МУИС-ийн оюутнууд суурь хураамж болон түүний үр ашиггүй зохицуулалтыг эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн хурал зарлаж дахин мэдэгдлээ. Сургалтын төлбөрөөс гадна баклаврын төвшний оюутнууд жилд 224, магистер, докторт сурч буй нь 336 мянган төгрөг төлдөг. Уг суурь хураамжийг 2011 оноос хойш авч байгаа боловч сурах орчинд төдийлөн ахиц дэвшилт гарахгүй байгаа нь ийнхүү оюутнуудын жагсах гол шалтгаан болжээ.
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессын тэргүүн Б.Хасбаатар “Манай сургуулийн оюутнууд төрөөс мөнгө нэхэж, сургуулийнхаа сургалтын төлбөрийг багасгахыг шаардаж жагсаагүй. Бид өөрсдийнхөө эрх ашиг, сурах таатай орчин нөхцөл болон, биднээс юунд ашиглах нь тодорхойгүй шахуу мөнгө жил бүр аваад байгааг эсэргүүцэж жагсаж, тэмцэж байна. Оюутнууд болон эцэг эхчүүдийн хамгийн эмзэг асуудал нь сургалтын төлбөр байдаг. Гэтэл үүн дээр нэмээд улирал бүр 100 гаруй мянган төгрөг аваад байгаа нь хүндрэлтэй байдаг. Энэ мөнгөний зарцуулалтын тайланг бидэнд өгнө үү хэмээн удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч бидэнд захиргаа, аж ахуй нэгж , номын сан, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын цалинг санхүүжүүлэх зориулалттай хэмээн ил тод, дэлгэрэнгүй тайланг өгөөгүй. Тооцоод үзэхэд өнгөрсөн онд гэхэд оюутны суурь хураамжаар 3.3 тэрбум төгрөг цугларсан.Гэтэл оюутнууд бидний төлөө хийсэн “бодит” зүйл байхгүй байна” гэлээ.
Тус сургуулийн захиргаанаас суурь хураамжийг мөнгөн дүнг танилцуулсан байна. Үүнд
2014-20145 оны хичээлийн жилд 3.280.800.000 төгрөг
2015-2016 оны хичээлийн жилд 3.347.288.000 төгрөг
2016-2017 оны хичээлийн жилд 3.318.728.000 төгрөг цугларсан хэмээн мэдэгдэжээ.
Мөн цаашдаа МУИС судалгааны сургууль болох алсын харааныхаа хүрээнд тохижилт, их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авахдаа багш, оюутнууддаа танилцуулж хэлэлцүүлэн төсөв хийдэг болохыг оюутнууд шаардаж байгаа юм байна. Хэрвээ оюутнуудын шаардлагыг хүлээн авахгүй, суурь хураамжийн зарцуулалтын тайланг дэлгэрэнгүй мэдээллэхгүй, энэхүү ажлын хэсгийнхэн үр дүн оюутнуудад таатай санагдахгүй байвал тэд зогсохгүй гэдгээ мэдэгдлээ.
О.ӨНӨР