Categories
мэдээ цаг-үе

П.Баярмагнай: Жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг ховорхон хувь тохиол

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнайтай ярилцлаа.


-Та Богд хааны дүрийг тайзнаа амилуулж байсан. Энэ дүрийг бүтээх болсон тухай яриагаа эхэлье?

-Би Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын босгыг алхаад хэдийнэ хоёр жил болжээ. Намайг театрт орох үед Богд хааны дүрийг тайзнаа амилуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаад байсан юм билээ. Тиймдээ ч надад Богд хааны дүрийг анх удаа тайзнаа бүтээх ховорхон завшаан тохиосон юм. Энэхүү дүр минь надад “Гэгээн муза” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авчирсан сайхан үйл явдал болсон. Харин одоогоор миний хувьд театрынхаа томоохон бүтээлүүдэд оролцоод явж байна даа.

-Энэхүү түүхэн хүний дүрийг бүтээнэ гэдэг амаргүй байсан болов уу?

-Их театрын тайзнаа Богд хааны дүрийг бүтээх чухал хүнийг олно гэдэг маш хариуцлагатай зүйл учраас сонгон шалгаруулалт явуулсан юм. Би тэрхүү сонгон шалгаруулалтад тэнцэж, энэ их үүргийг хүлээсэн. Богд хааны дүр Монголын ард түмний нүд, чихэнд киноны дүрээр мөнхөрсөн байдаг. Харин тэр агуу хүний дүрийг өмнө нь тайзнаа амилуулж байгаагүй юм билээ. Би Богд хааны дүрийг бүтээх анхны жүжигчин болсон учир маш хүндэтгэлтэй хүлээж авсан.Түүнийг Монголын хамгийн сүүлчийн хаан, тусгаар тогтнол, эв нэгдлийг бий болгогч гэдэг утгаар нь илүүтэй харуулахыг зорьсон доо. Дүрээ судалж, сайн бүтээхийн тулд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хагас жилийн турш ажилласан. Тэрээр “Энэ хүн бол эгэл хүн биш. Монгол орны төлөө эцсийнхээ дусал цусыг хүртэл зориулсан. Монголын төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн хүн шүү дээ. Чи үүнийг эд эсээрээ ойлгох хэрэгтэй. Харин чи Богд хааны дүрийг буруу буюу худлаа ойлгож, жүжиглэж, дуулах юм бол насаараа үүрээд баршгүй их зовлонг олно. Хэрэв зээ үнэхээр сайхан тоглож, ард түмнийхээ сэтгэлд үлдээж чадах юм бол дааж давшгүй их аз жаргалыг туулна” хэмээн хатуу бөгөөд үнэн үгийг хэлсэн. Энэ нь маш хүнд ачаа байсан хэдий ч нөгөө талаараа хэн хүнд олдохгүй аз завшаан гэж ойлгодог. Ямартай ч Богд хааны дүрийг өөрийнхөө хэмжээнд амилуулсан. П.Цэрэндагва ахдаа ч маш их талархаж явдаг. Жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг залуу уран бүтээлчийн хувьд ховорхон хувь тохиол гэж бодож явдаг даа.

-Монгол Улсын Үндэсний урлагийн их театр зуны турш уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсээр байдаг. Театрынхаа сүүлийн үеийн уран бүтээлийн тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Манай театр зун амардаггүй ганцхан улсын байгууллага гэхэд хилсдэхгүй болов уу. Мэдээж Монгол Улсын Үндэсний хамгийн том театр гэдэг утгаараа гадна дотны төлөөлөгчдөд бүхий л цаг үед уран бүтээлээ хүргэсээр байдаг. Одоогоор Ази номхон далайн орны уулзалтад ирэх зочдод зориулсан тоглолтоо бэлдэж байна. Мөн театрын маань уран бүтээлчид есдүгээр сарын сүүл мушгин гадаадын томоохон хотууд руу 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолт хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Театрийнхаа ажлын хажуугаар хувийн уран бүтээл хийх боломж хэр байдаг бол?

– Боломжийг өөрөө гаргах ёстой гэж ойлгодог. Миний хувьд нийтийн дуунд хүч үзэх бодолтой байдаг. Зөвхөн дуурийн дуу гэлтгүй нийтийн дууны архивтай болох нь зөв юм байна аа гэж бодсон юм. Одоогоор гучин минутын кино концерт хийхээр дуунуудаа бэлдчихсэн байгаа. Удахгүй Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяатай шинэ дуугаа дүрсжүүлэх ажилдаа орно. Энэ нь “Морин хуур наадам”-д оны шилдэг дуунуудтай өрсөлдөхүйц, даацтай уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахын ээжийнхээ дурсгалд зориулсан дууг дуулахаар болсон. Мөн л дүрсжүүлэхээр зэхэж байна. Энэхүү дууны клипэнд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай миний ээжийн дүрд тоглож байгаа юм. Энэ сайхан уран бүтээл үзэгч, сонсогчдын маань сонорт тун удахгүй хүрэх болно. Мөн саяхан аравдугаар сард нээлтээ хийх “Зүрхний хилэн” уран сайхны кинонд туслах дүр бүтээлээ. Одоогоор МҮОНРТ-ийн “Эрт нахиалсан сарнай” 30 ангит кинонд эмчийн дүрд тоглохоор зураг авалтдаа ороод явж байна. Ер нь хүн өөрийгөө гололгүй чадах, ядахаараа дайчлах хэрэгтэй гэж боддог доо.

-Та Монгол Улсын гавьяат багш С.Дашиймаагийн шавь билүү?

-Би 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж байлаа. Надад дуучин хүн ямар байх ёстой, юу хийж бүтээх хэрэгтэй гээд үнэтэй сургаалыг хайрласан хүн бол гавьяат багш С.Дашиймаа багш минь юм. Хамгийн чухал гэх зүйлийг зааж өгсөн багшдаа маш их баярлаж явдаг даа. Манай ангид мөн л С.Дашиймаа багшийн шавь болон төгссөн Д.Намсрайноров, А.Хосбаяр, Ц.Ариунаа, Э.Бумхүү гээд сайхан уран бүтээлчид бий.

-Та сүүлийн үед томоохон уралдаан тэмцээнд амжилт дүүрэн оролцож байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн нэрэмжит уралдааны гран при шагнал хүртсэн байсан. Энэ тухайд?

-Би аливаа уралдаан тэмцээнд оролцож, түүнээс нэг ч зүйлийг болтугай сурч мэдэхийг хүсдэг шүү. Хамгийн анх “UBS” телевизийн “Uni¬verse best songs” тэмцээний шилдэг оролцогч болж байсан бол дараа нь ОХУ-д болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд гуравдугаар байрт орж байлаа. 25 дугаар телевизээс зохион байгуулсан “XX зууны дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнээс гранпри хүртсэн. Мөн “Авьяаслаг монголчууд наадам”-ын шилдэг найман оролцогчийн нэг болсон. Миний хувьд тус шоунд ахмад үеийнхний мартагдсан, хуучны сайхан дуунуудыг залуу үеийнхэндээ сануулахыг зорьсон. Яахав аливаа уралдаан тэмцээнд амжилттай оролцох хэрэгтэй л дээ. Гэхдээ миний хувьд зүрх сэтгэл, санаа бодлоо ойлгуулах нь хамгийн чухал байдаг. Түүнчлэн Төрийн соёрхолт Ц.Чинзориг гуайн “Дууны хорвоо” тэмцээнд гуравдугаар байр, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн 100 насны ойд зориулсан мэргэжлийн дуучдын тэмцээнд тэргүүн байрт орсон сайхан амжилт үзүүлсэн. Их сайхан байна.

Хэдий олон сайхан тэмцээн уралдаанд оролцдог ч надад хамгийн анх оролцож байсан дууны тэмцээн минь хэзээ ч мартамгүй байдаг юм. Би айлын ганц хүү юм л даа. Тиймээс их эрх танхи, багадаа цэцэрлэгт ч явж байгаагүй. Харин намайг долоон настай байхад цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд улсын дууны уралдаан болсон. Би тэрхүү уралдаанд Баянхонгор аймгийнхаа Улсын тэргүүний тавдугаар цэцэрлэгийн нэрийн өмнөөс оролцоод тэргүүн байранд орж билээ. Хажуу айлын минь эгч цэцэрлэгийн багш байсан болохоор цэцэрлэгт явдаггүй намайг тэр уралдаанд оролцуулсан хэрэг. Энэ уралдаанд түрүүлээд их урамшиж, дуучин болно гэж бодож, мөрөөддөг болсон. Би дуугүйгээр энэ амьдралыг хэзээ ч төсөөлдөггүй. Дуу бол миний амьдралын зовлон, жаргал бүхий л зүйлийг туулах ганц зам минь болдог. Өнчин өрөөсөн байна гэдэг тийм ч амар зүйл биш болохоор би дуугаараа л энэ хорвоог зөөллөж явдаг юм. Басхүү би ямар ч дуу байсан үнэн сэтгэлээсээ дуулж бусдад хүргэхийг зорьдог. Учир нь үзэгчид дунд аав, ээж хоёр минь суугаад хүүгээ үзэж байгаа гэдэгт би үргэлж итгэдэг. Тиймээс тэр хоёртоо зориулж маш сайхнаар, чин зүрхнээсээ дуулдаг даа. Мөн хэдий чинээ олон тоглолтод оролцож, төдий чинээ дуу дуулах болгонд ээж, аав минь баярлана хэмээн боддог юм.

-Та Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн ах нь байх аа…

-Ер нь бодох нь ээ хүнд учрах, учрахгүйн тавилан гэж байдаг болов уу. Би дөрөвдүгээр ангидаа бүтэн өнчин үлдсэн л дээ. Хэдий асрамжийн газраас намайг авах гэхэд би явж зүрхлээгүй. Тухайн үед надад хамгийн их санаа тавьдаг хүн миний бага ангийн багш минь байлаа. Тиймдээ ч намайг “Миний том хүү болоочээ” гэж байсан. Гэхдээ тэр үед мөн л хүү нь болоод явчихаж чадаагүй. Ингээд багш минь биднийг дөрөвдүгээр анги төгсгөөд Баянхонгороос Улаанбаатар хот руу шилжсэн. Хэдий Баянхонгороос явсан ч үргэлж намайг асууж, сураглаж, миний араас маш их санаа нь зовдог байсан даа. Миний хувьд тэр хүний энэ их агуу сэтгэлийг хүндэтгэхгүй байхын аргагүй санагдсан. Тиймдээ ч нэг хэсэг хамаатан садан, найзуудындаа байж байгаад хот руу орж ирсэн юм. Ингэж л ээжтэйгээ эргэн уулзах ерөөл бүрдсэн дээ. Ээжийнхээ хүү нь болох учир ерөөлтэй байж дээ хэмээн боддог юм. Тэр цагаас эхлэн ээж хэмээн дууддаг болсон. Басхүү би ээжээсээ салахаа больж, ээж маань ч надад илүү анхаарал тавих болсон юм. М.Уранцэцэг гээд дүү нар минь ч намайг ах шигээ хүндэлдэг. Ямартай ч ээжийнхээ намайг гэсэн харамгүй хайр энэрлийг хүндэлснээр би өдий зэрэгтэй явна хэмээн боддог шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач. Ер нь хэр сайн аав бэ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Би хүү, охин хоёртой. Манай гэр бүл Баянхонгор аймагт байдаг. Би хотод ирээд хоёр жил болж байна. Гэр бүлээсээ хол байна гэдэг амаргүй л дээ. Ер нь гэр бүлдээ тавих анхаарал халамж минь маш бага байдаг. Тоглолтоор явж байх үед минь эхнэр минь амаржиж байсан удаа ч бий. Өөрийгөө их муу аав гэж боддог доо. Ямартай ч маш хатуу хэрнээ сайхан мэргэжлийг минь ойлгож, зовлон жаргалыг хамтдаа туулж байгаа ханьдаа үнэхээр их баярлаж явдаг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *