Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан болон Нидерландын Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах албаны мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуу жалга орчимд ажиллаж, гарц гаргалгаа, шийдлийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нийслэлээс хотын дундуур урсаж байгаа голын усны менежментийг сайжруулах, дэлхийн стандартын түвшинд хийж хэрэгжүүлэхийн тулд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд зөвхөн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бус дунд болон урт хугацаандаа голуудын урсацыг тохируулж, ус хуримтлуулах, тухайн орчимд тохижилт хийх зэргээр голын усны менежментийг сайжруулах бодлого барьж буй” гэв.
Голын усны менежментийн шийдлийн талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Тэдний хэлж буйгаар манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тодотгосон. Мөн Улаанбаатар хот олон уулын дунд оршдог тул жижиг хэмжээний гуу жалга ихтэй. Иймээс гэнэтийн усархаг борооноор гуу жалганууд руу урсаж орж ирэх лагууд их байдаг учир тунгаах хэсгүүд хийн, лагийг цэвэрлэх боломжтой. Түүнчлэн Сэлбэ, Улиастай, Туул зэрэг томоохон голын хотын суурьшмал бүс рүү ордог хэсэгт хөв цөөрөм болон ус тунгаах хэсэг байгуулах нь зөв гэдэг шийдлүүдийг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн 2-3 байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар хийх гэж байна. Энэ арга нь үр дүнтэй байвал цаашид бусад байршилд нэвтрүүлнэ” гэсэн юм.