Categories
мэдээ улс-төр

МАН өрийн дээд хязгаарыг өсгөхийг дэмжихгүй гэлээ


УИХ дахь МАН-ын бүлэг улс оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдралыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10 хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан билээ. Уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр албан бичиг явуулсан бөгөөд бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж, хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор тавина гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонслоо.
Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2 тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн нь анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Манай улс өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг буруу гэж үзэхгүй байна. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг 90 хувь болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдгээ дахин албан ёсоор мэдэгдэж байна. 

 Түүнчлэн МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжинэ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөх хөтөлбөр 10 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг УИХ-аас соёрхон баталсан бөгөөд 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар болсон юм. Азийн хөгжлийн банк энэхүү хөтөлбөрт 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг шинэчилж, нэмэгдүүлэх юм байна. Мөн гэр хорооллын зургаан дэд төвийг барихаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэмт хэргийн тухай төслийг сайтар судлах ёстой гэж үзлээ

Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн тухайд одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг шинэчлэх нэрийдлээр Монгол Улсыг “шоронжуулах” бодлого харагдаж байгаа тул нухацтай хэлэлцэж, засч сайжруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Тухайлбал, одоогийн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 16-аар тогтоосон. 14-16 хүртэл насны хүүхэд бусдыг санаатай алах, танхайрах зэрэг цөөн тооны хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүүхэд анх удаа гэмт хэрэг үйлдвэл ял шийтгэхгүй хүмүүжлийн арга хэмжээ авдаг хуулийн заалт ч бас байдаг. /Эрүүгийн хуулийн 21.2, 21.3/ Гэтэл Гэмт хэргийн тухай хуулийн төслөөр 14 насанд хүрсэн л бол тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна.
Мөн энэ хуулийн төслийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “Хуулийн этгээдэд ял оногдуулах” гэж шинэ бүлэг оруулжээ. Хэрэв хуулийн төсөл энэ чигээрээ батлагдаж мөрдөгдсөн тохиолдолд аж ахуйн нэгжүүд санаатай, санамсаргүй үйлдэл эс үйлдэхүйгээс болж олноороо эрүүгийн хариуцлагад татагдаж, үүнээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулах, татан буугдахаар болж байна. Тиймээс хуулийн төслийг дахин судлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ.
Үүнээс гадна МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт байр суурь нэгдлээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хараа хяналтаас гадуур ашигт малтмалын лицензийг сайд, агентлагийн дарга захиран зарцуулахыг зөвшөөрөхгүй. 

М.МӨНХ

Categories
мэдээ спорт

Сумогийн 71 дэх аварга М.Анандыг Ерөнхий сайд хүлээн авч уулзав

Японы сүмогийн 71 дэх их аварга Мангалжалавын Ананд өчигдөр эх орондоо ирсэн байна. Түүнийг өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.  Ерөнхий сайд түүнд хандан “Сумогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, ёкозүна цол хүртсэнд баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилтаа улам бататган, энэхүү ялалтаа үргэлж ахиулаарай” гэж захив.
Харин М.Ананд 16 настайдаа сумогийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд анх сумо бөхийн спортод сонирхолтой тухайгаа интернэтээр дамжуулж захидал илгээж байжээ. Түүний хүсэл мөрөөдөл анх ингэж л эхэлсэн. Анандыг  Японд очиход Кёкүшюзан Батбаяр онгоцны буудалд тосч авснаас хойш 12 жилийн дараа их аварга цол ийн хүртэж байгаа юм. Тэрээр энэхүү уулзалтын үеэр “Амжилт гаргана гэдэг гагцхүү бэлтгэл хийх биш зөв төлөвшил чухал. Хүнтэй зөв харилцдаг, ажлыг бага гэж гололгүй чин сэтгэлээсээ хийж байх нь амжилтын түлхүүр. Хүнийг хүндэлж байж л өөрийгөө хүндлүүлдэг юм байна” гэж сүмогийн шинэ аварга хэллээ.
Уулзалтад Монголын Сүмогийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр, М.Анандын аав Ч.Мангалжалав нар хамт байжээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулахыг дэмжихгүй

Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь энэхүү зохицуулалт нь тендер шалгаруулалтын ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний ашиг сонирхлоос шууд хамааралтай, шударга өрсөлдөөнийг боомилсон, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх боломжийг хязгаарласан, зөвхөн цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийг дэмжиж, зах зээлд олигополийг төрүүлэхэд чиглэжээ. Сайд салбарын бодлого тодорхойлох чиг үүргээсээ илүү тендерийн үйл ажиллагаанд түлхүү оролцох нь салбарын яамны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Түүнчлэн энэ хуулийн төсөл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчныг дордуулж, олон улсын туршлагаас ухарчээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй тендер шалгаруулалтын журмыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, дэлхий нийт өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Манай улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага бий болсноор Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг 100 хувь, аймаг, нийслэл 20 хүртэлх хувийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нөгөө талаар шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор явуулах” зорилттой зөрчилдсөн, Засгийн газар дэвшүүлсэн бодлого, зорилтоосоо ухарсан хуулийн төсөл болсон гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр газруудад цахилгаан хязгаарлаж байна

Цахилгаан шугам тоноглолд засвар хийж байгаатай холбогдуулан тавдугаар сард хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын хуваарийг хүргэж байна.
Баянзүрх дүүрэг
10.30-18.00 цагт: Гуравдугаар 12 дугаар хорооллын 1-9, 10, 11А, 11Б, 12А, 12Б, 13, 30, 40, 42, 44, 45, 48, 51-56, 115-р байр, Загасны дэлгүүр, “Ганбиж”, “Си Ар И”, “Ай Эс Си Элекс”, “Оч билгүүн” Монголын бэлчээрийн менежментийн холбоо, “Алтан горхи”, “Дулаан өргөө”, “Жэй Кэй Си”, “Их үйлсийн эрэлд”, “Монхангай трейд” /МД-120/, “Зохиомж” дээд сургууль, “Соёмбо”, “Нарлаг”, “Баянзүрх”, “Цогт огторгуй” СӨХ, “Засагтхан” дээд сургууль, Төрийн банкны сансар сервер, “Дашира” ХХК, МЦХ ХК ВТС-7, “Сансар бридж”, “Алтан жолоо” трейд, “Эс Пи сервис” ХХК, “Улуснэт”, “Сар трейд”, “Хүүбаяр”, РТТ, “Бэс ундарга”, Уламжлалт эмийн ургамал, “Жимобайл”, ЦЕГ мэдээлэл, Шинжлэх ухаан төв, “Энэрэлдент”, “Сайзара”, “Хүрмэн”, “Юнивишн”, “Халх журам” дээд сургууль, “Скайтел”, “НИММ” проперти, “Венус принтинг”, “Сүү”, “Хивс сервис”, “Буйлаастай”, /ААГ Фарма/, “Бэсм”, “Хэрлэн буян”, “Есөн үндэс”, “Сансрын гэрэл”, “Шинэн”, “Жүр үр”, “Монмастер” ХХК, “Монгол шуудан” 49, 33 дугаар сургууль, 61 дүгээр цэцэрлэг, гуравдугаар хорооны ЗДТГ, “Оршил” констракшн, “Дэнж сансар өргөө” ОНӨААТҮГ, “Ундарга”, “Санчир”, “Сансар-956”, “Өлзий”, “Тулга-3”, “Тансаг дөл” СӨХ, “Сити шоп” 95, Хоёрдугаар эмнэлэг, аж/ орон сууц, “Цахиуртын говь”, “Жумбом”, “Эдванс”, “Бат шилүүстэй”, “Нада кредит”, “МН софт торос”, “Баянхайрхан”, “Бумбат хайрхан” ХХК, “Сирус” ресторан, Христийн сүм тэр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Чингэлтэй дүүрэг
10.30-17.30 цагт: 7, 8, 9 дугаар хороо Хувьсгалчдын-Б, В 1-3, Баруун Тасганы 1, 4, 5, 8-10, Дунд Тасганы 2-7, 9, Зүүн Тасганы 1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9, 10, 13, 25, Хувьсгалчдын-Д 2-5, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1, 3, Хувьсгалчдын-Г 9-11-р гудамж, Цагаанчулуун /нийтийн байр/, “Түнш импекс”, “UМО”, “Глобал шонхор”, “Билэгт”, “Есөн чандмань”, “Хүчит бүргэд”, “Наран эрхэс” ХХК, “Баянгол-гео”  орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах юм байна.
Баянгол дүүрэг
10.30-17.30 цагт: 11 дүгээрр хороо зургаадугаар хорооллын 77-1, 2 дугаар байр, ЭХЭМҮТөв, Баянгол эмнэлгүүд, “Жаст ойл” ШТС, БТ-1, 2 дугаар байр, “Гурван гал” трейд орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Хан-Уул дүүрэг
09.00-17.00 цагт: “Ди-Би”, “Сор”, “Бэлон” орчмын хэрэглэгчдийн  10.00-18.00 цагт: 8, 9, 10, 16 дугаар хороо 4, 5, 6-9 дүгээр гудамж орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Сонгинохайрхан дүүрэг
10.00-17.00 цагт: 15, 16 дугаар хороо нэгдүгээр хороолол 22, 23, 24, 25, 26 /Өнөр хотхон/ дугаар байр, 2, 3 дугаар бага сургууль, ЭЭС эмнэлэг, 110, 113 дугаар цэцэрлэг орчмын хэрэглэгчид, 10.00-18.00 цагт: 2, 3, 9 дүгээр хороо Баганарангийн 2, 3, 6, 19 дүгээр гудамж, Ихнарангийн 1-4, 8, Цэргийн ангийн 14, 24, Зүүнсалааны 4, Зүүн Баян-Уулын 32-35, 16 дугаар гудамж орчимд цахилгаан хязгаарлана.
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 58, 60, 62-67, 35А  байр, 10-н шарын ЦРП, цагаан байр орчимд тус тус цахилгааны хязгаарлалт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс 2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортолно


Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тонн нүүрс экспортолжээ.
2008 онд манай улс 5.1 сая тонн нүүрс экспортолсон бол 2012 онд 20.5 сая тонн нүүрс гадагш нь гаргасан тоон мэдээ байна. Жил ирэх тусам нүүрсний экспортын тоо хэмжээ нэмэгдэж буй ч өнгөрсөн оноос экспорт саараад байгаа юм. Тиймээс нүүрсний чанарт анхаарч боловсруулж гаргах нь  чухал гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдсэн. Тэгвэл Тавантолгойгоос олборлосон нүүрсийг “Энержи Ресурс” компанийн нүүрс угаах үйлдвэрт боловсруулан Хятад руу экспортлох ажлыг өрнүүлж байна. Тус компанийн нүүрс боловсруулах үйлдвэр жилдээ 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 549 мянган тонн нүүрс угаажээ. Дашрамд дурдахад, Монгол Улс 2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Шилжин явах цомын төлөөх спортын наадам боллоо


Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Ховд аймгийн иргэдийн шилжин явах цомын төлөөх тав дахь удаагийн  спортын наадам болж өндөрлөлөө. “Буянт Ухаа” спорт цогцолборт гурван хоног үргэлжилсэн тус тэмцээнд 30 гаруй багийн 900 тамирчин оролцжээ. Спортын наадамд 35-аас доош насны 16 баг,  түүнээс дээш насны 17 баг сагс, волейбол, теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн. Гэхдээ эл арга хэмжээ нь өрсөлдөн тэмцэлдэхийн төлөө бус, нутгийн хүмүүстэйгээ танилцах, нэгдэн нийлэх зорилготой болохыг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга , УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэмцээнийг нээж үг хэлэхдээ онцолсон.
Насны хувьд хамгийн залуу тамирчин 13 настай бол хамгийн ахмад нь 76-тай байв.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр” эдгээр замуудыг хаана

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдөр ирэх сарын 07-ны өдөр тохиох аж. Автомашингүй өдрөөр хотын төвийг тойрсон гол гол замуудын хөдөлгөөнийг хаараар болжээ. Тухайбал, Чингэсийн талбайн хоёр талын зам, Чингэсийн талбайгаас баруун тийш баруун дөрвөн зам хүртэл, баруун дөрвөн замаас хойшоогоо Гэсэр сүмийн уулзвар буюу Тэнгис хүртэлх зам, Тэнгис кино театраас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртлэх замыг хаана. Цаашлаад хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Ардын эрх, Сансрын тунел, зүүн дөрвөн зам хүртэлх зам, тэндээсээ эргээд Энхтайвны өргөн чөлөө буюу Чингэсийн талбай хүртэлх замуудыг зургадугаар сарын 07-ны өдрөөс 09.00 цагаас 22.00 хүртэл тус тус  хаах аж.
Мөн эл өдөр бүх нийтээр  биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг  тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг  дөрвөн насны ангилалд явуулах юм байна.

Э.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2016 он хүртэл татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 он хүртэл сунгах тухай хэлэлцэж байгаа юм.   
2012-2013 онд 27- 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн байна. Харин энэ удаагийн хөнгөлөлт чөлөөлөлтөөр 20-25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийг  үзүүлнэ гэдэг тооцоо гарчээ. Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад 88 хувийн саналаар дэмжсэн байна.