1. ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА ТОГТМОЛ УУХ
Өглөөний цайг өөртөө, өдрийн хоолоо найздаа, оройн хоолоо дайсандаа гэдэг зүйр үг байдаг шүү дээ. Оюутан байх дөрвөн жилийн хугацаанд чиний ирээдүйн амьдралын хэв маяг тодорхойлогддог. Хамгийн чухал дадал бол өглөөний цайгаа ууж хэвших. Хүний бие организм өглөөний цай уусны дараа сэргэг болж өдрийн ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болдог. Үүнээс гадна эрүүл мэндээ хамгаалж эрүүл байя гэвэл өглөөний цайгаа заавал ууж хэвшээрэй. Эрүүл биед саруул ухаан оршино.
2. САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ
Суралцахын хажуугаар сайн дурын клубүүдэд хамрагдаж сайн дурын ажил хий. Нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, танилын хүрээгээ тэлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх, багаар ажиллаж бусадтай харилцаж сурах гээд маш олон төрлийн чадвар суудаг ба ирээдүйд ажилд ороход чинь хүртэл чухал нөлөө үзүүлнэ. Орчин үед хувь хүний хөгжил болон нийгмийн идэвх оролцоогоор дүгнэх нь олонтаа болсон. Дан ганц өөрийгөө хөгжүүлэх бус бусдаас суралцаж сайн үйл хийх нь нийгэмдээ нэгэн том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.
3. ЭРТ УНТАЖ АМАР
Чухал хийх зүйлгүй бол оройтож унтах хэрэггүй. Ялангуяа ачаалал ихтэй, хичээл ихтэй үед сайн унтаж амрах хэрэгтэй. Нойр эрч хүч нөхөх ба эрүүл байх гол үндэс суурь болдог. Эрт унтаж амарснаар авах ёстой нойроо цаг тухайд нь аван тархи амардаг. Шөнө 8-9 цаг унтаж амрахад нойр бүрэн ханадаг бөгөөд оройны 22-23 цагт орондоо орвол өндөр болох гормон ялгарч нойроо бүрэн авах тохиромжтой үе.
4. ЦАГИЙН ЮМЫГ ЦАГТ НЬ ХИЙХ
Оюутан болсноор өмнөхөөсөө илүү их биеэ дайчлах хэрэгтэй болно. Хэн ч чиний төлөө явахгүй, зөвхөн чи л өөрөө хичээхгүй бол цаг хугацаа харавсан сум шиг л өнгөрнө. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойшлуул. Олон зүйлийг амжуулахад авьяас шаардах боловч цаг тухай бүрт нь аливаа өгсөн үүрэг даалгаврыг хийгээд байвал тийм ч их авьяас шаардахгүй чадвар юм. Амжилтад хүрэхэд нэг хувийн авьяас 99 хувийн хүчин чармайлт гэдэг шүү дээ.
5. ХҮРЭЭЛЛЭЭ ЗӨВ СОНГОХ
Их сургуульд орох үед маш олон төрлийн хүмүүстэй уулзаж танилцана. Магадгүй амьдралынхаа туршид найзалж нөхөрлөх нэгэнтэй учирхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүрээллээ буюу найзуудаа зөв сонгоорой хэмээн зөвлөе. Буруу үлгэр дууриал үзүүлдэг, чамд муугаар нөлөөлдөг хүмүүсээс хол бай. Хүнд хамгийн их нөлөөлдөг хүн бол найз.
6. ДЭЭД КУРСИЙНХЭНТЭЙГЭЭ ДОТНО БАЙ
Шинэхэн оюутан болсон чамд мэдэхгүй, эргэлзсэн, чадахгүй олон зүйл тулгарч болзошгүй. Тулгарсан асуудлаа шийдэх үедээ дээд курсийнхнээсээ асууж лавлах зүйл байвал асууж сайн тодруулах хэрэгтэй шүү.
7. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ
Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил гэдэг. Ирээдүйд хэн болох, юу хийхээ одооноос сайтар төлөвлөж зорилгоо тодорхойл. Энэ дөрвөн жилийн хугацаанд юуг хийж амжуулах, ямар чадварт суралцах гэх зэрэг ойрын болон хэтийн төлөвлөгөөгөө сайтар төлөвлөн бич. Зорилго байгаа цагт хүрэх газар тодорхой.
8. НОМЫН САНД СУУ
Чөлөөт цаг заваараа номын санд сууж үзсэн хичээлээ бататгаж, унших ёстой хичээлийнхээ сэдвүүдээ уншиж бэлд. Ихэвчлэн оюутнууд шалгалт ойртсон үед номын санд ихээр суудаг. Эртнээс унших, хийх зүйлс байвал чимээ аниргүй номын сангийн орчин нөхцөлд хийж дадаарай. Олдохгүй ховор ном хүртэл номын санд байгаа учраас бусдаас урьтан авч “эртэч шувуу” занд суралцаарай. Үүнээс гадна хөгжихөд чинь түлхэц үзүүлэх хувь хүний хөгжлийн номнууд уншаарай. Завгүй гэж үү? Тэгвэл өөртөө цаг төлөвлөлт хий “хоёр долоо хоногт нэг ном” гэсэн зорилготойгоор Марк Зукерберг ажлынхаа хажуугаар ном тогтмол хурдтай уншиж сурсан байдаг.
9. БАГААР АЖИЛЛАЖ СУР
Хуучныхаа, дунд сургуулийн арга барилаас арай өөр түвшинд суралцах учраас багаар ажиллаж сурах хэрэгтэй. Хичээл, семинар зөвхөн багшийн удирдлага доор явахаас бусдыг нь чи өөрөө багийнхантайгаа хамтарч судалгаа хийж, илтгэл тавих, бие даалт хийх зэрэг маш олон зүйлсийг багаар хийдэг. Багаар ажиллах ур чадвар хамгийн хэрэгтэй чадварын нэг шүү.
10. ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ БАЙ
Үргэлж суралцах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаарай. Зорилгоо өдөрт дор хаяж гурван удаа сануул. Зарим хүмүүс олон хүний дунд орохоороо урсгалаараа явж эхэлдэг. Шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэж өөрийгөө байнга эрч хүч, урам зоригоор цэнэглэ. Шинэ хэл сур, спортоор хичээллэх гэх мэт дуртай зүйлдээ өөрийгөө сориорой. Залуу байгаа дээрээ сурч болох бүгдийг сур.