Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгчид үнэгүй зөвлөгөө өгнө

Энэ сарын 25-нд Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүссэн өдөр тохиож байгаа. Эл өдрийг угтан Өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгч-иргэн таны төлөө” өдөрлөгийг хийхээр болжээ. Өдөрлөг баасан гаригт Тусгаар тогтнолын талбай буюу Ялалтын талбайд болох бөгөөд  иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх аж. Мөн энэ өдөр бүх дүүргийн Иргэний танхимд мэргэжлийн өмгөөлөгчдөөс сонирхсон асуудлаараа хууль зүйн зөвлөгөө авах боломжтой.

Э.НОМИН

Categories
мэдээ улс-төр

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүргийг Д.Ганхуяг сайдад хариуцуулжээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны тавдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1-д заасныг тус тус үндэслэн 63 дугаар захирамж гарган, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар бол миний гэр” гэдэг сэтгэлээр хандахыг уриалав

Тэрээр иргэдийн асуусан асуултад хариулахдаа “2013 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг УИХ-аар баталсны дагуу НИТХ-ын шийдвэрээр төлөвлөлт хийгдсэн 52 байршилд 2013 оны 5 сарын 30-наас эхлэн газар өмчлөхөөр болсон. Өнөөдрийн  байдлаар 1.3 сая иргэдийн 93.000 нь газраа өмчилсөн байна. Үлдсэн иргэддээ чирэгдэл үүсгэхгүйн тулд  захиалгыг цахимаар авч байна. Гэхдээ  шийдвэр гарсан өдрөөс өмнө Улаанбаатар хотын харьяат болсон иргэд хүсэлт гаргах эрхтэй” гэсэн юм.
Бүтээн байгуулалтын хувьд энэ жил 230 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөр дулаан бохирын асуудлыг шийдэх, зам тавих, уулзваруудыг өргөсгөх, “Гудамж” төслийг үргэлжлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал ойрын үед Богд уулын араар зам тавих, мөн улсын баяр наадмаас өмнө Яармагийн замын сүүлийн хучилтыг тавих зэрэг ажлууд хийгдэж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний зам талбай хийгдээгүй газруудад шинээр зам, гарцуудыг  хийж байна. Гэхдээ зам барилгын ажлыг аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан мэдээлэл өгч байна гэлээ.
Нийслэлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цэцэгжүүлэлт ногоон байгууламж тарихаар төлөвлөсөн байна.
Ногоон байгууламжийг устгаад байшин барилга барьдаг асуудлыг бүрэн зогсоожээ.
Туул голын эрэг дагуу аялал зугаалгын бүс бий болгохоор төлөвлөж байгаа ба энд дугуйн зам, худалдаа үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөсөн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүхий л хэсгийг дэд бүтцээр бүрэн хангаж дуусгана. Ингэснээр 80-100 мянган орон сууц ашиглалтад орох аж.
Нийтийн тээвэр, авто зогсоолын хувьд ч багагүй шинэчлэлтийг хийж байгаагийн дээр зогсоолын хомсдолыг арилгах зорилгоор газар доорх зогсоол, автомашины давхар зогсоол барихыг дэмжиж байгаа аж.
Ирэх намраас компанийн ашгийг бус иргэдийн тав тухтай зорчих эрхийг эрхэм болгож нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явах, мөн суудлын тооноос 10- аас илүүгүй хүн тээвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөхөөр болжээ.
Эцэст нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн иргэн бүрийг хог хаягдалтай тэмцэхийг уриаллаа. Тэрээр нийслэлийн ихэнх хөрөнгө хүч  хог хаягдлыг цэвэрлэхэд зориулдаг. Улсынхаа нийслэлд хоноцын сэтгэлээр хандалгүй миний гэр, миний амьдрах газар гэсэн сэтгэлээр хандаач ээ” гэж уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хятад мотоциклийг Монголд оруулахгүй байхыг хүсчээ

Хятад мотоцикль унаж байгаад осолд орсон хэрэг их гарах болжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 88 мотоциклийн осол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 34 хүн амиа алджээ. Тиймээс Замын цагдаагийн газраас ГЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хятад мотоциклийг оруулж ирэхгүй байх албан бичиг хүргүүлжээ.
Одоогоор тухайн байгууллагуудаас албан ёсоор хариу өгөөгүй аж. Мотоциклийн осолд судалгаа явуулахад дийлэнх нь хятад мотоциклиос болж осолдсон байжээ. Хятад мотоцикль нь засмал замд зориулагдсан учир хадтай газар битгий хэл жаахан хайрга чулуутай газар явахад дугуй нь хагарах, дундуураа салах тохиолдол их гардаг байна.
Гэтэл хятад мотоциклийг хөдөө орон нутгийн иргэд хамгийн ихээр хэрэглэдэг. Энэ нь ослын тоон мэдээллээс тодорхой харагдаж байна. Он гарсаар мотоциклийн ослоор амиа алдсан 34 иргэний 32 нь хөдөө орон нутгийн иргэд байжээ. Мөн осолд өртсөн иргэдийн дийлэнх нь үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй байсан аж. Ослыг бууруулах үүднээс Замын цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь цэргийн алба хааж буй иргэдийг сургалтад хамруулж А ангиллын үнэмлэх олгох юм.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсав

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа бүтцийн өөрчлөлт, сургалтын өндөр төлбөр, оюутнуудаас кредитийн зөрүү мөнгө авч байгааг эсэргүүцэн өнөөдөр өглөө жагсаал зохион байгууллаа. Жагсаалд “Кредитийн зөрүүг эсэргүүцье”, “Бид бүтцийн өөрчлөлтөөс айж байна”, “Бид хохирогч”, “Номын сантай МУИС” гэсэн уриа лоозон барьсан 150-200 орчим оюутнууд оролцов. Оюутнуудын дийлэнх нь МУИС-ийн гурав, дөрөв, тавдугаар дамжааныхан байв. Тэд сургуулийнхаа нэгдүгээр байрны урд талбайгаас жагсаалаа эхлүүлж, улмаар зарим салбар сургуулиудаар орж “өргөх бичиг, мэдээллээ” албан бичгээр удирдлагуудад өгсөн юм. Мөн БШУ-ы сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлэв.

Э.НОМИН


Categories
мэдээ нийгэм

Зарим хөшөөг нүүлгэн шилжүүлнэ


Жуулчны гудамжийн авто замыг өргөтгөн шинэчилж байгаатай холбогдуулан  Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчны гудамжинд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу  “Гэсэр” сүмийн уулзварт байрлуулахаар шийдвэрлэв. Үлдсэн 8 баримлыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил  эхэлсэн.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Түүнчлэн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ.  Энэ ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарсан байна. Ж.Лхагвасүрэн жанжины хүүтэй нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал уулзан саналыг нь сонсоход баруун тийш шилжүүлэн өндөрсгөхийг зөвшөөрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун  тийш шилжүүлэн, суурийг  бага зэрэг өндөрлөж байрлуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Хотын төв дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчилнэ.  Тиймээс  Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болжээ.  

Categories
мэдээ нийгэм

Х.Анхбаяр албан тушаалын болон мөнгө угаасан гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдсон

“Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярт холбогдох хэргийг өнөөдөр шүүх байсан ч ирэх 29-ний өдрийг хүртэл хойшилсон юм. Түүний өмгөөлөгчийн “Өдрийн сонин”-ы №101 (4741) дугаарт өгч байсан ярилцлагыг эргэн хүргэж байна

-Хуулийн байгууллагынхан ямар нэгэн юм, хэн нэгнээс айгаад байна-

“Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярт холбогдох хэргийг  Авлигатай тэмцэх газраас шалгаж прокурорт шилжүүлсэн. АТГ-ынхан түүнийг шалгахдаа өнгөрсөн оны наймдугаар сараас хойш гурван шорон дамжуулан цагдан хорьж буй. Х.Анхбаярын өмгөөлөгч Л.Баярмаатай ярилцлаа.
-Таны үйлчлүүлэгч Х.Анхбаярыг арван сар шахам хорьж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэж үү. Ямар үндэслэлээр хорих хугацааг нь сунгаад байдаг юм бэ?
-Өнөөдөр (өчигдөр) шүүх хурал болоод цагдан хорих хугацааг дахиад арав хоног сунгачихлаа. Шүүгч нь хүртэл “Камерт нь очоод уулзахад үнэхээр өвчтэй байдалтай залуу харагдаж байна лээ” гэж байгаа юм. Прокурор нь Х.Анхбаярын бие маш хүнд байгааг мэдэж байгаа. 461 дүгээр ангийн эмнэлгийн эмч нар түүнийг эмчлүүлэх шаардлагатай гэдгийг нотолсон бичгээ шүүхэд ирүүлсэн. Гэтэл шүүгч нь “Гадагш явуулахгүй байх арга хэмжээ авчихаж болохгүй юм уу, хавдартай гэдгийг нь яг тогтоосон, оношилсон бичиг авчирч болдоггүй юм уу” гээд прокуророос гуйх янзтай. Уг нь бүх эрх мэдэл шүүгчид бий шүү дээ. Бидний зүгээс эрүүл мэнд, хүний эрх талаасаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөд өгөөч гэж олон удаа хүсэлт тавьсан ч шүүх хүлээж авсангүй. Х.Анхбаяр гэдэг хүн гэм буруутай байлаа ч эмчлүүлэх эрхтэй.
Прокурор цагдан хорих хугацааг сунгах үндэслэлээ хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилготой гэж тайлбарладаг. Гэтэл мөрдөн байцаалт дуусчихсан. Бүх оролцогчид хэргийн материалтай танилцсан. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдал тогтоогдчихсон гэж үзэж байгаа учраас мөрдөн байцаалтыг дуусгаад прокурорт шилжүүлсэн. Ийм байхад хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулна гэхээр утгагүй биз дээ.
-Хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг заавал хорьж шалгах ёстой юу?
-Хүнд гэмт хэргийн сэжигтэнг цагдан хорьж болно гэсэн заалт байдаг болохоос заавал хорино гэсэн хууль байхгүй. Шүүх хурлын үеэр прокуророос “Арван хоног сунгахдаа ямар ажил хийх гэж байна вэ. Хэрвээ Анхбаяр батлан даалтад гарчихвал тэр ажилд чинь ямар хор хохирол учруулах вэ” гэж асуухад “Ямар ч хор хохирол учруулахгүй” гэж хариулж байгаа юм.
-Хэргийн мөрдөн байцаалт дууссан гэлээ. Х.Анхбаярыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шалгаж, ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?
-Анх Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу албан тушаалаа урвуулан ашигласан, 166 дугаар зүйлийн 166.1.2 буюу мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн Төв аймгийн Цагдан хорих төвд хорьсон. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нартай бүлэглэж цуцлагдах ёстой долоон тусгай зөвшөөрлүүдийг цуцлалгүй хугацааг нь сунгуулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг дээр “Кадастрын хэлтсийн дарга нар гэж хэнийг хэлээд байна вэ” гэхэд өнгөрсөн хугацаанд нэг ч хүний нэр хэлээгүй. Үндсэн хуулиар хүн ямар хэрэгт сэжиглэгдэж, яллагдаж, шүүгдэж байгаагаа мэдэх эрхтэй. Тэр эрхийг нь зөрчиж, хэнтэй хамжиж хэрэг үйлдсэнийг нь өнөөдрийг хүртэл тогтоогоогүй.
-Тусгай зөвшөөрөл олноор нь худалдаж авсан гэж АТГ-аас мэдээлсэн. Тусгай зөвшөөрөл худалдаж авч болохгүй гэсэн хуулийн заалт бий юү?
-АТГ-аас олон нийтэд 45 тусгай зөвшөөрөл худалдаж авсан гэж мэдээлсэн нь худлаа. Х.Анхбаяр иргэдээс компанийн хувьцааг худалдаж авсан. Ингэхдээ өөрөө мөнгийг нь төлж гэрээ хийж байсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хайгуулын ажлын мэдээлэл худалдаж авсан. Мэдээлэл худалдаж авахдаа өөрөө болон компанийнхаа нэр дээр гэрээ хийж байсан. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заасан. Энэ хуулийн дагуу олон компани мэдээлэл худалдаж авдаг.
Бас 12 тэрбум төгрөгөөр тусгай зөвшөөрөл авсан гэж АТГ-аас мэдээлсэн. Энэ мөнгө бол гадны хөрөнгө оруулалт. Шаардагдах бүх баримтыг нь АТГ-т гаргаад өгчихсөн. Хоёр ч удаа шинжээч томилсон.
-Дансаараа дамжуулж их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт шалгасан нь ямар учиртай юм бэ?
-Голомт банк дахь дансаар нь 2007-2011 онд долоон сая ам.доллар орсон байна, энэ мөнгө хэнийх вэ гэж шалгасан. Х.Анхбаяр Швейцарийн банк бус санхүүгийн байгууллагаас зургаан сая ам.долларын зээл авсан. Мөн Германд олон жил бизнес эрхэлсний орлого нэг сая ам.доллараа дансаараа шилжүүлсэн байдаг. Энэ бүхнийг нотлох бүх баримтыг мөн л гаргаж өгсөн. Гэтэл тэр долоон сая ам.долларыг Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва гэдэг хоёр хүнтэй холбох гэж өнөөдрийг хүртэл оролдлоо. “Н.Энхбаяртай хэзээ танилцсан юм. Д.Тэрбишдагвыг яаж таньдаг юм. Ямар бизнесийн холбоотой вэ, хамтарч бизнес хийсэн үү” гэж удаа дараа асуусан. Х.Анхбаяр тэр хоёр хүнтэй бизнесийн болон улс төрийн ямар нэгэн холбоогүй. Ердөө л Германд 20-иод жил амьдарч, бизнес хийж байгаад ирсэн залуу шүү дээ.
-Иргэн хүн гадаадад данстай, гадаадын банкнаас зээл авч болохгүй гэсэн хууль байдаг уу. Эсвэл дансандаа тэдээс дээш төгрөг хадгалж, гүйлгээ хийж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг уу?
-Байхгүй. Тэр долоон сая ам.доллар бөөнөөрөө орж ирээгүй. Дөрвөн жилийн хугацаанд тэндээс зээл авсан, эндээс мөнгө орж ирсэн гээд бүгдийнх нь нотлох баримтыг гаргаж өгсөн. Ингэчихээд “За та нарт намайг мөнгө угаасан гэж үзэх ямар баримт байна вэ” гэхээр үзүүлэх юм байдаггүй.
-Н.Энхбаяртай эсвэл Д.Тэрбишдагватай холбогдох ямар нэгэн хэргийг АТГ-ынхан шалгаж байгаа. Түүнд нь Х.Анхбаяр холбоотой юм болов уу?
-Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Энэ конвенцид гурав дахь этгээдийн эсрэг мэдүүлэг авахын тулд хүнийг хорих, дарамтлах, доромжлохын хориглоно. Хэрвээ ингэсэн бол Эрүүдэн шүүсэн гэж үзнэ гээд тодорхой заачихсан байгаа. “Үнэхээр тэр хоёр хүнтэй холбож сэжиглээд байгаа бол Н.Энхбаяр эсвэл Д.Тэрбишдагватай холбоотой үүсгэсэн хэрэг байна уу” гэхээр “Байхгүй” гэдэг. Ерөөсөө л тэдний эсрэг мэдүүлэг авч байж дараагийнхаа алхамыг хийх гэсэн юм уу, мэдэхгүй. “Х.Анхбаяр гэдэг хүн Н.Энхбаяртай холбоотой”, “Ард нь Н.Энхбаяр бий” гэдэг мэдээллээр л хүмүүсийн тархи угааж байна. Арван сарын хугацаанд хорьж шалгалаа, мөрдлөө. Эцэст нь албан тушаалын болон мөнгө угаасан гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтаар тийм хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн үг.
-Хавтаст хэрэгт нь Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва холбогдсон гэдэг нотлох баримт бий юү?
-14 хавтаст хэрэг бий. Н.Энхбаяр эсвэл Д.Тэрбишдагватай холбоотой гэх нэг ч нотлох баримт байхгүй.
-Мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдоогүй бол хэрэгсэхгүй болсон юм биш үү?
-Тэгтэл 3.6 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт холбогдуулсан. Мөн бусдад хахууль өгсөн гэж буруутгаад байгаа.
-Хэнд хахууль өгсөн гэж шалгаж байгаа юм бэ?
-“Тэнгэри холдинг” компани 2008 онд  газрын тосны хайгуулын тендерт орж л дээ. Тендерийн үнэлгээгээр хамгийн өндөр оноог нь авсан байна. Гэтэл тухайн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Танай компанийг оруулахгүй“ гээд л өнгөрч. Тэр тендерт шалгараа ч үгүй, хайгуул хийгээ ч үгүй. Тэгтэл тэр тендерийг авахын тулд Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд орон сууц өгч хахуульдсан гэж буруутгаад байгаа. Болсон явдал гэвэл, Хас банкинд салбарын захирлаар ажиллаж байсан Чандмань гэдэг залууд Х.Анхбаяр ажил санал болгохдоо орон сууц, машин өгье гэсэн. Өөрөөр хэлбэл, 2009 онд хоёр менежертээ орон сууц, машин өгч, дэргэдээ ажиллуулсаны нэг нь Чандмань. Ингэхдээ “Чамд үнэтэй байр өгч байгаа учраас 100 сая төгрөгийг нь төлөөрэй” гэсэн байдаг. 100 сая төгрөгөө төлөхөөр нь бэлэглэлийн гэрээрээр нэр дээр нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэр тендерт оролцсоноосоо жилийн дараа менежертээ байр өгсөн. Тэгтэл Чандмань Д.Амарсайханы ахынх нь хүүхэд болж таарсан. Чандмань тэр байраа зардал өндөртэй, ажлаас хол гээд Д.Амарсайханд сарын 500 мянган төгрөгөөр түрээслүүлсэн юм байж. Ийм л юм болсон. Тэгтэл Д.Амарсайханд хахууль өгсөн гэж үзээд байгаа. Үнэхээр хахуульдсан гэж үзвэл 2008 онд тендерт ороод ажлаа хийгээгүй байж 2009 онд орон сууц өгнө гэж байх уу. Ийм авцалдаагүй үндэслэлээр хэрэг тулгаад байгаа юм.
-Татвараас зайлсхийсэн гэх хэргийн тухайд?
-Хүмүүсээс компанийнх нь хувьцаа, хайгуулын ажлын мэдээлэл худалдаж авахдаа 30 хувийг нь суутгаж улсын орлого болгоогүй байна гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл, би танаас хувьцаа авч мөнгийг нь өгөхдөө 30 хувийг нь суутгаж авах ёстой байсан гэнэ. Тийм хууль хаана ч байхгүй. Тэр Х.Анхбаярын орлого биш. Хүний мөнгөнөөс суутгаж авах эрх ч байхгүй. Зүй нь мөнгө олж байгаа хүн орлогынхоо арван хувийг л татварт төлөх ёстой.
-Хувьцаа авахдаа татвар төлөөгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн тохиолдол байдаг болов уу?
-2014 оныг хүртэл байгаагүй.  
-Таны яриаг сонсоход бизнесмэн залууд хэрэг тулгах гээд байна даа гэх хардлага төрж байна. Жирийн иргэнд ингэж хэрэг тулгах шаардлага байна уу?
-Хуульч хүний хувьд үнэхээр цөхрөнгөө барж байна. Хуулийн байгууллагынхан ямар нэгэн юмнаас, хэн нэгнээс айгаад байна. Тэрийг нь юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Анхбаяр хэнд ямар хохирол учруулчихсан юм бэ, бусдын эд хөрөнгийг булаачихсан юм уу гэхээр тийм зүйл байдаггүй. Хаанаас хэн гомдол гаргав гэхээр бас байхгүй. Улстөрчтэй ч холбоогүй хүн. Мөрөөрөө л бизнес эрхлээд Монголдоо үндэсний хэмжээний компани байгуулахыг зорьж явсан залуу. Тийм сайхан залууг хорьж байхаар өөр юм хийлгэвэл дээр биш үү л гэж бодогдох юм.
-Хүний эрхийн үндэсний комиссоос Х.Анхбаяр гэдэг хүнийг шорон дамжуулж, эрүүдэн шүүсэн байна гэж дүгнэсэн байна лээ.
-Шорон дамжуулан хорьсон шалтгаанаа АТГ-ынхан тайлбарлахдаа 461 дүгээр хорих ангид холбоотой хүмүүс нь хоригдож байсан, бусад хүмүүстэй холбоо тогтоохоор оролдсон гэсэн. Зүүн хараад байхдаа хорихын ажилтнуудтай холбоо тогтоосон гэсэн. Тийм зүйл байхгүй. Хүний эрхийн үндэсний комисс шалгагдаж байгаа хэрэгт дүгнэлт гаргадаггүй. Тиймээс “Энэ хүнийг эрүүдэн шүүсэн байна…” гээд өргөдлийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Удаа дараа хорих хугацааг сунгаад байгаа прокурорт миний өргөдлийг өгөхөөр ямар үр дүн гарах юм бэ. Тиймээс “Хүний эрхийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтээ гаргаад өгөөч” гэж дахиж хандсан. Ингэхэд эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэж үзээд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэст гомдлыг шилжүүлсэн. Тэндээс нэг байцаагч АТГ-ын мөрдөн байцаагчаас мэдүүлэг аваад, Х.Анхбаяраас зодсон уу, өлсгөсөн үү гэж асуусан. Энэ зуунд ил хэлбэрээр эрүүдэн шүүхгүй. Хэдэн сараар шорон дамжуулж хорьж байгаа, аашилж аяглаж байгаагаараа л Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын конвенци зөрчиж байгаа.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн хогийг цэвэрлэнэ

Нийслэлийн зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр болов.  Цэвэрлэгээг тавдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд их дээд сургуулийн оюутнууд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм. Энэ ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага иргэд хамтран зохион байгуулна. Зохион байгуулагчдын зүгээс зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө их цэвэрлэгээнд нэгдэн идэвхтэй оролцохыг уриалав.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
 Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хийсэн танилцуулгадаа, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тооцоог авч үзсэний үндсэн дээр төсвийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлын хэмжээг 39 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан. Төсвийн тодотголтой холбогдуулан байнгын хороод, нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдээс ирүүлсэн саналыг нэгбүрчлэн судалж, зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулах саналын томъёолол бэлтгэсэн тухайгаа дурдлаа.
  Ажлын хэсгийн энэ танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг өөрчлөх, нэрэнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсоныг байнгын хорооны ажлын хэсэг 38 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулснаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дараа нь “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуулаар санал хураалт явуулж дэмжив.
 Байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Олон жил хүлээлт үүсгэсэн байгалийн хий нийлүүлэх гэрээг яагаад үзэглэсэнгүй вэ?

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж байна. Энэхүү арга хэмжээг зохион явуулах  санаачилгыг 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дахь чуулганы үеэр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назербаев дэвшүүлсэн нь дэмжлэг авч байжээ. Ингээд анхны чуулганыг 2002 онд  Казахстаны Алматы хотод зохион явуулж байсан юм. Үүнд 16 орон нэгдэж, Азид энхтайвныг сахиулан тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах Алматын тунхаг бичгийг боловсруулсан байна. Анхны уулзалт Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд явагдаж байжээ.
Банк санхүүгийн чөлөөт бүс Шанхай хотноо болж буй уг арга хэмжээ өндөр харуул хамгаалалт доор өрнөж байгаа юм. Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад 14 орны төр засгийн тэргүүн, улс төрийн лидерүүд иржээ. Тухайлбал, Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн ирсэн байна.
CICA-гийн гишүүн орнуудад Азер байджан, Афганистан, Бахрейн, Вьетнам,Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКиру, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Тажикстан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 24 орон, АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Шри-Ланка, Япон зэрэг есөн ажиглагч орон багтдаг аж.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван, тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа юм. Хурлыг БНХАУ-ын дарга Си Зиньпин  даргалж байна. Оролцож буй орнуудын төр засгийн тэргүүнүүд таван минутын хугацаатай илтгэл тавина. Манай улсын Ерөнхийлөгч дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр үг хэлнэ.
CICA-гийн чуулган болж буй энэ өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал давхцаж байгаа юм. Тиймээс Шанхай хотын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн зарим автозамуудын хөдөлгөөнийг хаажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадтай эдийн засаг, шинжлэх ухаан, өндөр технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой айлчилж байна. Тодруулбал, хамтын ажиллагааны 40 гаруй гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүнд олон жил хүлээлтийн байдалд байгаа байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ багтжээ. Гэвч хоёр улсын төрийн тэргүүнүүд уг гэрээнд одоогийн байдлаар гарын үсэг зураагүй байна. ОХУ, БНХАУ хамтын ажиллагааны олон гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээг үзэглэж чадаагүй юм. Энэ нөхцөл байдлыг олон улсын ажиглагчдын зүгээс “В.Путин баруунтай таарамжгүй байгаа улс төрийн нөхцөл байдлаас болж, яаран ашиггүй гэрээ байгуулахыг хүсээгүй” гэж үзэж байгаа юм. Ямартаа ч худалдааны хамгийн том түнш хоёр улс 2015 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 100 тэрбумд, 2020 он гэхэд түүнээс хоёр дахин нэмэхээр тохиролцжээ.

М.МӨНХЦЭЦЭГ