Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа.
Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох аж. Өрсөлдөөнт тэтгэлэг энэ сарын 7-ноос эхэлж, сарын хугацаанд үргэлжлэх юм байна.
Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл:
нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
оюутны суралцах орчныг сайжруулах;
оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
дотуур байрны орчныг сайжруулах;
оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, болов;
дотоодын оюутан солилцоог дэмжих;
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зэрэг байна.
Оюутны шалгарсан төслийг гурван сая хүртэл төгрөгөөр 12 сар хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Төслийн баг бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй гурваас доошгүй оюутнаас бүрдсэн баг байх бөгөөд багийн бүрэлдэхүүнд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байх шаардлага тавьж байгаа аж. Төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг тухайн дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулах бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг олон талын төлөөлөл бүхий хороо зохион байгуулах юм байна.