Ариэль Шароны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан, Ирак,
Сири, Египетийн өчнөөн танктай хэдэн зуун цэргийн өмнөөс ганцаараа тулалдсан, террористуудад
барьцаалагдсан иргэдээ Угандагаас авч гарах тусгай ажиллагааг удирдсан гэж ирээд
яривал сонирхмоор намтар ихтэй эрхмийг уншигчидтайгаа уулзуулж байна. Израйлийн
бригадын генерал Эффие Эйтам чөлөөнд гарснаасаа хойш улсынхаа Засгийн газар, парламентын
гишүүнээр ажиллаж байгаад бизнес рүү оржээ. Тэр одоо RWL компанийн бизнес хөгжлийн захирал, “Жени ойл
энд газ” компанийн Ерөнхийлөгч. Эрчим хүч, ус хангамж, дэд бүцтийн салбарт ажилладаг
хэд хэдэн компанид зөвлөхөөр ажилладаг юм билээ. Бидний яриа Угандад барьцаалагдсан иргэдээ аварсан Израйлийн тусгай ажиллагаанаас эхэллээ.
-Далаад онд Парисаас Израйль
руу нисч явсан онгоцыг террористууд барьцаалж Угандад буулгасан үйл явдлыг дэлхий
даяараа мэднэ. Барьцаалагдсан иргэдийг суллах
тусгай ажиллагааг удирдсан хүн нь та. Тэр ажиллагааг яг яаж хийсэн бэ?
-Би
амьдралынхаа гучин жилийг яг байлдааны талбарт өнгөрүүлсэн хүн. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажилласан
он жилүүд л дээ. Израйлийн батлан хамгаалах
хүчнийг удирдаж байхдаа хэдэн зуун тусгай ажиллагааг ахалж амжилттай дуусгаж байлаа.
Таны сонирхсон үйл явдал тэр ажиллагаануудын
маань нэг байгаа юм. Тэр ажиллагаа яагаад алдартай болсон нь ганцхан шалтгаантай.
Учир нь тэр үеэс хойш бид терроризмтэй тийм жишгээр тэмцдэг болсон. Бууж өгдөггүй, нүүр тулгардаг болсон гэсэн үг.
Өнөөдөр бусад орон ч терроризмтэй ингэж тэмцэж байна. Тэр үйл явдал Израйлиас
5000 гаруй км-ийн алсад болсон юм. Ямар ч хол улсад бай Израйлийн нэг иргэнийг барьцаалсан л бол манай тусгай хүчин хөдөлдөг.
Барьцаалсан гэсэн мэдээ авсны дараа “Геркулес” гээд байлдааны зургаан том нисдэг
тэргээр Угандад нисч очсон. Очингуутаа онгоцны буудалд нь шууд газардлаа. Ямар ч гэрэлгүй, тас харанхуй орчинд.
-Онгоцны
буудал дээр буулаа гэсэн дохио ч өгөөгүй юу?
-Ямар ч тохироогүйгээр
шууд довтолгоо хийсэн. Барьцаалагдсан онгоцыг Угандагийн цэргүүд тойроод
зогсчихсон байлаа. Шууд буугаад довтлоход
террористууд ч тэр, Угандагийн цэргүүд ч ялгаагүй бэлтгэлгүй байсан л
даа. Тэгнэ гэж төлөвлөөгүй учраас цочирдсон байх. Ер нь бүх үйл явдал 15-хан минутын
дотор өрнөөд дууссан.
-Барьцаалсан онгоц руу яаж нэвтэрсэн
юм бэ?
-Нэг
онгоцондоо том хар мерседес хийгээд очсон юм. Угандагийн Ерөнхийлөгчийн унадагтай
яг адилханыг. Машин унаж байгаа хүнийхээ нүүрийг хараар будчихсан учраас Угандын цэргүүд
сэжиглээгүй. Ерөнхийлөгчийгөө ирчихлээ гэж бодоод ёслоод эхэлсэн. Тийм болохоор
онгоц руу очиход асуудал гараагүй. Шууд явж
очоод террористуудыг бүгдийг нь хөнөөсөн. Дуу намжаагчтай пулемёттай очсон юм.
-Барьцаалагдсан хүмүүс бүгд зүгээр байсан уу?
-Тийм ээ, нэг нь л шархадсанаас бусдаар ямар нэг золгүй явдал
болоогүй. Хүмүүсээ онгоцондоо суулгаж аваад шууд ниссэн. Тэр үеэр нэг л хүн амиа алдсан. Одоогийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн төрсөн ах
нь амь эрсэдсэнд өнөөдрийг хүртэл харамсаж явдаг. Террористуудтай тулалдаж байхад
нь нислэгийг удирдах цамхгаас араас нь буудчихсан юм. Найзыгаа хамгаалж чадаагүйдээ
харамсдаг. Найз маань еврей хүүхдүүдийн бахархал, үлгэр дуурайл нь. Израйль бол залуу, бас иргэдийнхээ
төлөө гэсэн орон. Саяын дурсдаг тусгай ажиллагаа бол “Манай иргэдийг барьцаалбал
бууж өгөхгүй” гэдгийг нотолсон явдал болсон
юм.
-Таныг Израйлийн
батлан хамгаалах хүчинд ажиллаж байхад Мюнхений олимпын үеэр танай улсын тамирчид
руу террористууд халдсан хэрэг гарсан. Энэ хэрэг дээр Израйлийн тусгай хүчин ажилласан
уу?
-Их
харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болсон. Гэхдээ бидэнд ямар ч оролцоо байгаагүй. Манай
тусгай хүчний зүгээс оролцох хүсэлт тавихад Германы
тал зөвшөөрөөгүй юм. Улсынхаа цэрэг цагдаагийн хүчээр шийднэ гэсэн л дээ.
-Гурван
улсын дайралтыг ганцаараа эсэргүүцсэн гэдэг чинь Еом Киппурын дайн байх аа. Тэр үед гаднаас дайралт орж ирнэ гэсэн
ямар ч сэжиг таамаг байгаагүй хэрэг үү?
-Тиймээ, түүхэнд Еом Киппурын дайн гэсэн нэрээр үлдсэн.
1973 онд Ирак, Сири, Египетийн цэргүүд нэгэн зэрэг манай хилээр дайран орж ирэхээр
завдсан юм. Тэр өдөр Еврейчүүдийн хувьд хамгийн
ариун өдөр нь байсан. Шашны баярын өдөр байсан юм. Мөргөлийн үеэр хүн бүр гэртээ
баяраа тэмдэглэж байхад манай улсын хил рүү
дайрсан болохоор ямар ч сэжиг таамаг байгаагүй.
Хил дээр зэвсэг муутай залуухан цэргүүд л байсан. Израйль улс оршин тогтнох
уу, үгүй юу гэдэг асуудал ид яригдаж байсан үе л дээ. Тэр үед би 21 настай
залуу командлагч байсан юм. Өглөө бостол Сирийн хэдэн зуун танк харагдах нь тэр.
Тэгэхээр нь шууд л танк эсэргүүцэгчээ мөрлөсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хуучин
зэвсэг л дээ. Нүдний өмнө олон зуун цэрэг, өчнөөн танк байгаад байдаг. Зугтах л
юм бол Израйль гэдэг улс байхгүй болно гэдгийг мэдэж байсан болохоор ямар ч эрсдлээс
айгаагүй. Том хадны цаана нуугдаад хүлээгээд л байлаа. Танкууд ч аажмаар дөхсөөр.
Толгой танк нь ирэнгүүт 25 метрийн цаанаас буудчихлаа. Эхний танк дотор байсан хүмүүс
бүгд гарч зугтаалаа. Гэтэл хамгийн гайхалтай нь бүх танк таг зогсчихсон. Яг тэр
үед надад крантны цоргоор учиргүй их гоожиж байсан усыг хуруугаараа таглачих шиг мэдрэмж төрсөн. Нөгөө
тал яахаа мэдэхгүй тээнэгэлзсэн хоёр цагийн хугацаанд энд тэнд байсан зэвсгүүдээ
зөөж хана босгож чадсан.
-Олон цэрэг
байгаа гэж харагдуулахын тулд таныг энд тэнд байрлуулсан зэвсгүүдийн хооронд гүйн
тулалдаж байсан гэж израйльчууд ярьдаг гэсэн?
-Ер нь зориг байхад л бүх зүйл болдог. Би гучин жил цэрэг
командалж явахдаа цэргүүддээ “Чин зоригтой
бай. Ийм үед нөгөө талд чинь хичнээн хүн байх нь хамаагүй болдог” гэж хэлдэг
байсан. Аймшиггүй зоригийг би Монголын түүхээс бас мэдэрсэн. Чингисийн цэргүүд дэлхийг тоогоороо биш чин зоригоороо
байлдан дагуулсан шүү дээ. Тэр чанар нь монголчуудаас одоо ч мэдрэгддэг. Монголчууд
их тэвчээртэй ард түмэн. Үндэстний өөрийн гэсэн үнэ цэнээ алдахгүй байх хэрэгтэй.
Израйль орчин үеийн технологи хийдэг орон. Гэхдээ ард түмнийхээ өөрийн гэсэн уламжлалт
сэтгэхгүйг алдахгүйг хичээдэг.
-Батлан
хамгаалах албанд байхад чинь болсон нэг явдлыг
сонирхмоор байна. Израйлийн Ерөнхий сайд Изхак Рабиныг олны нүдэн дээр хөнөөсөн
үйл явдлыг дэлхий даяар шуугиантайгаар мэдээлж байсан…?
-Манай орны орчин үеийн түүх их богинохон. Энэ үеийн түүхэнд
гарсан хамгийн эмгэнэлтэй явдал л даа. Ойрхи Дорнодод манайхаас өөр ардчилсан загвартай
орон байхгүй. Мэдээж манай улсад янз бүрийн маргаан, зөрчил байдаг. Гэхдээ бүгд хууль тогтоомжийн хүрээнд
өрнөдөг. Изхаг Рабиныг алагдах үед бид их гэнэн байж. Еврей хүн Ерөнхий сайдаа ална
гэж боддог ч үгүй үе байж дээ гэж одоо боддог. Ерөнхий сайд бараг харуул хамгаалалтгүй
явж байсан юм. Тэр үед авсан шарх өнөөг хүртэл эдгээгүй. Бид одоо болтол харамсдаг.
Үүний дараа бид нэгдэж чадсан. Дахиж хэзээ
ч Ерөнхий сайдаа тэгж алдахгүй гэж хичээсээр өнөөдрийг хүрлээ. Изхаг Рабины амийг хороосон
гэж анх сонсоод их уйлсан. Дайны талбарт
өчнөөн хүн амиа алдахыг харсан хэрнээ яагаад тэгж эмзэглэв гэж асууж магадгүй
л дээ. Еврей хүн өөрийнх нь төлөө тулалдаж, амьдралаа зориулсан Ерөнхий сайдыгаа
буудаж хорооно гэдэг эмгэнэлтэй санагдсан юм.
Тэр их сайн хүн байсан. Зургаан хоногийн дайн гэж байдаг юм. Тэр дайны баатар,
их олон тулаанд оролцсон хүн.
-Та Ариэль Шароныг Ерөнхий сайд
байх үед хоёр ч яамны сайд байсан. Ариэль бас цэргийн хүн. Хэр дотно байсан бэ?
-Бид
хоёрын амьдралын түүх их адилхан. Хоёулаа генерал, хоёулаа тариачин гаралтай. Би
түүнтэй адил ферм дээр төрж өссөн. Тийм болоод тэр байх их дотно байсан. Засгийн
газрын хурлын үеэр зурвас бичилцэж солилцоноо.
“Манай үнээ тугалласан, гахай маань төчнөөн торой гаргасан” энэ тэр гээд
/инээв/. Тухайн үед Газад еврейчүүд амьдарч
байсан юм. Тэр хэсгийг чөлөөлж арабуудад өгөх гэж байсан цаг. Би тэр үед Ерөнхий сайдад “Ингэх нь маш том алдаа болно. Хэрвээ тэр газрыг арабуудад
өгвөл арабууд тэнд буу зоогоод бидэн рүү эргүүлээд буудна” гэж хэлж байлаа. Гэвч
Ерөнхий сайд засаг тэргүүлж байгаа хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан. Үүний дараа
би Засгийн газраас гарсан юм. Харамсалтай нь тэр үед миний хэлж байсан бүхэн үнэн
байсан. Тэр газар арабууд ирээд цэргийн баазаа байгуулсан. Тэнд байгаа хоёр том
гүрний энхийн хэлэлцээрийг болиулах юмыг ХАМАС-ууд хийгээд байна. Ариэль Шарон эх
оронч хүн байсан. Байлдагчийнхаа хувьд ч мундаг хүн байсан. Түүнийг Израйль даяараа
хүндэлдэг.
-Хамгийн их тэвчээр шалгасан
тусгай ажиллагаа гэвэл та ямар үйл явдлыг онцлох вэ?
-Монголын
хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа маань болоод байна /инээв/. Сая
танд ярьсан Еом Киппурын тулаан хэцүү байсан. Эрчим хүчний сайдаар ажиллах үе ч
тэвчээр шалгасан он жилүүд байлаа. Израйлийн эрчим хүчний салбар дөнгөж үүсч байх үед сайдаар ажиллаж таарсан юм.
Улсаа эрчим хүчний хараат байдлаас гаргахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөө
оруулаач гэж урьж байсан үе. Хөрөнгө оруулагчид “Эфи чи намайг авраач. Энэ хүнд
суртал хөрөнгө оруулахад садаа болоод байна” гэж толгойгоо сэгсэрнэ. Тэр болгоныг
давахад хэцүү байсан шүү.
-Та сая Монголын хууль тогтоомж
хэцүү байна гэж ярилаа. “Жени ойл энд газ” занар дээр ажиллаж байгаа. Тэгэхээр занарын
салбарт ажиллахад хэцүү байна гэсэн үг үү?
-Энэ
асуултад хариулахын өмнө бага зэрэг оршил хэлье
гэж бодож байна. Дэлхийн хамгийн том шатдаг занарын ордууд Монголд байгаа гэдэгт би итгэдэг. Өөр баялаг байгаа юм чинь ашиглахгүй
ч байсан болно гээд орхиж болохгүй баялаг.
Ашиглаж байж л хөгжинө. Арван жилийн өмнө Израйльд эрчим хүчний салбар огт хөгжөөгүй
байсан. Бүх шатахуунаа танай улс шиг гаднаас
авдаг байсан юм. Одоо байдал өөрчлөгдсөн. Израйльд өнөөдөр ч уламжлалт болон уламжлалт
бус газрын тосны эрчимтэй хайгуул хийгдэж байгаа. Засгийн газар гадаадын хөрөнгө
оруулагчийг урьж бодлогоо их ойлгомжтой явуулсан. Бодлогоо гаргаад боломжийг нээлттэй
орхисон. Зах зээл бүхнийг зохицуулсан гэсэн үг. Ингэж ажилласан учраас Израйлийн
эдийн засаг хөгжсөн. Манай, танай улсууд хүн ам цөөн гэдгээрээ адил талтай. Израйлийн
хувьд иргэд нь цөөхөн болохоор эрчим хүчний салбараас олох орлого айл бүрд мэдрэгдээд
ирсэн. Танай улсын хувьд ч ялгаагүй ийм эерэг нөлөө шууд мэдрэгдэнэ. Манай хөрш
Египет 100 сая хүнтэй. Тэр хэрээр хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн
ч иргэдэд нь мэдрэгдэх нөлөө бага. Монголд
нөөц нь байна. Бидэнд мөнгө, менежмэнт нь
байна. Амжилттай явах төсөл гэдэг нь эргэлзээгүй ч бэрхшээл их байгааг нуух юм алга.
Израйльд шугам сүлжээ, зам хоолой, боомт, далай гээд дэд бүтэц нь бэлэн байна. Үйлчлүүлэгч
ашиглагчийн хамгийн хол зай гэхэд л 40 км. Гэтэл Монголд эсрэгээрээ. Эрчим хүчний
дэд бүтэц байхгүй. Тийм хэр нь хууль тогтоомжоороо хязгаарлалт тавьдаг. Манай компанийн хувьд Израйль, Америкт хүлээн
зөвшөөрсөн технологийг танай улсад санал болгож байгаа. Израйлийн сүүлийн үеийн
технологи, Америкийн санхүүгийн боломжийг Монголд авчрах гүүр нь болохдоо бид баяртай
байх болно. Манай нэг үйлдвэр Колорадод ажилладаг. Америкт нийцэхгүй байсан бол
Колорадод тийм үйлдвэр ажиллахгүй шүү дээ.
-“Жени ойл” занараар нэлээд судалгаа
хийсэн. Одоогоор Монголд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулаад байна вэ?
-Хамгийн сайн геологич, менежерүүдийг цуглуулж цалинжуулаад дөрвөн жил болж байна. Зургаан сая ам.доллар зарлаа. Шуудхан хэлэхэд өнгөрсөн жилүүдэд явсан мөрөө харахад Монголыг хөгжүүлэх гэсэн бидний
хүсэл эрмэлзэл Монголын Засгийн газраас илүү байх шиг санагдах боллоо. Уг нь манай
компанийг амжилттай ажиллавал эрчим хүчний салбарт дараа дараагийн том компаниуд
орж ирнэ. Одоо бол тэд биднийг харж байна. Манай төсөл амжилттай хэрэгжээд явбал Монголын хаалга нээлттэй байна гэдгийг бодитойгоор
ойлгоно. Үгүй бол хаалттай хэвээр байна гэж харна.
Танай улс эрчим хүчний салбараа орчин үеийн түвшинд хөгжүүлье
гэвэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг
татахын тулд төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Засгийн газар нь УИХ руугаа,
УИХ нь Засгийн газар руугаа зангаад асуудлыг шийдэхгүй удах нь сайн хэрэг биш. Дөрвөн
жил яг ийм байлаа. Бид энэ асуудлыг хөрөнгөө оруулчихаад сарын дараа биш, бүтэн
дөрвөн жилийн турш мөнгө зарцуулсны дараа хөндөж байгаа гэдгийг ойлгоорой. Монголын
төр бодлогоо тодорхой болгоё, цэгцэлье гэж байгаа нь зүй ёсны асуудал. Тэгэх ч учиртай.
Бид улс бүр хуультай, тэр хуулийг нь ёсчлон биелүүлэх ёстой гэдгийг мэддэг хариуцлагатай
ухамсартай компани. Чиг өгөхийг л хүлээгээд сууж байна.
-Уул уурхайн
сайдтай уулзсан гэж сонссон. Тодорхой мэдээлэл сонсч чадав уу?
-Уулзалт амжилттай болсон. Сайд нэлээд мэдээлэлтэй байна лээ.
Манай компанид дэвшил хэрэгтэй байна гэдгээ илэрхийллээ. Засгийн газар яамдаас занарын
талаар нэгдсэн мэдээлэл авах гэж байгаа талаар
сайдаас сонслоо. Уул уурхайн сайд Д.Ганхуягаас гадна ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй их ач холбогдолтой
уулзалт хийсэн. Энэ асуудалд Засгийн газар,
Ерөнхий сайд ач холбогдолд өгч анхааралтай хандаж байгаа гэж ойлголоо. Энэ уулзалтуудын
дараа итгэл төрсөн.
-Та өмнө
нь Монголд ирэхдээ Ерөнхийлөгчтэй уулзаж байсан гэсэн. Сая уулзав уу?
-Энэ удаа уулзаагүй. Хоёр жил хагасын өмнө ирэхдээ уулзсан.
Тэр үеэр манай төслийг их хэрэгтэй гэж үнэлж байсан. Танай Ерөнхийлөгчийг их мундаг
илтгэгч, сайн бичдэг уран бүтээлч гэж сонссон. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Танай Ерөнхийлөгч яг тийм хүн шиг санагдсан.
-Ерөнхий
сайд эдийн засгийн чуулган дээр Израйлийг технологиороо хөгжсөн жишиг улс гэж онцолсон.
Технологио ингэж хөгжүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?
-Өнөөдөр танай УИХ-ын даргатай уулзлаа. З.Энхболд даргад хэлсэн
үгээ дахин хэлье. Технологио хөгжүүлсэн хоёр гол хөшүүрэг бидэнд байсан. Нэг нь
залуу хүний сониуч зан. Шинэ юм олж мэдье, нээе илрүүлье гэсэн зориг нөлөөлсөн.
Залуусын эрсдлээс айдаггүй чанар Израйлийг технологиороо алдаршихад нөлөөлсөн. Нөгөө хөшүүрэг
нь инноваци. Засгийн газар эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд залуу хүмүүстээ итгэж бүх зүйлийг чөлөөтэй тавьсан. Юм хийхийг дэмждэг
Засгийн газар ажиллаж эхэлсэн. Израйлийн шинэ ард түмэн, шинэ улс орны гол нууц
энэ дээ.
-Монголд
ирээд тохиолдсон явдлуудаас сэтгэлд хоногшсон агшин нь юу байв?
-Хоёр хоногийн өмнө их сонин юм боллоо. Улаанбаатараас хэдэн зуун км-ийн цаана байдаг шатдаг занарын
ордыг үзэх гэж явж байгаад хүн амьтангүй зэлүүд газар харанхуй шөнөөр шаварт суучихдаг
юм байна. Хүйтэн шөнө шаварт гутлаа алдчихлаа. Мундаг хүчтэй машин уначихаад хүйтэн
шөнө бүх хувцас нойтон яах ч аргагүй болох сонин юм билээ. Гэтэл тэр хавьд амьдардаг
хүмүүс туслахаар ирдэг байгаа. Оросын хуучин машинаар ирсэн тэр хүмүүс яаж туслах
вэ гэж ярилцаж байгаад бүсээ нийлүүлж татах юм боллоо. Бүс нь тасарсан л даа. Урагдаад
дууссан. Сүүлдээ нэг нь “Манай гэр ойрхон манайх руу очъё” гэлээ. Ойрхон гэсэн газар
нь 40 км. Уг нь манай улсад бол хамгийн хол
зай гэж би танд түрүүн хэлсэн дээ. Тэгээд гэр рүү нь хөл нүцгэн явган алхлаа. Гэрт
нь очтол хөл угаах халуун ус бэлдэж өгч, цай хоолоор дайлаад яг л өөрийн хүн шиг
хүлээж авсан. Би цэргийн генерал. Олон жил цэргийн майханд байлдааны нөхцөлд амьдарч байсан хүн.
Гэтэл Монголд их өөр орчныг мэдэрсэн.
Манай шашны эртний ном сударт ганцаараа явж байхад нь хэн
нэгэн тусалсан гэх мэт сайхан түүхүүд гардаг.
Яг л тэр цагийн хүмүүсийн ойр дотно халуун дулаан харилцааг мэдрэх гайхалтай
байсан. Биднийг тэр малчин айлд унтаж байхад нэг настай хөгшин хөлөн
дээр хөнжил давхарлан хучиж өгсөн. Сэтгэл их хөдөлсөн. Ийм нандин уламжлалтай, нэг
нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, гадны хүнд
гэрээ үргэлж нээлттэй байлгадаг иргэдтэй
улс оронд цаашдаа хөгжих маш их ирээдүй
бий. Тэр хөгжлийн нэг хэсэг байхсан гэсэн бодол төрсөн шүү.
Ц.БААСАНСҮРЭН