Эрүүл мэндийн яамны урилгаар “Орбис” нүдний эмнэлэг ес дэх удаагаа Монгол Улсад иржээ.
Энэ сарын 22-ныг хүртэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг дээр сургалт зохион байгуулна.
“Алкон” сан, “ФедЭкс” болон “ОМЕГА” ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл нь Монголын нүдний эмч нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, хүүхдийн катаракт, хялар, насанд хүрэгчдийн глауком, торлог зэрэг нүдний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг сайжруулж сургалт явуулах юм. Түүнчлэн мэдээгүйжүүлэлт, сувилахуйн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр сургалтууд хийнэ.
Тус эмнэлэг 1989 онд Монгол Улсад анх ирснээс хойш найман удаа айлчилсан бөгөөд хамгийн сүүлд 2018 онд иржээ. Мөн “Ковид-19” тархсан жилүүдэд нисдэг эмнэлгийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр нийт 4 удаа хэрэгжүүлсэн байна.
4 настай Сарнай охинд Орбисын дэмжлэгтэйгээр мэргэшсэн нүдний эмч мэс заслын дараах үзлэг хийж байна. Зургийг: Жефф Оливер Багби
Орбисын эмнэлгийн хамт олон болон сайн дурын нүдний мэргэжилтнүүдээс бүрдсэн баг нь симуляц, гар мэс заслын сургалт, өвчтөний тусламж үйлчилгээ зэрэг сэдвээр семинарт оролцогчдыг удирдан чиглүүлнэ.
Прожект Орбис Интернэйшнл ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ “Орбис нь Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) болон П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаадаа гүнээ талархаж байна. Бидний урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын нүдний тусламж үйлчилгээний чанар хүртээмж тодорхой хэмжээнд сайжирсан гэж үзэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Алкон Сан, Федэкс болон ОМЕГА нарт Орбисын нэрийн өмнөөс ихэд талархаж байгааг энэ дашрамд хэлмээр байна” хэмээн хэллээ.