Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоод хамтран дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн үсчин, гоо сайхны салоны захирал, мастеруудын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр эрэгтэй үс засалт, хуримын нүүр будалт, тайзны нүүр будалт, боди арт үзүүлбэр үзүүлсэн. Нээлтийг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нээсэн. Үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.Баярцэнгэл 2014 оны 05 сарын 03-наас 6-ны хооронд Германы Франкфурт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо заслын тэмцээний талаар мэдээлэл хийж, видео бичлэг үзүүлсэн. Энэхүү “Hardworld 2014 тэмцээн”-д нийт 58 орны 1500 гаруй үсчин гоо засалчид оролцсон. Монгол улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6 төрөлд өрсөлдөж багаараа 10-р байрт орсон. Мөн Дэлхийн үсчин, гоо заслын холбооны бодлогыг хэрэгжүүлснийг үнэлэн тэмцээний үеэр Монгол улсыг дэлхийн хүндэт медаль “Archivement” медалиар шагнасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
“Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт маргааш “Glamour” арт галерейд болох нь. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулах аж. Шинэ цомгондоо “Моханик Амарбаясгалантад” гэдэг нэр өгчээ. Сонирхуулж хэлэхэд “Моханик” хамтлагийн дөрөвдүгээр сарын 3-нд болсон “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн болгон тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд уг тасалбараа хураалган шинэ цомгийг нь 50 хувийн хөнгөлөлттэй буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Монгол Улс энэ хавар 304 мянган га талбайд улаанбуудай тариалахаас 246.1 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Энэ нь нийт тариалалтын 80.8 хувьтай тэнцэж байгаа аж. Бусад төрлийн үр тарианы хувьд энэ сарын 27-ны байдлаар 2347 га-д арвай, 2323 га-д овьёос тариалжээ. Харин төмс хүнсний ногооны тариалалт ид үедээ үргэлжилж байна. Тодруулбал 7267 га-д төмс тариад байгаа нь төлөвлөсөн хэмжээнийхээ 46.9 хувь, хүнсний ногооны тариалалт 3558 га-д буюу 42 хувийг эзэлж байна. Улаанбуудайн тариалалт зургаадугаар сарын нэгнээс өмнө дуусах бол, төмс хүнсний ногооны тариалалт зургаадугаар сардаа багтаж дуусна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн улсын хэмжээнд 1180 аж ахуй нэгж, компани тариалалт эрхэлж байгаа аж. Монгол Улс энэ жил 426 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 106 мянган тонн хүнсний ногоо, 10 мянган тонн тосны ургамал хураан авах төлөвлөгөөтэй байна.
Арван настай хүүхэд шүдэнзээр тоглож байгаад айлын хоёр гэр, автомашин шатаасан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна. Тус хорооны 11 хороонд оршин суух 10 настай М нь гэртээ ганцаар байх үедээ шүдэнзээр тоглож хоёр монгол гэр, “Аксент” маркийн автомашиныг өнгөрсөн даваа гаригт шатаасан аж. Галын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Тиймээс эцэг эхчүүдийг анхаарал сэрэмжтэй байж, хүүхдээ ганцааранг нь хараа хяналтгүй үлдээхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтран Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Хүргэлтийн энэ үйлчилгээ нь бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хийгдэж эхэлжээ. Хот доторх үйлчилгээний хураамж 3500 төгрөг, хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд төлөх юм байна. Бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг нь гэр болон ажлын хаягийн дагуу хүргэж өгч үйлчилж байна. Иймээс иргэд гадаад паспорт захиалж, өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сонгосон бол үндсэн үнийн дүнд хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, та анх удаа шинээр нэг жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар авахаар захиалсан бол /32600/ хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлөх нь. Улсын бүртгэлийн ерөнхий газар цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг “Монгол шуудан”-гийн үйлчилгээгээр дамжуулан иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Роснефть” компани Монголын “НИК” компанитай газрын тосны бүтээгдэхүүнийг таван жилээр нийлүүлэх гэрээг үзэглэсэн байна. Гэрээнд “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.Сечин, “НИК” компанийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нар гарын үсэг зуржээ.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байлцсан байна. ОХУ-ын Санкт-Петербург хотноо байгуулсан тус гэрээгээр нийт 1.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг энэ оны зургаадугаар сараас эхлэн 2019 оны тавдугаар сарыг хүртэл хугацаанд нийлүүлэхээр болжээ. “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.Сечин “Гэрээг эцсийн хэрэглэгчидтэй шууд байгуулж байгаа нь талуудын хувьд гэрээний эдийн засгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ” гэж онцлолоо.
Мөн “Монгол Улсын зах зээл цаашид нэлээд хэмжээгээр өсөн нэмэгдэх боломжтой. Иймээс “Роснефть” компани энэ зах зээлд баттай байр сууриа олж авах нь чухал юм. Үүнээс гадна “Роснефть” компани цаашид ч Монголын түншүүдтэйгээ харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна” гэв. “Роснефть” компанийн хувьд манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангахаар тооцоолж байгаа аж.
Уул уурхайн яамны дэд сайд, Газрын тосны газрын дарга нар өнөөдөр ил тод уул уурхай хэвлэлийн бага хурал хийлээ. Ам.долларын ханш өсч байгаа учраас шатахууны үнийг нэмэхээс аргагүй гэж Газрын тосны газрын дарга ярилаа. Энэ талаар арга хэмжээ авах ч гэлээ шатахууны үнэ өсөх гэнэ. Гэхдээ өнөө маргаашдаа биш аж. Огцом биш бага хэмжээгээр өснө гэсэн үгийг албаныхан хэлж байна.
Цахим ертөнцийн хэрэглээ нэмэгдэх тусам хүн төрөлхтний сонирхол, хобби өөрчлөгдөж байгааг судлаачид тогтоожээ. Британийн хэсэг судлаачид насанд хүрсэн 2000 гаруй хүнээс хийх дуртай зүйлсийнх талаар асуусан байна. Хоббии, сонирхлын жагсаалтад комьпютер тоглоом тоглох, онлайн дэлгүүр хэсэх, олон нийтийн цахим сүлжээг ашиглах /фэйсүүк, твиттер/ гэсэн зүйлс багтсан байна. Аялал зугаалгаар явах, талх нарийн боов (бялуу) хийх, спортоор хичээллэх гэсэн хобби жагсаалтыг тэргүүлсэн ч марк цуглуулах гэх мэт хобби мартагдаж эхэлжээ. Марк цуглуулагчдын “Kidstamp” клуб 100 мянга гаруй гишүүнтэй байсан бол 2011 онд мянга болтлоо буурсан гэнэ. Зурагт үзэх хобби жагсаалтад багтаагүй байна. Британичуудын дунд явуулсан судалгаагаар орчин үеийн шилдэг 20 хоббинд ялалд явах, нарийн боов /бялуу/ хийх, спортоор хичээллэх, компюьтер, видео тоглоом тоглох, онлайн дэлгүүр хэсэх, гэрэл зураг авах, гар урлал хийх, интернэтийн олон нийтийн сүлжээ ашиглах, техник, технологи, юм нэхэх, хатгах, секс хийх, ямар нэгэн зүйл цуглуулах, онлайнаар наймаа хийх, эрүүл хооллолт, лего тоглоом цуглуулах, оддын талаарх мэдээлэл унших, үзэх, блог хөтлөх, интернэтээр болзох, геокешинг буюу GPS-ийн тусламжтай хайсан зүйлээ олох, амьд хөгжмийн тоглолт үзэх багтжээ.
Тавдугаар сарын 30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 29-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Орос Украин хоёр хийн өрийн хэсгийг барагдуулах талаар тохиролцсон гэнэ. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Берлинд хийгдсэн Орос, Украин Европын холбооны хэлэлцээрийн дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 2.5 тэрбум долларын өр төлөгдөж магадгүй гэнэ. Оросын тал хийн өр төлөгдөж, үнийн талаар тохиролцож чадвал урьдчилсан төлбөрийн системийг Украинд хэрэглэхгүй байх боломжтой гэж салбарын сайд нь онцолжээ. Украины Эрчим хүчний сайд Юрий Проданын мэдэгдэж байгаагаар бол хэлэлцээр дээр тодорхой тохиролцоо хийгдээгүй аж. Украин мянган шоо метр хийг 268 доллараар авах хүсэлтэй байгаа гэнэ. Оросыг Стокгольмын даван заалдах шүүхэд өгнө гэсэн Украйны байр суурь хэвээрээ байгаа бололтой. Европын Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингерийн хувьд Украин тавдугаар сарын 29 ба зургадугаар сарын 7-нд хоёр шилжүүлэгээр хийн өрийн хэсгийг төлнө гэж үзэж байна.