ойл­гомжтой, зохион байгуулалттай шүү дээ” гэж харамсчээ. Х.Бат­тулга сайд нэг ноцтой зүйл мэдэгдсэн нь “Эрдэнэс МГЛ” 
нүүрсний
зах зээлийн ханш 110 ам.доллар байхад 70 ам.долла­раар гэрээ хэлэлцээ хийчихсэн, үлдэж буй 40 ам.доллар нь ард түмний хөрөнгөнөөс хумсалж хулгайлж байгаа хэрэг гэжээ. Өнгөрсөн 11-ний өдрийн Хятадын уул уурхайн сайт дээр хүрэн нүүрс нэг тонн нь 96.8-117.4 ам.доллар, коксжсон 193.5-225.8 ам.доллар ханштай гэсэн мэ­дээл­лийг харвал сайдын хэлсэнд эргэлзэх шаардлага алга.

Гэхдээ мань хүн дээрх бүг­дийг Засгийн газрын хуралдаан дээр хэлээд ч дэмжлэг аваагүй гэдгээ нэмж хэлсэн байв. Мөн татвар төлөхөөс зайлсхийж, Ухаа худгаас гаргаж авч буй нүүрсийг 70 ам.доллар гэсэн дарсан үнэ хэлж байгаа ч хилийн цаана өөр үнээр зардаг гэж барин тавин мэдэгдлээ. Хариуцлагатай ажил хийдэг хүн хариуцлагатай мэ­дэгдэл хийж байгаа байлгүй. Уг нь Засгийн газрын гишүүд УИХ дээр мэдэгдэл, мэдээлэл хийх­дээ яаж ийгээд л Засгаа өмөөр­дөг сөн. Тэгвэл Х.Баттулга гишүүн Засгийн газрын ажиллаж буй байдал, хурд, үр дүнд сэтгэл дундуур байдгаа зарлалаа. Ин­гэс­нээр танхимын дарга С.Бат­болд бас тэргүүн дэд дарга, Таван толгойн ажлын хэсгийн ахлагч, АН-ын дарга Н.Алтанхуягийг ажлаа муу хийж байна гэсэн дүн тавилаа. УИХ-аас Оюу толгой, Таван толгойтой холбоотой асууд­лууд дээр тодорхой тогтоол гаргаж, үүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Парла­мен­таас бүх шийдвэр чиглэлийг нь хуульчлаад мөнгө төгрөг нь хүртэл байгаад байхад ажил явахгүй байна гэж үглэжээ. Ажил явахгүй байна гэж хэлэхээр Н.Алтанхуяг явж байгаа гэж хэлдэг, ам мурийгаад удаж бай­гаагаа нуусангүй. Засгийн газар үйлдэж буй үйл бас эс үйлд­лээрээ дагахгүй яваад ирснийг УИХ-ын гишүүд шүүмжилдэг нь оргүй биш бололтой. Үүнийг Засгийн газрын танхимын ги­шүүн нь хэлсэн болохоор хэрхэн итгэхгүй байх билээ. Угаасаа энэ кабинет нэг баг болж ажилла­даггүй, нэг намынхандаа бол нээлттэй нөгөө гаднаас орж ирсэн АН-ынханд хаалттай бай­даг бололтой юм гэсэн ойлголт уг ярилцлагаас нэвт харагдаж байгаа юм.

Тэрбээр “Энд тэнд болоод байгаа шиг дайн дажин, үймээн самуун алга. Дотоод талд хэрүүл тэмцэл гэж алга, гадаа жагсдаг иргэд, хөдөлгөөн алга. Одоо бүх шийдвэрийг УИХ батлаад гарга­чихсан, бас дээр нь мөнгө байна. Дээд зэргийн таатай уур амьсгал дунд л байна даа, уг нь. Одоо юу болохгүй байгаа юм, бүү мэд. Би бодоод олохгүй байна” гээд бүр “Дотроо байгаа мөртлөө шүү” гэж тодотгосон байгаа юм.

Ер нь энэ ярилцлага энэ төрд байгаа олон бүтэхгүй зүйлийг ил гаргаж өгснөөрөө ач холбогдол­той. Нэг гараараа архи зарж, нөгөө гараараа хууль баталдаг хүмүү­сийг шүүмжилж, Монголын бая­лаг хэдхэн гэр бүлийн гарт орж байгааг шүүмжилсэн нь танил тал, арга залиар бизнесээ өргө­жүүлдэггүй дундаж монголчуудад хамгийн ойрхон бууж байгаа мэдээлэл билээ. Бас эрхэм сайдын ярилцлагадаа өгүүлсэн нэгэн жишээг нэхэж дурдахаас аргагүй. Макдональдсын сүлжээ Монголд орж ирдэггүй нь иргэ­дийн орлого хүрэхгүй гэсэн судалгаатай нь холбоотой байдаг ажээ. Тав, зургаан мянгаар хачиртай талх аваад идчихээсээ зүсэм талх, шөлөөр өл залгачих­даг хүмүүс Монголд олон байна. Тиймээс нийгмийн дийлэнх нь ядуу Монголын нийтийн хоолны салбарт орж ирвэл дампуурна гэж дэлхийд тархсан энэ сүлжээ­нийхэн үздэг ажээ. Гэтэл мон­голчуудын баян болсны баталгаа болж байгаа гэгддэг Zegna, LV орж ирснийг авлигатай улс оронд орж ирдэг, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст л зориулагдсан гэдэг юм байна. LV-гийн салбарыг манайд анх нээгээд ганцхан сарын дотор борлогдсон барааны мөнгөн дүнгээ үзээд Бээжингээс манай­хыг хамаардаг салбарынхан цочролд орсон гэж дуулддаг. Тэд Монголд ингэж ихээр борлогдоно гэж зүүдлээ ч үгүй байж л дээ. Тэгэхээр үүнийг эргүүлээд унши­хаар “Монголд авлига хөгжсөн ч гэсэн ингэж ихээр хөгжсөн гэж санаагүй байсан” гэж ойлгог­дохоор.

Сайд Х.Баттулга баттай үнэ­нийг хэлсэн шиг хэлэв бололтой. Түүнээс жижиг сажиг найраа, хуйвалдаанд оролцоод байхгүй чанар илэрдэг. Тоймтой тулхтай, нийтлэг эрх ашгаа гэсэн сэтгэл харагдаад байдаг. Тиймдээ ч энэ удаад намынхаа даргыг танхи­мынхаа даргатай нийлүүлээд шулуухан буруушаав. Аль өнгөр­сөн сонгуулийн үеэр АН-ын дарга байхдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж тавьсан “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно” гээд Монголд эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй сонгуульд орж байсныг одоо 
“Эдийн Зас­гийн хувьсгал хийнэ” гээд зар­лаад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаагаа тэр хэлжээ. Бас каби­нетээ муу ажиллаж байгаа гэж дүгнэсэн нь Ерөнхий сайд С.Бат­болдод хаягласан нь мэдээж. Нөгөө талаас намынхаа даргыг шилдэг арван улстөрчийн жаг­саалтад багтаж чаддаггүй, өөрийнхөө өнгөн дээр намын рейтинг өндөр гэж үздэг нь буруу. МАН, МАХН гэж хоёр салснаар АН илүү рейтингтэй харагдаж байгаа хэрэг хэмээжээ. Даргад тал засахыг мэддэггүй энэ нөхөр танхимынхаа хоёр даргаа хоёу­ланг нь ийнхүү хусч орхиж. Хэн нэгэн улстөрч ингэж мэдэгдсэн бол өөр хэрэг. Харин Женко Х.Баттулга ингэж мэдэгдсэн нь дараагийн гаргалгаануудад хүр­гэж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын цаг зогсох нь тодорхой болжээ. Үүний баадуу нь болж байсан Х.Баттулга дээрх мэдэгдлийг хийснээрээ үүнийг нотолж байна. Бас АН-ын даргын суудалд тэр өрсөлдөх хүсэл хийгээд төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байгаа нь харагдаж байна. Н.Алтанхуяг даргад хаяг­лан үгээ дайж, ҮЗХ дүгнэнэ биз гэснээрээ шатахуун шингээсэн алчуур ҮЗХ-ныхоо голд шидчих­лээ гэсэн үг юм. Намын асуудал бол жижиг асуудал. Жинхэнэ ҮЗХ нь хуралдаж, намынхаа даргыг шүүмжилсэн гишүүнтэйгээ асууд­лаа ярина биз. Харин Зас­гийн газарт асуудал өөрөөр тусч таарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар бол нам шиг фракцуудын нэгдэл болж ажиллаж таардаг. Засгаа шүүмжилсэн кабинетийн гишүүнд огцрох шийтгэл ирэх ёстой байгаа юм, уг нь.

Ерөнхий сайд бардам хий­гээд зоригтой бол Засгийнхаа ажлыг шүүмжилсэн сайдыг огц­руулчих бүрэн эрхтэй. Гэвч Сү.Батболд Женког яадаг юм бол доо. Хамтарсан Засгийн газрыг 
нь тогтоож буй сүүлийн тороос болохоор чадахгүй л байх даа.

Э.ЭНЭРЭЛ

 

Categories
редакцийн-нийтлэл

ЭРХ БАРИГЧИД энэ хоёрыг яагаад зуугаад байдаг вэ?

Өмнө нь энэ тухай бичиж бай­сан л даа. Үйл явдал өрнөж байгаа учир дахиад л  бичих хэрэг гарлаа. Уг нь аль 2009 оны сүүлээр л эхэлсэн хэрэг явдал. Гэвч  одоо ч үргэлжилсээр байгаа учир л сөхөж байгаа хэрэг. Сэтгүүлч А.Баатар­хуяг, Г.Уянга нар Л.Гансүх сайдын    байрны үнийг нь өсгөж хэлсэн, нэг нь бичсэн гэдгээр шүүхийн хаалга, цагдаагийн хаалгыг  хичнээн ч удаа татав. Сайдын 165 сая төгрөгөөр авсан байрыг  сая доллар гээд хоёр сэтгүүлч хэлчихсэнд хамаг учир байгаа юм.  Ганц Л.Гансүх сайдыг ч сая долларын байр авсан гэж бичээгүй. Ё.Отгонбаяр сайдыг ч тэгж  хэлж, бичсэн шүү дээ. Тэглээ гээд Ё.Отгонбаяр сайд сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд гүйхгүй л байна.

Ер нь Л.Гансүх сайд Зайсанд таун хаус их сайн хямдруулаад 165 саяар авсан юм бол тэр мөнгөө хаанаас авав гэдэг ч бас эргэл­зээтэй шүү дээ. Тэгээд ч сэтгүүлчид хардах эрх бий. Засгийн газрын гишүүн Оюу толгойн  гэрээ батлагд­са­ны дараа, Ухаа худагийн 256 километр автозамын зөвшөөрөл олгогдсоны дараа MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалангаас  байр авсан байхад хардах логик үндэс­лэл аяндаа гарч ирнээ дээ.

Тэгж хардсаныхаа төлөө өнөө­дөр энэ хоёр сэтгүүлч буруу­тан болох дээрээ тулаад байгаа юм. Сайд хоёр сэтгүүлчийг “хор­хой­той араа”-ндаа тас зуучихаад, таг зууралдчихаад салж өгөхгүй нэгий­гээ үзнэ гээд зүтгэлээ. Тэгээд хоёр сэтгүүлчийг “Уучлалт гуй. Тэгвэл өргөдлөө татаж авна” гэж бас гүрийгээд байгаа.

Дээр нь өөрийн гараар бичсэн өргөдөлдөө “Г.Уянгын төрсөн өдөр 12 дугаар сарын 25-нд юм байна. Тиймээс барьж авч ир” гэсэн утга­тай юм бичсэн гэж байгаа юм. Заавал хүний хорвоод мэндэлсэн өдөр нь хорьж барих гээд байдаг нь ч юув. Дэндүү хүний жудаггүй хэрэг биз дээ.

Хоёр сэтгүүлчид хамтран зүт­гэгч, найз нөхөд нь санаа тавьж зөвлөхдөө “Үнэхээр 165 саяар тийм хаус авч болсон юм бол тэр үнээр нь та хоёр авчих. Бид мөнгө цуглуулаад ч болов тус болъё” гэжээ. Тэр хоёр ч “Байж болох л санаа байна” гэж хүлээж авч бай­гаа юм байна. Хэрэв сайд байраа авсан үнээрээ зарчих юм бол А.Баатархуяг, Г.Уянга хоёр “Үнэ­хээр тийм үнийн дүнтэй байр байс­ныг буруу үнэлжээ, бид” гэж хэлээд уучлалт гуйхад бэлэн гэнэ. Нээрээ ч айлын голомт самарч, хоёрын хоёр хүнийг хамтад нь шоронд явуулж байснаас авсан үнээрээ байраа зарчихаад, дээр нь уучлалт гуйлгачихаад нэр цэвэр явбал ядаж бүтэн нойртой хононо биз дээ. Тэгээд Л.Гансүх сайд хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шо­роон ордыг ашиглахгүй байгаа гээд л байсан. Хаа сайгүй л шороон орд ашиглаж байгаа талаар манай сэтгүүлч нэлээд хэдэн цуврал сур­валжлага хийж сониндоо хэвлүүлж байсан. Тэгэхээр өөрөө ч бас дандаа үнэнийг ярьдаг хүн биш болж таарч   байна. Сайд уг нь хоёр сэтгүүлчтэй биш хууль зөрчигсөд­тэй ингэж тэмцвэл зүгээр сэн.

Ямар ч байсан гэр бүлийн хоёр сэтгүүлч энэ Засгийн газрын нэг сайдыг шүүмжилсэн хэргээр шо­ронд явах дээрээ тулаад байна.  Тэр хоёр явчихвал гурван хүүхдийг нь яана гэж бодсон юм бол, эрхэм сайд. Хуучин цагт өглөө ажилдаа яваад орой шоронд явчихсан  тохиолдол  зөндөө л байсан гэдэг.  Хүүхдүүдийг нь гудамжинд гаргаад гэрийг нь хурааж, аав, ээжийг нь шоронд хийдэг байсан тэр үе  одоо цагт давтагдах хэрэг үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гэр бүлийн хоёр сэтгүүлч­тэй  Ардчилсан намд хамт ажиллаж байсан хүмүүс. Нэг зүг рүү харж, нэг  зүйлийн төлөө зүтгэж нөхөрлөж явсан андууд.

Тэгвэл нэг нь сайд болоод шударга ёсны төлөө сэтгүүл­чийн­хээ хардах эрхийг эдэлсэн  нөгөө хоёрыгоо шоронд явуулах нь ээ. Ингэх нь хүний хувьд, ёс сурта­хууны хувьд  муухай юм. Гансүхэд ингэхээ бай, боль, гэх хүн ч алга. Тойрон хүрээлэгчид нь ингэхээ боль гэх нь байтугай харин ч дөгөөж “Наадуулаа шоронд нь явуул” гэдэг бололтой юм. Гэтэл Л.Гансүх үгэнд нь ороод тэр хоёртой үзээд байдаг.    Хоёр сэтгүүлч угаас эрх баригчдын болох болохгүйг дэлгэж байдаг хүмүүс.  Энэ хоёрыг барьж, хорих гээд байгаа нь  дуугүй болгох л зорилго нь байх.       

А.Баатархуяг, Г.Уянга, О.Маг­най, Ж.Батзандан энэ дөрөв л эрх баригчдын эсрэг үнэнээсээ тэмцэж байснаас бусад нь бол итгэхэд бэрх л байдаг ш дээ. Ж.Батзандан, О.Магнай хоёр нь долдугаар са­рын нэгний хэргээс болж цаазтай ял хүртэл сонсохдоо тулж байлаа. Гэтэл Г.Уянга, А.Баатархуяг хоёр болохоор Засгийн газар, эрх ба­ригч­дын зуултанд орсон.

Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй болох талаар  яриг­даж байгаа ч хойшилсоор байна.  Энэ хоёр сэтгүүлчийг шоронд явуулж байж араас нь шийдэх гээд хүлээгээд байгаа ч юм билүү.  Монголын хэвлэл мэдээллийнхэн Г.Уянга, А.Баатархуяг хоёрыг сэт­гүүлч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлийн үед сэтгүүлчид маань  даргад долигонон,  нэг бүлэглэлийн захиалгаар нөгөө бүлгийг муулах  ажил хийх нь олширсон. Гэтэл сэтгүүлчийн ажлаа үнэнчээр хийж байгаа, эр зориг гаргаж дуугарч чадаж байгаа гэр бүлийн хоёрыг номхон морь ноолоход амар гэдэг шиг л амар заяа үзүүлэхгүй ноол­соор эрх баригчид удаж байгаа.   Гэр бүлийн, идэр насны хоёр сэт­гүүлч улс төрийн тэмцэл хийж байна гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн ажлыг үнэнчээр хийж байгаа. Баримт гаргаж ирдэг, эрэн сурвал­жилж мэдээллийг олдог, олон нийтэд далд байгаа зүйлийг ил болгодог сэтгүүлчийн ажлыг энэ хоёр хийдэг. Ард түмний өмнөөс хардах, ард түмний өмнөөс бичих, ард түмний  дуулаагүй юмыг дуул­гах үүрэг сэтгүүлч бидэнд  байдаг. Тэр хоёр ингэж л ажиллаж байгаа.

Үе тэнгийнхэн нь эрх баригчдад үйлчилж байхад эрх баригчдын эсрэг дуугарсан энэ хоёрыг ад шоо үзэх биш,  мэргэжил нэгтэй нөхдөө өмөөрч дуугаръя гэсэндээ үүнийг бичлээ. Энэ хоёрыгоо шоронд хийлгэхгүй, хамтдаа эрх баригчдын алдаа дутагдал, буруу булхайг дэлгэж, ард түмэнд үнэнийг нь илчлэхийн төлөө зүтгэцгээе. Өнөө­дөр энэ хоёрт тохиолдоод буй зүйл маргааш хэнд маань ч ирэхийг байг гэхгүй. Сэтгүүлч бидэнд хардах эрх бий.

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Иргэд рүүгээ буу шагайх хуулийн төслийг Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьсан

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бод­логын зөвлөх М.Бат­чи­мэгтэй ярилцлаа.

Сүүлийн үед төр ир­гэд рүүгээ буу шагайдаг болох нь. Үзэл бодлоо илэрхийлээд жагсах үед ч бууддаг болох нь гэж байна. Үнэхээр ард­чил­сан төрд ийм юм байж болох уу?

-Үүнийг харин өөрөөс чинь, бас иргэдээс асуу­маар байгаа юм. Энэ та­лаар хэн нэг албан ту­шаалтан байр сууриа илэр­­хийлэхээс илүү ма­най иргэд, сонгогчид юу гэж бодож байгааг мэдэх нь ийм юм санаачлаад байгаа улстөрчдөд илүү цочоо өгөх байх. Аль бо­лох олон хүн энэ талаар яриасай гэж бодож байна.

Та аюулгүй байд­лын асуудлаар Ерөн­хийлөг­чид зөвлөдөг хүн шүү дээ?

-Миний хувьд байр суурь тодорхой. Ц.Ням­дорж сайд ийм хууль са­наачлаад явж байна шүү гэж хамгийн түрүүнд са­наа зовж, сонин хэв­лэ­лээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж бай­сан хүмүү­сийн нэг нь би. Тэр ч ут­гаараа Засгийн газраас ийм хуулийн тө­сөл УИХ-д өргөн бариг­даж байна шүү, Ерөн­хий­лөгчийн зү­гээс Засгийн газрын хэ­лэлцүүлгийн түвшинд байр сууриа то­дорхой илэр­хийлсэн, эсэр­гүүцсэн.

УИХ-ын түвшинд асуудлыг ну­хац­тай анхаарч үзээрэй гэдгийг их хурлын гишүүдэд хэлж ярьж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байна.

АНын бүлэг хуулийн төслийг буцаах санал гаргасан, та үүнийг хэлж байна уу.

-Тийм. Гэхдээ энэ асуудлыг шүүмжилж байгаа нь зөвхөн АН-ын гишүүд бус, үүнийг шүүмжилж байгаа олон гишүүн байгаа гэж бодож байна.

Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар байр суурьтай байсан бэ?

-Тэр асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр би Ерөн­хийлөгчийн байр суурийг тайл­бар­ласан. Аргагүй нөхцөл байдал үүсч, улс оронд онц байдал зарлаагүй л бол дотооддоо, тэр тусмаа ард иргэдийхээ эсрэг цэрэг, зэвсэгт хүчин оруулж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг. Бас онц байдал зарлаагүй нөхцөлд цөөн хүн дур зоргоороо цэрэг, зэвсэг хэрэглэх үүдийг нээснээр ардчиллыг нухчин дарах, төрийн эргэлт гарах, цаашилбал улс орон иргэний дайн гарах нөхцөл үүсдэгийг ч хэлсэн. Үндсэн хуулийн эсрэг ийм заалтыг хуульчилж болохгүй гэж үзсэн. Ха­рамсалтай нь Ц.Нямдорж сайдаас эхлээд үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс гүйцэтгэх засаглалтай эрх мэдэл булаалдаж байгаа хэрэг гэж тайл­барлаж, над руу дайрч давшлаад өнгөрсөн. Элдвээр мэтгэлцэж байж нэг юм зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасч, бусдыг нь хэвээр үлдээх шийд­вэр гаргасан.

Энэ төслийг оруулж ирсэн гэж ХЗДХийн сайд Ц.Нямдоржийг ихээхэн буруутгаж байна. Таны харж байгаа өнцгөөр хашир сайд юунд үндэслэж бас найдаж энэ саналыг оруулж ирсэн юм бол?

-Ц.Нямдорж сайдыг би хэтэрхий олон жил төрийн чухал албан дээр дур зоргоороо авирлаж сурчихаад ингээд байж болдог юм, ингэж л нэр нөлөөгөө бэхжүүлдэг юм гэсэн итгэл үнэм­шилтэй болчихсон хүн юм уу гэж боддог. Эрх мэдэл, эрээ цээргүй байдлаараа улс төр хийж амжилт олж сурчихсан хүмүүс ганц Ц.Нямдорж сайдаар хязгаарлагдахгүй болжээ. Ийм хүмүүс улам л олон нийтийн санаа бодлоос өөрсдийгөө таслаад, явах тусам буруу замаар будаа тээх магадлал нь өндөр болоод байдаг юм байна. Хүмүүс Ц.Нямдорж сайдыг цагдаад галт зэвсэг өгч, ард түмний эсрэг буу шагайлгах гэлээ гэж эм­зэг­лэж байна. Гэтэл ингэж хүсч байгаа хүн ганц Ц.Нямдорж сайд биш шүү дээ.

Өөр ямар хүмүүс байгаа юм бэ. Та нэрлэж чадах уу?

-Ард иргэдийг айлгаж, эмзэглүүлж байгаа энэ асуудлыг санаачилсан хүн нь Ц.Нямдорж сайд боловч Засгийн газар танхимаараа үүнийг хэлэлцээд, дэмжээд УИХ-д өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг хүний асуудал биш, Монгол Улсын өнөөгийн Засгийн газар танхимаараа ийм байр суурьтай байна гэсэн үг.

Хамтарсан Засгийн газарт АНын сайд нар ч байгаа шүү дээ, тэд ямар байр суурьтай байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд Ардчилсан намын сайд нараас эргэлзсэн, тат­галзсан байр суурь илэрхийлсэн нь Засгийн газар дээр Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзаж үзэх, ядаж зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасуулахад дэмжлэг болсон гэдгийг энд хэлэх ёстой.

Үндэстэн дотроо аюулгүй байхын тулд буу зэвсэг агсах нь хэр зөв юм бол?

-Хамгийн ноцтой нь одоо яригдаж байгаа хуулийн төсөл дээр ганц цагдаад галт зэвсэг хэрэглүүлэх асуудал төдий бус, иргэдийн жагсаал цуглааныг дарахад дотоодын цэрэг, хилийн цэргийг оруулах асуудал байгаа. Засгийн газар дээр хэлэлцсэн эхний хувилбараар бол бүр зэвсэгт хүчин тэр чигээрээ дайчлагдах төсөл явж байсан. Төр ард түмнийхээ эсрэг буу шагайна, цэрэг оруулна гэдэг Ардчилсан орны хувьд байж болшгүй зүйл. Монголд ерэн онд ч ийм явдал болж байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм асуудал ороод ирэхэд Засгийн газар байх ёстой зүйл мэт огт цочихгүй хэлэлцээд, бүр дэмжээд алх цохиод явчихсанд нь би хувьдаа үнэхээр цочирдсон. Манай байдал бодсоноос хамаагүй дор байгаа юм байна, зарим хүмүүс эрх мэдэлдээ ташуурч юу хийж байгаагаа ч нухацтай бодохоо больчихжээ гэдгийг л илүү  тод мэдэрсэн.

Та хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг нэгтгэснийг нэлээд шүүмжилж байсан. Тэдгээрийг нэгтгэснээр ямар сөрөг үр дагавар бидэнд гарах вэ. Яг одоо эхнээсээ мэдэгдэж эхэлсэн зүйл байна уу?

-Ц.Нямдорж сайд цэрэг цагдаа бүгдийг нь дотоод яамны мэдэлд авч нийгмийг атгандаа байлгахыг, хуучны дотоод яамыг сэргээхийг хүсч байна гэдэг нь сүүлд санаачилсан энэ хуулийн төслөөс хүмүүст ойлгогдож байгаа байх. Тэгэхээр яагаад цэрэг, цагдаа, тагнуулын сургуулийг нэгт­гэхээр улайрсан, одоо ч тэр хууль бус шийдвэрээ хамгаалж байгаа нь ойл­гогдох байх. Сөрөг үр дагаврын хувьд гэвэл энэ шийдвэр аюулгүй байдлыг хангах тогтолцоог дампуурал руу түлхэж байгаа. Цагдаагийн академийн сонсогч нарт цэргийн дарга нар хичээл заагаад эхэлсэн гэж бодохоор хү­мүүст бид чинь юу руу л яваад байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж таарна. Нөгөө талаас, хууль хэрэг­жүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж хуулийг үл тоомсорлож дур зоргоороо авирлаад ирэхээр энэ улс орон цаашид юу болох вэ гэдэг бол хамгийн ноцтой асуудал. Миний бод­лоор Монголд улсад Хууль зүйн яамыг байхгүй болгоод оронд нь бүх хүчний байгууллагаа атгасан хэмжээгүй эрхт Дотоод хэргийн яам байгуулах ажил л яваад байх шиг байна. Гэхдээ дахиад онцлоод хэлэхэд гурван сургуулийг нэгтгэх асуудлыг Ц.Нямдорж сайд ганцаараа шийдээгүй, Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэр­лэ­сэн. Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн шийдвэрээ эргэн харж цуцлах шаард­лагыг Ерөнхий сайдад хүр­гүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Хилийн цэргийн дээд сургууль гэдэг цэргийн ангийн ду­гаартай, статустай, байлдааны тугтай цэргийн байгууллагыг хууль бусаар татан буулгаад, галт зэвсгийг нь нэг тийш зөөчихсөн байгаа. Хуулийн дагуу байршил өөрчилсөн, шинэ анги бай­гуулагдаж шилжүүлсэн зүйл огт байхгүй. Санаатай, санамсаргүй аль нь ч бай, хуулийг уландаа гишгэсэн үнэхээр том завхрал явагдаж байна. Хууль биелүүлдэг эрүүл саруул тогтолцоотой газарт энэ бол байж болшгүй зүйл.

Одоо тэгээд цаашаа яах вэ?

-Засгийн газар өөрийн хууль бус тогтоолоо хүчингүй болгохгүй бол түүнийг хүчингүй болгох эрх нь УИХ-д байдаг. УИХ-д хандаж асуудлыг тавихаас өөр аргагүй болж байна. УИХ бол ард түмний төлөөлөл болсон, сонгуулиар иргэдэд ажлаа шууд тайлагнадаг байгууллага. Ийм асуу­далд УИХ Засгийн газраас илүү нухацтай хандах байх гэж найдаж байна. Энэ алдаатай шийдвэрийн хор уршиг нь их, хэвээрээ байгаад байвал урт хугацаанд улс оронд олон уршиг дагуулна гэж санаа зовж байна.

Санаа зовох гэснээс, сэдвээсээ жаахан хазайгаад таны хувийн үзэл бодлыг сонирхмоор санагдлаа. Эмэгтэй хүний хувьд танд энэ ажил чинь хүнд санагдах үе байдаг уу?

-Энд эрэгтэй, эмэгтэй хүн гэхээс илүү мэргэжлийн итгэл үнэмшил чухал гэж би боддог. Ерөнхийлөгч итгэж найдаад ийм том хариуцлага оногдуулж байхад би эмэгтэй хүн гээд хойш суух боломжгүй. Тэр тусмаа хариуцсан чиглэлээр ийм хууль бус, бусармаг явдлууд өрнөөд байхад нүдээ аниад чимээгүй суух эрх байх­гүй шүү дээ. Сүүлийн үед өрнөөд байгаа энэ “хүчний” гэгдэх байгуул­ла­гуудын асуудлаар өөрт заримдаа амаргүй ч гэсэн олон түмэнд мэ­дээлэл, ойлголт өгч байх нь, улс орны ч, иргэдийн ч аюулгүй байдалд, бас Монголын төрийн дархлаа батжихад ч  хэрэгтэй гэж боддог. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч яг ийм үзэл санаа шингэсэн. Улс үндэсний аюулгүй байдал монгол хүн бүрийн сонор сэрэмж, ухамсартай үйл ажиллагаан дээр суурилна, тиймээс төр иргэдээ шаардлагатай мэдээл­лээр нь хангаж байх ёстой.

Та сүүлийн үед дээр яригдсан асуудлуудаар нэлээд ярьж, бичиж байх шиг. Үүнийг тань Ерөнхийлөгч аюулгүй байдлын чиглэлээр энэ асуудлуудыг хамгийн их анхаарч байна гэж үзэж болох уу?

-Яг тийм биш ээ. Энэ бол анхаар­лын төвд байгаа асуудлуудын нэг л хэсэг нь. Ерөнхийлөгч аюулгүй бай­далтай холбоотой олон асуудал дотор хүний аюулгүй байдалд онцгой ан­хаардаг гэдгийг хэлмээр байна. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс хүн нь аюулгүй байж аюулгүй оршино. Гэтэл өнөөдөр Монголд хүний аюулгүй байдлыг хөндсөн олон ноцтой асуудал бий болсон. Ерөнхийлөгчийн амьдрах орчноо эрүүлжүүлж мод тарих, агаа­рын бохирдлыг бууруулах, газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрс­дэлийг бууруулах, архидалттай тэм­цэх, цөмийн хог хаягдлыг бүрмө­сөн хориглох гээд олон асуудал үүнд чиглэгдэж байгаа. Сүүлийн үед хүнс­ний аюулгүй байдлын асуудлаар ажлаа эрчимжүүлэх зорилт тавьж байна.

Та мэдээж эмэгтэй хүний хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн орол­цоог нэмэгдүүлэх асуудлыг дэмж­дэг байж таарна. Тийм үү?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдээд ирэхээр улс орон бүхэлдээ хождог юм байна, улс төр илүү ажил хэрэгч, зарчимтай болдог юм байна гэдгийг гадны улс орнууд өөрсдийн жишээн дээр хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай улс төрд, бүр явцууруулж хэлбэл наад зах нь улсын төсөв хуваарилахад эмэгтэйчүүд, эхчүү­дийн оролцоо бараг байхгүй байгаагийн золиос нь бохир заваан хот, хортой хоол хүнс, эх нялхсын эрүүл мэнд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, гэр бүлийн элдэв бэрхшээлтэй асуудлууд гэж би боддог. Боловсрол, эрүүл мэндийн салбар уналтын байдалд байгаа нь ч үүнтэй холбоотой. Манайд наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд хэчнээн олон байгаа билээ. Тэд ялгаагүй л Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөөд, амьдралын хатуу ширүүнийг нуруун­даа үүрээд явж байгаа монгол ээжүүд. Энэ мэт нийгмийн эмзэг асуудалд эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй ханддаг гэж би боддог. Төр тэр болгон хүрч чадахгүй байгаа ийм газруудад эмэг­тэйчүүд голдуу толгойлсон төрийн бус байгууллагууд идэвх гаргаад явж байдаг шүү дээ.

Сонгуулийн хууль гарахын өмнө эмэгтэйчүүдийн квот гэж их ярьдаг. Эрчүүд нь үүнийг бүр аймшгийн зүйл ярьж байгаа мэт хүлээж авах нь ч байх юм. Үүнийг квотоор шийдэж өгөх нь ямар хэрэгтэй юм бэ?

-Чадалтай юм бол өрсөлдөөд гараад ир гэж хэлдэг эрчүүд цөөнгүй байдаг л даа. Энэ бол шударга л үг. Гэхдээ шударга үг шударга орчинд л үнэтэй. Гарааны нөхцөл адил тэгш өрсөлдөөнийг л шударга өрсөлдөөн гэдэг. Гэтэл Монголд ч, гадны орнуу­дад ч эмэгтэйчүүд улс төрд ороход нэн түрүүн хоёр бодитой саад учирдаг. Нэгд, эрчүүд давамгайлсан улс тө­рийн орчинд угаасаа эрчүүд орон зайгаа алдах хүсэлгүй, тиймээс ч аль болох өөрсдөдөө ашигтай тохироо бүрдүүлээд, хоорондоо үгсээд явчих­даг. Нөгөө нь, улс төр их мөнгө шаарддаг. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой, чадалтай, нийтийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхтэй байлаа гээд мөнгөгүйгээсээ болоод улс төрд орж чаддаггүй. Ийм нөхцөлийг түр хугацаанд зөөллөж гарааны нөхцөлийг ойролцоо түвшинд аваачих үүднээс л олон оронд тодорхой хугацаагаар квот хэрэглэдэг юм билээ. Манайд ч ийм л утгаар квотын асуудал яригдаж байгаа гэж боддог.

Дэлхийн улс орнуудад шийд­вэр гаргах түвшиндээ эмэгтэй­чүү­дийн оролцоог тэгш байлгахын тулд ямар алхмуудыг хийсэн бай­даг юм бол?

-Парламентын квот бол сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал. Сонгогчдын тодорхой хэсэгт квотын дагуу зөвхөн эмэгтэй хүн сонго гэж тулгах боломжгүй. Иймээс квотын тогтолцоо пропороциональ системд л үйлчилнэ гэдгийг бодох ёстой. Нөгөө талаас зөвхөн сонгогдох бус, томилог­дох түвшинд ч эмэгтэйчүүдийн тө­лөөл­лийг нэмэгдүүлэх чухал. Энэ бол сонгуулиас илүү амар бөгөөд богино хугацаанд шийдэж болох асуудал.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Нарантунгалаг: Би ялалт байгуулах бүртээ уухай хашгирдаг

Холимог тулааны ОУХМ Жадамбаагийн Нарантунгалагтай ярилцлаа. Тэрээр аравдугаар сарын 30-нд Макаод зохиогдсон “Legend-6” тулаанд Австралийн тамирчин Адриан Пангийг буулган авч ММA-гийн аваргын бүсийн эзэн болсон юм.

Макаод зохиогдсон уг тэм­цээн чухам ямар тулааных бай­сан юм бэ.

-Тулааны
урлагийн барилддаг, өшиглөдөг, боодог, цохидог гээд бүхий л элементийг оруулдаг холи­мог тулааны буюу ММА-гийн “Домог” нэртэй тулааны аваргын бүсийн төлөө тоглоод ирлээ. ММА-гийн холбоо нь Азидаа хамгийн томд тооцогддог.

Холимог тулаан гэхээр бие хамгаалах урлагуудын нийлбэр гэж ойлгож болох уу?

-Бүх
тулааныг хольчихсон. Бө­хийн барилдааны авч шидэх, жүдо, самбын өчиг, боолт, боксын цохилт гээд бүгдийг оруулсан. Бээлий нь маш нимгэн. Чөлөөт тулаан. Энэ тулаанд юу ч хийж болно.

Дүрэмгүй зодоон, хориотой тулааны тэмцээн гэж нэрлээд байсан?

-Дүрэмгүй
тулаан гэдэг рүү нь дөхөж очно. Гэхдээ шууд тэгж нэрлэж болохгүй. Дотроо өвөрмөц хэд хэдэн дүрэмтэй. Хуруугаар нүд рүү хатгахгүй, хазахгүй, дагз, эмзэг эрхтэн рүү цохиж болохгүй гэсэн цөөхөн дүрэм бий.

Бусад тулааны спорттой харьцуулбал хориглох заалт нь цөөн юм?

-Таэквондод гараар цохих, унагаах, авч шидэх, унасан хойно нь цохихыг хориглодог. Бокст өшиглөхийг, жүдод боох, өчихийг зөвшөөрдөг хэрнээ хөлд өчих нь хориотой. Самбод боодоггүй ч хөл, гард өчдөг. Чөлөөт бөхөд ноцол­доно, цохиж болохгүй гэдэг. Кара­тэд цохиж болно, гэхдээ толгой руу болохгүй. Мутай бокст тохойдож, өвдөглөж болно. Харин авч шидэх, унасан хойно нь цохиж болохгүй гэдэг бол холимог тулаанд энэ бүгдийг зөвшөөрдөг. Бүгдийг хий­нэ.

Таны оролцсон тэмцээн “Legend”-ийн зургаа дахь удаагийнх нь байсан юм билээ?

-Анхных
нь буюу “Legend-1”-д монголын тамирчид оролцож хо­рио­той мэх хийсэн гэж шүүгчдийн булхайгаар хасагдаж байсан. Энэ удаад би шавь Д.Батгэрэлтэйгээ хамт оролцлоо. Шавь минь анх удаа мэргэжлийн тоглолтоо хийж ялалт байгуулсан. Өрсөлдөгч та­мир­чин нь Хонконгийн каратэгийн тамирчин байсан. Өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авч ялалт байгуулсан.  Бид “Legend-1”-д оролцсон монголын тамирчдынхаа хариуг авч ялалт байгуулж, аваргынх нь бүсийг аваад ирсэндээ баяртай байна.

Д.Батгэрэл тулааны ямар спортоор суурилсан бэ?

-2008 оноос манай “Шандас” клуб үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүр эхлэлийг нь яривал Аса­шёор­юү Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын “Хүчтэн 19-68” гэж клуб байсан юм. Тэр клубт би сургалтаа авч, шавь нараа бэлдэж эхэлсэн. Тэгэхэд л бэлдэж байсан шавь нарын минь нэг нь Д.Батгэрэл. Д.Батгэрэл маань кикбоксын суурь­тай. Сүүлийн үед барилдаан, ту­лаа­ны спортын бүхий л зүйлийг хийж байгаа. Бид нарын бэлтгэл сургуулилтыг “Komit
service” компа­нийн удирдлагууд дэмжиж, тусгай байраар хүртэл хангаж өгсөн. Олон сайхан залуусыг дэлхийд нэрээ гаргасан тамирчин болоход тусалж дэмждэгт нь баярладгаа илэр­хийлье.

Холимог бие хамгаалах урлаг буюу ММА Монголд хүчээ авч эхэлж байна. Энэ урлагийг манайд мэр­гэж­лийн түвшинд хөгжихөд Араи Жүничи гэдэг япон багшийн нөлөө их бий. Энэ хүн “Жайка”-гийн шуга­маар энд ажилладаг ч өөрийнхөө сонирхлоор бидэнд ММА-гийн тулааныг зааж сургаж байна. 1996 оноос клуб байгуулаад бие хамгаа­лах урлагийг зааж яваа хүн. Би энэ хүн дээр 2007 оноос хичээллэсэн. Одоо бол шавь нартайгаа хамт холи­мог тулааны хичээл заалгаж бай­гаа. Саяын тэмцээнд Жүничи багш маань бидэнтэй цуг явсан. Энэ хүн монгол тулааны урлагийг мэр­гэжлийн түвшинд гарахад маш их хувь нэмэр оруулж байна.

Танай клубт холимог тулаа­наар хичнээн тамирчин бэлтгэг­дэж байна вэ?

-20 гаруй тамирчин байна.

Холимог тулааны тэмцээ­нүүдийг харж байхад тамирчид нимгэхэн бээлий, шүдний хам­гаалалттай л харагдсан. Өөр хам­гаалалт гэхээр юм байхгүй юм билээ?

-Нимгэн
бээлий, шүд, эмзэг эрхтэний хамгаалалт л хэрэглэдэг.

Холимог тулаанд тамирчид цус нөжтэйгээ холилдчихсон их л хүнд байдалтай тулалдаж байдаг. Хамгаалалт, хориглох заалт бага болохоор гэмтэх бэртэх аюул их байх?

-Харин
ч энэ урлагаар тоглоход амар. Босоо зодоонд өрсөлдөгчөө зөвхөн цохиод л байна. Цохиу­лахгүй гээд өрсөлдөгчөө бариад авбал хориотой. Каратэд маш их гэмтдэг, нүцгэн гараар зодолддог учир. Харин холимог тулаанд өөрий­гөө яаж ч хамгаалж болно. Бүх хувилбар нь бэлэн. Толгойдоо ганц ч цохиулахгүй гээд өрсөлдөг­чөө барьж авдаг ч юм уу, авч шид­дэг ч юм  уу янз бүрээр хамгаалаад ерөөсөө цохиулахгүйгээр ялалт авч болно. Тактикаа зөв боловс­руулаад тулалдах хэрэгтэй.

Аливаа бие хамгаалах ур­лагт гар хөл нь хурдан байх гэхээсээ илүүтэй толгойгоо сайн ажиллуулсанд нь ялалт ирдэг?

-Сэтгэн
болдох чадвар маш их хэрэгтэй. Тулаанчид шатарчнаас илүү бодол гаргадаг. Шатарчин хүн энгийн үед тухтай нь аргагүй бодож байгаад сүүлд нь нүүдэг. Харин тулаанд бодсон даруйдаа хийхгүй бол хоцорно. Амьсгал дээрдсэн, өвдсөн, ядарсан, цуцсан үедээ шатарчных шиг тийм бодол гаргах ёстой. Гэхдээ маш хурдан нүүдэл хийх хэрэгтэй. Цохилтоо хийж байхад өрсөлдөгч маань миний толгой руу цохиж өнөөх хариу цохилтын бодлыг мартуул­на. Өр­сөл­дөгчийн цохилтыг ирэхэд юмаа мартахгүйгээр хийх юмаа хийгээд явна гэдэг чинь бодол, сэтгэхүйн хувьд дээд чанар болох гээд байгаа юм. Мэргэжлийн ту­лаанд хоёр тамирчин тоглоход хэн нь тулааны төгсгөлд эхнийх шигээ сэтгэн бодож чадах вэ гэдгийг судлаад алийг нь ялахыг урьд­чилаад таа­магла­чихдаг. Тэр таамгаар л болчихдог доо.

Дүрэмгүй, хориотой, ши­лэгд­мэл эрсийн тоглодог тулаанд Монгол залуу аваргалсан гэсэн чинь бид омогшсон. Ялалт тамир­чин хүний хувьд хамгийн сайхан мөч байдаг. Та цээжин дээрээ монгол бичгээрМонголгэж бичсэн шивээстэй харагдсан?

-Морьтой,
нартай “Монгол” гэсэн гоё шивээс бий. Би 2004 оноос гадаадад мэргэжлийн тулаа­нуудад оролцож эхэлсэн. Тэм­цээнд оролцох бүртээ “Чингэс хаан” хамтлагийн “Чингэсийн баат­рууд” дууны аян дээр рингэд гар­даг.

Халдвал халтай гэдгээ мэдүүлэх гэж

Хамтарвал үнэнч болохоо таниулах гэж

Галд норсон гайхам заяа

Усанд шатсан үнэн заяа гээд маш гоё үгтэй дуу. Энэ дуунаас ч юм уу бусад зүйлээс маш их эрч хүчийг авдаг. Энэ удаад монгол хүн анх удаа бүх юмыг хольсон хүнд тулаанд аваргын төлөө тоглохоор болсонд сэтгэлзүйн хувьд маш хэцүү байсан.

Анх удаа аваргын бүсийг нь авчих юмсан. Монгол бол бөхийн орон. Аугаа дайчин, түүхтэй орон гэдгийг батлахсан гэсэн бодол дэндүү их байсан. Эн­дээс Монголын тулааны шилдэг тамирчдын хол­бооны Удирдах зөвлөл бүтэн багаараа очиж дэмжсэн. Дээр нь Жүничи багш, шавь нар минь хамт очсон болохоор сэтгэлзүйн хувьд маш хүчтэй болж, ялагдах ёсгүй гэсэн бодлоор дүүрсэн. Би ялалт бай­гуулах бүртээ уухай хашгирдаг. Энэ тэмцээнд ялалт байгуулаад уухай хашгирахад жинхэнэ кайфтай байсан. Тэр кайф маань дээд цэгтээ хүрсэн. Уулын оргил дээр хүн гараад хашгирдаг даа. Түүнээс ч илүү гээд бод доо. Шавь нар маань “Таны уухай хашгирч байсан тэр мөч хамгийн гоё агшин байсан” гэцгээсэн.

Аваргын бүсийн энэ тулаанд би хөлдөө өчүүлсэн. Өрсөлдөгчөө цохиод байсан чинь бээлий нимгэн болохоор сарвууны яснууд минь хавдчихсан. Хуруу тулдаг даа тэрэн шиг сарвууны савхан яснууд ту­лаад хавдчихсан. Надтай тоглосон Австралийн тамирчин ерөөсөө ухардаггүй онцлогтой юм билээ. Цохихоор урагшаа дайраад л байна. Нимгэн бээлийтэй боло­хоор толгой руу цохиод байсан чинь сарвуу хавдчихсан.

Намайг хөлдөө өчүүлэхэд шавь нар минь “Багш маань бууж өгнө гэж байхгүй дээ. Одоо яах бол доо, яана аа” гэж бодсон гэсэн. Тэгээд яахав тэр хүнд байдлаас гарч ялалт байгуулсан. Шавь нар маань “Таныг тийм хэцүү байдлаас гараад ялсан чинь үнэхээр гоё байна” гэж хэлэхийг нь сонсоод миний хамрын самсай шархирсан. Ялалт минь үнэхээр амттай байлаа. ММА нь одоо дэлхийн тулааны оргил болж байна. Америкт туйлдаа хүртэл хөгжиж байна ш дээ.

Тантай тоглосон Адриан Панг “Legend” тулааны удаа дараагийн аварга байсан юм биш үү?

-Австрали,
Шинэ Зеландын тамирчид чинь их хүчтэй. К-1-д Австрали, Шинэ Зеландын тамир­чидтай тулалдахад хүнд жингийн тамирчдад нь цохилт ордоггүй юм. Гараа буулгачихаад цохиулаад л дайрч ирээд цохиод авдаг тамир­чин олон байдаг.

Адриан Панг “Legend”-ийн авар­­гын бүсийг хамгаалсан тамир­чин байхгүй юу. Кэйж Форсе гэдэг торон дотор зодолддог тулааны аварга тамирчин. Мутай боксоор суурилж, чөлөөт бөх, жиү жицүгээр дагнасан шилдэг тулаанч. Босоо, хэвтээ зодоон, барилдаанд аль алиндаа жигд. Ийм жигд чанартай тамирчин ховор. Харин миний хувьд нэлээд дөхөж очих байх гэж боддог юм. Би багаасаа бөхөөр барилдаж байгаад жүдогоор хичээллэж залуучуудын УАШТ-д гавьяат тамирчин Нармандахтай аваргын төлөө барилдаад мөнгөн медаль авч байлаа. Брюс Лигийн үндэслэсэн жеткундо тулааны урлагаар 1993 онд Эр­дэнэтэд Бэхээ багш дээр хичээл­лэж байлаа. Жүдогоор барилддаг байхдаа жеткундогоор хичээллэ­сэн юм.

Аравдугаар ангидаа Эрдэнэт хотын жеткундогийн насанд хү­рэгчдийн УАШТ-д түрүүлж байлаа. Бэхээ багш маань шавь нараа Японы хүчний кёкушин каратэд оруулсан. Би энэ каратэгаар Азийн аваргын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байв. 2003 онд Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар “Mongolian
figthing” тулааныг 93 кг-аас дээш, доош гэсэн хоёр ангил­лаар зохиосон. Би тэгэхэд 72 кг-ын жинтэй байж 93 кг-аас доош жин­гийн ангилалд түрүүлсэн юм. Гэх мэтчилэнгээр өөрийгөө холимог тулаанд болж байгаа гээд тоогоод байгаа шүү. Би чансаагаараа мэргэжлийн 500 тулаанчаас 14 дүгээр байрт орчихоод явж байна.

Таны рингийн нэрТунгаабайх аа?

-Тийм.
Тунгаа гэдэг.

Тулаанчид тоглолтын арга барил, онцлогоосоо хамаарч рингийн хочтой байдаг, хаздаг, хайрдаг, цахилгаан энэ тэр гээд. Таных юу?

-(Инээв).
Намайг хүүхэд бай­хаас минь Тунгаа гэж дууддаг байсан. Эмэгтэй хүний нэртэй. Намайг бүгд Нарантунгаа гэцгээнэ. Арван жилд байхдаа охидын үзлэгт хүртэл дуудагдаж байлаа. Чухам юу гэдгийг  нь мэдэлгүй охидын үзлэгт яваад очиж ч байсан хөгтэй явдал бий. Тунгаа гэдэг чинь их гоё үг ш дээ. Бодож, тунгаа, шүүж тунгаа гэсэн үг. Ер нь шилэгдэх гэсэн утгатай юм уу даа.

Кикбоксын босоо тулааны дэл­хийн шилдгүүдийг шалгаруулдаг К-1 (К one)-д оролцохоор Японд очлоо. Тэр тэмцээнд аваргын төлөө тоглохдоо үсрэлттэй, эргэлттэй шинэ мэх хийсэн юм. Тэгтэл япон­чууд гайхаад “Монголд бөх байдаг болохоос ингэж үсэрч, эргэдэг тулаан байдаг юм уу. Хүний хий­дэггүй юмыг хийлээ” гээд Аса­шёорюү Д.Дагвадоржоос “Энэ ямар мэх вэ” гэж асуусан чинь “Энийг чинь Чингэс цавчилт гэдэг байхгүй юу” гээд хэлчихсэн гэсэн. Түүнээс хойш намайг “Чингэсийн цавчилт” гэдэг болсон. Аварга омогшоод л тэгээд хэлчихсэн хэрэг.

Таны төрсөн нутаг ус хаана вэ?

-Би
Булган аймгийн Бугат сумын хүн. Бугат сум маань Эрдэнэт хотоос 30 км-ын зайтай. Эмээ өвөө маань Бугат сумын малчид. 1950-иад оны үед Эрдэнэт хотын буу­риар ээж маань хурга ишгээ хариу­лаад л явж байсан гэдэг. Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөсөн. Энэ хоттой миний бүхий л амьдрал холбоотой. Одоо ахан дүүс маань бүгд тэнд амьдарч байна. Тэмцээнд ялалт байгуулахаараа Эрдэнэтэд л очиж баяраа тэмдэглэдэг.

Би эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Миний бэлтгэлийн ар талыг эхнэр маань дааж явдаг. Эхнэртээ баярлаж явдаг шүү.

Д.ГАНСАРУУЛ

 

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн цаадах өнгө, наана байгаа төрх

Улаанбаатараас олон улсын нислэгээр өмнөд хөршийг зорино гэж бодож байсан чинь орон нут­гийн онгоцонд сууна гэдгийг сон­соод гайхаж хоцров. Ингээд Дорнод аймаг явах онгоцонд суулаа. Харин Дорнодын нисэх буудлаас Хайлаар луу явах онго­цонд цөөхүүлхнээ сууж цаг гаруй­хан нисээд л хүрчихлээ. Онгоцон дотроос хотыг харахад өнгө өнгөөр дээврээ ижилсүүлэн будсан барил­гууд нь эмх цэгцтэй. Ингээд Хөлөн­буйр аймгийн Хайлаар хотод хөл тавилаа. Цаг агаарын хувьд манайх­тай төстэй, цэвэр цэмцгэр орчин үеийн хот юм. Хүн амын хувьд цөөн ч гадны жуулчдын хөл тасардаггүй гэнэ. Уг нь статусын хувьд манай нэг аймгийн төв л юм шүү дээ. Гэтэл Улаанбаатараас маань том хот болон хөгжиж чад­жээ. Манайхан ойроор нь Эрээн орж тэнд ямар ч монгол хүн учраа олоод яриад явчихдаг бол эндхийн дэлгүүр хоршоогоор ороод хэл ам  ойлголцох нь бэрхшээлтэй. Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг гэх боловч хятадууд нь өвөрмонголчуудаасаа их байдаг аж. Барилга байшин нь орчин үеийн өнгө донж, европ,  азийн хосолмол загвар хийцтэй юм. Хайлаар хотын шөнө хамгийн үзэсгэлэнтэй харагдах юм билээ. Шинэ жилийн баяр болж байгаа юм шиг л гэрлэн чимэглэлээр байшин барилгаа элдэв хээ угалз, дүр дүрсээр чимжээ. Тиймээс шөнө нь өдөр шиг гэрэлтэй, өнгө зүс нь илүү гоё болчих юм. Хөлөн  нуур, Буйр нуур хоёрын нэр нийлээд Хөлөн­буйр аймгийн нэр болж байгаа аж. Буйр нуурын 4/1 нь хилийн цаана байдаг.  

Хотын төвөөрөө гол урсах бөгөөд голын дээгүүр тавьсан гүүр нь сүрхий өргөн бөгөөд гүүрний билгэ тэмдэг нь морин хуур.  Ер нь морин хуурыг их дээдэлдэг юм байна. Гадаа байгаа гэрлийн шон­гуудыг ч морин хуурын толгойгоор дүрслэн хийжээ. Энд тэнд босоо монгол бичгээр бичсэн хаяг олонтаа харагдах юм.

Зам дэд бүтэц сайн хөгжсөн газар аж. Хотоо цэцэрлэгжүүлэх моджуулахад ихэд анхаарсан нь тодорхой харагдана. 

Хайлаар, Дачин хот газрын тосон дээрээ тулгуурлан хөгжиж байгаа хотууд.  Байгаль цаг уурын хувьд манайхтай их төстэй. Ерөнхийдөө энэ хоттой танилцах цаг зав бага байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Гол зорилго маань газрын тосны үйлдвэрүү­дийн үйл ажиллагаатай танилцах явдал байв. 

Аяллын багт маань сэтгүүлчдээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөлөл, Магнай трейд, Хятадын хөрөнгө оруулалттай Монголд үйл ажил­лагаа явуулж буй Зон хэн юу туан ХХК, Тэнгри компанийн төлөөлөл багтав. Газрын тосны газар, Уул уурхай, хүний нөөцийн хөгжил төрийн бус байгууллага энэ аяллыг хамтран зохион байгуулсан юм.  

Петрочайна дачин Тамсаг ком­панийн Ерөнхийлөгч Гао Венбао компанийн удирдлагууд биднийг хэдэн өдөрт ээлжлэн хүлээн авч уулзаж үйл ажиллагаагаа бүрэн танилцуулсан юм. Энэ компанийн толгой хөрөнгө оруулагч нь Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци.

Манай уншигчид санаж байгаа бол АНУ-ын “Соко Тамсаг” компани анх Дорнодын Матадад газрын тосны  хайгуулын ажил хийж тэн­дээс гарсан тосоор  тухайн үед Ерөнхийлөгч асан П.Очирбат энгэрээ мялааж бөөн дуулиан дэгдээж байсан билээ. Одоо Дор­но­дод үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” бол “Соко Тамсаг”-ийн хувьцааг худал­даж аван өнөөдрийг болтол манай улсад үйл ажиллагаа явуулж буй компани.

Энд бас нэг танин мэдэхүйн чанартай түүх сөхье л дөө. 1960-аад оны дунд үед Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр ажиллаж байсан байдаг.  Мэдээж орос технологиор явж байсан. Манайхны улаан бензин гэж нэрлэдэг байсан А-66-г үйлдвэрлэдэг байсан юм билээ.  Тэр үед Сибирь,  Улаан -Үүд,  Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж оросууд “Монголд  ингэж нефть үйлдвэрлэж байснаас шатах тослох материа­лаар Монголыг зуун хувь базах гэсэн санаагаар хямдхан нефть нийлүүлж эхэлсэн байдаг. Бүр Монголын бензин муу, Оросынх сайн гэж ярьдаг үзэл сурталжсан ухуулга ч нийтийн тархинд шингээ­сэн байжээ. Үнэн хэрэгтээ техно­логийнх нь гарал үүсэл нэг л байсан байгаа юм. Уг нь Зүүн­баянгийн үйлдвэр тэр үед тэгж хаагдаагүй бол өнөөдөр ингэж боловсруулах үйлдвэрийн шав тавих гээд зогсохгүй байсан биз. Гэвч барихгүй удсан боловсруулах үйлдвэр Монголд баригдах гээд  шав тавьж эхлээд байхад  нь билгэ дэмбэрлийг бодож хойш нь тавья. Ямарч байсан тэр явдлаас болж  газрын тосны үйлдвэрлэлийн хөг­жил манайд бүтэн тавин жилээр хоцорсон байна. Газрын тосны үйлдвэрлэл тэр үед тасалдалгүй хөгжлийн замаараа, жамаараа  явсан бол ядаж Оросоос неф­тиэрээ хараат байж гал алдахгүй л байсан.  Оросууд тэр үед Хятадыг ч нефтиэр барих гэж үзсэн юм билээ. Гэвч урд хөрш нефтийн үйлдвэрлэлээ чухал салбарын нэг болгон өөрсдөө хөгжүүлж чаджээ.   

Уг нь Хайлаар, Дачингийн  газрын тосны орд газар Тамсагийн орд газар нэг  хонхор дотор байгаа л газрын тосны нөөц. Үүнийгээ Хайлаарын ай сав дахь газрын тос гэх юм билээ. Хоёр хилийн наана, цаана хоёр зуун метр хүрэхгүй зайтай морин толгой бараа бараа­гаа харалцаад газрын тосоо нэрж авч байдаг.  Ялгаа нь энэхүү хонхор дундуур Монгол, Хятад хоёр улсын хилийн зурвас л бий. Гэтэл хилийн зурвасын цаана байгаа газрын тосоо хятадууд ашиглаад ямар түвшинд хүрч бай­гаа, хилийн наана байгаа бид газрын тосоо ашиглаад ямар хэм­жээнд  байгаа нь аяллын явцад хар аяндаа ойлгогдож байгаа юм.

Газрын  тосны боловсруулах үйлдвэртэй болох талаар баахан ярьсны эцэст хэд хэдэн газар шаваа тавьчихаад байгаа манай улсын хувьд бусад улс орны турш­лага судлах шаардлага байгаа. Ердөө хажууханд олон жилийн туршлагатай үйлдвэрүүд зөндөө.  Бид БНХАУ-ын Хайлаарын газрын тосны үйлдвэртэй танилцав. Газ­рын тосны үйлдвэр гэхээр яагаад ч юм нүсэр том айхтар нүргээн чимээтэй, тос болсон газар шиг санаанд бууж байсан нь эсрэгээрээ харин цомхон, дуу чимээ багатай, цэвэр цэмцгэр үйлдвэр байлаа. Ер нь газрын тосны салбар эрсдэлтэй ч үйлдвэрлэл нь хаягдалгүй байдаг онцлогтой гэнэ. Боловсруулсан газрын тосноос гарсан бүх хаягдал, илүүдлийг нь дагалдан босгосон химийн үйлдвэрүүд ашигладаг юм байна. 

Тэдний хувьд Монголын төрийн бодлого тогтворгүй байдаг талаар ярьж байсан.  “Дачин ойл лимитед компани” нь БНХАУ-ыг Үндэсний газрын тос газраас удирд­лагатай бөгөөд төр нь шууд мэддэг. Тэдний зүгээс Монголын төрийн бодлого тогтвортой биш байдагт эмзэглэдэг аж. Ялангуяа уул уурхай, газрын тосны талаар төрөөс баримтлах бодлого нь яаж ч эргэж магадгүй байдаг, мөн хуулиа байсхийгээд л өөрчилдөг нь хөрөнгө оруулагч­дад халтай бай­даг гэлээ.

Мөн ард иргэдэд анх­наасаа ташаа ойл­голт өгснөөс болж асуудалд дандаа сөргөөр ханддаг тухай хэлж байна лээ. Газрын тос Монголд харьцангуй шинэ салбар. Одоогоор тус төсөл нь хайгуулын шатандаа буюу нялх нярай үедээ явж байгаа гэдгийг тус компанийхан уулзалтын үеэр онцлов. Дорнодын Матад суманд Тамсагийн сав газарт удахгүй олон үйлдэл  бүхий нэгдсэн станц бий болох юм байна.  Хайлаарт бидний үзсэн станцтай жишиж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Энэ сарын сүүл гэхэд ашиглалтанд орчих тухай компа­нийн удирдлагууд хэлнэ лээ. Бид­ний зүгээс тус компанийн удирд­лагуудаас “Танай компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн талаар шуугиан тасрахгүй байсан. Тэр алдаа дутагдлаа зассан уу” гэж асуусан юм.Тэд алдаагаа засч байгаа талаараа ярьж байсан. Төрийн оролцоотой компани учраас дээрээс нь ч хатуу шаард­лага тавьдаг гэж ярьж байсан юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд олон нийтэд нээлттэй мэдээлэл байдаггүй, иргэд үүнээс болж харддаг гэж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар анх “Соко Тамсаг” компанитай хийж байсан гэрээгээр манай компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр гэрээг олон нийтэд ил зарлаж болох ч Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр л олонд ил болгож болох юм гэлээ. Анх туршлага багатай байх үед бат­лагд­­сан Газрын тосны тухай хуулийг ч эргэн хармаар зүйл их байдаг талаар Хятадын тал ярьж байсан юм. Мөн байгуулагдсан цагаасаа хойш нийт 1.324 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мөн бусад зүйлд 1.9 сая ам.дол­ларын хандив тусламж үзүүлсэн гэж байв. Харин бид энэ мөнгө чинь бодитой юунд зарцуу­лагдсан талаар асуулаа. Тэд ч баахан зүйл дурдлаа. Тэр нь үлдэц муутай санагдав. Үүнийг нь ч бид шуудхан хэлчихэв. Тэд ч эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлд хандив тус­ламж өгөхөөр төлөвлөж  байгаа гэв.  Асуудал шийдүүлэх гээд албаны хүмүүстэй уулзахад төдөн төгрөг өгчих гээд улайм цайм хэлж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Үүнийг албан яриан дээр биш албан бус уулзалтын үеэр олж сонссон юм. Тиймээс тэр албан тушаалтны нэрийг хэлэхийг тэднээс хүссэн боловч “Нэгэнт өгөөгүй учраас нэрийг нь хэлээд яахав” гэж бай­сан. Нөгөө л авлигын асуудал энд аандаа сөхөгдөж байгаа нь тэр. Монголд ажил явж өгдөггүй нь үүнтэй холбоотой. Яг ийм жишээ Канадад уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчдын уулзалт болж байх үед сөхөгдсөн ч бас л нэрийг нь нууцлаад өнгөрч билээ. Тэгэхээр Монголын төрд авлига байдаг нь угаас тодорхой байгаа биз лээ.

Мөн “Тамсагт дахин очиход урьдахаас өөр болсон байх болно. Заавал очиж үзээрэй”  гэж  “Пет­рочайна Дачин Тамсаг”-ийнхан хэлж байна лээ. Мэдээж үүнийг цаг хугацаа харуулна.

Хайлаарын газрын тосны ордын хайгуул олборлолт Хөдөл­мөр хамгаалал аюулгүй байдлын үйл ажиллагаатай танилцав. Үйлд­вэрлэлийн баазад очив. Шинэ баргын Зүүн хошууны Сүмийн нуурын үйлдвэрлэлийн бааз нэр­тэй. Хатуу харуул хамгаалалттай галын аюулаас найдвартай хам­гаа­­лагдсан гэх үйлдвэр. Ямар ч бай­сан биднийг дотогш нэвтрэхэд биедээ яваа галаа орхихыг сануулж, тэр байтугай гар утастай­гаа орохыг хориглож байв. Нутгийн иргэд анх ойлгохгүй байсан ч одоо өөрөөр ханддаг болсон гэж байв. Энэ үйлдвэрлэлийн баазын ажил­чид уриа лоозон олонтой юм. “Байгаль орчноо цэвэр ариун байл­гах нь ажилчин миний зүрх сэтгэлд байдаг” гэж ирээд л уриагаа танил­цуулав. Үйлдвэрийнх нь авсан шагнал урамшуулал нь тэдэнд их л чухал байдаг бололтой. Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж байв. Гол нь манайх шиг арын хаалга ая тал засч, худалдаж авдаггүйгээрээ шагнал нь үнэ цэнэтэй олддог байх. Үйлдвэрийн агааржуулах системийн хаалганаас чихмэл тоглоомууд дүүжилсэн нь нэг л авцалдахгүй байсан учир юунд хэрэгтэй гэж үүнийг зүүсэн юм гэж сониучирхлаа. Зүгээр л гоёж, чимэг болгосон гэж хариулав. Аюулгүй ажиллагаатай танилцаад гарч явтал биднийг ороход байгаагүй гар бөмбөгийн тор татчихсан хэдэн залуус тоглож харагдав. Жигтэйхэн хүйтэн салхитай өдөр байсныг ч хэлэх үү тэр жаахан үнэмшил муутай санагдлаа. Гэхдээ газрын тосон дээр хот байтугай улс орон хөлжиж, хөгжиж, баяжиж байгааг лав нүдээр үзсэн шүү.

Үргэлжлэл бий
Гэрэл зургуудыг Б.ДАВААХҮҮ

 

Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар нүүрсний компаниудын эрх ашгийг хамгаалав уу?

Төсвийн байнгын хорооны өчигдрийн
хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ
тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр
болов. Гол нь Монголоос экспортлох нүүрс, төмрийн хүдэр дээр яригдах
гаалийн татварын асуудал энд тусгагдсан юм. Гэвч Сангийн сайд С.Баярцогт
орж ирснээр Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслөө татаж авч
байгаа мэдээг танилцуулав. Ингээд гишүүд гайхаж байгаагаа илэрхийлцгээж
эхэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийг дагалдаж
орж ирсэн хуулиа буцаачихаар төсвөө эргээд татагдчихаж байгаа юм биш үү”
гэсэн бол Х.Бадельхан гишүүн “Гадуур янз бүрийн улс төр явж байна. Энэ
хуулийн төслийг хэлэлцэхээр нүүрс экспортлогчдын эрх ашиг хөндөгдөх гээд
байгаа учраас ингэж байгаа юм” гэв. Ц.Сэдванчиг гишүүн “Үүнийг Засгийн
газар татаж авснаар нүүрсний татвараас бүрдэх 300 гаруй тэрбум төгрөгийн
орлого алга болох нь. Энэ мөнгийг төсөвт яаж нөхөх гэж байгаа юм” гэвэл
Ц.Батбаяр гишүүн “Засгийн газар уул уурхайн хэдхэн компанийн эрх ашигт
үйлчлээд байгаа юм биш үү” хэмээсэн юм. Харин О.Чулуунбат гишүүн “Ийм
чухал баримт бичгийг байнгын хороогоор хэлэлцэхгүй, шууд татаж авна
гэдэг утгагүй” гэлээ. Энэ бүхэнд өгсөн С.Баярцогт сайдын хариулт үнэндээ
нэг л байсан юм. Тэрээр “МҮХАҮТ, Уул уухайн үндэсний ассоциаци, Эрдэс
баялгийн үндэсний бирж гэх мэтийн байгууллагуудын саналыг Засгийн газар
харгалзан төслөө татаж авахаар болсон. Оронд нь экспортын татварыг өөр
байдлаар нөхнө. Үүнийг төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ярина.
Хэрэв энэ татварыг авбал нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл
зогсох сөрөг талтай гэж үзсэн” гэснээс өөр тайлбар хэлэхгүй байлаа.
Гишүүд илүү тайлбар шаардахад “Энд хэвлэлийнхэн хэр байна. Бид
Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулчихаад баахан
шүүмжлүүлсэн учаас хуулиа дахиад өөрчилж байсан. Дэгийн тухай хуульд
сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд суулгахгүй гэдэг заалт
оруулчихаад шүүмжлүүлээд больж байлаа. Энэ мэтээр баталсан хуулиа
хамгаалж чадахгүй, нийгэмд хэл ам үүсгэдэг учраас уг төслийг татаж авсан
тухай ил тод дэлгэрэнгүй тайлбарлахгүй байгааг ойлгооч” хэмээн гуйснаар
асуудалд цэг тавилаа. Харин хамгийн сүүлд нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
“Нүүрсээ ямар ч татваргүйгээр гадагш нь ачуулах юм бол уул уурхайгаа
ашигласны хэрэг байна уу. Тэгвэл хууль зөрчсөн хэрэг болно. Үнэндээ
Засгийн газар “Энержи ресурс”, МАК, жижиг Таван толгой гэсэн компаниудын
үгээр төслөө татаж авлаа гэдгээ нээлттэй хэлчихээч” гэсэн юм.

ТАНСАГ ХЭРЭГЦЭЭНИЙ АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ НЭМНЭ

Дараа нь Монгол Улсын авто тээврийн
болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай, онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм.

Энэхүү төсөлд тусгаснаар үйлдвэрээс
гараад арван жил явсан хуучин автомашиныг Монголд оруулж ирвэл татвар нь
нэмэгдэж байгаа юм байна. Мөн тансаг хэрэгцээний том оврын суудлын
автомашинуудын онцгой албан татварыг нэмж байгаа аж. Гадаадад бол
чинээлэг давхаргын баячуудаас машины татвар илүү авдаг жишиг байдгийг
Сангийн сайд хэлж байлаа. Энэ хоёроос бусад төрлийн автомашины татварыг
нэмэхгүй гэнэ. Энэ өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцсэн хүн нь
Д.Дамба-Очир гишүүн байв. Тэрээр “Монголын зам муу учраас том машин
унахаас өөр аргагүй байдаг” гэсэн тайлбар хэлж байсан юм.

ИРЭХ ЗУРГАДУГААР САРААС ИРГЭН БҮРТ 23 МЯНГАН ТӨГРӨГ ӨГӨХОӨР ТУСГАЖЭЭ

Сүүлд нь Төсвийн хүрээний мэдэгдэл,
төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн
хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэхийг
дэмжлээ. Ирэх жил Монгол Улс иргэддээ 2,4 их наяд төгрөг өгөх гэнэ.

Он гараад эхний таван сард иргэн бүрт 21
мянган төгрөгөө өгнө. Харин зургадугаар сараас 23 мянга болгож нэмэх
нь. Мөн 55, түүнээс дээш настай эмэгтэй 60, түүнээс дээш насны
эрэгтэйчүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 600 мянган
хүнд тус бүр нэг сая төгрөгийг бэлнээр олгоно. Үлдсэн 2.2 сая иргэн нэг
сая төгрөгийг бэлнээр эсвэл хувьцаа маягаар авч болно гэж Сангийн сайд
ярилаа.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Альпийн нурууны салхинд илбүүлж, Адриатын тэнгисийн усанд булхсан Хорват

Хүн төрөлхтний эртний үндэст­нүүдийн нэгээр хорватчуудыг нэр­лэдэг. Эндхийн газар нутгаас олдсон олдвор, булш бунхан нь дэлхийн түүхийн нэлээд өмнө үед тооцогддог бололтой юм билээ. Энэ үндэстэн одоогийн газар нутагтаа 600 оны орчим нүүдэллэн очжээ. 925 онд Томислав ван омог овгийн хорватчуудыг нэгтгэснээр анх Хорват улс үүссэн хэмээн үлджээ. Гэвч түүхийн нугалаанд Унгартай нэгдэн, Османы Туркийн эзэнт гүрний мэдэлд орж, Сербийн вант улс, Словенийн холбооны улс, Югославын холбооны улс гэж том улсуудын элгэнд наалдсан дэлүү шиг явсаар иржээ. Харин социалист гүрнүүдийн задралтай зэрэгцэн Югославаас 1991 оны зургадугаар сарын 25-нд салж тусгаар тогтнолоо зарласан байна. Гэхдээ бүрэн утгаараа аравдугаар сараас л тэр боломж нь ирсэн гэдэг.

Тусгаар тогтнолоо зарласны дараа Хорват дахь үндэсний цөөнх болох сербчүүд босч, Югославын үндэсний арми Хорватын нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэртээх угсаандаа тусгаар улс байж ирсэн омогшлоороо өрх тусгаар­лах гэж үзээд дайны хөлд нэрвэгд­сэн он жилүүд энэ цаг үед байв. Хорватчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараагаас олон улсын тавцанд өөрийгөө ойлгуулж, Европын холбоотой эдийн засгийн салбарт харилцаагаа дээшлүүлж улмаар НҮБ-тай ойртож чад­санаар энэ бүс нутагт шинэ улс мэндэлж чаджээ. 1995 оны төгс­гөлөөр дайн бүрэн дуусч, газар нутгийн бага сага маргаан­тай асуудлаа шийдсээр усан хил дээр ганц хоёр асуудал үлдсэнийг эс тооцвол бараг шувтарчээ.

Мэдээж, дайныг биеэрээ туул­сан гэдгээрээ тэдний хагацал зов­лон, айдас хүйдэс, гуниг цочрол одоо ч байдаг байх гэж Хорватын нийслэл Загребийн эртний гудам­жаар алхаж явахдаа бодож явлаа. Ерөнхийдөө гудамжинд нь хүн цөөн, машин тэрэгний түгжрэл бага юм. Үдэш орой хуруу дарам хүмүүс явж байхыг нь хараад дайны үеийн айдас одоо ч байдаг байх нь хэмээн хардан бодлоо.

Ердөө арван зургаан жилийн өмнөхөн дарийн утаа үнэртэж байсан нутагт бүхэл бүтэн үе солиг­дож байж л айдсын хургаа арилах байх даа. Дайны хөлд сүйдсэн түүх дурсгалын зүйлс, байшин барил­гаа одоо ч сэргээн янзалсаар байгаа тухай тэд ярьж байсан. Дайны уршиг нүднээс арилсан ч сэтгэлээс арилдаггүй гэдэг боло­хоор хорват түмнээс ч удаандаа алсрах нь аргагүй.

Гэхдээ энэ бүхэн саяхан болтол дайнтай байсан гэдгээрээ л бодог­дож байгаа болохоос ангиараа кино үзэ­хээр явж байгаа хүүхдүүд, трам­вайны буудал дээр найз охиноо хөтлөн зогсоо хөвгүүний харцнаас энэ бүхнийг хэрхэн мэдрэх билээ. Тэгээд ч тэд дайны дараа төрсөн хүүхдүүд хойно.

Югославын холбооны улсын их задрал 1999 онд НАТО-гийн хүчин ялалт байгуулж, Ерөнхийлөгч С.Милошевич дайны гэмт хэрэгтэн болсноор дууссан билээ. Гэхдээ хуучин нэг холбоонд нэгдэж байсан энэ улсуудын холбоо одоо болтол зарим нэг сэжмээр цуг. Ямартаа л хуучин Югославын орнуудаас тэднийх энэ салбараараа илүү, эднийх үүгээрээ сайн гэж байнга харьцуулагддаг байхав дээ. Мэдээж, Словени бол Европын холбоонд нэгдэн орчихсон байгаа гэдгээрээ, хуучин язгуур улс нь болоод ч тэр үү хошуучилдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хорват хурдацтай хөгжиж байгаа гэд­гээрээ ялгарч байгаа. Экс хол­бооны улсууд дундаа аман хүзүү­дэж байгаа ч тэргүүлээд эхлэхэд гайхах зүйлгүй гэлцэнэ. Дээрээс нь Хорватыг олон улсын тавцанд зөв тоглолт хийж, нэр нөлөөгөө бэх­жүүлж байгаа гэдэг дээр ихээхэн тодотгол өгөх болж. Мэдээж, Европын холбооны гишүүн болох шат дараалсан шалгууруудыг давчихсан улс учраас стандарт нь аль түвшинд байгаа гэдгийг хэлүүлэлт­гүй ойлгочихож болно. Одоо албан ёсоор нэгдэх 2013 оныг л хүлээж байгаа юм билээ.

Ямартай ч бүс нутагтаа аялал жуулчлалын гол газар нь Хорватыг гэх болжээ. Европын гурван хүн тутмын нэг нь энд жуулчлан ирдэг гэсэн үзүүлэлтийг харвал үнэхээр өөрийг юу нуршихав. Хорватад Европын бусад орнуудаас эд бараа, хоол ундны үнэ хөлс хямд гэж байгаа, дээрээс нь гайхалтай тэнгисийн эрэг тэнд л байна шүү дээ. Мөн их гүрний дээрэнгүй чанар цусанд нь шингэж амжаагүй хорват­чууд зочдод найрсаг эзэн болж чаддаг биз.

Альпийн нурууны төгсгөл уулс их ус руугаа орж ирсэн Хорватын байгалийг гайхалтай гэхээс өөр юу гэх билээ. Газар нутгийн онцло­гоороо эх газрын, Альпийн нуруу­ны, газар дундын тэнгисийн гэж гурав хуваагдана гэж үздэг.

Адриатын тэнгисийн сувд хэмээн хорватчууд нутгаа нэрийд­дэг. Манайхан нөгөө Улаанбаа­тараа Азийн цагаан дагина гэдэг байсан шиг гэмээр юм уу. Нөгөө байлдаж дайтаж байгаад тусгаар улсаа зарлаж авсан газар нутаг нь хойноосоо урагшаа сунасан уртаа гэгчийнх. Тэр нь Адриатын тэн­гисийг мөрлөн тогтсон учраас яалт ч үгүй энэ тэнгис тэдэнд хамгаас илүү хамаарч таараад байгаа юм. Газар дундын тэнгисийн нэг гар нь болсон гэгддэг Адриатын баруун эрэгт нь Итали, харин зүүн эрэгт нь Словен (47 км). Босни Герцоговен (26 км), Монтенегро (249 км), Албани (295 км), Хорват (5835 км) байдаг гэхээр яах аргагүй тэнги­сийн эрэг дагасан амьдрал тэнд харагдаж байгаа биз. Аялал жуулчлал ч хөгжихөөс аргагүй. Энэ тэнгисийн нэрийг эртний адриа хэмээх овгийн нэртэй холбоотой гэдэг юм билээ. Харин монголчууд бид өөрсдөө өгсөн гэх дуртай шүү дээ. Их Монгол улсын хүчирхэг цэргүүд баруун тийш дайлаар мордсоор их усанд очсон нь өнөө­гийн Адриатын тэнгис байсан гэдэг. Харин тийм их усан хараагүй монголчууд тэнгисийн атиран хүүх­рэх усыг хараад атриат ус хэмээн нэрийдсэн нь өнөөгийн нэр гэх нь ч бий. Хэн үгүйсгэх билээ.

Монголчуудын түүхэнд Хор­ватын Загребээр уулгалан айлгаж явсан түүх байдаг хойно. Мон­голчуудын их байлдан дагуулал­тын үед Хорват нь Унгарын хаан IV Бэлад захирагдаж байжээ. 1241 онд монголчуудад ялагдсан Бэла хаан өөрийн харьяаны улс Хорватын Загреб хотноо дутаан ирж, амь хоргодохыг оролджээ. Гэвч Загреб монгол­чуудын довтолгооныг торгоож чадсангүй. Бэла хаан Адриатын тэнгисийн зүүн хойд эргийн Далматиа руу зугатсан гэж байгаа юм. Хорватын язгууртнуудын дэмж­лэгтэй шүү дээ. Тэд ч хөөрхий, хааныгаа амь мулталж авч үзэхийг үүргээ гэж үзэж байсан байлгүй, монгол нэхүүл цэргүүд ч амаргүй шаналгаанууд байсан байж таарна. Ширээгээ хаян зугт­сан хааныг хайсан нэхүүл цэргүүд Өгэйдэй хаан таалал төгссөн мэдээ­гээр Төв Азийн зүг хөлгийн жолоо татсан талаар түүх бичигт үлджээ.

Нээрээ дээр өгүүлсэн Далматиа нутгаас Монголын их эзэнт гүрэнд он жилээр сууж байсан Марко Пологийн гэр бүл гаралтай гэж тэмдэглэгдсэн байдгийг давхар сонирхуулахад нуршсан болохгүй биз ээ.

Харин Өгэдэйн нэхүүл цэргүүд нэгжиж явсан тэр газраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсоор анх удаа айлчилсан билээ. Эрт урьд цагт монголчууд дээр өгүүлсэн агуулгаар Загребт хөл тавьж байсан бол энэ удаагийнх өөр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Чехтэй өрсөлдөн ялж 2009-2010 онд зөвлөлд ажиллаж, НҮБ-ын энхийг сахиулах 18 ажиллагааны 15-д нь оролцдог орон. Бас Хорват НҮБ-аас гадуур байгуулагдсан цэрэг дайны ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн юм билээ. Нөгөө талаас нэгэнт Европын холбоонд жил гаруйхны дараагаас орох учраас евро стандартыг нутагшуулах дээр хамтран ажиллахад болохгүй нь юу байхав.

Хорватын нийслэл Загреб бол Төв болон Зүүн Европыг холбосон гол замын уулзвар дээр оршдог эртний хот. Бүр эртний Ромын үеэс энэ нэрээрээ суурин газрын төлөө­лөл болж иржээ. Одоо ч гэсэн ром цэргүүдийн цайз, бааз байсны туурь энд тэндээс нь гарч ирдэг гэсэн. Хорват ганц хот, хорин мужтай бөгөөд манай Улаанбаа­тар шиг цор ганц хот нь нийслэл Загреб. Хүн амынх нь хувьд мөн л манайхтай адил сая гаруй хүнтэй. Улаан шүр мэт тоосгон дээврүүд, цагаан тоосгон байшингууд нь энэ хотын нэг өнгө нь юм уу даа.

Хорватчууд бол ам бүл тийм олон биш үндэстэн. Хүн ам нь 4.5 сая хараахан хүрээгүй. Гэхдээ нэг сонин нь энэ үндэстнээс гайхмаар спортын алдартнууд төрсөн байдаг билээ. Альпийн нурууны салхи, Адриатын тэнгисийн ус нь тэгж бие бялдрын гайхалтай чадалтай болгодог юм уу л гэмээр. Тэгэхээр спортын амжилт гаргахад хүний олон цөөн ер падгүй аж. Хорватын улаан цагаан хосолсон шоо бүхий далбааг спортын хорхойтнууд анд­даггүй. Дайн дажин дөнгөж дууссан Хорват 1998 онд болсон хөлбөм­бөгийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж байсныг хүмүүс одоо хэр санадаг. Чухамдаа НҮБ-аар батал­гаажуулснаас илүү дэлхийд өөрс­дийгөө тунхагласан он цаг энэ байсан биз. Мөн эдний өндрийн харайлтын тамирчин Бланка Влашич гээд бүсгүй бий. Дэлхийн хоёр удаагийн аварга, мөн нэг удаа аман хүзүүдэж, түүнчлэн олимпоос мөнгөн медаль хүртсэн энэ бүсгүй Хөнгөн атлетикийн холбооноос шилдэг тамирчдадаа өгдөг гулууз алтыг авч л явсан нэгэн дээ. Бас Английн хөлбөмбөгийн “Тотенхэм”-д тоглодог Лука Модрич бас овоо өндөр үнэтэй тамирчны нэг.

Хорват хийгээд манайд адилт­гах зүйлс олон шиг санагдсан. Хүн ам ойролцоо, тогтолцооны хувьд адил, ардчилсан парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө ард нийтээрээ сонгодог. Бас хүүхэд, залуус олонтой улс байна лээ. Дундаж нас нь 41.4 гэж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Иво Ёси­пович хөгжимчин хүн. Хорин жилийн турш Хөгжмийн академид багшилсан багш. Бас хөгжмийн зохиолч. Дөлгөөхөн өндөр тэр эрийн хэлснээр манай хоёр улс ашигт малтмал, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээг­дэхүүн, аялал жуулчлалын салбарт ажиллах бүрэн боломжтой ажээ. Ер нь Хорват бол мал аж ахуйн эм бэлд­мэлийг бэлтгэдэ­гээрээ бүс нутагтаа хамгийн шилдэгт тооцогд­дог бай­на. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж монгол­чууд олон сая мал хуйтай. Хэрэв эрүүл ахуйн талаас нь түүнийг анхаарч чадвал гадаад руу экс­портлох боломж их байдгийг дур­даж байсан. Харин нөгөө талаас бүхий л салбарт хамтран ажиллах боломж хийгээд хүсэл байгааг онцолж байсан билээ. Хорватад манай Элчин сайдын яам байхгүй, хэргийг Автри дахь ЭСЯ яам хавс­ран ажилладаг. Харин Хорват дахь Монголын өргөмжит консулаар Златко Матеша хэмээх эрхэм ажил­ладаг юм билээ. Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоо Хорватын Үндэсний Олимпийн даргын албыг хашдаг тэрбээр энэ айлчлалын үеэр багагүй дэм болсон нь мэдээж. Угаас хуучны нэр нөлөөтэй хүн харин яаж яваад манай өргөмжит консул болчихсон юм гэж санагдсан шүү. Адил цөөхөн хүн амтай атлаа спортод амжилт гаргадаг тэр туршлагаас нь Үндэсний Олимпийн хорооны даргынх нь хувьд лавлаж, хамтран ажиллахад болохгүй нь юу билээ гэж санагдаж байсан. Хорват гээд манайхан мэддэг ч юм шиг, огт мэддэггүй ч юм шиг орны тухай өгүүлэхэд ийм байна. Мэддэг бүхэн дахин үзсэнээр арвижиж, мэддэг­гүй бүр шинэ мэдлэгээр тэлдэг билээ. Түүхэн улбаагаараа хуучны танил, ирж буй аясаараа шинэ түнш Хорват. Альпийн нурууны салхинд илбүүлж, Адриатын тэн­гисийн усанд булхдаг үндэстний талаар өгүүлэхэд ийм байна.

Categories
редакцийн-нийтлэл

Допингийн асуудлаар Солонгосын лабораторитой дахин холбогдлоо

БНСУын Шинжлэх ухаан, технологийн хүрээ­лэн­гийн Допингийн хянал­тын лабораторитой да­хин холбогдлоо. Тус лабо­ра­торийн захирал Квон Сен Үгээс зарим зүйлийг тод­руулав.

Танай лабораторитой холбогдож мэдээлэл авс­наас хойш манай со­нинд олон арван уншигч, спорт сонир­хогч, бөх­чүүд ханд­лаа. Манай улсын үндэсний бая­раар амжилттай барилд­сан бөх­чүү­дээс до­пин­гийн шин­жилгээ авдаг болоод хэдэн жил бол­сон. Мон­го­лын үн­дэсний олимпийн хороо, До­пин­гийн эсрэг үн­дэс­ний тө­вийнх­нийг шин­жил­гээ­ний хариуг нуун да­раг­­дуулдаг, допинг хэрэг­лэ­­сэн бөх­чүүд­тэй хуй­валд­даг хэмээн хард­саар ирсэн. Танай лоба­раторитой, ма­най со­ни­ныг холбогдсон учир дээрх асууд­лын үнэн мөнийг тодруулж өгө­хийг хүссэн юм. Тэдгээр шин­жил­гээний хариу­нуу­дын жинхэнэ хариуг мэдэхийг хүсч буйгаа илэрхийлцгээж бай­на?

-Бид
шинжилгээний ха­риу­нуудыг танай Допингийн эсрэг төв рүү явуулдаг. Тэд­нээс асууж болохгүй юм уу.

Тэд нууц гээд тэр та­лаар мэдээлэл өгдөггүй юм?

-Танай
тал тэдгээр шин­жил­гээний хариунуудыг үнэн зөвөөр нийтэд танилцуулах ёстой шүү дээ. Манайх энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Допингийн эсрэг төвийнхнөөсөө энэ та­лын мэдээллийг ав л даа.

Энэ жилийнх биш юм аа гэхэд өмнөх жи­лүү­дийн шинжилгээний хариуг та­нил­цуулж бо­лох­гүй юу. До­пинг хэрэг­лэ­сэн бөх­чүү­дийн шийт­гэлээ авах нь аваад л өнгөрсөн. Өнгөрсөн шин­жил­гээний хариу­нууд­тай танилцмаар байна?

-Ингэх
боломжгүй. Улс орон дамнаж мэдээлэл өгөх­гүй.

Танай лабораторийн бу­руу­­гаас болж манай олим­­под бэлтгэгдэж буй мара­фоны тамир­чин сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалд ор­сон. Танайх одоо болтол түүнээс албан ёсоор ууч­­лалт гуй­гаа­гүй бай­гаа шүү дээ. Бид энэ асуудлаар болон манай До­пин­гийн эс­рэг үн­дэс­ний тө­вийг шал­гуу­лах талаар Дэл­хийн до­пин­гийн эсрэг агент­лагт хан­да­хаар төлөвлөөд бай­гаа?

-Танай
тамирчныг маш хүнд байдалд оруулсанаа мэдэж байгаа. Түүний та­лаарх асуудал бараг дууссан гэж бодсон юм.

Хэрэв Дэлхийн допин­гийн эсрэг агентлагаас бид зөвшөөрөл авбал танай ла­бо­ратори шаард­лагатай ха­риуг бидэнд өгнө биз дээ. Монголын ард түмэн үнэ­­нийг мэдэхийг хүсч байна?

-Хэрвээ
та нар өнгөрсөн таван жилийн шинжилгээний хариуг (наадмаар бөхчүүдээс авсан шинжилгээний хариу­нуудыг хэлэв) авахыг хүсвэл хэд хэдэн бичиг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэ­лээ.

Чухам ямар бичиг ба­римт бүрдүүлэх талаар энд дэлгэрэнгүй дурдахаа байя. Монголчууд бид сүү­лийн хэдэн жил наадмаар сайхан наадлаа хэмээдэг ч дараагаар нь сэргээшийн асуудал босч өнөө наадмын сайхан сэтгэгдлээдо­пинггэдэг үгээр сүү­дэр­лүүл­чихдэг болсон. Допин­гийг тойрсон элдэв янзын яриа гардаг ч түүнийг олим­­пийн хороо, допингийн төвийнхөн үгүйсгэсээр ирсэн. ТэдДопингийн шин­жилгээ бол нууцгэдэг үгээр ард түмний амыг тагладаг. Энэ жилийнх нь шинжилгээний хариу нууц юм бол өнгөрсөн жил, түү­нээс өмнөх жилүүдийн шин­жил­гээний хариуг яагаад ард түмэнд харуулж бо­лохгүй гэж.

Эцэстээ бөх сонир­хог­чид, бөхчүүд өөрсдөө шу­дарга байдлыг хүсэн, Мон­гол түмний цэнгэлийн ман­лай болсон үндэсний баяр наадам, үндэсний спор­тоо цэвэр байлгахын тулд ийн­хүү БНСУын лабо­ра­торид хандахад хүргэж байна.

Д.ГАНСАРУУЛ