Categories
редакцийн-нийтлэл

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь
тодорхой болов.  Эх хүний хувьд би
хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний
хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн
хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад
хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн
иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо
хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах
зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин
боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч
догь.

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор
зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн
газраас  “Хогны уут” хөтөлбөр
хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин
боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж. 
Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж
дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд
хогноосоо салахын тулд ямар стратеги барив? 

Эхлээд тэд  хаягдал дахин
боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь
хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог
ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт
олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч
түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал 
дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад
ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр
олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л
хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж,
хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал
түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр
солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул
дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт”
хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн
туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.
 Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн
мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ?

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой
хог хаягдал эзэлдэг.  Одоогийн
байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л
ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий. 
Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг
хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь
ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа
биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын
хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон
уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.Янжмаа                   

Categories
мэдээ цаг-үе

Нэг лифт тутамд тендер зарлаж сүржигнэх нь хэнд ашигтай вэ?

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  саяхан “Нийтийн
зориулалттай орон сууцны барилгын
цахилгаан шатны шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
тендер зарлажээ.  20 лифт тус бүрт тендер зарлаж буй аж. Энэ тендерт
дөрвөн компани оролцох саналаа хүргүүлээд буй 
аж. Нэг лифтийн эрх авахын тулд дээрх дөрвөн компани  тендер тус бүрт 80
гаруй материал бүрдүүлэх болж
байгаа юм. Өмнө нь 10-15 лифтийг багцлаад 
нэг тендер зарладаг байсан бол энэ удаа тус бүрт нь тендерт оролцохын
тулд
бичиг цаасны их ажил өрнөх болжээ. Энэ нь оролцогч компаниудын бухимдлыг
төрүүлээд
байгаа аж.

Нөгөөтэйгүүр  нэг лифт тутамд тендер зарлаж буй нь аж ахуйн
нэгжүүдийг чирэгдүүлсэн, өнөө төрийн албаны хүнд суртал арилаагүй байна гэсэн шүүмжлэлийг
араасаа дагуулж буй гэнэ.  Нийслэлийн худалдан
авах ажиллагааны газраас зарласан энэ тендер нь 
нэг талаараа олон аж ахуй нэгжийг тендерт  оролцуулах бодлого баримталж буй ч үнэн чанартаа
тендерийг аль эрт нэг аж ахуй нэгжийг оролцуулахын тулд эртнээс бэлдсэн, төлөвлөсөн
арга байж болохыг  зарим эх сурвалж хардаж
буйгаа нуусангүй. Учир нь   өнгөрсөн жил энэ
тендерт орж лифт тавих  эрх авсан атлаа  ажлаа гүйцэтгээгүй компаниуд бас бий гэнэ. Ийм
аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамны бүртгэлд оруулдаг аж. Бүртгэлд орсон бол тухайн
аж ахуйн нэгж “хар дансанд” орлоо гэсэн үг. Өнгөрсөн жил харин Сангийн яам яагаад
ч юм ийм бүртгэлээ хийгээгүй алгассан байна.

Энэ бүртгэлд орсон бол тухайн цаг хугацаандаа
ажлаа гүйцэтгээгүй компаниуд дахин тендерт орох боломжгүй болдог аж. Анхаарал татсан
бас нэг зүйл нь энэ жилийн тендерийг  төсвийг
нь өсгөсөнд байна гэж үзэх мэргэжлийн хүмүүс ч байна. Энэ он гарсаар Барилга, хот
байгуулалтын яам гэхэд 120 лифтэд нэг тендер зарлан сонгон шалгаруулжээ. Гэтэл  төрийн дунд албанд  болохоор 
нэг лифт тус бүрт тендер зарласныг 
ойлгох хүн байхгүй байгаа юм.

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт
жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг
нь төсөвт тусгаж өгчээ. Тиймээс 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солихоор төлөвлөж
байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих
шаардлагатай байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. Стандартын шаардлага хангасан,
хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1,5 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болсон. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн
байдлаар 3000 орчим лифт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл лифтүүдийн
дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглах хугацаа нь дууссан байдаг гэдгийг Нийслэлийн
өмчит Улаанбаатар лифтийн үндэсний газраас мэдэгдэж байсан удаатай. Гэтэл энэ ажлын
хүрээнд хийж буй тендерүүд захаасаа аван иймэрхүү байдлаар хуудуутай явж байна гэж
үзэх хүмүүс гарах болж буй юм.

Уг нь Нийслэлийн өмчит “Улаанбаатар лифт” ХХК
ШӨХТГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд орон сууцуудын цахилгаан шатуудад шалгалт
явуулж, үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа, хэдэн хүн даах чадвартай, хэдий хүртэл
ашиглах боломжтой болон бусад мэдээллүүдийг байршуулах үүргийг өгч байсан. Ингэснээр
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд байх “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас
баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм,
жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн
шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн заалтын
дагуу иргэд эрхээ хангуулах эрхтэй болсон. Гэтэл тендерт оролцчихоод  авсан ажлаа гүйцэтгэдэггүй, тавьсан лифт нь асуудал
дагуулдаг аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуур тавих шаардлагатай байгааг мэргэжлийн
хяналтын байгууллагаас удаа дараа сануулж буй юм. Он гарсаар шинэ тавьсан лифт хурдаа
алдах төмөр бэхэлгээ нь саарах гэх мэтээр олон удаа зөрчил гаргаж байжээ. Үүнээс
болж хүний амь эрсдээгүй ч лифтийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол магадгүй
барилгын салбараас болж амиа алдагсдын тоог нэмэх хандлагатай байгааг хэлэх хүн
ч байна.

Г.ЯЛГУУН

Categories
гадаад мэдээ

Украинд 100 сая ам.долларын тусламж үзүүлэх гэнэ

Сенатын гишүүн Жон
Маккейн АНУ-аас Укрианд 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр ажиллаж
байгаа тухай
мэдэгдсэн байна. АНУ-ын Сенатын гишүүн үүнтэй холбогдуулан тусгай хууль
боловсруулж өргөн барихаар ажиллаж байгаа гэнэ. 
Ийнхүү Украины батлан хамгаалах салбарыг дэмжих аж.  Ж.Маккейн энэ
талаар ярихдаа “Ингэснээр  ОХУ Украин зүүн эсвэл өмнөд нутгийг эзлэхийг
завдваас хариуг барих болно гэдгийг В.Путинд харуулах юм” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Оклахома түймэрт автаад байна

АНУ-ын Оклахома мужийн
газар нутагт нэлээд хэдэн газар ойн түймэр гарчээ. Үүний улмаас хэдэн арван
байшин шатаж нийтдээ 1.5 мянган га газарт шатаж байгаа гэнэ. Гатри хотын
ойролцоох ойн түймэр хүчтэй салхитай байгаагаас хурдтай тархаж байгаа тухай
мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Амарсанаа: Нийт хүн амын 15 хувь нь С вирустэй гэсэн судалгаа бий

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН
ЭСРЭГ ЭМИЙГ ХЯМД ҮНЭЭР АВАХААР БОЛЖЭЭ-

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа АНУд олон улсын хуралд оролцох үеэрээ элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг Монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

  Элэгний С виру­сийн эсрэг эмийг монголчууд хямд үнээр хэрэглэх болж байгаа тухай дуул­лаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-АНУ-ын “Glead science” компани
“Sofosbuvir” хэмээх элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арван­хоёрдугаар сараас
эмчилгээнд нэвтрүүлсэн. Би Сан-Франциско хотод очиж энэ компанийнхантай уулзахдаа
Монголд элэгний С вирусийн тархалт өндөр байд­гийг хэлээд, энэ эмийг хөнгөлөлттэй
үнээр манай улсад нийлүүлэхийг хүс­сэн юм. Эмийн компа­нийнхантай уулзах цаг авахад
АНУ дахь Монголын Элчин сай­дын яамны консулын газраас их тусалсныг хэлэх хэрэгтэй.
Нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хий­дэг юм байна. Харин манай
улсад зургаан сарын курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээ­лийн
үнээс 44 дахин хямдаар нийлүү­лэхээр боллоо.

Эмийн томоохон үйлдвэрүүд шинэ бүтээг­дэхүүнээ
хямд­руулдаггүй. Буурай хөгжилтэй орнуудад эмийн хадгалалт, хэрэглэх горимыг алдах
эрсдэлтэй тул тэр бүр нийлүүлдэггүй. Гэтэл манай улсад уян хатан хандсанд баярлаж
байгаа.

Тэгвэл  эмийг Монголд хэзээнээс нийлүүлэх бол?

-Компанийн төлөөл­лүүд тавдугаар сарын сүүлээр
юм уу зургадугаар сарын эхээр Монголд ирнэ. Тэр үед ямар боломж байна гэдгийг нухацтай
ярилцана. Монголд шинэ эмийг бүртгэх дүрэм журам гэж бий. Монгол Улс энэ асуудалд
илүү  ач холбогдол өгч, ард түмнийхээ эрх
ашгийг бодоод хурдан хугацаанд эмийг бүртгэх ямар боломж байна гэдгийг ярина. Ердийн
бүртгэлийг хүлээвэл дор хаяж нэгээс дөрвөн жил хүлээх болно. Нэг жилийн өмнө ч гэсэн
эмийг хэрэглэж, олон хүний амь насыг аврах нь чухал гэж бодож байна. Яагаад гэвэл,
энэ компани  дэлхийн цөөхөн хэдэн оронд хямд
үнээр  нийлүүлэхээр төлөвлөсөн байсан. Үүний
нэг нь Монгол байгаасай гэж хүсч байна.

Элэгний С вирусийн эсрэг эм оруулж ирэхээр бол­лоо гэсэн мэдээл­лийг сонссон зарим иргэд болгоомжтой хандаж байнаШинэ эм учраас туршилт болчих вий гэсэн яриа гараад байгаа юм билээ?

-Би өөрөө элэг суд­лаач, элэгний эмч хүн. Тийм
учраас хаана, ямар  сайн эм гарч байгааг сонирхож,
судалж байдаг. Хам­гийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компанийн бүтээг­дэхүүн маш
сайн үр дүниэй байгаа нь “Glead science” компани “Sofosbuvir”. Эмийн судалгааг дөр­вөөс
таван жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судал­гаа хийгдээд дараа нь клиникийн
судалгаа хийж, гурван үе шатаа даваад гарч ирсэн эм. 2013  оны арванхоёрдугаар сард АНУ-д бүртгэгд­сэн. АНУ-ын
эм бүртгэлийн агентлагт бүртгэгдэнэ гэдэг бол маш олон үе шатын судалгааг давж гарч
ирдэг учраас энэхүү  бүтээгдэхүүн  чанартай, найдвартай гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хувьд олон улсын хурлуудад сууж байхдаа энэ эмийн талаар олон удаа сонсож,  үр дүнг нь мэдэж байсан учраас нэг өдрийн өмнө
ч гэсэн Монголд оруулж ирье гэж бодсон. АНУ руу явах шалтгаан маань эмийн компанитай
уул­зах байгаагүй. Жилд олон дахин томи­лол­тоор явж чадах­гүй учраас нэг явсан
дээрээ нэг ажлыг ч гэсэн бүтээе гэж бодоод тэр компанийн байран дээр нь очоод  энэ эмийг Монголд бүрт­гүү­лэх хүсэлтэй бай­гаа­гаа
ярьсан. Энэ эмийг АНУ-д одоо хэрэг­лэгдэж байгаа. Тийм учраас хэтэрхий их болгоомжлох
шаард­лагагүй.

Эмийн үйлчил­гээний талаар мэдээ­лэл өгөхгүй юу. Одоо манайд хэрэг­лэж байгаа эмчил­гээнээс юугаа­раа давуу талтай юм бол?

-“Sofosbuvir” элэгний С вирусийн 70-80 хувийг
устгах чадвартай. Харин манайд одоо хэрэг­лэж байгаа интерферион 60-70 хувийн эмчилгээний
үр дүнтэй ч гаж нөлөө ихтэй. Халуурна, бөөл­жинө, дотор муухай оргино, үс унана.
Тийм учраас өвчтөнүүд маань эмчилгээ хийж байгаад дундаас нь хаядаг. Бас нэлээд
үнэтэй. Монголд жилийн курс эмчилгээ нь 12-15 мянган ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл,
С вирус­тэй өвчнүүд бүгдээрээ эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь хоёр гол шалтгаантай.
Эмийн гаж нөлөө  нь хүчтэй, бас үнэтэй. Харин
“Sofosbuvir” гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана.
Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа.

Монгол Улсад элэгний вирусийн эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Бид энэ тал дээр дэлхийн хөгжлөөс хоёроос
гурван жилээр хоцорч яваа. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн өмнөөс шинэ эмнүүд гарч
ирсэн. Энэ хоцрогд­лоо нөхөхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Энэ эмийг хямд оруулж
байж одоо манай өвчнүүдэд тул­га­раад байгаа асууд­лыг шийднэ. Өөр элэгний С вирусийн
эсрэг шинэ эмчилгээнүүдийг сонирхож үзсэн. Өнгөрсөн  жил хоёр шинэ эм нэвтэрсэн. Тэр хоёр эмийн үр
дүн нь одоогийн бидний оруулж ирэх гэж байгаа эмнээс нэлээд бага, гаж нөлөө нь өндөр
байсан учраас  Монголд оруулж ирэ­хийн төлөө
хөөцөл­дөөгүй юм.

Манай хүн амын хэдэн хувь нь С вирусээр халд­варлан өвчилдөг юм бол?

-Хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судал­гаагаар
нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн
тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халд­вар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С
вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халд­даг. Эхээс урагт халдварлах магадлал
долоон хувьтай байдаг. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар
үүсдэг. Яг халдвар авсан даруйдаа хүнийг цочмог үрэвсэл өгч, үүнээсээ болоод хурдан
хугацаанд нас барах тохиолдол байхгүй. Монголд элэгний өвчнөөр олон хүн нас бардаг.

Элэгний С вирусийн халд­вараас яаж урьд­чилан сэргийлэх вэ. Салбарын яам­наас урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажил байна уу?

-Урьдчилан сэр­гийлэх нь хамгийн чухал. С вирусийн
халдвар дамжих гол замууд цус. Эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны газруудын явуулж
байгаа үйл ажиллагаанаас шалт­гаалж хүмүүст халдвар дамжиж бай­на. Ялангуяа гоо
сайхны газрууд батга хатгаж, шахдаг хэрэгслүүдээр дам­жих, мөн ардын зүүн эмчилгээ,
шүд­ний эмнэл­гүү­дийн эмчилгээний хэрэгслүүдийг дутуу ариутгаж, өөр бусад хүмүүст
эмчилгээ хийс­нээс халдвар дам­жиж байна. Үсчинд ч гэсэн үс зах­лах хэрэгслийг ариут­гадаггүй
нь халд­в­ар дамжих бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх
нь зүйтэй юм.

Тэгвэл шүдний эмнэлэг, гоо сайхны газруудад эрүүл мэндийн яамнаас хяналт тавьж, заавар, зөвлөгөө өгдөг үү?

-Бидний хувьд зөрчил илэрсэн газ­руу­дын үйл
ажил­лагааг нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ажлыг хийж байна.
Өнгөрсөн жил шүдний эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Нийтдээ 16  газар зөр­чил илэрснээс наймыг нь хаасан. Үлдсэн
газруудынх нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, зохих арга хэмжээг авсан.

Х.ЦЭНДАЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Номтойбаяр: Чаддагаараа популизм хийж мэддэг хүмүүс энэ парламентад олон байна

УИХын гишүүн Н.Ном­той­баяртай ярилцлаа.

Та саяхан Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, Засгийн газраас санал авахаар өгсөн. Ямар учиртай төсөл билээ?

-Монголынхоо төлөө ажил
хийх үүрэг даалгаврыг Дорнодын ард түмэн надад өгч, УИХ-д илгээсэн шүү дээ. Тийм
учраас энэ ажлаа хийж “Гурван А бодлого” боловсруулж байна. Үүний нэг нь ахмадын
талаар баримтлах бодлого юм. Ахмадуудад тулгарч байгаа таван асуудлыг шийдэхээр
тусгасан. Тухайлбал, тэдэнд зориулж тэтгэвэр, орон сууц, эрүүл мэнд, хагас цагаар
хөдөлмөр эрхлэх, асрамжийн амралтын газар цогцоор нь шийдэхээр тусгасан байгаа.
Ахмадууд тэтгэвэрт гарсан л бол баяртай гэдэг ойлголтоосоо монголчууд салах хэрэгтэй.
Энэ бодлого батлагдсанаар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-д өөрчлөлтийг  хийж  “Ач
санах  тухай хууль” болгох зорилготой юм.
Үүний дараа ажилгүйдлийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-д өргөн барина. Гурав
дахь нь ажил хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын бодлогыг өргөн барина. Өнөөдөр амжилттай
ажиллаж байгаа зарим хувийн аж ахуйн нэгжүүд ажилтандаа хангалттай цалин өгөхийн
зэрэгцээ хариуцлагыг өндөржүүлж, ар нийгмийнх нь асуудлыг шийдчихдэг. Тухайн хүн
ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажилдаа анхаарч бүтээмж өндөртэй ажилладаг.
Хөдөлмөрийг зөв үнэлэх нь тухайн байгууллагын хөгжлийн хөшүүрэг болж байна. Монгол
Улс тэр аяараа ийм л тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Мөн Залуучуудын талаар баримтлах
бодлогыг О.Содбилэг гишүүн НАМЗХ-ныхон хамтран боловсруулж байна. Бас цэргийн эрх
зүйн хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байна.

УИХаар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Та энэ төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэ төсөл дээр УИХ-аас
ажлын хэсэг гаргаж, намуудын төлөөллөөс оруулах шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд
гаргасан. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргахад улс төржихгүйгээр бүгдээрээ
хамтарч ажилла гэж манай ангийн дарга үүрэгдсэн. Ингээд манай намын зүгээс энэ төлөвлөгөөг
дэмжиж өөрийнхөө бүлэг дээр ажлын хэсэг гаргасан. Хэдийгээр МАН эрх бариагүй ч гэлээ
ард түмний итгэлийг хүлээж, тэднийг төлөөлж Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн
төлөө шийдвэр гаргахаар тангараг өргөсөн 26 гишүүн нь УИХ-д сууж байна.  Эдийн засаг муудсан учраас сөрөг хүчнийхэнд шүүмжлэх
олз олдлоо гээд  баярлаад суух  эрх  байхгүй.
Тийм ёс суртахуун ч бидэнд байхгүй. Тиймээс энэ тогтоолын төсөлд орж байгаа  39 саналыг нэлээд магадалсан. Тэгээд эдийн засгийг
эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх  саналуудаа
ч нэмж багтаасан.

Улс төржиж гацаахгүйгээр ажил хэрэгч байдлаар хандаж байгаа гэсэн үг үү?

-Чуулганы завсарлагаанаар
тойрогтоо очиж ажиллалаа. Манай дорнодыхон “Та нар эрх баригчидтай сөргөлдөөд бай”
гэж хэлэхгүй байна. Хөгжил нэхсэн бухимдалтай хүмүүс л байна. Ард түмэн биднийг
бүтээлч байгаач, АН-ын мэдэхгүй, чадахгүй зүйлд туслаач гэж  шаардаж байна. Тийм учраас эдийн засгийг эрчимжүүлэх
төслийг ажил хэрэгч талаас нь дэмжиж байгаа юм. 
Хамгийн гол нь энэ төсөл батлагдлаа гэхэд дараа нь амьдрал дээр бодитоор
хэрэгжихүйц байх ёстой.  Хэрэгжихүйц төсөл
байлгахын тулд Засгийн газар сууриараа эрүүл бодлого, бүтэцтэй, УИХ нь түүнд хяналт
тавьж хариуцлага тооцож чадах нөхцөл бүрдэх хэрэгтэй. Гэтэл УИХ нь давхар дээлтэй.
Засгийн газарт хяналт тавих гол стратеги салбарт эрүүл суурь нь алга. Үүнд л санаа
зовж байна. Тэрнээс биш эдийн засгийн идэвхжүүлэх төсөлд улс төр, бизнесийг холдуулж,
эрүүлжүүлэх бодлого баримтлах нь уу гэдэг хандлага ажиглагдаж байгаа.

Тэр нь юунаас харагдаж байна

-Төрийн оролцоог хумих
чиглэлийн зүйлүүд ихээр туссан байна. Жишээ нь одоогийн байдлаар манайд төрийн өмчит
100 гаруй аж ахуйн нэгж бий. Үүний 48 хувь нь тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай.
Энэ дампуурлыг хэн бий болгов. Бизнест хэт хутгалдаад байгаа төрийн оролцоо шүү
дээ. Тэгэхээр энэ бүхнээс салсан нь дээр гэдэг үзэл энэ төсөлд яваад байгаад нь
баярлаад байна. Түүнчлэн өнөөдөр зарим хүмүүс “Уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч
биш, гэрийн шаахай хийдэг хүмүүс баялаг бүтээгч” гэдэг байдлаар яриад байх юм. Үгүй
шүү дээ. Баялаг бүтээгчдийн төрд өгч байгаа мөнгөөр зам харилцаа, сургууль цэцэрлэг,
барилга байгууламжууд босч байна. Хүмүүсийн цалин тасалдахгүй, тэтгэврийн сангийн
алдагдал ч нөхөгдөж байгаа.

Гэтэл энэ бүхнийг үгүйсгэдэг
утоп сэтгэхүйтэй хүмүүс байна л даа. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд туссан
саналуудыг дэмжиж байгаа ч нэг л зүйлийнх нь эсрэг байр суурьтай байна. Тэр нь
31 дэх санал юм.

Оюу толгойн далд уурхайн ажлыг түргэтгэх тал дээр УИХ, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэсэн заалт байгаа билүү?

-Тийм. Хүчин төгөлдөр
хэрэгжиж байгаа гэрээнд УИХ хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Энэ нь магадгүй Лондонгийн
Арбитрийн шүүхэд дуудагдах магадлалтай шүү дээ. Далд уурхайн зураг төсөл, ТЭЗҮ бэлэн
болоогүй. Тийм байхад гүйцэтгэлийг нь шахаж болохгүй. Засгийн газар болон Монгол
Улсыг төлөөлж Оюу толгойн ТУЗ-д суугаа гурван хүнийхээ байр суурь, нөхцөл байдал,
гарц шийдлийн хувилбарыг УИХ сонсоогүй байж харанхуйгаар юуг нь яаж дэмжих гээд
байгаа юм. Үүнийг хэлэлцэх үеэр Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” нэртэй  “Шударга “бус” эвслийнхэн Оюу толгойд Монголын
эзэмших хувийг 51 болгоно гээд зүтгээд байвал яах юм. Хэрэв тэгвэл би хувьдаа эсэргүүцнэ.
Далд уурхайн санхүүжилтийг одоогийн үйл ажиллагааныхаа орлогоосоо санхүүжүүлэх боломжтой.

Ер нь та Оюу толгой асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Бид 34 хилийн туухайг
Оюу толгойн хүзүүнээс зүүчихээд унагах гээд байна шүү дээ. Үүнийгээ больчих хэрэгтэй.
Зүгээр л Оюу толгойгоос татвар болон өсөн нэмэгдэх роялтаа авахад хангалттай.Харамсалтай
нь ингэж ярьж байгаа хүмүүс нь эх оронч биш юм шиг, 34 хувийг 51 болгоно гэж дуугардаг
нөхдүүд нь эх оронч мөн юм шиг ойлголт нийгэмд яваад байх юм. Гэтэл Оюутолгойгоос
татвараа авчихаад Монгол Улс өөрсдөө өр тавилгүйгээр авто зам, эмнэлэг, сургууль
цэцэрлэгүүдээ сүндэрлүүлээд, хүний хөгжлийн сууриа бэхжүүлэх бүрэн боломжтой. Үнэхээр
хөгжье гэж бодоод байгаа юм бол үүнийг л хий. 
Далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэх гэхээсээ өмнө Засгийн газар нөгөө
талтайгаа хэлэлцээ хийгээд хаана юу нь болохгүй байгааг ярилцаж, санал солилцоод
Оюутолгой гэх толгойн өвчнөөсөө салах бодлого УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Эх орноо
гэх эдийн засгийн эрүүл ухаантай хүмүүс энэ парламентад олон байна. Чаддагаараа
популизм хийхээ  мэддэг хүмүүс ч олон байна.
Гадныхан бүгдийг харж байгаа шүү дээ. Зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа
бол хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдэж, долларын  ханш буурна гэдэг шиг худлаа юм байхгүй.  Монголын төр хэр эрүүл эдийн засгийн чиг баримжаатай
бодлого явуулах вэ, Оюу толгойд хэрхэн хандахыг л гадныхан ажиглаж байгаа. Манайхны
овлигогүй тэнэг үйлдлүүдийг гадныхан хараад, Dickhead буюу махчилж орчуулбал “боовон
толгой” гэж  дуудаж байна гээд бод доо. Би
хувьдаа ичиж байна.      

Төр мэдэлдээ байгаа Оюу толгойн 34 хувиа худалдана, хувьчилна гэх мэтийн ярианууд гараад байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-34 хувиасаа татгалзах
нь зөв. Хөрөнгийн биржээр эсвэл шууд худалд л даа. Гэхдээ BARGAINING POWER буюу
худалдаа, арилжааны давуу эрхээ алдахгүй байхыг зохицуулах ёстой. Жишээ нь дэлхий
нийтийн зэсийн хэрэглээний 40 хувийг Хятад улс хэрэглэж байна.  Тэгтэл энэ эцсийн худалдан авагч нь шууд Оюу толгойд
хувь эзэмшчихвэл бид зах зээлийн хувьд санаа амрах ч гэлээ давуу талаа алдаж, эрсдэлд
орох магадлалтай. Нөгөө талд зарим гишүүд 34 хувиа ард түмэндээ өгчих гээд байна.
Үнэгүй өгч болохгүй шүү дээ. Бид яалаа даа. Хүний хөгжлийн сан, Эрдэнэс таван толгойгоор
дамжуулж, баахан хувьцаа тараасан. Үр дүн нь хаана байна. Ширхэг талхны мөнгө сардаа
өгч байна уу. Төр гэдэг бол ард түмэндээ хөдөлмөрлөх хөшүүргийг нь бий болгож өгөх
ёстой болохоос аманд нь бэлэн хоол халбагадаж өгөх хэрэггүй.  Өнөөдөр Засгийн газар Оюу толгойн асуудал дээр
худалдааны тактикаа яаж хийхээ мэдэхгүй элдэв хэрүүл маргаанаас айгаад байна.

Таныхаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Оюу толгой юун дээр гацчихаад
яагаад байгаагаа УИХ дээр даруй танилцуулах хэрэгтэй байна. Гишүүдээсээ зөвлөгөө
ав. Бүгдийг өөрсдөө мэддэг, чаддаг юм шиг яваад байх юм. За тэгээд мэдээж монгол
төрийн мэдэлд байгаа Оюутолгойн хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай
хүмүүс байгаа нь ажилд чөдөр тушаа болж байна шүү дээ. Гэрийн шаахайнаасаа цааш
сэтгэж чадахгүй нөхдүүдээс болж Оюу толгой гацаж байна. Гэтэл төр хэдий чинээ бизнест
хутгалдана, тэр хэрээрээ ажил нурдаг шүү дээ. 
Төр оролцох тусам аливаа ажлын өртөг зардлыг нэмэгдүүлж,эрүүл эдийн засгийг
эвддэг. “Манай дүүг ажилд ав, энэ компаниас дугуй, бензинээ авч бай, ийм ч гэрээ
байгуул, тийм ч найр наадамд мөнгө өг, надад тийм шагнал өг “гээд лайтай шүү дээ.
Бизнесийн салбарт ажиллаж явсан хүний хувьд энэ дарамтыг мэднэ. Нэг жишээ хэлчихье.  УИХ-ын гишүүн байсан хүнээс,  “Та нар “Эрдэнэт” үйлдвэрийг ноолохоо болиоч.
Хэрэв тэгвэл энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг зардал багасч, улсын төсөвт орох
орлого нэмэгдэнэ.Үр дүнд нь сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийг хангалттай байгуулна
биз дээ” гэтэл өөдөөс “Харин тиймээ энэ Оюу толгой хурдан ашиглалтад орчихвол Эрдэнэтийг
орхих гээд байна” гэж хэлдэг байгаа. Ийм л ядарсан сэтгэлгээтэй хүмүүс төрд ажиллаж
байна шүү дээ.

Популист сүгсэлзүүрүүдээс болж эдийн засаг, уул уурхай уначихаад байгаа гэдэг шүүмжлэл хэлэх хүмүүс их бий. Үүнтэй санал нийлж байна уу?

-Тийм шүү дээ. Тэд дандаа
нэр төр, дахиж сонгогдохоо бодож сонгогчдын тархийг худал мэдээллээр угаадаг.Зарим
нэг нь шууд ашиг хонжоо хайж ажилладаг. Эдийн засгийн чухал асуудал дээр завсарлага
авдаг, шантааж хийдэг хувийн сонирхолтой нөхдүүд мэр сэр байна. Улс төрд мань мэттэгвэл
яах гэж орж ирсэн юм. Ийм заваарсан юмнуудтай тэмцэх гэж орж ирсэн юм. Дэлхийн сайн
сургуулиудыг нь төгслөө. Эдийн засгийн хувьд бусдаас хараат байх боломж бас байна.
Монголынхоо төлөө зүтгэе, үзсэн, харсан, мэдсэн сурсан зүйлээ зориулъя гэж орж ирсэн
юм. МАК компанийн хувьд ширхэг хадаасч тендерээр авч үзээгүй. Төрөөс зээл болон
төрийн өмчийг хувьчилж аваагүй хөл дээрээ боссон. Тиймээс надад компанийн хөгжлөө
бодсон хямдхан бодол байхгүй. Эдгээр давуу талаа ашиглаад улс төрийг эрүүлжүүлж,
элдэв сүгсэлзүүрүүдээс хамгаалан ажиллахыг хичээж байна.

Томоохон компаниуд өрийн сүлжээнд ороод хэцүү болчихсон гэх юм. Хүмүүс таныгМАК“-ийн эзэн гэдэг утгаар нь хардаг нь нууц биш.ТэгэхээрМАКкомпанийн хувьд асуудал ямар байгаа бол?

– Үнэндээ намайг МАК гэж
хардаг нь үнэн. Гэхдээ улстөрч хүнд ёс зүйн зарчим байх ёстой.Биднийг төлөөлж төрд
ажилла гэж ард түмний өгсөн суудлыг компанийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгсэл
болгон хувиргамааргүй байна.Тэгээд ч би энэ улс төрд дор хаяж 20-25 жил зүтгэе гэдэг
бодолтой байна. Тийм учраас анхнаасаа ёс зүй, зарчимтай байх хэрэгтэй шүү дээ. Энэ
бол миний эцэг, эхээс өгсөн хүмүүжил, баримталдаг зарчим.

Тэгэхээр төр гэдэг хүлээснээс хувийн хэвшлийг салгах хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?

-Эхлээд сэтгэлгээндээ
ялгаж салгасан байх ёстой.Төрийн өмч хэмээх эзэнгүй өмчид төрийн эрх мэдлээр эзэн
сууж хувьдаа ашиг олохыг эсэргүүцэж байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод яалаа.
Шат дараалалтайгаар төрийн өмчийн бүх компанийг хувьчилсан. Үр дүн нь иргэддээ бодит
хөгжил авчирсан.Үүн шиг л байх хэрэгтэй.

Гэхдээ Эдийн засгийн эрчимжүүлэх төслийг баталчихвал таны яриад байгаа зүйлүүдийг хийх төлөвтэй юм шиг харагдаад байна. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлээ дэмжье гээд байна даа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх
бодлого хэрэгжихүйц байх ёстой. Бодлогыг нь УИХ батлаад өглөө. Засгийн газар нь
үүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай байх хэрэгтэй байна. Харамсалтай нь чадамжийн хувьд
энэ нь эргэлзээтэй байна шүү дээ. Зарим салбарт эрүүл, мэргэжлийн түвшинд ажиллаж
чадах сайд алга. Ерөнхийлөгч ч хэлсэн шүү дээ. “Зарим сайд нар өөрсдөө зайгаа тавиад
зайлаад өгвөл салбар нь өөрөөрөө хөгжих гээд байна” гэж. Ерөнхий сайд ч мөн, “Хөрөнгө
оруулалтын хувьд гадныхан манайх руу яарахгүй байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл Монголын
зарим сайд нар сайн ажиллана гэсэн итгэлийг гадныханд төрүүлэхгүй байна шүү дээ.
Гэхдээ Засгийн газрын бүх сайд муу ажиллаж байна гэж хэлэхгүй ээ. Хамгийн гол нь
Засгийн газар одоо зоригтой байх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн нэгэнт
л улс орноо хөгжүүлэх хариуцлага хүлээсэн хүн, тултал нь ажилла.  УИХ-тайгаа ялангуяа сөрөг хүчнээ сонсч хүндэл,
хэлж байгаа үг, саналыг нь ажилдаа тусга. Сөрөг хүчин яах бол, нөгөө нэг эвслийн
нэр чинь юу билээ, Шударга “бус” билүү тэрний зарим гишүүд, бие даагч гэх зэрэг
төрд биеэ үнэлэгчид болоод нам доторх фракцын таалалд нийцүүлж бэмбэгэнэхгүйгээр
нийгмийнхээ эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн эрүүл зарчимд тулгуурлаж,
үүсээд байгаа гацааг арилгах зөв шийдлийг олох хэрэгтэй. Зөвийг нь бид дэмжинэ.
МАН бол эх орондоо хайртай нам шүү.

Төрийн зүгээс хувийн хэвшлийг ямар оролцоогоор дэмжих ёстой гэж та үздэг вэ?

-Төр ердөө бодлого боловсруулагч
бөгөөд нийгэмдээ үйлчлэгч байх үүрэгтэй. Дэд бүтцээ байгуул. Эрчим хүч зам харилцаагаа
хөгжүүл. Өөр юу хийх юм. Тийм хэцүү толгой эргүүлж ядсан юм энэ төрийн ажилд байхгүй.
Иймхэн юмыг зохион байгуулж чадахгүй өөрсдөө төрийн хийх ажлын хэм хэмжээгээ хэтрүүлээд
улам хүндрүүлчихээд байна.  Оюу толгойн хувьд  ч хөрөнгө оруулалтын хэмжээ нь л гэхээс яс юман
дээрээ практикт нэвтэрсэн энгийн  төсөл шүү
дээ. Яг адилхан бизнесийн зарчмаар, уул уурхай, үйлдвэрлэлийн техник технологийн
энгийн аргаар ажлыг нь явуулчих байхад л төр хөнжилд нь шургаж ороод завхруулаад
байх юм. Ямар ч байсан төр бизнест битгий гай бол. Татвар төлөгчдийнхөө өмнө бөхөлз.
Хувийн хэвшлээ татварын бодлогоороо дэмж. Татвар төлөх цар хүрээг нэмэгдүүл.Төр
хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэж үү, ерөөсөө ийм л энгийн.Татвараа хураа, хураасан
татвараараа хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүл, нийгэмдээ үйлчил. Татварын хувьд
гадаад, дотоод гэж бүү ялгаварла. Саяхан манай МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
ч чуулган дээр хэлж байна лээ. Манай төр гадныхныг харахаараа  өвдөг нь сулраад чичрээд гүйгээд байдаг. Гэтэл
дотоодынхондоо ямар муухай хахир хатуу дээрэлхүү ханддаг гээч. Татвар нь үнэхээр
хатуу чанга.Татвараа өгөхгүй бол цагдаа, шүүх, 
АТГ гээд амар заяа үзүүлэхгүй,  бөөн
дарамт. Үүнийгээ л больчих.

Төгсгөлд нь таны хутга шөвөгтэй холбогдоод байсан асуудал юу болж байгааг асуухгүй өнгөрвөл уншигчид зэмлэх байх

-Ийм хөгийн юм асуух шаардлага
байна уу. Би хэд хэлэх вэ. Тийм зүйл болоогүй гэж хэлээд байхад зарим хүмүүс надад
итгэхийг хүсэхгүйбайгаа нь харамсалтай.Өөр яах ёстой юм бэ. Шуудхан хэлэхэд манай
хэвлэлийнхний хариуцлагагүйнх шүү дээ. Асуудлыг хоёр талаас нь магадлаж нягтлаагүй.
Нохой хүн хазсан бол онцлоод байх сонирхолтой мэдээ биш. Харин сонирхолтой болгох
үүднээс хүн нохой хазлаа гээд биччихвэл онц сонирхолтой мэдээ болдог. Ийм л зүйл
надад тохиолдсон. Үнэхээр би асуудал гаргасан бол олон юм гонгинохгүй. Төр түмнээсээ
уучлалт гуйгаад хуулийн дагуу хариуцлага хүлээх хатуужил, хүмүүжил, зориг надад
хангалттай байна.Нөхөрлөх хүнийхээ гарал үүсэл, мөнгө хөрөнгийг харж нөхөрлөх эсэхээ
шийддэг бол, хэнийг ч ялгахгүй нөхөрлөсөн нь миний буруу.  Надаас их хэмжээний мөнгө нэхэж хэрэв өгөхгүй
бол гүтгэнэ. Гүтгэхэд нь мөнгө өгөх ёстой байсан бол өгөөгүй нь бас миний буруу.
Бусдын төлөө үйлдсэн буян нь надад бузар болж ирээд байгаатай би яаж тэмцэхээ мэдэхгүй
л байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Алмаз үйлдвэрлэдэг болно

Алмазны олборлолт нь
хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хамгийн хохиролтой,  хортой нөхцөлийг бий болгодог ажээ.  Тиймээс үүнийг өөрчилж, химийн аргаар алмазыг гарган авах технологийг нээсэн байна. Тухайлбал, Стэйнфордын их
сургуулийн хэсэг судлаачид лабораторийн аргаар алмаз гарган авчээ. Тэдний энэхүү ажил тун ч амжилттай
болсон ба хатуулаг, чанар зэрэг нь байгалийн алмазаар дутахааргүй гайхалтай
алмазыг гаргаж авсан гэнэ.

Тэд Канадын “BHP Billiton” компанийн “Ekati” ордоос олборлож
авсан алмазтай хиймлээр гарган авсан алмазаа харьцуулахад ялгагдахгүй байж
чадсан байна

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эх баригчдын өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд олон
улсын эх баригчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Манай улсад энэ жил эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид, айл
бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэх юм байна.

Мөн энэ өдөр нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл
мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригч нарт “Эх
баригчдын дуу холой” сэдэвт зөвлөлдөх сургалтыг зохион байгуулах аж. Уг сургалт ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд зохион
байгуулагдана. 

Э.Эрдэнэ

Categories
баннер нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

1987

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Зуун айлыг орчин үеийн хороолол болгохоор ажиллаж эхэлсэн ”Заг” групп дээр өнжлөө

-Зуун айлын одоогийн төрх-


-Зуун айл орчим 2016 онд ийм болно-

Таны харж байгаа энэ зураг бол Зуун айл орчмын ирээдүйн
дүр төрх. Нийслэлийн замын түгжрээний гол буруутан гэж адлагддаг бум бужигнасан
түм түжигнэсэн Зуун айл хэдхэн жилийн дараа ийм цэмцгэр хороолол болох юм байна.
Товчхондоо энд сүндэрлэх Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын ирээдүйн өнгө төрх
нэг иймэрхүү байх нь. Бид энэ удаа барилгын том жижиг наймаачид төвлөрсөн зуун айл
орчмынхныг дахин төлөвлөж орчин үеийн жишиг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний
гудамж болгох үүрэг хүлээсэн “Заг” групп дээр өнжлөө. Товлосон цаг маань 08:40.
Компанийн оффис дээр болзсон цагтаа яваад очлоо. “Ардын эрх” гэдгээр нь хүмүүс анддаггүй
урт шар байшингийн гурван давхрын нэг том хэсэгт  “Заг” группийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн
албаныхан ажилладаг  байна. Яваад ортол арав
гаруй залуу дор бүрнээ компьютер тачигнуулан толгой өндийх завгүй сууцгаана. Ажил
нь аль хэдийнэ эхэлсэн бололтой.

 ИРГЭД ГАЗРАА ХОЁРООС ГУРВАН ӨРӨӨ БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЖЭ

Үүдэнд сууж байсан бүсгүй сониноос
явж байгааг дуулаад “За би таныг төслийн ерөнхий менежертэйгээ уулзуулъя. Одоо нэг
хүнтэй ярилцаж байгаа. Хашааны газраа байраар солих сонирхолтой нэг хүн ирсэн юм”
гэж хэлээд  цаад талынхаа хурлын өрөө рүү
алхлаа. Гуч гаруй насны хоёр залуу өөд өөдөөсөө хараад суучихсан ярьж байна. Эдний
компанийг зорьж ирсэн залуугийн хашаа 540 ам метр гэнэ. Ярианаас нь анзаарахад байранд
орох сонирхол их байгаа нь илт. Жил гаруйн дараа байрандаа орно гэсэн мэдээлэл сонссон
залуу “Байранд орох хүртлээ амьдралын
хэв маяг, хамаг юмаа өөрчилж таарах юм байна. Эндээ дассан болохоор бага зэрэг хэцүү
байж таарна. Гэхдээ сайхан орчин бүрдүүлбэл болж л байна” гэхэд төслийн ерөнхий
менежер “Орчин үеийн шийдэлтэй барилгуудыг бид санал болгож байгаа. Чанартай, орчин
үеийн стандартад нийцсэн орон сууцтай болчихвол таны байрны үнэ цэн жил ирэх тусам
өснө гэсэн үг. Яг одоогийн амьдарч байгаа газарт чинь сургууль, цэцэрлэг, хороо,
өрхийн эмнэлэг, цагдаа гээд цогцолбор хороолол босох юм” гэж ирээд ирэх жилүүдэд
босох хорооллынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Бараг хагас цаг ярилцсаны
эцэст залууд итгэл төрсөн бололтой, хашаагаа гурван өрөө байраар солихоор за зүй
болов. Залуу гэрчилгээгээ авчирч хуулийн мэргэжилтэнтэй гэрээгээ хийхээр тохиролцоод
гарч одлоо.

Төслийн ерөнхий менежерийг Х.Лхагвасүрэн гэдэг юм байна. “Өглөөний хурлаасаа
өмнө хэдэн хүнтэй уулзчих санаатай эрт ирсэн юм. Өдөрт 20-30 хүнтэй уулзалт хийдэг
болохоор цагийг ингэж л ашиглахгүй бол амжихгүй” гэж ярив. Гэр хорооллын иргэдийн
ихэнх нь газраа хоёр, гурван өрөө байраар солих тохиролцоо хийж байгаа гэнэ. Барилгажуулалтад
орно гэж тооцоолоод хүний газрыг худалдан авч дамлах сонирхолтой цөөн тооны хүн
амандаа багтсан үнэ хэлдэг бололтой. Гэхдээ ихэнх нь хоёроос гурван өрөө байранд
орох гэрээ хийж байгаа аж. Лхагвасүрэн өнгөрсөн хугацаанд 600 орчим хүнтэй ийм маягаар
уулзжээ. Давхацсан тоогоор бол 2000 хол давах гэнэ. Ер нь хүмүүс нэг уулзаад  шууд гэрээ хийдэггүй, хэд дахин уулзаж байж шийдвэрээ
гаргадаг аж. Эдний компани гэр хорооллыг барилгажуулах батламжаа өнгөрсөн оны долдугаар
сард авчээ. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын иргэд, зуун айлын дэлгүүрүүдтэй хэл
үгээ ололцоход гол анхаарлаа төвлөрүүлжээ. “Заг” групп  Сүхбаатар дүүргийн  долдугаар 
хорооллын 70 орчим га газрыг дахин төлөвлөх юм байна.

Биднийг ярилцаж байх зуур дахин нэг залуу орж ирэв. Ерөнхий менежер яриагаа
завсарлаад  ажлаа эхэллээ. Орж ирсэн залуу
Баянбүрд орчимд амьдардаг гэнэ. 7-198 тоотын 424 метр квадрат газрын өмчлөгч нь
юм байна. Залуу “Би энэ хашааны эзэн л дээ. Гэхдээ тэнд хоёр эгч, нэг дүү маань
бас арав гаруй жил амьдарсан. Тэгэхээр тэднийгээ зүгээр орхиж боломгүй байна” гэхэд
ерөнхий менежер “Бид газрын эзэдтэй тохиролцсоны үндсэн дээр хоёр талт гэрээ хийж
байгаа” гэсэн хариу өгөв. Энэ үгийг сонссон залуу бодож байгаад эргэж ирье гээд
гарахаар өндийлөө. Залууг гарсны дараа “Хэрвээ энэ хашааны эзэн гэрээ хийвэл хэдэн
өрөө байранд орох боломжтой вэ” гэж сонирхоход Лхагвасүрэн гурван  өрөө байраар хоёр талт гэрээ хийх боломжтой. Эзэмшигчээсээ
гадна ах дүү хамаатан садан хашаанд нь амьдардаг гэж олон хүн ирдэг. Тэр болгонтой
тохиролцоно гэвэл  хүндрэлтэй. Бид зөвхөн
байшин барихгүй ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зам, сургууль цэцэрлэг
гээд цогцоор нь шийднэ. Тэгэхээр эзэмшигчтэй нь л аль аль талдаа сэтгэл хангалуун
байхаар тохиролцоонд хүрэхээс аргагүй. Ийм үг хэлж ирсэн хүмүүсийн олонхи нь асуудлыг
ойлгоод гэрээгээ хийдэг” гэсэн хариу өгөв. “Тохиролцоонд хүрээгүй айлууд яах вэ”
гэж асуухад”100 айлаас 95 нь дэмжчихээд байхад нөгөө тав нь амандаа орсон тоог хэлээд
газраа чөлөөлөхгүй байж болохгүй. Тавхан хүнээс шалтгаалж 95 өрхийн 300 гаруй иргэн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байж болохгүй л дээ. Тиймээс
иргэдийн 75 хувь нь тохиролцоонд хүрсэн тохиолдолд үлдсэн  25 хувийг НИТХ-аас гаргасан журмаар шийдвэрлэж
болдог” гэж ярив. Албадан чөлөөлөх талаар ярив бололтой. Ерөнхий менежер газрын
эзэнтэй зарчмын хувьд тохирвол хуулийн хэлтсийн мэргэжилтэнд гэрээ байгуулах ажлыг
шилжүүлдэг юм байна.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛОО ЕВРОП
ТЕХНОЛОГИОР БАРИНА

Өглөөний шуурхай эхэллээ. Өдөрт хаашаа очиж, хэнтэй уулзахаас эхлээд бүх
л асуудлаа энэ үеэр ярилцдаг юм байна. Лхагвасүрэнд Зуун айлын хоёр ч дэлгүүрийн
эзэнтэй уулзах үүрэг оногдов.

Шуурхай үргэлжлэх үеэр“Заг” группийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатартай уулзахаар
өрөөг нь чиглэв. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллыг ямар технологиор яаж босгох
гэж байгаа, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн эсэх гээд асуух зүйл олон байсан учраас
хоёр давхар руу уруудлаа. Энд  “Заг” групп
байрладаг юм байна. Барилгын ажлын сезон эхэлж байгаа учраас ерөнхий захирал тун
завгүй суугаа бололтой. Байсгээд л утас нь дуугарах юм. “Танай компанийг Зуун айлаас
ажлаа эхэлсэн гэж дуулаад гайхсан шүү. Уг нь гэр хорооллоосоо эхэлбэл илүү амар
байсан юм бишүү” гэж асуухад “Бид зориуд хамгийн хүнд газраас эхэлье гэж бодсон
юм. Дэлгүүр, аж ахуйн нэгж байгаа газраа чөлөөлчихвөл гэр хорооллын газрыг чөлөөлөхөд
хялбар гэж бодсон хэрэг. Жижиг том олон барилга тэнд байна. Хүн бүр янз бүрээр үнэлнэ
гээд асуудал бий” гэж байна. Хөрөнгө оруулалт, зураг төсвийг нь сонирхоход “Бид
гэр хорооллыг барилгажуулах төсөл дээрээ хориод хүнтэй баг гаргасан л даа. Манайхаас
гадна ийм олон хүн ажиллуулж байгаа компани цөөхөн. Нэг хэсэг нь хүмүүстэйгээ гэрээ
хийх, нөгөө хэсэг нь зураг төслөө хөөцөлдөж, үлдсэн зарим нь хөрөнгө оруулалтаа
хайж өвөлжингөө ажиллалаа. Шинэлэг юм хийе гэсэн бодолтой ажиллаж байна. Сүүлийн
үед компани бүр л баахан есөн давхар барилгыг зэрэгцүүлээд ямар ч зай завсаргүй
барьчихдаг боллоо. Хүүхдийн тоглоомын талбай тав тух, ногоон байгууламж гэхээр зүйлгүй.
Зүй нь хорь гучин жилийн дараахаа бодох хэрэгтэй. Орчин үеийн хот төлөвлөлт тийм
байх ёсгүй шүү дээ. Хот төлөвлөлтөд жишиг болохоор хороолол барих гээд зураг төслийн
баг гаргасан.  Европт  төгссөн архитекторууд авч ажиллуулж байна. Туркийн
компанитай хамтарч зургаа хийж байгаа. Барилгуудаа туннель систем гэсэн шинэ технологиор
барина. Баахан мод тулаас хийж бөөн ажил болдог доо, бид тэгэхгүй. Сугалаад авчихдаг,
нэг эхэлбэл түргэн барьдаг тийм технологиор барих гэж байна. Баруун Европт нэвтэрсэн
байгаль орчинд ээлтэй ногоон технологи байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд эцсийнхээ
гэрээ хэлцлийн шатанд явж байна. Хятадын Чанкай групп хөрөнгө оруулалт хийнэ. Жаахан
газар барилгажуулахад л наяад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарч
байна. Энэ их мөнгийг нэг компани дангаараа гаргах бололцоогүй л дээ” гэж ярив.

 ХУВИЙН КОМПАНИУД ТОСК,
НОСК-ИАС БОЛГООМЖИЛЖ БАЙНА

“Заг” компанийн гэр хо­роол­лын барилгын төслийг Н.Эрдэмбаяр гэдэг залуу
удирддаг юм байна. Н.Эрдэм­баяр VII хороололд барих ажилд гадны хөрөнгө оруулалтыг
татахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж төслийнхөн нь ярьж байсан юм. Түүний өрөөгөөр
орлоо. Ширээгээр нь дүүрэн бичиг цаас, хананых нь нэг талаар долдугаар хорооллын
одоо ирээдүйн зураг харагдана. Кофе уунгаа төслийн захиралтай яриа өрнүүллээ. Бидний
яриа долдугаар хорооллын ажил гэхээс илүү барилгын салбарын хөгжил гэсэн ерөнхий
сэдвийн дор хөврөв.Төрөөс ТОКС, НОСК гэсэн том корпорациуд байгуулж барилгын компаниудтайгаа
өрсөлдөх юм ярьж байгаа нь түүний эмзэглэдэг сэдэв гэнэ. Ганц “Заг” ч гэлтгүй гэр
хороолын  дахин төлөвлөлтөд оролцож байгаа
бүх л компанийн эмзэглэж байгаа асуудлын нэг юм байна. Н.Эрдэмбаяр “Гэр хорооллыг
барилгажуулах нь хотын хөрсний бохирдол, утаа гээд их олон асуудлыг шийдэж байгаа.
Яг үнэндээ компаниуд мөнгөө гаргаад эрсдэл хүлээгээд явж байна. Гэтэл ТОСК залуу
гэр бүл, төрийн албан хаагч гэсэн зорилтот хэсэгт барьсан байраа өртгөөр нь буюу
нэг сая 280 мянган төгрөгөөр өгч байгаа. Мянган айлын орон сууцаа ингээд зарчихаж
байна. Одоо дахиад шинэ газар 10 мянган айлын орон сууц барина гэж яриад эхэллээ.
Нийслэлээс болохоор НОСК гэж байгуулаад  мөн
л 60 мянган айлын орон сууцыг зургаан байршилд барина гэж байна. Иргэдээ боломжийн
үнэтэй байраар хангана гэсэн санаа нь зөв ч гэр хорооллын дахин төлөвлөлттэй уях
хэрэгтэй гэж бодож байна” гэж яриагаа үргэлжлүүлэв.

“ТОСК, НОСК-той жишээ нь яаж хамтарвал зөв шийдэл болох вэ” гэж сонирхоход
“Дахин төлөвлөлтийн компаниудтай хамтарч 
өртгөөр нь бариулаад засаг зорилтот зах зээлийнхээ иргэдэд олгох боломжтой.
Барилгын компаниуд 5-10 хувийн ашигтай ажиллахад л болно. Засаг өөрөө зарна, бид
үнэ зохиохгүй гэсэн үг. Хүмүүст амьжиргааны түвшингээс нь шалтгаалж ялгаатай үнээр
зарах гарц бий. Тэгэхгүйгээр шинэ газар үнэгүй аваад, дэд бүтцээ үнэгүй татаад өөрсдөө
барилга бариад эхэлбэл бидний өрсөлдөгч болж байгаа юм. Тэгвэл бидний ингэж ажилласны
үр дүн гарахгүй” гэж байна.

Эцэст нь нэг юм хэлэхэд ТОСК, НОСК зах зээл рүү хэт орж байна. Ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэвэл тэдэнд анхаарсан бодлого л хэрэгжүүлэх ёстой. Гэтэл
дундаж орлоготой иргэд рүү хандаж эхэллээ. Дундаж орлоготой иргэдийг төр орон сууцаар
хангаад эхэлбэл ба­рил­гын компаниуд байх шаардлагагүй болно” гэж яриад дараагийн
ажилдаа яарч байгаа нь илт, цагаа хараад суудлаасаа өндийв.

 ЗУУН АЙЛЫН ДЭЛГҮҮРҮҮД ЭНЭ
САРААС ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭХ НЬ

Бид Н.Эрдэмбаярын өрөөнөөс гараад ерөнхий менежертэй уулзахаар өрөө рүү нь
орлоо. Лхагвасүрэн гарахад бэлэн болжээ. Зуун айлд дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй
уулзахаар явах замдаа дуугүй явсангүй. Эдний компани ирэх сараас орон сууц барих
ажлаа эхлүүлэхээр болж.  Дулааны шугам энэ
тэрийг нь төсвөөс мөнгө гаргаад татчихсан гэнэ. Зуун айлд дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй
дэлгүүрийнх нь метр квадратыг хэмжиж байгаад тохиролцоо хийж байгаа аж. 100 метр
квадраттай дэлгүүр байлаа гэхэд шинээр барих худалдааны төвд тэр хэмжээнийх нь талбайг
үнэгүй өгөх тохироо хийгээд эхэлжээ. Шинээр 
барих худалдааны төвийнх нь зургийг харахад тун дажгүй төв баригдах бололтой.
“Заг” компани дал гаруй аж ахуйн нэгжтэй бараг л тохиролцжээ. Ганц, хоёр хүнтэй
л тохирч чадахгүй байгаа гэнэ. Түрээслэгчдээс үлдэгдэл бараагаа дундруулъя, зарим
дэлгүүр барьцаанд байгаа гэсэн хүсэлт ирснээр үйлчилгээний дөрвөн давхар барилгын
ажил таван сар гаргаад эхлэх бололтой.

Энэ тэрийг ярьж явсаар Зуун айл руу эргэлээ. Яг замын хажууханд байрлах
“Сутай” гэсэн дэлгүүр рүү оров. Дотор нь лав л дөрвөн лангуу ажиллаж байна. Дэлгүүрийн
хойд хэсэгт бидний уулзахаар зорьсон Лхамаа гуайн өрөө байдаг аж. Зуун айлд дөрөв,
таван дэлгүүртэй хүн гэнэ. Лхамаа гэж дал гарсан гэхэд ануухан бор хүн байна. Барилга
трестэд бараг л насаараа дарга хийсэн хүн гэж Лхагваа танилцуулав. “Ах нь тавин
жил ажиллахдаа 49 жилд нь дарга хийсэн хүн. Гэтэл миний гарыг хар даа. Сая амралтын
өдрөөрөө зүгээр суусангүй. 160 чацарганын мод тарилаа. Би ер нь ажил хийдэг хүнд
дуртай. Эдний захирал (Нэмэхбаатар захирлыг хэлэв бололтой) намайг трестийн дарга
байхад бүр бага албанаас ерөнхий инженер болтлоо дэвшсэн их ажилсаг залуу байгаа
юм. Бас  их сэтгэлтэй.  Ажил хийдэг хүнийг ойлгож дэмжилгүй яахав, тэр
утгаар нь би эдний ажлыг дэмжиж явдаг хүн” гэж хэлээд цай цүй болов. Лхамаа гуай
дэлгүүрүүдээ ажиллуулахаас гадна Барилгын материалын худалдаалагчдын холбоог тэргүүлдэг
юм байна. Ширээн дээрх тамхи руугаа гараа явуулснаа “Тамхи татчих уу хүүхээ” гэж
зөвшөөрөл хүсээд яриа өрнүүлэхээр тухалж авав. “Би нэг их улстөржөөд байдаггүй хүн.
Гэхдээ ардчилсан төр засаг их юм хийж байна. Ах нь хуучнаар хувьсгалт намын гишүүн
хүн. Ардчилсан намынхныг магтлаа гээд би Монгол орныхоо эсрэг болохгүй. Хэн юу хийснийг
нь дэмжинэ. Хувьсгалт намаа бүр их муу  хэлэхгүй.
Гэхдээ муу л байсан байна. 88 жил төрийг удирдахдаа 2240 км л машины зам тавьжээ
дээ. Гэтэл ардчилсан залуус гарч ирээд ганцхан жилийн дотор 1800 гаруй км зам тавьчихлаа.
Ингэж болохоор байсныг л харуулж байна” гэж яриа дэлгэлээ. Тэгснээ Лхагвасүрэнгээс
барилгын батлагдсан зураг төсөл дууссан эсэхийг лавлав. Зураг нь дөрөвдүгээр сарын
сүүлээр батлагдаж ирнэ гэсэн хариуг төслийн ерөнхий менежер хэлж байлаа. Дулааны
асуудлыг яаж шийдэх, хөрөнгө оруулагчаас компанийн дансанд мөнгө шилжиж орж ирсэн
эсэхийг  ч сонирхоно лээ. Дулаан, цэвэр ус
100 хувь улсын хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн бохирын ажил мөн нийслэлийн хөрөнгөөр
тавдугаар сарын эхээр хийгдэж эхэлнэ,  хөрөнгө
оруулалтын хувьд гэрээний шатандаа асуудлыг ярьж байгаа гэсэн хариуг Лхагвасүрэн
өгсөн. Барилгын худалдаа эрхлэгчид шинэ худалдааны төвийг хэзээ барьж, хэдэн онд
хүлээлгэж өгөх вэ гэсэн асуултыг тэргүүнээрээ дамжуулан тавьжээ. Юмаа зарж дуусгая
гэсэн барилгын худалдаачдын хүсэлт нэлээд иржээ. Бас хэд хэдэн дэлгүүр банкны зээлээ
хаатал хүлээгээч гэж хүсчээ. Ийм шалтгаануудаас болж  тавдугаар сарын сүүл хүртэл хүлээхээр шийдсэн
гэнэ. “Албан бичгийг барилгыг нураахаас хорь хоногийн өмнө өгнө” гэж төслийн ерөнхий
менежер ярьж байлаа.

Хуучин нийгмийн үед Зуун айл орчимд Барилга трест гэж том байгууллага ажилладаг
байж. Тэнд ажиллаж байсан барилгынхан зах зээлд шилжсэнээс хойш эндээ төвхнөж, наймаа
арилжаа хийн амьдрах болжээ. Энд том, жижиг 258 дэлгүүр бий гэнэ. 7000 гаруй хүн
эндээс амьжиргаагаа залгуулдаг гэсэн статистик гарчээ. Лхамаа гуай “Зуун айл дээр
худалдаа хийн амьдарч байгаа 7000 хүний цаана дөрвөн хүн байгаа гэж бодоход л дор
хаяж 30 мянган хүний асуудал яригдаж байна. Нэг аймгийн төвөөс ч их хүний асуудал
шүү” гэж хэлсээр биднийг үдэв.

Дараагийн орсон дэлгүүр Лхамаа гуайнхаас ч том, бүр гурван давхар “Болор”
гээд дэлгүүр юм. Бусад дэлгүүрээсээ сүүлд баригдсан гэдэг нь илэрхий харагдана.
Энэ барилгад барилгын худалдаа, эмийн сан, гоо сайхан, тавилгын дэлгүүр гээд байхгүй
юм алга. Их олон үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Эзэн нь гурван давхартаа суудаг юм
байна. Тавь эргэм насны хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн сууж байна. Ханандаа долдугаар
хорооллын зургийг хадчихаж. Зураг руу харсныг анзаарсан бололтой “Би наад зургийг
чинь орсон гарсан хүмүүст сонирхуулдаг юм. Манай энэ хавь чинь ийм гоё хороолол
болно гэж гайхуулна шүү дээ” гэж хэлснээ суухыг урив. Яриа хөөрөө сайтай нь илт.
Асуух завдал өгөхгүй ирсэн зорилго сонсоод л ярьж гарав. “Манай энэ хавийн байшингууд
аль жараад оных. Би энэ барилгаа сүүлд барьсан л даа. Гэхдээ би ганцхан өөрийгөө
бодож  болохгүй. Ийм гоё бүтээн байгуулалт
хийх гэж байхад энэ зэргийн дэлгүүрээ буулгуулах зориг надад байх ёстой. Иргэний
дайны үед цэргүүд улсынхаа төлөө амиа өгч байсан. Гэтэл би байшингаа өгчихөөд эргүүлээд
авна. Ингэж ухаарч сэтгэх ёстой. Олон хүн орж гардаг стандарт хангасан бизнес төвтэй
болмоор байна. Алийн болгон зуун айл муухай гэж хэлүүлэх юм бэ” гэж байна. Энхбатын
аав, ээж барилга трестэд ажиллаж байжээ. Эхнэрийнх нь аав, ээж ч барилгын салбарын
хүмүүс байж. Удмаараа барилгаар явсан гэр бүл юм байна.

Энхбатын дэлгүүрээс гараад “Заг” компанийн орон сууцны барилга барих газарт
нь ирлээ. Барилгын ажил эхлэх гэж байгаа учраас айлууд нь нүүгээд эхэлжээ. Биднийг
тэнд очиход нэг айл нүүхээр зэхэж байлаа. Зүүн Сэлбийн 4-25 тоотын эзэгтэй Б.Энхтуяа
хүүхдүүддээ нүүж суухад заавар зөвлөгөө өгөөд зогсч байв. Эднийх “Заг” компанитай
бэлэн мөнгөөр тохиролцжээ. Ам бүл зургуулаа гэнэ. Хашаагаа зарсан мөнгөөрөө Шарга
морьтод шинэ газар авчээ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж банкнаас
зээлсэн мөнгөө ч төлсөн гэнэ. Б.Энхтуяа “Авсан газрын маань агаар нь их сайхан юм.
Эгчийнх нь хувьд Заг компанитай хийсэн тохиролцоондоо сэтгэл хангалуун байгаа. Эдний
компанийн барьсан байрнууд сайн юм билээ. Энд шинэ орон сууц баригдахаар нь худалдаж
авъя гэсэн санаа бий. Олон хүүхэдтэй хүнд байр сав илүүдэхгүй шүү дээ” гэж яриад
гэрээ нүүх ажилдаа яаравчлав.

Ингэж явсаар аль хэдийнэ 13.00 цаг болжээ. “Заг” компани дээр эргэж ирэв.
Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг ирчихсэн ажилтай нь танилцаж байхтай
таарав. Тэр газраа байраар солих хүсэлтэй иргэдтэй уулзаад иржээ. Гэр хорооллыг
барилгажуулах ажлын хүрээнд энэ жил 4000 гаруй байшин нийслэлд босох гэнэ. Компаниудын
иргэд, аж ахуйн нэгжтэй газраа өгч авалцахаар тохиролцсон гэрээ бүрийг эдний газар
нарийн шалгадаг юм байна. Гэрээ байгуулдаг гуравдагч тал нь учраас ингэж шалгадаг
аж. Ш.Ганхуяг “Төсөлд гурван тал орж байгаа. Гурвуулаа өөр өөрийн сонирхолтой. Иргэн
өмч хөрөнгөө аятайхан юм болгох сонирхолтой. Компаниудын хувьд энэ төслөөс ашиг
олох ёстой. Нийслэл энэ хоёр талын учир начрыг олж зохицуулалтын үүрэг гүйцэтгэх
учиртай. Дэд бүтцийн мөнгө төгрөгийг нь шийдэж өгч байна. Энэ утгаараа хэцүү төсөл.
Гэхдээ амжилттай явж байгаа” гэж ярив. Аятайхан байранд оръё гэсэн иргэдийн сонирхол,
том бүтээн байгуулалтад оролцож Монголын брэнд компани болох компаниудын эрмэлзэл
энэ төслийг амжилттай явахад нөлөөлж байгаа гэж Ш.Ганхуяг онцолж байсан. Ш.Ганхуяг
“Заг компанийн хувьд бусдаасаа өвөрмөц, хүнд бэрх ажил хийсэн. Тэд дан ганц иргэдтэй
ажиллаагүй. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй ажилласан. Гэр хорооллынхны хувьд амьдрах
асуудлаа л шийдүүлчихэд болж байгаа юм. Гэтэл бизнес эрхлэгчид хоёр, гурван давхар
сонирхолтой. Амьдрал, ажлын аль алиных нь асуудлыг шийд гэдэг. Заг компани тэдний
асуудлыг шийдэж чадаж байгаа” гэж ярилаа. Гэр хорооллыг барилгажуулахад ажиллах
хүч, өчнөөн байшин барьсаны дараах борлуулалт, дулааны хүрэлцээ гээд хэд хэдэн асуудал
бий гэнэ. Хотыг дахин хөгжүүлэх, иргэдийн газрыг зайлшгүй шаардлагаар нөхөн олговортойгоор
чөлөөлөх тухай хуулиудыг батлах хэрэгцээ ч байгаа аж.

Үдээс хойш 15.45 цагт  “Заг” компанийн  үйлдвэрүүд ажилладаг Сонсголон руу хөдөллөө. Зуурмагийн
том машиныг тавхан минутын дотор дүүргэх чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр энд ажиллаж
байна. “Заг”-ийн барьж байгаа барилгуудад зуурмаг  нийлүүлэхээс гадна бусад компанид ч зуурмагаа
борлуулдаг аж. Томоо гэгчийн хашаанд бүх үйлдвэр нь төвлөрчээ. Явган замын хавтангийн
үйлдвэрээр нь орлоо. Явган хүний замын төрөл бүрийн хэлбэртэй хавтанг өнгө өнгөөр
нь өржээ. “Гудамж” төслийн хүрээнд хийсэн дөрвөн ч уулзварын явган хүний замын хавтанг
эдний үйлдвэр нийлүүлсэн гэнэ. Хар, цагаан замаскны үйлдвэр гэж байна. Барилгын
дулаалга болох хөөсөнцрийг өнгөлдөг эд бололтой. Вакуум цонх хаалганых нь үйлдвэрт
ороход өчнөөн цонх хаалга хийгээд өрчихөж. Өдөрт цонх, хаалга тус бүрдээ 40-50 ширхэгийг
хийх хүчин чадалтай аж. “Заг”-ийнхан өрлөгийн сеткийг ч эндээ хийдэг болжээ. Элс
шавар хайрга зөөдөг ачааны машинаас эхлээд зуурмагийн машин хүртэл ачаа, тээврийн
хүнд даацын тэрэгнүүд бидний очсон том хашаанд эгнэсэн байна лээ. Зуун айл хавьд
сүндэрлэх долдугаар хорооллын бүтээн байгуулалтад оролцож буй “Заг” компанийнхан
барилгын гол материалуудаа өөрсдөө үйлдвэрлэж, ачиж тээвэрлэх асуудлаа ч давхар
шийдэж чаджээ. Үйлдвэрүүдийг нь сонирхсоны дараа орсон газар маань Монголын мэргэжилтэй
ажилтнуудыг сайн бэлддэг гэж үнэлэгддэг Техник технологийн дээд сургууль. “Заг”
компани ажиллах хүчнээ энэ сургуулиас авдаг гэнэ. “Заг” компанийн хувьд энэ сургуулийг
2003 онд хувьчилж авсан юм байна.  Мянганы
сорилтын сангаас гурван  сая ам. долларын   хөрөнгө оруулалт хийж барилгын жишиг сургууль
болгожээ. Техник технологийн дээд сургуулийн хувьд сүүлийн үед барилгын чиглэлээр
мэргэжилтэй ажилтан олноор бэлтгэж байгаа гэнэ. Урдаас ажилчид оруулж  ирэхгүйгээр эндээ ажилчдынхаа асуудлыг шийдэх
боломжтой гэсэн үгийг тус сургуулийн захирал хэлж байсан юм.

Ц.БААСАНСҮРЭН