Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийг аль улсын компанид зарах нь тодорхойгүй байна

“Саусгоби сэндс” -ийг  Хятадад  зарж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж буй. Тус компанийн зүгээс  “Саусгоби сэндс” компани алдагдалд орж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч “Туркоиз Хилл ресурс”  хувьцаагаа зарах тухай мэдэгдэл гаргасан нь үнэн гэдгийг баталж байна. Гэхдээ хэн авах нь тодорхойгүй байгаа аж.   

Categories
мэдээ нийгэм

Батаарыг хулгайлсан америк эр гурван сарын хорих ял авлаа

70 сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг манай улсаас хууль бусаар гаргаж, АНУ-д сая гаруй ам.доллараар худалдах гэж байсан  Эрик Прокопид НьюЙорк мужийн шүүхээс гурван сар хорих ял оноосон байна. Э.Прокопиг 2012 оны аравдугаар сард баривчилсан юм. Тэрээр  хоёр сарын дараа хэргээ хүлээжээ. Э.Прокопи шүүх хуралдааны үеэр “Буруу зүйл хийснээ хүлээж байна. Хийсэн хэргээ хэчнээн муу үр дагавартайг тооцоолоогүй нь миний буруу” гэжээ. Америк эр  Батаараас гадна Тиранозаврын төрлийн өөр нэг үлэг гүрвэлийн бүрэн шахам арга яс, нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг палеонтологийн 18 үнэт олдворыг хууль бусаар зөөвөрлөж, дамлан худалдсан байна. 

Categories
гадаад мэдээ

Хил зөрчигч хүүхдүүд Обамагийн санааг зовоож эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах саналыг өнгөрсөн даваа гарагт Конгресст гаргажээ. АНУ-ын хил хамгаалах байгууллагын гаргасан тайланд Өмнөд Америкийн орнуудаас эцэг, эх хараа хяналтгүй хүүхдүүд хил зөрчих явдал огцом өсч, сүүлийн наймдугаар сард хил зөрчигч хүүхдүүдийн тоо 47 000  болжээ. Тэд нөхцөл байдал хямралын түвшинд хүрсэн гэж дүгнээд байгаа юм.  

Одоогийн байдлаар тус улсын хилийг зөрчин орж ирсэн 60 мянга орчим хүүхдийг байрлуулах, хооллох, гэр оронд нь буцааж илгээхэд зориулан 2.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ тоо цаашид эрчимтэй өсөх хандлага ажиглагдсан учраас нэмж 1.4 тэрбум доллар хэрэгтэй байгаа аж. Ийм шалтгаанаар конгресст ханджээ. Хил зөрчигч хүүхдүүдийг одоогоор цэргийн хоёр ч баазад түр байрлуулж байна. Хүүхдүүдийн ихэнх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй эцэг, эхийгээ зорьж ирдэг гэнэ. Эцэг, эхийг нь  олж уулзуулсны дараа тэднийг АНУ-аас албадан гаргадаг байна. Хил зөрчигч хүүхдүүдийн 90 орчим хувь нь Хондурас, Гуатемала, Эл Салвадор зэрэг орноос ирдэг аж.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ-ий цагийн хуваарь, тов

Та бидний дөрвөн жил хүсэн
хүлээсэн их цэнгүүн хөлбөмбөгийн ДАШТ хаяанд тань ирлээ. Хөлбөмбөгийн шидтэнгүүдийн
эх орон гэгддэг Бразил улсад зохиогдох 20 дахь удаагийн ДАШТ-д тив тивээс шалгарсан
32 баг өрсөлдөх бөгөөд эдгээр багууд найман хэсэгт дөрөв, дөрвөөр хуваагдан жагссан
байгаа. Хэсэгтээ байгаа гурван багтай ээлжлэн тоглосны дараа шилдэг үзүүлэлттэй
хоёр баг нь плей офф-т шалгарна. Энэ шатанд багууд хэзээ хаана хэнтэй таарч тоглох
вэ гэдгийг ногоон хүрээнд байгаа хүснэгтээр харууллаа.

20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсын
12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох бөгөөд Улаанбаатар хотын цагаар зургадугаар
сарын 13-ны 04.00 цагт Сан-Паулу хотын “Арена Коринтианс“ цэнгэлдэхэд Бразил-Хорватын
тоглолтоор эхлэх бол долдугаар сарын 14-ний 03.00 цагт Рио-де-Жанейро хотын “Маракана”
цэнгэлдэхэд зохиогдох шувтаргын тоглолтоор дуусна. 


Тоглолт зохиогдох хотууд

 Хэсгийн тоглолтуудын цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар)

 

      2014.6.13.
Баасан гариг

04:00, 
Бразил-Хорват 

 

      2014.06.14.
Бямба гариг

00:00, 
Мексик-Камерун 

03:00, 
Испани-Нидерланд

06:00, 
Чили-Австрали 

 

      2014.06.15.
Ням гариг

00:00, 
Колумб-Грек 

03:00, 
Уругвай-Коста-Рика

06:00, 
Англи-Итали 

09:00, 
Кот-д’Ивуар-Япон 

 

      2014.06.16.
Даваа гариг

00:00, 
Швейцарь-Эквадор 

03:00, 
Франц-Гондурас

06:00, 
Аргентин-Босни Херцеговин 

 

      2014.06.17.
Мягмар гариг

00:00, 
Герман-Португал 

03:00, 
Иран-Нигер

06:00, 
Гана-АНУ 

 

      2014.06.18.
Лхагва гариг

00:00, 
Бельги-Алжир 

03:00, 
Бразил-Мексик

06:00, 
ОХУ-БНСУ 

 

      2014.06.19.
Пүрэв гариг

00:00, 
Австрали-Нидерланд 

03:00, 
Испани-Чили

06:00, 
Камерун-Хорват 

 

      2014.06.20.
Баасан гариг

00:00, 
Колумб-Кот-д’Ивуар 

03:00, 
Уругвай-Англи

06:00, 
Япон-Грек 

      2014.06.21. Бямба гариг

00:00, 
Итали-Коста Рика 

03:00, 
Швейцарь-Франц

06:00, 
Гондурас-Эквадор 

 

      2014.06.22.
Ням гариг

00:00, 
Аргентин-Иран 

03:00, 
Герман-Гана

06:00, 
Нигери-Босни Херцеговин 

 

      2014.06.23.
Даваа гариг

00:00, 
Бельги-ОХУ

03:00, 
БНСУ-Алжир

06:00, 
АНУ-Португал 

 

      2014.06.24.
Мягмар гариг

00:00, 
Испани-Австрали 

00:00, 
Нидерланд-Чили

04:00, 
Камерун-Бразил 

04:00, 
Хорват-Мексик 

     

2014.06.25. Лхагва гариг

00:00, 
Итали-Уругвай 

00:00, 
Коста Рика-Англи 

04:00, 
Грек-Кот-д’Ивуар 

04:00, 
Япон-Колумб 

 

      2014.06.26.
Пүрэв гариг

00:00, 
Нигери-Аргентин 

00:00, 
Босни Херцеговин-Иран

04:00, 
Эквадор-Франц 

04:00, 
Гондурас-Швейцар 

 

      2014.06.27.
Баасан гариг

00:00, 
АНУ-Герман 

00:00, 
Португал-Гана

04:00, 
БНСУ-Бельги 

04:00,  Алжир-ОХУ 

Хасагдах шатны тоглолтуудын
цагийн хуваарь
(Улаанбаатар хотын цагаар)

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын орлогч шийдвэрээ өөрчлөхгүй гэв

Нийслэлийн Засаг даргын А/97, дүүргийн Засаг даргын А/87 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах Сүхбаатар дүүргийн Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. 

Энэ удаагийн хурлаар 32-ын тойргоос хойш 17-р сургуулийн уулзвар хүртэл замын зүүн талд элс, хайрга, дайрга зарж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 61 иргэнийг хүлээн авч уулзлаа.

Тус газар үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн замын түгжрэл нэмэгдэж, осол гарах нөхцөл болж мөн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэсэн гомдол ихээр ирж байгаа учраас удаа дараа шаардлага хүргүүлж тавдугаар сарын 1-нд эдгээр иргэнтэй зөвшилцөлд хүрч тодорхой газар зааж байршуулсан юм.

Гэтэл тухайн заасан байршилд үйл ажиллагаагаа явуулахгүйгээр эргэн ирж тухайн байршилд үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьж, шинээр заасан байршилд ашиг орлого муу гэх тайлбар хийж байв.

Хүсэлтийн хариуд Засаг даргын орлогч Л.Амарзаяа үйлчилгээ эрхлэгчдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ илэрхийлээд цаашид шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүкийн хуурамч найздаа мэхлүүлсэн монголчуудын тоо нэмэгдсээр байна

Интернэт орчныг тойрсон залилан мэхлэх үйлдэл тасралтгүй үргэлжилж манай улсын иргэд хохирогч болох тохиолдлууд нэмэгдэж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 2014.03.06-ны өдөр фэйсбүүкээр Англи улсын харьяат гэх хуурамч хэрэглэгчтэй харилцаа тогтоожээ. Гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносож, бэлэг явуулах тухай яриа гаргасан гэнэ. Энэ яриа болсноос хойш хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас гэх байдлаар утсаар ярьж, “таны нэр дээр Англи улсаас илгээж байгаа ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн та үүнийг авахын тулд ийм хэмжээний төлбөрийг төлнө үү” гэжээ.  Иргэн А үүнд нь итгэж  7850 ам.доллар шилжүүлж авчээ.  “Бид энэ талаар тухай бүр сэрэмжлүүлэх мэдээллийг цацаж байгаа боловч уг гэмт хэргийн хохирогч дахин бүртгэгдсээр байна. 2014.02.19-ний өдөр Улаанбаатар хотын харьяат иргэн А нь дээрх этгээдэд 2550 ам.долларыг шилжүүлж залилуулсан байна. Гэмт этгээд дээрх үйлдлийг хийхдээ Малайз улсын бүртгэлтэй утас, данс болон Вестерн Юнион үйлчилгээг ашиглаж байх тул иргэд сонор сэрэмжтэй байж интернэт орчинд танилцсан аливаа этгээдэд бүрэн итгэхгүй байх, сэжигтэй зүйл илэрвэл Цагдаагийн байгууллагад хандаж байхыг зөвлөж байна” гэж Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхаарууллаа. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ялгааны” шоронгийн эсрэг 80 орчим хоригдол өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэнэ

-ТЭД ӨЛСГӨЛӨН
ЗАРЛААД ХОЁР ХОНОЖ БАЙГАА АЖ-

Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих
ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарласан бай­на. Тэд “Монгол Ул­сын ямар ч хуулинд
байх­гүй  “Ялгааны” шорон 409 дүгээр хорих
ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй мөнгөгүй хэмээн ялгаж, хуулийн хугацаа
нь бол­сон зарим хоригдлын дэг­лэмийг бууруулахгүй, магадланд оруулахгүй байна”
хэмээн ийнхүү өлсгөлөн зарлаж буй гэнэ. Мөн “Махны үйлд­вэ­рүүдийн муудсан, өм­хий
үнэртэй махаар хоол хийж өгч байна. Энэ бүхнээ зогсоо гэх  мэтээр 
хорихын удирдлагуудад асуудлыг тавьж байгаа аж.  Хоригдлууд 
өлсгөлөн зар­лах болсон дээрх шалт­гаанаа хорих ангийн удирдлагууд хүний
эрхийг зөр­­чиж байна хэмээн үзэж буй аж. Тэд өлсгөлөн зар­­лаад хоёр хонож буй  тул өнгөрсөн мягмар гари­гийн орой Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөн­­хий газрын Тусгай бүлгийнхэн тус хорих ангийн гаднах байдлыг хамгаалалтад
авчээ.

Өлсгөлөн зарлаж буй дээрх 80 орчим хоригдлыг  өнгөрсөн оны сүүлээр  бусад хорих ангиудаас татаж авчирсан байна. Нэг
үгээр хэлбэл 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд 409 дүгээр хорих ангид авчирчээ.  Хоригдлуудын дийлэнх нь 5-25 жилийн ялаар шийтгүүлсэн
хүмүүс  гэнэ. Тэд өмнө нь хоригдож байсан  хорих ангийнхаа удирдлагуудын тушаал шийдвэрийг
эсэргүүцэн,  хэл ам таталдаг  байсан 
гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Хэл ам таталдаг, бусдыгаа бас захирах гээд
байдаг хорих ангийн болохгүй хүмүүсийг авчирч тус хорих ангид хорьж буй гэх мэдээллийг
ч өглөө. Энэ талаар тус хорих ангийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүн дараахь зүйлийг
ярьсан юм.

 -“Ялгааны”
шо­рон­той боллоо хэ­мээн хоригдлууд өлс­гөлөн зарласан гэх мэдээллийг авлаа. “Ялгааны”
гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Өмнө нь Эмэгтэй­чүүдийн хорих анги бай­сан газар Тоосгоны гэх тодотголтой
409 дүгээр хорих анги ирээд удаж байна. Баянзүрх дүүргийн тээврийн товчооны цаана
энэ хорих анги байрладаг. Энд хоригдлуудын эрх зөрчигдөж буй нь үнэн. Нэг л өдөр
80 орчим хүн авчирсан. Хорихын зоон дотор тэднийг тусад нь байлгадаг. Нар салхинд
гаргадаггүй. Үүнээс бо­лоод хоригдлууд их бу­хим­дах болсон. Учир нь тэд хорих анги
дотор хоригдлуудыг хоёр ху­вааж ялгаж байна. Шүү­хийн шийдвэрийн хү­рээнд эдлэх
ёстой ялаа тус­гай дэг жаягийн дор эдлэх учиртай ч бусад хоригдлуудын адил  хуу­лийн дагуу магадланд орж дэглэм буурах эрхтэй
гэж үзэж байгаа.Тиймээс эсэр­гүүцлээ илэрхийлж буй.

-Тэд
өлсгөлөн зар­лаж, хоол идэхгүй бай­гаа юм уу?

-Идэхгүй байгаа. Хоёр хонож байна. Хоригдлуудын хоолыг  өмхий үнэртэй махаар хийдэг. Нэг үгээр хэлбэл
махны үйлдвэрүүд  үл­дэг­дэл, цөвдөл махаа
машиндаж гахай нохойнд өгдөг. Тэр махаар хо­ригд­­­луудад хоол хийж өгөх болсон.
Мөн энэ хоригдлууд дунд ялаа 50 хувь эдэлсэн хүмүүс ч цөөнгүй бий. Тэдний зарим
нь дэглэм буурах ёстой. Хорих ангийнхан  энэ
80 хүний асуудлыг тоож авч хэлэлцдэггүй. Тийм учир ялгааны шо­рон 409 дүгээр хорих
ангид бий боллоо хэ­мээн өлсгөлөн зарлах болсон.

-Тэднийг
яагаад тусад нь байлгадаг юм бэ?

-Мэдэхгүй анхнаасаа ийм л байсаар ирсэн.

-Чанга
дэглэмтэй юм уу?

-Чанга. Гэхдээ онц­гой дэглэмтэй мэт хоригд­луудад ханддаг. Тэгсэн
атлаа тэднээр  хоригдож буй өрөө тасалгааг
нь тохижуул гээд ар гэрээс нь байнга мөнгө авдаг. Хоол нь муу болохоор  ар гэрийнхнээсээ хоолны материал авчруулдаг. Тэд
өрөө тасалгаагаа  300 мянгаас хоёр сая төгрөгөөр
тохижуулсан нь ч бий.

-409
дүгээр хорих ангид хэдэн хоригдол байдаг юм бэ?

-Энэ ангийн үндсэн  хоригдол
нь 300 орчим. Тусад нь хорьж буй 80 орчим хүнийг нэмвэл 380 болох юм.

-Тэд
яг ямар хэрэг үйлдээд орсон хүмүүс вэ?

-Хулгай, хүчин, тан­хай, хүн амины хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс
байгаа.

-Хоригдлуудад  хо­рих ангийн удирдлагууд ялгаатай хандаж байна
гэдгийг яаж мэдсэн хэрэг вэ?

-Энд мөнгөтэй хүнд өөр үйлчилдэг. Мөнгө­гүй хүнд бас өөр. Түүнээс
шалтгаалж ма­гад­ланд орон дэглэм буу­рах асуудлыг нь хэ­лэлцдэг. Тухайлбал энд
Онцгой байдлын дарга асан генерал П.Даш бий. Түүнийг гүний худгийн сахиул нэрээр
гадаа чө­­лөөтэй явуулдаг. “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан А.Гүр-Аранзыг хугацаанаас
өмнө магадлангаар сул­луулах гээд аваад явж байна. Бас МИАТ-ээр их хэмжээний мөнгө
угаасан хэрэгт холбогдож ял ав­­сан Батсуурь гэдэг хү­нийг гүний худгийн сахиул
гээд хорих зоо­ноос гадуур байл­гадаг. Үнэхээр гүний худгийн сахиул гэдгийг хэн
мэдэх билээ. Хорих ангийн зоо­ноос гадуур юу хийж явдаг юм мэдэхгүй. Гэ­тэл хугацаа
нь болсон хоригдлын асуудлыг хэн ч тоодоггүй. Тийм болохоор хугацаанаасаа өмнө энд
магадлангаар орох асуудал бараг орхиг­доод байгаа юм.

Хоригдлууд ар гэ­рийнх­нээрээ дамжуулан энэ асуудлаар Хүний эрхийн
комисст хандсан байна. Хүний эрхийн үндэсний комиссынхон хариуд нь “Албан ёсоор
өргөдөл гомдол гаргаад, хэн яаж хохироод буй талаар нэр устай нь бичээд ир”  гэсэн ажээ.

Хоригдлууд харин “Хүний эрхийн үндэсний ко­мисст нэр устай өргө­дөл
өгөх­гүй. Хэн гэдэг хүн өргөдөл өгснийг мэд­вэл хорих ангийн удирд­лагууд дарамтална.
Тийм ч учраас 80 хүн бүгд өлсгөлөн зарласан” хэ­мээн тайлбарласан тухай тэдний нэгнийх
нь ар гэрийн хүн  хэлэв.

ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад “Одоохондоо
ийм мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл байна” гэв.

 

 Г. ЯЛГУУН 

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч шүүх хуралд ирсэнгүй

Д.Амарсайхан агсантай холбоотой гэх шүүх хурал яг одоогоор түр завсарлаад байна. Шүүх хуралд Амарсайхан агсаны өмгөөлөгч Р.Пүрэвлхам ирсэнгүй. Ийм шалтгаанаар зарим өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах санал тавьсан юм. Шүүгчид шүүх хурал хойшлуулах эсэхийг хэлэлцэхээр түр завсарлаад байгаа аж. 

Ц. Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Нийслэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр гаргалаа

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг боловсруулан гаргасан боловч нийслэлд түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай уялдуулан тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхийн тулд “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэх, фермүүдийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хэрэгцээг хангахад хөтөлбөрийн зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Хөтөлбөр, журам батлах тухай” А/451 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн журам гаргалаа.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Энхтүвшин: Өр тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлэх
үү. Яагаад ийм байдал бий болчихов оо гэдгээс…

-Юунаас болж эдийн засаг хүндэрсэн
тухай бид хангалттай ярилаа шүү дээ. Тийм учраас энэ тухай эхнээс нь ярина гэхээс
залхуутай, яршигтай байна. УИХ-ын чуулган дээр эдийн засгийн асуудлаар бүтэн хоёр
жил хангалттай ярилаа.

-АН засгийн эрхэнд гарснаас хойш эдийн засаг элгээрээ  хэвтчихлээ гэдэг байдлаар сөрөг хүчин тайлбарлаад
байна. Энэ утгаар нь танаас асуугаад байгаа ухаантай юм л даа?

-Манай нам засаг барьж явсан үеийг
жил бүрээр нь ярина гэвэл дуусахгүй. Гэхдээ бид бөөн өр хүлээгээд авдаг. Ямар ч
байсан ноцолдсоор байж босгоод ирдэг л юм. Харин АН төрийн эрх авсан үед эдийн засаг
огцом дээшилж байсан уу эсвэл доошилж байв уу гэдгээр нь харъя. Гэхдээ энэ намд
засгийн эрх авч байсан он жил цөөн учраас жишээ авах тохиолдол бага юм. 1996 онд
Ардчилсан нам парламентад 50, манай нам 25 суудал авч байсан үе бий. Тэр үед АН
үнэхээр туршлагагүй байлаа. Тийм учраас яалт ч үгүй дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн
газар огцруулсан. Тэр жил манай нам АН-д засгийн эрхийг шилжүүлэхэд ам.долларын
ханш  430 төгрөгтэй тэнцэж байсан билүү дээ.
Гэтэл жилийн төгсгөлд 960, тэгээд 1000 төгрөг рүү орчихсон. Үүнээсээ болоод АН дотооддоо
хямарч, эв түнжин муудаж, Засгийн газруудаа ар араас нь явуулсаар, 2000 онтой золгосон
байдаг. Энэ үгээрээ АН-ынханд Монголоо гэсэн сэтгэл алга гэдэг дүгнэлт хийх гэсэнгүй.
Зүгээр л тэдэнд туршлага дутаад байна, хамтарч ажиллах санаачилга алга. Үүнээс үүдэж
засгийн эрхэнд гарах тоолонд нь асуудлууд ундраад байна уу даа гэж харагдах юм.

-Ардын намтай хамтарч ажиллах сэтгэл дутлаа гэх гээд байх
шиг сонсогдоод байна?

-Эдийн засгийн байдал улам хүндэрч
магадгүй учраас парламентад суудалтай намууд хамтарч л ажиллах хэрэгтэй. Тэгж байж
саад бэрхшээлийн ард гарна шүү дээ. Тэрнээс биш дангаараа зүтгээд юунд ч хүрэхгүй.
АН-ынхан “20 жил гудманд лааз өшиглөчихлөө. Одоо бидний цаг ирлээ. Хариугаа авна
аа” гэдэг байдлаар ажиллаад байх шиг харагддаг. Үүнээсээ болоод Ардын намтай хэл
амаа ололцохгүй, улс төрийн асуудлуудаа хурцатгаад, нөлөөнд нь эдийн засаг нь сөхрөөд
байна уу гэж бодогддог. Өнөөдөр цаг үе өөр болсон, 1990-ээд он, 2000 оны эхэн үе
шиг нэг нам дангаараа явдаг боломж ер нь цаашдаа ховор байх шүү.

-Хүмүүс Ардын нам Засгийн газарт орох гэж ямар их улайрч байна
аа гэдэг дүгнэлтийг хүмүүс таны ярианаас өгөх байх даа?

-Манай нам Засгийн газарт орох
хүслээ илэрхийлээд байгаа хэрэг ерөөсөө биш. Засгийн газарт орохоос наана хамтарч
ажиллах олон боломж, гарц бий. Гэтэл энэ боломжийг олж харалгүйгээр Ардын намыг
улс төрийн хүчнийх нь хувьд дуусгана гэж бодоод байх шиг байна. Харамсалтай нь Ардын
нам дуусахгүй л дээ. МАН, АН хоёр хэзээ ч мөхөхгүй. Тийм учраас эв зүйгээ олоод
явах нь улсад ч ард түмэнд ч хэрэгтэй.  Гэхдээ
манайхан  “олонхи болчихсон байж  цөөнхтэй нийлж Засгийн газар байгууллаа” гэж нэгэн
цагт С.Баярыгаа шүүмжилж байлаа. Одоо бодох нь ээ түүний зөв байж. Том эрх ашгийн
үүднээс асар их зориг гаргасан юм байна лээ.

-АН парламентад суудалтай бүх намтай эвссэн. Зөвхөн Ардын
намтай хамтарсангүй гэдэг өширхлөөр асуудалд хандаад, улс орныг хөлдөө чирээд байх
шиг санагдах юм…

-Зөвхөн Ардын нам гэж ярьж болохгүй
шүү. Ардын намыг өөр бусад намтай зүйрлэхийн аргагүй.  Яагаад гэвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар  нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан.
Нийгэмд хамгийн их жин дарж байгаа улс төрийн хүчнүүд сөргөлдөөд байх биш ойлголцоод
л явах учиртай. Тэр нь олонхид л ашигтай болохоос цөөнхөд тэртэй тэргүй алдах юм
байхгүй.  Хамтарч ажиллах санаачилга нь олонхиос
гарах ёстой. Тэгж чадвал АН-д төр барих ухаан сууж байгаа юм байна гэж үзнэ. Тэгээд
ч одоо Ардын нам Засгийн газарт орохоосоо өнгөрсөн.

-Тэртэй тэргүй хугацаа ч алга л даа…

-Тийм ээ. 2016 оны сонгуульд нэг
нь олонхи, нөгөө нь цөөнхийнхөө хувиар ард түмэнтэйгээ уулзсан нь дээр. Одоо бол
хоёрын хооронд шүү дээ.  

-Тэгвэл МАН яг ямар асуудал дээр эрх баригчидтай хамтаръя
гээд байгаа юм бэ?

-Улсын хөгжлийн бодлого дээр л
хамтармаар байна шүү дээ. Баялгийн хуваарилалт дээр ажиллая. Үндсэн хуулийн өөрчлөлтөө
ярья. Өнгөрсөн намар болсон намын их хурал дээр би арав гаруй асуудлыг нэрлэсэн.
Үүн дээр л зөвшилцье. Бид бэлэн байна.  Үндсэн хуулийн нөгөө долоон өөрчлөлтөөс энийг нь больё,
тэрийг нь үлдээе гээд шийдтэй юм ярья. Сүүлийн 20 жил яриад байгаа зүйлүүдээ мухарлая.
Төмөр замаа нэг тийш нь болгоё, дааж давахгүй их өр тавиад байгаа асуудлыг цэгцэлье.
Заавал өр тавьж байж энэ улс хөгжихгүй шүү дээ. Бид ийм л юм хүсээд байна.

-Үнэхээр улс орны төлөө ийм асуудлууд ярих гээд байгаа бол
хэн нь ч түрүүлж санал тавьсан яахав дээ гэж бодогдох юм. Ямар хүүхдүүд шиг цөөнх
нь түрүүлээд санал тавьчихаар онигоо болчихно гэх биш…

-Олонхи бүх зүйл сайхан болно,
тэнгэр галаа шүтээд явж байтал болчихно гэж бодож байж магадгүй.  Тийм учраас хамтарч ажиллах бодол төрөхгүй байгаа
байх. Манай нам бол саналаа тавьчихсан. Их хурлаараа үүнийгээ хэлсэн. Манай намын
эрх барих хамгийн дээд байгууллагаас энэ саналуудыг дэвшүүлэхээс илүү яах юм бэ.
Үнэндээ намын бүлэг ч Их хурлын хажууд жижиг юм шүү. Ардын намын шинэ удирдлагын
зүгээс хэд хэдэн удаа улс төрийн намын дарга нартай уулзаж энэ тухай яриа өрнүүлсэн.  АН-ынхан ирээгүй шүү дээ, томорч байгаа нь тэр
юм уу. Эцсийн эцэст ард түмний өмнө бүгдээрээ шүүгдэх байж тэгээд ч яах юм. Ихэвчлэн
парламентад суудалгүй намын удирдлагууд уулзалтад ирдэг. Тэгэхээр л цаашаа явахгүй
болчихож байгаа юм.

-Эхэн үедээ таны хэлдгээр Ардын намынхан томроод “туршлагагүй,
юу ч мэдэхгүй АН-ынхантай юу зөвшилцдөг юм” гээд   хаалга савж гараад байсан гэж сонсогдсон шүү?

-Үгүй ээ. Тэр үед намын дарга
байсан учраас мэдэлгүй яахав.  АН-ын удирдлагуудтай
уулзахад “Хэн ч олонхи болсонгүй. Гэхдээ хамгийн олон суудлыг манайх авлаа. Манай
ҮЗХ Ардын намтай л хамтрахгүй шүү. МАН-аас бусад хүчинтэй хамтарна гэдэг шийдвэр
гаргасан” гэдгээ ил тод мэдэгдсэн. Ингээд л бүлэг байгуулж өгөхгүй цаашаа асуудал
хурцдаад эхэлсэн шүү дээ. Ингэхээр чинь ард түмний 40 хувийн саналыг авчихсан хүчний
хувьд дургүйцэлгүй яав гэж. Хорхой хүртэл биедээ хүрэхээр арвалздаг биз дээ. Бид
аргаа ядахдаа буйдантай суулт хийж байлаа. 

-Зээл авахгүй, Монголыг мөнгөтэй болгохгүй гээд байгаа намтай
яаж зөвшилцөх юм гэдэг үгийг нөгөө тал чинь хэлэх юм?

-Энэ их өрийг хэн төлөх юм. Бидний
хойч үе шүү дээ. Хуучин ч яахав,  оросууд
л нүүр тахалж, их өрийн асуудлыг мухарласан. Одоо тэрэн шиг юм байхгүй шүү. Өр тавьсан
бол хүүтэй, юутай хээтэй  нь төлнө. Өнөөдөр
Монгол Улс гаднаас л мөнгө авъя гэдэг ганцхан бодлого барьж байна.  Валют олж ирэх бодол алга.

Гэтэл хөрөнгө оруулагчид хоёр
жилийн дотор яагаад Монголоос дайжаад Мьянмар, Африк руу явчихав аа. Америкийн нэг
бизнесмэн “Монголын ардчилалд хулхидуулчихлаа. Оюу толгойг хар.

 Монгол Улс ч болоогүй байна даа”
гээд ярьж байна гэсэн.  Гадна талдаа ингэтлээ
итгэл алдчихсан юм бол дотоодын үйлдвэрлэгчдээ яагаад дэмжихгүй байгаа юм. 5000
аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байна. Ийм байдлаар яаж Монгол Улсыг
авч явах гэсэн юм. Шийдэх ёстой асуудал олон байхад зөвхөн өр тавина  гээд зүтгээд байгаа нь ямар учиртай юм. Зээл авч
болно. Тэгвэл түүгээрээ төмөр замаа тавь. Цахилгаан станциа барь. Эгийн голын усан
цахилгаан станциа ашиглалтад оруул.  Оюу толгойн
ажлыг урагш нь ахиул. Ингэвэл зээл авч болно. Тэгтэл хар л даа. 1.5 тэрбум ам.долларыг
ноос, ноолуур, агуулах зоорь руу  цацаад дууслаа.
Тийм учраас өр тавихыг бид яагаад ч зөвшөөрөхгүй. Бидний гарыг хүчээр барьж байгаад
кноп даруулдаггүй л юм бол. 

-Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэсэн үг үү?

-Хуулийг нь дэмжинэ. Замбараагүй
өр зээлийн асуудлыг зохицуулахад энэ хууль хэрэгтэй. Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх
тухай заалтыг нь Ардын нам  дэмжихгүй.

-Эдийн засгаа эрчимжүүлэх төсөл дээр хоёр нам чухам ойлголцчихлоо.
Одоо гацаа үүсгэх юм гарахгүй нь гэтэл дуусахгүй нь ээ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн хүрээнд  дотоодын бизнес эрхлэгчдийг дарамтлаад барьж,
хориод байгаа зүйлээ болъё. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөө хийе. Хаачихсан өчнөөн
лицензийг сэргээе, барилгын салбар, дотоодын үйлдвэрлэлээ дэмжье, аялал жуулчлалаа
хөгжүүлье, казино байна уу, юу байна доллар татах ямар л арга байна тэр бүгдийг
хийе гэдэг байдлаар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг оруулж ирсэн. Энэ бүгдийг
нь дэмжиж байгаа. Аятайхан  санаанууд олон
байгаа. Сая гэхэд л цементийн үйлдвэрийн нээлтийг хийлээ. Өнгөрсөн долоо хоногт
УИХ-ын чуулганаар хэд хэдэн зөв асуудал оруулаад батлуулчихлаа. Жишээ нь том үйлдвэр
барихын тулд гаднаас машин техник оруулж ирэхдээ газар дээр нь татвараа төл гэдэг
дарамт байсан. Үүнийг болиулж  хоёр жилийн
дотор татвараа цувуулж төлдөг боломжийг бий болголоо. Энэ мэтчилэнгийн ажлуудаа
хийвэл өр зээл гэлгүйгээр  энэ зун нэлээд
ажил нугарах гээд байгаа юм биш үү. Заавал өр тавих хэрэг юу байна. 

-Танай намынхан Засгийн газрын  100 хоногийн ажилд ийм ам сайтай байж яагаад дөнгөж
ажлаа эхлэнгүүт нь 10 хоногийн шаардлага өгсөн юм бэ? 

-Шахаж л байгаа хэрэг. Буруу биш
шүү дээ. Харин ч сөрөг хүчин олигтой шахаж чадахгүй байх шиг санагдаад байна. 

-Байсхийгээд л нэг сайдыг огцруулах бичиг өргөн бариад харин
ч сайн ажиллаад байгаа хэрэг биш үү?

 -Олонхи мундаг юм чинь  кнопоо дараад аваад үлдэх байлгүй дээ. Хариуцлагаа
ч хүлээдэг, ирцээ  бүрдүүлдэг, бодлогоо ч
тодорхойлж явахын төлөө олонхи болоо биз дээ.

-Та өөрийн намаа, намын удирдлагуудаа “сул байна” гэж шүүмжлэх
гээд байх шиг байна?

-Үгүй ээ. Намын даргыг шүүмжлээд
байх юм алга. Ажлаа авснаас хойш шүүмжлүүлээд байх хугацаа ч өнгөрсөнгүй.  Тийм учраас харзнаж л байна. Хүчтэй  цөөнх байхын тулд аливаа юмны араас биш урьдаас
харж дуугарах ёстой. Ер нь сөрөг хүчин гэдэг бол тийм оновчтой нэр томъёо биш. Бүх
зүйл дээр сөрдөг хүчин байхын нэр ч юм шиг. Үндсэн хуульд бол олонхи, цөөнхи гэдэг
үг л бий шүү дээ.  Тиймээс цөөнх байнга шүүмжлээд
байх биш,  бодлогын зэрэгцээ хувилбар гаргаж
явах нь чухал. 

-Зэрэгцээ бодлого гаргаж тавьж байгаа нь  ховор байх шиг санагдах юм…

-Тийм биш л дээ.  Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд арав гаруй тодорхой
санал оруулсан. Танай бүлгээс гаргасан саналуудаас энийг нь авъя, тэрийг нь хүлээж
авахгүй гээд түс тас яриад явах  зарчим л
дутаад байна.

-Зээлийг нь авахуулчихаад ороод ирсэн  мөнгийг нь зарцуулах тал дээр хамтраад ажиллаж
болдоггүй юм уу?

-Зээл хангалттай авсан, одоо болоо.
Өртэй хүн өөдөлдөг юм уу, өттэй мал таргалдаг юм уу.

-Аливаа бизнес зээл дээр л тогтдог.  Зээл авч байж компаниуд “амь” ордог.  Улс ч гэсэн энэ жишгээр хөл дээрээ босох байх
л даа?

-Тооцоо судалгаагаа ягштал хийж
үзээд,  төлөх график хяналтаа зохицуулчихаад
зээл авдаг учраас бизнесийнхэн босч ирдэг. Гэтэл улс яаж байна, юунд зарцуулахаа
тооцоолоогүй байж баахан мөнгө зээлчихдэг. Намын фракцийн зарчим нь хүчтэй учраас
“тэр яаманд тэдийг өгөхгүй бол болохгүй” гэдэг байдлаар тараасаар  дууслаа шүү дээ.

-Тэгвэл “та нар энэ төслүүдийг санхүүжүүлнэ гэвэл зээл авахыг
чинь зөвшөөрье” гэдэг байдлаар тохирч болдоггүй юм уу?
 

-Бондоор авсан 1.5 тэрбум ам.долларын
тал нь үлдчихсэн гэсэн байх аа.  Үлдсэн энэ
мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг дээр ийм байдлаар тохирч болно. Тэрнээс Монгол Улс
нэмж өр тавиад дороос нь босохгүй ээ. Ядаж Монголдоо  нефть нэрдэг, 
Оросоос эрчим хүчний хараат бус болчихсон бол өр тавилаа гэж заргалдахгүй.

-Одоо ийм  төслүүд рүүгээ
хөрөнгө хаяна гэж яриад байна лээ…

-Мэдэхгүй юм. Ойлгохоо байсан.
Ямар ч байсан ҮАБЗ дээр манай намынхны шүүмжлээд байгаа зүйлийг л ярьсан байна лээ.  Тэгэхээр Ардын намынхан л муу юм яриад байгаа
биш юм байгаа биз. Ерөнхийлөгч ч өр нэмж болохгүй гээд хэлээд байна. Тэр хүн чинь
манай намынх биш шүү дээ.

-Ийм үед парламентад суудалтай бүх нам хамтарч сууж байгаад
асуудлаа ярих хэрэгтэй юм шиг. Энэ утгаараа С.Баярцогт гишүүний хэлсэн санал зөв
байх?

-АН-ынхан дараа нь “Тэр бол зөвхөн
Баярцогтын санал шүү” гэсэн. Тийм ч байх. Уг нь Баярцогт саналаа хоёр жилийн өмнө
хэлсэн бол илүү цагаа олох байлаа. Тэр үед байдал хүндрэх төлөв хэдийнэ мэдэгдчихсэн
байсан шүү дээ. Одоо өнгөрсөн. Цоо шинээр олон намын оролцоотой Засгийн газар байгууллаа
гэхэд танхимаа бүдүүлж,  ажилдаа орсоор байтал
сонгуультай залгах байлгүй дээ. Дунд нь улс орон, ард түмэн л хохирно. Тиймээс ажлаа
хийж чадахгүй байгаа ганц нэг хүнээ чаддаг хүмүүсээр солиод явах нь дээр. 

-Хүн солиод байдал өөрчлөгдөх үү?

-Ийм л ойлголт манай хоёр намд
байдаг юм. Одоогийн Засгийн газарт АН-ын сор болсон хүмүүс орсон гэж үзэх нь дэндүү
өрөөсгөл. Хамгийн гол нь ажиллаж чадахгүй байгаа хүнээ солих зориг л байвал ажил
урагшилна.

-Ам.долларын ханш 1800 гараад явчихлаа. Энэ талаар та юу бодож
байна вэ?

-Валютын ханшийг Засгийн газар,
Монголбанк хоёр дундаа шидсээр байгаад ийм болгочихлоо. Валютын урсгал гадагшаагаа
их,  дотоодод орж ирж байгаа нь бага байна.
Ердөө л гадаадын хөрөнгө оруулалт багассан нь долларын ханшид нөлөөлчихлөө. Тийм
учраас бурууг нь ганцхан Монголбанктай яриад ч яах юм билээ. Засгийн газар, төв
банктайгаа олигтой хамтарч ажиллаж чадсангүй. Өнөөдөр Монголд гурав, дөрвөн төрлийн
ханш явж байна. Төсөвт тусгаснаар долларын ханш 1380 төгрөг байна.  Монголбанкны ханш, Найман шаргын ханш, нефть авдаг
1400-гийн ханш гэх мэтээр яриад байна.  Мөнгө
санхүүгийн бодлогыг атгаж  байгаа хүмүүст
нэгдмэл ойлголт алга байна шүү дээ.

Монголбанкны ерөнхийлөгч байсан Пүрэвдорж гуай  саяхан нэг сонинд дурсамж бичсэн байна лээ.  Дурсамж бичих дур нь хүрсэндээ биш 2009 онд үүсч
байсан хямралыг Монголбанк яаж даван туулж байсныг л хүмүүст санаа өгөх маягаар
бичсэн бололтой байсан. 2009 онд төв банк бодлогын хүүгээ жилийн дотор дөрвөн удаа
дээш нь доош нь болгосон. Монголбанк валютыг өөрөө худалддаггүй, худалдаж авдаг
бодлого барьсан.  Ийм гэнэтийн эрсдэлтэй алхмууд
нь тухайн үед шүүмжлүүлж байсан ч одоо харахад зөв байжээ гэдэг маягаар бичсэн байна.
Үнэхээр тэр бодлогынх нь үр дүнд 1300-гаас 1700 болж өссөн долларын ханшийг буулгасан
гэдгээ хэлсэн байна лээ. Ийм л бодлого өнөөдөр дутаад байна. Одоогийн Монголбанкны
Ерөнхийлөгч “валютын ханш өсөөд байгаа нь муу зүйл биш” гэсэн утгатай юм ярьж байна.
Ийм бодолтой ажиллахаар яаж ханш буурах билээ. Одоо Монголбанкны ерөнхийлөгчийг
огцрууллаа гээд ч яах юм. Тэглээ гээд долларын ханш буучихна гэж бодохгүй байна. 

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг өргөн барина гэж яриад
байгаа. Энэ ер нь ямар учиртай хуулийн төсөл юм бол?

-2009 онд нэг ийм хууль гарч байсан
юм. Тухайн үедээ үнэхээр хэрэг болсон л доо. Өнөөдрийн хуулийн нөхцөл байдал хүнд
байгаа учраас  бизнес жам ёсоороо явж чадахгүй
байна.  Хуульд заасан бүх татвар, шимтгэлийг
шударгаар төлбөл бизнесийн байгууллагад ашиг үлдэхгүй болчих гээд байдаг биз. Тиймээс
л нууж, хаах зүйлүүд гардаг байх.  Үүнийг
болиулах хууль болов уу даа. Заавал гадаадад данс нээлгэж, ах, дүү, эхнэрийнхээ
нэр дээр мөнгө шилжүүлэх шаардлагагүй гэсэн маягтай хууль боловсруулж байгаа юм
уу гэж ойлгосон. Энэ талаас нь харвал өршөөлийн биш ил тод байдлын тухай хууль юм
уу даа. Гадаадын улс орнууд  ийм хууль гаргадаг.
Н.Назарбаев нэг удаа ийм хууль гаргаж байсан. Гадаадад гаргасан хөрөнгө, мөнгөө
дотооддоо оруулаад ир ээ. Хаанаас хэнээс ийм их орлого олсныг чинь асууж, шалгааж
зовоохгүй. Гагцхүү энэ мөнгөө эх орондоо байршуулаад татвараа төлж, бизнесээ хий
гэдэг боломжийг нээж өгсөн. Үр дүнд нь Казахстанд хичнээн ч тэрбум билээ өчнөөн
мөнгө орж ирсэн юм гэдэг.

-Одоо харин Гэмт хэрэг, зөрчлийн тухай хууль батлагдчихвал
шоронжсон байдал багасах гээд байх шиг байна…

-Тийм түвшинд гаргаж чадах юм
бол болж л байна. Хорьдог, цагддаг зүйлийг багасгаасай. Хүмүүсийг 72 цаг саатуулна
гэж авч яваад  сар, жилээр шоронд хатаадаг
болчихлоо. Гэтэл тэр хүний гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр нь гардаггүй
гажуудал хавтгайрчихлаа. Үүнийгээ болиосой. Хүнийг барьж хорихоосоо илүү учруулсан
хохирлыг нь төлүүлдэг хэлбэр рүү шилжээсэй. 
Хүнийг хүмүүжүүлж, гэгээрүүлэх байдлаар олон нийтэд тустай ажил хийлгэж шийтгэдэг
баймаар байна. Ийм л санаагаар хуулийн төслүүдийг оруулж ирсэн нь зөв юм шиг санагдсан.
Анх удаа хэрэгт орчихсон, хөрөнгө мөнгө, арын хаалга, ах дүү муутайгаасаа болоод
шоронд орчихдог. Ар тал сайтай нь ял завшаад гарчихдаг зүйлүүдийг тас цохисон хууль
гаргавал болж л байна.

-Танай намын бүлэгт энэ төслүүдийг Ц.Нямдорж гуай шиг эсэргүүцэх
хүн хэр олон байна. Энэ хуулийн төслүүд батлагдах болов уу?

-Батлах байх аа. Гэхдээ засах
юм их байна. Жишээ нь тарчлаахыг гэмт хэрэг биш болгочихлоо гэж байна. Хүүхдээ хазсан
нөхөр бол тарчлаах гэмт хэрэг хийсэн шүү дээ. Гэтэл энэ хуулиар тэр нөхөрт захиргааны
шийтгэл оногдуулаад өнгөрөх юм уу гэх мэтийн эргэлзээтэй зүйлүүд бий. Тиймээс Гэмт
хэргийн хуулийн төслийг учир зүгүй  одоо батлах
нь хаашаа юм. Санал зөрүүтэй байгаа хүмүүстэйгээ сайн ярьж, олон нийтийн хэлэлцүүлэг
зохион байгуулж, тал бүрээс нь ярьж байж л гараас гаргах хэрэгтэй дээ. 

-Одоо хоёулаа яриагаа намын дотоод амьдрал чиглүүлье. Ер нь
та намын даргаа өгснөөс хойш сонин хэвлэлд ховор дуугарлаа. Нэг хэсэг намын ажлаас
ч хол хөндий явсан байх…

-Намын даргын ажлыг арваннэгдүгээр
сард өгсөн юм байна. Нэгэнт шинэ удирдлага гарсан учраас ажлаа хийх боломжийг нь
олгох ёстой. Тийм учраас Удирдах зөвлөлд ч ороогүй. Шинэ хүмүүст бодсон санасан
ажил бий. Тэрийгээ хийж, өөрсдийнхөөрөө тонгочиг. Ингэ, тэг гээд заагаад байхыг
хүсэхгүй байна, шинэ хүмүүсийн зориг мохчихно.

-М.Энхболд дарга Ө.Энхтүвшин даргын захиж үлдээсэн хүүг нь
тоогоогүй. Ер нь танд амласан  тохирооноосоо
буцлаа гэдэг зүйлүүд тухайн үед яригдаж л байлаа?

-Өө надад тэгж гомдож, тунирхах
зүйл гараагүй ээ. Нэгэнт ажлаа хүлээлгээд өгсөн бол гүйцээ. Шинэ удирдлагын ажлыг
дэмжих ёстой.  Дэмжиж чаддаггүй юм бол дуугүй
байх хэрэгтэй гэж бодож байна. 

-Таныг МАН-ын дарга байхдаа МАХН-тай хамтрах асуудлыг эрчимтэй
дэмжиж, энэ хүрээнд яриа хөөрөө үүсгэж байсан гэгддэг. Ямар яриа хөөрөө байсан юм
бэ?

-Хувьсгалт намд манай намаас очсон
гишүүд бий. Олон жил бидэнтэй хамт зүтгэж байсан  нөхдүүд маань зарим нь гомдоод, зарим нь төөрөлдөөд,
зарим нь албан тушаалд очихоор явсан байх. 
Тиймээс бид нэгдээд нэг нам болох нь 
хэцүү ч гэлээ хүчээ нэгтгэе, сонгуульд хамт оръё  гэж ярьж байсан зүйлүүд байгаа. Гэвч болсонгүй.
Нөгөө талаас эрх баригч болчихсон намтай цөөнх 
хамтарч ажиллана гэдэг бол богино зайндаа боломжгүй юм шиг санагдсан. Тэр
тусмаа удирдагч нь шоронд сууж байсан улс төрийн хүчинтэй ярихад хэцүү л юм билээ.
Энэ талаар детальчилж ярих шаардлага одоо байхгүй биз ээ. Өнөөдөр монголчууд тарж,
бутарч, хуваагдахаасаа илүү нэгдэж, нийлэх нь чухал байна.  Тэгж чадахгүй бол юу болдгийг 60 сая хүн амтай
Украин улс харууллаа. Гадныхны тоглоом болоод дууслаа шүү дээ. Үүнийг биднээс тун
хол зүйл гэж бодож болохгүй. Үзэн ядаад, намчирхаад байх л юм бол Украины  жишээ ойрхон байна.

-Намын даргын ажлыг хэтэрхий богино хугацаанд хийчихлээ. Юу
ч амжуулсангүй гэсэн харамсал танд төрдөг үү?

-Их хүнд үед нь намын даргын  ажлыг авсан. Намаа засгийн эрх барьж байхад нь
намын даргад өрсөлдчихөөд хүнд үед нь татгалзах эрх байгаагүй. Нам хэзээ нэгэн цагт
ийм үеийг туулах л байсан. Тэр үед нь хэн нэгэн удирдах л ёстой байсан. Тэр зарчмаараа
явсан даа.  Намын даргынхаа ажлыг аваад орон
нутгийн сонгуульд оролцсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуультай залгасан. Дараа
нь УИХ-ын  бүлэг нь  байгуулагддаггүй. Тал талаас шахуулж байлаа. Сонгуульд
ялагдсан шок ч байсан.  Манай намын түүхэндээ
үзсэн хамгийн хүнд үед даргаар ажилласан. Одоо бол манай нам шокноосоо гарчихсан,
яаж  ажиллах арга барилаа олж, зүгширч л байна.  Намын удирдлагад даргаас бусад нь цоо шинэ хүмүүс
гараад ирлээ. Шинэ хүмүүс бүх зүйлд бэлэн байна гэж үгүй. Аяндаа зүгширнэ биз ээ,
болох байх. Тэр  яана, энэ яана гээд юм болгонд
хариуцлага хүлээх байдал нь эрх баригчдыг бодвол бага учраас одоо намаа бэхжүүлэх
л хэрэгтэй.

-Бие даагчид бусад намын гишүүдтэй нийлж,  УИХ-д бүлэг байгууллаа гэх юм. Тэгэхээр парламентад
мөн л нэг садаа гараад ирлээ гэдэг утгаар нь хүмүүс яриад байх шиг байна. Туршлагатай
парламентчийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Хуулиараа шинэ бүлэг үүсч чадахгүй
шүү дээ. Сонгуулийн үр дүнгээрээ бүлэг үүсдэг. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл
надад алга.

-Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж чадахгүй юм байна…

-Санал хураалтад оролцохдоо савлагаа
үүсгэж магадгүй л юм. 

-62-ын бүлэг гэдэг шиг аль нэг намын бүлэгтэй нийлээд томорч
болох уу?

-Гурван бүлгийн аль нэг рүү нэгдэж
болно. Шинээр дөрөв дэх бүлэг болж чадахгүй л дээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ