Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу
найрагч Лхагвасүрэнгийн
Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр “Миний элсэн цаг” хэмээх яруу найргийн шинэлэг
бүтээлээ саяхан
хэвлүүлээд
байгаа юм. Уг номын баяр “Интерном” номын их дэлгүүрт өнөөдөр болно. Д.Энхболдбаатар, Намбарын
Пүрэв, Эмүүжин, Цэндийн Доржсэмбэ, Д.Ган-Очир
нартай ерээд оны дунд үеэс
Монголын утга зохиолд хөл тавьсан түүнийг Тангадын Галсан, Очирбатын
Дашбалбар нар тосч авсан байдаг шүү.
“Миний элсэн цаг” бол Л.Батцэнгэл найрагчийн тав дахь бүтээл юм. Өмнө нь “Бүсгүй цэнхэр салхи” (2004 он), “Сэтгэл
минь тэнгэрийн уяхан шат” (2006), “Зүрх сэтгэлээ нэгжнэм” (2008), “Өр зүрхний хавар” бүтээлүүдээ хэвлүүлж байсан. Мөн яруу найргаас гадна сэтгүүл зүйн талбарт хүчээ сорьж аян замын тэмдэглэл,
олон арван ярилцлага, хөрөг нийтлэл, эсээ тэмдэглэлийг
“Өдрийн сонин”-доо
хэвлүүлснийг
уншигч түмэн
мэдэх билээ.
–Яруу найргийн тань шинэхэн бүтээл олны хүртээл боллоо. Уран бүтээлийн ганзага дүүрэн халгиж, цалгиж л явна уу?
-Яруу
найрагч уран бүтээлчдэд л олддог баяр хөөрийг мэдрээд сайхан л явна. “Миний элсэн цаг” уран бүтээлийн минь тав дахь ном. “Бадрангуй сэтгэлийн бадагс”, “Нутгаа санахын өвчин”, “Итгэл, хайр, хүлээлт… Энэ: Миний элсэн цаг”, “Ерээд оны нимгэн дэвтрүүдээс” тэргүүт зургаан бүлэгтэй. Эх орон, ус нутгийнхаа тухай омог бардам шүлгүүд, мөн хайр, итгэл, орь ганцаардал, уй гунигийн бадгууд, ерээд оны ахуй үе анд нөхдөө үгүйлсэн санаашрал зэрэг цөм багтсан ийм л ном боллоо. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн ах номыг минь ариутган шүүж, анхны уншигч нь болсон. Өөрөө хэдий хэвтэрт байгаа ч “Ах нь шүлгүүдийг чинь нэг хармаар байна” хэмээн хэлж санаа оноогоо нэмэрлэн, “Нутгаа санахын өвчин” бүлэг туурвилыг нулимстай уншсанд нь ихэд баярлаж байна аа.
–Таны анхны ном “Бүсгүй цэнхэр салхи“. Хоёр мянган оны эхээр хэвлэгдэж байсан. Уг номын өмнөтгөлийг Тангадын Галсан багш тань бичсэн байдаг. Ингэхэд их утга зохиолын ертөнцөд хөл тавьж, номын багш нартайгаа хэрхэн учирснаа ярихгүй юу?
-Миний
бие ерэн хоёр онд Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жилийн сургуулиа дүүргээд хөдөө малчин болсон. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно оо” гээд хөдөө гарсан байдаг. Мөн өвчтэй амьтан шүү. Тэгтэл тухайн жил Баянхонгор аймаг зудлаад байдаггүй ээ, хэдэн малаа тавиад туучихсан. Ингээд зангиагүй сэхээтэн болно гэдэг өнгөрч байгаа юм. Тухайн үед Галсан багш руугаа хэдэн халтар шүлгээ захидлын хамт дайсан түүхтэй. Бас болоогүй ээ, тэдгээр халтар “юм”-нуудын ихэнх нь хайрын шүлэг гэж байгаа. Тэгтэл багш маань хөдөөх товарищийн бүтээл гэж гололгүй өмнөтгөл үг бичээд тухайн үеийн “Хөдөлмөр” сонинд гаргачихсан байж билээ. Тэгээд ерэн дөрвөн онд аймгийн ойгоор очихдоо намайг хүн амьтнаас сурч байж уулзаад өнөөх сониноо өглөө. Миний баярлах, гайхах, айх, эргэлзэх зэрэгцсэн нь мэдээж. Ингэж л багштайгаа учирсан. Багш бид хоёр чинь Заг, Байдрагийн Хүрэн бэлчирийн найрагчид шүү дээ.
–С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины сургуулийг төгсөгчдийн нэг бол өөрөө. Уг сургуульд ирээд Очирбатын Дашбалбар багштайгаа учирсан нь мэдээж. Оюутан ахуй цагийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Галсан
багшийн л буян. Мань хүн хөдөөний малчин эрийг хотод авчирсан. “Утга зохиолын ямар нэгэн сургуульд чамайг оруулмаар байна. Харин чи сургуулиа сонго. Би оруулахыг нь хариуцъя” гэж билээ. Ингэж л би чинь Тангадын Галсан гэж аварга том уулын хормойноос зуурч их хотын бараа харж, улмаар утга зохиолын гэрэлт ертөнцөд хөл алхсан азтай хүн дээ. Тэгээд л С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины сургуулийн босго алхсан. Тэнд Очирбатын Дашбалбар багш минь халуун сэтгэлээр угтаж авсан. Шанжмятавын Гаадамба агсан, Шаравын Сүрэнжав гуай, төвд хэлний Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш, гавж Шагдарсүрэнгийн Сонинбаяр гуай, доктор Чойсүрэнгийн Дагвадорж гээд ханайсан амьтад, эрдэм оюуны нэвтэрхий толь, уулс тосч авсаан. Балбар багштайгаа эхний хоёр жил ойр дотно байгаагүй ээ. Уул нь бол ойр байгаа. Ухаандаа, бид багшийндаа очно. Үймэлдэж шуугилдана, шүлэг зохиолоо уншина. Багшийн охин, манай нэртэй нийтлэлчдийн нэг Мөнгөндалай манай анги байсан ч болоод тэр үү, багшийнхаар их очдог байж билээ. Гэхдээ би гэдэг хүн багшаасаа айна, сүрдэнэ. Оюутны эхний хоёр жилд бараг л зугтах нь холгүй явсан. Харин сургуулиа төгсөх жил багш маань миний дипломын ажлыг удирдаж, “Сэтгэлийн ариун сүмдээ залбирсан найрагч” хэмээн бичиж байлаа. Багш тэр үед Их хурлын гишүүн байсан.
–Багшийн тань бичсэнийг “Бүсгүй цэнхэр салхи” номноос тань уншиж байсан юм байна?
-“Орчлонгийн цэнхэр хавар шиг охидын тухай бичдэг энэ хөвгүүн өөрийгөө “цагийн боол” хэмээн гүн ухааны үүднээс зөв ойлгож, амьдрахуйн үнэнийг эгэл боргил хоолойгоор эр бор харцага шиг өгүүлж байна. Тансагхан бичлэгтэй хөдөөний эр “хувь заяа минь ариун тэнгэрийн эрхшээл” гэж ухааран, “хундага дарснаас үнэгүй энэхэн амьдралаа бодохоор хувхай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий дөө” гэж дуун алджээ. “Цэцгийн сүрчиг анхилуулсан хаврын салхи”-ны сайхныг мэдэрч, “Илбийн хоосон чамайгаа үнсэж чадахгүй минь хөөрхий дөө” хэмээн гуниглаж, “живаа живаа жилийн ариун гунигийн тодруулж”, “уйлж үзээгүй хүн нулимсны амт мэддэггүй” тухай өгүүлж энэ найрагч хүүг төгсгөж буйдаа Жамьянгаравын нэрэмжит утга зохиолын сургууль баярлах ёстой” хэмээн халуун дотноор бичсэнийг хааяа уншаад нулимс гардаг.
–Балбар найрагчийг та бол эртнээс мэднэ биз дээ?
-Өө
мэдэлгүй яахав. Би чинь хөдөө малын захад Хонгор нутгийнхаа аараг толгодын дунд явахдаа тухайн үед хэвлэгдсэн бүхий л номыг элгийг нь элтэл уншиж байлаа. Шүлэг найргаар өвчилж явсан үе минь тэндээс эхтэй. Тийм ахуй цагтаа Балбар багшийнхан “Оддын аялгуу”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурхны мэлмий” гээд л номуудыг нь уншиж бусдын адил биширч байлаа. Балбар багшийн шүлгүүд Монголын утга зохиолыг наяад оны эхэн үед үнэндээ сэрээсэн шүү. За тэгээд “Мөнхийн бүтээл мөхлийн ирмэгт”, “Номон дээр гишгэсэн алдас” гээд нийтлэлүүд нь байна. Нэг хөгтэй зүйлийн тухай хэлэхэд, багшийнхаа номыг өвөртөлчихсөн эмнэг үрээтэй шуугьж явлаа. Гэтэл өврөөс ном унаад өнөө үрээ чинь гэнэт булгиад шидчихэж билээ. Тэгэхээр миний бие эрдэм номын өргөөнд ч, эмнэг хангалын нуруун дээр Дашбалбар багшийнхаа номнуудыг уншиж явж дээ.
–Таны шүлгүүдээс бадрангуй өнгө аяс мэдрэгддэг. “Манай Батцэнгэл бол халуун сэтгэлтэй омог бардам найрагч даа” хэмээн үзэг нэгт нөхөд чинь үнэлдэг. “Тэнгэрт өргөх шүлэг” тэргүүт бүтээлүүдийг чинь уншихуйд яалт ч үгүй тийм бодол төрөх нь бий. Мөн ганцаардал ганихралын, уй гунигийн өнгө аяс ч мэдрэгддэг. Тэгэхээр өөрийнхөө яруу найргийн өнгийг тодорхойлооч?
-Яруу
найраг бол хүмүүний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, догдлол, уй гунигийг багтаасан зүрхний бичээс шүү дээ. Тэгэхээр дотоод ахуй эдгээр хувиралтын аль аль нь л миний шүлгэнд бий. Сүүлийн бүтээлд маань ч омог бардамнал хийгээд уй гуниг, ганцаардал зэрэгцэж л байна. “Яруу найраг бол уйтгар гунигийн дурсамж” гэж Сергей Есенин нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгэхээр уйтгар гунигийн дурсамж хүнд сэтгэлийн гэгээ гэрлийг хайрладаг болов уу. Наанаа шаналалтай, гунигтай юм шиг хэрнээ цаад мөн чанартаа хүмүүний орчлонгийн гэгээ гэрлийг л дуулж яваа хүмүүс шүү дээ, энэ найрагчид чинь. Түүнээс хэзээ ч үхэл хагацал, өш хонзонгийн тухай бичдэггүй л байхгүй юу. Энэхэн амьдралын юунд ч болов ан цав үүсэхэд хамгийн түрүүнд яруу найрагчийн зүрхэн дундуур туучиж өнгөрдөг. Тиймийн учир л хөндүүрхэн зүрхнийхээ уянгаар шүлгээ бичээд байдаг юм. Би тэдний л нэг. Цаг хугацааны хар цагааныг үнэн мөнөөр нь дэвтэрлэж л явна.
-“Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат“, “Өр зүрхний хавар” яруу найргийн шилдэг бүтээлүүдээрээ МЗЭ–ийн шагнал, Буриадын Улаан–Үдэд болсон Намжил Нимбуевын нэрэмжит олон улсын яруу найргийн наадамд дэд байрын шагнал хүртсэн гээд амжилтуудыг тань мэдэх юм аа. Харин “Миний элсэн цаг” номын шүлгүүдээс сонирхмоор байна л даа?
-Номоо
нэрлэсэн шүлгийг минь хүмүүс сонирхоод байгаа. Түүнээ уншъя.
“Итгэл, хайр, хүлээлт
Энэ гурван үг
Элгээ эгштэл санагалзсан
Энхрий түүнтэй минь учруулах
Элсэн цаг юм
Цаг хугацааны далавч
Цадиггүй бардмаар дэвсээр
Арав, хорь, зуун түмэн жил
Алсарч хулжлаа ч гэсэн
Элсэн цагаа эвдэлгүйгээр
Эндээс явна би“. Ийм нэг богино шүлэг юм.
-“Монголын мөнгөн үеийн яруу найраг” ботид таны шүлгүүд орсон. “Миний элсэн цаг” номноос “Монголын мөнгөн үеийн яруу найраг ботийн хавтаснаа ижийдээ бичсэн шүлэг“-ийг тань олж уншлаа. Эхний мөрүүдээс тань хараад л жинхэнэ яруу найрагч л ингэж бичнэ дээ гэсэн бодол төрснөө нуух юун?
-“Гуч хүрээ ч үгүй байж
Гуниглаж юунд сурав даа
Орчлонг огоорно гэж зовлон үүрч
Од хийморио гундааж явна даа гэж
Эжий минь та санаж суугаа
Эвий муу хүү минь гэж шаналж суугаа
Ялгуун цагаан сарны дор
Яруу найрагч хүн гуниглаж суудаг
Яахын аргагүй эхийн цагаан сүүнээс
Яргаж ургасан үндэс учраас тэр дээ
Гуниглаж орчлонг хайрладаг энэ цөөхөн хүмүүс
Гундаж шанданхан, мандаж бадранхан
Эхнэртээ хаягдаж, элдвийг үзэвч
Ээж та нарыгаа л бурхан гэдгээ мартахгүй ээ…” гэж бий дээ. Ингэхэд хүүгийнхээ номын баярт оролцоор ижий минь Баянхонгороос ирээд байгаа. Мөн хоёр охин минь ирнэ. Ах нь хоёр охиныхоо ээжид зориулж “Зүрх сэтгэлээ нэгжнэм” хэмээх яруу гунигийн дурсамж хэвлүүлсэн шүү дээ. За тэгээд номын баярт утга зохиолын хүрээнийхэн мэдээж ирнэ. Мөн дизайнер Чойжилсүрэнгийн Ууганбаяр, зураач Мягмарын Амархүү, “Мөнхийн үсэг” группын хамт олон ирнэ. Эдгээр эрхмүүд миний номыг бүтээлцсэн хүмүүс ээ.
Ярилцсан Н.ГАНТУЛГА