Categories
мэдээ цаг-үе

П.Тэмүүжин: Хаана ч явсан Монголын урлаг гэдэг өндөр босгыг үргэлж боддог

Морин хуурч Пүрэв­хүүгийн Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон мэргэжлийн морин хуурчдын улсын уралдаан болон 2009 онд болсон алдарт хуурч Г.Жамъяны нэрэмжит олон улсын морин хуурчдын уралдааны тэргүүн байрын,  2009 онд БНСУ-д болсон Дэлхийн урлагийн анхдугаар олимпиадын алтан медальтай тоглогч юм. 

-Хоёр мянга долоо, найман оны үед нэрт хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Нацагдорж танд зориулж Морин хуур, хөөмий, симфони оркестрын концерт бичиж байлаа. Тухайн үед “Алтан намар” хөгжмийн наадмаар тоглогдсон, таны оюутан цагийн тэр тоглолт санаанаас гардаггүй. Морин хуурын зохиолд цоо шинэ үзэгдэл болж орж ирсэн тэр зохиолоор та өндөр зэрэглэлийн тоглогч болохоо харуулж байлаа л даа. Таныг  концертын танхимаас сонсохсон гэсэн үзэгч олны хүлээлт нэлээн байна. Сүүлийн үед та юу хийж, хаагуур байна вэ?

 -Одоо  би  БНСУ-ын “Ённам” Их сургуульд докторантурт сурч байна. Ерөнхийлөгчийнх нь байгуулсан сургууль. Сурахынхаа хажуугаар морин хуур, хөөмийнхөө чиглэлээр уран бүтээлээ хийж байгаа. Тэр концертын тухайд, урьд нь морин хуур, хөөмийн концерт бичиж байсан хөгжмийн зохиолч Монголд байгаагүй. Зөвхөн морин хуурт зориулсан концертууд  л байсан. Нацагдорж багшийн тэр концерт бол тоглогчоос үнэхээр чадал чансаа шаардсан хүнд хүнд техниктэй, тэс өөр зохиол байсан л даа. Морин хуур, хөөмийн зохиол бол хоёр хүний хийдгийг нэг хүн хийж байна гэсэн үг шүү дээ. Хөгжимчин хүнд тулгардаг асуудал бол зохиолыг шууд барьж аваад тоглохдоо биш гол нь хөгжмийн зохиолч бүтээлдээ юуг илэрхийлэхийг зорьсон байна түүнийг зохиолчтойгоо ярилцаж байж, хэрвээ боломжгүй бол тоглохгүй байх гэх мэтийн нарийн юмнууд бий л дээ. 

-Докторын судалгааны сэдэв тань юу вэ?

-Солонгос, Монголын хөгжмийн харьцуулсан судалгаа гэсэн сэдэв. СУИС-д магистраа хамгаалчихаад Солонгос явсан юм.

-Тоглогчийнхоо хувьд дээрх концертоос хойш ямар шинэ бүтээлүүд хийв?

-Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын морин хуур симфони оркестрын концертыг Улсын филармонийн оркестртой, Н.Бүтэнбаяр удирдаачтай тоглосон. Өнгөрсөн 2012 онд Төрийн шагналт С.Соронзонболдын морин хуурт зориулсан гурван ангит концертыг бүтнээр нь тоглосон. Магтаал, хөөмийн чиглэлээр ч бас шинэ бүтээлүүд хийж байгаа. 

-Монгол хөгжмийн сэтгэлгээнд Алтайн магтаал үндсэн суурь нь ч юм шиг, сонгодог оргил нь ч юм шиг санагддаг л даа, сонсогчдод. Таны уран бүтээлд ийм уламжлалыг хадгалсан бүтээлүүд хэр олон байгаа вэ?

– Чингэс хааны магтаалууд, мөн “Халил” гээд миний өөрийн бүтээл байна. Сүүлд  Арь гэгээний магтаал, Далай ламын магтаал гэж хийсэн. “Халил” гэдэг бүтээл маань магтаал гэхээсээ илүү морин хуур, хөөмийн гоцлол зохиол юм. Арван найм, хориод минутынх юм уу даа. 

-Солонгост суралцах хугацаандаа тоглолт хийв үү?  

-Солонгосын “А” зэрэглэлийн хэд хэдэн тоглолтод оролцсон. Сүүлд Азийн хөгжмийн их сургуулиудын хөгжимчин багш нартай тоглолт хийлээ. Ер нь гурван минутын дуу тоглох уу, гучин минутын том зохиол тоглох уу гэдэг хөгжимчин хүн бүрт тулгардаг нэг асуудал байдаг. Аль нь байлаа ч гэсэн мэргэжлийн өндөр түвшинд тоглох, хаана ч явсан Монголын урлаг гэдэг үнэ цэнийг нэгдүгээрт тавьж байх ёстой гэж би боддог. Монголдоо тоглосон ч, гадаадад тоглосон ч ялгаагүй “Монгол урлаг” гэсэн өндөр босго байнга дагалдаж байдаг.  

-Морин хуур, хөөмийн “Халил” зохиолоо та энд тоглосон уу?

-Жижиг хэлбэрээр нэг удаа, бүрэн эхээр нь нэг удаа тоглосон. Төрийн ёслол хүндэтгэлийн зарим нэг арга хэмжээнүүдийн үеэр жижиг хэлбэрээр тоглож байсан. 

-Та суралцаад л байна. Ингэхэд цомог гаргасан уу?

-Яг одоо шинэ цомог дээр ажиллаж байна. Хос цомог гарах юм. Өмнө нь оюутан байхдаа хоёр цомог гаргасан. Дуурийн театрын тенор Б.Гомбо-Очир, баритон Э.Амартүвшин бид нар уран бүтээлийн гэхээсээ илүү их дотно сайхан найзууд. Шинэ цомог дээр тэдэнтэйгээ бас хамтраад бүтээл хийж байгаа. 

-Ямар бүтээлүүд орж байгаа вэ?

-Хос цомгийн нэг нь дандаа морин хуур, хөөмийн зохиолууд байна. Жижиг хэлбэрийн бүтээлүүд, ганц хоёр дуу оруулах санаа бас байгаа. Дандаа том хэлбэрийн зохиолууд тоглоод байх нь олон нийтэд нэг их хүртээмжтэй хүрдэггүй юм шиг байна. Хүмүүсийн мэддэг, сонсдог таашааж хүлээж авдаг дууны болон жижиг хэлбэрийн бүтээлүүдээс бас тоглож байгаач гэж найз нөхөд маань ч хэлдэг. Тэр нь ч зөв юм уу гэж бодоод энэ цомогтоо ганц хоёр дуу оруулж байгаа юм.

-Та хөгжмийн зохиолч­дын морин хуур, симфони оркестрын нэлээн хэдэн өргөн далайцтай зохиол тоглож урын сандаа оруулсан. Тэд бүгд шинэ цомогт багтаж байгаа юу?

– Хэсгээс нь оруулж байгаа юм. Яваандаа бүгдийг нь сэдэвчилсэн байдлаар цуврал цомог болгож гаргана л даа. Юутай ч өвөг дээдсээ магтан дуулсан, эх нутаг, эх соёлоо дээдэлсэн ийм нэг цомог гарах болов уу. 

-Ховд нутаг таны унаган нутаг. Хөгжмийн гүн гүнзгий уламжлал соёлын өлгий болсон газар шүү дээ. Танд язгуурын монгол хөгжмийн соёлын тийм баялаг бөгөөд хүчтэй нөлөө байх нь мэдээж. Өөрөө та нэлээн тод томруун залгамжлагч нь.  Уртын дуу дуулдаг ч юм уу сонирхдог хүн танай гэр бүлд бий юу?

-Миний эмээ баруун монгол уртын дуу их сайхан дуулдаг Ичинхорлоо гэж алдартай хүн байсан. Одоо бол бидний дунд уртын дуу дуулдаг хүн байхгүй. 

-Тэр хүмүүсийн дуулж байсан дууг, ая данг бичиж авч чадсан болов уу?

-Ховор шүү дээ. Ер нь хөдөөгүүр байгалийн сайханд, хөгшчүүлтэй уулзаж ярилцаад явж байхад тэр хүмүүсээс маш их юм сурах юм. Би сүүлийн үед нэлээн явлаа. Сайхан сайхан хүмүүстэй уулзлаа. Агуу хүмүүс чинь тэнд л байж байдаг юм байна шүү дээ. 

-Морин хуур хөгжмийн тухайд манайхан олж мэдээгүй, мэдэгдээгүй үлдсэн зүйл ер нь байгаа болов уу?

-Би хувьдаа дөнгөж суралцаж байна. Хүн ер нь сурч дуусдаггүй гэдэг шүү дээ. Судлаад явахаар улам л өөрийгөө чамлаж, болоогүй байна л гэж боддог. 

-Гэхдээ та бол нэлээн өндөр  түвшинд боловсор­сон тоглогч шүү дээ?

-Хоёр талтай байдаг юм байна л даа. Их гүн гүнзгий, их том соёл гэдэг чинь дэргэд нь хүн өөрийгөө ямар өчүүхэн бэ гэдгийг мэдрээд ирэхээр янз янзын юм хэлж ярихаас айдаг болчихдог. Нөгөө талаар, хүн ямар агуу зүйл бүтээж болдог вэ гэдгийг хараад маш их урам зориг төрдөг юм. 

-Таны аавын эцэг өвгө­дөөсөө өвлөсөн хуучны ширэн цартай хуур, икэл танд байдаг уу?

-Аавын тоглодог хуур бий. Баруун Монголын, өвөөгийн талын тоглож байсан икэл бас байдаг. Икэл гэдэг маань морин хуур хөгжмийн өвөг шүү дээ. Икэлийн тухай нэг домог байдаг. Эрт дээр үед энэ хөгжмийг бүтээчихээд газар газрын мэргэд цуглаад энэ сайхан хөгжмийг юу гэж нэрлэх вэ гэж ном хаялцсан гэдэг юм. Янз янзын сайхан нэр хүмүүс хэлж л дээ. Гэтэл нэг хүн бидний хоорондоо харилцаж ярьж байгаа хэл бол бага хэл юм аа. Бидний ярьсныг гаднын олон улс ойлгохгүй байна. Хөгжмийг болохоор бүгд ойлгоод байна. Тэгэхээр бидний ярьж байгаа хэл бол бага хэл, энэ хөгжмийн хэл бол их хэл юм аа. Энийг “их хэл” гэж нэрлэе гэж хэлсэн гэдэг юм. Одоо манайхан икэлийнхээ тоглолтын янз бүрийн арга барилаас орчин үед бас авч ашиглаж байна л даа.  

-Морин хуур энэ цаг үед хөгжлийнхөө дээд түвшиндээ хүрчихлээ гэж зарим хүмүүс ярих юм. Та энэ талаар ямар баримжаатай яваа вэ?

-Амьдрал үргэлжилж байхад хөгжил эцэстээ тулна гэж байхгүй байх л даа. Миний хувьд, морин хуур ардын байна уу, сонгодог байна уу бүх чиглэлээр мэргэшсэн өндөр түвшиндээ тоглогдож байхыг хүсдэг. Одоо манайд ганцхан тоглогч гэлтгүй хамтлагийн төрөл их өргөн дэлгэр болсон. Маш олон стилиэр, олон хөгжимчид тоглож байна. Аливаа юм аль болох олон талаасаа хөгжиж байж оршин тогтнож цааш нь явдаг. Нөгөө талаас, хүн бол давтагдашгүй гэж би боддог. Тэмүүжин өнөөдөр нэг юмаа маш сайн тоглож болно. Харин нөгөө хүний чаддаг юмыг би чадахгүй гэдгээ хүн дандаа мэдэж байх ёстой. Хүнийг аливааг хийж бүтээж байхад нь шүүмжлэх ч юм уу тиймэрхүү хандлагыг би нэг их сайшаадаггүй. 

-Морин хуурыг үүнээс цааш хөгжүүлнэ гэж байхгүй гэж ярьцгааж байна л даа. Мэргэжлийнхний л санаа бодол. Үнэхээр барууны сонгодог урлаг шиг оргилдоо хүрчихсэн юм уу?

-Тэгж хамаагүй оодорч болохгүй байх аа. Миний бодож байгаагаар төгс түвшиндээ тулна гэдэг асуудал байхгүй. Хөгжил гэдгийг хүмүүс янз янзаар хараад өөр өөрийн бодол санаагаа илэрхийлж байна л даа. Дэлхийн тэр өндөр хөгжилтэй хийл шиг дуугаргаж тоглоно гэвэл тухайн хүний л сонирхол. Морин хуур бол аль хэзээ биднийг төрөөгүй байхад сонгодог хэлбэртээ оччихсон гэсэн байр суурь ч байж л байдаг. Үндэстний хувьд ийм гүнзгий, өөрийн гэсэн оюуны бүтээл гэдэг чинь хувь хүн тийм ч амархан төсөөлөөд хязгаар тогтоочих боломжгүй зүйл шүү дээ. Би бол энийг тэнгэр мэднэ л гэж хэлэх байна. 

-Та ер нь хамтлагт тоглож байсан уу?

-Оюутан байхдаа найзууд­тайгаа нийлээд “Халил” гэж хамтлаг тоглодог байсан. Сүүлд сургуулиа төгсөөд СУИС-ийн багш нарын “Тэнгэр аялгуу” нэртэй хамтлагт бас тоглоод явдаг байсан. 

-Та аавынхаа дуунуудаас ямар дуунд нь дуртай вэ. Одоо ямар бүтээл хийж байгаа вэ. Дан хөгжмийн зохиолоос нь та тоглосон биз дээ?

-Аавын олон дуу байдаг юм аа. “Дэнсээ юу”-гаас эхлээд олон сайхан дуу бий.  Хамгийн дуртай дуу гэхээс илүү одоо надад аялагдаж байгаа “Цэцгийн зун шиг ижий” гэдэг дуу байна. Анх П.Ганбат агсан дуулсан юм. Их гоё дуу. Ер нь баритонууд л дуулдаг юм. Аав одоо хэд хэдэн шинэ бүтээл дээр ажиллаж байгаа. Морин хуурын “Үүлэн бор”, “Икэлийн эгшиг”, “Морин төвөргөөн” гэсэн зохиолууд байдаг. Морин хуур сурч байгаа хүн болгон тоглодог зохиолууд. Энэ хоёрыг бол би заавал тоглодог.

-Гурван минутын дуу тоглох уу, гучин минутын зохиол тоглох уу гэдэг хөгжимчин хүнд тулгардаг нэг асуудал яах аргагүй мөн л дөө. Гэхдээ та аль нь байлаа ч яаж тоглох вэ гэдэг чухал гэлээ. Ер нь аар саар юм руу нэг их ороод хутгалдаад байх тийм таатай гэж үү?   

-Дандаа том концерт тоглоод байхаар өнөөдрийн нийгэмд тийм ч хүртээмжтэй байж чадахгүй, тэр болгон хүмүүс сонирхохгүй ч юм уу тал байна. Тийм учраас цаг үеэ бас мэдрэх хэрэгтэй юм шиг. Хүмүүсийн сайн мэддэг дууны болон жижиг хэлбэрийн гоё гоё бүтээлүүдээс тоглоё гэсэн санаа сүүлийн үед төрж байгаа. Тэгээд ч зохиол хөгжимчнөө голно уу гэхээс хөгжимчин зохиолыг голдоггүй гэж үг бий. Жишээ нь, Ж.Чулуун гуайн Адажио ч юм уу, иймэрхүү гоё гоё бүтээлүүдийг яаж тоглох вэ гэж бодож байна. Яаж тоглох вэ гэдэг хөгжимчин хүнд бас нэг сорилт л доо.

-“Халил” нэртэй морин хуур, хөөмийн зохиолоосоо хойш дахиж юм бичээгүй юу, та. Ер нь зохиомж нэг их сонирхдоггүй юу?    

-Би бага байхдаа “Баавгай бид хоёр” гэж дуу хийж байсан. Телевизээр нэг удаа баавгайны тухай баримтат кино гарсан юм. Америкчуудын хийсэн кино. Тэр киног үзэж байгаад уйлаад тэр дууг зохиож байсан. Тухайн үедээ Хүүхдийн ордонд дуулж байсан санагдана. Одоохондоо бол зохиомж руу орох бодолгүй. Сайхан тоглоё, хөөмийлье гэж л бодож байна.

-БНСУ-д та нэлээд олон удаа тоглосон юм байна. Одоо тэнд чамгүй сонсогчидтой болсон уу?

-Солонгост би хориод удаа тоглолт хийж байсан. Тийм болохоор ахмад дунд залуу үеийн сонсогчид нь намайг ер нь мэднэ шүү. Сая би наашаа ирэхийнхээ өмнө тэндэхийн олон улсын үндэсний хөгжмийн зэмсгийн музейгээр орж морин хуур бэлэглээд ирсэн. Солонгост олон үндэстний хөгжмийн музей гэж байдаг. Тэнд манай Монголоос ганцхан лимбэ байхыг анх хараад их гайхаж байсан л даа. Тэгээд нэг морин хуур бэлэглэчихээд ирсэн. 

-Тоглолт хийх тухайд ямар бодолтой яваа вэ. Таны тоглолтод бол хүлээлт бий болсон байх аа? 

-Ямар ч байсан төгсч ирээд энэ талаар бодно. 

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *