Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

П.Золжаргал: Монголчууд утаагаар биш ядуурлаар амьсгалдаг DNN.mn

Францын Каннын кино наадмаас шагнал хүртсэн найруулагч П.Золжаргалын  “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/ бүтээл нь энэ сарын 12-нд нээлтээ хийсэн билээ.   

Тус кинонд Өлзий гэх 15 настай хүү ба түүний гэр бүлийн түүх, үзэж туулж буй амьдрал мөн өнөөгийн монголын үнэн бодит талыг ямар нэгэн хачир чимэггүйгээр байгаагаар нь харуулахыг зорьжээ. 

Түүнчлэн Сан Паулугийн 47 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртжээ.

Киноны талаар найруулагч П.Золжаргалтай ярилцлаа.


-Киногоороо нийгэмд ямар санаа хүргэхийг зорьсон бэ?

-Монголын нийгмийн ядуурал боловсролтой холбоотой.  Тиймээс сурч боловсрох энгийн эрхээ эдэлж чадахгүй байгаа мянга мянган хүүхдүүдийн өмнөөс дуу хоолой нь болж, нийгэмд тодорхой хэмжээгээр цохилт өгөхийг хүссэн.

Ер нь хүмүүс энэ их ядуурал зовлонгийн учир шалтгааны үнэн бодит төрх, хотын захад бидний мэдэхгүй орчинд, амьдрал хэрхэн өрнөж буйг хараасай, ухаараасай гэсэн чин хүсэл зорилгоор киногоо бүтээсэн билээ.

No description available.

Баавгай л болчих юмсан нэг сайхан унтаад сэрэхэд өвөл дуусаад, утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах байхдаа…


Өвлийн улиралд киногоо үзэгчдэд хүргэх болсон нь шалтгаантай болов уу?

-Кино агаарын бохирдлын асуудлыг хөндөж байгаа. Мөн киноны санаа анх агаарын бохирдлын эсрэг жагсаалын үеэр төрж байсан.

Учир нь монголчууд утаагаар амьсгалдаггүй, ядуурлаар амьсгалдаг.

Гэр хороололд өсөж торниогүй, нэг шуудай нүүрстэй хонохын үнэ цэн бэрхшээлийг зарим нь төдийлөн ойлгодоггүй. Бусдыгаа хордуулах гэж нүүрс түлдэггүй л дээ. -35 хэмийн хүйтэнд амьд үлдэхийн төлөө л энэ зүйлийг хийдэг. Тиймээс л энэ бүхнийг ойлгоосой гэсэндээ киногоо дүн өвлөөр нээж байгаа юм.

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Шинэ жүжигчдийг тоглуулах эсвэл дэлгэцээр хараад авьяас чадварыг нь нэгэнт биширсэн хүмүүсээ урьж тоглуулахыг хүссэн.

Харин хүүхдүүдийн маань хувьд бүгд шинээр урлагийн тайзан дээр гарч байгаа. Тэднийг сонгохдоо нэг л шаардлага тавьсан. Тэр бол гэр хороололд амьдарч үзсэн тэр орчинг мэддэг, ойлгодог байх гэсэн шалгуур юм.

Багшийн дүрд жүжигчин С.Батзоригийг сонгосон. Сайн сурган хүмүүжүүлэгчийн дүрийг амилуулж чадна гэсэн итгэлтэйгээр багтаа урьсан.

-Яагаад “Баавгай болохсон” гэдэг нэр өгөв?

-Тэр хүнд нөхцөлд цөхөрсөн хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр хэрвээ баавгай л болчихвол энэ утаатай өвлийг даваад зун болчихно. Тэгээд л даарахгүй, жаргалтай байна гэсэн хүслээс үүдэн ийм нэр бодож өгсөн.

Мөн болох юмсан биш болохсон гэж алдаатай бичсэн нь хүүхдийн боловсрол тэр олон бэрхшээл дунд орхигдож, хичээл хийх нөхцөл орчин бүрдэхгүй, сургуульд явж байгаа. Сурахын үнэ цэнийг ухаарч ойлгож чадахгүй байгаа асуудлуудыг нийгэмд ил тавьж, боловсролын тэгш хүртээмжийг чухалчилж авч үзээсэй гэсэн бас нэг давхар мессеж тэнд явж байгаа юм.

 

Б.НОМУУН

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *