Categories
мэдээ спорт

“Алтан шонхор”-ын эзэд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилснаар, “2050” ТББ-ын зохион байгуулж буй “Монгол Туургатан-2050” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны ногоон талбайд амжилттай явагдаж, “Алтан Шонхор”-ын эзэд тодорлоо.
Тус тэмцээний хүрэл медалийн төлөө ОХУ-ын “Тува”-“Халимаг”-ийн багууд өрсөлдөж 1:3 харьцаагаар  “Халимаг”-ийн баг хүрэл медалийн эзэд болсон. Харин аваргын алтан медалийн төлөө “Монгол-1”-“Монгол–2”  багууд тоглож,  үндсэн цагаар 1:1 харьцаатай тэнцсэн боловч, торгуулийн цохилтоор 4:3 харьцаагаар “Монгол-2” баг аваргын алтан медаль, “Алтан шонхор” цомын эзэд боллоо.

Д.САР

Categories
мэдээ спорт

Ё.Төмөрбатаа багшийн нэрэмжит тэмцээнд Хятадын боксчид өрсөлдөж байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн нэрэмжит олон улсын тэмцээн Дорнод аймгийн Чойбалсан хотноо үргэлжилж байна. Энэ сарын 2-нд нээлтээ хийсэн уг тэмцээнд 12 байгуулагын 60 гаруй өндөр зэрэгтэй тамирчид оролцож байгаа аж. Тэмцээнд Үндэсний шигшээ баг бүтэн бүрэлдэхүүнээрээ мөн БНХАУ-ын Шандун мужийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм байна. Насанд хүрэгчид 49, 56, 60, 64, 69, 75 кг, эмэгтэйчүүд 51, 60 кг, залуучууд эрэгтэй 60 кг, эмэгтэйчүүд 48, 69 кг-ын жинд тус тус хүч үзэж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 8-нд тодорно.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

“Сансар од эрхсийн ордон” үүдээ нээлээ

Сансар од эрхсийн ордонг ШУА, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн санаачилгаар байгуулжээ. Баянзүрх дүүрэгт ШУА-ийн Одон орон геофизикийн судалгааны төвийн ард уг ордон байрлаж буй. Энэхүү сансрын музейд сансрын баатар Ж.Гүррагчаагийн  сансарт нисэхдээ өмсч байсан хувцас хэрэглэл, “Союз 39” хөлгийн буугч аппаратыг ч байрлуулжээ. Бөмбөгөр оройтой “Од эрхсийн танхим”-д өдрийн цагаар ч од эрхэстэй танилцах боломжтой. Бүтэн шөнийн оддын амьдралыг 20 минутад багтааж харна гэнэ шүү.  Уг ордон яваандаа амралтын өдрүүдээр ажилладаг болох гэнэ. Кино театруудын тасалбарын үнээс хэд дахин бага үнэтэй байхаар ярилцаж байгаа аж.  Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэнгийн гэрэл зургийн сурвалжлагыг хүлээн авна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан бие

90 60 90 хэмээх стандарт хэмжээ моодноос гарч гэнэ. Сайхан хүүхэнд дуртай эрчүүд эсэргүүцээд хэрэггүй. Мэдээж ийм биетэй хүүхнүүд алга болчихгүй. Зүгээр л сайхан хэмээх ойлголт энгийн болсон талаар л ярих гэсэн юм. Эмэгтэй хүн бүхэн сайхан биетэй. Нас шүд, тарган туранхай, хөгшин залуу, хар, бор, шар ялгаагүй байгалиас заяасан бүхэн сайхан гэсэн үг л дээ. Загвар өмсөгч, мисс хүүхнүүд шүтээн байгаа нөхцөлд охид болгон шахуу тэдэн шиг болохыг хүснэ.  Өөрийгөө голох, эхээс төрсөн биеэ мэс заслын аргаар ч болтугай сайжруулах гэж туйлширдаг. Энэ бүхэн хүн төрөлхтөний туулаад ирсэн зам. Байгалиас заяасан сайхныг засварлана гэдэг сайн сонголт гэж үү. За тэгээд загвар өмсөгч, миссүүд жаргадаг гэсэн хууль хаана байна. “Хамгийн сайхан цэцэг хамгийн түрүүнд тасдуулдаг” гэсэн үг байдаг. Хамгийн жаргалтай хүүхнүүд бол сайхан ч биш муухай ч биш жирийн эмэгтэйчүүд л байдаг. 

Тэдэнд  бусдын нүдний хор шингэдэггүй. Далд сайхныг нь мэдэрсэн залуутай ханилаад, насаараа жаргалтай амьдрах нь олонтаа. Өөрчлөлтийг дэмждэг Залуу эмэгтэйчүүдийн клубээс “Сайхан бие” төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэдний гаргах үзэсгэлэнгээс сайхны тухай шинэ хандлагыг мэдрээрэй. Амьдрал улам л энгийн болж байна. Хар арьст хүүхэлдэйнүүд тоглоомын ертөнцөд орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  өөрсөдтэйгээ адилхан хүүхэлдэйгээр тоглох боломжтой болсон гэнэ. Ийм хүүхэлдэйнүүд тэдэнд бусдаас өөр биш харин бусдын л адил хүн гэдгийг нь мэдрүүлэх учиртай. Оддын клипүүдэд зөвхөн хөөрхөн сайхан бүсгүйчүүд гол дүр байхаа больжээ. Тэд жирийн хүмүүсээр уран бүтээлээ чимдэг болж. Жирийн хүмүүсээр дүүрэн хорвоо юм чинь эгэл жирийн гоо сайхан үнэд орохгүй яах билээ.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ хавар УИХ, Засгийн газар ард түмнийхээ төлөө юу хийж бүтээв

Одоо УИХ, Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах ганц ажил бол долларын ханшийн өсөлт байна. Яг энэ цаг дор 1828 төгрөг болж дээш өгссөөр бай­гаа ам.долларын ханшийг хэрхэн барих, буулгах дээр онцгой төвлөрөх цаг нэгэнт болжээ. Үнэндээ ам.долларын ханшийн өсөлт энэ төр засгийн бүх ажлыг үгүй хийж, үнэ цэнгүй болгож байна. Сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр хаалгаа нээлээ гэж зад рекламдсан. Төр засгийн сайных биш, харин төр хувийн хэвшилд саад болохгүй байвал хувийн хэвшлийнхэн хэрхэн ажилладаг, бүтээж босгож чаддагийн сайн жишээ болсон үйл явц юм. Үндэсний компаниуд нэгдэж нийлээд энэхүү том үйлдвэрээ босголоо гэхэд бас л өрөөсгөл юм. Тус үйлдвэрийн зөвлөхөөр ХБНГУ-ын “Humboldt Wedаq” компани, Барилгын зураг төслийг БНХАУ-ын барилгын материалын судалгаа зураг төслийн институт, Тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралтыг БНХАУ-ын “JangSu-Pengfei” групп, Барилгын гүйцэтгэлийг БНХАУ-ын “ShouGang” групп гэхчлэн дан гадны компаниудын нэрс цувна. Энэ бол гадны хөрөнгө оруулалт биш шүү дээ, гадагшаа мөнгө урсаж байгаа хэлбэр. Үндэсний компаниуд “Бид хийх боломжтой шүү дээ” гэсээр хоцорч байна. Барилгын ажил ид эхэлсэн энэ цагт Хөтөлийн цемент гэсэн шошготой бүтээгдэхүүн зах зээл дээр өнөөдөр алга л байна. Барилгын сезон дууссан өвлийн аман дээр хэрэглэгчдэд очно гэж байгаа бол үйлдвэр байгуулсны үр дүн байгаа юм уу. Өнөөдөр Замын-Үүд дээр цемент ачсан цуваа бөөгнөрөөд л байж байна. Ингэхээр энэ хаврын (бараг энэ жилийн) ганц том бүтээн байгуулалт болох үйлдвэрийн ид шид, үр өгөөжийг өнөөдөртөө лав үзээгүй байгаа нь юун “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” гэж бодоход хүргэж байна. Энэ жил илүү сартай хавар учраас маш их ажил хийх хэрэгтэй байна. Тэгээд ч ирэх жил сонгуулийн бэлтгэл. Энэ жилийн хавар, зун, намарт л бүтээн байгуулалт хийх гол цаг хугацаа юм.

Бас нэг гэгээтэй мэдээлэл түгсэн нь ирэх зургадугаар сараас хилийн үнэ нь 900 ам.доллараар үнэлэгдсэн шатахуун манай улсад орж ирнэ. Одоо шатахууны хилийн үнэ 1100 орчим ам.доллараар үнэлэгдэж байгаа нь 900 ам.доллар болж буусан юм. Манай улсын шатахуун импортлогч компаниудын ихэнх нь буюу 10 гаруй байгууллага “Роснефть”-ээс бүтээгдэхүүнээ авдаг. 1400, 1200, 1100 ам.доллар гэх мэтээр буурсаар одоо шатахууны хилийн үнэ гурван оронтой тоо руу орлоо. Ингэж шатахууны хилийн үнэ буурсан учраас зургадугаар сараас дотоодод худалдаалагдах шатахууны жижиглэнгийн үнэ бууна гэсэн ойлголт хүн бүрийн сэтгэлд гэгээ татуулав. Гэтэл албаны хүний хариулт урамгүй байна. Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгийн мэдэгдсэнээр “Роснефтийн манайд нийлүүлэх үнэ 1100-аас 900 ам.доллар болж бууснаар дотоод дахь жижиглэнгийн үнэ тонн тутамдаа одоогийн байгаа үнээс 40-70 орчим ам.доллараар буух боломжтой. Ингэж шатахууны үнэ буух нөхцөлийг бүрдүүлсэн ч өөр нэг том хүчин зүйл нөлөөлсөн нь ам.долларын ханш юм. Долларын ханш Роснефть-тэй өнгөрсөн сард хэлцэл хийж байх үед 1750 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл одоо 1820 төгрөг болчихсон болохоор 40-70 ам.доллараар буулгах боломжийг хааж байна. Тийм болохоор өнөөдөр долларын ханш энэ байдлаараа байвал шатахууны жижиглэнгийн үнэ буух боломжгүй юм” гэв. Ийм л юм бол Оросоос нефть бүтээгдэхүүний үнийг хөнгөлсний ашиг тус гэж юу байгаа юм бэ. Монголын ард түмэнд хүртэх үр дүн гэж өчүүхэн ч байхгүй байна. Эхэнд хэлснээр УИХ, Засгийн газар нь доллартайгаа л ноцолдохгүй бол хилийн цаадах үнийг хичнээн хямдруулж, буурууллаа ч дотоод дахь ам.долларын тэнгэрт тулсан ханш хэрэглэгчдэд нар үзүүлэхгүй юм байна. Одоо эдийн засагт хийж байгаа эцсийн амь тариа болох “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т найдах л юм биз дээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлого үр дүнтэй явагдаж, ам.долларын ханш доошилбол олон зүйл дээр эерэг хариу гарна. Ам.долларын ханшаа хэрхэн буулгах дээр голлон анхаарч, Төмөр зам, дэд бүтцээс эхлээд баялгаа дэлхийн зах зээлд хурдан хүргэх ажлаа урагшлуулахгүй бол бид боломжоо алдана. Таван жилийн дараа Монголын нүүрс үнс болж мэднэ. Оюу толгой бол онцгой анхаарах эдийн засаг. Хэрэвзээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт товлогдсон ёсоор есдүгээр сард орж ирэхгүй бол Монгол Улс долларын хамаг нөөцөө  шавхахад хүрнэ гэсэн эдийн засагчдын тооцоо байна. Хууль тогтоомж, бодлогын тогтвортой бус байдлаас болоод эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал 55 хувиар татарчихаад байна шүү дээ. Дээр нь V цахилгаан станц, “Сайншандын аж үйлдвэрийн парк”… гэхчлэн том бүтээн байгуулалтууд хаачив. Бондоос үлдсэн гэх нэг их наяд төгрөг хаана байна, юунд зарцуулах гэж байна. Бас л баахан вакуум цонхны үйлдвэрт үү. Эцсийн дүндээ ард түмний амьдрал дээшлэхгүй байгаатай л Засгийн газар эвлэрэх ёстой. 

УИХ юу хийв. Хаврын чуулганы хугацаа талдаа орсон хэдий ч эдийн засагт чухал хуулиуд урагшаа явсангүй. Нэн түрүүнд шаардлагатай цариг, хайгуулын лицензийн хоригийг чөлөөлөх гээд улс орны хөгжилд хэрэгтэй хуулиудыг баталснаар гадаад зах зээл өргөжин тэлэх боломж байсаар байгаа. Гэтэл энэ Их хурал гэж шуудайнд хийсэн үхрийн эвэр байсаар байна. Улс төрийн хүчнүүд нь нам, фракц бүлэглэлээрээ талцаад дууслаа. Сүүлдээ бүр албан бус бүлэгтэй болох тухай яриа гарав. Шантааж хийдэг бас нэг баг гарч ирэх нь хэмээн ард түмэнд ойлгогдож эхэллээ. Урдах хэрүүлээсээ илүүг харж төлөвлөж, шийдвэрлэж чадахгүй, хувийн эрх ашгаа бүгдийн өмнө эрэмбэлсэн хэдэн нөхөд бүлэг байгуулж Засгийн газрыг яаж тамлахаар шийдсэн юм бол доо.  Өнөөдрийн эдийн засгийн хямрал бол өчигдрийн хэрүүл, дотоод зөрчлийн илрэл гэдгийг ард түмэн мэдэрч байгаа шүү. 

Өнгөрсөн сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн хаврын чуулган хуралдаж эхлээд 51 хоног өнгөрчээ. Сар хүрэхгүй хугацааны дараа хаалтаа хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр 25 асуудлыг жагсаасан байх юм. Гэвч Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаас өөрөөр, жагсаасан асуудлууд нэг алхам ч урагшилсангүй.

Хэлэлцсэн боловч батлаагүй нэг асуудал байгаа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан, олны хэлж заншсанаар сайдуудын давхар дээлийг дан болгох төсөл дээр өнгөрсөн намрын чуулганы төгсгөл, энэ хаврын чуулганы эхэн хагас хүртэл төвлөрч ажилласан ч эцсийн үр дүн гэж гарсангүй. Бүтэн хоёр сар тойрч ярьсан асуудлаа батлах эцсийн мөчид Их хурал унагав. Хэлэлцэхгүйгээр буцаасан бас нэг асуудал байгаа нь Шилэн дансны тухай хуулийн төсөл. Монгол Улсын төсөв юунд хэрхэн зарцуулагдаж, тендер ямар шалгуураар эзнээ олж байгааг ил тод болгох зорилготой байсан. Хүмүүс татвараа хаашаа орсныг, хэн гэдэг албан тушаалтан түүнийг нь юунд зарцуулсныг, үр ашиггүй зарцуулалт хийсэн эсэхийг л сонирхдог. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга батыг сахиулах нь чухал атал, гишүүд нэр томьёо таарахгүй нэрээр буцаалаа.

 Ийнхүү хаврын чуулганаар хэлэлцэх 25 асуудлынхаа ердөө ганцын ард гарч, хоёрыг нь хойш шидсэнээс өөр юу хийв. Сөрөг хүчний санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах гэж баахан үзлээ. Дараагаар нь  Эдийн засаг хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрыг огцруулах гэж оролдов. Залгуулаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг чөлөөлөх шийдвэр л гаргасан юм байна. Зөвхөн Х.Тэмүүжинг огцруулах уу, үгүй юу гэдгээ шийдэхэд УИХ 40 хоног зарцуулсан байна. Хавар бол хайран цаг хугацаа юм, Монголын хувьд. Гэтэл албан тушаал, сандал ширээ хөөцөлдсөн улс төрөөр, хаврын ихэнх хугацааг алдсаар. Хууль нь ч тэнэг байна. Нэг гишүүний хүсэлтээр Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудал босч УИХ нь зөвхөн үүнээс болж 40 хоногийн ажлаа алдана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Огцруулах үндэслэл нь дэндүү ядуу. Ялих шалихгүй зүйлээс болж хоёр гишүүн маргалдангуутаа нэг нь өрөөндөө гүйж ороод огцруулах өргөдөл бичээд өгчихөж байгаа юм. Эсвэл хувийн эрх ашиг нь хөндөгдөхөөр тэр сайдыг огцруулах асуудал оруулдаг. Гудамжинд маргалдангуутаа гүйж ороод огцруулах өргөдөл өгсөн Их хурлын гишүүн ч байгаа шүү. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг чинь ийм хэврэг байдаг юм уу. Үүний хажуугаар өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Х.Баттулгад ямар их цаг зарав. Үүнээс өөр хийсэн ажилгүй хаврын чуулган завсарлах нь. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд буй зарим хуулийн төслүүд олон нийтийн дунд дэндүү их  хүлээлттэй байна. Хэдийгээр барьцаа, шантаажаар хэлэлцэхээр болсон ч Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнөөдөр хэдэн мянган хүн хоног тоолон хүлээж сууна. Энэ хууль бол эдийн засгийн ач холбогдолтой хууль юм шүү. Гарч ирсэн хүн бүр бизнесээ сэргээнэ. Үүнээс гадна өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээ хэзээ баталж, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө аль завандаа батлах гэж байгаа юм. Мөн ирэх оны Үндсэн чиглэл, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтаа яаж гаргахаа мэдэж байгаа болов уу. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг тэнгэр харж байгаад гаргадаггүй. Улс орны хөгжил, хүн зоны амьдралд зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гаргадаг. Гэтэл энэхүү хэлэлцэх асуудлын чинь ердөө дөрвөн хувь нь биелсэн байна.

Гэтэл хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой ямар олон асуудал байсны заримаас нь танилцуулъя. 

1. “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

2. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл;

4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

5. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл;

6. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;

9. Шилэн дансны тухай хуулийн төсөл /буцаасан/

10. Худалдааны тухай хуулийн төсөл;

11. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /унагасан/

12. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл… гэхчлэн 25 хуулийн төсөл хүлээгдэж байна. Энэ бүгдийн ард хэзээ гарах нь тодорхойгүй байсаар. Ингэсээр байтал Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусах юм шиг байна.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг Армийн дэлхийн аварга боллоо

Казакстан улсын Алмата хотноо 2014 оны 5 дугаар сарын 26-наас энэ сарын 3-нд зохиогдсон Армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын  тэмцээнд аваргалсан Баатарсүхийн Чинзориг 1991 онд төрсөн 64 кг-ын ирээдүйтэй тамирчин. Армийн албан хаагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлал олон жилийн түүхтэй. Өдгөө чөлөөт бөх, буудлага, бокс зэрэг Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж тухайн улсын цэргийн армид алба хаадаг, бүртгэлтэй  тамирчид оролцдог аж.  Б.Чинзориг Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооноос боксчин болох гараагаа эхэлж байсан.

 Тэрбээр 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж байжээ. Б.Чинзориг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсчээ.

 ОУХМ Б.Чинзориг эхний даваандаа 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын тамирчин Э.Лопезийг ялж, алтан медальд хүрэх замаа заслаа. Дараагийн учраанууд болох ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж шигшээ тулаандаа Дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг буулган авснаар Монгол Улсас анх удаа Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа.

Б.Чинзориг нь “Chinа open” олон улсын тэмцээний алт, Тайваны олон улсын тэмцээний мөнгө, Пакистаны олон улсын тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан бөгөөд 2014 оны насанд хүрэгчидийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн манай улсын шилдэг тамирчдын нэг билээ.

Харин Лондонгийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний учраа болох Кувейт улсын тамирчныг буулган авсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө Солонгос улсын тамирчныг илт илүүрхэн ялж хүрэл медалийн болзолыг хангаж улмаар мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Фахемийг илүүрхсэн боловч 1 оноогоор ялагдан хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү “Алдар” спорт хорооны дасгалжуулагч спортын мастер А.Гантулга багш өөрийн унаган хоёр шавиараа Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт , хүрэл медаль хослуулаад байна.

Categories
гадаад мэдээ

Нигерт хэдэн арван хүнийг буудан хороожээ

Нигерт 200-аад охидыг хулгайлсан “Боко Харам” лалын бүлэг Борно мужийн нэгэн тосгонд хэдэн арван хүнийг буудан хороосон хэрэг гарчээ. Гэрчүүдийн ярьснаар цэргийн дүрэмд хувцастай хүн ирж оршин суугчдыг сүм дээр цугларахыг шаардсан байна. Цугларсаны дараа хүмүүс рүү гал нээхэд оршин суугчид “Боко Харам” бүлэгийнхэн гэдгийг мэджээ. Борно мужийн парламентын парламентын нэгэн гишүүний ярьснаар  тус бүлгийнхэн хөрш зэргэлдээ орших таван  тосгон руу дайрч хүний амь бүрэглгэсэн байна. “Боко Харам”-ийн хулгайлсан 200-аад охидыг одоо болтол олоогүй байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Түвдэндоржийг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй байна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй хэмээх шалтгаанаар   УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэнгүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэр гарсан ч албан ёсоор УИХ-д өргөн бариагүй учраас ийнхүү сайд томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж байгаа аж.

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаан  ирц хүрээгүй улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ашигт  малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын томилох асуудлыг хэлэлцэх байсан юм. 

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр “Мунзуй” Г.Нямдоржтой эвлэрчээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой “Хар мэдээлэл” үе, үе гардаг. Нэгэн цагт үй зайгүй нөхөд явж, бие хамгаалагчаар нь хүртэл ажиллаж байсан гэх “Мунзуй” хочит Г.Нямдоржтой тэрбээр хутга шөвөгний хэргээс болж түнжин хагарахад хүрсэн. Анх энэ хэргийн тухай мэдээ олны сонорт хүрч эхлэхэд Н.Номтойбаяр гишүүн “Би энэ хүнийг огт танихгүй” хэмээн гүрийсэн ч “Мунзуй” Г.Нямдорж “Одоо байтлаа намайг танихгүй, мэдэхгүй гэж жүжиглэх нь. Би бол Н.Номтойбаярын хамаг муу муухайг ёстой хүүрнэн өгүүлнэ дээ. Н.Номтойбаяр намайг гүтгэх тусам би шинэ, шинэ мэдээлэл дэлгэх болно” хэмээн хэвлэлүүдэд хэд, хэдэн удаа ярилцлага өгч байлаа. 

Харин дараа нь “Мунзуй” Г.Нямдорж мөрийтэй тоглосон, машинаас нь хар тамхины төрлийн бодис олдсон гэх хэрэгт холбогдон Ганц худагт хоригдож байхдаа буюу энэ оны дөрөвдүгээр сард захидал бичиж ирүүлэхдээ “Миний бие худал хуур¬магийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм. Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно. Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа. 

Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий. Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Ха¬рин өөрөө өөрийгөө шо¬рон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй. Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмэний хүүхдэд атаархаж зодож нү¬дэж, толгой дээр нь шээж байсангүй. Бугын зуулт гэдэг ха¬чин зүйл хүртэл хар¬маалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй. Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Зас¬гийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүй¬лийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм ху¬дал хэлж чадахгүй. Нэг тан¬химд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй” гэж дурдсан байлаа. Тэгвэл “Мунзуй” хочит Г.Нямдорж Ганцхудагаас гэртээ эргэн иржээ. Тэр тусмаа анд найз Н.Номтойбаяртайгаа эвлэрсэн гэх мэдээлэл байна. Харин хэн тэднийг эвлэрүүлэв, яагаад тэр билээ гэдэг асуулт гарч ирлээ. Нэг ёсондоо, Н.Номтойбаяр Г.Нямдоржийн нэхээд байгаа нэг тэрбум төгрөгийг өгсөн үү, аль эсвэл найзыгаа өрөвдсөн үү ямар ч байсан хутга шөвөгний хэргээс үүдэлтэй хэрүүл ингэсхийгээд намжих бололтой. 

Л.Лодой 

Эх сурвалж  http://www.info.mn

Categories
гадаад мэдээ

Абдель Фаттах Сади Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Египетийн сонгуулийн төв комисс нь тус улсад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд генерал Абдель Фаттах Сади ялсан тухай албан ёсоор мэдэгдлээ. Санал хураалтын дүнгээс үзэхэд генерал 96.9 хувийн санал авч тэргүүлжээ. Түүний өрсөлдөгч Хамдин Сабахи 2.9 хувийн санал авсан байна. Сонгуулийн төв комиссоос мэдээлсэнээр сонгогчдийн оролцоо 47.3 хувьтай байсан гэнэ. Санал хураалт хоёр хоног үргэлжлэх ёстой байсан боловч сонгогчдийн идэвхи маш муу байсан тул нэг хоногоор сунгажээ. 

Ю.ДЭЛГЭР