Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

П.Галиндэв: Монгол Улсын иргэнд ч 100 жилээр газар эзэмших эрх байхгүй атал гаднынханд яагаад энэ эрхийг нээж өгөх ёстой юм DNN.mn

Ардчилсан намын дэд дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэвтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын хувьд УИХ-д өргөн баригдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яагаад эсэргүүцээд байгаа вэ. Энэ талаараа та тодорхой тайлбар хэлэх үү?

-Манай намын хувьд аливаа шуурхай шийдвэрүүд Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж гардаг. Тэр утгаараа уг хуулийн төсөл батлагдсанаараа Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилийн хугацаанд найр тавьж өгөх агуулгаар Ч.Хүрэлбаатар санаачлан батлуулахаар зүтгэж байна гэж үзсэн. Тиймээс Монголын ард түмэн энэхүү хуулийн төслийн зүйл заалт бүрийг маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөлтэй холбоотой Ардчилсан намын байр суурийг тодорхой болгох үүднээс энэхүү шийдвэрийг Улс төрийн зөвлөл гаргасан гэж ойлгож болно.

-Асуудал Ч.Хүрэлбаатар хууль өргөн барьсанд байна уу. Эсвэл уг хууль нь үнэхээр хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн акт биш гэж үзээд байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэхээс илүү Монгол Улсын газар нутгийг гаднынханд давуу байдал бий болгож өгөх эрх зүйн орчин бүрдэх гэж байна гэдэгтээ асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэнд ч олгогдоогүй эрх зүйн давуу байдлыг гадныханд өгөх гэж байгааг эсэргүүцсэн гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын хувьд энэхүү хуулийг нэгдүгээрт, батлуулахгүй байх ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө буюу энэ богино хугацаанд хэлэлцэх ёсгүй. Харин сонгуулийн дараа буюу дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд уг асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна

Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд парламентын хоёр ч бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа. Тэгвэл энэ хугацаандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг жинхэнэ утгаараа татаж чадсан уу. Эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан уу. Үгүй. Эсрэгээрээ Монгол Улсын нийт гадаад өр 33 тэрбум ам.доллар болж өслөө. Монгол Улсын нэг иргэнд ноогдох гадаад өр 35 сая төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын гадаад өрийг хоёр дахин нэмэгдүүллээ гэж хэлж болно.

-Та гадаад өр ярьж байна. Гадаад өр энэхүү Хөрөнгө оруулалтын хуультай ямар холбоотой гэж…?

-Бидний хувьд энэхүү Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж байгаа нэг том шалтгаан бол гадаад өртэй холбогдоно. Тухайлбал Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хууль хэрэв батлагдвал Монгол Улс гадаад өрөндөө гадаадын иргэнд газраа өгөх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. УИХ-ын отгон чуулган өндөрлөх гэж байна. Хэдхэн сарын хугацаа үлдлээ. Тиймээс энэ богино хугацаанд энэ чухал хуулийг яаран сандран хэлэлцээд батлах ёсгүй л гэж үзэж байгаа юм. Тиймээс уг хуулийг зайлшгүй хойшлуулах хэрэгтэй.

-Ардчилсан намын тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт эдийн засгийг дээдлэх үзэл баримтлалтай нам. Тэр утгаараа энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа нь танай намын үзэл баримтлалд харшлахгүй юу?

-Ардчилсан намын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих талд байнга зогсдог. Таны хэлдэгээр бидний үзэл баримтлал ч гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах хуулийн төсөл, бодлогоо тун удахгүй гаргах болно. Мэдээж намын бодлого бий. Тэрхүү бодлогоо бид илүү сайжруулах, илүү боловсруулах чиглэлд ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нэрийн дор гаднынханд газар нутгаа өгөх хуулийн төслийг бид эсэргүүцнэ. Энэ хуулийн төслийг эсэргүүцэх нь манай намын үзэл баримтлалд харшлахгүй.

-Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьчихсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн яг ямар заалтыг та бүхэн эсэргүүцэж байгаа юм бэ?

-Юуны өмнө Ч.Хүрэлбаатар гэх нөхөр бол аливаа асуудлыг өмнөх рүүгээ чихсэн, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд байнга худал үгээр олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж ирсэн хүн. Хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд батлагдаж, 2013 онд шинэчлэгдсэн эрх зүйн баримт. Харин одоо 2023 онд дахиад уг хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төсөл нь батлагдсанаар гадаад улсын иргэд Монгол Улсад нэг ширхэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөрөнгө оруулагч статустай болон Монгол Улсад хаа дуртай өөрийн сонгосон газартаа 100 жилээр гэр бүлээрээ оршин суух эрхтэй болж улмаар татварын болон татварын бус олон урамшууллыг авах эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь дараах хуулийн төслийн зүйл заалтаар нотлогдоно. Мөн тэдгээр хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутгаа хараат бусаар сонгож холбогдох шийдвэрийг бие даан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах эрхтэй хэмээн зааж өгсөн нь Үндсэн хууль, ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байгаа юм.

-Одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдаж байгаа ямар зүйл заалт байна вэ?

-Тус хуулийн 3.1.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гэж заасан байгаа. Энэхүү заалтыг хассан. Өөрөөр хэлбэл 100 мянган ам.доллар гэх заалтыг Ч.Хүрэлбаатар тэг болгосон. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднын хөрөнгө оруулагч болох боломжийг бий болгож байна гэсэн үг. Хуулийн хулгай гэдэг ийм аюултай. Ганц нэг үгийг хасах, нэмэх тохиолдолд л тухайн хуулийн агуулга бүхэлдээ өөрчлөгддөг.

-1993 онд батлагдсан хуулиараа газрын асуудал 60 дээр нэмэх нь 40 хэлбэрээр явж байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа шүү дээ…?

-Мэдээж өмнөх хуульд ийм заалт бий. Гэхдээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийгдсэн байж л энэ эрхээ эдэлдэг эрх зүйн зохицуулалт байсан. Харин үүнийг Ч.Хүрэлбаатар болиулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднынханд Монгол Улсын газар нутгийг 100 жил эзэмшин ашиглах эрх өгчихөж байгаа юм. 100 жил газар эзэмшинэ гэдэг бол тухайн хүн гурван үеэрээ тухайн нутагт эзэн сууна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл та бүхний харж байгаагаар тус хуульд орж байгаа ноцтой заалтууд нь яг юу юм бэ. Та үүнийг хуулийн зүйл заалттай нь тайлбарлаад өгөхгүй юу?

-Уг хуульд орсон ноцтой 10 гаруй заалт бий. Үүнээс би таван зүйл заалтыг нь хэлье. Тус хуулийн төслийн 5.1.1-д хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулна гэж заасан байгаа. Компани байгуулахад сайндаа л нэг сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр сая төгрөгөөр л гадаадын хөрөнгө оруулагч гэдэг статустай болох боломж нээгдэж байгаа юм. Тэгвэл 5.1.4-т компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийж болно гэж. Гадаадын компани дотоодын компанитай нийлсэнээрээ шууд хөрөнгө оруулагч болж хувирч байна. Хамгийн их анхаарал татаж байгаа заалт бол 5.1.5. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах гэж байгаа. Жишээ нь таны компанийн менежментийг би хийе гээд л хөрөнгө оруулагч болчихож байна. Бүр танай компанийн марктенгийн гэрээг би хийе гээд л хөрөнгө оруулагч статустай болчихно. Энэ мэт ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч болох боломжийг уг хуулиар нээгээд өгчихөж байна.

-Хөрөнгө оруулагч болсоноороо ямар давуу тал эдлэх гээд байна вэ?

-Тус хуулийн төслийн 5.2-т Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно гэж байгаа. Хуулиар хориглоогүй л бол аль ч нутагт, ямар ч салбарт хөрөнгө оруулж болохоор байна гэсэн үг. Цаашаа 7.1.1-т хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын аль ч цэгт хөрөнгө оруулалт хийгээд бие даасан хараат бус шийдвэр гаргах боломжтой болчихож байна. Ийм хуулийн томьёололтой эрх зүйн акт гэж байх уу. Харин 7.1.5-д санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх гэж. Нөгөө хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хаана ч очоод ямар ч салбарт нь хөрөнгө оруулалт хийчихээд нэмээд байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргаж болох нь л дээ. Бүр түүнийгээ шийдвэрлүүлэх эрхтэй болгон өгч байна. Монгол Улсын иргэнд ч ийм эрх бараг байхгүй шүү. Тэгэхээр Монгол Улсын газар нутгийг эзэмших, ашиглахыг иргэдээсээ илүү эрхтэйгээр гаднынханд олгох гэж байгаа нь өөрөө Үндсэн хуульд харшилж байгаа зүйл. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татах хуулийн төсөл огт биш. Харин эсрэгээрээ гаднынханд газар нутгаа өгөх эрх зүйн орчныг нээж өгсөн хуулийн төсөл.

-Улс төрийн хүчний хувьд энэхүү асуудлыг эсэргүүцэх, мэтгэлзэх, бодлогын түвшинд өрсөлдөх зэрэг асуудал байх нь энгийн үзэгдэл л дээ. Харин уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэнэт гарч ирээд эсэргүүцэж байгаа нь ямар учиртай вэ. Мэдээж танай намын лидерүүдийн нэг. Ардчилсан нам Х.Баттулга хэмээх улстөрчөөр уг асуудлыг гарган ирж эсэргүүцэж байгаагийн цаад учир нь юу юм бэ?

-Монгол Улсаа, эх орноо боддог хүн бүр л энэхүү асуудалд дуугарах ёстой л доо. Гэвч тодорхой шалтгаан, мэдээлэлгүйгээс болоод зарим иргэд маань дуу хоолойгоо хүргэж чадахгүй байх шиг байна. Харин энэхүү хуулийн төслийг уншсан, судалсан, улс төрийн өнгө аясыг нь ойлгож байгаа хүн болгон л эсэргүүцлээ илэрхийлж байгаа болов уу. Уг асуудалд манай намын дарга ч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэр утгаараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч тодорхой байр сууриа илэрхийллээ. Намын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсэх нь тийм ч чухал биш. Монгол Улсын иргэн хүн гэдэг утгаараа уг асуудлыг анхаарахгүй байх арга үгүй шүү дээ. Цаашид иргэн бүр уг асуудалд анхаарлаа хандуулж, уг хуулийн төслийг эсэргүүцээсэй гэж хүсч байна. Монгол Улсын газар нутаг гэдэг бол ард түмний өмч. Газар нутаггүйгээр улс орон оршин тогтонох ямар ч боломжгүй. Тиймээс бид аливаа хуулийг баталж болно. Гэхдээ үндэсний язгуур эрх ашигт нийцээгүй хууль тэр дундаа гаднынханд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг маш нарийн авч үзэх хэрэгтэй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *