Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал солилцов


 УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд  Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, зарим уул уурхайн компанийн төлөөлөлтэй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Ганбат, Ц.Цолмон, Г.Уянга, Д.Зоригт, С.Дэмбэрэл  нар оролцлоо. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба “Монгол Улсад эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2014 оны эхээр баталсан. Үүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хуулинд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Энэ салбарынхны хувьд ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөөд байх нь тийм ч таатай биш байдаг. УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон энэ салбарт ач холбогдол өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж баталж өгөхийг хүсэв”. “Эрдэс групп” ХХК-ийн захирал Л.Чинбат “Бид уул уурхайн алтан үеэ алдсан. Гадныхан хөрөнгө оруулалтаа татчихсан, тэднийг дуудахад олон жилийн ажил шаардана. Энэ хуулийг хэлэлцүүлэх явцад ажил олгогчдоо бага дарамтлах үүднээс торгуулийн болон төлбөрийн хэмжээгээ багаар тогтоох хэрэгтэй” гэв. Харин “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд “Хуулийг дахин өөрчилнө гэдэг нь гадаад зах зээлд сайн дохио болохгүй. Амьдрал дээр Уул уурхайн компаниуд татвар төлөгч байдаг. Гэтэл орон нутгийнхан хандив гэдэг нэрийн дор компаниудаас мөнгө нэхдэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бүх уул уурхайн компаниудад тулгамдаж буй асуудал. Нэг үгээр хэлбэл уул уурхайн компаниуд давхар татвар төлөөд байна. Энэ зохицуулалтыг хуулинд тодорхой зааж өгмөөр байгаа” гэж хэлсэн юм.
Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг танилцууллаа. Тэрээр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг холбогдох хуулиуд батлагдсан. Үүнээс үүдэж эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох шаардлагатай болсон” гэдгийг онцлов. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг. Энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрэлдэж, хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, улмаар энэ салбараас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь, нэмэр өсч, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт хадгалагдах боломж бүрдэнэ” гэж тэр танилцуулгадаа дурдав. Уулзалтын төгсгөлд Уул уурхайн компаниудын төлөөллүүд Уул уурхайн сайдаас асуулт асууж, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцсон юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварыг нэмэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломжийг хэлэлцэв

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар оролцсон юм.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг “Тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон мянган хүн талархал илэрхийлсэн” гэв. Тамхидалтыг багасгахын тулд тамхинд ногдуулж буй татварыг нэмэх шаардлагатай гэж тэр хэллээ. Мэргэжилтэнүүдийн өгүүлж буйгаар тамхины татварыг нэмсэнээр хэрэглээг бууруулах төдийгүй төсвийн орлогыг өсгөх сайн талтай гэлээ. Өнөөдөр нэг хайрцаг тамхи 2500 төгрөгийн үнэтэй. Хайрцаг тамхины үнийг 10 хувь нэмэхэд тамхины хэрэглээ өндөр хөгжилтэй оронд 4 хувь, бага дунд орлоготой оронд 8 хувь буурдаг байна. АНУ-ын Шинэ Мексик муж тамхины татвараа нэмэх тусам төсвийн орлого нь нэмсэн туршлагатай. ДЭМБ хайрцаг тамхинд ногдох татварын хэмжээ 70 хувь байх нь худалдан авах чадварт нөлөөлдөг хэмээн зөвлөдөг аж. Хэлэлцүүлэгийн үеэр тамхины татварыг нэмэгдүүлснээр гарах нааштай үр дүн, өнөөгийн байдал, цаашид авбал зохих арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Австрийн бизнес уулзалт боллоо

МҮХАҮТ Австрийн Эдийн засгийн танхимын хамтран зохион байгуулах “Монгол Австрийн бизнес уулзалт” өчигдөр боллоо. Тус уулзалтад австрийн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтын хүрээнд австрийн талаас эрүүл мэнд, төмөр зам, машин механизм, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж, манайхтай хэрхэн хамтарч ажиллаж, техник тоног төхөөрөмж нийлүүлэх эсэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Төмөр замын машин техник, механик систем, барилгын менежментийн үйлчилгээ үзүүлэх, төсөл боловсруулах болон технологийн зөвлөгөө өгөх, мөн байгаль орчны технологи, ус, бохир ус цэвэршүүлэх технологи, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, барилгын материалын тоног төхөөрөмжийн худалдаа, гал унтраах багаж хэрэгсэл зэргийг нийлүүлэх боломжтой хэмээж  байв. 

Categories
мэдээ нийгэм

“Бүтээн байгуулалтын цаг”-т Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд оролцлоо

“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж тус корпорацийн захирал А.Гантулга хэллээ.

“Буянт-Ухаа” хорооллын төслийн гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж, Хөгжлийн банкнаас 50 сая долларын санхүүжилт хийгдсэнээр 1500 хүн ажилтай боллоо. Тус хорооллын орон сууцны нэг м.кв-ын үнэ 1 сая 280 мянган төгрөг байгаа нь зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд бөгөөд эхний 1764 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдээ хүлээн авахад бэлэн болсон. Иргэдээс захиалга авах журмын дагуу ТҮЦ машинаар бүртгэл хийж, шаардлага хангасан төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүдийн төлөөлөл 5935 иргэн сугалаанд оролцож, 1540 иргэн байр авах болзлыг хангалаа.

1764 байрнаас 33-39 м.кв бүхий нэг өрөө 224 байрыг иргэд захиалаагүй үлдсэн. Эдгээр байрыг Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилна.

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэ хороололд 7000 орчим айлын орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, 980 хүүхдийн сургууль болон үйлчилгээний төв, соёлын төв, 7 давхар гарааж бүхий иж бүрэн хороолол баригдахаас 2500 гаруй айлын орон сууц энэ онд ашиглалтад орох юм.

Аймгийн төв бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Увс, Ховд, Архангай, Орхон зэрэг 4 аймагт барилгын ажил эхлэхэд бэлэн болсон ТОСК-ийн удирдлагууд “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцохдоо хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Лонхон доторх урлал дэлгэгдлээ

Blue Moon үзэсгэлэнгийн танхимд Уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн “ЛОНХОН ДОТОРХ УРЛАЛ” нэртэй  үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Лонхон доторхи энэхүү урлалын төрөл нь монгол орны байгаль цаг уур, амьдрал ахуй, их хотын хэмнэл зэргийг бэлэг дурсгал байдлаар, лого, өгүүлэл, зохиомж зэргийг уран бүтээлчийн сэтгэмжээр илэрхийлж байгаагаараа онцлогтой урлаг аж.

Лонх буюу шилэн дотор зөвхөн архи дарс биш монгол хүний оюуны үнэт бүтээл байж болно гэдгийг, аливаа зүйлийг эерэг өнцгөөр харах төлөвшилийг нийгэмдээ түгээж байгаа нь уг үзэсгэлэнгийн агуулга болж байна. Үзэсгэлэн 28-ныг хүртэл дэлгэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бизнесийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт болно

Шинэчлэлийн Засгийн газрын ЭЗЭН-100 (Эдийн засгийг эрчимжүүлэх нийт 100 хоног)-ийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх хамгийн чухал ажил бол Монголд бизнес эрхлэх  таатай орчиныг  бүрдүүлэх явдал. Ингэснээр Монголын эдийн засагт шаардлагатай  хөрөнгө мөнгийг богино хугацаанд   зах зээл рүү татах боломжтой болно” гэлээ.  Тэрээр өнгөрсөн долоо хоногт эдийн засагийг эрчимжүүлэх чиглэлээр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлалыг онцоллоо. Эдгээр айлчлал нь ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа өргөн цар хүрээтэй, дэлхийн хэмжээний дэд бүтцийн төслүүдэд Монгол улсын оролцоог бий болгоход чиглэгдсэнээрээ чухал ач холбогдолтой юм гэлээ.

Эдийн засгийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт  бизнесийн орчныг сайжруулах, эдийн засагт учирч буй бэрхшээлийг   давах туулах  талаар 120 гаруй бизнес эрхлэгчтэй уулзаж санал солилцжээ. Уулзалтын үр дүнд “Банкны холбоо”-той хамтран зээлийн эргэн төлөлтийг нааштайгаар шийдэх, банкинд байршиж буй хөрөнгийг эргэлтэнд оруулж бизнесийн салбар болон төсөл хөтөлбөрт зарцуулах асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 579 төслийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь бизнес эрхлэгчдэд боломж олголоо. Харин шийдвэрүүдийг богино хугацаанд ажил болгох нь чухал гэлээ.

Ирэх зургадугаар сарын 19-21-ний хооронд “Монголын эдийн засгийн форум”-аас бизнесийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалтыг  бизнесийн салбарынхан болон гадаадад байгаа Монголын ЭСЯ-уудтай хамтран хөрөнгө оруулагчдыг татахаар хамтран ажиллаж байна.

Чуулга уулзалтын үеэр  бизнес эрхлэгчид  хөрөнгө оруулалт хайж байгаа төслөө гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулах  боломжтой. Одоогоор Герман Турк, Иордан, Итали,  Энэтхэг зэрэг орны компани, хөрөнгө оруулагчид оролцохоо мэдэгдсэн. Цаашид оролцох орны тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Т.Ариунаа хөлөө гэмтээжээ

 Гавьяат жүжигчин Т.Ариунаа тайзнаа дуулж эхэлснийхээ 30 жилийнхээ ойд зориулсан тоглолтоо хийхээр  бэлтгэж байжээ.  Бэлтгэлийн үеэр тэр хөлөө гэмтээсэн байна. Уг нь пүүзтэй  байсан ч  хальтираад уначихсан гэнэ. Лхагва гаригт олны хайртай дуучин хагалгаанд орох болсон аж.  “Ерөнхийдөө гайгүй ээ. Тоглолт маань л жаахан хойшилж магадгүй нь бололтой” хэмээн дуучин бүсгүй ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүжигчдийн хүүхдүүдийг баярлууллаа

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж санаачлан  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан  хамтран ажилладаг ажил олгогч байгууллага, бүртгэлтэй байгаа ажил хайгчдын хүүхдүүд, “Манай гэр” асрамжийн газарт өсөн, хүмүүжиж байгаа бяцхан үрс болон хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын хүүхдүүдийг “Хөх хулганы орон” тоглоомын төвд үнэгүй тоглуулж бэлэг барьжээ. Тус үйл ажиллагааг “Их монгол жуулчин” ХХК,  “Хөх хулганы орон” тоглоомын төв дэмжин хамтран ажилласан байна. 

Дашрамд дурдахад, анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Харин  Монгол Улс 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. 

Categories
мэдээ нийгэм

Залуус 3500 мод тарьжээ

Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ны дэргэдэх клубууд мөн Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 гаруй залуус өнгөрсөн баасан гаригт нийлж мод тарьжээ. Тэд Багануур дүүрэгт 3500 мод тарьж нийслэлийн ногоон байгууламжинд хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин суулгасан  моднуудыг нь зун намрын турш 35 залуучууд услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

В.Кличко Киев хотын даргаар сонгогдлоо

Боксын дэлхийн аварга В.Кличко урьдчилсан дүнгээр Киев хотын даргын сонгуульд ялалт байгууллаа. Санал хураалтын урьдчилсан дүн гарсан даруйд тэрээр Украины нийслэл хотын иргэдэд хандан эсэргүүцлийн цуглаан болох үеэр босгосон хамгаалалтуудыг зайлуулахыг уриалжээ. Хэрвээ В.Кличко Киев хотын даргаар сонгогдох юм бол хээл хахуультай тэмцэж, хотын аж ахуйг шинэчилнэ гэдгээ мэдэгдэв. 

Ю.Дэлгэр