Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойн үйлдвэрлэл нэмэгдэнэ

Оюу толгой ХХК энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Ил уурхайн олборлолтын үе дараалал, баяжуулах үйлдвэрт боловсруулж буй хүдрийн агуулга, төлөвлөгөөт засвар үйлчилгээний түр зогсолт зэргээс шалтгаалж 2015 оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 30 гаруй хувиар буурчээ. Цагаан сарын үеэр хил гаалийн үйл ажиллагаа уртасгасан хугацаагаар зогссон хэдий ч нэгдүгээр улирлын баяжмалын борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан байна. Оюу толгой компани оны эхний улиралд 66.4 сая ам.долларын татвар, төлбөр төлж, 78.3 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. Энэ мөнгөний 14.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан байна. Олборлосон хүдрийн хэмжээ өнгөрсөн улирлынхаас 16 орчим хувиар өндөр гарчээ. Оюутолгойн үйлдвэрлэлийн хэмжээ 2014 оныхтой ойролцоо байх аж. Харин энэ оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэнэ гэж компанийн зүгээс мэдээлэв. Оюу толгой оны эцэс гэхэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *