Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргалтай ярилцлаа
-Үндсэн хуулиар иргэн ямар хариуцлага хүлээдэг юм бэ. Яагаад үндсэн хуульд иргэний үүргийг заадаг талаар ярихгүй юу?
-Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т иргэний үндсэн дөрвөн үүргийг заасан байдаг. Үүнд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан байгаа. Харин 17.1.1-т Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 17.1.2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 17.1.3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх, 17.1.4-т эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй.
Харин 17.2-т журамт үүргийг заасан байдаг. Тодруулбал, Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан байгаа.
Үндсэн хуулиар иргэний үндсэн үүргийг яагаад заадаг вэ гэхээр хуулиар заавал зайлшгүй гүйцэтгэх ёстой үүргийг зааж өгдөг. Хэрвээ үүнийг биелүүлээгүй тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээдэг. Ингэхдээ хууль зүйн зөрчлөөсөө шалтгаалж эрүүгийн, иргэний хариуцлага хүлээдэг. Үндсэн хуульд заасан заалт учраас ихэвчлэн эрүүгийн хариуцлага хүлээх магадлал өндөртэй байдаг. Ингэж үндсэн үүргийг заадаг. Хоёрдугаарт нь, Монгол Улсын бүх иргэн, Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэгш үндсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэгш гэдэг нь алагчлалгүйгээр нийтээрээ дагаж мөрдөнө гэсэн үг.
-Журамт үүрэг нь үндсэн үүргээс юугаараа ялгаатай вэ?
-Журамт үүргийг заавал биелүүлэх албагүй. Биелүүлж ч болно. Биелүүлэхгүй байж ч болно гэсэн үг. Хуулийн хариуцлага хүлээхгүй. Та ийм үүрэгтэй гэдгийг л сануулж байгаа хэлбэр. Манай улс 1924, 1940, 1960, 1992 оны бүх Үндсэн хуульд ерөнхий агуулгаараа байсан.
Жишээлбэл, 1924 оны Үндсэн хуулийн 34 дугаар зүйлд цэргийн алба хаана, 1940 оных дээр цэргийн алба хаах, татвар төлөх үүргүүдийг тусгасан. 1992 оны Үндсэн хуулиар үүнийгээ өргөжүүлсэн. Энэ жил Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохиож байна. Үндсэн хуульд ийн дөрвөн үндсэн үүрэг, дөрвөн журамт үүргийг заасан байдаг.
-Иргэд нэгнээ гадаад үзэмж ч юм уу, янз бүрийн байдлаар гутааж доромжлох тохиолдол байна. Ялангуяа сошиал сүлжээнд. Хэдийгээр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх санкцтай ч давхар Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох нь, тийм үү?
-Тийм. Энэ бол Үндсэн хуулийн 17.1.2-р заалтыг зөрчиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг гутаан доромжилж байна гэдэг нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн үг.
Үндсэн хуулийн үүргийг салбар хуулиар баталгаажуулж явуулдаг. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн сахих Үндсэн хуулийн энэ үүргийг хууль уншаагүйгээс ч юм уу зөрчсөн бол хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хуульд заасан байгаа. Жишээлбэл, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон бол хүлээх хариуцлага нь Иргэн, Эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа.
Үндсэн хуулийн дараагийн зүйлд заасан хуулиар ногдуулсан албан татвар төлөх заалт Татварын хуульд байгаа. Иргэн та хэдэн хувийн татвар төлөх зэрэг нарийвчлан зохицуулсан байгаа.
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэг Батлан хамгаалах, цэргийн хуулиудаар нарийвчлан зохицуулагдсан байдаг.
-Хуулиар хүний нэр төр, алдар хүндийг юу гэж тодорхойлдог вэ?
-Хүний хувийн болон ёс зүйн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшиний талаар бусдаас өгч байгаа үнэлэмж гэж тодорхойлж байгаа. Харин алдар хүнд гэдэг нь өөрийнх нь талаар бусад хүний өгч байгаа үнэлэмжийг тодорхойлж байгаа юм. Үүнийг хуулиудад заачихсан байгаа. Түүнчлэн Улсын дээд шүүхийн тогтоолоор нарийвчлан зааж өгдөг.
–Та хуульч хүний хувьд өнөөдөр иргэд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж байна гэж дүгнэж байна вэ?
-Иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг тааруу байна. “Мэдэгтүн, сахигтун!” гэсэн өгүүлбэрээр Үндсэн хууль төгсөж байгаа шүү дээ. Үүнийг зүгээр ч нэг тавиагүй. Ард түмэн Үндсэн хуулиа мэдэж, сахих агуулгыг оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн хүн Үндсэн хуулиа уншаагүйгээс ямар нэгэн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдгийг зааж өгч байгаа юм. Хуулийг, Үндсэн хуулийг заавал биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хууль олон улсын гэрээтэй зөрчилдвөл Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн агуулгатай заалт ч бий.
Ер нь Үндсэн хууль бол энэ нийгэм хаашаа явах, ямар дүрмээр тоглох гэдгийг тогтоож байгаа улс төр, эрх зүйн баримт бичиг. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна. 20 дугаар зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан байгаа. Үүнээс парламентын засаглалтай юм байна гэдэг нь ойлгогдоно. Тиймээс бид ямар чиглэлд, ямар дүрмээр явж байгаагаа ойлгох хэрэгтэй. Иргэдэд энгийн үгээр хуулийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
-Та Үндсэн хууль бол нийгэм хаашаа явахыг тодорхойлж байдаг гэлээ. Тэгвэл нийгмээрээ хуулийг хэрэгжүүлэх соёл сул байгаа нь нийгмийг хаашаа чиглүүлэх ч гэдэг юм уу, урхаг нь юу бол?
-Зарим тохиолдолд хууль нь сайн байж болно. Хэрэгжилт нь муу байж болно. Хууль дээрээ үүргийг заачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаа нь өөр асуудал болчихож байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх байгууллага байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн улс төр, эрх зүйн соёлыг дээшлүүлэх ёстой. Иргэн нь Үндсэн хуулиар ийм үүрэг хүлээж байна. Монголын нийт 3.500 мянган иргэн энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үндсэн үүргийг биелүүлснээр нийгэмд эмх замбараатай байдал бий болно ч гэдэг юм уу. Татвараа төлснөөр улсад төвлөрөх татвар бүрдэж ингэнэ. Эх орноо хамгаалснаар залууст эх орон ч үзэл бий болно ч гэдэг юм уу. Ийм зүйлийг иргэдэд таниулах хэрэгтэй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрх зүй, улс төрийн соёлыг дээшлүүлэх хэрэгтэй болчихоод байна. Иргэдийн эрх зүйн боловсрол дээшлэхгүй бол Үндсэн хууль дээд түвшинд байгаад ямар ч үр дүнгүй. Хэрэгжилт байхгүй болно л гэсэн үг. Иргэдийн боловсрол өндөр байгаад Үндсэн хууль тааруу байвал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг.
One reply on “П.Амаржаргал: Бусдыг гутаан доромжилж байгаа иргэн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн үг DNN.mn”
travel undone huuliar olgogdson eruul, tsever orchind amidrah erhiig chin hen zurchuud bna ve? ter urge hen bieluulehgui big atgalar chi neg duugarna uu daa