Categories
мэдээ цаг-үе

П.Очирбат: Манай улс хөгжлийн бодлогоо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалтай уялдуулах шаардлагатай

Түрүүч нь №012(5855) дугаарт

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн сэдвээр хуучилсныг өчигдрийн дугаартаа хүргэсэн билээ. Үргэлжлүүлээд манай улсын хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт болоод эрх баригчдын алдаатай шийдвэрийн талаар хөөрөлдсөнөө толилуулж байна.


-Цалин, тэтгэврийг ахиулахгүй хэрнээ татвар нэмсэн шийдвэрт хүн бүхэн бухимдалтай байна. Харин эрх баригчид ОУВС-г халхавчаа болгож байгаа. 1990-ээд оны эхэн үед манайх эдний дэмжлэгийг авч байхад ард түмний амьдралд ингэж дараа болохуйц зөвлөмжийг өгч байсан юм уу?

-Татвар нэмсэн шийдвэр тун буруу. ОУВС бол татвар нэм гэсэн шаардлага тавиагүй. Харин зардлаа хэмнэ гэж зөвлөсөн юм шүү дээ. Энэ сан манай нийгмийн шилжилтийн эхэн үед үнэхээр хэрэгтэй байсан. Тиймээс бид шуурхай гишүүн нь болж байв. Үүний дараагаар ОУВС-гийн баталгаатайгаар гаднаас зээл авах эрх маань нээгдэж байлаа. Тухайн цаг үед манай улсын төлбөрийн чадварыг харах юм хэн ч итгэж зээл өгөхөөргүй тийм л хүнд цаг байсан. Эд нар хөгжлийн хөрөнгө оруулалтад их хатуу. Сангийн яамтай их төстэй л дээ. Бидэнд валютын сан яагаад хэрэгтэй болсон юм бэ энэ их замбараагүй үрэлгэн, зарлаган байдлыг хямгадах гэж хөтөлбөртөө оруулж байгаа юм. Манайхан чинь мөнгө ороод ирэхээр талаар нэг цацаад хаядаг. Ийм ч халамж, тийм ч тусламж гээд тараачихаар төлбөрийн чадвар нь муудаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь байхгүй болдог. Баахан яриад л байдаг хэрнээ эдийн засгаа ч солонгоруулсан юм байхгүй. Хэдэн жилийн өмнө гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг тарааж байлаа. Үр дүнг нь харахаар оюутан залуус тэр халамжийн мөнгийг авах гэж гэрлэлтээ батлуулж байсан шүү дээ. Үнэн хэрэгтээ 500 мянгын гэр бүлүүдийн ердөө 30 шахам хувь нь айл гэр болсон байдаг. Ингээд л бөөн мөнгийг дэмий цацаад дуусгачихсан. Харин энэ удаад манай улс яалт ч үгүй бондын төлбөрт шахагдаад валютын санд орохоос өөр арга байсангүй. Хөрөнгөө үр ашиггүй цацсан учраас ОУВС манайхыг энэ асуудлаа олигтойхон шиг удирдаад аваад явчихдаг болоход сургах гээд байгаа юм. Одоо тэд биднийг 1990-ээд оны эхээр эдэнд мөн ч их юм зааж сургасан даа. Яасан ч сурдаггүй юм бэ” гэж байна шүү дээ.

-Эрх баригчдын өөрсдийнх нь хэрэглээний зардал асар их байхад тэрийгээ хасдаггүй хэрнээ татвар нэмдэг явдлыг юу гэж ойлгох вэ?

– Одоо энэ захиргааны, удирдлагын зардал замаа алдсан байгаа шүү дээ. Үүнийгээ л болих хэрэгтэй. Төрийн бүтэц зохион байгуулалтаа цэгцэлж, чамбайруулах ёстой. Гэтэл зарим сонгуулийн дараа УИХ арав гаруй байнгын хороотой болчихдог. Дороо тав, зургаан дэд хороо байгуулж, алд дэлэм бүтэц хийх юм. Нэг парламентын үед нь долоо, найман яамтай байхад дараагийн Их хурал нь 16 болгоод тэлчихдэг. Ингэж яамдын тоог нэмснээр юугаар гийгүүлэв. Эдийн засаг гурав дахин өсөөд, ядуучуудын тоо нь буурсан уу. Үр дүн юу байгаа юм бэ. Зохион байгуулалтын данхар бүтэц нэмсний үр өгөөж алга. Нөгөө л бахь байдгаараа дутсан, хүрэлцэхгүй болсон, өрөнд орсон асуудал ихсээд байгаа. Ард түмний бухимдал улам нэмэгдээд байна. Энэ мэтчилэн замбараагүй зардлаа хэмнэ гэхээр хамгийн амархнаар нь татвараа нэмчихдэг. Нэг ёсондоо ард түмнээрээ тэр зардлаа нөхүүлж байна гэсэн үг. Ингэж ард түмэндээ хатуу цэвдэг хандаж болохгүй. Татвар нэмсэн шийдвэрээ болих хэрэгтэй.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар аминд тулаад ирсэн бондын өрийг давлаа. Гэхдээ л өрийг өрөөр дарлаа шүү дээ. Үүнийг та юу гэж бодож байна?

-Тэр өөдтэй юм биш. Өрийг бол өөрсдөө бүтээж, хуримталж байж дардаг. Харин нэгнээс мөнгө зээлж, нөгөөд өгөх нь өр дарахын нэр биш.

-Ярилцлагынхаа сэдвийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдэв рүү хандуулъя. Бүх ард түмнээр хэлэлцүүлээд л, орон даяар явж танилцуулаад байгаа Үндсэн хуулийн зургаан өөрчлөлтийг эрдэмтэн судлаачид жүжиг гэж хардаг юм билээ. Парламентад нэг нам олонх суудлыг эзэлсэн 65-ын бүлэг өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан өөрчлөлт оруулах нь ээ ч гэдэг. Энэ яригдаад байгаа зургаан асуудал нь зайлшгүй Үндсэн хуульд оруулах ёстой заалт мөн үү?

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа юм бол хамгийн түрүүнд “Дордохын долоо”-гоо эхлээд хүчингүй болгох хэрэгтэй. Одоогийн яригдаад байгаа зургаан сэдэв огтоос хэрэггүй. Дээрээс нь сонгуулийн тухай нэлээд тодорхой болгоод өгчихмөөр байгаа юм. Үндсэн хуулинд байгаа сонгуулийн зарчим бол нийтээрээ шударга, нууц санал хураалт буюу можаритор системийн гол зарчим. Үүний гол агуулга нь улс төрийн намуудын төлөвшлийг нэлээд зохицуулж өгсөн юм шүү дээ. Тэгэхгүй бол арван хэдэн намаас арван хэдэн хүн сонгогдчихоод тус бүртээ өөр өөр санал хэлээд суувал энэ Их хурал юу гээч болох уу. Ер нь шийдвэр гаргаж чадах уу. Одоо байгаа хоёр нам бөөн хэрүүлтэй, хагаралтай байна. Телевизээр хамаа намаагүй хэрэлдэж, бүдүүлэг үг хэллэгээр нэгнийгээ хэлэхийг нь яана. Телевизийн дэлгэцийн өмнө бүх насныхан суугаа гэдгийг санах ёстой. За “хуц” гэж хэлж байвал дүүрчээ. Гэтэл “ална”, “хядна”, “луйварчин”, “хулгайч”, “казиночин”, “бандаашчин” гээд л муу муухайгаараа дуудалцах юм байна шүү дээ. Ийм муухай байж болохгүй. Ерөөсөө Үндсэн хуулинд ганц нэг оновчтой өөрчлөлтийг хийхээс биш өөрчлөх гээд байх хэрэггүй.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумьж, Засгийн газар улсаа удирдах хэмжээний дархтай байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Монгол Улсын Төрийн тэргүүн байсан хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хасна л гэх юм. “Хууль тогтоох эрх гагцхүү УИХ-д хадгалагдана” гэсэн үг хуулинд байдаг. Тэгэхээр хууль тогтоох ажиллагааг гагцхүү УИХ хийж байгаа юм биш. Хууль тогтоох үйл ажиллагаанд УИХ голлож ороод, хууль санаачлагчид буюу Ерөнхийлөгч, Засгийн газар, Их хурлын гишүүн байна. Их хурал Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад гаргачихвал Цэц тэр заалтыг хүчингүй болгодог. Ерөнхийлөгч тухайн хуулийг зөрчилтэй болсон гэж үзвэл хориг тавина. Мөн иргэд Их хурлын батлан гаргасан хуулинд Үндсэн хууль зөрчсөн заалт байна гэж Цэцэд ханддаг. Ингэж сайн хууль болгох гэж л тал талаас нь хууль тогтоох үйл ажиллагаанд ордог юм. Монгол Улсын хууль ийм өргөн хүрээний дундаас бүтдэг байхад тэрийг нь үгүйсгэнэ гээд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хасах гэдэг нь яаж байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхийг нь ерөөсөө хасч болохгүй. Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд бол өмнөх долоон тэнэг заалт дээр нэмэх нь зургаан тэнэг заалт тэнцүү 13 дордуулсан тэнэг заалт болчихож магадгүй.

– УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдчихээд халдашгүй бүрэн эрх хэмээх бамбайны ард эрх чөлөө эдэлдэг. Тэгвэл энэ ханыг Цэцийн шийдвэр нурааж чадсан. Аль эртний ингээд шийдэж болдоггүй байсан юм уу гэх бодолтой хүмүүс байгаа байх…

-Цэц өөрөө хэрэг санаачилдаггүй юм. Их хурлын энэ гишүүн надад таалагдахгүй байна, татан буулгана гэж болохгүй. “Ер нь энэ УИХ чинь хууль зөрчигчдийн орогнодог газар болох нь уу дээ.Халдашгүй гэдэг үгний цаана олон хэргийг халхалсан даа аягүй бол” гэж үзсэний үндсэн дээр Цэцийн гаргасан шийдвэр зөв. Прокурор “Энэ гишүүнийг байцаамаар байна” гээд зөвшөөрөл хүсэхээр УИХ өгдөггүй. Ер нь бол заавал тэр хүнийг Их хурлын гишүүнээс огцруулж байж зөвшөөрнө гэсэн ойлголт биш шүү дээ. Үнэхээр хэрэг хийсэн нь нотлогдвол Их хурал тэртээ тэргүй чөлөөлчихнө. Харин шалгагдаад нотлогдохгүй бол Их хурлын гишүүнээрээ хэвээрээ л үлдэнэ.

-Ард түмний амьдрал ядуу байна. Яагаад жилээс жилд ядуурлын түвшин нэмэгдээд байна вэ. Ингэхэд Монгол Улс хөгжлийнхөө бодлогыг оновчтой тодорхойлж чадахгүй байна уу?

-Хөгжлийн бодлого гэж төрийн бодлого байгаа. Дөрөв, таван удаа төрийн бодлого тодорхойлсон. Ерөөсөө биелүүлдэггүй юм.

Одоо юу дутаад байна вэ гэхээр төрийнхөө бодлогыг оновчтой томьёолж чадахгүйдээ биш, хөгжлийнхөө бодлогыг тодорхойлсон баримт бичиг байхгүйдээ ч биш юм. Харин байгаагаа хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр одоо яах ёстой юм бэ?

-Өмнө томьёолоод батлаад яваад байсан хөгжлийнхөө бодлогуудыг бөөгнүүлээд тэр дотроосоо оновчтой биш цаг хугацааг нь олоогүй байдаг ч юм уу тэрийг нь орхиод зоох ёстой. Үндсэн хууль өөрчилнө гэж солиорч байхын оронд энэ хөгжлийн бодлогуудаа эргэж хараад хэрэгтэйг нь үлдээгээд, шинээр бий болсон нөхцөл байдлаа тусгах ёстой. Ингэж шигшиж, шүүрдэж авсан хөгжлийнхөө бодлогыг бүх ард түмнээрээ хэлэлцээд Их хурлаараа батлаад тэрийгээ хатуу мөрдөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхийн оронд хөгжлийн бодлогоо цэгцэлж явуулах ёстой.

Хөгжлийн бодлого гэдэг бол нэг бүрэн эрхийн хугацааны хөтөлбөр биш. Монгол Улсын 2035 он хүртэлх хөгжлийн бодлого байж болно. Хугацааг нь уужуу тавьж өгөөд, ямар ч нам, засаг, улс төрийн хүч сонгуульд ялснаас хамаарахгүйгээр зөвхөн энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, төр, хувийн хэвшил, иргэд гээд бүгд ажилладаг байх учиртай.

-Тогтвортой хөгжил гээд л бас яриад байх юм?

-Тэр тогтвортой хөгжлийн бодлого гэж бас оновчтой биш. Гоё хавтсанд хийсэн боть байгаа биз дээ. Тэндээс авах юм бий. Гэхдээ голдуу мөрөөдөл дөө.

Хөгжлийнхөө бодлогыг 2035 он хүртэл тодорхойлсон улс орнууд эргэж харах гэж байна. Жишээлбэл, ОХУ байна. Яагаад гэвэл дэлхий нийтэд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлж байна. Дэлхийн улсууд 2035 он хүртэлх хийсэн төрийнхөө хөгжлийн бодлогыг одоо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нөлөө шаардлагатай уялдуулж шинэчилнэ гэсэн үг. Тиймээс манайх хөгжлийн бодлогоо шинэчилж, тодорхойлохдоо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаар тавигдах шаардлагатай угтаж, уялдуулж хийх нь зүйтэй.

Мэдээж эдийн засгийг солонгоруулахад уул уурхайгаас гадна мал аж ахуй, аялал жуулчлал бол манай хөгжлийн орлогын чухал эх үүсвэр мөн. Аялал жуулчлал мэт үйлчилгээний эдийн засгийн орлогоороо амьдарч байгаа орнууд ч байна. Япон гэхэд орлогынх нь 60 гаруй хувь үйлчилгээнээс оруулж ирдэг эдийн засаг байдаг л даа.

Дэлхийн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэхээр дижитал, электроник, инноваци, роботизаци, биотехнологи гээд яриад байна. Энэ болгоны нийлбэрээр улс орныхоо хөгжлийг түргэтгэе. Бага юм зарж байж, том асуудлыг шийдэж, тогтвортой хөгжлийг бий болгомоор байгаа юм.

-Хөгжлийг хүн л бий болгоно. Эхлээд хүнээ яаж хөгжүүлэх вэ?

– Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг гардаж хийх хүн, боловсон хүчин өнөөдөр алга. Одооноос аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын энэ орон зай, орчинд ажиллах мэргэжилтнээ бэлтгэх, их, дээд сургуулиудын программыг шинээр боловсруулах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *