Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд зориулсан “Алтан нутаг” хүчит бөхийн барилдаан өчигдөр Аса циркэд болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын начин П.Ганхүү, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй Өвөрхангай аймгийн харьяат улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын заан Б.Сайнбаяр түрүүлж, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэсан юм.
Барилдааны үеэр “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагыг өөрчилсөн байна.
Тус дэвжээг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар удирддаг байсан юм. Гэвч дорвитой ажил хийдэггүй, бөхчүүдийн залуу халааг бэлтгэх ажилд санаачлагагүй ажилладаг учир ийнхүү сольсон гэнэ. Нутгийн бөхчүүдийн саналаар УИХ-ын гишүүн, аварга Д.Сумъяабазар тус дэвжээг удирдахаар болжээ.
Тэгвэл тус дэвжээний шинэ удирдлага залуу халаагаа бэлтгэх болон наадмаар улсын цол авах бөхчүүдийн тоогоо нэмэхэд анхаарч бэлтгэлээ хийхээр төлөвлөжээ.
Хүүхдэдээ зээл аваад өгчихсөн, харин хүүхэд нь хугацаанд нь төлөөгүй, цалингийн зээл авчихсан байж байгаад эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэний улмаас хугацаагаа хэтрүүлсэн гэх мэт шалтгаануудаар иргэд муу зээлтэй гэсэн жагсаалтад багтдаг байна. Банкууд олгосон зээлээ хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй гэж ангилдаг аж. Чанаргүй зээл нь дотроо хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ялгаатай гэнэ. “Чанаргүй” зээлийн ангилалд бүртгэгдэж зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бол банк дахин зээл олгохгүй журам үйлчилдэг байна. Харин зээл олгосон банк нь зээлээ хугацаандаа төлж байгаа эсэх болон бусад чанарын үзүүлэлтийг харгалзан таны зээлийг ангилж, бүртгэж байдаг аж.
Бүх банк болон ББСБ-ууд нь олгосон зээлүүдээ хэрхэн ангилсан талаар мэдээгээ Монголбанкинд хүргүүлдэг бөгөөд тэнд төвлөрсөн “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг юм байна. Чанаргүй зээлийн ангилалд ороод Монголбанкинд байх “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдсэн бол хүмүүсийн дээр дурдаад байгаа асуудлууд урган гарч ирдэг аж. Чанаргүй зээлд орсон хүмүүст зөвлөхөд, уг зээлийг бүрэн төлж дуусгахаасаа өмнө тухайн үеийн байдлаар төлөх ёстой дүнгүүдээ төлчихөөд зээл олгосон банкиндаа хүсэлт гаргах хэрэгтэй юм байна. Зээл төлөхөд гарсан хүндрэлээ тусгаад, одоо үлдсэн зээлийг цаашид хэвийн төлөх боломжтойгоо бичээд хүсэлтээ гаргах шаардлагатай гэнэ. Хэрэв банк таны хүсэлтийг хүлээн авч танд олгосон зээлийг “Чанаргүй” ангиллаас хассан тохиолдолд мэдээллийг Монголбанк руу явуулж “Зээлийн мэдээллийн сан”-д таны зээлийн талаарх мэдээлэлд зохих өөрчлөлтийг оруулдаг байна. Ингэж зээлийн талаарх мэдээллээ хэвийн болгуулж авсан тохиолдолд танд дараа дараачийн зээлээ авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй аж.
Facebook хуудаснаа “Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор Хятад улс руу орохоор тэмүүлэн буй Монголчууд портер машин дээр ингэж ачигдан амь насыг үл хайхран зүтгэж байна. Эдгээр хүмүүс нь хятадын компанид хүнд даацын машин барьдаг жолооч нар бөгөөд Гашуун сухайтын боомтын зохион байгуулалт ямар байгааг харуулж байна.” гэсэн өмнөтгөлтэй зураг тавигдлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төсвийн тодотголын талаарх хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын шууд мэдэлд байдаг төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж хэмнэсэн мөнгөөр нь “Чингис” бондын эргэн төлөгдөх хөрөнгөнд нэмэрлэнэ гэсэн зарчмын санал оруулж ирсэн нь Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй аж. Энэ санал дээр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулж, бондын мөнгийг төлөлцөх нь зөв ч гэсэн зарим байгууллагын урсгал зардал нэмэгдсэн тул яаж тэнцүүлж бууруулах вэ гэдэг асуулт тавьж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн “Чингис” бондын зээлийн хүүнд жилд дунджаар хэдэн төгрөг төлдөг тухай тодруулав. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр манай улс “Чингис” бондын зээлийн хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлдөг байна. Түүнчлэн 2016 болон 2017 онуудад жил бүр нэг их наяд орчим төгрөг төлөх Хөгжлийн банкны зээлийн өр байгааг ч хэллээ.
Өмнөд Монголд өөртэйгээ адил монгол хэлтнүүдтэйгээ хамт хооллоод сууж байлаа. Гадаадад гадаадаар бус ярилцах нь жинхэнэ бах тав ажгуу. Англид төрсөн азтангууд сурч боловсрох олон шаардлагаас чөлөөлөгддөгтэй эгээ л адил. Энэ орчлонгийн хаа нэгтээ өчүүхэн муу Монголоороо бахархах орон зай байгаа нь их юм. Уг нь манай садан төрөл хаа сайгүй ч хажуу дахь буриадууд гэхэд л Оросоос айж өөрсдийгөө монгол гэхээс эсвэл ичнэ.
Ар Монгол өгүүлрүүн: “Бидний борог амьдрал янз бүр л явна. Их гүрэн бараадсан тань ямар ч буруу алга. Манайхан өөрсдийгөө яая гэж байж, өдий болтол орон сууцтай ч болж чадахгүй хэвтэж “Улс эх орон, тусгаар тогтнолын төлөө” гэж орилох дуртайг нь яана. Ам бүл бага, бусдад нөлөөлчихөөр хөгжиж чадахгүй бидэн шигт нь энэ эрх чөлөө, ардчилал гээч лайг сэтгэлдээ тээж явах ямар хэрэг байна гэж бодогдох л юм. Цалин өндөр, эрүүл саруул л байвал өөр санаа зовох зүйлгүй та нар юутай аз жаргалтай амьдарна вэ?”
Өвөр Монгол хариулруун:-“Эй журамт андаа яалаа гэж дээ. Битгий л тэгж үзээрэй. Тусгаар тогтносон бүрэн эрхт та нарыгаа бид чинь үндэс угсаа гал голомт минь гэж голоо зогоож явдаг юм шүү дээ. Монголд юу л болно, шинээр дуу зохиогдлоо гэхэд энд даяараа даган баясацгаана. Дундад улсад дэлхийн бүх хөгжил дэвшил бий тул барууны орны явдал сонин гайхам лав биш шүү.”
Ачир дээр харуулруун: Гарвал нэгтэндээ туг болчихоор манлайлалгүй. Төрөлх хэлээрээ тэгш зөв бялхам хэлж бичих чадамжтан нэн ховор. Өмнөх тогтолцооноосоо өнөө хэр салаагүй пиг дүүрэн хоёр нүүртнүүд хамаг бахархлыг халхлан хаана.
Ж.ГАНГАА
Тайландад төрийн эргэлт болж зэвсэгт хүчний командлагч генерал Прают-Чан-Оча цэргийнхэн засгийн эрхийг авсан тухай мэдээллээ. Генерал Прают-Чан-Оча телевизээр мэдэгдэл хийхдээ улс оронд дэг журмыг тогтоож, улс төрийн шинэчлэл хийнэ гэв. Тайланд даяар хол хорио тогтоож өглөөний арваас таван цаг хүртэл улс төрийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Бүх радио, телевиз, кабелийн телевизүүдийн нэвтрүүлэгийг түр хугацаагаар зогсоожээ. Түүнээс гадна BBC, CNN, “Аль-Джазира” телевизүүдийг хориглосон байна. Таваас дээш хүн оролцсон улс төрийн хурал цуглаан хийхийг хориглож энэ журмыг зөрчсөн тохиолдолд 10000 бат буюу 300 ам.доллараар торгох юм байна Тайландын улс төрийн хүчнүүд хэлэлцээ хийж байсан билээ. Гэвч цэргийн засгийн эрхийг авсан тухай мэдэгдсэнэс хойш зогсчээ.
Ю.ДЭЛГЭР
Өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны өдөр Малайзийн нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “MH370” онгоц өнөөг хүртэл сураггүй байгаа юм. Тэгвэл сураггүй болсон онгоцны бодит түүхийг харуулсан “The Vanishing Act” уран сайхны киноны трейлер цацагдсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Энэхүү уран сайхны киног Малайз болон Филиппиний уран бүтээлчид хамтран бүтээсэн аж.
Кино зохиолыг бичсэн Малайзийн нэрт найруулагч, зохиолч Рипуш Паул “Манай кино багийнхан сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж байгаа. Бусдын хэлээд байгаа шиг гадны биет болон амиа золиослогчид авч яваагүй. Харамсалтай ч гэсэн энэ уран бүтээлээр дамжуулан нийгэмд үнэнийг хүргэхийг зорьж буй” гэж ярьжээ.
Тус киноны албан ёсны трейлерийг өчигдөр Филиппин улсад зохион байгуулагдсан “2014 Cannes Film Festival”-ийн үеэр сонирхуулсан байна.
Мэргэжлийн хяналтын байцаагчид төлөвлөгөөний дагуу ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгчид болон эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтад нийслэлийн гурван дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага хамрагджээ.
Улмаар Төв аймгийн “Бор бураа”, Завхан аймгийн “Ариусгал Завхан”, Баянхонгор аймгийн “Бурхант-Эх”, Сэлэнгэ аймгийн “Сод Алтай” компанийн ажлыг түр цуцалсан байна. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Багануур дүүргийн “Эйнжил”, “Их Хурай” компани, шалгалтаас зайлсхийсэн, тогтвортой ажилладаггүй Баянхонгор аймгийн “Акос”, Орхон аймагт байрладаггүй ч аймгийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авч, Улаанбаатар хотоос очиж үйлчилгээ үзүүлдэг “Хунтхайрхан”, “Цасны хачир”, “Сайн түшиг” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлт хүргүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтын хугацаанд илэрсэн зөрчил бүрийг арилгах, эрсдлийг бууруулах сургалт зохион байгуулж, гарын авлагаар ханган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан байна.
Тавдугаар сарын цох
Үнэн хэрэгтээ уран бүтээлч ба энгийн хүний хооронд ялгаа байхгүй. Харин уран бүтээл бол санаа бодлоо хуваалцах хамгийн сайхан аргын нэгэн. Гэтэл санаа оноо бол хүн бүхэнд л байдаг зүйл. Гэхдээ онцлогтой. Бусадтай хуваалцахын түүс болж, хэн нэгэн этгээд түүнийг нь сонсохгүй бол бухимдуулдаг тийм санаа бодол бий. Бас аль болох бусдаас нууж, хэн нэгэн түүнийг гадарлах аваас сэтгэл хямруулдаг санаа бодол ч бас байна.
Маш олон хүн сэтгүүлч, сурвалжлагч болохыг хүсч, гэмт хэргийн мөрөөр сурвалжлах явцдаа “зах зээлийн ороо бусгаа энэ цаг үед”, “төрийн бодлого үгүйлдэгдэж байна”, “ард түмэн туйлдсаар байх уу” гэхчлэнгээр санаа бодлоо хавчуулах боломжийг хайдаг. Хүний нийгмийн хөгжил нь нийтийн ашиг сонирхлын тусгал байдаг болохоор “хүн бүр сурвалжлагч сэтгүүлч” болж дуу хоолойгоо хүргэх сонирхлыг тусгасан бизнесүүд бий болж. Үүний тод жишээ нь фээсбүүк, твиттер мэтийн нийтийн сүлжээ юм. Тэнд хэн дуртай нь “Улс төрийн тоймч”, “шуурхай мэдээний сурвалжлагч” болж болно.
Урлаг, уран бүтээл өөрөө түүхийн турш ардчилагдсаар явж байна. Бүжиг хийх нь зөвхөн авьяастай, уран налархай хүнд олддог боломж байхаа аль хэдийнэ больжээ. Ямар ч хүн “таанц” хийж, чадахгүй бол зүгээр гар хөлөө хөдөлгөсхийгээд бүжиглэчихэж болж байна. Дуулахад сайхан биш юмаа гэхэд ядаж л солгой биш хоолойтой биш байх учиртай тэр үе ард хоцорч. Хип хоп бол дуулах урлаг ардчилагдсаны илэрхийлэл. Хэрвээ чи зурах чадалгүй бол зургийн аппарат аваад мөрөөдлөө тодорхой хэмжээгээр биелүүлж болно. Уран бүтээл улам бүр бүх нийтийн үйлс болсоор байна. Ингэлээ гээд авьяас билигтэнд гай түй болсон юм огт байхгүй.
Хүн болгон дуулдгаас болоод дуулах урлаг алга болчихдоггүй шиг, хүн болгон сэтгүүлч байхтай зэрэгцээд мэдээллийн хэрэгслэл, мэдээллийн уран бүтээлчид оршсоор байна. Одоо ч байнга гарч л байдаг, Зөвлөлтийн үеийн “Амьдрал нулимсанд дургүй” киноны эхлэлд ийм хэсэг бий. Өнгөрсөн зууны жараад онд телевиз анх нэвтэрч эхлэх үеийн операторч хархүү “ Зурагт радио гарснаар ном, хэвлэлийн эрин ингээд төгсч байгаа” тухай ярин бүсгүйчүүдийг бишрүүлэх төдийгүй, нэгийг нь хөл хүнд болгож байгаа тухай гардаггүй юу. Түүнээс хойш хагас зуун жил өнгөрсөн ч ном хэвлэгдэж сонин гарсаар л байгаа шиг бүх хүн уран бүтээлээр оролдох боломж нээгдсэн ч уран бүтээлчид тодрон гарахад садаа болох юм үгүй хэвээр. Цаашдаа урлаг, уран бүтээл улам ардчилагдаж, нийтийн үйлс болсоор байх нь. Гэвч авьяас билиг, урлан бүтээхүй үргэлж үнэ цэнэтэй, содон гайхамшигтай хэвээрээ үлдэнэ.
Бидний хийж байгаа бүхэн ямар нэгэн санаа бодлын илэрхийлэл болдог. Хашгирах, дуулах, уурлах, инээх, тэр бүү хэл дуугаа хураан ажин түжин болох ч санаа бодлын илэрхийлэл. Олон хүн эцэг эхийнхээ “дуугүй зэмлэл хамгийн сүртэй” хэмээн дурссан байдаг. Бид гомдсон нэгэнтэйгээ дуугарахаа больдог нь хамгийн айхавтар зэмлэл болдог. Тасралгүй боловч аажим хувьсч байдаг байгаль дэлхий шигээ аажуу тайвуу амьдралын хэмнэлтэй явсан монголчууд “баярлалаа”, “чамд хайртай”, “тандаа хайртай” гэхчлэн бараг ярьдаггүй байсан нь учиртай. Нүүдэлчид болохоороо баярладаггүй, эсвэл сэтгэлээ илэрхийлдэггүй байсан ч юм биш. Хөөрч догдолсон сэтгэл, хязгааргүй их хайр, энэрлээ аажуу тайвуугаар, ерөнхий төрхөөрөө илэрхийлнэ. Чихэр авсан хүүхэд өдөржингөө нүд гэрэлтэн талархана. Бэлэг аваад харж байгаа, аав ээждээ үзүүлж байгаа, ах дүүтэйгээ хувааж байгаа, түүнээ амталж байгаа, амталсны дараа сэтгэл хангалуун байгаа бүхий төрх нь өглөгийн эзэнд талархал илэрхийлнэ. Үгээр хэлэх аргагүй бүтэн бүтэн, аз жаргал дүүрэн талархал.Өглөгийн эзэн хүүхдийг ямар их баярлуулснаа бүрэн бүтэн мэдэрнэ. Хайртай хүнээ хараад хөл нь хөнгөрч, үйл үртсээ андууран алдан сэтгэл хөдөлж байгаа бүсгүй үгээр илэрхийлэх аргагүй хайр илэрхийлнэ.
Харин суурин газрын цаг хугацаатай уралдсан хүмүүст хэн нэгнийхээ хэрхэн баярлаж байгааг хараад суух, талархсанаа үзүүлээд байх зав зай гарахгүй. Тэгэхээр баярлалаа гэж үгээр хэлэхээс аргагүй, ээжтэйгээ утсаар ярихад царай төрхөнд нь байгаа хайр энэрэл харагдахгүй тул “тандаа хайртай” гэж хэлэхээс өөр замгүй. Зэрэгцэн оршиж байгаа талархах, хайраа илэрхийлэх ёсон аль нь ч алинаасаа сайхан юмуу, муухай биш.
Эрнандо Сото эдийн засагчдыг шоолж, адууны талаар судалгаа хийх даалгавар өгөхөөр бэлчээрт очиж ажиглахын оронд өрөөндөө суугаад “хэрвээ би морь байсан бол яах вэ” бодоод унадаг хэмээн егөөдсөн байдаг. Адууг тэгж судалж болохгүй. Харин хүнийг бол болно. Чиний санаанд орсон зүйл бусдад ч бас бодогдож болохыг анзаардаггүйд бидний алдаа байдаг. Туршлагатай мөрдөгчид гэмт этгээдийн “миний бодсоныг өөр хүн бодохгүй” гэсэн төөрөгдөл дээр ажилладаг.
Уран бүтээлчид л үзсэн дуулснаа бусадтай хамгийн сайн хуваалцдаг хүмүүс. Гэхдээ тэд хэний ч бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэдэг гэвэл алдас болно. Харин бусдынхаа бодсон боловч илэрхийлж амжаагүй, сэтгэлд байсан ч бодолд ороогүй санааг л илэрхийлдэг. Тухайн уран бүтээлчийн хийсэн зүйл бусдын санаанд нийцнэ гэдэг бол түүний санаж байсан, хараахан илэрхийлж амжаагүй байсантай утга давхцана гэсэн үг юм. Санаа нийлэхгүй байна гэдэг бол санал бодлын салбарт хамтран ажиллахын нэр юм. Та яг түүн шиг бодсон ба тэрийгээ няцаасан байдлаараа ялгагдаж байна гэсэн үг.
Ингээд та нарын ч бас бодож байсан зүйлийг, дараа нь няцаасан санааг, заримаас нь жаахан өрсөж ч юмуу бичсэнээ толилуулж байна. Хорвоо төгс төгөлдөр бишээс хойш яалт ч үгүй шударга бус юм байсаар л байгаа юм. Наад зах нь, энэ өгүүлэл таны санаагаар дүүрэн боловч миний нэрээр гарч байх жишээтэй…
Аа тийм, ямар ч тавдугаар сар, цох хорхойн тухай өгүүлээгүй атлаа ийм гарчиг өгсөн нь ямар учиртай вэ, гэж үү? Яахав дээ, тавдугаар сар болж байна. Харин тэр цох нь энд ямар ч хамаагүй ээ. Хэзээ ч юм бэ санаанд үлдсэн “Майский жук” гэдэг нэр санаанд ороод болохгүй байсан юм.
Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханы нас барсан хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүний хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам үүнийг эсэргүүцэж буй юм. Учир нь төрийн хамгаалалтад байсан хүнд амиа хорлосон гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн нь байж боломгүй асуудал гэдгийг тэрээр хэлсэн юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүнийг байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг байна.