Categories
мэдээ цаг-үе

П.Нямдаваа: Одоогийн үйлдвэрлэлийн аргууд хорин жилийн дотор бүгд 3D принтингээр солигдоно

Шинжлэх ухааны академийн эрдэмтэд 3D принтинг технологийн талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт 60 гаруй эрдэмтэд чуулан 3D принтингийн нэршилийг нэгтгэн нэг болгох, тулгамдаж буй асуудал, өөрсдийн санаа бодлоо солилцсон юм. Энэ үеэр Академич П.Нямдаваатай ярилцлаа.



-Гурван хэмжээст технологийг нэвтрүүлэх гол шаардлагууд нь юу вэ?

-2005 оноос хүчтэй яригдаж эхэлсэн аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалын нэг элемент нь 3D хэвлэл. Өөрөөр хэлбэл компьютерээр удирдаад виртуал дүрслэл бүтээгээд түүнийгээ риал дүрслэл болгож гаргадаг. Энэ нь нэгдүгээрт, сургалтын арга, хоёрдугаарт, судалгааны объект, гуравдугаарт, үйлдвэрлэл юм. Зарим оронд 3D принтингийн аргаар байшин барьж байна. Уламжлалт аргаар байшин барихаас арав дахин бага хугацаанд маш бага өртгөөр хийх аргачлал. Машин, онгоцны үйлдвэрүүд жижиг деталуудынхаа 60 хувийг 3D принтингийн аргаар хийж байна. Манай улс бол хоцронгуй яваад байгаа. Монголд 3D хэвлэдэг, дүрслэл үүсгэдэг ганц хоёрхон компани байна. Эдгээр компианууд өөр өөрийнхөөрөө л явж байна. 3D принтингийн нэр томьёог цэгцлээд 2015 онд ISO гаргачихсан. Тиймээс Шинжлэх ухааны академиас санаачлагчдын групп байгуулж, 3D принтинг хөгжүүлж байгаа хүмүүсийг нэг санаа бодлын дор зангидвал зүгээр юм уу гэдэг үүднээс академичдынхаа саналыг сонсож байгаа юм.

-3D принтингийг нэвтрүүлснээс үр нөлөө нь юу вэ?

-Энэ бол аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсал. Анх машин ажиллаж эхэлсэн үеийнх шиг хувьсал. Маш хурдан хувилбар гаргах машин. Скайнертай адилхан хүнийг тойруулсан 5-10 цацрагаар гурван секундэд зургийн чинь дүрслэлийг гаргаад шууд хэвлэдэг.

-Энэ технологийг бүх салбарт хэрэглэж болох уу?

-Эрүүл мэндийн салбарт мэс засал хийхийн тулд хүний эрхтэнг олон зүснэ, хагална. Түүнийг харахгүй ордог байхгүй юу. Заримдаа осол гарна. Ялангуяа ясанд хийж байгаа мэс засал толгойн яс хагарлаа гэхэд хүний бүтэн нүүрийг хийчихлээ гэдэг чинь компьютерийн тусламжтай хийх асуудал. Тиймээс мэс засал хийх аргыг сайжруулна. Чанарыг өндөр болгоно. Манайд ясны үе солих мэс заслын бүтээцүүдийг Америкаас авдаг юм байна. Тэр нь монгол хүнийхтэй таардаггүй. Түүнийг нь тааруулахын тулд хүний ясыг зорох хэрэгтэй болдог. Энэ их хэцүү. Тиймээс монгол хүнд таарсан зүйлийг бид л хийх хэрэгтэй. Үүнийг шүдний салбарт маш их хэрэглэж байгаа. Бялуу хийхэд ч ашигладаг гэх мэтээр хэрэглэдэггүй салбар байдаггүй. Одоогийн үйлдвэрлэлийн аргууд хорин жилийн дотор бүгд 3D принтингийн аргаар солигдоно. Түүний эхийг бид тавих ёстой.


3D технологийг ашиглан байшин барилга, машин техникээс өгсүүлээд хүний эд эрхтэнг хүртэл хийх боломжтой гэнэ. Гурван хэмжүүрт технологийн талаар эрдэмтэд 1980 оноос ярих болсон бөгөөд АНУ-ын инженер Чарльз Халл анхны 3D принтерийг бүтээсэн гэгддэг. Энэ технологийн хамгийн гол онцлог нь компьютер дээр бүтээсэн виртуал дүрсийг бодит болгох явдал байжээ. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон техник үйлдвэрлэлийг компаниуд энэ технологийг ашиглан үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Тухайлбал, дэлхийн анхны автомашин үйлдвэрлэгч “Форд” корпораци 3D принтингийг ашиглан цилиндр, тоормосны диск, гол зэрэг туршилтын нарийн загваруудыг ердийнхөөс нэг сарын өмнө гаргах болжээ.

3D принтингийн аргыг Монголд эрүүл мэндийн салбарт ихээхэн хэрэглэх болжээ. Энэ талаар ГССҮТ-ийн “Яс үений гэмтэл”-ийн тасгийн эрхлэгч С.Сүхбат ярихдаа “Бид хэрхэн 3D объектыг бий болгох талаар хоёр сарын турш судалсан юм. Ач холбогдолтой гэдгийг нь мэдэж байсан учраас 3D хэвлэлийн үр ашгийг аль хэдийнэ үзчихсэн улс орнуудаас туршлага судаллаа. Одоо энэ технологийг эх орондоо нутагшуулж, хөгжүүлэх л чухал байна. Үүнийг анагаах ухааны салбарт нэвтрүүлснээр хагалгааны явцад гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бий болох юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд одоохондоо энэ технологийг ашиглаагүй байна. Хагалгаа хийхээс өмнө сургалт туршилтын маягаар залуу эмч нарыг чадавхжуулахад ашиглавал зохих технологи юм. Тэр дундаа ясны бутралыг нөхөх мэс ажилбарт илүү түлхэц үзүүлнэ гэж харж байна. Үүнийг хөгжүүлэхэд анагаах ухааны салбарынхны мэдлэг дутаж байгаа учраас нарийн мэргэжлийн инженерүүд хэрэгтэй байна” гэв. Анагаах ухааны салбарт амжилттай ашигласан жишээнээс дурдвал Их Британи улсад хүнд титан аарцаг суулгасан, АНУ-д нярай хүүхдэд хуванцар мөгөөрсөн хоолой суулгасан зэрэг тохиолдол гарч байв. Мөн 3D хэвлэлийг ашиглан үйлдвэрлэсэн анхны эм нь 2015 оны наймдугаар сард FDA-р сайшаагдсан ажээ. Нунтаг суурьтай холбогчууд нь эмийг нүхтэй болгож, эмээ залгихад хурдан уусахад нь тусалдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *