“Оюутан цагдаа” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас энэ сарын 25-ны хооронд зохион байгуулж, хаалтаа хийлээ. “Оюутан цагдаа”-д гадаад хэлний мэдлэг бүхий эрэгтэй 34, эмэгтэй 54, нийт 88 оюутныг Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвд холбогдох хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг болон хэрхэн аюулгүй байдлаа хангах, харилцааны соёлын талаарх мэдлэгийг олгох 12 цагийн сургалтыг зохион байгуулж, нийт 88 оюутантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Оюутан цагдаа нар Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Төмөр замын буудал, Нисэх онгоцны буудал, Хүй долоон худаг зэрэг жуулчид, гадаадын иргэд ихээр зорчдог цэгүүдэд ажиллажээ.
Ингэхдээ давхардсан тоогоор 238 цагдаагийн алба хаагчтай хамтран ажиллаж, нийт 12823 иргэнд туслалцаа үзүүлэн ажилласнаас 10083 гадаадын иргэнд тусламж үзүүлэн, гэмт хэрэгт өртөж хохирсон таван гадаадын иргэнийг харьяа цагдаагийн хэлтэст хүргэн өгч, 22871 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, хэвлэмэл хуудсыг тараан холбогдох мэдээллээр ханган ажилласан байна.