Categories
мэдээ цаг-үе

Отчоос доктор хүртэл дөрвөн үеийн эмчтэй гавьяатынх

Сар шинийн өмнөхөн гавьяат болсон Б.Оюунбилэг эмчийнд өнжлөө. Гавьяатынх “Ногоон төгөл” хотхоны таван өрөө сууцанд амьдардаг юм байна. Ханаараа дүүрэн гэр бүлийн зурагтай зочны өрөөний томоо ширээн дээр сар шинийн идээ будаа, айраг цагаа дэлгэж, мөнгөн аяганууд өрсөн нь зочдын хөл тасраагүйг илтгэнэ. Эзэгтэй бууз жигнэж, гэрийн эзэн Ч.Чулуунбат гуай Булганы Могодын айргаар дайлангаа яриа хөөрөө дэлгэв. Гавьяатын аав нь ч мөн эмч юм байна. 80 гарсан гэхэд хөнгөн шингэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн энэ буурайг эрүүл мэндийн салбарынхан Буджав доктор гэхээр андахгүй. Бага залуудаа Ховд аймагт мэс заслын эмчээр ажиллаж байгаад хожим Эрүүл мэндийн яаманд томилогдон ирж, насаараа яаманд ажиллажээ. Буджав докторын аав нь эрдэмтэй чадалтай оточ хүн байж. Эм барьдаг, жижиг мэс засал хийчихдэг байсан гэнэ. Замкаменскт төрсөн буриад хүн аж. 1919 оны Октябрийн хувьсгалийн үймээнээс дайжиж ах дүүсээрээ Монголдоо иржээ. Буджав гуай охиныхоо аягалж өгсөн сүүтэй цайг оочлонгоо “Нийтдээ арав гаруй айл хуучнаар Түшээт хан аймгийн Төмрөнгийн гол гэдэг газар суурьшсан гэдэг. Одоогийнхоор бол Булган аймгийн Тэшиг сумын нутаг л даа. Аавын эртний овог гэвэл Тэртэ. Чингис хаанд дагаар орсон уулынхны нэг овог аймгийн нэр гэлцдэг. 1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Орос улсаас урвасан нэрийдлээр буриад айл бүрийн эрчүүдийг дайчлан баривчилж, Орост аваачиж, цөөн хэдийг нь цөллөж, бусдыг нь цаазаар аваачсан түүх бий.

Аав маань баривчлагдаад гурав хоногийн дараа буцаж ирсэн байдаг юм. Яагаад суллагдсан шалтгаанаа хэлэхгүй байсаар өөд болсон доо. Бага залуудаа их олон орноор аялсан мэдлэгтэй хүн байсан гэж мэдэх хүмүүс нь хуучилдаг. Аавын тухай нутгийнхны гаргасан шог яриа хүртэл бий шүү” гэж хэлээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэн Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул гэнэ. Эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт гараад Бөхийн өргөөний аж ахуйг хариуцах болжээ. Эзэгтэй бууз таваглангаа “Манай хүн чинь их олон жил ном үзсэн. Аравдугаар ангиа төгсөөд ажилчин болж, дараа нь металистийн чиглэлээр ТМС-т суралцаж, сүүлдээ бүр санхүүгийн чиглэлээр дээд сургууль төгссөн хүн.

Бас даргын одонд төрсөн нөхөр. Оюутны зөвлөлийн дарга, оюутны байрны дарга, сургуулиа төгсөөд бас дарга хийсээр яваад насандаа суусан” гэж хэлээд инээдэм болов. Сонирхуулж хэлэхэд эдний таван хүүхдийн хоёр нь эмч, гурав нь эдийн засагч юм байна. Гавьяатын ээж нь бас эмч хүн байж. Насаараа нэгдүгээр эмнэлэгт эмчээр ажиллажээ. Гэрийн эзэн “Манай хоёр чинь заримдаа мэргэжлийн хэлээр ярина шүү дээ. Би ч дуугүй суухгүй. Монголоор орчуулаад яриарай гэсэн шаардлага тавина” гээд мушилзав. Хавдар судлалын төвд уруулын хорт хавдартай хүмүүс цөөнгүй ирдэг болсон гэх яриа содон дуулдав. Сонингийн цаасанд дүнсэн тамхи ороож татдаг хүмүүс уруулын хавдар тусах эрсдэл өндөр байдаг аж. Амандаа хадаас зууж ажилласаар байгаад уруулын хорт хавдар туссан мужаан ирж байсан гэнэ.

Таван хүүхдийнхээ гэр бүлийн зургуудаар зочны өрөөний нэг ханаа бүхэлд нь гоёжээ. Том охин нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хэлтсийн дарга хийдэг бол том хүргэн нь “Гурван гал” эмнэлгийг байгуулжээ. Хоёр дахь нь хүү. Нэгдүгээр төрөхөд эмчээр ажилладаг гэнэ. Гурав дахь хүү нь компьютерийн чигийн хүн юм байна. Дараагийнх нь охин гэр бүлээрээ татварын байцаагчид аж. Бага охин нь шүдний гажиг заслын эмчийн мэргэжил сонгожээ.

Буджав эмчийг Ховдод мэс заслын эмчээр ажиллаж байх тавь, жараад онд бэтэг өвчин их байж. “Бараг толгой дараалан шахуу байсан шүү. Маш олон хүнийг бэтгэнээс салгасан. Жараад онд бэтэгтэй хүн байхгүй болсон” гэж дурсав. Бас тэмбүү, заг хүйтэн өвчин элбэг байсан гэнэ. Бас жигтэйхэн томорч, бүдүүрдэг заандах гэж айхтар өвчин байжээ. 1955 онд Ховдод анх очиход нь хоёр л монгол эмч байсан гэнэ. Тэр үед ходоодны хорт хавдар их байж. Гэрийн эзэгтэй эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч юм байна. Хоол, цай бэлдэж дуусаад ширээний ард тухалсан Оюунбилэг эмч “Сүүлийн үед хавдар харьцангуй эрт үедээ оношлогддог болсон. Хортой хавдар дөрвөн үе шаттай. Эхний хоёр үедээ эдгэнэ. Нэгдүгээр үедээ бол 100 хувь эдгэрдэг өвчин. Эмэгтэйчүүдийн хорт хавдар гээд яривал эхний байранд умайн хүзүүний хорт хавдар ордог. Умайн хүзүүний хортой хавдарыг урьдчилан сэргийлж л үзүүлэхгүй бол ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Илрэхээрээ хүндэрчихсэн байдаг. Умайн хүзүүний хавдартай болсон хүмүүсийн бараг 80 хувь нь бэлгийн замаар авдаг хөхлөг вирусийн халдвараас үүдэлтэй. Ийм вирустай эрэгтэй хүнтэй харилцаанд орсон эмэгтэйд халдвар авснаасаа хойш хамгийн богинодоо гэхэд 4-5 жилийн дараа хавдар үүсдэг” гэж ярилаа. Гэрийн эзэгтэй 1981 онд анагаахын сургууль төгсөөд Цацраг туяа эмнэлэгт ажилд орж байснаа дурсав. Тэр үед цацраг туяа эмнэлэгт хэвтэхээр явж байгаа хүмүүсээ хөдөөгийнхөн уйлж гаргаж өгдөг байсан гэнэ. “Эргэж ирэхгүй нь гэж бодоод уйлж байгаа хэрэг л дээ. Багш маань хүний гавьяат эмч Янжин гэж мундаг хүн. Сү.Батболдын ээж. Дайчин гэж жигтэйхэн. Хавдрын хагалгаа их хүнд. Наанадаж зургаа, долоон цаг зогсоно. Удаан зогсохоор муужирч унана. Эхлээд шантардаг л байлаа. Ирсэн хүмүүс эдгэрэхгүй нас бараад байхаар элдвийн л юм бодно. Гэхдээ хавдартай, эрт үедээ оношлогдсон хүнийг эдгээгээд амьдрал бэлэглэх агшин их сайхан. Ер нь эдгээнэ гэсэн хүнээ хагалгаанд оруулна л даа. Янжин эмч, Дарь эмч хоёрыг хүмүүс их шүтнэ. Тэднийгээ хараад ийм гоё эмч болохсон гэж бодно шүү дээ” хэмээн ярив. Аав, охин хоёр нэг айлын хоёр хүнийг аварсан сонин сайхан түүхийг эднийд сонсов. Оюунбилэг эмч Жавзан гэж хүний хавдрыг эмчилж байжээ. Хожим аав нь баяр хүргэхээр ирэхдээ амийг нь аварсан Буджав эмчийн охин охиных нь амийг аварсныг мэдээд бөөн баяр болсон гэнэ. Цус алдаж ирж хавдрын эмч нарыг сандаргаж байсан Жавзан өдгөө Төв аймгийн Угтаал суманд амьдардаг юм байна. 37 кг хавдар авч шуугиан тарьж байсан мэс заслыг Оюунбилэг эмч хийж байж. Говь-Алтай аймгаас 37 настай бүсгүй элэгний хорт хавдартай гэсэн оноштой ирж л дээ. Тогоо шиг том гэдэстэй, олон сараар хоол ундандаа муу байсан бүсгүй турьгүй, тамирдуу гэж жигтэйхэн байсан гэнэ. Хамаатан садан нь найдваргүй гээд хүний тооноос хасахдаа тулсан тэр үед Оюунбилэг эмч оношийг нь зөв тавьжээ. “Дөрвөн жил болж байгаа гэхэд нь л хоргүй хавдар юм байна гэж бодсон. Тэгээд л яаралтай хагалгаанд оруултал хавдрыг нь дийлдэггүй. Чулуу шиг хүнд гэж жигтэйхэн. Өндгөвчний хоргүй хавдрыг элэгний хавдар гэж оношлоод удаачихсан юм билээ л дээ. Арай гэж хавдраа гаргаад авсан чинь өндгөвчний хоргүй чулуужсан хавдар байж билээ. Мэс заслын эмчийн ажилд нэг онцлог бий. Ганц өөрөө биш багаараа ажиллаж байж хүнээ эмчилж эдгээнэ. Норкозны эмч их чухал. Хагалгаа хэр зэрэг удаан үргэлжлэх, хэдэн цаг унтуулах, хүнийхээ жинд тааруулж хэмжээг нь гаргах гээд их нарийн тооцоотой” гэж ярихад аав нь ярианд оролцож “Норкозны эмч ийм мундаг хэрнээ ил гардаггүй нууц ноёнтон шүү дээ” гэв. Оюунбилэг эмчийн дүү норкозны эмч юм байна.

Тэтгэвэртээ гараад хувийн эмнэлэг байгуулах болсон шалтгаанаа “Хавдрын ганц эмнэлэгтэй учраас ачаалал их байдаг. Ачааллыг нь хагаслая гэж эмнэлгээ байгуулсан” гэж тайлбарлав. Оюунбилэг эмчийн байгуулсан “Оби” эмэгтэйчүүдийн эмнэлэг хажуугийн байранд нь ажилладаг юм байна. Гэрийн эзэн “Би найзууддаа эхнэртээ өвлийн хувцас авч өгөх шаардлагагүй болсон, ажил нь ойрхон болохоор амар юм аа гэж хошигнодог юм” гэж хэлээд мушилзав. Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний, хөхний хавдар удамшдаг бол эрчүүдийн тухайд түрүү булчирхайн хавдар удамших магадлалтай аж. Хоёр жил тутам хавдрын шинжилгээ өгөөд байхад энэ аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой гэсэн зөвлөгөөг Оюунбилэг эмч өгсөн юм. Бас анхны жирэмслэлт дээрээ үр хөндүүлвэл үргүй болох магадлал 60 хувьтай байдаг аж. Буджав эмч охиныхоо ярианд оролцож “Би урьдчилан сэргийлэх үзлэгийн нүүдлийн амбулаторийг эхлүүлж бий болгосон хүн. Ерээд онд мөнгөгүй гэсэн шалтгаанаар хаасанд их харамсдаг. Миний охины эмнэлэг урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөнд орлоо. Компьютер дээр хөзөр тоглож байгаад орхисныг нь гэрийн эзэгтэй “Манай хүний ой ухааны хамгаалагч нь. Баруунд элбэг тохиолддог альцгеймер өвчнийг монголчууд тусаад байдаггүй нь малчин ахуйтай холбоотой юм билээ. Хөдөө малаа нүдэлж хараалаад сууж байдаг хөгшчүүл зөнөх өвчин тусдаггүй юм байна л даа. Манай хүний оюунаа хамгаалдаг зэвсэг нь энэ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Унтлагын өрөөндөө бурханаа залжээ. Аав, ээжийнхээ хөргийг залсан энэ өрөөнд удам судрын яриа үргэлжлэв. Саяхан эзэгтэйн тал ургийн баяраа хийсэн гэнэ. Ээжийнхээ төрсөн газар Цамбагарав хайрханд мөргөж, хамаатан саднаараа цуглажээ. 500 гаруй хүн цугласан аж. Орныхоо хажууд хүүгийнхээ хэвлүүлж өгсөн календарийг өлгөчихөж. Хүү нь аав, ээж хоёрынхоо зургаар календарь хийлгэж бэлэглэсэн юм байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ээжүүддээ зориулж ном бүтээснээ сонирхуулав.

Эзэгтэйн аавын өрөөний үүдэн дэх гүйлтийн зам нүдэнд тусав. 88 хүрч яваа Буджав доктор мото спорт, волейболийн мастер цолтой шаггүй тамирчин юм байна. Ануухан яваагийн учир нь спорт аж. Оюунбилэг эмч ч спортод дуртай, сагсан бөмбөгийн мастер гэнэ. Наймдугаар ангид байхдаа багаараа улсын аварга болж тэр үедээ шуугиан дуулиан болж явж. Буджав эмчийн өрөөнд амьдралынх нь түүхэн агшнуудыг мөнхөлсөн гэрэл зургуудыг томоо цаасан дээр хэвлэж өлгөжээ. Хувцасны шүүгээнийх нь дээр “2017 он. Хүүхдийн шинэ хувцаснууд” гэсэн бичигтэй хүрэн чемодан тавьсан нь нүдэнд тусав. Ач, зээ, гуч олонтой учраас бэлгийг нь жилийн өмнөөс бэлдээд эхэлдэг гэнэ. Хүүдүүдийнхээ төрсөн өдрүүдийг зургадугаар сарын 1-нд бөөндөж нэг өдрийг хүүхдүүдээ зориулдаг гэж гэрийн эзэн сонирхуулав. Төрсөн өдрийн, амжилт гаргасны, хүүхдийн баярын гээд гурван бэлгийг том жижиг гэж ялгахгүй өгч, ресторанд орж, хүүхдүүдийнхээ бэлдсэн концертыг үзэж тэр өдөржин бужигнацгаадаг юм байна. Зуны дэлгэр цагаар хүүхдүүдтэйгээ гэрийн эзний төрсөн газар очиж ундаалж өссөн рашаанаас нь ууж гурав хоног амардаг нь эдний гэр бүлд уламжлал болжээ.

Гэрийн эзний хобби нь бөхийн ном. Зочны өрөөнийхөө ханын шүүгээнд өрөөстэй бөхийн номнууд нь бүгдээрээ зохиогчийн гарын үсэгтэй гэдгээрээ үнэ цэнэтэй эд аж. Зочны өрөөний хананд XIX-XXI зууны үндэсний бөхийн аваргуудын зургийг жаазалж өлгөсөн нь хэний ч нүдэнд тусахаар содон харагдана. “Цэрэнтогтох аварга бид хоёр бол нэг үеийн сайхан найзууд байсан. Бөхчүүдийн нэг сайхан чанар нь хүнийг ялгахгүй дээ. Ухаантай, холын бодолтой хүмүүс байдаг. Яг бөхийн холбооондоо ороод ажиллахаар их өөр юм аа. Бөхчүүд жудагтай, дэг журамтай нь илүү тод анзаарагддаг юм байна. Бөхийн өргөөнд ороод ахмад бөхчүүдийнхөө өмнө суухгүй. Хоол унд идэхдээ ч дэг ёс хүндэтгэлтэй” гэж байна. Найдлага тавьж явдаг бөхчүүдийг нь сонирхоход “Санжаадамба аваргыг дархан аварга болох байх гэж найдвар олон дунд байдаг. Удаах нь Пүрэвдагва. Бас Бүрэнтөгс байна. Өндөр цолонд хүрэх магадлалтай бөхчүүд. Дархан аваргийн хэмжээнд л гэж хэлж байгаа шүү дээ” гэсэн хариу өгөв. Сонирхуулж хэлэхэд Бөхийн өргөөнд жилдээ урлагийн 65 тоглолт, бөхийн дөчөөд барилдаан болдог юм байна.

Эдний эрхэмлэн хадгалж явдаг хуучны эд нь гэрийн эзний угж. Бярууны эврээр хийжээ. Хориод грамм сүү орохоор жижигхээн эвэрний үзүүрт даавуу углаад угждаг байж.

Яриа хөөрөө өрнүүлж суутал гэрийн эзэн “Өө охиноо хичээлээс нь авахаа мартаж” гэсээр яаран гарав. Удсан ч үгүй өндөр цагаан охин дагуулсаар ороод ирэв. Таэквондогийн өмсгөлтэй Ариунзаяа охин хоёрдугаар ангид сурдаг гэхэд тавдугаар ангийн гэмээр нуруулаг юм. Эмээ нь “Аав нь бараг хоёр метр шахуу өндөртэй болохоор” гэсэн тайлбар хийв.

Оюунбилэг эмч өрх толгойлсон 500 гаруй эмэгтэйд үнэ төлбөргүй шинжилгээ хийж буян үйлджээ. Шинжилгээгээр хорт хавдрын таван тохиолдол илэрсний дөрөв нь эрт үедээ оношлогдсон гэнэ. Хавдрын урьдал үеийн дал, наяад тохиолдол илэрсэн юм байна. Удахгүй 65 дээш насныхныг үнэ төлбөргүйгээр үзэж эхлэхээр болж. Удам дамжсан эмч нартай, сав л хийвэл эрүүл мэндийн чиглэлийн яриа хөөрөө өрнөчих гээд байдаг, яриа хөөрөө, унд устай Ч.Чулуунбатынх саяхан гучаа угтаж авчээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *