Тавантолгой ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Орон нутгийн өмчит Тавантолгой ХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас хууль бусаар 340 мянга гаруй тонн нүүрс олборлосон нь тогтоогдож, эргүүлэн төлнө хэмээн харилцан акт үйлдсэн ч гүйцэд төлөөгүй байгаа юм. Ингээд нийт 48 тэрбум төгрөгийн төлбөр үлдсэн байсныг Тавантолгой ХК-аас Эрдэнэс Тавантолгой ХК руу шилжүүлж, хоёр компанийн хооронд үүссэн асуудлыг ТУЗ-ийн гишүүдтэйгээ ярилцан шийдвэрлэлээ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас олборлосон 340 мянган тонн нүүрсний орлого Тавантолгой ХК руу орсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэв ороогүй байвал буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, компанид орох ёстой байсан орлогын араас хөөцөлдөнө.
Засгийн газрын өгсөн эрхийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж байна. Энэхүү өөрчлөлтийг ТУЗ-ийн гишүүд дэмжсэн. Тавантолгой ХК-ийн 51 хувь нь Өмнөговьчуудынх. Аймгийн ИТХ-аас таван хүн ажилладаг. 49 хувийн талаас дөрвөн хүн ажилладаг. ТУЗ-ийн гишүүдэд ямар ч өөрчлөлт хийхгүй. Энэ бол орон нутгийн эрх хэмжээний асуудал. Тавантолгой ХК Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж явжээ. Өөрөөр хэлбэл, тавдугаар сараас хууль хэрэгжээд явж байхад дэд захирлуудаа чөлөөлөөгүй явсан байна. Тиймээс гурван дэд захирлыг чөлөөлнө. Үүнээс гадна маш их хэмжээний санхүүгийн зөрчлүүд бий. Энэ бүхнийг цэгцлээд явна. Ажил хийдэггүй мөртлөө маш их цалин авдаг хүмүүсийн судалгаа, харилцаа хамаарал бүхий этгээдүүдийг тогтоож байна. Энэ хүрээнд ашиг сонирхлын зөрчил гарахгүй байгаа эсэх дээр ирэх оноос шалгалт хийнэ” гэлээ.