Бразилийн супер модель, сахиусан тэнгэр Жизель Бундхен эх орондоо зохион байгууллагдаж буй “World cup”-ийн нүүр царайгаар тодорчээ. Нийслэл Рео Де Женерод түүний зурагтай зар сурталчилгаанууд хаа сайгүй байршиж эхэлсэн байна. Жизель “World cup”-ийн нээлтийн арга хэмжээний үеэр хөлбөмбөгийн амьд домог Пелетэй хамт цэнгэлдэхэд орж ирэхээс гадна хүүхдийн хоортой төрийн дуулал дуулах гэнэ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Бразилийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, баг тамирчдадаа амжилт хүссэн билээ. Жизель “World cup”-ийг эсэргүүцэж буй хүмүүст “Бид бразилчууд. Дэлхийн энх тайвны төлөө зохион байгууллагдаж байгаа энэ сайхан тэмцээнийг бүү оролдооч. Ингэж тэмцсэний оронд эх орныхоо баг тамирчдыг дэмжиж, тэдэнд урам хайрлаач” гэж жиргэжээ.
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын эхний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол Улс нүүрсээ дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож, БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байгаа. Тиймээс томоохон цахилгаан станц барихаар зэхэж байгаа бөгөөд энэ төслүүдэд Хятадын талыг хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Харин БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажиллагааны шинэ боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэлжээ. Уулзалт ярилцлагын үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах санамж бичигт хоёр тал гарын үсэг зуржээ.
Мөн Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, яриа хэлцлүүдийг хийсэн байна.
БНХАУ-ын Повер Чайна компани Монголын “Цэцэнс майнин энержи” компанитай хамтран Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Уг станцын судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ, зураг төслийн ажил нь бэлэн болжээ. Мөн тусгай зөвшөөрлөө ч авсан аж. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байгаа аж. Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм байна.
Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж. Цаашлаад БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-III” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах ажил хийгдэж байгаа.
Энэ хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт гурван нэр төрлийн нийт 64 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Нярайн дулаацуулагч, Нярайн амьсгалын аппарат, дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмжийг Монос фарм трейд ХХК гэрээний дагуу нийлүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудасны Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn цахим хуудсанд хандах боломж бүрдэж байна. Монголд анх удаа интернэт хаягийг эх хэлээрээ, монгол кирилл үсгээр ашиглах үйлчилгээг Датаком ХХК нэвтрүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар нь монгол хэл дээрх интернэт хаягийн анхны хэрэглэгч болсон тул Датаком ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгч.мон хаягийг хэрэглэх № 01 тоот батламжийг Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулан өгөв.
Батламж гардаж аваад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсад өнөөдрийг хүртэл интернэт хэрэглэхдээ заавал англи үг, латин үсгээр хандаж ирсэн. Өнөөдөр та бүхний хүчин чармайлт, бидний хүсэлтээр иргэд төр, засгийнхааа цахим хуудас руу кирилл монгол үсгээр бичиж хандах боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Энэ мөчөөс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч,УИХ, Засгийн газар, төр, засгийн бусад байгууллагуудын цахим хаяг руу иргэд монгол хэлээрээ хандаж бодлого, үйл ажиллагаатай нь танилцах, санал бодлоо илэрхийлэх боломж хэдэн арав дахин нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ 2014 он дуусахад төр, засгийн бүх байгууллага, үйлчилгээ, аж ахуйн бусад байгууллагуудын цахим хуудас монгол кирилл үсгээр харилцагч, хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжтой. Мэдээллийн технологийн дэвшлийг төр, засгийн бодлого, шийдвэрийг түмэн олонд сурталчлахад ашиглан шинэ гүүр, шинэ боломж олгож байгаа та нарт их баярлалаа” гэлээ.
Эхний ээлжинд төрийн болон Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байгууллагууд, MN домэйн нэрийн хэрэглэгчдийн интернэт хаягийг монгол хэлээр бүртгэсний дараа 2014 оны аравдугаар сарын 15-наас уг үйлчилгээг хувийн байгууллага, олон нийтэд нээлттэй болгох юм байна.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнд УГЗ, сэтгүүлч, яруу найрагч, багш Ү.Хүрэлбаатар зориулан ийм нэгэн шүлэг тэрлэжээ.
Монголын Орчуулагчдын Эвлэлээс зарласан дэлхийн сонгодог яруу найргийн бүтээлээс эх хэлнээ орчуулах уралдаан амжилттай өндөрлөж, дүнгээ өнөөдөр гаргажээ. Тус уралдааны онцлог нь оролцогсод урьд өмнө эх хэлнээ орчуулагдаж байгаагүй дэлхийн сор болсон яруу найрагчдын бүтээлийг итали, франц, герман, хятад, солонгос, япон, англи, орос зэрэг хэлнээс орчуулж ирүүлсэн аж. Уг уралдаанд МУИС-ийн ГХСС-ийн англи, франц, хятад, итали, герман хэлний ангийн оюутнууд идэвхитэй оролцжээ.
МОЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг уралдаанд тэргүүн байрт шалгарах хэмжээний бүтээл ирээгүй гэж үзсэн байна. Харин залуу орчуулагч Э.Халиунаа Нобелийн шагналт яруу найрагч Рабиндранат Тагүрийн “Төөрөг”, Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Сюлли Прюдомын “Жаргах наран” шүлэг, Францын нэрт зохиолч, яруу найрагч Виктор Хюгогийн “Залуухан бүсгүй танаа”, Францын зохиолч Артур Рэмбогийн “Мэдрэхүй” зэрэг шүлгийг эх хэлнээс нь орчуулсан бүтээлээрээ дэд байрын эзэн болжээ. Залуу орчуулагч Ч.Болортуяа Францын яруу найрагч Пол Элюарын “Эрх чөлөө”, Альфред дө Мюссетын “Уй гашуу”, Пол Вэрлайны “Зүрх сэтгэлд минь бороо орж байна”, “Чи шаргал үст үү, хар үст үү? шүлгээрээ гутгаар байр эзэлжээ.
Тусгай байрын шагналыг орчуулагч С.Оюунбилиг /япон/, орчуулагч М.Амартайван /солонгос/, МУИС-ийн оюутан О.Гэрэлмаа /хятад/, Б.Энхтүшиг /англи/, ХИС-ийн оюутан О.Тулга /франц, орос/ нар тус тус хүртсэн байна
СХД-ийн 26 дугаар хорооны иргэд “Манай хорооны иргэд бороо орсон үед хоёр жалга гатлан ус авах боломжгүй болсон тул нэн яаралтай гүүр барих шаардлагатай байна” гэх хүсэлтийг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст ирүүлжээ.
Ингээд тус албанаас явган хүний хоёр гүүрийг иргэдийн оролцоотойгоор богино хугацаанд чанартай барьсан нь олны талархлыг хүлээсэн ажлуудын нэг болсон.
Энэ нь гэр хорооллын иргэд өөрсдөө санаачилж, гар бие оролцвол төрөөс дэмжлэг хүсч суухаас илүү үр дүнд хүрэхийг харуулж чадлаа.
Сүүлийн үед нийслэлийн иргэд биднийг үнэхээр ичээж байгаа зүйлс болсоор байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-аас ирсэн сайн дурын ажилтан ТҮК-д цалингүйгээр ажиллаж байсныг мартаагүй байх. Тэгвэл өнөөдөр Монгол дахь Япончуудын холбооныхон Сансарын тунел орчмын газруудын хогийг цэвэрлэж өгч байна. Харин хажууд нь Монголчууд сүүдэрт алжаалаа тайлсан шигээ сууцгааж байгаа харагдах. Хотын соёлдоо суралцмаар болжээ гэдгийг хүн бүр ярьдаг хирнээ начир дээрээ үүнийг хэрэгжүүлж байгаа нь даанч цөөхөн.
Э.ЭНХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” болж буй эхчүүдэд одонг нь гардуулж өгчээ. Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Алдарт эх” болж байгаа ээжүүдийн одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг хороодод зохион байгуулсан байна.
Сүхбаатар дүүргээс нийтдээ “Алдарт эх”-ийн I одонгоор 23, II одонгоор 215 ээж шагнагдаж байгаа аж. “Алдарт эх”-ийн II одонг хороо бүр тус бүрm арга хэмжээ зохиож, гардуулж байгаа бол I одонг маргааш дүүргийн Хурлын танхимд гардуулах юм байна.